Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын чанарыг дээшлүүлэх, эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой сургалт явууллаа.
Сургалтыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нээж, Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа удирдан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүрх судлалын тэнхмийн ахлах багш Н.Баясгалан, Шастины улсын 3 дугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий нар хичээлийг заав.
СүхбаатарЭрүүл мэндийн төвийнзүрх судасны кабинетад “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил” Люксембургийн MON/005 төслийн хүрээнд зүрхний өнгөт ЭХО аппарат, пульсоксиметр, автомат дуслын систем, иж бүрэн комьпютер,скайнер мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр Өрхийн эмнэлгүүдийг зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар хангасан юм.
Иймээс дээрх сургалтаар өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зүрхний цочмог шигдээсийн оношилгоо, анхан шатны яаралтай тусламж, зүрхний цомог шигдээсийн эрт ба хожуу үеийн хүндрэл болон зүрхний цахилгаан бичлэг хийж бичлэгээр ялган оношилж, тусламж үзүүлэх чадавхи илүү сайжрах нөхцөл бүрдэж байна.
Манай орын хувьд ЗЦШ-ийн эрт оношлогооны түвшин хангалтгүй (38.9%), титэм судасны цусан хангамжийг нөхөн сэргээх эмчилгээний хүртээмж бага байгаа бөгөөд ЗЦШ-ийн үеийн эмнэлэгийн тусламжийн гол зорилго нь титэм судасны цусан хангамжийг богино хугацаанд эргэн сэргээхэд оршдог байна. Тиймээс зүрхний цочмог шигдээсийн үеийн болон шигдээсийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийн мэдлэг, чадвар, хандлагыг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмж, техник технологийн хүчин чадлыг нэмэгдүүлж дэлхийн түвшинд хүрэхүйц тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байна. Зүрхний цочмог шигдээсийг богино хугацаанд оношлох нь нотолгоонд суурилсан эмчилгээ менежментийг үр дүнтэй эхэлж, өвчтөний амь насыг аврахад амин чухал зүйл юм.
Month: March 2015
Дөрвөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд гарсан билээ. Уг хэрэгт талийгаач охины төрсөн эцэг, хойд эхийг нь сэжигтнээр татан, саатуулаад буй. Охиноо олон удаагийн үйлдлээр зодож, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж буй эцэг батлан даалтад гарах хүсэлтээ прокурорт гаргажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач охиныг “Зодуурын улмаас уушиг нь бяцарч, тархинд нь цус хурсны улмаас амь насаа алдсан” гэсэн дүгнэлт гараад байгаа юм.
“Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулжээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү ёслолоо “Эрдэнийн говь” хэмээн нэрлэдэг байна.
Тус компани орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч болон шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч зээг найман төрөлд аж ахуйн нэгжүүдийг нэр дэвшүүлж, шалгаруулжээ
“Эрдэнийн говь-2014” цомын эздээр:
– Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч – “Батс Өргөө” ХХК
– Бизнесээ өргөжүүлэн сайжруулагч – Монгол Улсын Геологийн Төв Лаборатори
– Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч – “Аэро Монголиа” ХХК
– Нийлүүлэлтийн сүлжээг сайжруулагч – “Вейр Минералс Монголиа” ХХК
– Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч – “Говь Гурван Сайхан” ХХК
– Ханбогдын шилдэг ханган нийлүүлэгч – “Ханбогд Хурд” ХХК
– Шилдэг шинэ ханган нийлүүлэгч – “МИАТ” ХК
– Гран При – “Суппорт Сервизэс Монголиа” ХХК шалгарсан байна.
“Оюу толгой” компани өнгөрсөн онд 800 гаруй үндэсний ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний цаана 35,000 гаруй ажиллагсад, тэдгээрийн ар гэрийнхэн байгааг тус компанийн удирдлагууд онцолжээ. Өнгөрсөн онд 457 сая ам.долларын дотоодын худалдан авалт хийсэн нь үйл ажиллагааных нь нийт зардлын 77 хувь болж байгаа юм. Үүний зэрэгцээ 301 сая ам.доллар буюу 51 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ. Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онтой харьцуулахад 28 дахин өсч, 42 сая ам.долларт хүрчээ.
Татварын Ерөнхий Газар 2014 оны нэгдүгээр сараас эхлэн татварын цахим тайлангийн E-Tax системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Үүний дүнд өнгөрсөн жил татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудад 7.6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт үүссэн тухай тооцоо судалгааг АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (USAID) гаргажээ.
Татвар төлөгч зөвхөн ажлын цагаар хязгаарлагдахгүй, хуулийн хугацаанд хоногийн 24 цагийн турш интернет орчинд аль ч газраас тайлангаа тушааж, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг болсноор татвар төлөгч болон улсын татварын байцаагчид ажлын цагийн үр ашиггүй хэлбэрээс ангижирч, цаасан тайлан хурааж баталгаажуулах, мөн тайлан тушаахад үүсдэг ажлын ачаалал, стресс бухимдлаас ч салж, улмаар ажлын бүтээмж дээшилсэн байна.
Анх 2012 онд татварын цахим тайлангийн систем боловсруулах тендер зарлаж, мэдээллийн технологи, цахим засгийн систем хөгжүүлэлтээр дотооддоо хамгийн өндөр туршлагатай Интерактив компаниар уг системийн хөгжүүлэлтийг гүйцэтгүүлж, богино хугацаанд нэвтрүүлээд байгаа нь энэ юм. Одоогийн байдлаар 120 мянга орчим аж ахуй нэгж энэхүү системийг ашигласан бөгөөд татвар төлөгчид тайлангаа хоцорч тушаах асуудал эрс багассан талаар албаныхан хэлж байна.
Татварын цахим системд татвар төлөгчид татварын тайлангаа оруулж илгээхээс гадна татварын байцаагчдад санал хүсэлт, өргөдөл илгээж асуудлаа шийдвэрлүүлэх, ААН, хувь хүний татварын тодорхойлолтыг хүсэлтийн дагуу гаргуулах боломжтой.
Цахим тайлангийн системд шилжихээс өмнө компани, ААН-үүдийн нягтлан бодогчид цаасаар санхүүгийн тайлангаа тушаахаар татварын албанд дугаарлахад дунджаар таван цаг зарцуулдаг байсан аж.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тагнуул хийсэн таван эрэгтэйг цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн юм. Цаазын ялыг гүйцэтгэсэн хэт даврагч “Бидний үйл хэргийг дэмжиж, ариун бурхны өмнө үнэнчээ баталсан бүх хүнийг “Халифын вант улс” нас, хүйс, яс үндэс, угсаа гарал хамаарахгүйгээр хүлээн авч байгаа. Гэтэл бидний дунд тагнуул хийж, мэдээлэл дамжуулдаг хүмүүс шургалсан нь тогтоогдсон нь таагүй хэрэг” гэж онцолжээ. Амиа алдсан таван хүний гурав нь Палистанаас ирсэн Израйлийн тагнуулууд юм байна. Амиа алдагсдын нүүрийг хар даавуугаар ороосон учир гадаад төрх, насыг нь тогтоох боломжгүй байжээ.
2015 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 823.4 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18790 зээлдэгчийн нийт 554.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.77 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 30510 иргэнд 1722.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Энэ өвлийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад харьцангуй дулаан жил болж байна.Өнгөрсөн онд л гэхэд нийтдээ долоон иргэн мөс цөмөрсөний улмаас амь насаа алдсан байна. Иймээс хаврын улирал эхэлж, газрын гадаргын цасан бүрхүүл, гол, нуурын мөс хайлах, мөсний зузаан багасах, шар усны үер, иргэд амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх, анхааруулах арга хэмжээг тухайн орон нутгийн авто зам, гүүр, замын байгууламжийн эзэмшигч, ашиглагч байгууллагын зүгээс авах, зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
1. Төрийн захиргааны төв байгууллагаас олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудад зам, гүүр, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг технологийн дагуу гүйцэтгэх, үзлэг шалгалтыг хийх, шаардлагатай нэмэлт ажлыг гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах;
2. Аймаг, орон нутгийн захиргааны төв байгууллагаас тухайн нутаг дэвсгэрт байршилтай орон нутгийн чанартай авто зам, гүүр, замын байгууламжуудыг паспортжуулж, замын сүлжээний бүртгэлд баяжилт хийж, ашиглалт хариуцагчийг тодорхой болгож, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
3. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, аймгуудын дэд бүтэц хариуцсан байгууллагууд зорчигч тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцлийг хангуулах арга хэмжээг авахуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг зохион байгуулах;
4. Бүх гүүрүүдийн тооцоот даацыг анхааруулсан, зорчих тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх тэнхлэгийн болон бүх жингийн мэдээлэх, хориглох болон бусад шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг холбогдох стандартын дагуу байршуулах;
5. Гүүрийн ашиглалтын байдалд хяналт шалгалтыг гүйцэтгэж, шаардлагатай мэдээлэл, баримтыг тухайн байгууламжийн холбогдох хариуцагч байгууллагад хүргүүлж, “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын техникийн шаардлага”-ын дагуу зохих арга хэмжээг авахуулах;
6.Авто замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, том жижиг хэмжээний хатуу болон зөөлөн материалын хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах, мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд голдиролын доторх гүүрийн тулгуур, урсгалын хурднаас хамааруулан норм дүрэм, стандартын шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгчийг байршуулах, засварлах, тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтанд орохоор байвал шаардлагатай хамгаалах арга хэмжээг авах;
7. Зорчигч, тээврийн хэрэгсэл батлагдсан замын маршрутаар зорчиж, голын ус хайлах, шар усны үер болох, мөс цөмрөх магадлалтай газраар нэвтрэхгүй байх, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчих;
8. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл байдал нь шаардлага хангаагүй, эвдрэлтэй гүүр, замын байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ, тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг холбогдох байгууллагууд авч хэрэгжилтийг хангуулан ажиллах шаардлагатай байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
“Явуу багш” номын нээлт боллоо
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэн өдрийг утга зохиолын салбарынхан “Явуугийн өдөр” хэмээн тэмдэглэдэг. Энэ сарын 15-нд болох 86 насных нь ойг тохиолдуулан найрагчид зориулсан нэгэн ном уншигчдын гар дээр очих гэж байна. СГЗ, яруу найрагч, зураач Ж.Саруулбуянгийн “Явуу багш” номын нээлт өнөөдөр нийслэлийн 23 дугаар сургууль дээр боллоо.
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрдэнэцагаан сумын нутаг дахь Лхачинвандадын улсын тусгай хамгаалалттай газарт нутаглаж буй халиун бугыг тоолж, хамгаалах арга замыг тодорхойлжээ. Тооллогын баг том, жижиг нийлсэн 143 бугыг нүдээр харж тоолон, гэрэл зураг, дүрс бичлэгийн хальсанд буулгаж авсан аж. Энэ жил цас багатай өвөлжсөн тул зэрлэг амьтад усгүйдэхэд хүрээд буй. Ингэснээр амьтад тарга тэвээргээ алдаж, эцэж турснаас үхэх, өвчлөх, араатны хоол болох нь элбэг байгаа гэнэ. Тиймээс бугын гол бэлчээр болох Аман ус, Зүүн Араатын Хэцүү жанжин уулын бэлд хужир тавьсан байна. 2012 онд дархан цаазат Богдхан уулнаас гурван буга авчран, тус газар нутагшуулжээ. Лхачинвандадын улсын тусгай хамгаалалттай газарт 300 орчим халиун буга бий гэж тооллогын баг үзэж байгаа юм байна.
Энэ сарын 9-ний өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Д.Тэрбиш нь 2013 оны арванхоёрдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглажээ. Тэрээр Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг хэрэглээний мод бэлтгэх эрх аваагүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлжээ. Ингэснээр 59.3 сая төгрөгийн хохирол учирсан аж.
Сум дундын шүүхээс Ойн ангийн дарга Д.Тэрбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу есөн сая 984 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Ойн ангийн мэргэжилтан Н.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар хоёр жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. Н.Буяндэлгэр, Р.Лхагвадорж нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж тодорхой хугацаагаар хойшлуулжээ.