Арилжааны 13 банк иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус болохыг хоёр шатны шүүхээс тогтоогоод байгаа. Шийдвэрийн дагуу бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд иргэдэд олгож буй зээлийн шимтгэлээ багагүй хэмжээгээр бууруулах юм. Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл авсан иргэд суутгуулсан нэг хувийн шимтгэлийг банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болох юм. Гэхдээ арилжааны банкууд дараагийн шатны буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа тул тус шүүхээс эцсийн шийдвэр гарахыг хүлээх үлдээд буй. Энэхүү асуудлаас гадна иргэдээс ирсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас хугацаат шалгалтыг банкуудад оруулсан байна. Тодруулбал, Олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байдаг. Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй харин 15 хувиас их бол үйлчлүүлэгч иргэдийг “шулж” байгаа гэж үздэг байна. ШӨХТГ-аас явуулсан шалгалтаар манай улсын зарим арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгаа нь тогтоогджээ. Иймээс шалгалт явуулж банкууд зах зээлд эрүүл өрсөлдөж байгаа эсэх, иргэдийг хохироож байгаа эсэхийг тогтоохоор болсон байна.
Month: March 2015
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Тамхи хязгаарлах журам хэрэгжиж эхэлнэ.
Үүний дагуу олон нийтийн газар, ажлын талбар болон албан өрөө, мөн олон нийтийн тээврийн хэрэгслийн орчныг тамхигүй орчин хэмээн зарласан ба хүүхдийн цэцэрлэг, бага, дунд сургууль, биеийн тамирын талбай, хүүхдийн эмнэлэг мөн үүнд хамарч байгаа юм байна. Хориглосон газарт тамхи татсан этгээдийг 200 хүртэл юаниар торгох аж.
Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол цэргийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний дараалал гарчээ. Тухайлбал, өнгөрөгч баасан гаригт “Оюутан цэрэг-2015” хөтөлбөрийн нээлт болсон бол өчигдөр “Алдарт” спорт хорооны зааланд 10.00 цагаас Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд спортын тэмцээн болсон юм.
Харин өнөөдөр Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын ажилтнуудын дунд “Нөхөрсөг уулзалт” тэмцээн боллоо. Мөн Монгол бөхийн өргөөнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болж байна.
Маргааш 09.00 цагт Монгол цэргийн музейд Монгол цэргийн хувцасны үзэсгэлэнгийн нээлт болно. Энэ үеэр Монгол цэргийн үе, үеийн хувцас дэлгэгдэх юм байна. Харин энэ өдрийнхөө 11.00 цагаас манай улсад суугаа Оросын Элчин сайдын яаманд Монголын ахмад дайчдад шагнал гардуулах ёслол болно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 300 гаруй ахмадыг шагнахаар болсон билээ.
Гуравдугаар сарын 16-ны 13.30 цагт “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Соёлын төв өргөөнд нийслэлийн иргэдтэй хийх баярын хурал болно. Харин мягмар гариг буюу гуравдугаар сарын 17-ны 13.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх бол 14.00 цагт Соёлын төв өргөөнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хурал, концерт болно. Цэргийн баяр угтсан энэ арга хэмжээнд төр, засгийн удирдлагууд болоод батлан хамгаалах салбарынхан оролцох юм байна.
Хөл бөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод манай улсын шигшээ баг Зүүн Тиморын багтай таарсан. Эхний тоглолтод манай баг 4:1-ийн харьцаатай хожигдлоо. Тоглолтын 90 минутын турш манай баг нэг гоол оруулсан бөгөөд нэмэлт цаг сунгаагүйгээр энэ удаагийн тоглолт өндөрлөсөн юм.
Харин хариу тоглолт ирэх мягмар гарагт буюу гуравдугаар сарын 17-ны 16 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ тоглолтын 3500 тасалбар худалдаанд гарч эхэлсэн бөгөөд 5000 төгрөгийн үнэтэй юм хэмээн Хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Австралийн Тагнуулын байгууллага Сири, Иракт эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлд элсэхийг хүссэн хүмүүсийг нууцаар хил давуулдаг, гэмт бүлэглэлийг илрүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нэр болон гадаад төрх нь илчлэгдээд байгаа Австралийн хоёр иргэн Абдуллах Элмир, Жаке Биларди нар хэт даврагч болсон нь тогтоогдоод байгаа юм. Тэд дээрх хил давуулдаг гэмт бүлэглэлтэй холбоо тогтоож, улмаар Сирийг зорьсон нь тогтоогджээ. “ISIS” гэх гэмт бүлэглэл барууны ихэнх оронд үйл ажиллагаагаа явуулж, хэт даврагч болохыг хүссэн хүмүүсийг Сири рүү гаргадаг байж болзошгүй хэмээн Австралийн талаас мэдээллээ.
Тус улсын Гадаад хэргийн сайд Жулиа Бишоп “Энэ бүлэглэлийн байршил болон гишүүд одоогоор нууц хэвээр байгаа. Тэд хэдэн хүн хил давуулсан нь тодорхойгүй байгаа. Тагнуулынхан мэдээлэл цуглуулахаар хичээнгүйлэн ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Вануату арлын орныг хар салхи дайрч өнгөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар салхины улмаас нийслэл Порт Вила хотын ихэнх байшин, барилга нурч, найман хүн амиа алдсан байна. “Улаан Загалмай” нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Кристан Эми “Бидний тооцоолсноор тус хотыг таван хар салхи дайрч өнгөрсөн. Хотод баригдсан барилга, байгууламжийн 90 хувь нь бүхэлдээ нурсан. Мөн найман хүн амиа алдаж, 15 хүн сураггүй алга боллоо. Мянга мянган хүн орон гэргүй болж, олон улсын тусламжийн байгууллагуудаас ирсэн хүнсний тусламжаар амьдарч байна” гэж хэлжээ. Вануатугийн удирдлагууд НҮБ, ДЭМБ-аас тусламж хүсчээ.
Өнгөрсөн 2010 онд тус улсад хар салхи дэгдсний улмаас 1400 хүн амиа алдаж байжээ. Мөн 2013 онд Порт Вила хотноо 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цахилгаан холбоо бүрэн тасарч, 19 хүн амиа алджээ.
Чэнжүүдийн ярьж буйгаар сар шинэ өнгөрсөнөөс хойш автомашины үнэ 500.000-3.000.000 төгрөгөөр буусан гэнэ. Ихэвчлэн “Toyota prius” маркийн автомашины үнэ буусан байна. Он залуутай приус маркийн машин дээд тал нь 13.500.000 төгрөгөөр худалдаалагддаг байсан бол харин одоо сайн яриад 10.000.000 төгрөгөөр худалдаалдаг байх жишээтэй гэжээ.
Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын олимпод монголчууд анх удаа оролцоно. Эзэмшсэн мэргэжлийнхээ хаан болсон ур чадвартай ажилчдын дэлхийн хэмжээний “тулаан” болдог эл тэмцээнд Монголын баг цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах, токарь, гагнуур, мужаан, үсчин, гоо засал, тогооч гэсэн есөн мэргэжлээр өрсөлдөх юм. Дэлхийн олимпод эх орноо төлөөлөх залуусыг тодруулах эцсийн шатны шалгаруулалт ирэх долоо хоногт эхлэх гэж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн баасан гаригт тэмцээнд оролцох мэргэжлийн холбоод болон шүүгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Дэлхийн ур чадварын байгууллага гишүүн орнуудынхаа дунд 1950 оноос хойш хоёр жил тутамд тогтмол зохион байгуулж ирсэн. Ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэ тэмцээнд 23-аас доош насны залуус 45 мэргэжлээр өрсөлддөг бөгөөд энд хэн ялах нь биш хамгийн гол нь аль улсын бэлтгэж буй мэргэжилтэн олон улсын стандартад нийцэх чадвартай вэ гэдгээ харуулдгаараа онцлог аж. Нэг үгээр энэ тэмцээнд амжилттай оролцсон мэргэжилтэн өөрөө дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн хамт улс орныхоо мэргэжлийн боловсрол сургалтын чанарыг олон улсад дархлаад ирдэг.
Монгол Улс Дэлхйин ур чадварын байгууллагад 2014 онд элсч 69 дэх бүрэн эрхэт гишүүннь болсноорэнэ тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд одоо чухам хэнийг явуулахаа шийдэх торгон мөч тулаад буй юм. .
Дэлхийн ур чадварын олимпод оролцох эрхийн төлөө өнгөрсөн жил хоёр үе шаттай болсон “Монгол ур чадвар-2014” тэмцээний эхний хоёр байрыг эзэлсэн 18 залуу өрсөлдөх бөгөөд тэднээс мэргэжил тус бүрээр хамгийн шилдэг нь ирэх наймдугаар сард Бразилийг зорих юм. Тиймээс шилдгийн шилдгийг тодруулах энэ удаагийн тэмцээнийг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулж ялагчийг тодруулах үүргийг Хөдөлмөрийн сайд уулзалтын үеэр зохион байгуулагчдад өгөхийн хамт мэргэжлийн холбоодоос тэмцээний бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонссон.
Тэмцээний салхийг цахилгааны мэргэжлийнхэн хагална. Хамгийн эхний тэмцээн энэ сарын 18-нд Дархан-Уул аймагт Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид болох бөгөөд Дарханы инженерүүдийн холбоо голлон зохион байгуулах юм.
Өрөг угсралт, хавтанцар наах хоёр мэргэжлийн тэмцээнийг Монголын барилгачдын холбоо, токарийг Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо, гагнуурын мэргэжлийнхийг Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, үсчин, гоо заслыг Монголын үсчин, гоо засалчдын холбоо, мужааныг Ой модны сургалт судалгааны хүрээлэн, тогоочийн мэргэжлийн шилдгийг Монголын зочлох үйлчилгээний холбоо тус тус зохион байгуулж буй юм. Тэдний хэлснээр ирэх долоо хоногт зохион байгуулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд шүүгч нараа ч тодруулсан гэнэ. Тэмцээнийг ил тод шударга явуулахын тулд олон улсад баримталдаг зарчмын дагуу зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Оролцогчдод өгөх ажлын даалгаврыг бэлтгэхдээ мэргэжлийн ур чадварыг нь бүрэн илэрхийлэхээс гадна англи хэлний мэдлэгийг давхар шалгахаар хийсэн гэдгийг зохион байгуулагчид сайдад танилцуулсан. Мэргэжлийн онцлогоос шалтгаалж зарим нэг хүндрэлтэй асуудал тулгарч буй аж. Тухайлбал, гагнуурын мэргэжлээр өрсөлдөх хүүхдүүдээр олон улсын тэмцээний ажлын даалгаварт багтдаг хөнгөн цагааны гагнуурыг хийлгэх гэхэд Монголд тоног төхөөрөмж нь байдаггүй. Токарийн мэргэжлийнхэнд мөн л тоног төхөөрөмж хангалтгүйгээс бага зэргийн бэрхшээл учирч буй юм байна. С.Чинзориг сайд эдгээр асуудлыг шийдэх боломжийг ойрын хугацаанд олж, дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдөх гэж буй залуусаа бүхий л талаар дэмжихээ амлалаа.
Урин дулаан цаг ирж гадаа цаг агаар таатай болжээ. Үүнийг дагаад мод нүүрс хүртэл хямдарсан байна. Тухайлбал шуудай нүүрс том, жижигээсээ хамаараад 1000-3000 төгрөгийн үнэтэй бол портэр нүүрс 80000-100000 үнэтэй байна. Өмнө нь портэр нүүрс 150.000 төгрөгнөөс буудаггүй байсан аж.
Бразилийн Санта Катарина мужийн ойролцоо 50 хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн автобус хавцал руу унасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас 32 хүн амиа алдаж, 12 хүн амьд үлдсэн тухай албаны хүмүүс мэдээлж байна. Автобус өчигдөр 23.00 цагийн орчимд осолджээ. Одоог хүртэл автобусны дотор зорчигчид байгаа гэж албаныхан мэдээлэв. Автобус осолдсон шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд ослын улмаас жолооч нь амиа алджээ.
Санта Катарина мужийн төлөөлөгч “AFP” агентлагт “Жуулчид уулын замаар явах их дуртай байдаг. Осолдсон автобус хүртэл жуулчдын хүсэлтийг биелүүлэхийн тулд хэтэрхий эрсдэлтэй алхам хийж, уулын замаар явж, улмаар хавцал руу унасан” гэсэн байна. Аврах ажиллагааг хурандаа Нелсон Коелхо удирдаж байгаа юм. Тэрбээр “Хавцал руу унасан автобусыг гаргаж авч, дотор нь байгаа зорчигчдыг аврах хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.