Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг хил даван зугтсан тухай мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл түүний хамаатан манай редакцид хандаж, уг захидлыг ирүүлсэн юм. Бид Г.Дэнзэнгийн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын иргэн Г.Дэнзэн миний биеийг хил даван оргон зайлсан гэх огт үндэслэлгүй, ээлжит гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан зориудаар нийтэд түгээж буйг залруулахын тулд уг ил захидлыг бичиж байгааг минь ойлгон хүлээн авна уу.
Намайг чиглэсэн олон удаагийн гүтгэлэг нь эхэндээ улс төрийн зорилготой байсан бол одоо хэрээс хэтэрч эдийн засгийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаа далдлах явцуу эрх ашгийн зорилготой болж өөрчлөгдсөнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна. Хоёр жил гаруй үргэлжилж буй энэ гүтгэлэгтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас зарлан дуудаж, шалгасан нэг ч тохиолдол байхгүйг энд зориуд хэлэх нь зүйтэй байх. Хэн нэгний гэм буруутай эсэхийг гүтгэлэг доромжлолоор бус Монгол Улсын шүүх шийддэг гэж бодож байна. Харин үнэн зүйлийг хэлж ярьсан нь хэлмэгддэг болсон энэ нийгэмд цаашид хэрхэхийг би мэдэхгүй.
Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хэргээс зугтан эх орноосоо дүрвэж, оргон зайлсан зүйл огт байхгүй болно. Одоогоор ХБНГУ-д сургалтанд сууж байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сарын 02-нд хичээлээ дуусгаад эх нутагтаа очно. Эх орондоо байхгүй байгааг минь ашиглан гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг зориудаар тараахгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Г.Дэнзэн