“Марко поло” киноны Монгол талыг хариуцсан продюсер М.Оргилтой ярилцлаа.
-“Марко поло” киноны хоёрдугаар бүлэгт ямар үйл явдал гарах вэ?
-“Марко поло” эхний бүлгээ өнгөрсөн жил хийчихээд энэ жил хоёр дахь бүлгээ хийж буй нь энэ. Хоёр дахь бүлэг дээрээ Хубилай хаан голдуу Ар Монголд байгаа хаад ноёдтой зөрчилдсөн зөрчлийн талаар гарах юм. Энэ удаад Ар Монголд Хайду хаан толгойлж Хубилайтай зөрчилдөөн үүсч буй хэсэг, Их хуралдай, Монголын хурим найр гээд тодорхой хэсгүүд гарах юм билээ. XIII зууны эхэн үед Монголын тал нутаг Чингэсийн үеийн үйл явдлыг монгол жүжигчдээр монгол хэл дээр гаргах нь онцлог.
-Таныг яагаад монгол талын продюсероор сонгов?
-Намайг Соёлын яамны сайдын зөвлөх байхад “Марко поло”-гоос монголчуудтай хамтарч ажиллах саналтай байна гээд холбогдсон. Тэр үед нэгдүгээр бүлэг бараг дуусч байхад хожуу холбогдсон ч Монголоос гурван хөөмийчин авъя гээд би жүжигчнийхээ хувьд “Марко поло” кинонд ажиллах боломж гарсан юм. Тэгээд Зоригоо, Батзориг гээд хөөмийчин хоёр залууг авч яваад тулааны өмнө хөөмийлж байгаа гурван баатрын дүрд тоглосон. Зураг авалт дээр очоод гурван долоо хонохдоо “Netflix”-ийхэнтэй холбоо тогтоосон. Тэгээд хоёрдугаар бүлгийн Монгол талын продюсероор ажиллаж байна.
Зохиолч Жон Фуско долоон жилийн өмнө Монголд ирээд 13 настай хүүтэйгээ хамт мориор аялсан юм. Өөрөө моринд их хайртай хүн учраас Монголд их сэтгэлтэй хүн. Тиймээс бидэнд олдож байгаа маш ховор алтан боломжийн нэг л гэсэн үг. Дараагийн гуравдугаар бүлгээсээ өөр юм зохиож хийх хэрэгтэй болно. Тэгээд Хубилай хаан Хятадад байгаа юм чинь Хятад болоод л явчихна ш дээ. Тэгэхээр хөгжиж байгаа энэ үедээ монгол хэлээ, түүхээ, соёлоо баталгаажуулах л хэрэгтэй. Холливудын ийм том компанитай алгаа тосоод л хамтраад ажиллах хэрэгтэй.
-Монголд саяхан “Netflix”-ээс хүмүүс ирээд явсан. Ямар ажлаар ирсэн юм бол?
-Монгол Улсад ирж хувцас, монгол гэр ахуйн байдал, монгол үс засалтыг судлаад явсан. Тэд илүү монгол хэлбэр байдлаар нь гаргах гэж ажиллаж байгаа. Хувцас хэрэглэлээ Унгар, Малайз, Бээжинд байх үйлдвэрүүд дээрээ зургийг нь гаргаад л хийлгэчих юм билээ.
-Хоёрдугаар бүлэгт монгол жүжигчдийг тоглуулна гэсэн. Ямар шалгууртай вэ?
-Монгол хэлээр тоглогдох гурван дүр бий. Сорхугтани хатанд 40 орчим насны эмэгтэй байх хэрэгтэй. Сорхугтани хатны аав Чахахамбу, 12 настай Хубилай. Мөн Хайдугийн дөрвөн настай эрэгтэй хүүхдийн дүр байгаа. Энэ хүүгийн дүр одоохондоо яриа нь хараахан гараагүй байна. Англи хэл дээрх дүрүүдэд хатад, ноёдын нэлээд хэдэн дүр байна лээ. Англи хэлтэй бөгөөд өөрийгөө чадна гэж бодож байвал орж болно. Олны хэсэгт нас, хүйс харгалзахгүй хүн болгон орж болно. Бид “Marco polo casting Mongolia” хуудас нээсэн байгаа. Үндсэндээ олны хэсэгт тоглохыг хүссэн хүн тэнд бичсэн майлээр нэр, зургаа явуулах боломжтой. Маргаашнаас бүтэн сайн өдөр хүртэл жүжигчдийг сонгон шалгаруулах ажлаа МҮОНРТ дээр хийнэ. Давхар телевиз дээр гол дүрийн хүмүүсийг шалгаруулахаас гадна олны хэсэгт орох тохиромжтой хүн ирвэл зургийг нь аваад цааш явуулна.
-Гол дүрийн жүжигчдээс магадлалтай жүжигчин байна уу?
-Мэдээж гол дүрийн жүжигчний насанд таарсан бүх мэргэжлийн жүжигчдэд зар тараасан. Жүжигчид эхний бүлгийн яриатай хэсгээс уншаад бид бичлэг хийгээд цаашаа явуулна. Цаанаас материалыг нь үзчихээд энэ сарын 26,27-нд Монголд ирж дахиад сонгон шалгаруулалт хийнэ. Эцсийн шийдвэрийг киноны зохиолч, найруулагч, продюсерууд гаргана.
-Гол дүрийн жүжигчид англи хэлний зохих мэдлэгтэй байх ёстой юу?
-Монголоороо ярьдаг гол дүр заавал англи хэний мэдлэгтэй байх шаардлагагүй. Тэнд англи хэлний орчуулагч явна.
-Хоёрдугаар бүлэг хэдэн ангитай байх вэ. Зураг авалт хэзээнээс эхлэх юм бол?
-Нэгдүгээр бүлэгтэй адил 10 ангитай. Зураг авалт зургадугаар сараас эхлээд арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.
-Монгол жүжигчдийг тоглуулсны ач холбогдол юу вэ?
-Хоёрдугаар бүлэг дээр Монгол их гарч байна гэдэг монголчуудын хувьд соёлоо, түүхээ, монгол хэлээ сурталчлах хамгийн том боломж. Яагаад гэвэл “Netflix” 50 гаруй сая үзэгчидтэй компани. Интернет телевиз гэсэн үг. Мөн “Weinstein” Холливудын том компанитай хамтарч ажиллажбайгаа. “Марко поло” кино өнгөрсөн жил телевизийн хамгийн том бүтээл болсон шүү дээ. Энэ жил ч гэсэн тийм байх магадлал өндөр. Нэг ёсондоо Монголын соёл, түүхийн тухай хийгдэж байгаа дэлхийн хамгийн том хэмжээний телевизийн шоу.
Үүнийг манай төр засгийн хүмүүс дэмжиж байгаа. Гол найруулагч, продюсеруудыг ирэхэд нь уулзах цаг гаргасан. Бидтүүхээ бататгаж, хөгжиж хүчирхэг болон тулд тулд том хэмжээний кино урлагт орох ёстой гэж би боддог. Тэр утгаараа тэдний маань яриа ажил болох байх гэж найдаад байж байгаа.
-Хаана зураг авалт нь болох вэ?
– Бид Монголд зураг аваач гэсэнсанал тавьсан. Гэхдээ манайд дэд бүтэц буюу кино үйлдвэр байхгүй. Тиймээс Унгар, Шинэ Зиланд, Малайзад зургийг нь авах байх. Монголын олны хэсэгт тоглуулахад тэдний замын зардал, мөн байрны зардлыг нь Засгийн газраас даах юм бол тэд цалингаа өгөөд, хоолны зардлыг нь даая гэсэн санал тавьчихсан байгаа.
Киногоо зургадугаар сард зураг авалт нь эхлэх гэж байхад Монголд зураг авна гэж шийдэх хүндрэлтэй л байх. Хэрэв Монгол Улс мөнгө санхүүг нь хангалттай шийдэж өгөөд Монголд зураг ав гэвэл эд нар зураг авч магадгүй. Яагаад гэвэл бусад орнууд нөгөө Малайз, Шинэ Зеланд, Унгар улсад ирж зураг авч байгаа киноны компаниудад 30 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. Дээрээс нь кино үйлдвэрүүд нь баригдчихсан бэлэн байдаг. Энэ бүгдийг бид шийдчихвэл Монгол Улсад Холливудын том кино ирж зургаа авах боломж нээгдэнэ. Энэ нь хүмүүсийг ажлын байртай болгоно. Улс орон орлого их олно гээд томоохон бизнесийн салбар байгаа юм. Америкийн экспортын хамгийн том салбар нь Холливуд юм билээ. Ердөө кино урлаг шүү дээ. “Netflix” компани хоёрдугаар бүлэгтээ 100-гаад сая долларын зардал гаргаж байгаа.
-Монголын талаас хэдэн төгрөгийн санхүүжилт хийх ёстой вэ. Хэдэн монгол жүжигчин тоглох бол?
-Монголын Засгийн газраас албан ёсны санал дээр нь 1.5 сая доллар гаргавал 70 орчим монгол жүжигчин авна гэсэн юм билээ. Тэндээс 50 жүжигчин байнга ард олны дүрд тоглоод царай нь кинон дээр гарна гэсэн үг. Тэгэхгүй бол монгол царай биш шинэ зеланд, малайз гээд өөр царайтай жүжигчид тоглуулах байх. Киноны хамт олноос Монголоос 50 хүн киноны ард байлгах саналтай байгаа. Дээрээс нь монгол хэл дээр ярьдаг насанд хүрсэн 4-6 жүжигчид, 2-3 хүүхэд хэрэг болно гэсэн. 70 жүжигчин гээд байгаагийн 20 орлон тоглогч байх юм билээ. Мөн мэргэжил дээшлүүлэх 4-6 залуучуудыг авч ажиллуулах санал тавьсан. Тэдэнд Монголдоо иржсурсан зүйлээ хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм. “Марко поло” кинонд Монголоос нийтдээ 80-аад хүн ажиллуулах боломж байна.
-Та бизнесменүүдийг “Марко поло” кинонд хөрөнгө оруулаачээ гэсэн санал гаргаж байгаа юм байна тийм үү?
-Манай Монголд дэлхийн хэмжээний баячууд байгаа шүү дээ. Ер нь дан уул уурхай, барилга ярихаас гадна соёлын үнэт зүйлс рүүгээ анхаарлаа хандуулдаг болж байна. Том компаниуд соёлын том үйлдвэрлэлтэй хамтарч ажиллавал энэ нь угаасаа том бизнес юм. Энэ бизнес яаж ажилладгийг харах хэрэгтэй. Нүүрс барилгаас өөр соёлын бизнес байдаг шүү л гэж хэлээд байна. Америкийн хамгийн том экспортын бүтээгдэхүүн кино урлаг байдаг гэдгийг бизнесменүүддээ сануулъя. Дэлхийн хэмжээний компани Монголтой шууд холбогдоод ажиллах гэж байна.
-Та Монголын жүжигчидтэйгээ зураг авалтанд хамт явах уу?
-Надад гурван дүрийн санал ирсэн. Тэр гурван дүрдээ шалгуулахаар жүжиглээд бичлэгээ бичүүлээд явуулна. Хэрвээ сонгогдвол би өөрөө энэ кинонд жүжигчнээр явах боломж байгаа. Яг ч батлагдчихаагүй байгаа. Мэдээж продюсероороо ажиллаад ажлын шаардлага гарвал явах байх.
С.АРИУНЖАРГАЛ