Categories
мэдээ нийгэм

Гацууртын орд нинжа нарын гарт орвол хууль ч үйлчлэхгүй гэв

“Сентерра Гоулд” компанийн эзэмшдэг Гацууртын ордыг ашиглалтад оруулах эсэх асуудалд иргэд хоёр талын байр суурь илэрхийлж байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар “Гацууртын ордын олборлолт явуулах 303 га талбайд Хүннүгийн эртний олдворт булшууд орохгүй. Өөрөөр хэлбэл, төлөвлөж байгаа уурхайгаас 5.8-13 км-ийн зайтай байгаа булш бунхан, эртний түүхэн олдвор байгаа газарт ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэсэн юм.

Ноён уулын асуудлаар хэвлэлийнхэн Мандал сумыг зорив. Нутгийн иргэдтэй уулзаж, байр суурийг нь сонсоход хоёр талын байр суурьтай иргэд ч цөөнгүй байлаа. Ноён уул нь хойд, урд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг аж. Хойд Ноён уулаа нутгийн иргэд тахиж шүтдэг. Энэ нь орон нутгийн тусгай хэрэгцээнд орсон. Нөгөө нэг нь Хүннүгийн олдвортой. Тэр уулаас доошоо уруудаад, Сүжигтийн ам гэж бий. Энэ аманд Хүннүгийн булш бунхан байдаг. Харин эндээс шулуун шугамаар буюу газрын зургаар Гацууртын орд хүртэл 5.8 км газар. Газар дээр нь яваад очихоор хоёр нурууг давж байж ордын тусгай зөвшөөрлийн цэгт хүрнэ. Яг олборлолт хийх газар хүртэл дахиад 1.2 км-ийн зайтай. Хүннүгийн үеийн булш бунхнаас Гацууртын орд хүртэл нийтдээ долоон км-ийн зайтай байв.

Одоогийн байдлаар Ноён уулын орчимд хүчин төгөлдөр 23 тусгай зөвшөөрөл бий. Энэ тусгай зөвшөөрлүүдээс зургаа нь хайгуулын, 17 нь ашиглалтынх аж. Гацууртын ордын алтны геологийн нөөц 76 орчим тонн. Үүнээс ТЭЗҮ-ээр тогтоосон олборлох алтны нөөц 50 тонн юм. Алтыг олборлож борлуулснаар нийт борлуултын орлогын хэмжээ ойролцоогоор гурван их наяд буюу 1.7 тэрбум ам.долларт хүрэх аж. 1.7 тэрбумын борлуулалт хийгдээд, нийт гарах зардал нь 1.5 тэрбум. 200 сая ам.долларын цэвэр ашиг гарна. Нийтдээ 660 тэрбум төгрөгийн буюу 380 орчим сая ам.долларын татвар хураамжийг Монгол Улсдаа төлнө.

Энэ ордыг ашиглах 10 жилийн хугацаанд нийтдээ 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээ дотоодын аж ахуйн нэгжүүдэд хийгдэх аж. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж, тэр хэмжээгээр 1000 орчим ажлын байр шинээр бий болно. Үүнд 90 орчим сая ам.долларыг цалин хөлсөд өгнө. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллана. Үүний хүрээнд 10 сая ам.доллараар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр ажил хийгдэнэ. Мөн 200 сая ам.долларын ногдол ашгаас төр өөрөө хувь хүртэнэ.

Зүүнхараа хот 26 мянган хүн амтай. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор ажилгүй иргэдийн тоо өсчээ. Төсөвт 100 гаруй мянган тэрбум төгрөг хуримтлуулдаг ч орон нутагт түүний 10 хүрэхгүй хувь нь оногддог байна. Орон нутгийг хөгжүүлэх, ажилгүй иргэдийн тоог бууруулахын тулд Гацууртын ордыг ашиглаад эхлэх нь чухал гэдгийг Мандал сумын иргэд хэлж байлаа.

Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа: Төрөөс гарах шийдвэрийг л хүлээж байна

-Тахилгатай Ноён уул нь 1759 метрийн өндөртэй. Сумын ИТХ-ын тогтоолоор 2005 онд тусгай хамгаалалтад авсан байдаг. Харин олборлолт хийх газар нь Гацууртын гол дагуу юм. Нутгийн удирдлага төрөөс гарах шийдвэрийг л хүлээж байгаа. Ерөнхийлөгч өөрөө манай нутагт ирээд “Нутгийн иргэд ашиглуулна гэвэл ашиглуулна. Ашиглуулахгүй гэвэл ашиглуулахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Одоо бидэнд хандаж байгаа хүмүүс уг ордыг ашиглая, ашиглуулахгүй гэж хуваагдаад байна. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн асуудал Монгол оронд гол асуудал болоод байна. Эдгээр иргэдийн олборлож байгаа алт хаана очиж байгаа билээ, ямар хяналттай олж байгаа билээ. Төв хэвлэлээс сонсож байгаа мэдээллээр хилээр хууль бусаар алт авч гарах гэж байгаад баригдлаа гэж сонсогдоод байдаг. Үүнийг зөв зохион байгуулалтад оруулаад, байгалийн баялгаа ашиглах нь зөв гэж бодогддог.

Иргэн П.Цогт: -Ноён уулын доод талд ухаад тунель шиг хөндий болгочихсон байсан. Хоёр цаг алхахад захад нь хүрэхгүй тунелийг нинжа нар аль хэдийнэ ухчихсан.

3-р сургуулийн түүхийн багш Э.Баярхүү: –Бидний тахин шүтдэг Ноён уулыг ухахгүй юм. Мэргэжлийн хүний хувьд, залуу хүний хувьд судлаж үзсэн. Тиймээс энэ асуудалд нэгдмэл байр суурьтай байх нь чухал биз.

Иргэн н.Жаргал: –Би Сэлэнгийн уугуул иргэн. Бидний тахин шүтдэг Ноён уулыг ухна гэвэл хэн ч эсэргүүцнэ. Гэтэл Гацууртын орд газар чинь 10-аад км зайтай шүү дээ. Мэдэлгүй яах вэ дээ.

“Мандалын оюунлаг хүүхдүүд” ТББ-ын тэргүүн н.Алтаншагай: –Мандалчууд бид эндээс хөгжилтэй үлдэх хэрэгтэй байна. Бид төвдөө инженерийн шугам сүлжээ, автозам авч үлдэх хэрэгтэй байна.

Сумын уугуул иргэн н.Баясгалан: Манайд ажилгүй иргэн олон бий

-Ажил хийхгүй зах дээр архи уугаад баларчихсан нөхдүүд байна шүү дээ. Манайд ажилгүй иргэн олон байна. Тахилгатай овооноос хол байгаа ордыг эзэмших л хэрэгтэй. Мандалчуудад үр өгөөжөө өгөх ёстой. Ажлын байр, зам засварын асуудал шийдэгдэж, сумын эдийн засаг зохих хэмжээгээр дээшлэх байх. Тэрбум гаруй төгрөг Мандал суманд эргэлдэх боломжтой. “Сентерра гоулд”-аас авах ёстой зүйлээ аваад, гэрээ хэлэлцээр хийх ёстой

Өндөр настан н.Сумъяа: Байгалийн баялгийг үр ашиггүй үрмээргүй байна

-Байгалийн баялгийг үр ашиггүй үрмээргүй байна. Арга байхгүй төр засгийн өмнө тулгарч байгаа асуудал. Мандал суманд үр өгөөжөө өгөх хэрэгтэй байна. Ирээдүй болсон хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг шийдээгүй асуудал олон байгаа. Гацууртын төсөл орж ирснээр ахуй амьдралд үр өгөөжөө өгөх юм уу, зөвхөн тодорхой хэмжээгээр ярьж байгаад л яваад өгөх юм уу.

Иргэн н.Оюунчимэг: Ажилгүй хүүхдүүдээ ажилтай болгомоор байна

-Гацууртын ордыг ашиглахаар болж байгаа бол ажилгүй хүүхдүүдээ ажилтай болгочихмоор байна.

Иргэн н.Төмөрчөдөр: Ажилгүй залуус ажилтай болвол хэн хэнд нь л хэрэгтэй

-Энд 1000 ажилчин авна гэсэн. Манай сумынхан ямар ч ажилгүй хүмүүс байна. Ажилгүй залуус ажил хийж амьдралаа дээшлүүлбэл хэн хэнд нь л хэрэгтэй.

Хэрх тосгоны иргэн н.Батсүх: Манай нутгийн бус хүмүүс ирчихээд байна

-Манай нутгийн бус хүмүүс ирчихээд байгаа юм. Үүний ард “Ноён уул” компанийн дарга Дагвадорж, Болорчулуун гээд гишүүн хүргэн нь байж байгаа. Тэд л эсэргүүцээд байгаа хүмүүсийн ард нь байгаа гэж ойлгож байна.

Зарим иргэдийн хэлж буйгаар хэрвээ уг ордод нинжа нар орвол нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын тухай асуудал огтхон ч яригдахгүй, мөн хууль ч үйлчлэхгүй. Үнэхээр ч ажилгүй залуусын тоо нэмэгдсээр байгаа энэ цаг үед архидалт ч газар авч байна. Тиймээс Мандалчуудын хувьд шүтээн болсон уул усыг нь ухахгүйг нэгэнт мэдэж байгаагаас хойш нутгийн иргэдээ, өөрсдөө ч болов ажлын байртай болчих юмсан гэцгээж байна.

Хотод өлсгөлөн зарласан иргэдийн асуудлын тухайд нутгийн иргэд “Тэд бол Мандалын уугуул биш, суугуул иргэд. Мөн Ноён уул, Гацууртын ордыг ирж сонирхоо ч үгүй мөртлөө тэнд өлсгөлөн зарлаад байгаад гайхаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

“АПУ”-гийн борлуулагчийг хөнөөсөн хэргийн гэрчүүдийг сэжигтнээр татжээ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд Хонхор, Гачуурт чиглэлийн хүнсний дэлгүүрт бараа хүргэхээр гэрээсээ гарсан, “АПУ” ХК-ийн гэрээт борлуулагч сураггүй алга болж, 15 хоногийн дараа Налайхын уурхайн цооногоос цогцос нь олдсон хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа оржээ.

Шалгалтын явцад цагдаагийн алба хаагчид хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар гэрч Г.Дэлгэрцэцэг, Б.Отгонцэцэг нар олон нийтэд хандан мэдээлэл хийсэн билээ. Цагдаагийн байгууллагаас тэдгээр гэрчүүдийг гэмт хэргийг нуун дарагдуулсан, худал мэдүүлэг өгсөн зэрэг үндэслэлээр сэжигтнээр тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Машинаа үнэ төлбөргүй оношлогоонд хамруулаарай

Авто тээврийн үндэсний төвийн Баянгол дүүрэг дэх салбар энэ сарын 13-ны өдөр буюу энэ баасан гаригт 11.00-17.00 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулахаар болжээ. Энд автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалаа хийлгээгүй, мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар хамрагдах боломжтой ажээ. Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношлогоонд хамруулах аж.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдалд хэрхэн хяналт тавихаа танилцууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төрийн бус байгууллагуудад хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавьж хамтран ажиллах санал хүргүүлсэн.

Энэ саналын дагуу нийт 12 байгууллага материалаа ирүүлснээс “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” ТББ, “Монголын байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны дээд зөвлөл” ТББ, “Далайн цалгиа” ТББ, “Монголын газрын менежментийн холбоо” ТББ-ууд ногоон байгууламжаар, “Монголын хог хаягдлын менежментийн холбоо ТББ”, “Байгальд ээлтэй хөршүүд ТББ”, “Ирээдүйн хөгжлийн хүрээлэн” ТББ, “Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн” ТББ, “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон” ТББ хог хаягдалд хяналт тавихаар 1-шатанд шалгарч үлдээд байна.

Шалгарсан байгууллагууд ажлын туршлага, төлөвлөгөө, хяналт тавих мэргэжлийн ажилтнууд болон ногоон байгууламжийн стандарт, технологи, цэцэрлэгч нарт өгөх зөвлөмжөө танилцууллаа.

Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн үр дүнг сайжруулахад төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Төрийн бус байгууллагууд нь орчны тохижилт, хог цэвэрлэгээ, тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тохижилт үйлчилгээний байгууллагуудын ажлыг үнэлж, чанарыг сайжруулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ дахь Г.К.Жуковын хөшөөг Монголд авчрах хүсэлт гаргажээ

Москвагийн Улаан талбайд сүндэрлэх маршал Георгий Константинович Жуковын хөшөөг Монголд авчруулах саналыг ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Ш.Алтангэрэл Москвагийн Думд илэрхийлжээ.

Г.К.Жуковын хөшөөг байрнаас нь хөдөлгөж, төрөлх Калугад нь шилжүүлэн суурьшуулах тухай яригдаж эхэлжээ. Тиймээс Элчин сайд Ш.Алтангэрэл хөшөөг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж. “Жуков хэдийгээр Калугад төрсөн ч гэсэн цэрэг армийн удирдагчийн хувьд анх Монголд “төрсөн” тухай би зохих захидлыг бичиж хүргүүлсэн. Маршалын хөшөөг Калугад биш харин Улаанбаатарт хүргэх талаар Москва бодолцож үзвэл бидний хувьд завшаантай хэрэг болно” гэж элчин сайд Ш.Алтангэрэл өгүүлсэн байна. Г.К.Жуковын хөшөөг солих асуудлыг ОХУ-ын Иргэний танхим удахгүй хэлэлцэх юм байна. Хэрвээ Оросын тал маршал Жуковын хөшөөг Монголд өгөхийг зөвшөөрвөл Улаанбаатар дахь Жуковын гэр музейн өмнө байрлуулах аж.

Уг нь БНМАУ, ЗХУ-ын баатар маршал, Г.К.Жуковын хөшөө Улаанбаатар хотод байдаг. 1939 оны Халх голын дайныг удирдан, ялалт байгуулсан түүний гавьяаг алдаршуулах, хойч үеийнхэндээ таниулах зорилгоор Баянзүрх дүүрэгт түүнийг хөшөөг босгосон юм. Харин ОХУ дахь түүний хөшөөг 1995 оны тавдугаар сарын 8-нд эх орны дайны ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээсэн аж.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Хатуу үнэнтэй нүүр тулсан чуулган байлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

Намрын чуулган завсарлалаа. Гишүүд тойрогтоо ажиллаж байхад та Улаанбаатар хот дотор автобусанд суусан шигээ явж байгаа харагдсан?

-Улстөрчид бидний бие ялгаагүй л автобусны хаалгаар багтана шүү дээ. Улстөрч гэхээрээ хүнээс тусдаа амьдрал биш. Бусдын л ижил гудамжаар алхаж, гуанзанд хооллож, найз нөхөдтэйгээ “буу халах” үе байна. Гэвч ажлын онцлог байдлаас шалтгаалаад албаны хөшүүн өрөөнөөс хөндийрөх бололцоо тэр бүр олдохгүй л юм. Чуулган завсарласан ийм үед хүмүүстэй ямар нэгэн улс төрийн тасалгаагүй, хурлын танхим, хэвлэлийн индэргүйгээр нүүр тулж ярилцах бололцоо гарч байна. Бид олон нийтийн санаа бодол, санал сэтгэгдлийг сонсч ажиллах үүрэгтэй. Тойргийнхоо тухайд гэвэл би сар шинийн өмнөхөн ажиллаад ирсэн. Саяхан нийслэлийн хэд хэдэн дүүргээр явж ард иргэдтэй уулзаж, худалдаа үйлчилгээний газруудаар орлоо. Ер нь цаг зав гарсан дээр аймаг, дүүргүүдээр нэлээд сайн ажиллая гэсэн бодолтой байна.

Намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хатуу үнэнтэй нүүр тулсан чуулган байлаа. Улс орны нөхцөл байдал ямар түвшинд байна. Эдийн засаг яаж хямрав. Ард иргэдийн амьдрал яаж хүндрэв. Засаглалын чадамж хэрхэн доройтов гээд маш олон хатуу үнэнтэй эрх баригчид эвлэрэхгүй явсны эцэст арга буюу эвлэрч сэрсэн чуулган болж өнгөрлөө. Эрх баригчид алдаагаа хүлээн зөвшөөрч зөвшилцөл ойлголцолгүйгээр, хүч түрсэн байдлаар цаашаа явах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Засгийн газраас 2015 оны төсөвт тодотгол хийхдээ жирийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон, хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүд, одонтой ээжүүдийн тэтгэмж гэх мэт нийгмийн хамгааллын гол бодлогуудаа царцаах шийдэл гаргаж ирснийг МАН хатуу эсэргүүцэж саналыг нь буцаасан. Бид эдийн засгийн хямрал эрх баригчдын буруу бодлогоос болсон болохоос биш ээжүүдээс болоогүй гэж үзсэн. Мөн цалин, тэтгэврийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан нэмж чадсангүй. МАН-ын санаачилгаар бага ч гэсэн нэмэх шийдэлд хүрлээ. 2008-2012 онд МАН засгийн эрхийг барьж байхдаа цалин тэтгэврийг гурван удаа нэмж 165 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 230 мянга, 300 мянга байсан дундаж цалинг 630 мянга болгон нэмж байсан. МАН нийгмийн чиг баримжаатай ардчиллыг хөгжүүлэх зорилготой намын хувьд жирийн иргэдийн халааснаас хямралын төлбөрийг төлүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурин дээрээ зогссон.

Намрын чуулганы хугацаанд УИХ нийгэм, эдийн засагт ач холбогдолтой цөөнгүй хууль, бодлогуудыг баталж гаргасан. Гэхдээ эрх баригчдын дотоод тэмцэл, улс төрийн намуудын зөвшилцөл зэргээс шалтгаалж УИХ потенциалаа хангалттай шавхаж чадсангүй. Тиймээс ирэх хаврын чуулганаар нэлээд бүтээлчээр шахуу шаргуу ажиллах шаардлагатай.

УИХ дахь МАН-ын бүлгээс Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан нь хамгийн том үйл явдлын нэг болсон байх. Засгийн газрыг огцрууллаа гээд эдийн засагт өөрчлөлт гарч байна уу?

-Бид шинэчлэлийн Засгийн газрыг огцруулснаа том үйл явдал гэж дүгнэхгүй байгаа. Засгийн газар огцрох тийм сайн зүйл биш. Гэхдээ ард түмний амьдралыг доройтуулж, эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газрыг огцруулахгүй, толгойг нь илээд байх бүүр ч сайн зүйл биш. Улс орны эдийн засгийг унагахад маш хурдан бас амархан гэдгийг өнгөрсөн хоёр жил бидэнд ойлгуулж өглөө. Харин буцааж босгоход хугацаа хэрэгтэй. Зарим хүмүүс Засгийн газар огцорлоо гээд юу өөрчлөгдсөн юм гэж асуудаг. Гэхдээ хариуцлагагүй байдал, бодлогын алдааг хараад суугаад яваад байж болохгүй. Тогтвортой байдал чухал ч муу бодлого тогтвортой үргэлжлэх нь хамгийн уршигтай. Тийм болохоор энэ бүхнийг таслан зогсоож хариуцлага тооцох шаардлагатай байсан. Зөвхөн МАН ч биш АН өөрөө энэ байдалдаа дүгнэлт хийж шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцсон гэдгийг онцлох хэрэгтэй. Цаашид ч улс төрд хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах шаардлага бий. МАН засагт хамтарсан нь улс төрөө биш улс орноо л бодсон хэрэг гэдэг нь хэнд ч илэрхий байгаа болов уу. Эдийн засгийн уналтыг зогсоочих юмсан, санал санаачилгууд, туршлага нөөцөө нэмэрлээд хүнд үеийг хамт туулъя гэсэн зорилго тавьсан, үүнийхээ төлөө ч ажиллаж байна.

МАН засагт хамтарвал эдийн засаг босоод ирэх юм шиг зүйлсийг гишүүд ярьж байсан. Одоо болохоор танай намын гишүүд бидний үгийг сонсохгүй байна. Тоохгүй байна гэх юм. Хамтаръя гэж хамтарчихаад одоо ингэж ярих хэрэг байгаа юм уу?

-АНөнгөрсөн гурван жилд хэт хүч түрж аливаа шийдвэрийг гаргасан. МАН ч өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Зөрчил тэмцэл нэлээд хурцдаж, итгэлцэл алдуурч бүдгэрсэн болохоор үүнийг сэргээхэд амаргүй байгаа. Аль аль нь хүлээцтэй байж уян хатан бодлого явуулах шаардлагатай. МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бололцоог нь хангахын төлөө байгаа. Гэхдээ улс орны эрх ашигт нийцэхгүй шийдвэрийг зүгээр хараад суухгүй. Улс орны эрх ашгийн төлөө шаардлагатай шүүмжлэлийг хэлсээр л байх болно. АН-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсаар байх болно. Өнгөрсөн хугацаанд хэлсэн ярьсандаа тэр бүр хүрэхгүй л байна. Нэгэнт л хамтарч Засгийн газар байгуулсан юм бол цаашдаа ийм үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байна. Гэхдээ итгэлд хэмжээ хязгаар бий л дээ.

Сүүлийн үед тун удахгүй МАН Засгаас гарч АН хамраараа газар хатгаж үлдэнэ гэж байна. Ухаандаа 2011 оны сүүлд АН Засгаас гарсан хариуг нь бариулна гээд байгаа үнэн үү. Намууд хоорондоо өрсөлдөж болох ч ард түмэн хөлд нь чирэгдээд байна шүү дээ?

-Манай намд аль нэг түвшинд Засгийн газраас гарах ч юм уу, АН-аас хариу авах тухай асуудал яригдаагүй. Мэдээж хэрэг өөр үзэл бодол, зөрчилтэй саналууд хаана хаанаа байх нь ойлгомжтой. Эвдрээсэй, бутраасай гэсэн бодолтой яваа хүнийг би хувьдаа яаж ч зөвтгөж чадахгүй. Хагарлын дэгээ цалам хаях тусмаа л улстөрчид нэгийгээ урваач, шарваачаар цоллож УИХ-д улс эх орноо боддоггүй 76 гишүүн цугласан юм шиг ойлголтыг нийгэмд, ард түмэнд өгдөг. Гэтэл үнэндээ УИХ-ын гишүүн бүр л эх орноо гэсэн сэтгэлтэй. Энэ улсын төлөө зүрх нь цохилоостой байдаг. Монгол хүн бүр л ийм байдаг. Сэтгэлгээ, арга барил, ойлголтын зөрүү л бий гэхээс эх орноо хорлоё гэсэн бодолтой хүн байдаггүй юм шүү дээ. МАН Засгийн газарт хамтрах шийдвэрийг гаргахад маш хүнд байсан. Одоо ч гэсэн байр сууриа хамгаалж, зөвшилцөж ажиллахад хүндрэлтэй асуудлууд их байна. МАН тулхтай, манлайлагч улс төрийн хүчний хувьд аливаа асуудалд хүлээцтэй уян хатан байдлаар ханддаг суурь бодлоготой. Гэхдээ эрх баригчид хүлцэж болох хязгаараас гаргах хандлагууд бий болгохгүй гэдэгт итгэж байна.

Танай бүлгээс санал болгосон хямралаас гарах төлөвлөгөөг хамтран эрх барьж буй намынхан тань батлахгүй гэж баахан улс төржсөн. Яагаад тэгэв? Анхнаасаа тохиролцсон зүйлсээсээ АН үнэхээр буцаад байгаа юм уу?

-МАН эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг УИХ-д өргөн бариач гэж Засгийн газарт санал болгож удаа дараа шаардсан. Хоёр нам хамтран ажиллах гэрээнд ч улс орны эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөг хамтран боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу МАН-ын бүлэг энэхүү төлөвлөгөөг Засгийн газарт санал болгосон. Харин үүнд АН-ынхан нэлээд эгдүүцсэн. Хэрвээ хямралыг давах төлөвлөгөөг уухайлан хүлээн зөвшөөрчихвөл өөрсдөө улс орныг хямраасан гэдэгтэйгээ эвлэрсэн, нөгөө талдаа Зас­гийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжгүй болж зогсоосон гэдгээ зарласан хэрэг болно. Тийм болохоор тусгайлан ийм баримт бичиг батлах шаардлагагүй л гэсэн уур амьсгал их байсан шиг байгаа юм. Эцэстээ бид эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөтэй болсон шүү дээ. Энэ нь л чухал.

Танайхан засагт хамтарснаар өрийн тааз хэд болохоос эхлээд эдийн засгийн бодит дүгнэл­түүдийг гаргаж авсан. Харин эдийн засгийг дээшлүүлэхэд ямар арга замаар ажиллавал үр дүнтэй вэ?

-Засагт орсноор өмнө нь үнэн бодит тоо баримтууд, нөхцөл байдалтай нүүр тулж эхэлсэн гэж хэлж болно. Өмнө нь бидэнд өгдөггүй, эсвэл худлаа мэдээлэл өгдөг байсан юм билээ. Тухайлбал хуулиараа ДНБ-ий 40 хувьд байх ёстой улсын өрийн хэмжээ хэдийнээ 58.3 хувьд хүрснийг бид ард түмэндээ үнэн бодитоор зарласан. Нэхээд шаардаад ирдэггүй мэдээллүүдийг нягталж шалгахаар Чингэс, Самурай бондын зарцуулалт, хяналтын асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байх жишээтэй.

Эдийн засгаа сэргээх тухайд Засгийн газар юуны түрүүнд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг сайн биелүүлэх хэрэгтэй. Мөн зардлуудаа танах тал дээрээ онцгой анхаарах ёстой. Энэ оны эхний улирлын төсвийн гүйцэтгэлийг харахад ноднингоос дээрдсэн шинж алга. Ерөнхийдөө орлого 20-30 хувиар тасарсан, санхүүжилт хүлээгдсэн байдалтай байгаа.

Макро эдийн засгийн түвшинд томоохон нөлөө үзүүлэхүйц төслүүдээ хөдөлгөх шаардлагатай. Таван толгойн төслийг хөдөлгөхдөө улс эх орны эрх ашигт нийцсэн байхын дээр,иргэдийн 1072 хувьцаатай уялдуулж ашиглахыг МАН-аас шаардаж байгаа.

Манай эдийн засаг бол 10 тэрбум орчим ам.дол­лараар хэмжигддэг. Үндэстэн дамнасан дундаж компаниудын хөрөнгөтэй ижил жижиг эдийн засаг тул буруу бодлого явуулбал унахдаа амархан, зөв бодлого хэрэгжүүлбэл сэргэхдээ амархан гэдгийг өнгөрсөн хугацаа бидэнд харуулсан.

Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэл хийлээ. Ахиц гарна гэж харж байгаа юу?

-Бид Засгийн газрын зарим бодлогыг шүүмжилдгийн адил олон шийдлийг нь бас дэмждэг. Энэхүү баримт бичгийг байгуулсныг манай намынхан дэмжиж байгаа. Японтой эдийн засгийн түншлэл хийх гэж олон жил ярилцаж, бодлогуудаа ахиулж, бэлтгэлийг базаасаар ирсэн. Тэгэхээр энэ шийдэл олон Засгийн газрын, олон хүний санаачилга хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг хэлэх ёстой. Тиймээс Засгийн газар цаашид Японы зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг гаргахын төлөө шаргуу ажиллах шаардлагатай. Бид өмнөд хөрш БНХАУ-ын газар нутгаар транзит тээвэр хийх гэрээ байгуулсан. Цаашаа Тяньжины боомтод өөрсдийн гэсэн талбайтай болсон. Японы зах зээлд татваргүйгээр бараагаа гаргах боломжтой боллоо. Техникийн түвшинд шийдэгдээд байна. Харин үүнийг практик ач холбогдолтой болгож, эдийн засагт үр өгөөж гаргах нь Засгийн газрын ажил. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө төрийн байгууллагынхан ч, бизнес эрхлэгчид ч санаачилгатай ажиллах үүрэгтэй болсон. Энэ үүргээ биелүүлээд ирвэл эдийн засагт маань тустай, хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй шийдвэр болсон.

Улс төр сонирхогчдын дунд хамгийн их хүлээлттэй байгаа зүйл мэдээж Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хууль болоод байна. Хуулиа хэзээ батлах вэ. Сонгуулийн уур амьсгал орчихсон энэ үед ч хэцүү л санагдах юм?

-Сонгуулийн хуулинд огт өөрчлөлт оруулж байгаагүй парламент гэж байдаггүй. Бид 2016 онд зургаа дахь удаагаа ардчилсан чөлөөт сонгуулиа хийх гэж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд хуулийн аливаа дутагдлыг арилгаж, маргааныг шийдвэрлэхийн төлөө үе үеийн улстөрчид хичээж ажиллаж ирсэн. Үүний үр дүнд ч сонгуулийн тогтолцоонд дэвшилт ололттой зүйлүүд их бий. Гэхдээ бас алдсан эртэдсэн зүйлүүд цөөнгүй байгаа нь амьдрал дээр нотлогдож байна. Жагсаалтаар сонгогдох уу, ард түмнээсээ шууд сонгогдох уу, сонгуулийн хар машинаар тоолох уу, гараар тоолох уу, том тойрог байх уу, жижиг тойрог байх уу, нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг өнөөгийн тогтолцоо зөв үү, буруу юу, УИХ, нийслэлийн сонгуулийг хамтад нь явуулах уу, тусад нь байлгах уу гээд шийдэх ёстой, ард түмнээсээ асуух хэрэгтэй олон асуудал байна. Манай нам ч бас энэ бүхэн дээр тодорхой бодлого шийдэл гарган танилцуулахаар бэлтгэж байна.

Улс төрийн намын тухай хуулинд ч мөн өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлагатай гэдгийг ард иргэд хэлж байна. Тиймээс УИХ-д суудалтай бүх намууд улс төрийн намын тухай хууль, сонгуулийн нэгдсэн хуульд нэлээд өндөр ач холбогдол өгч нам, хувийн эрх ашгийн үүднээс биш, улс орны эрх ашгийн үүднээс нэг алхмаар ч болтугай сайжирсан хуулийг энэ хаврын чуулганаар баталж чадна гэдэгт итгэлтэй байна.

Улс төрийн хямрал дээд цэгтээ тулсан гэж ярих боллоо. Монгол Улсыг аваад явчих хэмжээний лидер өнөөдөр Монгол Улсад алга гэж хэлэх иргэдийн тоо ч нэмэгдэж байна?

-Харьцангуй дүгнэлт л дээ. Даяаршил, ардчилал, мэдээллийн нээлттэй байдал, төр засгийн шийдвэрт ард иргэдийн оролцох оролцоо нэмэгдэж байгаа нь иргэдийн бусдаас хамаарах хамаарлыг багасгаж бие даасан байдлыг нэмэгдүүлж, тэр нь төрд болон улстөрчдөд итгэх итгэлийг бууруулж байгаа тал бий. Саяхан болсон нэг улс төрийн жагсаал дээр 50-60-аад л хүн ирсэн. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг цуглаанд 2000-аад хүн ирсэн шүү дээ. Энэ бол нийгэм улс төрөөс хамааралгүйгээр гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаагийн шинж. Улс төрийн хямрал дээд цэгтээ хүрээгүй. Харин ч голлох намууд тогтвортой байдал бий болгохын төлөө шаргуу ажиллаж үүнийг ч ард иргэд хүлээцтэй ажиглаж үр дүн нэхэж байна. Мэдээж хэрэг өөр санаа бодол, шүүмжлэл мэтгэлцээн байна л даа. Үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. Цаг үе өөрөө лидерийг төрүүлдэг шүү дээ.

Монгол Улсын хөгжлийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг батлах тухай асуудал ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Та хөгжлийн бодлогын баримт бичгийг санаачилж намынхаа их хурал, УИХ-д өргөн барьсан хүн. Ер нь манай улсын хөгжлийн бодлого яаж хэрэгжих ёстой юм бол?

-Социализмын үед бид улс орныхоо хөгжлийг таван жилээр төлөвлөж явдаг байсан. Харин ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш нэгдсэн төлөвлөлт гэж зүйл алдагдсан. Харин ч нэг үе бодлого, төлөвлөлт буруу гэж ярих хүмүүс гарч ирсэн. Одоо эргээд аливаа ажлыг зөв төлөвлөж цаг алдалгүй зохион байгуулж, хамтаараа хэрэгжүүлж байж хүссэн үр дүнд хүрдэг гэдгийг ойлгох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Өнөөдөр аливаа бодлого, шийдвэр сонгуулийн мөчлөг дагаж, байгуулагдсан Засгийн газруудын үйл ажиллагаа явуулах хугацаагаар хэмжигдэх болсон. Өнөөдөр манайд УИХ, Засгийн газраас батлагдсан салбарын болон орон нутгийн хөгжлийн 400 гаруй бодлого хөтөлбөр байгаа ч хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжилт туйлын хангалтгүй, нэр төдий байна. Энэ нь эргээд улс орны хөгжилд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг бүгдээрээ ойлголоо. Шинэ Засгийн газар нь гарч ирээд өмнө нь хийгдэж хэрэгжиж байсан ажлыг үгүйсгэдэг, таслан зогсоодог үзэгдэл өнөөдөр хэрээс хэтэрсэн. Энэ хэрээр ихээхэн хэмжээний хөрөнгө, хүн хүч, татвар төлөгчдийн мөнгө үрэгдэж, төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, улс орны хөгжил хойш чангаагдахад хүрч байгаа нь үнэн. Тиймээс урт хугацааны, салбар, бүс нутгийн уялдааг хангасан бодлоготой болж, ямар ч нам нь ялсан бай улстөржихгүйгээр, тогтвортой хэрэгжүүлэхийн төлөө зорьж, УИХ-д суудалтай бүх намууд хамтран ажиллаж байна. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард УИХ дахь гурван бүлгийн даргаар ахлуулсан Монгол Улсын урт хугацааны Хөгжлийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, дэд ажлын хэсгийг Үндэсний хөгжлийн хүрээлэн ахалж, бүх яамдын төлөөлөл оролцоод ажиллаж байна. Мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийг зохицуулах хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа. Эдгээр баримт бичгүүддээ салбар салбарын эрдэмтэд, судлаачид, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжилтнүүд, ард иргэд гээд бүхий л төлөөллийн санал бодлыг авч тусгахыг зорьж байна. Мөн НҮБ-ын зүгээс энэ чиглэлээр хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яаман дээр хэрэгжүүлж ирсэн төслөө үргэлжлүүлж, бүхий л боломжит дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэн УИХ-тай хамтран ажиллаж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байна?

-Үндсэн хууль бол улс орон оршин байхын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлынбаталгаа болсон чухал баримт бичиг. Тиймээс үүнд өөрчлөлт оруулахдаа нэлээд тооцоо судалгаатай хандах шаардлагатай. Гэхдээ болгоомжлол хэтрээд бид их хугацаа алдаад байх шиг санагддаг. Өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой нэлээд олон хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж, тооцоо судалгаанууд хийгдсэн. Сум дүүрэг, аймаг хотын асуудлаас авахуулаад сумын засаг даргыг шууд ард түмнээсээ сонгодог болгох, парламентын засаглалыг бэхжүүлэх гэх мэт багагүй асуудлууд шийдлээ хүлээж байна. Иймээс зарим асуудлыг ард иргэдээсээ асуух замаар Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах цаг болсон.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Банк дээрэмдсэн багтай залууг орон даяар эрэн сурвалжилж байна

Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны “Сундаү” тооцооны төвд буутай этгээд нэвтэрч, 20 сая төгрөг дээрэмдээд зугтаасан хэрэг өнгөрсөн бямба гаригийн орой гарчээ. Банкны ажилтнуудын мэдээлснээр сэжигтэн ганцаараа явсан бөгөөд буу гаргаж “Мөнгөө өг” хэмээн сүрдүүлсэн байна. Сэжигтнийг цүнхтэй мөнгийг аваад банкнаас гарах үед нь банкны хамгаалагч, теллерийн хамт араас нь хөөжээ. Энэ үед гэмт этгээд дээрэмдсэн мөнгөө хаяад зугтаасан аж. Гэмт этгээдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн эрэн сурвалжилж байгаа бөгөөд “Капитрон” банкны тус салбарын үйл ажиллагааг түр зогсоосон ч өчигдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн байна. Хэргийн талаар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн даргахурандаа Т.Дамбийнямаас тодрууллаа.

-“Капитрон” банкны “Сундаү” тооцооны төвд гарсан хэргийг тодруулах гэсэн юм?

-Энэ хэргийг шалгаж байна. Зохих хууль дүрмийн дагуу шаардлагатай ажиллагаа хийжэхэлсэн.

Сэжигтний талаар ямар нэгэн сураг гаргаж чадав уу?

-Орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа хийж эхэлсэн. Хэрэгтний ам зураг, ерөнхий байдлыг орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдэд хүргэсэн.

Сэжигтнийг хэн гэдгийг тогтоосон юм болов уу?

-Шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа. Сэжигтнийг хайж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга. Гэмт этгээдийг баригдсаны дараа мэдээлэл өгөх боломжтой гэлээ.

Биднийг өчигдөр 13 цаг 30 минутын үед хэргийн газар очиход “Капитрон” банкны тус салбар хэвийн ажиллаж байсан юм.Тус банкныажилтан Ш.Ариунтуяагаас заримасуултад хариулт авлаа.

Гэмт халдлага хэдийд болсон юм бэ?

-Манай салбар хэрэг гардаг өдөр 21.00 цагт хаах байсан юм. Хаалгаа барихын өмнө нэг залуу орж ирсэн. Тэр багтай байсан. Буу гаргаж ирээд “Байгаа мөнгөө цүнхэнд хий” гэсэн түүний зааврын дагуу ажилтнууд хийсэн. Тэгээд гараад явсан юм билээ.

Хэрэг гарах үед ажиллаж байсан хүмүүс одоо байна уу. Тэднээс хэрэг гардаг өдөр чухам юу болсонталаар асууж болох уу?

-Тэр өдөр ажиллаж байсан хүмүүс болон манай хамгаалагч одоохондоо алга.

Багтай залуу, зэвсэгтэй байсан гэсэнямар буутай байсан юм бол?

-Буутай байсан гэсэн. Чухам ямар буу гэдгийг нь мэдэхгүй.

-20 сая төгрөг дээрэмдсэн гэсэн. Танай банк мөнгөө буцааж олж авсан гэсэн байх аа?

-Тэр мөнгийг цагдаагийнхан эд мөрийн баримт болгож авсан гэсэн. Бид үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэн ийм мэдээлэл өгөв.

Хэрэг юунаас болж гарав?

-Өнгөрсөн бямба гаригт буюу гуравдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт банк дээрэмдсэн хэрэг гарсан. Зэвсэг барьсан этгээд 20 сая төгрөг дээрэмдсэн. Алдагдсан 20 сая төгрөгийг цагдаагийн байгууллага илрүүлж олоод эд мөрийн баримтаар хурааж авсан. Хэргийг шалгаж байна.

Мөнгийг банкинд нь буцааж өгдөггүй юм уу?

-Гэмт хэргийн эд мөрийн баримт учраас энэ хэрэг шүүхээр шийдвэрлэтэл цагдаагийн байгууллагын мэдэлд байна гэсэн үг. Хуулиараа ийм байдаг юм.

Нэг хүнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн. Өөр хүнийг энэ хэрэгт сэжиглэж байгаа юм болов уу?

-Одоогоор 30 орчим настай хүнийг сэжигтнээр татан эрэн сурвалжилж байгаа. Түүнээс өөр хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, байцаагаагүй. Банкны ажилчдаас тэр өдөр чухам юу болсон талаар мэдүүлэг авсан.

Ямар маркийн гар буутай явсан юм бол?

-Сэжигтэн зэвсэгтэй явж байсан гэсэн. Ямар маркийн буу болохыг одоохондоо мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын явцад тэр бүхэн тогтоогдох байх.

Банкны салбар хаах гэж байхад халдлага гарсан гэхээртус салбарын хэн нэгэн ажилтантай холбоотой гэж үзэж буй мэдээлэл байна. Энэ мэдээлэл хэр бодитойюм бол?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна.

Ойрын үед дээрмийн хэргүүд их гарах болж. Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Шатахуун түгээх газруудыг дээрэмдэх хэрэг гарах болсон. Иймд шатахуун түгээгүүрийн газруудад хяналтын камераа сайжруулах үүрэг өгч хяналт тавьж ажиллаж байна хэмээв. Болсон явдлын талаар “Капитрон” банкныхан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлдээ “2015 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны “Сандэй” салбарт, галт зэвсэг ашиглан халдлага хийхийг завдсан хэрэг гарсан. Банкны хамгаалалтын ажилтан өөрийн ажил, үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсний үр дүнд энэхүү гэмт хэргийг таслан зогсоож чадсан байна. Цагдаагийн газар хэргийн ул мөрийн дагуу ажиллаж байна” гэсэн байв.

Юутай чэнэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Дугаар шилжих мөчид буюу 20.00 цагийн үед гэмт хэрэгтнийг баривчлаагүй байна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.

Г.ОНОН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

О.Амгаланбаатарыг улсын хөрөнгөөр хийгдэж байгаа ажлаар далимдуулан өөрийгөө сурталчилахгүй байхыг Засгийн газраас сануулжээ

Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга А.Дэлгэржаргал нарт албан бичиг хүргүүлжээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэсэн бичвэр бүхий өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу хянан үзсэн байна.

Засаг дарга О.Амгаланбаатар нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн албаны болон намын сурталчилгааг хийсэн нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгджээ.

Уг албан бичгийн хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулсан талаар мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

21 худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд өчигдөр гал гарсан дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.

Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулав. Мөн 5 давхарт байсан 0,8 – 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгсөн байна. Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. Одоогоор гал түймэр бүрэн унтарсан ба гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” төслийн хэлэлцүүлэг болно

Хууль зүйн байнгын хорооноос УИХ ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн Газраас өргөн барьсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордын Б танхимд болно.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байгаа гэнэ.

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл нь 2013 оноос хэрэгжиж байгаа бөгөөд УИХ-д бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Төслийн зүгээс энэ хуулийн төслийг боловсруулж эхлэхээс нь дэмжиж, зөвлөх баг, судалгаагаар хангах, олон нийтийн оролцоог хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Тус хэлэлцүүлэг нь энэ хуулийн төслийг боловсруулах хүрээнд хийж буй дөрөв дэх хэлэлцүүлэг бөгөөд төслийн үзэл баримтлалын гол гол асуудлууд болох хууль тогтоомж боловсруулах техникийн болон агуулгын шаардлагууд, үр нөлөөний үнэлгээ, магадлан шалгалт хийх, олон нийтийн оролцоог хангах, хуулийн хэрэгжилт, хяналт үнэлгээ зэргийг дэлгэрэнгүй ярилцана. Мөн мэргэжлийн холбоо, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудын төлөөллийн байр суурийг сонсох юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, Хууль зүйн яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцох ажээ.

Хуулийн төсөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг splp.parliament.mn хаягаар авах боломжтой.