Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын ээлжит хуралдаан даваа гаригт болно

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 16-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
  • Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
  • Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай
  • НИТХ-ын Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

“Хүрээлэн”, “Ертөнц” төслүүд хамтарна

Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх “Хүрээлэн” төсөл болон үндэсний хөгжмийн шилдэг контент бүтээж, цуврал цомог хийж буй “Ертөнц” төслийнхөн хамтран ажиллахаар болжээ. Өчигдөр энэ тухай санамж бичигт “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, “Ертөнц” төслийн удирдагч, хөгжмийн найруулагч М.Болд нар гарын үсэг зурлаа.

Бид үндэсний шилдэг контент бүтээх чиглэлээр бие биеэ дэмжин ажиллахаар болж байна. Бүтээл, бүтээгдэхүүн маань арай өөр ч зорилго чиглэл нэг болохоор үр дүнд хүрэх нь гарцаагүй гэж “Ертөнц” төслийг хэрэгжүүлэгч “Bros records” студийн захирал М.Болд онцолж байв. Харин “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг бэлтгэдэг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн У.Ганбаяр “Хамгийн эхний үр дүн гэвэл телевиз үзэгчид маань бидний авсан байгаль, амьтдын зураг, дүрсийг “Ертөнц” цомгийн хөгжмийн албан ёсны эрхтэйгээр үзэх болно. “Ертөнц” бол 2013 оны хамгийн их борлуулалттай цомог шүү дээ. Цаашид бид хамтарсан үзэсгэлэн, тоглолт, аялал зохион байгуулах, DVD цомог, multi media контент бэлтгэх чиглэлээр ч хамтрахаар төлөвлөсөн” гэв.

“Хүрээлэн” төслийнхөн ирэх 2016 онд Монголын байгаль, зэрлэг амьтдын зураг авалтынхаа үр дүн болох бүрэн хэмжээний 4 баримтат кино хийхээр зорьж байгаа аж. Тус нэвтрүүлгийг Төрийн банк эхнээс нь дэмжин албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд энэ онд ч мөн “Эко боловсрол олгох аян”-аа үргэлжлүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ улс-төр

ГЕГ-ын даргаар Б.Цэнгэлийг, ЦУОШГ-ын даргаар Д.Цогт-Очирыг томилжээ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим газрын дарга нарыг томилсон байна. Тодруулбал, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар Д.Цогт-Очирыг, Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Цэнгэлийг тус тус томилжээ. Д.Цогт-Очир нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

2015 онд дэлхийд нар хиртэлт хоёр удаа ажиглагдана

“2015 онд дэлхийд нар хиртэх үзэгдэл хоёр удаа болно” гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэллээ. Нарны бүтэн хиртэлтийн эхнийх нь энэ сарын 20-нд тохиох юм. Энэ үзэгдэл дэлхийн бөмбөрцгийнхойд хагас туйлын бүс, дундаж өргөргийн бүсэд тод ажиглагдах юм байна.Эдгээр оргил цэгтээ нарны бүтэн хиртэлт хоёр минут 47 секунд үзэгдэх юм. Харин Монголд нарны бүтэн хиртэлт ажиглагдахгүй. 60 хувь хүртэл хиртэлтийн бүсэд манайх хамрагдах гэнэ. Нар руу нүдээрээ харахад хэцүү.Хуучны кино хальс, компьютерийн уян диск зэргийг ашиглан нар хиртэхийг харах боломжтой. Нар хиртэлт 20-ны 18.40минутад ажиглагдах юм. Харин19.04 минутад нар жаргана гэж мэргэжилтнүүдтооцоолжээ.

Нар хагас хиртэх үзэгдэлирэх есдүгээр сарын 13-нд тохионо. Энэ үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас, туйл орчмын нутгаар ажиглагдах юм.Нар хиртэлтцочромтгой хүмүүст нөлөөлж болно. Нүүдэлчин монголчууд нар хиртэлтийн үеэр цан хэнгэрэг, түмпэн саваа хангинуулж их чимээ гаргадаг байжээ.

Б.ЭГШИГЛЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ПОПУЛИЗМААС ЛУЙВАР ДЭЭРЭМДЛЭГ РҮҮ

Баабар ингэж өгүүлэв

Дэлхийн II дайн Европ, Азийг үнсэн нурам болгон сүйтгэсэн боловч дайн болоогүй Хойд, Өмнөд Америк тив эндээс мөнгөн утгаараа нэлээд хожоотой гарсан юм. Энэ дундаа байлдагч орнуудыг түүхий эд, хүнсээр илүүтэй хангаж байсан Аргентин орон маш их баяжсан. Дайн дуусах үед Аргентин нь дэлхийн хамгийн баян орны нэгд тооцогдон, эдийн засагчдын тооцоолсноор Үндэсний үйлдвэрлэлээр Канадыг гүйцээд иржээ.

Дайны дөнгөж дараа Аргентиний Ерөнхийлөгчөөр хурандаа Хуан Пэрон гэгч гараад ирлээ. Тэрээр үндэсний энэ их хуримтлагдсан баялгийг шударга хуваарилах тухай номлож, гол нь энэ үзэл бодолд нь маш ихээр автсан Үйлдвэрчний эвлэлийн халуун дэмжлэгээр төрийн эрхэнд гарсан юм. Үзэсгэлэнт эхнэр нь уран гоё ярьдаг болохоор ард түмэнд ч их таалагдана, тэр л дэмжлэгээр эхнэрээ дэд Ерөнхийлөгч болгосон юм. Мадоннагийн тоглосон “Эвита” хэмээх кинонд уул хүүхний дүр тод гардаг.

Эхнэр нөхөр хоёр нийгмийн баялгийг ёстой нэг цацах шиг боллоо. Ердөө хэдхэн жилийн дотор тэр их хуримталсан баялгийг нийт ард түмэнд цацаад дуусгав. Цалинг байнга нэмнэ, шагнал урамшуулалд гар татахгүй, арван гурав дахь сарын цалин гэж анх тэнд гарчээ. Хүүхдийн, хуримын, төрсний, сурсны, өвдсөний, тэтгэврийн, ядуурсны гэх мэт үй олон тэтгэмж бодож олсноос гадна тарьсны, ургуулсны, өсгөсний, хөрөнгө оруулсны, ажил байр буй болгосны, шинэ санаа олсны гэх мэт өч төчнөөн урамшууллыг буй болгов. Ард түмэн ч Ерөнхийлөгчдөө болон эхнэрт нь талархаад ханадаггүй.

Алив сайхан юм төгсгөлтэй байдаг болохоор тавиад оны эх гэхэд Аргентины мөнгөний авдар хоосорч, улс орон дампуурлын ирмэгт ирэв. Ард түмэн хайрт удирдагчдаа дургүйцээд эхэллээ. Ингэнгүүт Пэрон энд тэндгүй ард түмний дайсан илрүүлж гарах нь тэр. Католик сүм, сөрөг хүчин, ротари клуб, нэр бүхий сэтгүүлчид… Засгаа авч үлдэхийн тулд тэрээр эгшин зуур харгис дарангуйлагч болсон, гэвч цэргийнхэн эргэлт хийж мань хүн Европ руу зугтаав.

Үүнээс хойш Аргентин өөдлөөгүй. Ядуурал, гуйранчлал, өр зээл… Ард түмэн Пэроны тостой үеийг санагалзсаар, Пэрон л эргээд ирвэл бүх юмыг янзлаад өгнө гэсэн горьдлого. Гадаадад цагаачилсан өвгөн 1973 онд эзгүй мөртөө сонгуульд ялж Ерөнхийлөгч боллоо. Ард түмэн тэгтлээ санажээ, түүнийг. Гэвч тэр настай хүн Ерөнхийлөгч болонгуутаа үхсэн, орыг нь гурав дахь эхнэр Мариа нь эзэлсэн боловч Аргентин улам ядуурав. Цэргийнхэн, эсвэл популистууд төр ээлжлэн эзэрхийлдэг үлгэр жишээ орон. Популизм хийж хүмүүсийн ядуу байдлыг өөр тийш нь татахын тулд Англитай байлдаж үзлээ, дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн зохион байгуулж үзлээ, эхнэр нөхрийг ээлжлэн сонгож үзлээ, ингэсээр өнгөрсөн жил улс нь төлбөрийн чадваргүй болсноо зарлах шив.

Ийнхүү Латин Америкийн популизм гэсэн улс төрийн ухагдахуун буй болсон юм. Үүний сүүлийн үеийн жишээ нь Венесүэл. Ерөнхийлөгч Уго Чааваас үхэхэд энэ ард түмэн нийтээрээ уйлж унжихыг зурагтаар харсан монголчууд шүтэн биширсэн. Ард түмэндээ хайрлагдсан удирдагч гэдэг чинь ийм л байдаг юм байна, бид хэзээ нэг ийм удирдагчтай болно доо хэмээн гаслан толгой сэгсрэх олон хүн байсныг санаж байна уу? Нефтийн үнэ тэнгэрт хадахад Америк тивийн хамгийн их газрын тостой Венесүэл мөнгөндөө хахаж хаданд гаран олсноо хайр найргүй ард түмэндээ хүртээсэн учраас л тэд хайрт Ерөнхийлөгчөөсөө хойш яана даа хэмээн уйлж унжиж буй нь тэр. Чааваас их мөнгө үзүүтээ дэлхий даяар латин америк маягийн социализм байгуулна хэмээж олсон долсноо Америк тив бүү хэл алс Европын Беларуст хүртэл цацав. Ирээдүйн мөнхийн амгалан дэлхийг гардан байгуулж энх тайвны Нобелийн шагнал хүртэх санаа. Социализмын дайсан нь мэдээж АНУ учир харааж загнах битгий хэл хөрөнгө оруулагчдыг нь хөөж гаргав. Коко колаг хүртэл хорьсон гээ. Гэхдээ азтай золиг, нефтийн үнэ унаж хямрал эхлэхийн дөнгөж өмнө урьтаад үхчихсэн. Улсын сан хоосорлоо, тостой үе өнгөрч ядуурал гуйранчлал эхлэв. Мэдээж нийгмийн ухамсар дорой ийм газар Чааваас биш амьд байгаа түүний залгамжлагч л буруутаж таарна. Энд тэндгүй эсэргүүцэл, тэмцэл, жагсаал. Залгамжлагч нь ч таарсан амьтан, Пэроны нэгэн адил дарангуйлал руу хальтарч эхлэв. Барааны хомсдол үүсмэгц албаар ийм байдалд хүргэлээ хэмээн үйлдвэрлэгчдийг дарамтална, дэлгүүрийн гадаа оочир үүсмэгц зориуд ингэлээ хэмээн эзнийг нь баривчилна.АНУ-ын захиалгаар дэлгүүрийн эзэд зориудаар кассчингаа цөөлснөөс болж байна хэмээн Ерөнхийлөгч Мадуро мэдэгдлээ. Гэвч энэ нь АНУ-аас ч биш, кассчингаас ч биш, байсныгаа хамаагүй цацаж популизмдсан учир түүхий эдийн үнэ унахаар модоо барьж байгааг тайлбарлахад заавал эдийн засагч байх албагүй л дээ. Хоосорч үгүйрсэн Венесүэлд хүнсний болон эм тарианы яаралтай тусламж үзүүлэхээр Латин Америкийн 12 орны Засгийн газар шийдсэнээ сая зарлалаа.

Улсаа хоосолдог ийм хэлбэрийг улстөрийг Латин Америк маягийн популизм гэдэг бол голдуу Африкийн байгалийн баялаг бүхий орнуудад гарч буй улс төрийн бодлогыг “нигери маягийн популизм” гэнэ. Нигери бол Африкийн хамгийн том орон, нефтийн баялгаар дэлхийд дээгүүрт орно. Нигерид бэлэн мөнгө, халамж тараахаасаа илүү улс орноо хөгжүүлэх том том аварга төслүүд яригддаг. 1973 онд нефтийн үнэ гэнэт олон дахин өссөнөөр нигерчүүд дэлхийд байхгүй аварга төслүүд хэрэгжүүлэхээр боллоо. Юун түрүүн Африкийн хамгийн том хот болох нийслэл Лагосоос 600 км зайтайгаар цоо шинэ нийслэл босгохоор шийдлээ. Засгийн газар Европын бүх орнууд, ЗХУ-д цемент захиалсанд эдгээр орнууд захиалгыг нь арай гэж дийлж байв. Цемент хэрэглээгээр дэлхийд нэгд орж байсан. Эхний ээлжинд 600 км газар сүпэр зам татлаа. Шинэ гэгдэх нийслэлийнхээ шав дээр баахан барилгын суурь цутгалаа.1980 он гэхэд нефтийн үнэ тогтворжлоо. Шинэ нийслэл ч лөөлөө. Харин энэ 6-7 жилийн хооронд хоолонд орох гэсэн хэд хэдэн Засгийн газар солигдож улсаа дээрэмдээд дуусчээ. Хожим НҮБ-ын тооцоолсноор энэ богино хугацаанд хэдхэн Засгийн газар нийтдээ 100 тэрбум доллар луйвардсаныг тогтоосон.

Төрийн луйвар ард нийтийн дагах үлгэр жишээ болж хөрөнгөтэй болгоныг тонох дээрэмдэх ажиллагаа улс даяар эрчимжсэн. Газар ус, байгаль дэлхий, үндэсний эрх ашгаа хамгаалсан төрийн бус байгууллагууд компани болгоны дэргэд буй болон тэднийг дарамтлан тонож гарав. Ясыг нь цайтал дээрэмдэх тул улс орныг авч явдаг, татварыг нь бүрдүүлдэг компаниуд ээлж дараалан дампуурлаа. Нигерт асар их хөрөнгө оруулсан титан олзворлох герман компани байгаль орчин хамгаалагчдын дарамтад орж тэсэхээ болиод нэгэнт хийсэн ухсанаа дэлбэлэн газрыг нь тэгшилж яг хуучин байсан шиг нь сэргээгээд гарч одсон нь ийм олон тохиолдлын ганц нь юм.

Монголын популист улстөр түүхэн замналаар “дэвшсээр” хэд хэдэн шатыг дамжин, өдгөө тонуул дээрэм гэсэн хөгжлийнхөө дээд шатанд орж байна.Гурван үе дамжсан социализмын урт хугацаанд энэ нь “пропаганд” гэгдэх үзэл суртлын аргаар явсан. Мэдээллийн бүх сувгийг хаагаад ганц өөрийн пропагандыг зогсоо зайгүй албадан түлхэх энэ аргыг Жоорж Орвэл “тархи угаах” гэж нэрлэсэн. Америкийн империализм, Японы тагнуул, Хятадын маостууд манайхыг алчих гээд байна, дотор талд тэдний тагнуул туршуулууд дүүрчиж гэсээр баахан дайснуудыг нэрлэн айлгачихна. Тэгээд л бид диваажин болсон коммунизмд удахгүй очиж жаргаж үхнэ, 80 он гэхэд социализмын материал техникийн баазыг байгуулж дуусна, 2000 онд социализм байгуулаад дуусчихна гэж амлах нь диваажин амладаг шашинтай их төстэй. Дэлхий дээр энд тэндгүй хүмүүс турж үхэн боолчлогдон зовж байхад гагцхүү ЗХУ, Монгол хоёрт л хүмүүс нь цатгалдаад жаргалтай амьдарч буй тухай чихэнд чийр болтол янших нь яван явсаар таг хаалттай нийгмийн ухамсар дорой ард түмэнд итгэл үнэмшил болно.

Нийгэм нээлттэй болонгуут ямархуу хөгийн гуйранч амьдралтай байснаа хүмүүс нүдээр үзэж гутарлаа. Олон жил шоронд суусан хүн гэнэт гарч ирхээрээ нийгэмшиж чаддаггүй, бусдын хангалуун амьдралд атаархаж юун түрүүн дээрэмдэх, тонох, хулгайлах санаа орж ирэн бушуухан ижил түвшинд очих тэчъяадалд автдагтай адил нийгмийн үзэгдэл манайд болсон доо. Энэ тэчъяадлыг л номхтгохын тулд болов уу, “Азийн бар”, “угтуулан товчилж хөгжих”, “жижиг дунд үйлдвэр”,“дахин сэргэх Чингисийн Монгол” зэрэг үлгэрүүд цувсан байх.

Шинэ үеийн жинхэнэ популизм 2000 оноос эхтэй. “Мянганы зам” гэсэн туульсыг шинэ Засгийн газар хайлж эхэллээ. Тэр үед урт урт зам барих мөнгө ч байгаагүй, ер нь ямар учиртай зам барих гээд байгаа тухай тооцоо битгий хэл төсөөлөл ч байхгүй байлаа. Урьд нь Олон улсын санхүүгийн байгууллагын зээлээр нэгэнт баригдсан байсан Сэлэнгийн замыг зааж баахан сайрхав. Лүнгийн замыг дахин засав. Одоо хэн ч бараг явдаггүй Өгий нуурын замыг сонгуулийн суртчилгаа болгож шинээр туушиндсан байх. Үүнээс гадна Нямдоржийн, Бадамжунайгийн зуслангийн байрны яг гадаа үүдэнд нь тулж очоод зогсдог зам гүүр энэхүү “Мянганы замд” багтах юм байна. Харин эндээс “замын тэндрийнхэн” хэмээгдэх томоор иддэг анхны луйварчид төрөн бусдадаа үлгэр жишээ болох болов. Зам барихдаа өргөнөөс нь танах, зузаанаас нь хусах шинэ санаачилгууд тэгэхэд нэвтэрсэн. Өнөөгийхөөс арав дахин ядуу байсан зүдүү улсаа тонох домог ингэж эхэлсэн! Түрэгийн хөрөнгөөр барьсан Архангайн Күлтгэний хөшөө хүрэх зам бол үүний тод жишээ. Нохойн хэлнээс өргөнгүй тэр замд түрэгүүд арай илүү мөнгө өгөө байлгүй дээ. Хожим Эм Си Эс компани хил хүртэл метрийн зузаантай, олон улсын стандартад таарсан зам өөрийн хөрөнгөөр татахад улсын санхүүжилтээс хавьгүй хямд туссан гэж байгаа!?

2004 оноос зах зээлд түүхий эдийн үнэ өссөнөөр монголчууд төр засагтайгаа, ард түмэнтэйгээ тонуулчин дээрэмчин болох замынхаа эхлэлийг тавилаа. Латин Америк маягаар бэлэн мөнгө тараах аян улсын санг хоосортол арваад жил үргэлжлэв. Тараагаад байгаа мөртөө хууль тогтоогчдоос авахуулаад төрийн албаны доод шатны төлөөлөгч болох хорины дарга нарт хүртэл ямар их өгөөжөө өгсөн гэж санана? Сонгууль далимдуулж эзгүй газар хиймэл хороо хорин байгуулан амьгүй албат хэдэн мянгаар нь төрүүлэх ба дараа нь тэдэндээ тэтгэмж халамж авч гударч байлаа шүү дээ. Бэлнээр тараасан мөнгө дөрвөн тэрбум доллар буюу улсын нийт нөөцөөс давсан. Их багын ялгаа л байгаа болохоос үүнийг нийт ард түмнээрээ Латин Америк маягаар хувааж идээд жорлон руу асгасан.

Популизмын дараагийн шат болох луйвар дээрэм тонуул улс баяжихын хэрээр эрчимтэй урагшиллаа. Улс тонох арга баяжин хөгжиж хэдэн зуун хувилбартай болсон. Ямааны, сүүний, тариалангийн гэх мэт урамшуулал бол үйлдвэрлэл болон ард түмнийг харж үзээд байгаа юм биш, мөнгө зувчуулах олон аргын л нэг. Огт ашиглагдахгүй, огтоос илүүц тоног төхөөрөмж, барилга байгууламж, зам харгуй, тэр байтугай улсын болон зээлийн үйлдвэр олныг “ашиглалтад оруулсны” нийлбэр дүн хамгийн багаар бодоход зургаан тэрбум доллар. Өнөөх Нигерийн цементийн захиалга шиг л юм даа. Олон ч хүнийг цулайлгасан даа.

Араас нь энэ тонуулд ард түмэн маань хамрагдлаа. Одоо байгаа 24 мянган Төрийн бус байгууллагын адаглаад 10 мянга нь луйврын зориулалттай. Татвараас бултах, хууль бус орлого олохоос өгсүүлээд гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг дарамтлах, тонох зориулалтаар голдуу гэр бүлийн гишүүнчлэлтэйгээр энэ олон ТББ буй болсон. Иргэд төрөөс дутахгүй, тэр байтугай илүү ухаантай учир энэ тонуулаа ард түмний төлөө, эх орны тусын тулд, байгаль орчноо хамгаалах, үндэсний аюулгүй байдлаа бодох гэх мэт уриатайгаар дээрэм үйлдэнэ. Нэгд Монголын төр дэндүү сул дорой учир хуулиа мөрдүүлж чаддаггүй, нөгөө талаас өөрснөө дээрэм тонуулын инстүүц болчихсон тул хавсрагч хамаатан нь учир тонуул дээрмийн аян бүх нийтийн үйлс болов.

Олон мянган боть болох баримт факт бий. Хамгийн сүүлд болсон тонуулын эх оронч ажиллагааг харъя л даа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь хөөгөөд явуулчихсан учир дарамтлах газаргүй болоод өлсчихсөн ардууд бараг сүүлчийн хөрөнгө оруулалт Гацууртад орох гэж буй сургаар яаж дөвчигнөснийг цөмөөрөө харсан. Гацууртын алтны орд, Ноён уулын булш хоёр хоорондоо хол, хаа хамаагүй, тэр байтугай засаг захиргааны хуваариар хоёр өөр аймагт харъяалагддаг, археологичид Гацууртад хоёр жилийн өмнө судалгаа хийгээд хоосон болохыг тогтоосон гэх мэтийн албан тайлбар хоёр жил дарамтлах объектгүйгээс турж үхэх шахсан дээрэмчдийн шаардлагын өмнө хүчин мөхсдөж байв. Үүнийг дээрээс нь бусдын ордыг сүрдүүлэн булааж авах гэсэн, дараагийн сонгуульд Сэлэнгэд өрсөлдөх гэсэн, эх орноо “хайрлаж” дахин сонгогдох гэсэн гишүүд санаачлан санхүүжүүлж, доороос нь эзгүйрсэн орд руу нинжа нарыг зохион байгуулж дайралт хийхэд мэргэшсэн “эх оронч” гэгдэх хорлон сүйтгэгчид гардсан ба завсар нь төөрөлдсөн цөөнгүй хүн дэмжсэн. Нэгэнт батлагдаад мөрдөж байгаа төрийн хуулийг зөв ч буруу ч бүгдээр хүндэтгэн биелүүлэх ёс уг нь бий ч тонуулч дээрэмчин гишүүд батлагдсан хуулийг дагахгүй нулимахыг уриалан цээжээ цөмөртөл нүдэн хөдөө гадаагүй хөлсөө урсган хэсүүчилнэ.

Намуу цэцгийн хар тамхийг татсанаар үхэхгүй, тэр байтугай амны тамхинаас илүү хортой биш. Гагцхүү ийм тамхинд орсон хүн заавал цаашлан марихуана, хашиш гэж даварсаар морфин, хэроин хүртэл яван зайлшгүй үхдэг юм гэнэлээ. Гэнэн цайлган популизмаар тоглон алиалж явсан ард түмэн аяндаа улсаа хоосруулж улмаар нийтээр тонуулчин болон “хөгжиж” эх орноо дампууруулан нугасалж алж дуусдаг хуультай байх аа. Монголд өнөөдөр популизм гэсэн нэршилд таарсан юм гэвэл улстөрийн намууд, тэдний буй болгосон төр л байх шив дээ. Гардагч хувь хүмүүс, төрийн төлөөлөгчдийг “популист” гэх нь дэндүү зөөлдөнө, дэндүү өхөөрдсөн хэрэг болно. Тэд бол улаандаа гарсан дээрэмчид. Манайхан аугаа том зарчмын юм яриад унахаар л ард нь өөрийнх нь өчүүхэн муухай ашиг шунал нуугдаж байдаг. Монголд өнөөдөр бүх улс төрийн намууд популист. Бүрэлдүүлж буй хүмүүс нь популист бишээ, тэд чинь хувийн өчүүхэн шуналаа ардаа нуучихсан дэвүүд шүү дээ. Нийгмийн ухамсар мөхөс, сэтгэлгээ дорой, хариуцлага үгүй, ширингийн ёс суртахуун ноёлосон, бэлэнчлэх дуртай манай мэтийн оронд цаашлах тутам шуналаа ардаа нуусан популист царайтнуудын тоо болон амжилт улам газар аван улс орон дампууралдаа тулна, харж л байгаарай. Ямар л ард түмэн байна, түүндээ тохирсон тийм л төр байдаг. Төр нь анхдагч биш, ард түмэн нь анхдагч. Тэр дундаа ард түмний хүсэл эрмэлзлэлээр төрөө сонгон буй болгодог манайх шиг чөлөөт ардчилсан нийгэмд. Иймээс Монголын төр, улстөрийн нам, сэтгэлгээ, тогтолцоо бол манай ард түмний толины шууд тусгал мөн.

Жич: Монголын голлох популист намын нэг АН-аас зохион байгуулсан “Популизм ба улстөр” хэлэлцүүлэгт намайг урихад нь энэ өгүүллийг бэлдэж очин яриад дундаа орж байтал хурал зохион байгуулагч нь “цаг болчихлоо” гэж хөөж гаргасан учир бүрэн эхээр нь энд талбив

2015.3.8

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хямарсан учраас цахилгааны хөнгөлөлт үзүүлэхгүй, нүүрсээ түлээрэй

Ямар ч хямрал болсон хөдөлгөж, өөрчилж болдоггүй зүйлс гэж байдаг. Гэвч үзэл баримтлал, үнэт зүйл нь тодорхойгүй манайхны хувьд хамгийн түрүүнд л тэр зүйлдээ гар хүрчих гээд байдаг гэмтэй.

Бид Улаанбаатарын утаанд мөн ч их мөнгө урс­гасан даа. Утаат хот болгох шалтгаан болсон нүүрс­ний хэрэглээг багасгах нь хамгийн чухал асуудал байх. Сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг айл өрхийг дэмжиж, дор хаяж дулааны асуудлаа шийдэхийн тулд цахилгааны эх үүсвэрийг ашигладаг гэр бүлд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх ёстой. Гэвч хямралын сургаар энэ чиглэлд танал­таа хийгээд эхэлсэн нь харам­салтай. Өмнөх жилүү­дэд цахилгаанаар халаалтаа шийд­дэг айлуудад үзүүлдэг байсан хөнгөлөлт энэ оны эхнээс алга болжээ. Засгийн газраас эрчим хүчнийхэнд өгдөг байсан төсөв алга болсон учраас энэ хөнгөлөлтийг зогсоожээ. Тэгэхээр нүүрснээс татгалзаж, цахил­гаанаар дулаанаа шийдэж байсан айлууд буцаад л нүүрсэндээ орохоос яах ч билээ дээ. Бас эрчим хүчнийхний хэрэглэгчдэд хүргэж байгаа бас нэг мэдээлэл бол тэд цахилгааны үйлчилгээ үзүүлдэг хүрээгээ улам бүр хумисаар байгаа ажээ. Хуучин айл өрхүүд цахилгаан утасны гэмтэл, монтажны асуудал байвал цахилгаанаа төлдөг баруун, зүүн төвийн цахилгаан түгээх газартаа мэдэгдээд, цахилгааны төлбөр дээрээ нэмэлт төлбөрийг нь төлөөд засуулчихдаг байлаа. Харин сүүлийн үед энэ байгууллага тоолуур, холболтын төв дээрээ гарсан асуудлыг л хариуцна. Бусдыг нь бид хийхгүй гэдэг болжээ. Гэвч цахилгааны ажил бол хүссэн болгон хийчихдэг ч ажил биш шүү дээ. “Танайхан хийхгүй гэвэл иргэд хэнд хандах вэ. Зуун айлын мэргэжилтэй мэргэжилгүй нь мэдэгдэхгүй сайн дурынханд хандах уу” гэхэд “Тэгж л таарна даа” гэж хариулах болсон байна лээ. Хямралын сургаар болж бүтээд байсан нь болохоо байж асуудлыг шийддэг, ажил хийдэг хүмүүс ч байхгүй болж эхэлжээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Малчин эмэгтэйчүүд сургалтанд хамрагдлаа

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хөтөлбөр болох “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛСЫН ХАРАА ”хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд чамгүй хугацаа өнгөрчээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Сургалт Судалгааны ПОЛИСИ төв Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцож “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ БА АЛСЫН ХАРАА” сэдвээр сургалт хийжээ. Уг сургалтанд 200 гаруй малчин эмэгтэй хамрагдаж, малчин эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, цаашдын зорилго, гэр бүлдээ эзлэх байр суурь, түвшинг нь тодорхойлсон сургалт болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монголоо хөгжүүлэх 30 залууг нэрлэлээ

Монголын Залуучуудын холбоо, Forbes Mongolia сэтгүүлтэй хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж эхлээд байна.Учир нь МЗХ 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ ч утгаараа баялаг бүтээгч залуусыг тодруулах, тэднийг дэмжих, сурталчилах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох үүднээс энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. “30 хүртэлх 30″ шалгаруулалтад нэр дэвших залуусын материалыг 2014 оны зургадугаар сараас хойш хүлээн авч эхэлсэн юм.Ингээд нэр дэвшигчдийн материалыг энэ оны хоёрдугаар сараар дуусгавар болгож, Forbes Mongolia сэтгүүлийн редакц, МЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тусгай комисс салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нийгэмд тустай ажил үйлс, манлайлал зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэн дээрх залуусыг шалгарууллаа.Манай улсын хүн амын дийлэнх нь 30-аас доош насныхан. Иймд дээрх залуус маань үеийн залуусаа манлайлан өөр хоорондоо эв нэгдэлтэй, санаа зорилго нэгтэй байвал улс орны хөгжилд багагүй түлхэц гарах нь мэдээж хэрэг. Ингээд та бүхэндээ Монголын хөгжлийг түүчээлэх 30 залууг танилцуулж байна.Танд ч бас боломж бий.

Categories
мэдээ нийгэм

НАМОХ Ерөнхийлөгч, Бага хурлын төлөөлөгчдөө сонгожээ

МАН-ын дэргэдэх дүрмийн дөрвөн төрийн бус байгууллагын отгон байгууллага болох “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбоо ээлжит VI их хурлаа хийсэн байна. Энэхүү хурал Монгол Ардын намын үүсэн байгуулагдсан өдөр болох Эх орончдын өдрөөр болжээ. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбоо нь тус их хурлаараа бүтэц бүрэлдэхүүн, дүрмийн өөрчлөлтүүдээ баталж үйл ажиллагааныхаа цаашдын зорилтуудыг дэвшүүллээ.

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны ээлжит VI их хуралд 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн салбар холбоод болон Монголын их дээд сургууль, коллеж, оюутны дотуур байрны төлөөлөл зэрэг нийт 701 оюутан, залуучууд их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцсон байна. Тус хурлаас холбооны Ерөнхийлөгч, Бага хурлын төлөөлөгчдийг сонголоо.

Ээлжит VI их хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Дорждугар овогтой Гантулга сонгогдсон байна. Ингэснээр Д.Гантулга нь “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгчөөр хамгийн залуудаа сонгогдсон Ерөнхийлөгч болж байгаа юм байна.

Д.Гантулга нь Монгол улсын Шадар сайдын зөвлөх хэмээх албан тушаалтайн зэрэгцээ Удирдлагын академийн Удирдахуйн ухааны докторантурт суралцаж байгаа Монгол Ардын намын шилдэг залуу улстөрчдийн нэг аж.

Цаашдаа “Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны үйл ажиллагаа нь их дээд сургууль коллеж дотуур байр, сум, хороо бүрт өөрсдийн салбар нэгжийг байгуулан оюутнуудыг сурч боловсрох, хөгжих боломжуудыг нээх, цагаар хөдөлмөр эрхлэх зэргийг нь дэмжин ажиллах хөтөлбөрүүд дэвшүүлэн ажиллаж байна.

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны үүсэл хөгжил нь 1995 онд анх байгуулагдсан “Тэмүүлэл” клубээс үүдэлтэй аж. Энэ онд Монгол Ардын намын дэргэдэх оюутны байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны зорилго нь олон нийтэд нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, оюутнуудын хөгжих. суралцах, зөв оролцоог дэмжиж хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулах явдал гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөө нутгийн жаргалтай, тэнүүн амьдралыг “Өдрийн сонин”-оос тольдоорой

“Өдрийн сонин”-ы сурвалжлагч Э.Хүрэлбаатар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануйн баригадад ажиллаад ирлээ. Тэрбээр баригадын төвийн хүүхнүүдтэй “Марта-8”-ны баярыг ёстой нэг зад тэмдэглэсэн сурагтай. Тас тас инээх хөдөөгийн бүсгүйчүүлийн хөөр баяртай, хөгжилтэй, сонирхолтой адал явдлуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас эхлүүлэн уншаарай.

Хангай нутгийн жавар хацар чимчигнүүлсэн хасах 30 хэмийн хүйтэнд манай сурвалжлагч хөдөөгийн амьдралыг нэгд нэггүй сурвалжилсан байна. Баригадын төвийн “Улаан булан”-д залуус хэрхэн цэнгэн хөгжилдөж байгаа талаар, ангийнхаа зууханд мод хийн галаа өрдөх сурагчид эрдэм номд хэрхэн шамдан суралцаж байгаа тухай сонирхолтой сурвалжлага маргаашнаас уншигчдын хүртээл болно.

Хөдөө нутгийн жаргалтай, тэнүүн сайхан амьдралын зураглалыг зөвхөн “Өдрийн сонин”-оос тольдоорой.