АТГ-аас мэдээлснээр мөрдөн байцаалтад байсан зарим хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Тухайлбал, АТГ-аас Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. Мөн уг журмын дагуу иргэд, аж ахуйн нэгжээс хандивласан 74 сая төгрөгөөс 5 иргэний 52 сая төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна. Зөвлөмжийн хүрээнд мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд болон авлигад өртөх эсдэл бүхий албан хаагчидтай “Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээ” байгуулах, орон нутагт зохион байгуулдаг үр ашиггүй сургалтын зогсоох, удирдлагын шийдвэр боловсруулахад авлигын эсрэг хууль тогтоомжийг сануулсан саналын хуудас боловсруулан, мэдэгдэл тайлбарын бүртгэлийг дэвтрээр болон цахимаар бүртгэх, авлигад өртөх эрсдэлтэй ажил албан тушаал, үйлчилгээний жагсаалт гаргах, дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төсвийн хөрөнгийг буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар БНХАУ-ын Хайнан мужид аялсан нэр бүхий 7 албан хаагчийн зардал болох 8 сая 500 гаруй мянган төгрөгийг буцаан төлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.
Month: March 2015
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийнхээ хүн амын төвлөрөл ихтэй бүсэд цагдаагийн явуулын пост ажиллуулж эхэлсэн байна. Энэхүү ажил нь гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд гэмт хэргийн зөрчил ихтэй хороодын бүсэд байрлан ажиллаж буй аж.
Цагдаагийн явуулын пост байрлуулсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн ахуйн хүрээнд гарсан гэмт хэрэг зөрчлийн дуудлага өгөх гэж иргэд заавал цагдаагийн хэлтэс, хэсэгт очиж цаг алдахгүй болсон давуу талтайг эх сурвалж онцолж байна.
Швейцарийн Женев хотноо Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны хурал болж байна. Энэ хуралд манай улсаас Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож буй юм. Уг хурлын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Товчооны гишүүнээр сонгожээ.
Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо нь ХЭҮБ-уудын үйл ажиллагаа болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцооны хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангадаг төдийгүй Парисын Зарчимд нийцсэн магадлан итгэмжлэлийн дотоод тогтолцоогоороо НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүрч ажилладаг онцлогтой байгууллага юм.
Харин Олон Улсын Зохицуулах Хорооны Товчоо нь гишүүнээр элсэхээр хүссэн ХЭҮБ-ын хүсэлтийг авч хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгөх, Магадлан Итгэмжлэх Дэд Хорооноос зөвлөмж гаргасны дараа магадлан итгэмжлэлийн статусыг хэлэлцэн шалгаж, шийдвэрлэх зэрэг үндсэн үүрэг хүлээх аж.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын дунджаар инфляцийн түвшин 9.3 хувь байна.
Харин Улааанбаатар хотын инфляци улсын дунджаас доогуур буюу 8 хувьтай гарчээ. Энэ байдлаараа цааш үргэлжилбэл Монголбанкнаас тогтоосон 2015 онд инфцляцийг 7 хувьд тогтоон баих зорилт хэрэгжих боломжтой. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар инфляци 14.9 хувьд хүрэн, сүүлийн 2 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн юм.
Энэ нь бидний худалдан авах чадвар 15 хувиар буурсан гэсэн үг юм.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Өнөөдөр хуралдах Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар инфляцийн түвшин, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг нарийвчлан хэлэлцэх юм байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар багтдаг.
Монголын хөлбөмбөгчид Зүүн Тиморын эсрэг хариу тоглолтоо энэ сарын 17-нд хийнэ.
Тоглолтын тасалбар маргаашаас эхлэн Монголын хөлбөмбөгийн холбооны байранд худалдаална. Тасалбарын үнийн хувьд 5000 төгрөг.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ө.Шижир “Монголчуудыг олноороо ирж шигшээ багаа дэмжихийг уриалж байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос ашиг гарахгүйгээр тасалбарын үнийг 5000 төгрөг байлгахаар шийдвэрлэсэн. Та бүхний хөгжөөн дэмжлэг багийнханд маш их хэрэгтэй шүү” гэдгийг хэллээ.
Зүүн-Тиморын эсрэг хийсэн тоглолтоос харахад цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчид цуглаж багаа дэмжсэн байсан.
Хариу тоглолтын тасалбар нийтдээ 3500 ширхэг зарагдах юм байна.
Дэлхийн Уулын холбооны лицензтэйгээр Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа ОХУ-ын Киров хотод зохион байгуулагддаг. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 орны 80 гаруй гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Манай тамирчид нийт 95 оноо цуглуулж, оноо цуглуулсан дэлхийн 11 орноос зургаадугаарт жагсчээ.
Өмнөговь аймагт 200 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. Орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Бадраа, Засаг даргын орлогч Д.Нацагдорж, НХХ-ийн дарга Н.Жамъянхорол, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга нарын албаны хүмүүс оролцсон байна. Боловсролын салбарт орон нутгаас хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нэг юм байна.
Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл нь 2014 онд төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр авах буюу нэмэгдүүлэх 60 албан хаагчийн хүсэлтийг хянан шалгаж, 56 албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгуулах саналыг аймгийн Засаг даргад 2014 оны нэгдүгээр сард хүргүүлсэн байна. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны А/13 тоот захирамжаар 56 албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгосноос 27 албан хаагчдад шинээр албан тушаалын зэрэг дэв олгоод байгаа аж.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2015.03.14/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Булмаантай уулзана. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Бундестагийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдерер, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел, Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийлэнд, Ханновер хотын Засаг дарга Ш.Шосток, Доод Саксон муж улсын Ерөнхий сайд Ш.Вайл нар бараалхана. Мөн “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага, Эссен хотын клиникийн Их сургуулийн проффесор, доктор В.Попп, “AbbVie” компанийн гепатит C вирусын эмчилгээний зохицуулагч М.Лихиус нар бараалхана.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилно. Түүнчлэн Ханновер хотноо болох “CeBIT” олон улсын мэдээлэл технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Фолксвагены Ханновер дахь микроавтобус, хагас ачаа, тусгай хэрэгцээний машины үйлдвэртэй танилцана. Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийсэн айлчлалаа дуусгаад БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНПУ-д албан ёсны айлчлал хийнэ.
БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийнэ. Мөн БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцана.
Улсын Их Хурлын даргын айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сеймийн Тамгын газрын дарга Ян Чапла нар Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна
Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар орсон байна. Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт өнөө өглөө 06.00 цагийн үед АНУ-д мэргэжлийн боксын эхний тулаанаа хийлээ.
Н.Төгсцогт Америкт мэргэжлийн боксын Жо Гуссен хэмээх багшийн удирдлага дор хагас жил орчим бэлтгэлээ базаасны эцэст эхний тулаанаа хийлээ. Түүний эхний учраа нь Америкийн 30 настай боксчин Габриель Брэкстон байлаа. Брэкстон нь мэргэжлийн боксын 10 тулаанд орсоноос 2-т нь ялалт байгуулж, 8-д нь ялагдсан үзүүлэлттэй тамирчин юм.
Тоглолтын нэгдүгээр раунд эхэлсэн үеэс манай гавьяат тамирчин маань илт давуу тоглолт үзүүлж өрсөлдөгчөө 47 секундэд хүнд цохилтоор яллаа.