Categories
мэдээ спорт

Дүнжингарав”-т айрагдсан морьдыг түдгэлзүүлэв

“Дүнжингарав-2015″ хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болсон билээ. Уралдааны дараа азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан тухай нэр бүхий уяачдаас гомдол саналыг зохион байгуулах хороонд хүргүүлээд байсан.

ММСУХ-ноос дээрхи гомдол саналыг судлан үзээд “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд түрүүлж айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монголын морин спортын уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр тэргүүлэгчдийн хуралдаан зарлаж, дараах шийдвэрийг гаргажээ.

Үүнд:

Азарганд түрүүлж, айрагдсан:

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Давгадоржийн Цэрэнжигмэдийн зээрд,
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаярын хонгор,
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Монгол улсын алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын хонгор
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Гомбожавын Баярцогтын хүрэн,

Соёолон насанд түрүүлж, айрагдсан:

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Бадамгаравын Бадраагийн хар
2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамбын Хишигжаргалын цагаан
3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд
4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэндамбын хээр соёолонг тус тус хасахаар санал нэгтэй шийдвэрлэлээ.

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны азарганд:

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Аймгийн алдарт Уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун
2. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул уяач Батсүхийн Наранхүүгийн “Монгол” хээр
3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул уяач Шаравжамцын Бадамжунайн хүрэн
4. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул уяач Хуягтбаатарын Лхагважавын ягаан
5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул уяач Дагвын Доржийн зээрд

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны соёолон насанд:

1. Төв аймгийн Угтаал цайдам сумын уугуул уяач Баянжаргалын Баттөрийн халиун
2. Баянхонгор аймгийн Жаргалан сумын уугуул уяач Лхагважавын Алтанхуягийн сартай хар
3. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул уяач Пунцагийн Эрдэнэчулууны хонгор
4. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул уяач Сосорбарамын Баттулгын хүрэн
5. Дундговь аймгийн Хулд сумын уугуул уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн соёолон тус тус түрүүлж, айрагдсан байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд энэхүү шийдвэрийг гаргахын сацуу хурдан морины уралдааны зохион байгуулалт, үүлдэрлэг байдлаар ялгах үйл ажиллагааг сайжруулан цаашид уяачдад чирэгдэл учруулахгүй байх, Монгол адуу болон эрлийз адууг ялган ангилж уралдуулах холбооны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, олон түмнээ хүндэтгэх, үлгэр дуурайлал болж ажиллахыг тэргүүлэгч гишүүд, салбар холбоодын тэргүүн, дэд тэргүүн, Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт цолтой болон нийт уяачдад үүрэг болгож, Уяачийн Ёс зүйн Дүрмийг яаралтай боловсруулан оруулж, батлуулахыг ММСУХ-ны Ёс зүйн зөвлөлд, хурдан морийг бүртгэлжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг холбогдох хүмүүст даалгасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хануй голын ганган хүүхнүүдтэй хамт мартлаад… (II)

Түрүүч нь 060 (5012) дугаарт

Үдшийн бүрийгээр энд тэндээс машин, мотоциклийн гэрэлХануй бригадын төвийг чиглэн наашлах ажээ. Жил бүрийн Мартын 8-ны баяраар Хануй бригадын төвийн улаан буланд цэнгээнт бүжиг болдог уламжлалтай. Өнөө жилийн бүжиг 21:00 цагт болно гэсэн товыг бие биенээсээ сонссон малчин залуус малаа хотлуулчихаад ирж байгаа нь энэ аж. Багийн дарга А.Батдэлгэр “За нөгөө хэд чинь эхнээсээ ирж байна. Улаанбулангаа шүүрдээд гал түлэх хэрэгтэй байна” гэж галч Ж.Гэрэлсайханд үүрэг өгөв. Галч Ж.Гэрэлсайхан“Зуухныхаа бөөрийгулайстал гал түлээд өгье. Цаадуул чинь осгох шахсан хүмүүс л ирж байгаа” гээд намайг хань татлаа. Багийн дарга ч бидэнтэй зэрэгцэн гэрээсээ дуу өсгөгч авчрахаар гарав. Галч бид хоёр багийн улаан булан гэх 6х6 хэмжээтэй болов уу гэмээр жижигхэн цагаанбайшинд ирэв. Уулын хар модыг хөрөөдчихсөн байлаа. Галч нөгөөх модыг төмөр сүхээр хамаг хүчээ гарган далайж байгаад “Чү” гээд л цохих. Шөнөжин гал түлэх болохоор багагүй түлээ бэлдэх хэрэгтэй. Манай хүн хага хага цавчаад л шидлээд байгаа. Хажууд нь хараад зогсоод байвал даарах шинжтэй. Тэгээд хагалсан модыг Улаанбулан руу оруулж, өрөх ажлыг би даахаар болж дотогш орох гэтэл цахилгаан тасарчихсан байв. Айлуудын гэрэл асаалттай байхад улаан булангийнх яагаад тасарсан нь тодорхойгүй байв. Галч “Чи асаагуурын гэрэл тусгаад модоо оруулчих. Хагалж дуусаад л учрыг нь олъё” гэв. Ж.Гэрэлсайхан гэрэл, цахилгаантай зууралдахаасаа өмнө галаа түлээд авъя гээд дөрвөлжин, урт төмөр зууханд мод дүүртэл нь хийлээ. Тэгснээ “Холхон зогсож байгаарай. Шүдэнз зурлаа шүү” гээд цааш эргээд буланд хураалттай юман дундаас савтай юм авчирч мод руугаа тонгойлгосон нь бензин аж. Шүдэнзээ зураад шидчихлээ. Дүрэлзэн ассан галын гэрэлд үстэй дээлийнхээ урд хормойг бүсэндээ хавчуулсан эр“Одоо цахилгааныхаа учрыг олох уу даа, Гал ч ингээд асуудалгүй боллоо” гээд эргэв. Ингэж байтал багийн дарга А.Батдэлгэр ороод ирэв. Юу нь хаанаа гэмтэж, цахилгаан тасарсныг олохоор асаагуурын гэрэл тусгаад үзээд байгаа. Биднийг ийн мунгинаж байтал бүжигт орох гэсэн залуус эхнээсээ ирцгээлээ. Согоотоос Д.Ганпүрэв гэх залуу иржээ. Мөн Л.Ганчимэг, Отгонжаргал гэх эмэгтэйчүүд ч ирсэн байлаа. Тэд хонио хотлуулчихаад бүжиг эхлэх цагаас хоцорлоо хэмээн яаравчлан наашилсан гэнэ.Тэд бүжиглэж, найз нөхөдтэйгээ уулзахын тулд хөр цас, оройн жаврыг үл тоон мотоцикльтой ирцгээжээ. Эмэгтэйчүүд даарсан бололтой, зуух тойроод гараа ээнгээ “Бүжиг болохгүй гэвэл яана. Цахилгаанаа засаж чадахгүй бол баларлаа шүү” хэмээн ярьцгааж байлаа. Үүнийг нь сонссон багийн дарга бүр сандарч, цахилгаан хаанаа гэмтсэн, аль хэсэгтээ масс байгааг олох гэж хэрэндээ л энд тэндээс нь харлаа. Тэгээд нэмэгдэл хүч болгож Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гантөмөрийг дуудлаа. Багт машин, мотоцикль засахаас эхлээд бүхий л зүйлд гар бие оролцдог гарын уртай хүн гэнэ. Б.Гантөмөр ирээд энд тэндээс нь үзэж байгаад шонгийн модны тэнд утас нь тасарчихсан байгааг мэдэв. Ингээд шонгийн мод руу гарч утсыг нь нийлүүлэх гэтэл дөрөөтэй хүн байдаггүй. Багийн даргын поортер машиныг ойртуулж, дээр нь гарч байгаад шонгийн мод өөд муур шиг авирлаа. Гадаа хүйтэн дээр нь харанхуй болохоор шон руу авирах хэцүү байгаа нь тодорхой. Б.Гантөмөр дээрээс бидэн рүү “Утас залгахаас өөр аргагүй болчихжээ. Өөр ямар ч арга алга. Бүдүүн утас хэрэгтэй байна” хэмээн хашгирав. Ингээд багийн төвөөр бүдүүн утасны эрэлд гарцгаалаа. Утас олдохгүй бол тэр оройны бүжиг болохгүй гэдэг нь тодорхой байлаа.Хэн хүнгүй л сандарч гүйлдэв. Нөгөө утас нь айлуудадбайсангүй. Тэгж байсанбагийн дарга “Манай нарны толины аккумляторыг холбодог утас болж магадгүй” гээд яваад өгөв. Төд удалгүй нэг утас олоод ирлээ. Энэ хооронд Улаан булангийн гадаа мотоциклть, поортерийн тоо нэмэгджээ. Шонгийн модны доор залуус цуглав. Бүсгүйчүүд нь дотор орж, зууханд мод нэмэх юм. Ингэсээр арай гэж цахилгаантай боллоо.

УЛААН БУЛАНГИЙН ШАЛЫГ ХОТОЛЗУУЛАН ҮҮР ЦАЙТАЛ БҮЖИГЛЭВ

Багийн бүжиг чэхлэх боллоо. 20 гаруй насны 30 гаруй залуус бүжигт орохоор ирцгээжээ. Урд талынх нь сандал дээр ханхайсан эрчүүд эгнээд суучихсан байв. Тэгсэн ердөө гурван эмэгтэй лбүжигтиржээ. 30 гаруй эрчүүд гурван хүүхэнтэй бүжиглэлтэй биш багийн төвийн хүүхнүүдийг ирэхийг хүлээхээр шийдэв. Зуухандаа мод чихээд бөөрийг нь улайстал халаагаад л суугаад байлаа. Залуус эмэгтэйчүүдээ хүлээнгээ байсхийгээд л бөөнөөрөө гараад явчих юм. Хэсэг хугацааны дараа ороод ирэх. Тэгэхдээ улаа бутарчихсан инээд алдах нь жигтэй. Сумын төвийн бүжиг л иймэрхүү болдог санагдана. Хөдөөнөөс ирсэн залуус бүжгийн дундуур гардаг. Дэлгүүрт очиж архи аваад гадаа зогсож байгаад тойруулж уучихаад л эргэж бүжигт ордог. Тэд ч бас тэгсэн бололтой. Ингэж байтал багийн хүүхнүүд болон хөдөөнөөс хэд хэдэн эмэгтэй нэмэгдэж ирлээ. Тэнд сууж байсан залуусын нүд ньсэргээд л явчихаж байгаа юм.Бүгд л инээд алдаад байгаа. Бас аймгийн төвийн коллеж, МСҮТ-д сурч байгаа охид ирцгээлээ. Бүжгийн ая тавьж эхэллээ. Үстэй дээл, хүрэм өмссөн залуус дэрхийтэл босч эмэгтэйчүүдийг урин бүжиглэж эхэллээ. Нам жим байсан танхим юу болов гэмээр оволзож гарав. Бүх эмэгтэйг бүжгэнд урьжээ. Гэвч цаана нь олонзалуубүжиглэх эмэгтэй байхгүй үлджээ. “Дараагийн бүжигт бусдаас өрсөж тэрэнтэй бүжиглэнэ” гээд л хоорондоо ярилцах.Нүд нь гэрэлтэж, инээд алдсан залуус, эмэгтэйчүүд улаан булангийн шалыг хотолзуулан сэнсэртэл эргэлдэх юм. Хөл гар нийлж байгаа гэж жигтэйхэн. Жилдээ гурав дөрөвхөн удаа лбригад дээр бүжигболдог болохоорзалуучууд цас бороотой байсан ч зорьж ирдэг юм байна. Хоёр залуу нэг эмэгтэй рүү зэрэг шахуу ухасхийж очоод бүжгэнд урих. Үлдсэн залуус бөөнөөрөө гараад явчих юм. Бусдаас зориг гарган С.Нямхорол гэх бүсгүйтэй бүжиглэсэн залуу хөл нь нийлэхгүй, бусад нь шоолохоор ичсэн бололтой, бүжиглэж байсан эмэгтэйгээ хаяад сандал руугаа зүтгээд бөөн инээдэм болов.

Дээлтэй ирсэн эмэгтэйчүүд хэдийнэ дээл, зузаан хувцсаа тайлчихсан нимгэн хавар намрын куртик өмсөөд савхин өндөр өсгийтэй гутал өмсчихсөн байгаа харагдлаа. Харин эрчүүд бол хөлс нь гоожчихсон байхад тоохгүй л үстэй дээлтэйгээ бүжиглээд байх юм.Арав гаруй цэнгээнт бүжгийн ая явсны дараа чөлөөт бүжгийн ая тавилаа. Бүгд лбүжгийн талбай дээр тойрч зогсоод бүжиглэж гарлаа. Дээлтэй залуус диско бүжиглэх нь адармаатай юм. Бүр охидынхаа урд очоод тулаа хийж, янз янзын хөдөлгөөн хийж гарлаа, нөгөө хэдэн залуус чинь. Нэг нь болихоор нөгөөх нь очоод л эмэгтэйчүүд рүүгээ дайралтын бүжиг хийж байна. Өндөр биетэй залуугаас Цэрэнлхам гэх бүсгүй “Эхнэрээ яачихаад явж байгаа юм” гэсэн. Нөгөөх нь “Цаадах чинь таван сартай жирэмсэн. Тэгээд би өмнөөс нь баярлаж явна” гэв.

“НӨГӨӨ ЦЭКҮ ЧИНЬ АГСАН ТАВИАД ГЭРЭЭСЭЭ ХӨӨГДӨХ ШАХСАН ШҮҮ ДЭЭ”

Улаан буланд ийн бүжиглэж байхад хэдэн залуус гадаа тойроод зогсчихсон, дунд нь хоёр залуу барилдаж байв.“За одоо хутга. Халз хутгаа хий. Эргүүлээд мушги” гээд л нөгөө хоёр нь цонхны гэрэлд хав дөрвөлжин золгочихсон. Бие биедээ өрсөж мэх хийх гээд тэп тап хийгээд л барилдаж байна. Тойрч зогсох залуус бас болоогүй нутгийнхны хэлдгээр “Хүрэн үнээ саагаад” байгаа. Хэн нэг нь “Хотоос ирсэн ахад хийж өг” гээдцэвэр усны тайрсан саванд дүүрэн пиво хийж өгч байна. Хануй багийн залуусын дунд мода болж байгаа дуу гэвэл дуучин Э.Төрмандах, О.Гансувд нарын дуулсан “Дүүрэн жаргалтай хорвоо”,Болд, Чулуунчимэг нарын“Зүүдний амраг”,А.Хосбаярын “Адуутай намар” зэрэг дуунууд гэнэ. Харин сүүлийн үед дуучин Хишигдалайгийн дуунуудыг сонсож байгаа аж. “Монгол HD” телевизийн олон ангит“Сайн уу, сургууль минь” киног үзэж байгаа гэнэ.Мөн орой 23:00 цагтгарч байгаа “Скандал” гээд АНУ-ынтусгай ажиллагаа хийдэг залуусын киног үздэг байна. АНУ-ын Ерөнхийлөгч тусгай ажиллагааг удирдаж байгаа хүүхэнтэй хайр сэтгэлийн холбоотой болдог аж. Мөн “Боловсрол” телевизээр гарч байгаа Монголын олон ангит “Гурван найз” киногтом жижиггүй үзэж байгаа гэнэ. Багийн төвийн хижээл насны хүүхнүүд “Өчигдөр нөгөө Цэкү чинь алж өгсөн. Нөгөө Төгөлдөрт агсан тавиад баллаж өгсөн. Гэрээсээ хөөгдөх дээрээ тулаад амлалт өгч байж л нэг юм үлдсэн шүү дээ. Санчир найз охинтой болсончинь өмнө нь хүнтэй сууж байгаад жирэмсэн болж салаад хүүхдээ авахуулсан байсныг Төгөлдөр мэдээд бөөн л юм болж байгаа. Маргаашийн анги дээрээ гоё юм гарна даа” гээд киногоо ярих. Харин залуус “С1 дээр гарч байсан “Спартак” чинь дахиад эхэлчихсэн байна лээ. Тэр хүүхнүүд нь ч бас үнэн гоё шүү дээ” гэх. Улаанбуланд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд албан ёсоор баяр хүргэх үйл ажиллагаа эхэллээ. Тэгсэн микрофон нь болдоггүй. Буянаа гэх айлаас очиж хувийн микрофоныг нь гуйж ирлээ. Ингээд багийн дарга нийт эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүллээ. Бүжгийн дундуур бригадынурлагийн авьяастанМ.Ганболддуулах болов. Хүүхэд байхдаа Архангай аймагт гайхагдсан дуучин явсан гэнэ. Улсын хэмжээний дуучдын тэмцээн уралдаанд Архангай аймгийг төлөөлж оролцож байжээ. Ардын авьяастан хүрэл медальт, пионер зуслангийн шилдэг дуучин хүүхэд гээд бага газар том гуншинтай аж. Тэрбээр “Миний ээж” гэх дууг цангинатал авч өглөө. Ямар дууных нь бичлэг энэ тэр байх биш ямар ч хөгжимгүй л дуулах юм.

“Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа” гээд л дуулж гарлаа. Дууныхаа дундуур “Хануй багийн нийт эмэгтэйчүүддээ, охид бүсгүйчүүддээ эрчүүдийнх нь зүгээс баярын мэнд хүргэе” гээд мэндчилгээ дэвшүүллээ.

ХАРЖ ЯВДАГ ОХИНТОЙГОО БҮЖИГЛЭХ ГЭСЭН ИЧЭЭД…

Мөн бүжгийн дундуур тэмцээн зохион байгуулав. Таван залууг гаргаж ирээд энд байгаа эмэгтэйчүүдэд хамгийн гоё мэндчилгээ дэвшүүлсэн хүнд шагнал өгөх боллоо. Тэгсэн Ц.Түмэнбаяр гэх 40 гаруй насны эр “Эхлээд би эхнэртээ хайртай гэдгээ хэлмээр байна. Манай хүн гэртээ байгаа ч гэсэн. Чамдаа хайртай шүү гэж хэлье” гээд заалаар дүүрэн ориллоо. Мань эр эхнэрээ орхичихоод өөрөө бүжигт ирсэн тууж яваа нь энэ. Дээлтэйгээ бүжиглэж байсан залуус бүгд тайлчихжээ. Бүжиглэхээс уйдаж байгаа хүн алга. Хүрэн дээлтэй залуугийн харж явдаг охин нь аймгийн төвийн МСҮТ-т сурдаг аж. Бригад дээр бүжиг болох гэж байгааг сонсоод зориод иржээ. Огт бүжиглэхгүй суугаад байсан тэр залууг хамт явсан найзууд нь сандал дээрээс татаад босгоод ирэх. Нэг охин руу түлхэв. Хэд хэдэн удаа түлхүүлж байгаад бүжгийн талбай дундуур хөндлөналхаж харж явдаг охин руугаа зоригтой гэгч нь алхлаа.Тэгснээгэнэтхэн буцаад сандал руугаа гүйгээд чихээд суучих юм. Найзууд дахиад түлхээд л нүүр нь улайгаад л доошоо хараад суугаад байх.Тэгж байснаа зориг орсон бололтой нөгөө охин дээрээ очоод урив. Тэгсэннөгөөх ньбүжиглэхгүй гээд гүрийгээд суучихав. Ингэж ингэж арай гэж бүжиглэцгээв. Хоёр биенээсээ ичээд л байгаа бололтой харагдана. Харин бүжгийн ая дууссаны дараа зэргэлдээ сандал дээр хамт суучихсан байв. Бүжиглэж байхдаа нүүр хагарчээ. Магадгүй Хануй голоос нэг хос төрж байгаа бололтой.Ер нь багийн бүжиг дээрээсхосуудбие биеэ олдог ажээ. Хүнтэй суугаагүй эмэгтэйчүүд рүүгээ залуус ээлж дараалан очоод байх юм. Хажуугаас нь гараараа хатгаж өдөөд бүжигт урина.Хүүхнүүд нь залуусаа харж намжирдаад тас тас хөхрөлдөөд хөгжүүн сайхан байлаа. Хамгийн сүүлд шинэ жилээр бүжиг болоход жижигхэн талбайтай байшинд хүмүүс нь багталцахгүй эргэх ч зайгүй болсон гэнэ. Залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс, аймаг, сум багаас алслагдсан байдаг болохоор бие биетэйгээ тэр бүр уулзаад байдаггүй. Тиймээс бүжиг болохыг тэсэн ядан хүлээдэг юм билээ. Бүжиг боллоо гэхэд үүр цайтал бүжиглэнэ. Энэ удаа ч гэсэн 06:00 цагт бүжиг тарсан юм. Уусан юм нь ч гарсан бололтой. Шавайгаа ханатал бүжиглэсэн залуус эхнэр, найз зэргээ сундлаад гэр гэрийн зүг хөдөлсөн юм. Машин мотоцикль асах дуу сонсогдож тал тал тийшээ явцгаалаа. Хамгийн хол нь Баруун эхийн энгэрт өвөлжиж байгаа Б.Батчулуун иржээ. Согоот багаас Д.Ганпүрэв, Бугатаас Д.Батцолмон гээд л ирцгээсэн байна лээ. Тэд 20 гаруй километрийн цаанаас энэ оройн бүжгийг зорьж ирсэн.Хануй бригад дээр Мартын 8-ны баяр инээд наргиан хөгжөөнтэйгөөр болж өнгөрлөө. Залуус үдшийгсайхан өнгөрөөсөн нь илтэд мэдрэгдэж байлаа.Багийн дарга ч “Том ажлын ард гарлаа. Шөнө дунд бүжгээ тараахгүй байсан нь нэгд, хүмүүс жилд цөөхөн удаа ингэж баярладаг, хоёрт, өвлийн хүйтэнд шөнө дундлаад хүмүүсийг явуулчихаар хол гэртэй заримынх нь унаа тэрэг эвдрээд, осгох магадлалтай. Тиймээс өглөө болтол бүжиглүүлж, нэг талаар баярлуулж, нөгөөтэйгүүр халамжилж байгаа явдал юм” хэмээн ярив.

Үргэлжлэл бий

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Шаравдорж: С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж нараас бусад МАН-ын удирдлагууд Н.Энхбаяр даргатай ирж уулзсан

МАХН-ын даргын аж­лын алба хариуцсан на­рийн бичгийн дарга Ц.Шарав­доржтой ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо цагаан сарын өмнө ирээд төд удалгүй БНСУ руу буцлаа. Дахин хэрэг үүрүүлэх гэж байсан тул шахаанд ороод явсан гэдэг яриа гараад байна?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээтэй байгаа. Цагаан сарын битүүний орой эх орондоо ирж шууд Бөхийн өргөөнд очиж бөх үзсэн. Уг нь насан өндөр аав, ээждээ золгох гэж, намынхантайгаа, ард түмэнтэйгээ уулзах гэж ирсэн юм. Цагаан сар бол өтгөс буурлуудтайгаа золгодог баяр болохоор Н.Энхбаяр даргыг ирсэнд гайхаад байх зүйл байхгүй. Энэ хүн аав, ээжээсээ хангалттай л хол байж, эцэг, эх хоёрынхоо сэтгэлийг хамгийн ихээр л зовоолоо. Өөрөө ч маш их зовсон. Тиймээс энэ хүнийг монголчууд хүнийх нь хувьд ойлгох ёстой. Түүнийг ирсэн хэдхэн хоногт маш олон зүйл болж өнгөрлөө. Ирсэн өдрөөс нь эхлээд төрийн дээд түвшний хүмүүс гайхаж, даруйхан буцааж явуулах ёстой гэдэг мессежийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч, төлөөлөгч болох хүмүүсээрээ дамжуулан намд болон өөрт нь хүртэл ирүүлсэн. Энэ бол нууц биш.

Яг үнэнийг хэлэхэд түүнээс маш олон хүн айж байна. Н.Энхбаяр үргэлж ард түмний талд байж, тэднийхээ тусын тулд сайн сайхны төлөө олон зүйлийг хөндөж ярьдаг. Оюу толгой, Таван толгой гээд томоохон уул уурхайн компанийн тал дээр өөрийн байр суурь болон хүмүүс хэрхэн хандаж байсан талаар маш тодорхой хэлсэн.

-Гэхдээ Н.Энхбаяр даргын хэлсэн үгнүүд итгэл үнэмшил муутай байсан юм биш үү?

-Түмэн олныхоо төлөө гээд хэлсэн үг нь цөөн хэдэн хүний санаа сэтгэлд таалагддаггүй учир түүнийг аль болох Монголоос хол байлгах үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тэр ч байтугай түрүүчийн зохиомол хэргээр хилсдүүлэн хорьсондоо ханаагүй юмуу дахин зохиомол хэрэг үүсгэхийг оролдож түүгээр нь нийгэмд сөрөг уур амьсгалыг бүрдүүлэх зүйл явагдаад байгаа юм. “Цензургүй яриа” нэвтрүүлгийг харсан байх.

“Н.Энхбаяр гэдэг хүн уучлал хүсэх тухай хоёр ч өргөдлийг өгсөн” гэж байна лээ. Гэтэл бидний баттай мэдэж байгаагаар Н.Энхбаяр болон түүний гэр бүл, хамаатан садан уучлал хүсэх тухай нэг ч өргөдлийг өгөөгүй. Үүнийг түмэн олонд “Өдрийн сонин”-оор дамжуулан хэлмээр байна.

Цаашид Н.Энхбаяр гэж хүний нэр төрд халдсан зүйлийг хийвэл нэр төрийг нь хамгаалах зүйлийг намын зүгээс хийх болно.

-Танай намын даргын хэлсэн Таван толгойн асуудлыг ч мөн худал гүтгэлэг гэж мэдэгдсэн. Ард түмэн бол одоогийн Ерөнхийлөгч, гурав дахь Ерөнхийлөгч хоёрынхоо хэний үгэнд итгэхээ мэдэхгүй байна л даа?

-Зарим хүмүүсийн үнэн нүүр царайг ард түмэнд илчилсэн л дээ. Ц.Нямдоржийг нэлээд сайн хэлээд авна лээ. Өөрийнхөө хүлээн зөвшөөрдөггүй зүйлийг нь Ерөнхийлөгч хэлсэн. Н.Энхбаяр гэдэг хүнийг шийтгэхийн төлөө аль эртнээс Хууль зүйн яам, Хууль зүйн сайд нь ажиллаж байсан юм байна гэдгийг “Над дээр олон удаа ирж энэ асуудлыг ярьж байсан” гэсэн. Тэр байтугай нам гэдэг улс төрийн зүйлийг тараах ёстой гэж байсныг Ерөнхийлөгч хэлчихсэн. Ерөнхийлөгчийг үнэн үг хэлсэнд нь баярлаж байгаа.

-Сая Н.Энхбаяр дарга эх орондоо бүр ирээгүй байсан юм уу. Ирэх онд сонгууль болно. Гэтэл мань хүн БНСУ-д л байгаад байх уу?

-Намын дарга хүн намтайгаа, гишүүд дэмжигчидтэйгээ ойр байж явна гэдэг бол зайлшгүй чухал. Харин манай намын дарга өөрөөс шалтгаалахгүй шалтгаанаар гадаадад эмчилгээ хийлгэх болсон. Энэ удаа ирсэн ч гэсэн буцаад эмчилгээндээ явах нь тодорхой байсан. Гэхдээ ирээд буцах биш Монголдоо олон хоног саатах бодолтой байсан юм. Харамсалтай нь даргыг Монголд байлгахыг хүсэхгүй байна. Гадагшаа гарах эрхийг нь цуцална гэх мэт бушуухан хилийн дээс алхуулах гэсэн мэдээллийг зориудаар тараасан. Намбарын Энхбаяр гэдэг хүн одоо гадагшаа явлаа ч цаашдаа эх орондоо ирнэ гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Алийн болгон энэ хүнийг эх оронгүй цагаач аятай гадаадад байлгах юм. Н.Энхбаяр эх орондоо ирж намынхаа, ард түмнийхээ төлөө ажиллах эрх чөлөөт цаг ирнэ гэдэгт итгэж байна. Намын дарга өлсгөлөнгийн үед эрүүл мэндээрээ их хохирсон. Ил гаргаж тавихгүй байгаа л болохоос БНСУ-д очоод хоёр ч удаа хагалгаанд орсон.

-Одоо биеийн байдал нь ямар байгаа юм бол?

-Одоо ч гэсэн биеийн байдал нь таагүй л байгаа. Мань хүн өөрөө биеийн хатуужил сайтай болохоор энэ мэтийн тэвчээрийг гаргаж байгаа болохоос урт хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа юм.

-Өөрсдөөс нь өшөө авах байх гэсэн сэтгэлээр хүмүүс асуудалд хандаад бушуухан явуулах сонирхолтой байдаг юм болов уу?

-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Н.Энхбаяр дарга оролцохдоо “Би өшөөгөө авна. Гэхдээ Монгол Улсынхаа төлөө хөдөлмөрлөж өшөөгөө авна” гэж маш тодорхой хэлсэн. Энхбаяр гэдэг хүнийг дээд зэргээр хэлмэгдүүлэн барьж хорьж хохироосон хүмүүс нэр устайгаа байж л байна. Тэр хохироосон хүмүүсийн дунд өмнө нь Н.Энхбаяр даргаас албан тушаал авч байсан хүмүүс бий. Ерөнхийлөгч байхад нь өрөөнийх нь үүдэнд хаалгыг нь сахиад суудаг байсан. Даргын итгэлийг авч төрийн өндөр албанд очсон хүмүүс байсан уу гэвэл байсан юм. Гэтэл энэ хүнээс олон хүн урвасан. Хүнд ёс зүй гэдэг зүйл байх ёстой. Н.Энхбаяр дарга өш хонзон санах хүн биш. Үүн дээр санаа амар байж болно.

Тэр хүмүүс л Н.Энхбаяр даргын нүүрийг харахаас айж байгаа байх. Тэдэнд бол ичгүүртэй л байгаа. Н.Энхбаяр даргыг Монголд ирсэн үед нь зарим хүмүүсийг ирж уулзаасай гэж боддог.

-Тухайлбал ямар хүмүүс гэж?

-Тухайн үед дэргэд байж байгаад албан тушаал авсан хүмүүсээс жишээ дурдахад Ц.Нямдорж, Ж.Бямбадорж, С.Баяр, Сү.Батболд энэ хүний ачаар албан тушаалд хүрч өнөөдрийг хүртэл ажил албатай, мөнгөтэй хөрөнгөтэй болоо биз дээ. Заавал улс төр ярихгүйгээр “Бие чинь сайн байна уу” гээд цагаан сараар хадаг барин ирж золгочих ёс зүй энэ хүмүүст алга. Зарим хүмүүсийг би ирээсэй гэж бодож байсан. Н.Энхбаяр дарга битүүний өдөр онгоцноос буугаад шууд Бөхийн өргөөнд ирж үзэгчдийн суудалд суухад нэг хүн явуулаад Н.Энхбаяр даргыг дуудаад ядаж ардаа суулгачих байсан юм. Хоорондоо сайхан хөөрөг зөрүүлээд суусан бол Бөхийн өргөөнд бөх үзэхээр ирсэн хүмүүсийн дотор нэг сайхан онгойх байсан биз. Манай Элбэгээ түүн дээр алдсан. Ард түмэн тэгээсэй гэж хүлээж байсан юм. Хажууд нь суусан Р.Гончигдорж яагаад үүнийг нь хэлж болоогүй юм бэ. “Та дуудаад дэргэдээ суулгачихаач” гэхэд Элбэгээ үгүй гэхгүй шүү дээ. Энэ томчуудыг бүх хүн л харах юм байна шүү дээ. Хоорондоо эвтэй байвал бүх хүн баярладаг.

-Н.Энхбаяр даргаас албан тушаал авч байсан хүмүүс яагаад одоо нүүр буруулах болсон юм бэ?

-Хүн сайдаж болно, муудаж болно. Ажил албанаас болж ам мурийхыг алийг тэр гэхэв. Гэхдээ эргээд уулздаг нүүртэй байх ёстой л доо. Нүүр халуун гэдэг. Тийм болохоор л ирж уулзахгүй байгаа юм байлгүй. Н.Энхбаяр дарга ч гэсэн ирж уулзаасай гэж хүсч байсан байх. Би даргын ярианаас тэгж ойлгосон.

Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс бол улс төрд хатаагдсан хүмүүс. Ёс зүйгээ бодож ирээд уулзчих ёстой л байсан юм даа гэж бодож явдаг юм. Юу нь тэднийг цааш нь түлхээд байгаа юм бүү мэд.

-Гэхдээ БНСУ-д эмчилгээ хийлгэж байхад нь МАН-ын зарим хүмүүс очиж уулздаг гэсэн яриа гарч байсан. Үнэхээр очдог байсан юм уу?

-МАН-ынхан дотор ёс зүйтэй хүмүүс байна. Сая ирэхэд нь ч гэсэн МАН-ын зарим удирдлага ирж уулзсан шүү.

-Ямар хүмүүс уулзсан юм бол?

-Саяын нэр хэлсэн хүмүүс л ирээгүй. Бүр тодорхой хэлбэл С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдож нараас бусад МАН-ын удирдлагууд Н.Энхбаяр даргатай ирж золгосон. Ер нь л бүгдээрээ ирж нөхрийн ёсоор уулзаж, сайхан ярилцаад явсан. Хэн ирсэн гэдгийг нь би хэлээд яахав. Аягүй бол намынхан нь хавчиж гадуурхаад сүйд болно. Тэр хүмүүсийг Н.Энхбаяр дарга дээр ирэхэд үнэхээр их баярласан. Урьд хожид хамт ажиллаж байсан, хүний зовлонг ойлгодог, ийм үед нь ирээд уулзчихдаг сэтгэлийн тэнхээтэй хүмүүс юм даа л гэж бодож байлаа.

-Танай намын дарга хэзээ эх орондоо бүр мөсөн ирж намынхаа ажилд оролцох юм. Сонгуулийн уур амьсгал орчихлоо?

-МАХН-ын хамт олон аль болох хурдан ирээсэй л гэж хүсч байна. Энэ хүнийг ирүүлэхгүй байх талын бүх арга хэмжээг зарим хүмүүс авч байгаа. Зохиомол хэрэг үүсгэх гээд байна л даа. Илэрхий иргэний эрхийг эрүүгийн хэрэг болгоод наалдуулж, хугацаагүйгээр нааж байна л даа. Дахиад ч шалгана гэсэн цуу яриа гарч байна. Энэ хүнийг бүх насаар нь гадаадад байлгахгүй. Тэгж ч чадахгүй. Ард түмэн чинь ирээсэй гээд хүсээд байгаа биз дээ. Өнөөдөр Намбарын Энхбаяр шиг удирдагч Монголд хэрэгтэй гэдгийг ард түмэн хэлээд байгаа. МАХН-ынхны хувьд даргатай байнгын холбоотой ажилладаг.

-Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар гэж байлаа. Н.Энхбаяр гэдэг нөхөр БНСУ-аас ирээд ганц гэрээнд гарын үсэг зураад бүх зүйлийг самарч засаг унасан гэдэг яриа бий?

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох нөхцөл нь бүрдсэн үед огцруулахын төлөө АН өөрөө ажилласан. Энэ нь Н.Энхбаяр даргын ирэх үетэй цаг хугацааны хувьд давхцаж таарсан. Энхбаяр гэдэг хүн Монголд ирээд байгаа нь өөрөө улс төр болчихоод байгаа юм. Аливаа зүйлийг Энхбаяр гэдэг хүнтэй холбож дүгнэлт гаргах үзэгдэл манайд бий болчихсон. Түүнээс биш Н.Энхбаяр хоёр гурав хоногийн дотор хөл толгойгүй сандааччихсан юм биш л дээ. Н.Алтанхуягийн Засгийн газар эхлүүлсэн ажлаа дуусгачихаасай гэдэг зүйлийг Энхбаяр дарга дотроо бодож явсан юм. Харамсалтай нь Засгийн газраа АН өөрөө унагачихаад бурууг нь Энхбаяр гэдэг хүн рүү чихэх нь утгагүй.

-Ирэх жилийн сонгуульд танай нам хэрхэн оролцох бол. Их хуралд суугаа танай гишүүд үүргээ хэр биелүүлж байна вэ?

-Улс төрийн сонгууль болдгоороо болно. Энэ сонгуульд МАХН ордгоороо орно. Бид одоогийн байгаа суудлаа аль болох нэмэхийн тулд, ард түмнийхээ итгэлийг олохын тулд биелэгдэх боломжтой мөрийн хөтөлбөртэй оролцоно. МАХН-ын нэрээр төрийн албанд ажиллаж байгаа болон УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүстээ тавих шаардлага өндөр байна. МАХН-ын нэрээр улс төрд орсон л бол сайн ажиллах ёстой гэдэг гол шаардлагыг тавих юм.

Одоо Их хуралд байгаа гишүүдээ сайн ажиллаж байна гэж хэлж чадахгүй. Энэ хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хийж дараагийн нэр дэвших асуудлаа бодох байлгүй. Үлдсэн жил гаруйн хугацаанд идэвхтэй ажиллаж ард түмэн болон намдаа өөрсдийгөө харуулах ёстой.

-Д.Тэрбишдагва тэргүүтэй зарим хүмүүс намын даргатайгаа таарамж муутай байна. Уулзахгүй байгаа гэсэн. Үнэн үү. Танай нам дотроо хагарчихсан юм уу?

-Ийм яриа гарч байгааг сонссон. Намыг дотор нь хагалах гэсэн явуургүй зүйл байх гэж харж байгаа. Нөгөө талдаа нэр бүхий хүмүүс нам дээрээ тогтож ажиллах хэрэгтэй. Намын нэрээр гишүүн болсон хүмүүс бол манай намын удирдлагын хүмүүс гэж ойлгож болно. Энэ хүмүүс удирдлагын хэмжээнд ажиллах ёстой. Одоогоор нам дотор салаад явчихсан юм алга. Улс төрийн хүрээнд МАХН-ыг ажиллах боломжоор хангахгүй байх, тээг тавих гэсэн хүсэл байна. Улс төрийн бусад намууд манай намыг ад үзэх байдал гаргаж байгаад халираад байх зүйл алга.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон нийтээ үзэж чаддаггүй Олон нийтийн телевиз

Сүүлийн үед нийгэм даяараа олон нийтийн байгууллага, олон нийтийн өмч, хөрөнгө гэж ярих боллоо. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийнх байх ёстой гэж шаагицгаах болж. Олон нийтийн байгууллага гэж хэнийх ч биш байдаг. Эзэнгүй гэсэн үг. Эзэнгүй гэдгийн тод жишээ бол Монгол телевиз гэдэг нэрийг нь “Гацуурт”-ын Чинбатын телевиз авахад араас нь хөөцөлддөг хүн байгаагүй. Эзэнтэй байсан бол брэнд болсон нэрээ зүгээр нэг тавиад туучихгүй байлгүй.

Тэр дотроо хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийнх байвал хэн дуртай нь юу ч хийж болдог, эзэнгүйддэг. Ийм эзэнгүй юман дээр төр эзэн суудаг. Үүний сонгодог жишээ өнгөрсөн лхагва гаригт харагдлаа. Дуучин С.Жавхлантөрийн удирдлагууд, УИХ-ын гишүүдийг мэтгэлцээнд урьж Олон нийтийн гэх телевизээс мэтгэлцээний цаг гаргаж өгөхийг хүссэн.Тэд мэтгэлцээний цаг өгсөн ч нөгөө талаас оролцох хүмүүс ирээгүй гээд нэвтрүүлгийн цагаа цуцлав. Угтаа төрийн удирдлагууд ирээгүй ч УИХ-ын цөөн гишүүн, зарим нам, хөдөлгөөний тэргүүд хүрэлцэн ирсэн байлаа. Олон нийтийн телевиз харин тэднийг хүн чинээ тоосонгүй. Олон нийтийн телевизийн удирдлага төрийн удирдлагуудыг энэ мэтгэлцээнд ирэхгүй гэдгийг мэдэж байсан ч мэтгэлцээн санал болгосон хүмүүст цаг олгосон нэр зүүгээд эцэст нь цуцаллаа гэж зарим хүн хардаж байна лээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, мөн Б.Жаргалсайхан, Г.Шинэбаяр, С.Жавхлан, Сүхжаргалмаа нарын нэлээд олон хүн мэтгэлцээнд оролцох гээдМҮОНТ гэж байгууллагынханд загнуулж зандчуулаад явлаа.

Энэ эзэнгүй байгууллагын дээр төр эзэн суучихжээ. Төр гэдэг нам болон бусад намуудаас бүрдэж байгаа. Тэд эзэн суухаар барахгүй төрөөс цалинг нь тавьж, төрөөс боловсон хүчнийг нь томилдог. Одоо бүр цахилгааны үнэ дээр нэмээд айл бүрээс татвар авч байгаа. Төрийн нэрээр дээрэм маягтай л татвараа авч эхлэв. Төдийгөөс өдий хүртэл Олон нийтийн телевиз монопольчилж ирсэн.Гэвч хувийн гэх арилжааны телевизүүд гарч ирснээр Олон нийтийн телевизийн үзэгчид цөөрч чанар муутай мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдийг нь барагтай бол үзэхээ байчихсан. Гэсэн ч тус телевиз төрийн нэрээр авдаг татвараа авсаар байгаа.Тэгвэл олон нийтийн гэж гайхуулаад байдаг телевиз дээр нь олон нийтийн төлөөлөл оролцох гээд бүтэн оройжин оролдоод барсангүй. Манай дарга нарын эрх танхил хүүхнүүд өнөө телевиз дээр нь дарга даамлаароччихсон. “Томилсон дарга нарыг маань муулна” гээд олон нийтийн төлөөллийг хавьтуулсангүй. Бас хуулийн заалт бий гэж ирээд лтайлбарлаж харагдана лээ.Олон нийтийн төлөөлөлолон нийтийн телевиз дээрочихгүй хаана очихов дээ. Ер нь бол олон нийтийнх гэдэг зүйлбайдаггүй л байхгүй юу. Төрийнх, эсвэл хувийнх л гэж бий. Хэн төр барина тэр л олон нийтийн гэх бүгдийг эзэмшдэг. Олон нийтийн телевиз ямар аюултайг “Долдугаар сарын 1”-ний гэх үйл явдлаар бид харсан. О.Магнай сая төгрөг өгсөн гэж сэтгэцийн өөрчлөлттэй хүнээр яриулж үнэнийг гуйвуулж, нийгмийг турхирах гэж оролдсон.

2004 онд Э.Бат-Үүл, Л.Гүн­далай, Мөнхтуяатэргүүтэй хэдэн нөхөд сонгуулийн дарааолон нийтийн телевизийг эрх барьж байгаа намд үйлчилсэн, сонгуулийн дүнг зарлахад ч хамгийн түрүүнд эрх баригчдынхаар будлиантай мэдээллийгцацсан гэж телевиз рүү очиж байлаа. Телевизийг нь эзэлж аваад тэр үед удирдаж байсан дарга Ц.Энхбатыг нь заамдаж, цамцыг нь урж,телевизийн удирдлагыг тэнцвэртэй зөв мэдээлэл хүргэсэнгүй гэж жагсагчид эсэргүүцэнбөөн дуулиан болж, телевизийн хаалга цонх хагарч сүйдболж байв.

Тэрэн шиг үйл явдал өчигдөр болсон. Бараг арван жилийн дараа ийм үйл явдал давтагдлаа. Телевиз рүү дайрсан хүмүүс нь л солигдож. Мөн хэн нэгний цамц урагдаж, цонх хаалга хагарсангүй. Тэр үедБ.Бат-ЭрдэнэОлон нийтийн телевиз рүү ингэж хүч түрэн дайрч болохгүй гэж ярьж явсан байж болох люм. Харин одоо ингэж оруулахгүй байгаа нь байж болохгүй хэрэг гээд л сууж байна. Тэр үед ч эрх баригч намын мэдэлд энэ телевиз байсан, одоо ч эрх баригч намын мэдэлд байна.Монголын нийгэм энэ арван жилийн хугацаанд хөгжсөн юм уу. МҮОНТ ч энэ хугацаанд хөгжөөгүй, өөрчлөгдөөгүй.Тэгээд ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу байхав. Олон нийтдээ үйлчилдэггүй олон нийтийн татвараар санхүүждэг ийм байгууллагыг татан буулгаж тараах, эсвэл хувьчлах хэрэгтэй юм.“Эргүнэхунгийн” цохио шиг тэр том барилгыг нь хүүхдийн эмнэлэг болговол олонд илүү тустай.Нэг ийм том олон нийтийн гэсэн нэр дор монополь эрхтэй телевиз нэвтрүүлгийг нь иргэдүзсэн, эс үзсэнийг харгалзахгүйгээрхүчээр татвар хурааж оршин тогтночихоод олон нийтээ ад үзээд байхаар чөлөөт гэх телевизүүдийг хөгжихөд чөдөр тушаа болоод байгаа юм. Олон нийтээ үзэж чаддаггүй, олон нийт нь үзэхээ байчихсан ийм нэг телевиз олны нэрийг барьж хэдий болтол оршин тогтнох вэ. Дарга удирдлагууд нь бүгд намын гишүүн байсан, улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс. Олны нэрийг барьсан ийм телевиз бидэнд ямар хэрэгтэй билээ. Тэд төрд үйлчилж төрийн юу гэж тархи угаахыг гүйцэтгэн биелүүлэгч л болж. Швейдийн олон нийтийн телевизийн тухай хуульдурьд өмнө нь улс төрийн томилгоогоор ямар нэг албан тушаалд томилогдож байсан л бол Олон нийтийн телевизийн удирдлагаар ажиллахыг хориглодог юм билээ. Гэтэл манайд байдаг Олон нийтийн телевизийн удирдлагууд бүгд аль нэг намын төлөөлөл, улс төрийн албан тушаалтан байсан.Намын төлөөллийн хүмүүс дарга болчихоор улс төрийн нөлөөлөл орох нь тодорхой. Олон нийтээ гэхээс илүүтэй томилсон дарга, эрх барьж байгаа намд л үйлчлэх нь ойлгомжтой. Дээр нэгэнтээ дурдсанШвейдийнхуульд Олон нийтийн телевизийн удирдлага байтугай сэтгүүлч рүү нь хэн нэгэн улстөрч ярихыг хориглодог заалттай юм билээ. Гэхдээ сэтгүүлч улстөрч рүү аливаа нэг асуудлаар асууж ярих эрх нь нээлттэй. Ингэж байж л хараат бус байдлыг бий болгодог аж.

МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийгЕрөнхийлөгч, УИХ,Засгийн газрынсанал болгосноор УИХ баталдаг. Тэгэхээр МҮОНТ нь олон нийтийнх биш, улс төрийн олонхийн л эрх ашигт үйлчилдэг тийм л хуулийн тогтолцоотой. Энэ телевизийн удирдлагаар ямар ч эх оронч, иргэдээ боддог, мэргэжлийн мундаг сэтгүүлч очоод олон нийтийн эрх ашгийг хамгаалах боломж байхгүй. Нэгэнт тийм болохоор улстөрчдөд, намд, төрд үйлчилдэг телевизээр олон нийт яах ч билээ. Байснаас байхгүй нь дээр шүү дээ.

М.СҮЛД

Categories
мэдээ нийгэм

Улсын дундаж цалин 844 мянган төгрөг

Улсын хэмжээнд дундаж цалин 844 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс эмэгтэйчүүдийн цалин 782 мянга, эрэгтэйчүүдийнх 905 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 51 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тэгвэл үүнд юу нөлөөлсөн талаар ҮСХ-ний төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу нэг сая 479 мянган төгрөг. Харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 476 мянган төгрөг байна.Түүнчлэн ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2014 оны дөрөвдүгээр улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу нэг сая. Харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 444 мянган төгрөг буюу хамгийн бага байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үйлчилгээний талаар иргэдээс санал авч эхэллээ

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч, цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулга авч эхэллээ.

Та Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд https://poll-en.herokuapp.com/survey/setgel-hanamjiin-unelgee нэвтэрч саналаа өгнө үү.

“Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2014 оны “Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт”-д тусгагдсан ажлын хүрээнд бэлтгэсэн 72 асуулт бүхий санал асуулга энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуу санал асуулгын дүнг 4 дүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Дэлгэрмөрөн Европын орнуудад аялан тоглолт хийнэ

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Европын орнуудад амьдарч байгаа монголчууддаа зориулан, аялан тоглолт хийхээр тус тивийг зорьжээ.

Тэрээр амьд хөгжмийн HEAVEN хамтлагтай хамтран тоглох юм байна. Тоглолт энэ сарын 13-нд буюу өнөөдөр Германы Берлин хотод, 15-нд Швейцарийн Женевт, 18-нд Испанийн Сан-Себистяан хотод, 20-нд Францын Rennes-д, 21-нд Белгийн Antwerpen-д, 28-нд Шведийн Стокгольмд, ирэх дөрөвдүгээр сарын 4-нд Туркийн Истамбул хотод тус тус болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгосын цагдаа нар монголчуудад зориулж санамж гаргажээ

Солонгосын Жүнбү дүүргийн цагдаагийн газар Солонгос улсад амьдарч буй монгол иргэдэд зориулж монгол хэлээр санамж бичиг гаргажээ. Гэхдээ бичсэн санамждаа нэлээд олон алдааг гаргасан байв. Ингэж санамж бичиг гаргах болсон нь Солонгост амьдарч буй монголчууд зөрчил их гаргадагтай холбоотой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дорнын аялгуу” зургаа дахь удаагаа боллоо

“Дорнын аялгуу” хятад дуу дуулаачдын улсын уралдаан зургаа дахь удаагаа боллоо. БНХАУ-ын Олон улсын радио, “Үй цай” бүрэн дунд сургууль хамтарсан Күнзийн танхимаас жил бүр уг наадмыг зохиодог. Хятад хэл судалдаг сургуулиудын дунд болдог уг наадамд 18 сургууль оролцлоо. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс нийт 75 сурагч “Хүүхдийн ордон”-ы тайзан дээр авьяас ур чадвараа сорьсон юм. Наадамд оролцож буй Л.Ундрам “Үй цай” сургуулийн зургадугаар ангийн сурагч. Тэрбээр ярихдаа “Би нутгийн охины тухай дуугаар оролцож байгаа. Удаан бэлтгэсэн. Тайзан дээр гурав дахь удаагаа гарч байгаа болохоор гайгүй. Нэгэнт уралдаанд оролцож байгаа болохоор хамгийн дээд байрыг нь авахыг хүсч байна. Том болоод эмч болохыг хүсдэг” гэсэн юм.

Наадам үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Танхимд суусан фэнүүд ч оролцогчоо маш хүчтэй дэмжиж байсан юм.

Наадмын дүн гарахад “Үй Цай” сургууль дөрвөн насны ангилалаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл авсан байв. “Чин хур” сургууль алт, мөнгө, “Гэгээрэл” сургууль нэг хүрэл, гурван тусгай байр, Эрдэнэт “Цайхун Гэгээ” сургууль нэг хүрэл, нэг тусгай, “Дархан Цай хун” сургууль хоёр мөнгө, гурван тусгай, 105 дугаар сургууль нэг хүрэл, нэг тусгай байр эзэлжээ.

6-8 насны нэгдүгээр байрт “Чин хур” сургуулийн сурагч Б.Буян-Ундрах, 9-11 ангилалд “Үй Цай” сургууль Энх-Үжин, 12-14 насны ангилал “Үй Цай” сургууль 7а ангийн сурагч Б.Энэрэл, 15-17 насны ангилал “Үй Цай” сургуулийн сурагч Б.Мөнхзул нар тэргүүн байрт оржээ.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-ын эмийн хяналтын тогтолцоог үнэлнэ

МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт 2015 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ДЭМБ-ын Ази-Номхон далайн бүс хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн технологийн хэлтсийн багийн ахлагч Клара Тисоки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Талууд манай улсад эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд эм биобэлдмэлийн хяналтын үүрэг, оролцоо, эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх шаардлага, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл зэргийн талаар ярилцлаа.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл дөрөвдүгээр сард манай улсад ирж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмийн хяналтын тогтолцоог үнэлж, эмийн үйлдвэрүүдтэй танилцах юм. Цаашид эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, чанарын гарын авлага боловсруулах, улсын байцаагч, эмийн шинжээч нарыг гадаадад сургалтад хамруулах талаар тохиролцлоо.