Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Казахстан улс бүх хүүхдээ англи хэл дээр хичээллүүлэхээр шийдвэрлэлээ

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн баасан гаригт нэгэн шийдвэрийг танилцууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан улсынхаа шилдэг эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзах үеэрээ “Казахстан улсын бага дунд сургуулийн боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Бүх хүүхдэд нэгдүгээр ангиас нь эхлээд англи хэлний хичээлийг албан ёсоор заана. 11, 12 дугаар ангид буюу төгсөх ангиудад бүх хичээлийг зөвхөн англи хэл дээр үзнэ” хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Назарбаев ийм шийдвэр гаргах болсноо тайлбарлахдаа “Бид дэлхийн хөгжилтэй зэрэгцэж алхья гэвэл ингэхээс өөр аргагүй. Ингэж хөгжсөн олон орны жишээ бий. Тухайлбал Малайз улс байна. Тэд дайны дараа тусгаар тогтнолоо олж, хөгжлийн замаа сонгохдоо малайз хэлээ албан ёсны болгож, бүх ажил хэргээ явуулсан. Гэвч өчүүхэн ч амжилт олоогүй. Яагаад гэвэл малайз хэлийг дэлхий мэдэхгүй байсан. Дээр нь тэд өөрсдөө дэлхий нийтээр хэрэглэж буй англи хэлийг мэдэхгүй байсан нь хөгжилд нь саад болсон. Тийм учраас албан ёсны хэлээ англи болгосон. Яг үүнтэй адил Сингапур улс мөн англи хэлд шилжсэн. Энэтхэг улс ч ийм л замаар хөгжиж байна. Ийм олон орны жишээг дурдаж болно. Бид дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй учраас би ийм шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгджээ.

Нурсултан Назарбаевын энэ шийдвэр нь Олон улсад өргөнөөр ашиглагдаж буй Кембрижийн сургалтын хөтөлбөрийг боловсролын системдээ нэвтрүүлж буй хэрэг юм. Дэлхийн олон оронд бага дунд боловсролдоо өргөнөөр нэвтрүүлж буй сургалтын хоёр л хөтөлбөр бий. Нэг нь Кембрижийнх, нөгөөх нь Женевийн сургалтын хөтөлбөр. Дийлэнх нь Кембрижийн хөтөлбөрийг түлхүү ашиглаж байгаа юм. Казахстан улс албан ёсоор дунд сургуулийн хөтөлбөртөө, Кембрижийн системийг нэвтрүүлж буй цөөн орны нэг гэж үзэж байна уу. Тийм биш юм. Кембрижийн сургалтын системийг боловсролын салбартаа нэвтрүүлсэн бараг 100 дахь улс болов уу. Кембрижийн хөтөлбөр гэдэг бол зуун хувь англи хэлээр бүгдийг үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр англи хэлийг албан ёсны болгосон улс орон Казахстанаас өмнө 90 гаруй байна гэсэн үг. Дэлхийн 200 гаруй улс орноос Африкийн орнууд, Монгол зэрэг улсууд л үлдэж байх шиг байна. Үлдэхээр барахгүй, сая бүр олон улсын энэ хөтөлбөрийг сөрсөн хуулийг М.Батчимэг нарын гишүүд санаачлан лоббидож УИХ-аар батлууллаа. Кирилл бичгийг уйгаржин монгол бичигтэйгээ хос хэлбэрээр нь сургаж төрийн албан ёсны бичиг болгоно гэсэн шийдвэр, хууль юм. Дэлхийн олонхи улс орон “Хос бичигтэн” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үндэсний хэл бичиг, нөгөөх нь англи хэл. Бүр тодруулбал Кембрижийн сургалтын хөтөлбөр.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын энэ шийдвэрийг одоо юу гэж ойлгох вэ. Хамгийн ойрын жишээ болсон Казахстан улс дунд сургуулийн системдээ Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр “Казахстаны ирээдүйг дэлхийд бэлдэж байна” хэмээн тодорхойлж байна. Манайх уйгаржинг албан ёсны бичиг болгосноор ирээдүй хойчоо дэлхийд хэнтэй хөл нийлүүлэн алх гээд байгааг УИХ-ын гишүүдээс асуумаар байна. Өнөөдрийн төр засгийн эрхэнд суугсдыг хамгийн ихээр хөхиүлэн дэмжиж, нийтлэл бүрээ АН-ын ялалтын төлөө зориулж байсан сэтгүүлчид үнэндээ өнөөдрийн эрх баригчдад сэтгэл дундуур байдаг болж. Уйгаржинг албан ёсны болгох хууль бол Монгол Улсыг хөмөрсөн тогоонд оруулж байгаа хэрэг хэмээн судлаачид үзэж байгаа юм билээ. Монгол Улсыг сул дорой байлгах шийдвэрүүдийг өнөөдрийн эрх баригчид ямар олноор гаргаж байна вэ хэмээн сэхээтэн бүхэн халаглаж байна. Казахстан улс, Ерөнхийлөгч Назарбаев бол хөрш ОХУ-тайгаа хамгийн их сүжирдэг, ган бат найрамдалтай гэдгийг дэлхий мэднэ. Орос хэл хэмээн хамгийн их туйлширч, орос хэл номер 1 гэж болно. Тэгсэн тэгэхгүйгээр англи хэлийг сонгож, англи хэл бол казахстанчуудыг барууны соёлд сургаж, барууны өндөр технологи, эдийн засгийн урсгалыг өөр рүүгээ чиглүүлнэ хэмээн үзэж байгаа юм байна.

Уг нь бол 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайд байх үед Кембрижийн хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж лабортори хэд хэдэн дунд сургуулийг байгуулсан. Улмаар Кембрижийн стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн. Наад захын нэг ангид суралцах хүүхдийн тоо, сурах орчин нөхцөл гэдэг огт өөр байдаг юм билээ. Зайсан, Төмөр зам, 4 дүгээр хороололд байх улсын тодорхой сургуулиудыг Кембрижийн стандарт руу их дөхүүлсэн дээ. Дээр нь хувийн сургуулиуд болох “Орчлон”, “Элит”… гэх зэрэг хэд хэдэн хувийн сургууль Кембрижийн стандарт, сургалтын системийг нэвтрүүлж байна. Эдгээр бүх сургуулиудад элит гэгдэх хүмүүсийн цөөвтөр хүүхдүүд сурч боловсорч байна. Уйгаржинг албан ёсны болгох хуулийг баталж лоббидсон хүмүүс, тэдэнд ойр байдаг хүмүүсийн хүүхдүүд л өнөөдөр Монголд Кембрижийн сургалтаар явж, англи хэл үзэцгээж байгаа нь энэ юм. Бусад хүүхдүүдийн 90 хувь нь кирилл-уйгаржин хос бичигтэн болж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхацгаах юм байна. Хардмаар л байгаа юм даа. Тэдний хүүхдүүд дэлхийн хөгжилтэй танилцаж, эн зэрэгцэж, ард хүүхдүүдийг болохоор мөнхөд хөмөрсөн тогоонд байлгах алсын хараа юм уу. Ингэж хардахаас өөр арга алга. Саяны хуулиар бол Монголын нийт дунд сургуулиуд тавдугаар анги хүртлээ гадаад хэл үзэхгүй юм. Харин дээрх хувийн сургуулиудад сурч буй элитүүдийн цөөвтөр хүүхдүүд бол нэгдүгээр ангиасаа англи хэл үзнэ. Уйгаржиндсаар, үндэсний хэл соёлдоо суралцсаар дунд сургуулиа төгсөх Монголын ирээдүйд сайндаа Хөх хот хүрэх л эцсийн цэг бий. Түүнээс цааш газар үгүй. Тийм л ирээдүйг өнөөдрийн улс орныг удирдан чиглүүлэгчид бий болгож байна. Энэ нь санаатай юу, санамсаргүй юу гэдгийг дөрөв дэх засаглалынхан олж тогтоох ёстой.

Тавдугаар анги хүртэл гадаад хэл үзэхгүй, уйгаржин бичгээр төрийн албан хэргийг явуулна гэсэн хуулийн заалтыг хуулиас даруйхан авч хаях хэрэгтэй. Хэрэв уйгаржинг сэргээвэл баруун монголчууд тод бичгээ, казахууд түрэг бичгээ сэргээх эрхтэй болно. Буриад ястнуудад ч бас сэргээх бичиг соёл бий. Гурван сая хүрч ядаж буй монголчууд гучин янзын бичиг үсэгтэй болчихвол хоорондоо яаж ойлголцох юм бэ. Талцаж хуваагддаггүй Монголын төлөө байж гэмээнэ Монгол улс хөгжинө хэмээн өнөөдөр судлаачид ярьж бичсээр байна шүү дээ. Монголын ирээдүйг хийгээд Монгол Улсыг хагалан бутаргах, Монголын ирээдүйг мухарлах ийм аюултай хууль баталснаа мэдэхгүй байна гэж баймааргүй юмаа. Дэлхийн 200 гаруй улс орны ирээдүй рүүгээ чиглэсэн бодлого ийм тодорхой байхад манайх ямар байгааг эргэн харж, дээрх аюултай хуулийн заалтуудаа даруйхан авч хаяхыг олон нийт эрх баригчдаас шаардаж эхэлж байна. Монголын сэхээтнүүд үүний төлөө нэгдэж тэмцэхээр зохион байгуулалтад орж эхэллээ. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч дэмжиж байгаа бололтой. Өнөөдөр дэлхийн 100 орчим улс “Хос бичигтэн” хөтөлбөрийнхөө нэгдүгээрт англи хэлийг оруулж, үүнийг нь дэмжсэн улс орны тоо Казахстан улсаас эхлээд өдөр сараар нэмэгдсээр байгаа энэ цаг үед ганцхан Монгол Улс л уйгаржин хэмээх эртний бичгээ албан ёсны болгож муйхарлаж байгаа нь өнөөдрийн төрийн өндөрлөгт байгаа хүмүүсийн харалган бодлого гэж үзэхээс өөр яах билээ. Дэлхийн хөгжлөөс 100 жилээр ухраах энэхүү хуулийг ирээдүй хойч чинь гэмт хэрэг гэж үзэх цаг ирж мэдэх л байх шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Мартын наймныгаа “хулгайлуулчихлаа”

Амралтын өдрөөр амарсан шиг амарч, ажлын өдрөөр ажилласан шиг ажилладаг болоход бодох юм байна. Мартын наймнаар гэхэд л зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал яригдахгүй. Эхнэрээ баярлуулах гэсэн эрчүүдийн нөр их хичээл зүтгэлийн өдөрт тооцогдоно. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд жишээ нь Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гуравдугаар сарын 8-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөрт багтаажээ. Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэдэг нь улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр байхаар заасан. Гэтэл энэ өдөр нь ням гаригт таарчихлаа. Нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөр таарахаар хэрхэх талаар манай хуульд зохицуулсангүй. Тийм учраас бүх нийтээр амрах учиртай олон тэмдэглэлт өдрүүдээ бид “амталж” чадсангүй. Бидний хулгайлагдсан баярын өдрүүдийг хэрхэн сэргээх вэ. Зарим оронд амралтын өдөр таарсан баярын өдрийг дараагийн ажлын өдрүүдэд шилжүүлэх замаар зохицуулдаг. Баярын өдрүүдийн сэтгэл зүйгтэд тооцдог. Манайд ч бас тэмдэглэлт өдрүүдээ амралтын өдрүүдээр халхавчлан өнгөрүүлмээргүй л байгаа юм даа.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн шийдвэр зөв байсан

Өдрийн сонин”-ий лхагва гаригийн дугаарт Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний “Ерөнхийлөгчийн шийдвэр зөв байсан” хэмээх сонирхолтой ярилцлага нийтлэгдсэнийг тольдоорой. Түүний хувьд хууль зүйн салбар хийгээд, АН-ын үнэн төрх өнөөдөр ямар байгаа талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Ардилсан нам МАН-тай нэгдэн ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн гарт хэрхэн үрэгдэж буй талаар мөн ярьжээ. Мөн өдрийн дугаарт нэрт нийтлэлч Баабарын “Популизмаас луйвар дээрэмдлэг рүү” хэмээх нийтлэл багтсаныг уншаарай. “…Төрийн луйвар ард нийтийн дагах үлгэр жишээ болж хөрөнгөтэй болгоныг тонох, дээрэмдэх ажиллагаа улс даяар эрчимжсэн. Газар ус, байгаль дэлхий, үндэсний эрх ашгаа хамгаалсан ТББ-ууд компани болгоны дэргэд буй болон тэднийг дарамтлан тонож гарав…” хэмээн маш тодорхой, энгийн өгүүлжээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн зургадугаар ангийн сурагч Ө.Гантуяа гэгч охин жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор бэлтгэл хийж байгаад амьсгал хураасан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар манай сэтгүүлч талийгаачийг өсгөсөн Н.Баянмөнхийн ярилцлага багтлаа. Энэ мэт олон уншууртай материал манай сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт Х.Тэмүүжин гишүүний ярилцлага хэвлэгдэж байна

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаарт Хуульзүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний “Ерөнхийлөгчийн шийдвэр зөв байсан” хэмээх сонирхолтой ярилцлага хэвлэгдэж байна. Түүний хувьд хууль зүйн салбар хийгээд, АН-ын үнэн төрх өнөөдөр ямар байгаа талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Ардчилсан нам МАН-тай нэгдэн ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн гарт хэрхэн үрэгдэж буй талаар мөн ярьжээ.

Мөн энэ дугаарт нэрт нийтлэлч Баабарын “Популизмаас луйвар дээрэмдлэг рүү” хэмээх нийтлэл багтсаныг уншаарай. “…Төрийн луйвар ард нийтийн дагах үлгэр жишээ болж хөрөнгөтэй болгоныг тонох, дээрэмдэх ажиллагаа улс даяар эрчимжсэн. Газар ус, байгаль дэлхий, үндэсний эрх ашгаа хамгаалсан ТББ-ууд компани болгоны дэргэд буй болон тэднийг дарамтлан тонож гарав…” хэмээн маш тодорхой, энгийн өгүүлжээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн зургадугаар ангийн сурагч Ө.Гантуяа гэгч охин жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор бэлтгэл хийж байгаад амьсгал хураасан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар манай сэтгүүлч талийгаачийг өсгөсөн Н.Баянмөнхтэй хийсэн ярилцлагаа нийтэлж байна. Энэ мэт олон уншууртай материал манай сонины маргааш өглөөний шинэ дугаарт хэвлэгдэж байна.
Дашрамд дурдахад “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын захиалга орон даяар явагдаж байгаа тул та 9911-2954, 8811-1375 дугаарт хандаж захиалгаа өгөөрэй.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

БОХХАА-н байнгын хороо ажлаа тайлагналаа

Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 10/ 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Байнгын хорооны дарга Су.Батболд гишүүний мэдээлснээр бол тус хороо тайлангийн хугацаанд 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл, сайдын мэдээлэл 5, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 5-ыг тус тус хэлэлцэн, 2 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулсан байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын /дэд/ хэсэг 7 удаа хуралдаж тайлан, танилцуулга бэлтгэн, Байнгын хороогоор хэлэлцүүлж, Байнгын хорооны 3 тогтоол батлан гаргажээ.

Мөн Байнгын хорооноос энэ хугацаанд хуулийн төслийн талаар 1 сургалт-семинар, 4 уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна.

Тус хороо хууль, Улсын Их Хурлын тогтоолын хэд хэдэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсний дотор Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг энэ оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлуулсан тухайд Байнгын хорооны дарга Су.Батболд онцлон ярьсан юм. “Урт нэртэй хууль” хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай байсан тул Байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20/20 тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус хэсэг хоёр жил ажиллахдаа уг хуулийг бүхэлд нь өөрчлөх бус харин түүнийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, маргаан дагуулсан асуудлуудыг цэгцлэн журамлах, гол усаа хамгаалах чиглэлээр тодорхой хязгаарлалт, болзол тавихад анхаарч ажилласан байна.

Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой өөр нэг чухал ажил бол Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил юм. Уг төсөлд Монгол орны ойн экологийн тэнцвэрийг хадгалах, нөөцийн хомсдолыг зогсоох, байгаль экологийн онцгой ач холбогдолтой болон доройтсон газар нутгийг ойжуулах, ойн санг арвижуулах, ойн нөөцийг иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох зохицуулалтуудыг тусгасан байна. Энэ чиглэлээр Байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Оюунаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.

Дээрх хуулиудаас гадна Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Зөвшөөрлийн тухай, Хөрөнгийн албан татварын тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлжээ.

Байнгын хорооны дарга Су.Батболд мөн 2015 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаатай танилцаж, тус яамны сайд, газар, хэлтсийн ажилтнуудтай уулзан, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны 2014 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын мэдээллийг, Намрын ургац хураалт болон мал аж ахуйн 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг, Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчны сайдын мэдээллийг тус тус сонсож, холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тогтоол 1, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тогтоол 1, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоол 1, -нийт Байнгын хорооны 3 тогтоол баталжээ.

Мөн тус Байнгын хороо нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цэнгэг усны төвд “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих нь” сэдэвт сургалт-семинар зохион байгуулсан байна.

Байнгын хорооны мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулан лавлаж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулганаар тус хороо Ойн тухай хууль, хүнс, хөдөө аж ахуй болон газар тариалангийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, мал эмнэлгийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Улсын Их хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

SOS хүүхдийн хотхонд хандив өргөнө

Хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотын “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийх гэж байна.Уул, уурхай болон бусад салбарын салбарынхны сонирхолыг ихэд татдаг үзэсгэлэн яармагийг Германы “Expo Mongolia 21“ групп Монголын “JV Consult Mongolia” компанитай хамтран хийдэг. Зохион байгуулагчид уг арга хэмжээний үеэр SOS хүүдийн тосгонд гулсуур, савлуур зэрэг тоглоомуудыг хандивлах юм байна. Үзэсгэлэн яармагийн үеэр түүнийг гардуулах юм байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Халз мэтгэлцээнд Г.Уянга гишүүн очихоо мэдэгдлээ

МУГЖ С.Жавхлан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдийг өнөөдөр Үндэсний олон нийтийн телевизд халз мэтгэлцээнд дуудаад байгаа билээ. Гэхдээ С.Жавхлангийн дуэльд дуудсан хүмүүс ирэх болов уу гэсэн асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байна.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Уянга очихоо албан ёсоор мэдэгдээд байна. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа МУГЖ С.Жавхлангын урилгыг уриалгахан хүлээж авснаа ийнхүү мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын уулзалтад 5000 гаруй төлөөлөгч оролцоно

АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг 2016 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.

XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахладаг. Тус зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. АСЕМ-ын XI уулзалтаас Даргын мэдэгдэл болон Улаанбаатарын тунхаглал гэсэн хоёр баримт бичиг гаргахаар төлөвлөж байгаа талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярилаа. АСЕМ-ын уулзалт, хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүндийг олон улсад өргөх, улмаар гадаад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд таатай боломж бий болно гэж үзэж байгаа юм.
Үндэсний зөвлөлийн дараагийн хурлыг энэ сард багтаан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Categories
мэдээ улс-төр

Шадар сайд У.Хүрэлсүх Япон улсад ажиллана

Шадар сайд У.Хүрэлсүх энэ сард Япон Улсын Сендай хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн III бага хуралд оролцохоор болжээ.

Түүнийг дээрх бага хуралд оролцохыг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр хэлэлцэн зөвшөөрсөн байна. Түүнчлэн хуралд оролцох удирдамжийг Ерөнхий сайд батлах ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төрийн банк 300 сая ам.долларын бонд гаргана

Засгийн газраас УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, бага хүүтэй, урт хугацаат гадаад валютын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Төрийн банк 300 сая ам.доллар хүртэлх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Энэ талаар Төрийн банкны Ерөнхий захирал Д.Батсайхан “Бидний зүгээс бонд гаргахын эхлэл болгож, хоёр үндсэн шаардлагаа биелүүлсэн. Эхнийх нь үнэлгээ тогтоолгосон. Дараагийнх нь олон улсын аудитын байгууллагаар сүүлийн дөрвөн жилийнхээ санхүүгийн тайланд аудит хийлгэсэн. Олон улсын аудитаар бид ямар нэг материаллаг зөрчилгүй, олон улсын стандартад нийцсэн байдлаар санхүүгийн тайлагналаа зөв хийсэн байна гэсэн үнэлгээ авсан” гэсэн юм.

Дээрх 300 сая ам.долларын бондыг гурван жилийн хугацаатай гаргах бөгөөд энэ оны эхний хагас жилд амжихгүй бол гуравдугаар улиралд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
Аливаа банкууд Монголбанкнаас тогтоосон тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангаж тусгай зөвшөөрөл авсан ч үндсэн дээр зээл олгох, үнэт цаас авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас Төрийн банк ч мөн ялгаагүй бондын мөнгийг дээрх зарчмын дагуу зарцуулна гэдгийг Төрийн банкны захирал хэллээ. Түүнчлэн бонд гаргаснаар валютын нийлүүлэлт нэмэгдэж, ханш нь буурна хэмээн үзэж байгаа ажээ.