Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн өсвөрийн аваргуудыг тодруулна

Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн 2015 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Спортын Төв Ордноо өчигдөр/03.14/ эхэлсэн энэ тэмцээн өнөөдөр өндөрлөж, шилгүүдээ тодруулах юм. Мөн тус тэмцээний жин тус бүрд эхний наймд шалгарсан тамирчид ирэх дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохиогдох өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм байна. Тэмцээнд дүүргүүдийн спорт хороо, клуб, дэвжээ, ерөнхий боловсролын сургуулийн зэрэг 70 гаруй байгууллагын 600 тамирчин оролцож байна.

Categories
мэдээ спорт

Лёв Бундестимтэй байгуулсан гэрээгээ 2018 он хүртэл сунгалаа

2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Йоахим Лёв шигшээ багтайгаа байгуулсан гэрээгээ 2018 он хүртэл сунгалаа.

Түүний өмнөх гэрээ 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний дараа дуусах байсан боловч дахин 2 жилийн шинэчилсэн гэрээ хийн, 2018 онд ОХУ-д болох ДАШТ хүртэл “Mannschaft”-ыг дасгалжуулах болсон тухай Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Вольфганг Нирсбах мэдэгдлээ.

Вольфганг Нирсбах хэлэхдээ “Йоахим Лёв 2018 оны ДАШТ хүртэл Германы шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсныг зарлахдаа таатай байна. Бид цаашид дэлхийн шилдэг хэвээр байхыг зорьж байгаа. Тиймээс Германы Хөлбөмбөгийн Холбооноос шигшээ багаа, хөлбөмбөгчдөө шилдэг нь байлгахад хэрэгтэй бүх зүйлээр хангаж байх болно” гэв.

Йоахим Лёвын хувьд 2006 оны ДАШТ-ий дараачаас Германы шигшээ багийг удирдаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Европын Аварга Шалгаруулах Тэмцээнээс 2008 онд мөнгө, 2012 онд хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2010 онд хүрэл, 2014 онд алтан медаль хүртээд байна. Тэрээр өнөөдрийг хүртэл Бундестимийг удирдан 118 тоглолт хийснээс 80 удаа хожиж, 21 тэнцэн, 17 удаа хожигдоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна

Төвийн нутгуудаар энэ сарын 14-нээс эхлэн орсон цас хайлж, замын зорчих хэсэг мөстөж, хальтаргаа үүсчээ. Ялангуяа Дархан, Эрдэнэт чиглэлийн автозам нилэнхүйдээ мөстсөн учраас жолоочдыг хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Учир нь Дархан, Эрдэнэт чиглэлийн орон нутгийн замд жолоочид хурд хэтрүүлэн давхиснаас замын осол, зөрчил үүсэх эрсдэл өндөр байгаа гэнэ. Түүнчлэн нийслэлд ч гулгаа ихсээд байна. Тиймээс хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

Архангайд шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтад оров

Архангай аймагт “Дашваанжил” компанийн шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтад орж буй юм байна. Үүнтэй холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” салбарын сургалтыг зохион байгуулжээ. “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтад шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч 37 аж ахуйн нэгжийн удирдлага, техникийн ажилтанд, иргэдийг хамруулан, ашиглалтад орж байгаа цэнэглэх станцын тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд холбогдох хяналтын хуудсаар урьдчилан сэргийлэх хяналт, үзүүлэх сургалтыг хийж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийг огцруулахаар суулт зарлажээ

Өчигдөр 16:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах суулт зарлаж эхэллээ. Энэхүү суултыг “Босоо Хөх Монгол” ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгчийг огцруулах саналтай иргэдийн гарын үсгийг цуглуулж буй юм байна.

“Бид 25 жил харлаа, үзлээ. Одоо болно. Бидний толгой тархийг ухлаа. Одоо бүүр бүх шүтээн уулыг минь ухаж эхэллээ. Бид хошгирч ханалаа” хэмээн тус ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан өөрийн фэйсбүүк хуудсаараа байр сууриа илэрхийлэв.

“Босоо хөх монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжин “Хоёр үндэслэл дэвшүүлж байгаа. Нэгд, Ерөнхийлөгч ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлээгүй, итгэлийг нь алдсан. Хоёрт, АНУ-ын иргэн Жастин Каплад уучлал үзүүлсэн алхам нь Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн 35.2-т заасны дагуу огцрох нөхцөл бүрдсэн. Огцруулах гарын үсэг цуглуулахад тооны хязгаар байхгүй. Бид огцруулах суултынхаа зөвшөөрлийг авсан. Бас гомдлоо энэ сарын 12-нд цэцэд өгсөн” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Аврах ангийн нисдэг тэрэг осолджээ

Өнгөрсөн баасан гаригийн оройн 20:30 цагийн орчим Солонгос улсын Чоннам аймгийн Кагоду арлаас 3 км зайд байх далайн усанд хоёр нисгэгч, яаралтай түргэн тусламж үзүүлэх хоёр эмч суусан аврах ангийн нисдэг тэрэг унаж, бүгд амиа алдсан харамсалтай осол гарчээ. Тэд уг арлаас 7 настай өвчтэй хүүхдийг авчрахаар замдаа гарсан байна. Франц улсад үйлдвэрлэсэн 13 метр урт, 3.3 метр өргөн, 4.1 метр өндөр, нэг удаагийн шатахуунаар 3 цаг нисэх чадвартай нисдэг тэрэг далай дээр эргэлдэж байгаад гэнэт доош унасан байна. Онгоцны ахмад аврах хантаазаа өмссөн байдалтайгаар хоёр цагийн дараа далайн эргээс олдсон бол үлдсэн гурван хүн одоо болтол олдоогүй, тэднийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Олон улсын шүүгч нар Супер лигийг шүүнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Супер лиг”-ийн плэй-оффын тоглолтууд маргааш Спортын төв ордонд эхлэх билээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгч Мексик улсын иргэн Кришна Дамингуэү, Алехандро нар өнөөдөр манай улсад ирлээ. Тэдний хувьд Супер лигийн плэй-оффын тоглолтуудыг шүүн явуулах юм байна.

“Үндэсний супер лиг”-ийн плей-оффын оноолт:

1: “SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”
2: “Мон-Алтиус Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд”
3: “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац”
4: “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд”

Маргааш буюу гуравдугаар сарын 16-ны плэй-оффын эхний хоёр тоглолт болно.

18.00 “SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”

20.00 “Мон-Алтиус Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” тус тус эхний тоглолтоо хийх бөгөөд түрүүлж гурав хожсон багууд хагас шигшээд өрсөлдөх эрхийг авах юм.

Categories
гадаад мэдээ

Немцовын амийг хөнөөхөд ашигласан бууг олжээ

Улстөрч Борис Немцовын амийг хөнөөхөд ашигласан хоёр гар бууг цагдаа нар олсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Москва хотын гүүрний ойролцоох голоос бууг олжээ. Хоёр бууг нэг газраас олоогүй хэмээн хэргийн газар ажиллаж буй мөрдөгч Сергей сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Эхний гар бууг олж, шинжилгээнд өгөхөд Немцовын аминд хүрсэн зэвсэг болохыг тогтоосон байна. Хоёр дахь бууны шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэж албаныхан мэдээллээ. Дээрх буунуудаас Немцовын аминд хүрсэн жинхэнэ хэрэгтний хурууны хээ олдож болзошгүй хэмээн Мөрдөх газраас мэдээлжээ.

Энэ сарын эхээр Немцовын аминд хүрсэн байх магадлалтай 27-55 насны таван эрэгтэйг баривчилсан юм. Баригдсан таван этгээдийн нэг Заур Дадаев улстөрчийн аминд хүрснээ хүлээсэн ч энэ долоо хоногийн эхээр дээрх мэдүүлгээ өөрчилсөн билээ. Тэрбээр “Намайг дарамталсан учир би худал мэдүүлэг өгсөн” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ

Монгол нутагт энх улирал айлчлан ирж, малчны хо­тонд нялх төлийн дуу цанги­наж эхэллээ. Энэ үе бол мал­­чин монгол түмний нойр, хоолоо ч умартан зүт­гэ­­дэг ха­риуцлагатай цаг. Мал малчдад очихоос өмнөх түрүү нийгмийн үед төв суурингийнхан ч мал төллүүлэх кампанит ажилд дайчлагдан мачийдаг байв. Төлөө хорогдуулсан малчин баалуулж, төлөө бүрэн бой­жуул­сан сайчуул нь мандан бадардаг байсан. Мал аж ахуйн орон гэдэг утгаараа мал төллүүлэх их үйлст бүхий л хүч хөдөлмөрөө дайчилдаг байсан ч манай улсын мал сүрэг өнөөгийнх шиг өссөн удаа үгүй. Наяад онд тав зургаахан настай байхдаа сумын эмнэлгийн бага эмч буурал аав, сургуулийн галч буурай ээж хоёрынхоо хамт сумаас жар далаад км хол Таван толгой гэдэг газарт хоёр сар гаруй мал төллүүлэлцэж байсан минь санаанд тодхон байна. Баянхонгор аймгийн Заг сумын малчин Цогзол хэмээх аймгийн сайн төлчний хоёр зуу гаруй хонийг тусдаа тасдан авч, ганц гэрээр төвхнөсхийж, хаваржингаа л хурга, ишигтэй хөөцөлдөж, шар бууц бужигнуулсан юм даг.

Шөнө хонь ямаа майлангуут л хөөрхий хоёр хөгшин минь гар чийдэнгээ барин гарч нойтон төл оруулж ирнэ. Бүхлээрээ хувцастайгаа нүдний хор гаргаж, яндан хонгинуулж, өрх дар дархийлгэсэн хүйтэн цасан шуургатай шөнөөр ч таван арван хормын зайтай хотоо эргэнэ гэдэг настай улсад хэцүү л байсан байж таараа. Өдрийн цагаар царай нь харлачихаад л ээлжлээд хонио дагангаа, хурганы уут үүрч, хажуугаар нь харгана шаваг түүж ирж хоногийн түлш залгуулна. Нэг удаа буурай аав минь үдийн будаатай цайгаа уучихаад налайж байсан хонин дээрээ очтол дөнгөж төрсөн хургыг нь элээ шүүрээд явчихсанд харамсан “Бор нүдэн зусгийн хургыг шувуу шүүрчихлээ, ингээд яланд унадаг байж” гэж бэргэж байсныг санадаг юм. Нээрээ ч төл их хорогдуулбал “ачигдах” амархан байсан хэцүү цаг байжээ. Тэр үеийн малчин өрх бүрт “Төлжилтийн” ч бил үү сүртэй нэртэй хүснэгт бүхий дэвтэр ч байдаг байсан. Бодвол төл бүрийг дансалдаг тоо бүртгэл маягийн юм байсан юм уу даа. Бас сайн төлчний хойморт “Энх төлчин” гэсэн цацагтай улаан дарцаг байдаг сан.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал манайд сайнаар нөлөөлж, малчид аж төрлөө боломжийн хэрээр өөдрөг өнгөлөг авч яваагийнх ч юм уу манай улсын мал сүрэг жил ирэх тусам өсөж үржиж байна. Одоо Монголын хаана ч очсон мал ид төллөөд эхэлчихсэн байгаа. Хурга, ишиг хотонд шуугилдан майлалдаж, борвио тэнийлгэх ботго, унагад чүүчигнэн хөл дээрээ тэнцэж, цасны сэжүүр дээр унасан сарлагийн тугал эхсээ хатуут сүүлээ модойлгон эхийнхээ дэлэнг нудчин байгаа. Өнгөрөгч морь жилд малчид маань арван долоон сая төл бүрэн бойжуулж, мал сүргээ жар гаруй саяд хүргэсэн. ХХААЯ-наас гаргасан мал төллөлтийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар улсын хэмжээнд 555.8 мянган эх мал төллөж, 546.3 мянган төл хүлээн аваад байна. Одоогоор 1369 ботго, 1821 унага, 12.2 мянган тугал, 245.7 мянган хурга, 285.3 мянган ишиг бойжиж байна. Төл бойжилт 98.8 хувьтай байгаа аж. Ховд аймгийн төллөх эх малын 22.5 хувь төллөн бусад аймгуудаа тэргүүлж байна. Нэг ёсондоо төллөх таван мал тутмынхаа нэгийг эсэн мэнд төллүүлээд авчээ, Ховдынхон. Тус аймагт харьцангуй эрт урь унаж дулаардаг учраас орон нутгийн цаг агаарын онцлогтоо тааруулан малынхаа хээлтүүлэг нийлүүлгийг эрт хийдэг нь мал төллөлтийн хугацааг наашлуулдаг гэнэ. Бусад аймгуудын мал төллөлт ч шуудраад малчид маань нойр хоолоо умартан зүтгэж буй нь ойлгомжтой. Мал төллөлтийн бүрэн тайлан улсын наадмын өмнөхөн тодорхой болдог гэж мал аж ахуйн мэргэжилтэн хэлж байна. Өнгөрөгч жилүүдэд мал сүрэг өссөн болохоор энэ 2015 онд 19-20 сая төл хүлээж авах урьдчилсан судалгаатай байгаа юм байна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Оюутны ширээнээс олонд танигдсан нэг ангийнхан

Соёл, урлагийн их сургуулийн үлгэр жишээ ангийг энэ удаа урилаа. Тэд 1997-2002 онд СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгссөн үе чацуутнууд. Энэ ангийнхны дийлэнх нь буюу наяад хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэхээр яалтгүй ч үгүй хүсэн тэмүүлсээр дуучин болсон залуус юм гэж үнэлэхээр. Сургуулиа төгсөнгүүт 18 хүүхдийн 11 нь Дуурь бүжгийн эрдмийн театрт оржээ. “Нэг төгсөлтөөс ийм олон хүн энэ театрт орсон түүх байдаггүй юм билээ” гэж ангийн дарга Д.Ариунбаатар хуучиллаа. Тухайн үед багш нар нь баяр хүргэж маш их итгэл хүлээлгэдэг байж. Үлгэр жишээ анги гэдэг нь ийм л учиртай гэнэ. Ангийн бүх хүүхдүүд олны танил. Одоогооор ангиас хоёр гавьяат жүжигчин төрсөн бол бараг бүгд Соёлын тэргүүний ажилтан болчихож.

Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа, гавьяат жүжигчин Ө.Уянга, СУИС-ийн дэд захирлаар томилогдоод удаагүй, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ эдний анги. Түүнчлэн Хөгжим бүжгийн коллежийндуулаачийн багш Ч.Батцэнгэл, дуучин Д.Ариунбаатар, Д.Хишигбаяр, Э.Оюумаа, “Классик жем” хамтлагийн Б.Мөнхбат, хошин урлагийн “Пароди” элэглэлийн хамтлагийн ахлах жүжигчин Б.Булган-Эрдэнэ, Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт драмын театрын дарга Д.Баасанжаргал, Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын уртын дуучин, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Н.Мөнхзул гээд эдний ангийнхнаас олноо танигдсан нь олон.

“Сургуульд ороод сар гаруйн дараа буюу 1997 оны аравдугаар сарын 25-ны өдөр Д.Хишигбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Батцэнгэл бид хэд дуурийн театр гэж гоё газрын үүдэнд ирчихээд хэдүүлээ энэ дуурийн театрын уран бүтээлч нь болно оо гэж мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөл минь одоо биеллээ олчихсон л байна” гэж ангийн дарга Д.Ариунбаатар хэлээд ангийнхнаараа бахархах аж.

Дуулаачийн ангид дуурийн дуулаач, уртын дуучин гэж хоёр чиглэлээр сургадаг юм байна. Дуурийн дуулаачаар орсон хүн дууриа ч дуулдаг, нийтийн дуу дуулах ч боломжтой. Уртын дууны төрөл бол ардын, уртын дуу, нийтийн дуугаа ч дуулж болдог байж. Ч.Бат-Эрдэнэ, Б.Булган-Эрдэнэ, Д.Ариунбаатар нар оюутан байхдаа нийлж, энд тэндхийн арга хэмжээг зохион байгуулж, хөтлөгч хийж тухайн үедээ л мөнгөтэй оюутнууд байжээ. “Бид гурвыг Дэлгэр багш “Зууны манлай халтуурчид” гэж нэрлээд шоолдог байсансан” гэж ангийн дарга нь өгүүлнэ.

Их хөдөлгөөнтэй анги байсан гэдэг нь харваас илт. Оюутан гэхээр л арваа төгссөн 18-тангууд байдаггүй гэдэг шиг тэдний ангийнхны дийлэнх нь “хөгшин”оюутан байжээ. Өмнө нь ажил хийж байсан, цэрэгт явсан, коллеж, техникумд сурч байсан гээд их сургуульд орох насаа өнгөрөөчихсөн байсан гэнэ.Охид , хөвгүүдээрээ нийлдэг ч их найрсаг хамт олон байсныг багш нар нь дурсдаг юм байна.

Зуны амралт дуусаад хичээлдээ оронгуутаа нийллэг зохиож, зугаалгаар явцгаана. Буянтогтох гэдэг найзынх нь аав “Тэрэлж”-д “Болор” гэдэг нэртэй зусланг ажиллуулдаг байж. Тийшээ явах дуртай. Нэг удаа тэнд очиж амарч, зугаалаад буцах мөнгөгүй болчихсон гэнэ. Хүн амьтнаас мөнгө гуйхаасаа ичээд ангиараа алхаад Налайхад ирээд автобусанд суужээ. Кондуктор нь мөнгөгүй оюутнуудыг хөөж тууж зарим нь чимхүүлсээр хот руу орж ирж байснаа дурсан ярьж инээлдэцгээлээ.

Үлгэр жишээ ангийнхан оюутан байхдаа л уран бүтээл хийгээд эхэлсэн гэж байгаа. Оюутан ахуйдаа студид дуу бичүүлж үзэх, том тайзан дээр гарах гээд уран бүтээлч хүний хүсдэг бүхий л шат дамжлагыг бүгдийг нь үзсэн авьяастай залуус. Сургуулиа төгсч амжаагүй байхдаа л уран бүтээлээ эхлүүлж эхнээсээ олонд танигдах замаа тавьж эхэлжээ. Ч.Бат-Эрдэнийн “Хонхны нулимс”-аар хүн болгон амьсгалж байсан тэртээ өдрүүдэд эдний ангийнхан ромбо, дипломоо аваад тайзан дээр энэ дууг дуулцгааж, нулимс дуслуулан зогсч байснаа дурсах дуртай гэдгээ хэлцгээлээ.

Тэр үед нийтийн дуунд хослон дуулах моод дэлгэрч байлаа. Эдний ангиас Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Г.Дэлгэрмаа нар хослон дуулсаар гарч иржээ. Тэдний энэ моодыг даган доод курсээс С.Жавхлан, Т.Баясгалан, Б.Энхмэнд, Г.Чинболор гэх хүүхдүүд гарч ирсэн нь одоогийн манай мундаг дуучид шүү дээ.

Оюутны байранд тэдний ангиас найман хүүхэд амьдардаг байж. Охидоос Наранцэцэг, Уянга, хөвгүүдээс Ариунбаатар, Хишигбаяр, Мөнхбат нар байдаг байсан гэнэ. Оюутны байрны шинэ жил, хагас бүтэн сайн өдрийн бүжиг болгоныг алгасалгүй орж, бүжгийн тэмцээнд Бэрцэцэг, Мөнхбат, Уянга нар эхний байруудыг эзэлдэг “аварга” бүжигчид нь байжээ.

Олон нийтийн ажилд сайн оролцдог идэвхтэй анги. “Бага доод күрсийнхэн биднийг их дуурайдагбайж билээ. Бид хоорондоо ойлголцохгүй байна гэж хэзээ ч байхгүй. Нэг нь дутагдалтай зүйл гаргавал бусад нь хэлж шүүмжлээд ойлгуулна. Тэр нь ч хүний амьдралд их хэрэгтэй юм шиг байна лээ. Нэгнийхээ төлөө сэтгэл гаргаж их гүйдэг оюутнууд байлаа. Одоо ч тэр бид нэг амьтай байдаг” гэж эдний ангийнхан нэгэн дуугаар хэлцгээлээ.

Байнга уулзалддаг болохоор ч тэр үү төгссөнөөсөө хойш ангийн албан ёсны уулзалт хийж үзээгүй гэхээр хүмүүс гайхдаг гэнэ. “Уулзалт хийгээд яах юм. Тоглолт бүрийн тайзны хөшигний ард уулзалддаг нэг гэр бүлийн улс шиг хүмүүс шүү дээ” гэж тайлбарлана.

Хөдөө орон нутаг, хилийн чанадад байгаа нөхөдтэйгээ утсаар, цахим ертөнцөөр байнга харилцана. Эдний ангийн бас нэг сонин зүйл нь монтажны зургаа авахуулаагүй гэнэ, одоо болтол. Оюутны ширээний араас л олонд танигдаж ирсэн тэдний хувьд төгсөлтийн баяр, төгсөлтийн шалгалтын үеэр завгүй байсан учир монтажаа хийлгэж амжаагүй гэсэн. Гэхдээ төгсөлтийн 15 жилийнхээ ойгоор сайхан гэгчийн монтажтай болохоор ярилцчихсан гэнэ лээ.

С.АРИУНЖАРГАЛ