Нөөцийн мах өнөөдөр зарагдаж эхлэх гэж байна. Нийслэлийн зургаан дүүргийн дэлгүүрүүдээр махыг худалдаалахаар төлөвлөжээ. Үхрийн махыг 5950,
хонины махыг 5750 төгрөг, ямааны махыг
4900 төгрөгөөр зарах юм байна. Сангийн яамнаас нөөцийн мах бэлтгэгч компаниудын өнгөрсөн жилийн урсгал зардлын мөнгийг олгохоор болжээ. Харин энэ жил мах бэлтгэсний урсгал зардлын мөнгийг олгох эсэх нь тодорхойгүй байна. Уг мөнгийг мах бэлтгэгч компаниуд нэхэмжлэх аж.
Month: March 2015
“Universе best songs”-ын оролцогч Ч.Очгэрэл саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны гол дүрд тоглосон билээ. Тэрээр “Мартагдашгүй намар” киног дахин бүтээхэд Туулын дүрд тоглож байсан юм. Ингээд Ч.Очгэрэлтэй ярилцлаа.
–Та “Universe Best Songs” наадамд оролцож өөрийгөө дуулж чаддагаа нотолсон бол одоо гурван ч киноны гол дүрийг бүтээчихлээ. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу. Ямар сургууль төгссөн билээ?
-Би урлагийн гэр бүлд өсөөгүй ч багаасаа урлагт хайртай охин байсан юм. Дунд сургуулиа төгсөөд урлагийн чиглэлээр суралцана гэж бодож байсан ч ээжийнхээ үгэнд ороод МУИС-д Олон Улсын Харилцааны анги төгссөн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор бага зэрэг ганцаардаж уйтгарлах мэдрэмж эмэгтэй хүнд төрдөг байх. Би анхны охиноо төрүүлээд удаагүй хоёр дахь хүүхдээ олсон. Хоёр хүүхэд гаргасны дараа “Universe Best Songs” наадам намайг сэргээж миний ганцаардлыг тайлах юм шиг санагдсан. Тэгээд л найзтай болъё, дуулах чадвараа сориод үзье гэж бодсон юм л даа. Тухайн үед би гуравдугаар шат хүртэл явчихаад тэмцээнээ орхисон. Харин дараа нь надад UBS телевизээс “Мартагдашгүй намар” кинонд тоглооч гэсэн урилга ирсэн. Тэгээд анхны кинондоо Туул хэмээх охины дүрийг бүтээсэн. Харин дараа жил нь “UBS” телевиз “Содура” хэмээх кинонд тоглочихоод байна. Нэг ёсондоо хүүхэд ахуй насныхаа мөрөөдлийг биелүүлсэн.
–Кино зураг авалтын үеэр хөл хүнд байсан гэсэн гол дүрийн Содура бас давхар биетэй байх аа?
-Киноны гол дүр Содура бол хөл хүнд бүсгүйн дүр л дээ. Зураг авалтын дундуур би хүүхэдтэй болсноо мэдсэн. Киноны маань дүр надад шинэ хүн дуудаж өгсөн юм болов уу гэж боддог. Би шинэ хүнээ цэвэр агаарт, гайхалтай байгальд бойжуулж байгаад ирсэн шүү.
–Хөвсгөлийн тайгад дөрвөн улирал кино зураг авахуулахад ямар санагдаж байв?
-Би хотын унаган охин. Ер нь хөдөө сайн дасч өгдөггүй юм. Хөвсгөлд ч гэсэн хэцүүхэн л байсан. Амьдралын хэвшил гэнэт өөрчлөгдөхөөр олон бэрхшээл тулгарч байсан. Онгон байгальд уусах, байгальтай шууд харьцах, дүрийнхээ хувцас хэрэгсэлтэй унтах нь надад хэцүү байсан. Уул нуруу, ус нуурыг анх хараад яасан сайхан юм бэ гэж хэлж чадаагүй. Гэхдээ хүн тэндээ аажим аажмаар дасан дурладаг юм билээ. Байгалийн гайхалтай гоо үзэмж, төгс бүрдлийг мэдэрч харж чаддаг болсон. Дараа дахин харах бүрт нөгөө гоё сайхан мэдрэмж л төрөөд байдаг юм билээ. Би өөрөө шүлэг жаахан оролддог болохоор нуурыг ширтэж байгаад хэдэн мөрт бичсэн шүү.
-“Содура” кинонд тоглосны дараах сэтгэгдлээ хуваалцаач?
-Би гайхалтай уран бүтээлч найз нөхөд, ах эгчтэй болсон. Киноны туршид надад зааж зөвлөж, мэргэжлийн бөгөөд хувь хүний хувьд тусалж дэмжиж байсан бүх кино багийнхандаа талархаж байгаа. Энэ кинонд тоглосны ачаар би ирээдүйд үр хүүхдүүддээ үзүүлэх бүтээл, ярих түүхтэй болсон доо. Насаараа дурсах дурсамжтай болсон гэдэг маань сайхан байна.
–Та амьдралд юугаар гэрэлтэж мөн дутагдаж байна?
-Байнгын хүүхдүүд шуугилдаастай гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар би цалгиж байна. Харин өөртөө гаргах цаг заваар дутагдаж байна. Жишээ нь эмэгтэй хүнд найзуудтайгаа уулзаж, юм ярилцаж суух цаг сэтгэл санааны байдалд шууд нөлөөлдөг. Тэгэхээр одоогоор эмэгтэй найзуудтайгаа уулзаж ярилцах цаг заваар дутагдаж байна. Гэхдээ хүүхдүүд томроод ирэхээр нөхөж болох зүйл л дээ.
–Ханийнхаа тухай яриач?
-Нөхөр бид хоёр 2007 оноос хойш үерхсэн. Одоо гэрлээд таван жил болж байна. Ямар ч үед хамт байж, урам хайрладаг хань минь дэргэд байгаа болохоор бүхнийг туулна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг юм. Бас “цуварч уурлаж, цугтаа инээж бай” гэдэг үг гэр бүлийн амьдралд хамгийн чухал дүрэм байх учиртай гэж боддог.
–Та нөхөрлөлийн хувьд хүн танихдаа хэр сайн бэ?
-Би хэнтэй ч найзалсан дандаа сайн сайхан талуудыг нь олоод харчихдаг юм. Гэхдээ энэ нь хүн таньж байна гэсэн үг биш л дээ. Ямартай ч хүнээс сайн сайхныг нь олж харахаар надад амар байдаг юм. Би тэр хүний тухай муу муухай юм санаж өөрийгөө зовоохгүй шүү дээ. Нэг найз маань намайг гомдоолоо, худлаа үнэн юм ярилаа гэхэд би дотроо тухайн хүний хийж байсан сайн сайхан үйлдлүүдийг нь бодоод тайвширчихдаг юм.
–Хүүхдүүдээ ямар арга барилаар хүмүүжүүлж байгаа вэ?
-Би хүүхдүүдтэйгээ аль болох найз шиг ойр дотно байхыг хичээдэг. Тэд маань тун удахгүй сургуульд элсэж нийгмийн харилцаанд орж эхэлнэ шүү дээ. Тэр үед яаж сургах вэ гэдгийг нухацтай бодож байгаа. Ямартай ч хүүхдүүдийг нийгмээс тусгаарлаж, хайрлаж байгаа нь энэ гээд амьдралын хар бараанаас хэтэрхий хол байлгахыг манай гэр бүл сайн гэж боддоггүй. Зовлон, жаргалыг амтлахгүй өсвөл ирээдүйн амьдралдаа алдах эрсдэл ихсэх байх. Ер нь байнгын аз жаргалтай байна гэдэг гунигтай хэрэг. Бид хоёр удахгүй том охиноо сургуульд явуулах гэж байна.
Манай нийгэм сургуулиар жишээлэхэд зарим нь амьдралаас тасарсан их үнэтэй. Харин бусдад нь хүүхдүүд нэг ширээнд гурав дөрвөөрөө суудаг байх жишээтэй. Ийм том ялгаа зааг гарчихсан байхад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжилд онцгой анхаарах хэрэгтэй.
Ганимедээс Бархасбадийг харвал
Ганимед бол Бархасбадь гаригийн 63 дагуулын нэг бөгөөд манай нарны аймгийн хамгийн том сар. Ганимедийн гадарга дээр далай байгааг сансрын “Хаббл” дурангийн тусламжтайгаар харснаа НАСА-гийн эрдэмтэд албан ёсоор мэдэгдсэн юм. Ганимед дээр далай, тэнгис байх магадлалтай гэдгийг 1970-аад оны үеэс одон орончид таамагласаар иржээ. 1990 оны үед гадаргуугаас нь 170 км-ийн гүнд шингэн төлөвт далай тэнгис байж болохыг тогтоосон юм. Уг сар нь соронзон оронтой цорын ганц сар бөгөөд агаар нь хүчилтөрөгчтэй гэдгээрээ хүн төрөлхтний анхаарлыг татсаар буй.
Ганимед дээрх далайг ажиглахад газрын гадаргаас 160 км доош оршиж байгаа гэнэ. Гүнд оршиж байгаа болохоор робот илгээгээд судалгаа явуулахад нэлээд хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй юм байна. Хэрвээ тэнд тэнгис байвал амьдрал оршин тогтнох боломжтой гэсэн таамгийг дэвшүүлжээ. Европын одон орончид Бархасбадь, түүний саруудыг ойрын үед идэвхтэй судлах бөгөөд 2023 онд Ганимедийн зүг хоёр томоохон судалгааны төхөөрөмж илгээж таамаглалын үнэн эсэхийг шалгах юм байна. Гэхдээ энгийнээр бодоход ч тэр ямар нэг үндэслэлгүй, найдваргүй зүйл рүү том хэмжээний төхөөрөмж илгээж, олон жилийн хөдөлмөрөө зарцуулахгүй. Одон орончид Ганимед дээр далай байгаа гэдгийг нэлээд ул үндэслэлтэйгээр зарласан болохоор тэнд амьдрах нөхцөл байж болох юм гэсэн горьдлого төрүүлнэ. Тийш илгээсэн төхөөрөмжүүд зургаан жилийн дараа буюу 2029 онд Бархасбадь гариг дээр газардаж, 2033 онд Ганимедийн тойрогт хүрэхээр төлөвлөөд байгаа аж. “Хаббл” станцын ажилтнуудын мэдээлснээр Ганимедийн гадаргуугаас туйлын туяа цацарчээ. Цэнэгжсэн бөөмс агаартай харилцан үйлчлэлд орсноор туйлын туяа үүсдэг учир тэнд далай тэнгис байна гэж шууд хэлж болохгүй гэнэ. Гэхдээ тэнд далай байгаа гэдэг таамаглал 75 хувийн магадлалтай юм байна.
Ганимедийн далай нь гадаргуугаас 150-250 км-ын хооронд мөсөн завсархавчуулаастай байгаа нь тэнд газрын гүний дулааны эх үүсвэр байгааг нотолж байна гэж ойлгож болох гэнэ.
Ганимедийн хэвлийд мөсөн давхаргын хооронд шингэн уст далай бий гэж албан ёсоор баталж байгаа нь сансар судлалд шинэ нээлт хийсэнтэй адил үйл явдал гэж үзэж байгаа гэнэ.
Ио, Европ, Ганимед, Каллисто бол Бархасбадийн хамгийн том дагуулууд. Ио нь нөгөө гурваа бодвол чулуу, мөсний хэмжээ нь харьцангуй бага бөгөөд ажиллагаатай галт уултай. Ганимедийн голч нь 5268 мянган метр. Чулуу, мөсний харьцаа ойролцоо гэнэ.
Д.САРУУЛ
Богдхан төмөр зам барих урьдчилсан ТЭЗҮ-г Засгийн газар энэ долоо хоногт баталсан. Богд уулыг тойруулан тавих 170 орчим километр шинэ төмөр замын талаар Төмөр замын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч доктор Ч.Сүрэнхорлоотой ярилцлаа.
–Засгийн газар энэ долоо хоногт баталсан Богдхан төмөр замын ТЭЗҮ-д тусгасан төмөр замын чигийг та тодорхой тайлбарлаж өгөөч?
-Энэ урьдчилсан ТЭЗҮ-д Богдхан төмөр замын чиг буюу трасс нь гурван хувилбараар хийгдсэн байгаа юм. Мандалаас Багахангай хүртэл нэг нь 150 километр, нэг нь 170 километр, нэг нь 165 километр гэсэн ийм гурван хувилбар байгаа. Явж байгаа чиг нь зарим нь даялаад уулан дундуур явсан байгаа. Зарим нь уулын урдуур яваад туннель хийхээр тооцсон ийм гурван хувилбар байгаа. Энэ гурван хувилбарыг одоо эцэслэн шийдвэрлэхийн тулд дахиж нарийвчилсан ТЭЗҮ хийх компани юм уу баг ажиллах ёстой. Урьдчилсан ТЭЗҮ-ээр бол ерөнхий чиг тавьсан. Одоо жинхэнэ мэргэжлийн улсууд бодож боловсруулаад аль нь хамгийн ашигтай байна гэдэг техникийн шийдлийг гаргахажил руу орох ёстой л доо. Тийм учраас хамгийн ашигтай чиглэлийг нь тогтоохын тулд ажлын ТЭЗҮ-ээ хийх багаа сонгон шалгаруулах ажлаа яаралтай эхлэх ёстой юм.
–Тэгэхээр ажлын ТЭЗҮ хийх багийг тодруулах тендер удахгүй зарлах байлгүй. Ер нь хэр удах бол?
-Аль болох хурдан хувилбарыг би сонгон шалгаруулах аргаар явах нь зөв гэж бодож байна. Үүнийг хийдэг компаниуд цөөхөн. Цэвэр мэргэжлийн баг бүрэлдэхүүн, олон жижиг компаниудыг нэгтгээд, Төмөр замын нэгдсэн холбоотой хамтраад Зам тээврийн яам яаралтай хамгийн оптимал хувилбарыг сонгосон тийм трассыг тогтоох ёстой юм. Одоо бол шууд энэ трассаар эцэслэнэ гэсэн юм байхгүй, Засгийн газрын хуралдаанаар бол Багахангай Мандал хоёрын хооронд энийг барьж болох юм байна гэдгийг л баталсан болохоос биш энэ уулын урдуур нь явах уу, хойгуур нь явах уу эсвэл Хөшигийн хөндийн урдуур орох уу, хойгуур нь орох уу, хэдэн километр салаалж яаж явах вэ гэдэг техникийн бүх шийдлийг хийхийн тулд төмөр Замын нэгдсэн холбоотой хамтраад мэргэжлийн инженерүүдийг цуглуулаад ажлаа яаралтай эхлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, замын зураг хийдэг, ТЭЗҮ хийдэг, трасс тогтоодог гадаад дотоодын олон компани байгаа. Энэ бүх компаниуд бүгдээрээ Төмөр замын нэгдсэн холбоонд нэгдэж байгаа. Тийм учраас нэгдсэн холбоогоороо дамжуулаад энэ ТЭЗҮ-г маш хурдан хугацаанд хийж болно. Тэгэхдээ инженерүүдийг өөрсдөөр нь сонгон шалгаруулаад ажлаа эхлүүлэх нь зөв. Түүнээс биш тендер зарлах шаардлагагүй.
-170, 165, 150 километрээр гараад ирчихсэн гурван хувилбарын хамгийн ашигтай, оновчтой нь таны харж байгаагаар аль нь вэ?
-Энэ гурван шийдлийн аль алинд нь давуутай сайн талууд бий. Ашигтай гэж тогтоосон трассууд байгаа. Тэр бүгдийг нийлүүлээд дөрөв дэх хувилбар гаргаж ажиллах ийм л мэргэжлийн баг одоо хэрэгтэй.
–Трассууд нь хоорондоо нэлээн зөрүүтэй харагдах юм. Хэр их зөрүүтэй байгаа юм бэ?
-Ердөө 20-хон километрийн зөрүү байгаа юм. Өнгөцхөн хараад энэ нь ашигтай юм байна гэж хандах нь буруу. Жишээ нь, нэг нь уулан дундуур туннель хийхээр трасс тогтоосон байхад жаахан тойроод явж байгаа нь туннелиэс зугтаагаад тал газраар явуулчихаар бага зэргийн тойруу боловчиг зардал багатай, ашигтай гэхчлэн давуу талууд байх жишээтэй. Туннель бол харуул хамгаалалтай байна, барьсны дараа ашиглалтын зардал аль нь өндөр байх вэ гэх жишээтэй яг инженерийн тооцоо шийдэл гарна. Ингэж нарийвчилсан ТЭЗҮ гарсны дараа төмөр замаа хэнээр бариулах вэ гэдэг асуудал гарна. Манай инженерүүд бол аль болохоор эгц шулуун явах нь ашигтай гэсэн байр суурьтай байгаа. Туннель дундуур явах нь ашигтай гэсэн үг.
–Гурван өөр трассыг яг тодорхой хэлж өгөхгүй юу?
-Эхнийх нь, төмөр замын Мандал өртөөнөөс гараад өгсөхгүйгээр тал дундуур явсаар Хөшигийн хөндий орж ирнэ. Хөшигийн хөндийд барьж байгаа нисэх онгоцны урдуур даялаад Төв аймгийн хойд талаар гараад Багахангай өртөөн дээр ирэх юм. Хоёр дахь хувилбараар, Мандал өртөөний наахнаас, Рашаант өртөөнөөс гараад мөн саяын маршрутаар яваад Багахангай өртөөн дээр хүрнэ. Энэ бол 150 километр. Гурав дахь хувилбар нь мөн Мандал өртөөнөөс Багахангай орох боловч арай дөтөлж уулан дундуур туннель гаргаад явсан маршрут байгаа. Энэ нь 160 киломер.
–Яг энэ төмөр зам дээр нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад хэр хугацаа шаардлагатай вэ?
-Лав тав зургаан сар хийх байх. Хэрвээ 170 километрээр нь сонгоно, эсвэл 150-иар нь сонгоно гэвэл алдаа болно.
–Богдхан төмөр замыг барьсны дараа хуучин зам нь хэрэгцээнээс гарчихаар хот доторх авто хөдөлгөөнд ямар өөрчлөлт орох бол?
-Одоо бол Улаанбаатар хотын дундуур явж байгаа энэ ганц гол төмөр замаар тэсэрдэг дэлбэрдэг, шатдаг, хайлдаг аймшгийн хортой бүх аюултай ачааг тээж байна. Энэ бүх эрсдлийг нэгдүгээрт шийдэж байгаа юм. Хоёрдугаарт, бөглөрөл түгжрэл үүсгэж байгааг шийдэж байна. Энэ дээр чинь 1800 га талбай энэ төмөр замын салаа салбар өчнөөн зам байгаа шүү дээ. Толгойтоос Амгалангийн хооронд үйлдвэр аж ахуйн нэгж, компаниуд руу салсан нийт 50 километр салбар зам бий. Тэр бүх замууд байхгүй болж хот түгжрэлгүй болно.
Хөшигийн хөндийд байгуулах нисэх, төмөр зам, автозамын нэгдсэн том терминаль дээр төмөр замаар ирэх бүх том ачаанууд ирнэ. Тэрнийг авто замаараа тээвэрлэнэ үү, нисэхдээ ачна уу, эсвэл нисэхээс ирсэн ачаагаа авто замаараа тээвэрлэнэ үү, төмөр замаараа тээвэрлэнэ үү гэдэг боловсруулалт, хуваарилалтаа хийгээд тэр боловсруулсан ачаагаа хөнгөн тээврээр хурдны замаар хотынхоо төв рүү оруулаад хэрэглэгчдэдээ хүргэнэ. Ингэхээр хот дундуур төмөр зам явах ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Өчнөөн тоннын контейнер чирээд хот дотор явж байх шаардлагагүй болчихно. Хот доторх хөдөлгөөн бол асар ихээр хөнгөвчлөгдөнө. Зардал, цаг хэмнэнэ.
–Суудлын галт тэрэг нь хаагуур явах юм бэ?
-Туул голын урдаас үндсэн замаасаа салаалаад ТЭЦ-4, ТЭЦ-3-ын орчимд шинээр барих вокзал дээрээ ирнэ. Эндээ олон улсын суудал нь ирээд буцаад гарна. Богинохон. 12, 13-хан километр салаа байх юм. Дөрөв, гуравдугаар цахилгаан станц руу тээвэрлэх нүүрсээ мөн энэ замаараа тээвэрлэнэ. Энэ олон салаа замууд ямар ч хэрэг байхгүй. Харин хуучин төмөр зам дээгүүрээ хурдны зам тавьчих хэрэгтэй. Далан нь үлдэнэ ээ дээ. Тэрэн дээр нь хурдны зам тавьчих хэрэгтэй юм. Эцэст нь хэлэхэд, Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилчинтай. 477 инженер байна. Энэ бол маш том хүч. Үүнийг зөв зохион байгуулж зөв удирдаад ажлаа яаралтай эхлэх хэрэгтэй. Манайханд нэг нийтлэг бурууойлголт байдаг.Монголчууд чанаргүй хийдэг, хулхиддаг, бага цалинтай учраас чанаргүй муу юм хийнэ гэсэн буруу ойлголт. Төмөр замыг тэгж ойлгож болохгүй. Яагаад гэхээр тэр дээгүүр галт тэрэг хөдлөөд эхлэнгүүт л өөрийнхөө алдааг өөрөө амсдаг учраас алдаа гаргах ямар ч бололцоогүй.
Н.ПАГМА
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ууган гавьяат багш, эрдэмтэн зохиолч Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ их хүний хүү Монгол Улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалантай уулзаж хөөрөлдлөө.
–Таны аав Дондогийн Цэвэгмид гуайг нэртэй дипломатч, авьяас билэгт зохиолч байсныг Монголын ард түмэн сайн мэднэ. Уг нутаг нь Дорнод аймгийн хүн байх аа?
-Миний аав Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Хуасай овгийн хүн. Хуучнаар Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошуунд 1915 оны гуравдугаар сарын 26-нд Мойлт гэдэг газар төрсөн юм билээ. Ишбалжир багшийн бичсэн түүхэн сурвалжид Хуасай овгийг Алунгоо эхийн үед байсан монгол овог гэдгийг тогтоосон байдаг. Их том овог л доо. Миний өвөө Дондог гэж сахалтай хүн байсныг санах юм. Эмээ маань Рэгзэдмаа гэж нэлээд урт насалсан. Аав айлын долоон хүүхдийн хоёр дахь нь, дээрээ нэг эгчтэй хүн. Аавыгаа би уурлаж байхыг ганц ч удаа хараагүй. Тийм л уужуу хүн байлаа.
–Аав тань нийслэл хотноо хэдэн настайдаа ирсэн юм бол?
-Баяндунгийн сургууль чинь Монголын анхны ууган сургуулиудын нэг. 1929 оны аравдугаар сарын эхээр арван гурван настайдаа Улаанбаатар хотод орж ирж Багш нарыг бэлтгэх сургуульд элсэж, шууд хоёрдугаар ангиас эхлэн суралцсан юм билээ. Улз хошууны бага сургуулийг тухайн үеийн сэхээтэн буриад өвгөчүүл нийлж байгуулсан байдаг. Бага сургуулиа аав онцсайн төгсөж ирээд Багшийн сургуулийн хоёрдугаар ангид орсон хэрэг шүү дээ. Улзын сургуулиас ардын зураач О.Цэвэгжав, төрийн далбааг хийсэн ардын зураач Чойдог, ардын багш Базар нарын аавын үеийн алдартнууд олон төрсөн байдаг.
–Багшийн сургуулиа дүүргээд Увс аймагт томилогдсон байдаг билүү?
-Аав дурсамждаа “Багшийн сургуулийн олон эрдэмтэн, багш нарынхаа ачаар би нэлээд юм сонсож мэдэж авч, 1930 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яамны сайд М.Дугаржавын шийдвэрээр сургуулиа урьдчилан төгсөж түмэн бодисын багшийн мэргэжил эзэмшсэн” гэсэн байдаг. Багш болсон энэ өдрөөрөө өөрийнхөө төрсөн хугацаагаа тогтоож намтар түүхээ эхлүүлсэн байдаг. Тухайн үеийн Хар бологсдын сургуулийг ийн дүүргээд дөч гаруй хоног мориор явахдаа, замдаа даарч хөрч, ядарч л очсон гэдэг юм. Дөрвөд аймгийн сургуульд 1931-1932 онд багшилж байгаад ирэхдээ “Булшин дээр” найраглал, “Сурагч Ганбат”, “Хоньчин Найдан”, “Болд, Самбуу хоёр” зэрэг өгүүллэг, туужуудаа бичсэн гэдэг. Энэ тухай “Тавин жилийн дараа” дурсамж нийтлэлдээ тодорхой бичсэн байдаг.
–Ээж тань хаанахын хүн билээ?
-Аав маань малчин гаралтай бол ээж сэхээтэн удамтай хүн байсан. Сэлэнгэ аймгийн чигийн, Улаанбаатарт төрсөн хүн. Ээжийн аав Нармай Монгол Улс байгуулах гэж явсан, наймаа арилжаа эрхэлдэг, өндөр боловсролтой хүн байж. Үүнээсээ болж 1930-аад онд хэлмэгдсэн байдаг. Миний ээж Долгорсүрэн “эсэргүүний хүүхэд” гэж хавчигдаж, сургууль соёлгүй зовж л явсан гэдэг. Орос сургуульд сурч байсан юм билээ.
–Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Бид эгч, дүү гурвуул. Миний эгч Дэвээ одоо Америкт байна. Нөхөр нь Оросын сайн физикч хүн. Миний дүү Энхээ эмч.
–Аав чинь зохиол бүтээлүүдээ хэдийд бичдэг байв?
-Гол гол зохиолуудаа залуудаа, гучаад оны үед бичсэн шүү дээ. Зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн бүлгэмд явж, их зохиолч Д.Нацагдоржид зохиол бүтээлээ үзүүлж харуулж явсан байдаг. 1929 онд бичсэн “Багшийн сургууль” шүлгээ их зохиолчид үзүүлж, дууны ая зохиолго гэсэн зөвлөгөөг авсан гэдэг.
–Увс аймагт багшилж ирээд ямар ажил эрхэлж байсан юм бол?
-Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар Бичиг үсгийн түр курст багшаар ажиллаж, түмэн бодис, латин үсэг, тоо бодлого зэрэг хичээл зааж, Монгол Рабфак, Дорнодын Баянтүмэнгийн сургууль, Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургуульд багшилж байгаад 1942-1945 онд МУИС-ийн Зоологийн тэнхимийн лаборантаар ажиллахын зэрэгцээ суралцсан. Аав манай улсын анхны гавьяат багш болсон хүн шүү дээ. Ингээд Москва хотын Ломоносовын их сургуульд аспирантаар суралцаж, биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалж, Монголын анхны эрдэмтэн болсон түүхтэй. Хойноос төгсөж ирээд МУИС-ийн Зоологийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны факультетийн декан, проректор, МУИС-ийн захирлаар 1953-1959 он, 1967-1972 онуудад хоёр ч удаа томилогдон ажилласан. Үүнээс хойш Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, БНХАУ, Индонези, Бирм, Камбож, Пакистан улсуудад суух Элчин сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайдаар ажиллаж байсан даа. АИХ-ын депутатаар есөн удаа сонгогдсон.
–Цэвэгмид гуайг монголчууд НҮБ-д улсынхаа төлөөлөгчдийг тэргүүлж очсон түүхэн хүн гэдгээр сайн мэднэ дээ…
-Тэр үед НҮБ-д төлөөлөгчөөр явуулъя гэж бэлдэж байсан юм билээ. Эрдмийн зэрэг хамгаалчихсан, хэлтэй, бас улсдаа нэр төртэй хүн л очихгүй юу. НҮБ-д Монгол Улсаа элсүүлээд ирсэн хүнийг уг нь дээш дэвшүүлэх ёстой ёо доо. Тэгэхэд Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд хүнийг Хятадад Элчин сайдаар явуулна гэдэг тушаал бууруулаад цөлсөнтэй ялгаагүй юм болсон юм шиг санагддаг л юм. Аав гадаад дотоодод явж, юм үзэж нүд тайлсан хүний хувьд “Манай орон хэт бөглүү хаагдмал байна. ЗХУ-аас бусад оронтой харилцах хэрэгтэй” гэснээс болж нэг ёсондоо тушаал буурсан хэрэг. НҮБ-ын гишүүн улс орны төлөөлөгчид албан ёсны байнгын таван хэлээр ярих ёстой. Тэгэхэд Монгол Улсын төлөөлөгчийг монгол хэлээрээ илтгэл тавихыг зөвшөөрсөн нь бас л сайхан, гайхамшигтай үйл явдал шүү. Аавынхаа паргиадуу, буриад аялгатай, чанга сайхан дууг түүхэн цаг хугацааны цаанаас авчран санахад үнэхээр бахархмаар сайхан санагддаг юм. Аав маань НҮБ-д элссэн тухай яриаг хөдөө гадаа явах замдаа л их бахархан ярьдаг хүн байсан даа. Арга ч үгүй шүү дээ, улс нь тусгаар тогтнолоо баталгаажуулж авч байхад чинь хэн ч бахархалгүй яахав дээ.
–Дилав хутагттай тэр үед уулзаж байсан болов уу?
-Дилав хутагт нулимс унагаж суусан юм гэнэ лээ. Аав харин уулзсан тухайгаа ер ярьж байгаагүй шүү. Бодвол үзэл суртлын хүнд хэцүү үед ярьж болдоггүй зүйл байсан болов уу.
–Бээжинд Элчин сайд байхдаа Монгол Улсынхаа төрийн далбааг шатаалгаж байсан гэл үү?
-Төрийнхөө далбааг НҮБ-ын ордны өмнө мандуулаад баярлаж зогссон хүн удаа ч үгүй төрийнхөө далбааг Бээжинд шатаалгана гэдэг ямар олиг байхав. Аав 1962-1967 он хүртэл БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын алба хашсан юм. Энэ таван жилийн хугацаа бол аюул түгшүүр, будлиан тэмцэл, түрэмгий халдлагын бэрх хэцүү үе байлаа. Маогийн “Соёлын хувьсгал” ид өрнөж, улаан хамгаалагчид манай Элчин сайдын яам руу олон удаа дайрч, дипломат болон техникийн ажилчдад халдаж байлаа. Тэд манай улсын далбаа бүхий Элчин сайдын машиныг шатааж, жолоочийг нь шоронд хийсэн байдаг. ЭСЯ-ны байр хэдэн сар бүслэлтэд байж, хоол хүнсгүй болж байсан үе ч бий. Улаан хамгаалагчид дайрч орж ирэхэд аав маань сандарч тэвдэлгүй тайван хүлээж авч, галыг намжаасан байдаг.
–Аавыгаа Хятадад Элчин сайдаар очиход та хэдэн настай байв?
-Тэр үед би арав гаруй настай, энд орос сургуульд хоёрдугаар ангид сурч байсан. Юмны наадах цаадахыг овоо ойлгодог болчихсон байсан болохоор Хятадад байсан үеэ тод санадаг юм. Хятадууд бүгд ижил хар хөх даалимбан хувцастай , ялгах аргагүй хүмүүс шиг харагддаг байлаа. Биднийг очих үед хятадууд гадаад хүн гээдих сайхан харьцдаг байсан юм. Тэгтэл ЗХУ, Хятадын харилцаа муудаж, үүнийг дагаад Монгол ч Хятадтай муудлаа. Байдал эвгүйтэж буй нь бидэнд ч мэдэгдэж байсан. Сайхан харилцдаг байсан хүмүүсийн зан хувираад, дэлгүүр хоршоонд ороход авсан юмыг шидэж өгөх жишээтэй. Элчин сайдын жолооч л монгол, бусад жолооч, тогооч нар нь хятад хүмүүс байсан юм. Тэд ажил хаяж, бид өөрсдөө хоолоо хийж иддэг болсон. 1966 оны зун бүүр ширүүн байсан. “Цэдэнбалын нохойг тас цавчъя” гэж орилолдож, бид гарч, орж чадахгүй, сүүлдээ хоол хүнсгүй болсон үе ч бий. Манайх Зүүн Германы Элчингийн байртай зэргэлдээ, нэг ханаар тусгаарлагддаг байсан. Тэр ханаар дамжиж Зүүн Германы элчингийнхнээс хоол унд залгуулдаг байлаа.
–Элчин сайдын жолоочийг барьж хорьсон гэдэг билүү?
-Аавын жолооч Даш-Онолт гэдэг хүн байлаа. Аавыг Элчин сайдуудын уулзалт, хүлээн авалтад хүргэж өгчихөөд буцаж явахад нь барьж хорьсон байдаг. Мао Зэ Дуны зургийг суудал дээрээ тавьсныг нь хараад “Дээр нь суусан байна” гэж буруутгасан гэдэг. Даш-Онолт гуайг нэлээд хэдэн сар шоронд суулгаад нутаг буцаасан.
–Таныг уран барималч болоход аавын чинь уран бүтээлч чанар их нөлөөлсөн болов уу?
-Аавын уран бүтээлч нөлөө мэдээж тус нэмэр болсон л байх. Би багаасаа л зурдаг байв. Аавыг Хятадад Элчин сайдаар ажиллаж байхад ээж маань намайг дагуулаад Хятадын музейнүүдийг их үзүүлнэ. Хятадын уран баримал онцгой гоё шүү дээ. Энэ бvхэн нөлөөлсөн нь дамжиггүй. Эх орондоо ирэнгүүтээ зургийн ангид орж, 1971-1977 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургуульд урлагийн гавьяат зүтгэлтэн М.А.Керзиний урланд суралцсан маань миний хувьд их зол завшаан болсон доо.
Л.БАТЦЭНГЭЛ
Билгийн тооллоор хаврын дунд сар дундаа оржээ. Гэсэн хэдий ч цас орж, үе үе цочир хүйтэрч байна. Салхи шуурга ч багагүй. Харин өнгөрсөн долоо хоногт буусан хур хавар цагийн шар тос байсан гэлтэй. Тэгвэл ирэх сард цаг агаар ямар байх бол. Шинэ сар эхлэхэд хоёрхон хоног үлдээд байгаа болохоор Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлнгээс ирэх сарын төлөв байдлын талаар тодрууллаа. Тус хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгчийн сануулж байгаагаар ирэх сард салхи шуургатай байх бололтой. Тэрбээр ирэх сарын төлөв байдлын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
-“Дөрөвдүгээр сар бол харьцангуй дулаарч, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй. Айхтар ингэж дулаарч байгаад гэв гэнэт хүйтрэхээрээ маш хүчтэй салхи шуурга шуурдаг. Цасан шуурга шуурах, шороон шуурга шуурах, ингэснээрээ мал урууддаг, малаа дагаж яваад малчид амиа алддаг. Ийм асуудал үүсдэг сар бол дөрөвдүгээр сар. Жилд болдог хүчтэй салхины 60 гаруй хувь нь хаврын сард болдог. Дөрөвдүгээр сард хүчтэй салхины 25 хувь нь болдог. Тэр утгаар нь дөрөвдүгээр сарыг салхи шуурганы сар гэж ойлгож болно. Урьдчилсан мэдээнээс харахад, дөрөвдүгээр сарын 20-ноос хойш салхи шуургатай ийм үеүд байна. Ийм учраас малчид тариаланчдад цаг агаарын мэдээгээ анхаарч, ач холбогдол өгч, хөдөө гадаа явахдаа дулаан хувцаслаарай гэж хэлье. Хонь мал ид төллөж байна. Энэ жил 19-20 сая төл хүлээн авах төлөвтэй юм байна лээ. Мэдээж хаврын сар гайгүй шиг өнгөрөх юм бол төл хүлээн авахад аятайхан л байх байх. Одоо чинь хэдэн ямаагаа самнаж өгч байгаа. Хаврын сар эвгүйхэн байвал нүцгэлээд хаячихсан мал хүйтэн цас, бороонд хөлддөг, осгодог асуудал гарна. Ийм учраас цаг агаарын мэдээгээ л сайн үзэж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй шүү гэдгийг иргэддээ захья. Ирэх сард Дорнод, Сүхбаатар аймгийн урд талын хэсгээр олон жилийн дунджаа барьж дулаарна. Бусад нутгаар өмнөх жилүүдээс 0.5-1 градус илүү дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар гол хур тунадас орж болзошгүй. Бусад нутгаар хур тунадас олон жилийн дунджаас зөрөхгүй” хэмээн мэдээлжээ.
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Дөрөвдүгээр сарын агаарын температурын дундаж нь 1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Увс, Хөвсгөлийн хойд, Завханы хойд болон зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байдаг Гэхдээ жил бүр адил байдаггүй. Тухайлбал, сүүлийн жилүүдийн байдлаар 1997-1999, 2004 онд 3-5 градусаар, 2000, 2001, 2005, 2007, 2008, 2009, 2014 онд 1-6 градусаар дулаан байж, өдөртөө баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 16-21, говь ба зүүн зүгийн нутгаар 28-33, бусад нутгаар 21-26 градус хүрч дулаарч байсан бол 1991, 1993, 1995, 2010 онуудад ихэнх нутгаар, 2006, 2013 онд нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэн байв. 1993, 2010 онд сарын эхээр Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус хүрч хүйтэрч байжээ.
1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун, Увсын зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар 5-10, Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр 11-14, бусад нутгаар 1-5 мм хур тунадас ордог . Гэхдээ зарим жил олон жилийн дунджаас хэд дахин их буюу бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1993, 1996, 1997, 2004 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж, хуурайшилт ихтэй байсан бол 1998,1999, 2010 онд говийн нутгаар, 2002-2003 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хоёр дахин их хур тунадас оржээ.
Салхи 15 м/с-ээс давж шуурах нь тухайн сард дунджаар 3-5 удаа тохиолддог ч зарим жил 8-13 удаа ажиглагддаг байна. Сүүлийн жилүүдийн байдлаар 1998, 2001, 2002, 2011 онд баруун ба говийн нутгаар 34-45 м/с хүрч онц аюултай гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч иргэд, байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байлаа.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БАРУУН БҮСИЙН НУТАГ:
Энэ сард агaaрын дундаж температур нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад хэсгээр 3-8 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, зөвхөн Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр харьцангуй дулаарч Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус хүрч дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завханы зүүн өмнөд, Говь-Алтайн зүүн хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтайн салбар уулсаар зарим үед 24-28 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.
ТӨВИЙН НУТАГ:
Энэ сард агаарын дундаж температур Дархадын хотгор, Хэнтийн уулсаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч шөнөдөө Дархадын хотгороор 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн зарим нутгаар 15-20 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хөвсгөл, Өвөрхангайн өмнөд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна.
ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ:
Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 3-8 градус дулаан байх ба Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, хоёр ба гуравдугаар арав хоногийнэхээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 15-20 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн өмнөд, Дорнодын баруун өмнөд хэсэг, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үе болон эцсээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар 16-18 м/схүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
ГОВИЙН НУТАГ:
Энэ сард агаарын дундаж температур өмнөд говиор 7-12, бусад нутгаар 3-8 градус дулаан байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, зөвхөн Өмнөговийн баруун хэсгээр дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногйин сүүлийн хагаст бүх нутгаар харьцангуй дулаарч шөнөдөө 3-8, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговийн баруун өмнөд, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар түр зуур 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон дараахь нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид тус тус 20 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:
- Б.Мөнх-Учрал нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 201 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-8-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.2 га газар
- “Батсээр” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 360 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-4-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1.2 га газар
- Ж.Энхболд нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 327 000 000 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-3-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1.0 га газар
- С.Анхбаяр нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 418 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-А-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.6 га газар
- 2 байршилд ялагчаар тодорсон иргэн Ш.Эрдэнэбат нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 790 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-1-А-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.3 га, бүс-1-Б-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.3 га газар
Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тэнгэрт нисэж байгаа шувуудыг харахад мөр огт харагдахгүй юм. Хий хоосон агаарт ямар юмных нь ч мөр үлдэх билээ. Газар дэлхийд харин хүний мөр үй олноороо хэлхэлдэн, хэрэлдэн, жим зам түмийг үүсгэсэн байнам. Хүний мөр үлдэхдээ сайн, муу янз бүрээр тодрон зурайх аж. “Түүхэнд л үлдэж байвал түймэр тавьсан ч яахав” гэсэн огтор бодолтой муу хүний үлдээсэн мөрийг хожим хойчийнхон нь жигшин муушааж байдаг. “Надаас хойш ертөнц сүйрсэн ч яамай” гэсэн бэртэгчин хааны нэрийг хүмүүс дурдахдаа элэг доогийн бай болгон эшилнэм. Энэ хорвоод амьдрах богинохон хугацаандаа сайн сайхны цэцэрлэгийг тарьж ургуулж л явах нь хүний эрхмээс эрхэм чанар байх учиртай мэт.
Хэн нэгийгээ гомдоож, шунал хүсэлдээ хөтлөгдөж, арван хар нүглийг үйлдвэл хожим хойч хэзээ нэгэн цагт мартахуйн харанхуй ангалд шидэж гэсгээдэг биз. Муу хүний үйлдсэн муухай бүхэн үеийн үед хараар дурсагдаж “яс нь өндөлздөг” гэх ухааныг монголчууд эртнээс үр хүүхдүүддээ сургамжлан захьж ирсэн. Сайн үйл хийсэн хүний нэрийг харин үргэлж сайн сайхнаар дурсаж, амьд ахуйнх нь сайхан чанарыг үе удамдаа өвлүүлэх гэж хичээдэг. Нисч яваа шувуу мэт муу муухайн хар мөргүй амьдрахад хүний амьдрал хэчнээн уудам, хэчнээн яруухан билээ.
Л.БАТЦЭНГЭЛ
Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон “Оюу толгой” ХХК-ийн амжилтыг хамтдаа ёслон тэмдэглэв.
Өмнийн говь дахь Оюу толгойн уурхай дээр болсон уг ёслолд Уул уурхайн сайд Р.Жигжид, Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш болон Рио Тинтогийн Зэс, Нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нар оролцлоо.
Монгол Улсын хамгийн том зэс, алтны Оюу толгой уурхай нь хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, аюулгүй байдал, техник технологи, байгаль орчин, менежмент, ханган нийлүүлэлт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг нэвтрүүлж байна.
Оюу толгой нь 2010 оноос хойш төслийн бүтээн байгуулалтад 6.4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.3 тэрбум гаруй ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар, рояалти болон бусад төлбөр, хураамж хэлбэрээр төлөөд байна. Өнгөрсөн 2014 онд гэхэд Монголын ханган нийлүүлэгч компаниудаас 300 сая ам.долларын худалдан авалт хийж, 7.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг боловсрол, сургалт, тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулсан тухайгаа тус клмпанийнхан энэ өдөр онцолж байна.
Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш хэлэхдээ “Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаатай биеэр танилцаж, Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргана гэдэг нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Оюу толгойн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Энэ амжилтын нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна” гэлээ.
Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид “ Оюу толгой нь Монгол Улсын үндэсний үнэт баялаг билээ. Өнөөдрийн энэхүү амжилт нь Оюу толгойн нийт ажилтан, түүний 95 хувийг бүрдүүлдэг монголчуудын маань нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм. Оюу толгой цаашид алхам алхамаар улам бэхжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны турш хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна. Миний бие энэхүү тэмдэглэлт баярын халуун мэндийг Оюу толгойн удирдлагууд болон нийт ажилтан, ажиллагсдад чин сэтгэлээсээ хүргэж байна” гэлээ.
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Уул уурхайн сайд Р.Жигжид болон Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш нарыг Оюу толгойн уурхайд хүлээн авч байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид энэ түүхэн тэмдэглэлт үеэр өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж, ажилчдынхаа өндөр ур чадварыг харуулах боломж гарлаа. Цаашид илүү үр бүтээлтэй ажиллаж, хөгжин дэвших бат бөх суурь бүрдэж байна” гэсэн юм.
Ёслолын үеэр “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бидний энэ амжилт бол аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бидний эрхэм зорилгыг илүү тодорхой харуулж байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Р.Жигжид сайд энэ чухал үйл явдлыг бидэнтэй хамт тэмдэглэж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.
Чөлөөт бөхийн “Mongolian open” тэмцээний эхний өдрийн барилдаанд зургаан жинд нь Монголын бөх түрүүлж төрийн дуулалаа эгшиглүүллээ.
“Mongolian open” тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрвөн удаа дараалан түрүүлж нэгэн дээд амжилтыг тогтоож байна.
Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, П.Орхон нар хошой аварга болцгоолоо.
Олон улсын хэмжээний мастер П.Орхон шувтаргын барилдаанд Беларуссын бөхийг яллаа. 69 кг-ын жинд Америкийн бөх Р.Миллер Казахстаны бөх Э.Сыздыковад давхар хамуулж ялагдсан юм. АНУ-ын бөх дэлхийн аварга Е.Пирожкова медальгүй хоцров. Японы бөх Моришита Фумитаки саяхан болсон Буриад улсын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнийн шувтаргын барилдаанд манай бөх Д.Цогтбаатарт ялагдаж мөнгөн медаль авч байсан бол энэ удаа Э.Бэхбаярт ялагдлаа.
55кг Алт П.Орхон, Мөнгө Надя Сушко /Беларусь/, Хүрэл А.Батцэцэг, Ирина Кизель /Казахстан/
Чөлөөт бөхийн “Mongolian open” тэмцээний эхний өдрийн барилдаанд зургаан жинд нь Монголын бөх түрүүлж төрийн дуулалаа эгшиглүүллээ.
“Mongolian open” тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрвөн удаа дараалан түрүүлж нэгэн дээд амжилтыг ийнхүү тогтоож байна.
Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, П.Орхон нар хошой аварга болцгоолоо.
Олон улсын хэмжээний мастер П.Орхон шувтаргын барилдаанд Беларуссын бөхийг эцсийн агшинд шийдвэрлэх мэх хийж яллаа. 69 кг-ын жинд Америкийн бөх Р.Миллер сүүлчийн гурван секундэд цаг руу харж байгаад Казахстаны бөх Э.Сыздыковад давхар хамуулж найдвартай ялалтаа алдсан. АНУ-ын бөх дэлхийн аварга Е.Пирожкова медальгүй хоцров. Японы бөх Моришита Фумитаки саяхан болсон Буриад улсын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнийн шувтаргын барилдаанд манай бөх Д.Цогтбаатарт ялагдаж мөнгөн медаль авч байсан бол энэ удаа Э.Бэхбаярт ялагдлаа.