НИТХ-ын хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам” – ын төслийг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.
НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т тусгагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах” чиглэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууц сан”-гаас нийслэлийн нутгийн захиргааны болон харъяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх юм. Ингэхдээ журамд заасны дагуу нийслэлийн харъяа төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажиллаж байгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай, ажил олгогчоос тухайн төрийн албан хаагчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг олгуулахаар шийдвэрлэсэн байх, урьдчилгаа төлбөр дутагдалтай боловч харилцагч банк, санхүүгийн байгууллагын зээл олгох бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай гэдгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Төрийн албан хаагч гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж байгаа орон сууц худалдан авахад моргейжийн зээл авах боломжтой эсэх талаар харилцагч банкиндаа хүсэлт гаргах бөгөөд банк моргейжийн зээл өгөх боломжтой гэж үзсэн тохиолдолд “Улаанбаатар орон сууц сан”-гаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ харилцагч банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолтын хамт ажил олгогчдоо гаргах юм.
Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн зарим нь төрийн албан хаагч хоёр хүртэлх жил ажилласан байх гэсэн саналыг гаргасан боловч зарим нь төрийн албанд 5 – аас дээш жил ажилласан байх шаардлагатай гэсэн саналыг хэлж байсан ч олонхийн саналаар гурваас доошгүй жил тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагч зээлд хамрагдах боломжтой гэж үзлээ.
Мөн Өмчит үйлдвэрийн газар, хорооны хэсгийн ахлагч нарыг зээлд хамруулах, төрийн албан хаагчид байраа өөрөө сонгох, моргейжийн зээлд хамрагдах шаардлага хангасан төрийн албан хаагчдын материалыг эхлээд “Улаанбаатар орон сууц сан” хүлээн авч, дараа нь банкаар дамжих зэрэг саналыг гаргасан ч журамд тусгасны дагуу эхлээд банкаар дамжин “Улаанбаатар орон сууц сан” – д очих ёстой. Банк бол эргэн төлөх эрсдэл хариуцаж, тогтвортой ажиллах баталгаа болж өгдөг гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлж байв. Мөн тэрээр “Ажил олгогчийн хувиар төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойлон ажиллаж байна. Бид эмч, багш нартай уулзах үеэр бага ангийн багш нарын 80 гаруй хувь нь цалингийн зээлтэй гэдгээ учирлаж байсан. Ийм үед өндөр хүүтэй моргейжийн зээлд хамрагдана гэвэл их дарамтад орно. Тийм ч учраас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх нь цаг үеэ олсон чухал асуудал юм” гэж хэллээ.
НИТХ-ын зарим төлөөлөгч дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд давуу эрх эдэлж байна гэж шүүмжлэлтэй хандаж байв. Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллыг орон сууцжуулах замаар орчны бохирдол, экологийн доройтол, эрүүл аюулгүй байдал алдагдахыг алга болгоно гэж анхнаасаа төлөвлөж байсан учир дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Бид гэр хорооллын төсөл хэрэгжүүлэгч компаниудад ийм хэмжээний дэмжлэг үзүүлж байж дахин төлөвлөлтийн компаниуд сул чөлөөтэй байгаа шинэ суурьшлын бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байна. Хэрвээ ингэхгүй бол Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Иймээс дахин төлөвлөлтийн компаниудыг дэмжих нь чухал юм” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Month: March 2015
Өчигдөр НИТХ-аар нийслэлийн зарим өмч болон “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-ыг (ОНӨААТҮГ) хувьчлах, төсвийн тодотгол болон бусад асуудал хэлэлцэв. Тэдгээрээсиргэдийн нэрлэж заншсанаар “Гэрлэх ёслолын ордон”, “Усан спорт сургалтын төв” “Автобус-3” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын (НӨҮГ) хувьчлалхамгийн том маргааныг өдөөв. МАН, “Шударга ёс” бүлгийнхэн тус байгууллагууд нь социализмын материал техникийн баазын хүрээнд баригдсан. Дээрх барилгуудыг хэн нэгэнд өгснөөр гэрлэлт зогсож, усанд орогчдын тоо буурна гэх маягийн юм ярьж эсэргүүцнэ. Харин АН-ынхан эмнэлэг, сургууль хүрэлцэхгүй, өчнөөн иргэн үр хүүхэд, өвгөд хөгшдөө алдаж байхад хэдэн минут зургаа даруулах гэж ордог гэрлэх ёслолын, хэдхэн хүн шумбадаг газар хэрэгтэй юу, эмнэлэг, сургууль хэрэгтэй юу хэмээн сөргүүлнэ. Сонирхолтой нь эрх баригч АН-аас оруулсан “Автобус-3” компанийг хувьчлах тухай асуудлыг тус компанийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Одонтунгалаг хуралд орж ирээд мэдсэн бололтой юм. Тэрээр “Би ажилчдадаа юу хэлэхээ мэдэхгүй байна” гэв. Хариуд нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч шийдэж чадахгүй, үйлчилгээ нь ч сайжрахгүй, хэсэг бүлэг хүмүүс ах, дүү, намынхнаа шахаж, идэх уухын үүр болсон. Нарийн юм энд яриад яахав” гэснээр энэ асуудал дахиж сөхөгдсөнгүй. Мөн хурлын албаны ажилтан гэх эмэгтэй чанга яригчаар яриагүй төлөөлөгчдийн яриаг сонсох гэж ойртсон сэтгүүлчийг “холд, цаашил” хэмээн дарга нартаа зусардав. Тус хуралдааныг UBS телевизээр шууд нэвтрүүлсэн боловч дээрх асуудлыг хэлэлцэх үеэр тасалдсан юм. Нийслэлийн мэдээллийн ажилтан Т.Баярмаа энэ бүхнийг “Бид таслаагүй телевиз нь өөрөө сумо бөх дамжуулах гээд тасалсан” хэмээн цайруулав. Өмч хувьчлалын хэлэлцүүлэг нь эхний хэлэлцүүлэг юм байна. Хоёр дахь хэлэлцүүлгээр доорхи аж ахуйн нэгж, барилгуудыг хувьчлах асуудлаар хэлэлцэнэ.
1.“Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ
2.“Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ
3.Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
4.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ионсей найрамдал” эмнэлгийн барилга
5.Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламж
6.Хандгайтын “Цэнгэг агаар” сувилан
7.Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
8.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны агуулахын барилга
9.Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
10.Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилга
11.Нийслэлийн ЗДТГ-ын спорт заалны барилга
12.Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
13.Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
14.Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
15.Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
16.Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга
17.Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
18.Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
19.Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
20.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
21.Хан-Уул дүүргийн Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дутуу барилга
Х.БАТТӨГС
Төрийн орон сууц корпорацийн /ТОСК/ дарга А.Гантулгатай барилгын салбарын өнөөгийн чиг хандлага, энэ салбарыг тойрсон хямрал, барилгын салбарын үйлдвэрлэл гээд өргөн хүрээнд ярилцсанаа хүргэж байна.
-Сүүлийн үед эдийн засаг хямарч байна, энэ хямралд өртөж байгаа гол салбар барилгын салбар гэж ярих боллоо. Энэ чиглэлд томоохон ажлыг нугалж яваа, зовлон жаргалыг нь мэдэх хүний хувьд тантай ярилцахаар шийдлээ. Барилгын салбар үнэхээр хямраад байна уу?
-Нэг салбар эдийн засгийг бүрэн төлөөлж чадахгүй учир барилгын салбарыг ярихаасаа өмнө эдийн засгийн хямрал гэж яг юуг хэлээд байна, энэ нь хэр бодитой вэ гэдгийг бид бодож үзэх хэрэгтэй болов уу. Монголд эдийн засгийн өсөлт 7,8 хувьтай байна. Гэтэл Япон, Солонгост ийм өндөр үзүүлэлттэй байхгүй. Гэхдээ Японыг хямраад байна гэдэг билүү. Үнэндээ, эдийн засаг маань гэнэт цадсан гэдэсний өвдөлт мэдрээд байгаа нь үнэн. Үүнийг дагаад барилгын салбарын 80 хувийн огцом өсөлт буурсан. Гэтэл тэр 80 хувийн өсөлт маань өөрөө хэр эрүүл өсөлт байсан бэ гэдэг бодох л асуудал. Хэтрүүлж хэлбэл гурван хүн тутмын нэг нь барилгын компанийн захирал болчихсон л явж байлаа шүү дээ.
Тэгэхээр барилгын салбарыг хямарсан гэж дүгнэхэд бас өрөөсгөл. Харин ч эсрэгээрээ барилгын салбар хэт хөөсрөлийн дараахь бодит байдал руугаа явж байна гэжби бодож байна. Барилгын салбар манай эдийн засагт чухал байр суурьтай мөнгөний эргэлтийн гол гурван салбарын нэг. Мөн энэ салбар өөрийн онцлогтой салбар. Технологи нь гэхэд л ухаалаг утас шиг байнга өөрчлөгдөж, дэвшиж байхыг шаардаж байдаг.
-Мөнгө эргэлдэж байдаг гурван том салбарын нэг нь барилгын салбар гэлээ. Бусад хоёр нь ямар салбар вэ. Бас яагаад барилгын салбарыг чухал гэж онцлоод байдаг чинь анхаарал татаж байна л даа. Өмнөх ярилцлагууд дээрээ ч үүнийг онцлоод байгаа харагддаг?
-Макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харахад нийтийн хоол, барилга, уул уурхай бол Монголын хувьд мөнгөний эргэлт өндөр гурван салбар юм.
Гэхдээ амьдрал дээр илүү чухал нь барилга. Тухайлбал нийтийн хоолны салбарын 50 хувийг гадныхан эзэлсэн байдаг.Магадгүй үйлчилгээний бизнесийн арвин туршлага, анх байршлаа эзэлсэн ресторан, хоолны өргөн соёлоороо солонгос, хятадууд энэ салбарт их байна. Энэ чинь тэр хүмүүсийг муу гэхээсээ бидэнд сурах, өрсөлдөх зүйл маш их байгааг харуулж байна. Харин уул уурхайн салбар одоохондоо зогсолтын байдалтай байна. Гэтэл барилгын салбар бол манай нийт эдийн засгийн 10 хувийг эзэлдэг, 90 хувьд нь монгол залуучууд ажилладаг эх оронч салбар юм. Би ТОСК-ийг толгойлдогтоо ч барилгын салбарыг чухал гээд байгаа юм биш. Надаас хөгжил гэж юу болох талаар асуувал хүн бүр илүү дээр амьдрах л явдал гэж хэлнэ.
Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Үлдсэн 30 хувь нь орон сууцанд амьдарч байна. Заримдаа дэндүү гэмээр ялгаатай зүйл ажиглагддаг юм. Орон сууц, гэр хоёрт дулаан, тог, ус гэж хэрэглээний үндсэн гурван ижил зүйл байдаг. Гэрт амьдардаг айл дунджаар 25 м/кв талбайд дулааны асуудлаа шийдэхийн тулд сард 75 мянган төгрөгөөр нүүрс авна. Харин үүнээс хоёр дахин их буюу 50 м/кв талбайтай айл үүнээс бага мөнгийг дулаандаа төлдөг. Орон сууц, гэр хороололд байдаг айлууд усны төлбөрт дунджаар адилхан 10 мянган төгрөг сардаа өгдөг гэхэд тэдний усны хэрэглээ харьцуулшгүй шүү дээ. Би гэр хороололд ус зөөж өссөн хүүхэд. Үүний ялгааг дэндүү мэдэж байна. Аравтын хоёр хувингаар худгаас ус зөөгөөд ирэх, хананаасаа халуун ус гоожуулаад хэрэглэхэд ялгаа бий шүү. Бас цахилгааны хувьд мөн ялгаагүй. Тэгэхээр хүн амын 70 хувь нь 30 хувиа тав тухтай амьдруулахын тулд илүү төлбөр төлөөд байгаа юм шиг харагдаж байна.
-Тэгэхээр бид яах ёстой юм бэ. Мэдээж, орон сууцны хүмүүс бусдаар мөнгөө төлүүлээд байхыг хүсээд байгаа хэрэг биш шүү дээ. Төр үүнийг бодлогоороо зохицуулах ётсой юм биш үү?
-Тийм ээ. Таны зөв. Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудал бол баялгийн тэгш бус хуваарилалт. Өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг 17 хувиар өсч байлаа. Гэхдээ тэр эдийн засгийн өсөлтийн цаана байгаа баялаг ард иргэдэд тэгш хуваарилагдаж чадсан юм уу. Эсвэл эрх мэдэл, мэдээлэл, боломжинд илүү ойр байгаа нь илүү баяжсан юм уу. Нөгөө талаас илүү орлого хийж хүмүүсээ үзэн ядаад эхэлбэл энэ нийгэм чинь ямар том хямралд хүрэх билээ. Тиймээс бид нэн даруй баялгийн хуваарилалтыг тэгш болгодог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Ер нь энэ баялгийн тэгш бус хуваарилалт хүн төрөлхтний хэмжээнд аюул болоод байна шүү дээ. Монголын эдийн засаг дандаа ийм байхгүй, дэлхий үйлдвэрлэсэн түүхий эдээ дуусаад ирэхэд дахиад л түүхий эд шаардагдаад эхэлнэ. Тэр үед дахиад эдийн засгийн өсөлт маань өндрөө авна. Харин тэгэхэд баялгийн тэгш бус хуваарилалт хуучин хэвээрээ, нэг хэсэг нь хэт баяжиж, нөгөө хэсэг нь өөрсдөө хөдөлмөрлөж босгоогүй атлаа баяжсан нөгөө хэсгээ харсаар суух уу. Монголчууд монголчуудаасаа улам холдсоор байх уу гэдэг асуудал болно.
-Тэгш бус хуваарилалтын тухай бид ярьдаггүй биш ярьдаг. Гэхдээ гарцаа олж чадахгүй л байх шиг. Та үүн дээр юу гэж боддог вэ?
-Тэгш бус хуваарилалтын асуудал зөвхөн манай улсын хувьд биш дэлхийн хэмжээний асуудал болчихоод байгаа нь үнэн. Та бидний мэдэх, манайд ч олон буянтай ажил хийсэн Жорж Сорос “Баялгийн тэгш бус хуваарилалт дэлхийг сөнөөнө” гэсэн алдартай үгээ 2012 онд хэлсэн байдаг. Дэлхийн эдийн засгийн байдлыг харахад нийт хүн амын 13 хувь нь нийт баялгийн 95 хувийг эзэмшиж байх жишээтэй. Сүүлийн 20 жилд тэгш бус байдлыг тодорхойлж гаргадаг женийн коэффицент Монголд тасралтгүй өссөн судалгаа бий. Монголын нийт хүн амын 36 хувь нэн ядуу, 27 хувь бага орлоготой байна. Тэгвэл баялаг тэгш бус хуваарилагдаад байгаагаас бид яаж гарах вэ. Уул уурхайн салбар маань удахгүй сэргэлээ гэж бодъё. Хэдэн толгойгоос маань хөрөнгө орж ирэхэд тэр нь нийт ард иргэддээ биш хэдхэн хүнийг баяжуулаад дуусах юм бол бидэнд ямар хэрэгтэй юм бэ. Эдийн засаг сэргэх үед бид орж ирсэн хөрөнгөө ард иргэддээ тэгш хуваарилж өгөх тэр тогтолцоонд бэлдсэн байх учиртай юм.Монголын хувьд баялгийн сан, бэлэн мөнгөний тараалт гээд хэд хэдэн аргуудыг бид туршиж үзсэн. Гэхдээ энэ дундаасаа татварын бодлого, нийтийн өмчийн бүтээн байгуулалтыг чухалчлах хэрэгтэй болов уу. Татвараар авсан мөнгөө аль болох хүний хөгжил, тэр дундаа залуу үеийнхнийхээ боловсролд зарцуулах ёстой юм. Харин нийтийн өмчийн бүтээн байгуулалт гэдэгт дэд бүтэц, барилгын салбарт түлхүү зарцуулах ойлголтыг хамруулж таарна.
-Та үүнийгээ тайлбарлахгүй юу. Нийтийн өмчийн бүтээн байгуулалт гэхээр чухам юуг хэлж байна вэ?
-Дэд бүтцийн том хөрөнгө оруулалт нэн чухал байгааг бид ярьсаар л байдаг. Нэгдсэн дэд бүтэц гэдэг бол нийт иргэддээ хандсан зүйл шүү дээ. Зам, эрчим хүч, барилгын салбарыг дэмжинэ гэдэг нь нийт иргэдээ дэмжиж, тэгш бус хуваарилалтыг сааруулж буй хэлбэр. Гэхдээ барилгын салбарыг дэмжинэ гэдэг ТОСК-д мөнгө өгч, барилга бариулахыг хэлж байгаа юм биш шүү. Ойлгоорой. Бас барилгын салбарыг дэмжинэ гэж хотын төвд байгаа шилэн оффисын барилгуудыг ч хэлээгүй юм. Харин хүн амын дийлэнхийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг орох оронтой болгох тэр барилгыг хэлж байгаа юм. Цахилгаан станцыг нь барьж, замыг нь сайхан бариад өгчихөөр заавал хотынхоо төвд шахцалдан амьдрахыг хэн ч хүсдэггүй. Сайхан замаар хол ч гэсэн яваад хаусдаа амьдрахыг илүүд үзнэ. Дэд бүтцийг нь шийдээд өгвөл хүмүүс өндөр үнээр газар авч, барилгаа өндөр үнээр зарахгүй шүү дээ. Тэгэхээр дэд бүтэц хамгийн чухал нь байгаа юм.
-Уул уурхайн салбарыг түр хямрал гэж харж байгаа,дахиад мөнгө орж ирнэ гэж хэлж байгаа чинь сайхан санагдлаа. Тэр мөнгөө дэд бүтцэд зарцуулах нь чухал ач холбогдолтойг та тайлбарлаж байна. Харин яагаад барилгын салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж?
-Аливаа салбарт төрөөс бүрэн оролцох, огт оролцохгүй байх, зохицуулалт хийх гурван янзын арга байдаг.
Төр бүрэн оролцдог тогтолцоо бүхий социализмийн үеийг бид дайраад гарсан. Энэ үед үнэндээ барилгын салбарын анхны бүх том дэвшлүүд гарч байлаа. Тухайн үедээ үндэсний хэмжээний сэргэн мандалт болж байсан шүү дээ. Дараагийнх нь төр огт оролцохгүй байх явдал. Үүнийг ч ямрыг бид бас мэднэ. Ерээд онд барилгажилт зогсч, эдийн засаг хүнд хэцүү замыг туулсан. Хүмүүс барилгын норм, стандартыг мэдэхгүй, дур дураараа хотын хаа сайгүй шавар овоолоод байшин барьж, түүнээсээ шинэмаягийн туршлага хуримтлуулж эхэлсэн. Үнэндээ үүнээс өөр арга ч байгаагүй. Норм стандартыг бариулбал тухай үед нэг ч байшин баригдах боломжгүй хүндхэн жилүүдийг тууллаа шүү дээ.
Өнөөдөр мэдээж төр бүрэн оролцдог социализм биш. Бас 1990 оны зэрлэг маягийн капитализм ч байж болохгүй. Төр чанар, стандарт, нормоо тавиад барилгын компаниудаас шаардах ёстой. Нэг үеэ бодоход ингэх боломж бүрэлдэж байна. Янз бүрийн аргаар авсан газрууддаа ямар ч бодлого, төлөвлөлт байхгүй, хүссэнээрээ байшин босгож, амины орон сууц барьж байсан. Харин одоо цөм цохиулсан шүд шиг болгож энэ тэнд барилга барьдгийг хориглосон ч болохоор боллоо. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, ахмадын амрах орон зай, мод, зүлэг гээд бүрэн хотхон барих хэмжээний газар, чадвар бүхий компанид орон сууц барих зөвшөөрөл олгодог болох боломжтой цаг үе ирж гэж харж байна.Ганцхан үгээр хэлбэл хүний төлөөх барилга эхлүүлэх боломжтой боллоо. Үүнийг ч цаг үе шаардаж байна.
-Та барилгын салбар чухал, барилга хэрэгтэй гээд л байна. Гэхдээ байгаа хэдэн барилгуудын үнэ тэнгэрт хадчихсан л байна шүү дээ. Барилгын үнэ яагаад ийм өндөр байна вэ. Хөөсөрсөн үнэ хэдийд буух бол?
-Барилгын компаниудыг ашгийн хойноос хэт улайрч, барилгыг үнэтэй болгож байна гэж ярьдаг олон хүнтэй би таарч байсан. Зарим нэг нь тийм гэхэд бүх компаниудыг тэгж хардах аргагүй. Тиймээс барилгын үнийг бүрдүүлж байгаа хүчин зүйлсийг харах хэрэгтэй. Системтэй харахын тулд бүр газраасаа эхэлье л дээ. Манайд барилгын эрэлт нэмэгдэх үед бараг хүн бүр л жаахан жаахан газар олж, түүн дээрээ хэр боломжоороо байшин бариад эхэлсэн. Дэд бүтцэд холбогдсон л бол жижиг гэлтгүй тэр газраа чамгүй үнээр олж авдаг байсан нь үнэд нөлөөлнө. Дараа нь тэр газар дээр барилгаа эхлүүлнэ. Бид барилгын салбарт шаардагддаг түүхий эдийнхээ маш цөөхнийг нь үйлдвэрлэдэг. Бусдыг нь гаднаас авдаг. Ингэхэд хэдэн хувийг нь өөрсдөө үйлдвэрлэдэг гэж бодож байна?
-Сайн мэдэхгүй юм байна. Хэд вэ?
-Барилгын салбарт хэрэглэгддэг 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний аравны нэг буюу ердөө 50-ийг нь л дотооддоо үйлдвэрлэдэг. Барилгын салбар тэр чигээрээ импортын салбар болж байна. Бас үнэ өсөхөд нөлөөлдөг нэг зүйл бол мэдээж банкны хүү. Энэ бол шинэ зүйл биш, хэзээнээс байсан шалтгаан.
Дараа нь тухайн түүхий эдийг авах санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Өнөөдөр манай санхүүгийн зах зээлийн гол тоглогч бол банк. Банкны хүү барилга барьж байгаа,авч байгаа аль аль талд нь хамаатай. Банкууд аж ахуйн нэгжид жилд 20 хувийн хүү санал болгодог. Би үйлдвэрлэгч байсан хүний хувьд зовлонг нь сайн мэдэж байна. Ямар ч мундаг ашигтай байлаа гэхэд жилийн ашиг 20 хувь л байдаг. Харин анх удаа барилга барьж байгаа бол 22 хувийн хүү төлнө. Туршлагыг нь бодоод бууруулсан нь сардаа 1.8 хувь байгаа. Тэгэхээр жилийн ашгаа банкны зээлийн хүүдээ өгчихгүйн тулд барилгын үнээ өсгөдөг тал бий.
-Найман хувийн зээл олгох болсноор олон хүнд байртай болох нь холын мөрөөдөл биш юм шиг санагдаж эхэлсэн л дээ. Өмнө нь хэдэн хүн байрны зээл авдаг байсан, энэ нь хэрхэн нэмэгдсэн судалгаа байдаг уу?
-2008 онд ипотекийн зээл хамгийн ихээр олгогдож байсан гэхэд 16,500 хүн л зээл авсан байдаг юм. Тухайн үеийн жилийн 20 хувийн зээлийг хэр баргийн хүмүүс аваад байхгүй. Харин 2013 оны жилийн найман хувийн зээл бол өөр. Энэ зээлийг хэрэгжүүлснээр 66 мянга гаруй иргэн хамрагдсан шүү дээ. Тэдний 80-90 хувь нь анх удаа орон сууцанд орж байгаа хүмүүс байдаг юм. Манай Буянт-Ухаа хороололд анх удаа байртай болсон гээд олон залуус хэчнээн баяр хөөртэй нүүн орж байсныг би нүдээрээ харж байсан хүн. Орон сууцанд орно гэдэг нэг хэрэг. Цаанаа олон дам сайн талтай байдаг. Хуучин түрээсийн байрны төлөө мөнгө олохоор ажилладаг байсан хүмүүс өөрийнхөө орон байр, үл хөдлөх хөрөнгийн төлөө ажиллах болсноор урам зоригтой болдог. Байрны мөнгөө олохын тулд ажлын байр дээрээ тогтвор суурьшилтай ажиллаж, амжилт гаргадаг гээд олон сайн талууд бий. Энэ утгаараа найман хувийн зээл бол иргэдийн амьдралд бодит тусгалаа олсон сайн зүйл яах аргагүй мөн.
-Таны дээр дурдсан 500 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ 50-ийг л бид хийдэг гэдэг баримт анхаарал татаж байна л даа. Бид өөрсдөө үйлдвэрлэж, гадагшаа гардаг тэр их мөнгийг эндээ үлдээх боломж бий юу?
-Бид барилгын салбарыг зөвхөн барьдаг гэж харах нь өрөөсгөл. Энэ бол үйлдвэрлэлийн асар том салбар. Манайд явагдаж байгаа барилга угсралтын 90 орчим хувийг дотоодын компаниуд хийдэг талаар би хэлсэн. Энэ бол бидний давуу тал. Саяхан есөөс дээш давхрыг барьж чаддаггүй байсан бол одоо 15-16 давхар цутгамал барилга түүнээс дээшийг ч барьж байна. Гэхдээ тэр 90 хувь нь монголчууд ажилладаг энэ салбарын бүтээгдэхүүний хэдэн хувийг бид хийж байна гэвэл өөр асуудал. Импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг бид өөрсдөө хийж, барилгын салбарын үйлдвэрлэлийг сэргээх нь эдийн засгийн макро утгаараа маш чухал болоод байна. Бид жилдээ 300 орчим сая ам.доллараар барилгын материалыг гаднаас авч байгаа тооцоо байдаг. Ийм байхад долларын ханш өсөхөөс яах юм бэ. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчид маань жилдээ доод тал нь 3 сая ам.доллараас багагүй худалдан авалт хийгддэг бараа бүтээгдэхүүнийг сонгон өөрсдөө үйлдвэрлэж, жилдээ 5 тэрбум төгрөгөөс багагүй борлуулалт хийж байж үйлдвэр нь ашигтай ажиллаж эхэлж таарах байх. Заавал бүх бүтээгдэхүүнийг хийнэ гэхгүй их хэмжээний мөнгөө гадагш гаргаж байдаг тэр чиглэлд анхаарах нь чухал юм. Барилгын салбарын худалдан авалтад жилд 300 орчим сая ам.доллар гаргадаг ч гаднаас машин авахад бид 750 сая ам.доллар гадагшаа урсгадаг юм билээ. Өөр зүйлд зээл гаргадаггүй атлаа Цагаан сар, наадмын өмнө автомашины зээл шажигнатал өгдөг манай банкны тогтолцоо сонин шүү.
-Манайхан өөрсдийнхөө хийсэн зүйлийн чанарт итгэхгүй гаднаас авахыг л баталгаатай гэж бодох гээд байдаг талтай шүү дээ…
-Барилгын салбарт үйлдвэрлэл чухал гэж би хэлж байгаа ч хоёр зүйлийг онцлон анхаараасай гэж хүсдэг л дээ. Нэгдүгээрт бүтээмж, хоёрдугаарт чанар. Эднийг салгаж үзэхийн арга байхгүй. Би үйлдвэрлэл эрхэлдэг байхдаа үүнийг л онцолдог байсан. Манай улсын хувьд бүтээмж дээр гардаг нэг алдаа бол технологийн хоцрогдол байдаг. Технологийн хүчин зүйл, түүнийг ажиллуулдаг хүний мэдлэг чадвар чухал. Хэрэв энэ хоцрогдоод ирвэл хүмүүс гадны бараа бүтээгдэхүүнийг сонгож, гаднаас бараа бүтээгдэхүүн түрээд ороод ирдэг. Бүтээмж чанар хоёр салшгүй ойлголтууд. Бүтээмжээр чанараа нэмэгдүүлэхгүй бол үнээ бууруулж өрсөлдөхөөс аргагүйд хүрдэг. Үнээ бууруулж өрсөлдөнө гэдэг үйлдвэрлэлийн орцоо бууруулахад хүрнэ. Орц буураад чанаргүй болбол хэрэглэгчид импортын барааг л сонгоно шүү дээ. Нэг хэсэг нь ингэж унагахаар нийт барилгын үйлдвэрлэлийн нэр хүнд цаашлаад үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд унах аюул байдаг учраас бүтээмж, чанарын төлөө цөлд явж байгаад ус харсан хүн шиг л улайран дайрдаг байх хэрэгтэй юм.
-Тэгэхээр барилгын үйлдвэрлэл явуулахад чухам юуг нь яаж хийх талаар нарийн судалгаа хэрэгтэй болж таарна аа даа. Бидэнд ийм судалгаа хангалттай бий юу?
-Бидэнд барилгын зах зээлийн талаар цогц судалгаа хэрэгтэй. Судалгаанд суурилахгүй бизнес төлөвлөгөө маш аюултай. Би энэ салбарт ажиллаж, ТОСК-ийг удирдаж байгаа хүний хувьд хэрэндээ л судалж ажиглалт хийж байна л даа. Миний харж байгаагаар одоо блокны үйлдвэрлэл хүндхэн байна. Би лав хүмүүсийг блок үйлдвэрлэж азаа сорь гэж хэлэхгүй. 2010 оноос эхлээд гаднаас авдаг блокны эрэлт буурсан. Нэг хэсэг эрэлттэй байх үеийг нь бодоод олон хүн ийм үйлдвэр нээж байсан. Харин барилгын салбарт бүрэн цутгамал барилга зонхилох болсон нэг шалтгаан мөн борооны дараахь мөөг шиг олширсон блокны үйлдвэрийн тоо, барилгын салбарын өсөлт удааширсан гэсэн хэд хэдэн шалтгаанаас илүүдэл блок их болж таван үйлдвэр тутмын нэг нь ажилгүй байна. Хэрэв хүмүүс илүүдсэн блокоо зарахын тулд үнээ бууруулж, үүнийгээ нөхөхийн тулд чанаргүй блок үйлдвэрлээд эхэлбэл яахав. Чанар муудвал дахиад Хятадын блок энэ зах зээлд хүч түрнэ гээд бодох асуудлууд байна. Тийм учраас төр засаг зах зээлийн төлөвөө харж, хэдийд ямар бодлогоор үйлдвэрлэгчдээ дэмжихээ мэддэг байх хэрэгтэй.
-Цемент, арматур бол барилгын салбарын гэлтгүй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ёстой зүйл гэдэг. Гэтэл бид олон жил энэ гол бүтээгдэхүүнүүдээ гаднаас авч ирсэн. Ядаж энэ бараанууддаа төрөөс тусгайлан авч үзэх бодлого гэж баймаар санагддаг…
-Цемент, арматур бол барилгын салбарын гол бараа бүтээгдэхүүнүүд. Барилгын гол суурь үнэ нь ч эд болж байдаг. Саяхан Эрдэнэт үйлдвэрт анх удаа ган хайлуулж эхэллээ. Монгол Улс 800 жилийн дараа анх удаа ган хайлуулж байгаа хэрэг шүү дээ. Одоо тэгэхээр арматураа өөрсдөө хийдэг болно гэсэн үг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс дундажаар жилд 1,5-1,6 сая тонн цемент хэрэглэсэн гэсэн тооцоо байдаг. Цементийн хэрэглээ сүүлийн таван жилд 30 тэрбум төгрөгөөр өссөн байх жишээтэй. Манай үндэсний томоохон компаниуд энэ чиглэлд ажиллаж багагүй амжилтад хүрсэнд талархахгүй байхын аргагүй. Удахгүй “МАК”, “Монполимет” компаниудын цементийн үйлдвэр ашиглалтад ороод эхэлбэл бид дотоодын хэрэгцээгээ хангаад эхэлчихнэ. Бас Хөтөлийн цемент шохойн үйлдвэр өргөтгөл хийж, далайцтай хэмжээнд ажиллах болсон. Үндэсний үйлдвэрүүд маань жигдрээд явчихвал ч асуудалгүй болно. Эхний жилүүд үйлдвэрүүдэд амаргүй байдаг. Ашиг олно ч гэж байхгүй. Гэхдээ бид өөрсдөө үйлдвэрлэж байгаа нь ихээхэн том хүрдийг эргүүлж чадсан хэрэг гэж би ойлгож байна. Үндэсний гурван компани хөрөнгөө гаргаад үйлдвэрээ босгоод ирлээ, гэтэл урдаас орж ирж байгаа цемент дээр татварын бодлого урьдынхаараа байгаад байж болохгүй. Үнэндээ Хятадаас орж ирж байгаа цементийн 70 хувь нь хоёр гурван компанийнх байдаг. Тэгэхээр бид дотоодын цементээ, цемент үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд юу хийж чадах вэ. Улаан буудай үйлдвэрлэгчдээ хамгаалж байгаа шигээ л цемент үйлдвэрлэгчдээ хамгаалж төр бодлого гаргах хэрэгтэй.
-Яг ямар бодлого, зохицуулалт байж болох вэ?
-Үүдээ нээсэн үйлдвэрүүдэд эхний жилүүд амаргүй байдаг гэж хэлсэн. Зээлийн хүү, татварын дарамт гээд олон хүчин шалтгаанаас хүссэн хүсээгүй үнээ өндөр тавихаас аргагүй болдог. Жигдрээд эхлэхээр үйлдвэр угаасаа өгөөжөө өгч эхэлдэг. Харин энэ болтол нь татварын хөнгөлөлт үзүүлж, банкны хүү дээр дэмжлэг үзүүлэхээс эхлээд бодит зохицуулалт хэрэгтэй. Хэрэв импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол татвараас эхний хоёр жил нь чөлөөлөхөд болохгүй газаргүй. Эргээд үнээ хямдруул гэсэн шаардлагыг тавьж болно. Банкны өндөр хүү бизнесмэнүүдэд том дарамт болж байдаг. Аливаа бизнесийг хийхэд босгодог гурван зам байдаг л даа. Банкнаас зээл авах, хөрөнгө оруулалтын сан, даатгалын сан гээд. Гэтэл манайд банкны салбар нь хэт өндөр болж, бусад нь хаягдсан. Нэг салбар нь хэт босоод монополь үүсгэх нь эргээд асуудал болгож байдаг.
Миний амьдралын хориод жил нь үйлдвэрлэлд, арав гаруй жил нь улс төрд явлаа. “Монголдоо үйлдвэрлэе” гэж хэлээгүй ямар улстөрч байна вэ, “Үндэснийхээ бараа бүтээгдэхүүнээ аваарай” гэж хэлээгүй ямар сайд, дарга байна вэ. Тэглээ гээд Монголын үйлдвэрлэл хөгжиж, үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг авахгүй байна гэхээр зохицуулалт нь болохгүй байна л гэсэн үг. Монголынхоо цементийг худалдаж авсан зуурмагийн үйлдвэрт НӨАТ-ын ч юм уу ямар нэг хөнгөлөлт байна уу, байхгүй. Гаднаас орж ирж буй түүхий эд хийгээд эцсийн бүтээгдэхүүнд татварын ялгаатай бодлого байна уу. Худалдан авч байгаа хүмүүсээ урамшуулах, татвараа өсгөхгүй гэхэд дотоодын компаниуддаа татварын ялгавартай бодлого явуулж хөнгөлөлт үзүүлэх угийн асуудлыг шийдэхгүй бол хэн дотоодын бүтээгдэхүүнийг сонгох вэ дээ.
-Барилгын салбарт хямрал болсноос дотоодын компаниудыг хятад, солонгос компаниуд худалдаж авч байгаа дуулдах юм. Хятад, солонгосчууд хүч түрж байгаад дараа нь үндэсний компаниуд зонхилох болсон зуурмагийн үйлдвэрүүд харийнханд зарагдаж эхэлсэн тухай дуулсан юм байна?
-Барилгын салбарт хятад, солонгосчуудыг муу хэлэх аргагүй л дээ. Тэд энэ салбарын хөгжилд тусаа өгч байсан. Бас Солонгост барилга дээр ажиллаж байсан олон зуун монгол хүн энэ салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Бид тэднээс олон ноу хау суралцсан. Айл сайн байх яах вэ, бид арчаатай байх нь чухал гэдгийг ямагт бодох ёстой. Барилгын салбарт болоод байгаа гэх хямралыг бид хямрал биш шалгалт гэж бодох нь зөв юм. Талын энгээр блокны үйлдвэр, гурван хүний нэг нь бетон зуурмагийн үйлдвэртэй болоод байсан үе бий. Хятад олон жижиг нүүрсний компаниудаа нэгтгээд хэд хэдэн том компани болгосон байдаг. Бараг л айлын хашаа болгонд газар ухаж, тэнд нь хөдөлмөрийн аюулгүй байдал гэж огт байхгүй байдаг байж. Бас тэгж ганц нэгээрээ ухсан нүүрсний нэгж өртөг нь өндөр гардаг байсан байгаа юм. Тэгэхээр манай салбарт ирж байгаа энэ шалгалт бидэнд муу нь устаж, сайн нь шалгарч, бас шалгарлыг давахын тулд нэгдэж нийлэх боломжийг өгч байна гэж ойлгож байна. Хямралын үед жижиг компаниуд нь нэгдэж томордог, томчууд нь жижгүүдээ нэгтгэж бүр томордог аргууд бий. Том компани, том үйлдвэр гэдэгнэг бүтээгдэхүүнийг хямдруулах хамгийн чухал гарц. Нэг хэсэг манайд барилгын зөвшөөрөл цүнхэлсэн, цүнхний компаниуд олон байлаа шүү дээ. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нэг судалгааг харахад манай барилгын 20 гаруй компаниудаас явж судлахад эрсдлийн менежментийн ойлголт байхгүй шахам байсан байдаг. Тэгэхээр энэ хямрал тэр бүх сул талуудаа арилгаж, салбараа цэвэрлэхэд сайн хэрэг боллоо. Ер нь өсөлт гэдэг үргэлжид байдаггүй, уналт дандаа үргэлжилдэггүй шүү дээ. Тэгэхээр өсөх үедээ улам томорч, буух үедээ алдаагаа засч шалгарч байх чанар чухал юм даа. Ер нь манайхны хэлээд байгаа энэ хямралаас гарах ганц арга бол барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн салбар гэж би хэлнэ.
-Танай ТОСК-ийн захиалан бариулж буй “Буянт-Ухаа” хорооллын м/кв нь 1,280,000 гэсэн үнэ саяхныг болтол сайхан сонстдог байлаа. Сүүлийн үед орон сууцны үнэ бага сага буурах болсноор Нисэх хавьд тийм ч анхаарал татах үнэ биш байна гэлцэх боллоо. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хотын төвийн шинэ орон сууцны дундаж үнэ 2 сая төгрөг байгаа. Хотын зах руу бүрэн цутгасан биш дүүргэлт хийсэн байрны үнэ 1,1 саяас эхэлж байгаа байх. Манайх анх “Буянт-Ухаа 1” хорооллынхоо захиалгыг авахад 15 мянган хүн бүртгүүлэхээр хандаж байлаа. Тэдний 8000 гаруй нь шалгуур хангаж, түүнээс 5600 орчим хүн үлдэж байсан. Гэр хороололд 186 мянган өрх амьдарч байна. Тэгэхээр 1,280,000сая төгрөгийн байрыг хүмүүс сонирхохоо байсан гэвэл худлаа гэж би хэлнэ. Манай “Буянт-Ухаа 2” хорооллыг ч хүмүүс ихээр сонирхож байгаа.
Ярилцсан
Э.ЭНЭРЭЛ
Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалтай ярилцлаа.
-Сайдын албаа өгснөөс хойш та чимээгүй байлаа. Юу хийж байв аа?
-2010 онд сайд болсноосоо хойш амралт гэдгийг мэдэхгүй ажиллажээ. Тиймээс ажлаа өгчихөөд хэсэг хугацаанд амарлаа. Гэхдээ энэ хугацаанд зүгээр суусангүй ээ. Улс орон, газар шороогоо хайрлаж, ард түмнээ аюулгүй амьдруулах гэж санаа зовдог хүмүүстэй хамтарч “Эвийн хэрэм” гэдэг үндэсний хөдөлгөөн байгууллаа.
-Ямар хүмүүстэй хамтарч байгаа юм бэ?
-Энэ бол төрийн бус байгууллага л даа. Голдуу оюуны ажил хийдэг, их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, доктор, профессоруудтай нэгдэж энэ хөдөлгөөнийг байгууллаа. Одоогийн байдлаар манай хөдөлгөөн 33 хүний бүрэлдэхүүнтэй.Бид энэ сарын 5-нд Удирдах зөвлөлийн хурлаа хийлээ. Харин анхдугаар чуулганаа Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд өчигдөр зохион байгууллаа.
-Ямар зорилготой хөдөлгөөн юм бэ?
-Эв нэгдлийг яаж бий болгох вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулж ажиллах хөдөлгөөн юм. Монгол Улсад эвийн хэрмийг байгуулж, эх орноо дархлаажуулъя, аваръя гэдэг уриатай. Эвийн чуулганаараа бид таван илтгэл хэлэлцсэн. Эвийн аргаар эх орноо аваръя гэдэг илтгэлийг би өөрөө тавьсан. Монголчууд түүхэндээ хамгийн эвтэй, тогтвортой төртэй байж. Гэтэл өнөөдөр юу болчихоод байна. Эв түнжингүй байгаагаасаа болж улс орондоройтож, хямралд орчихлоо шүү дээ. Тиймээс л цэвэр иргэний хөдөлгөөнийг байгууллаа.
-Эвтэй байя гээд жагсаал хийгээд эхлэх юм уу?
-Тэгж ойлгож болохгүй. Бид улс орныг бүхэлд нь хамарсан ажлуудыг хийнэ. Тухайлбал, дүүрэг, хороонд очиж архины эсрэг, архинд донтсон хүмүүсийг эмчлэх сургалт, уулзалтуудыг зохион байгуулна.Энэ бол зөвхөн нэг жишээ нь. Энэ мэтчилэн иргэдэд чиглэсэн санал санаачилгуудыг хэрэгжүүлж өргөн хүрээнд ажиллана. Одоо иргэдийн дундорж, тэдний санаа бодлыг сонсч байна. Гудамжаар алхаж, такси барьж хүмүүстэй санаа бодлоо солилцож байна. Ингэж иргэддээ хэрэгтэй, тэдний санааг зовоож байгаа асуудлыг шийдэхийн төлөө хамтдаа зүтгэнэ.Гэгээлэг санаачилгуудыг дэвшүүлж, эв нэгдэлд уриалан дуудна.“Анагаах ухааны нэгдсэн холбоо”-гбайгуулж, эмч нарын иххурлыг хийх төлөвлөгөө ч энэ хүрээнд явж байгаа. Улмаар төр улсаараа эвтэй байх уриалга гаргаж, үүнд чиглэсэн ажлуудыг хийнэ.
-Эвтэй байхдаа хүчтэй гэж Н.Энхбаяр дарга хэлсэн байдаг. Тэгэхээр таны үүсгэсэн эвийн хөдөлгөөнтэй намын чинь дарга холбоотой юм уу?
-Тэгж ойлгож болохгүй.Энэ бол миний улс төрийн замналд авсан сургамжийн үндсэн дээр бий болж байгаа хөдөлгөөн. Эв нэгдэл байхгүй бол ямар ч ажил урагшаа явдаггүй юм байна гэдгийг мэдэрсэн учраас энэ асуудлыг гаргаж ирж байна.
-Тэгвэл одоо МАН, МАХН хоёр эвлэрэх ёстой юм байна гэдгийг та ойлгосон гэж бодож болох уу?
-Энэ хөдөлгөөнийг байгуулсан явдлыгямар нэгэн хүн юм уу, эсвэл улс төрийн намтай холбон ойлгож болохгүй.Энэ бол эх орон, ард түмний төлөө явах хөдөлгөөн.
-Тэгэхээр та МАХН-аас зайгаа барьчихаж байгаа гэсэн үг юм уу?
-Ямар ч байсан үйл ажиллагаа нь намаас тусдаа. Миний хувьд намаасаа холдоно гэж юу байхав. Би чинь МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн шүү дээ. МАХН-ын улс төрийн гол шийдвэрүүдийг Гүйцэтгэх товчоогоор л гаргадаг.
-Таны нөлөөлөл буураагүй гэж үү?
-Тийм.Гүйцэтгэх товчооны гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа. Харин иргэнийхээхувьдэнэ хөдөлгөөнийг байгууллаа.Хувьдаа Монголд байгаа энэ олон талцал, задрал, бутрал зөрчилдөөн, хямралыг шийдэх гол арга нь эв нэгдэл гэж үзээд байна. Үүний төлөө явна. Нэг ёсондоо энэ бол миний шинэ улс төр.
-Үнэндээ таныг намтайгаа муудалцаж, эв түнжин хагарсан учраас Н.Энхбаяр дарга сайдын суудлыг чинь “хурааж” авсан гэдэг зүйлүүд яригддаг л юм…
-Намтайгаа муудалцсан юм байхгүй ээ. Ер нь хэнтэй ч муудалцаагүй. Энэ намыг байгуулахын төлөө яаж явсан билээ дээ. Шударга ёсыг тогтоохын төлөө бүхнээ золиослоод явж байсан хүн шүү дээ, би. МАХН-ынхныг нь дугуйлалцаж, унийг нь өлгөлцөж явсны хувьд энэ намаас хөндийрөх, зай барих,сэтгэл буруулах асуудал байхгүй.
-Гэхдээ та сайдаасаа буухын өмнөхөн намдаа ил захидал бичсэн. Яагаад тэгсэн юм бэ. Таныг сайдын суудалдаа үлдэхийн тулд ийм арга сэдлээ гэдэг өнцгөөс нь харах хүмүүс ч байсан…
-Тийм зүйл байхгүй ээ. МАХН таван хувьсгал хийнэ, шударга байна гэдэг том амлалттай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байсан. Харамсалтай нь тэрийгээ биелүүлэхийн төлөө дуугардаг хүн аль ч түвшинд байгаагүй. Тиймээс л ил захидал бичсэн.
-Та өөрөө сайд байсан, энэ намын нөлөө бүхий удирдлага хэвээрээ байсан хэрнээ яагаад ийм зүйлийг шаардаад байв гэдэг нь сонин байна…
-Намын гишүүн, хувь хүнийхээ хувиар хийж чадах зүйл маань тэр байсан. Өөрийнхөө хариуцсан салбарт МАХН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан шударга ёсны төлөөх хувьсгалыг хэрэгжүүлэх гэж хангалттай ажилласан. Үр дүн нь гарна, гарч ч байгаа. Тэр захидал бол намаахайрласандаа, эвслийн нэр хүндийг бодсондоо бичсэн санал байсан юм.
-МАХН таван хувьсгалаа хийхийн төлөө явахгүй байсны гол буруутан нь тэгвэл хэн юм бэ. Н.Энхбаяр даргатай хамаатай юм уу?
-Тэгж хэлэхгүй. Намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангуулах алба намд бий шүү дээ.
-Намаа хайрласан, эвслийнхээ нэр хүндийг хамгаалж үг хэлсэн таныг тэгвэл яагаад сайдын суудлаас буулгачихав аа гэдэг асуудал гарах байх. Танай нам засагт хамтарсан хэвээрээ байгаа тохиолдолд таныг үлдээж болох байсан…
-Тэр одоо чухал биш ээ. Хэн сайд байх нь хамаагүй, ажлаа хэр хийж байна гэдэг нь чухал.
-Тэгвэл Г.Шийлэгдамба сайдыг хэр ажиллаж байна гэж үзэж байгаа вэ. Энэ талаар сонирхож үзсэн үү?
-Сонирхоогүй.Би ер нь нэг нөхцөл байдлаас нөгөө рүү хурдан шилжиж чаддаг улстөрч шүү дээ.
-Г.Шийлэгдамба сайдтай уулздаг биз дээ?
-Уулзалгүй яахав.
-Үнэндээ шинэ засаг бүрдэж байх үед МАХН хоёр сайдынхаа нэрийг өгөхгүй их удсан. Тэр үед хэн сайд байх вэ гэдэг дээр танайхныг маргалдсан, бүр таныг сайдаараа үлдэнэ гэж уйлсан ч гэх мэтийн явган яриа байлаа…
-Ерөөсөө тийм юм болоогүй.
-Нэр тодруулахдаа яагаад тэгж их удсан юм бэ?
-Гүйцэтгэх товчоо хуралдах хүртэл ямар яриа, хөөрөө, ямар процесс өрнөснийг мэдэхгүй. Гүйцэтгэх товчооны хурал дээр эцсийн шийдийг гаргахаар ярихад би ажлаа өгөхгүй гэж хэлээгүй. Харин мэргэжлийн хүнднь өгөх саналтай байсан.
-Тэр нь хэн гэж. Жамбалжав гуайн нэр яваад байсан бил үү?
-Жамбалжав ч юм уу, Хатанбаатар ч юм уу, аль нь ч байж болно. Гэхдээ хэлэлцээд олонхийн саналаар шийдвэрээ гаргасан.
-Одоо танай намд Ерөнхий нарийн бичгийн даргын суудал эзгүй байна. Танд очих бодол байгаа юу?
-Тийм бодол байхгүй.
-2016 оны сонгуульд намын жагсаалтад орно биз дээ?
-2016 оны сонгуулийн тухай бодоогүй л явна.
-Эвийн хөдөлгөөн байгуулж байгааг сонгуулийн бэлтгэл гэж харах болов уу?
-Хүмүүс юу гэж бодох нь тэдний л асуудал.
-Тэгэхээр сая танай намын дарга Монголд ирсэн ч буцаад явчихлаа.Уг нь эх орондоо бүр ирсэн чинь дарамталсан учраас буцлаа гэдэг мэдээллийг танайхан өгөөд байгаа…
-Эх орондоо бүр ирсэн байх л гэж бодсон. Одоо л нэг намын ажил цэгцрэх нь гэтэл буцаад явчихлаа. Үнэндээ Монголд үлдэх боломж олдоогүй юм шиг байна. Хэлмэгдүүлэлтийн машин эргэж магадгүй байсан бололтой.
-Танай намынхан Н.Энхбаяр дарга цэгцэнд нь оруулахаас нааш хөл толгойгоо олохгүй болтлоо бужигначихсан нь үнэн хэрэг үү?
-Хөл толгойгоо олохгүй болтлоо гэх нь ч хаашаа юм. Хамгийн гол нь намын ажил сул байна.
-Намын аппаратыг авч яваа хүмүүс харин ч сайн ажилласан учраас өнөөдөр тэднийг Н.Энхбаяр дарга тушаал дэвшүүлж, заримыг нь сайд болгосон юм биш үү?
-Мэдэхгүй юм.
-Жишээ нь Г.Шийлэгдамба дарга бол намын аппаратыг хариуцаж явсан гэдэг утгаараа таны хэлээд байгаа сул гэдэг тодорхойлолтод орох гээд байна. Гэтэл сайд болчихлоо…
-Харин тийм.
-Та Эрүүл мэндийн сайдаар ажилласан, албаа өгсөн, Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон зэргийг эргээд дүгнэхэд юу бодогддог вэ?
-Н.Алтанхуягийн Засгийн газар муу ажилласандаа огцроогүй шүү дээ. Миний хувьд Эрүүл мэндийн сайдаар хоёр жил дөрвөн сар ажиллажээ. Салбарынхаа хамт олонтой нийлж, сайхан ажлуудыг хийсэн. Сэтгэл хангалуун байдаг. Жишээ нь эхийн эндэгдлийг бууруулж чадсан. Монгол улс улаанбурхан өвчингүй болох суурь тавигдсан. Технологийн олон шинчлэл хийгдсэн гээд сайн ажил олон бий.
-Дараагийн сайд залгамж чанараа хэр хадгалж байгаа бол?
-Үнэндээ шийдлийн Засгийн газар мөрийн хөтөлбөргүй шүү дээ. Өөрийн гэсэн шинэ мөрийн хөтөлбөргүй учраас яаманд халаа сэлгээ хийх шаардлага уг нь байхгүй. Гэвч учир утгагүй халаа солио хийж байгаа юм билээ. Г.Шийлэгдамба Н.Удвал сайдын багтай хамтарч ажиллана гэж амласан байдаг. Гэвч нэлээд хүнийг өөрчилсөн байна лээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбоотойгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ. Баянзүрх 1 тн, Хан-Уул 6.5 тн, Сүхбаатар 0.5, Сонгинохайрхан дүүрэг 6 тонн давсыг хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайд цацсанбайна. Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их тэнгэрийн ам, Улиастай, Уулын зам, Зурагт, Баянхошуу, Таван шар, ХМК, Толгойт, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Их тэнгэр, Нарны гүүр, Оргил худалдааны төв, Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүр, Нисэхийн зам, 3,4-р хороолол, Бичил, Гэмтлийн уулзвар, 1-р хорооллын арын зам, Чингүнжавын гудамж, Өргөөгийн уулзвар, Зайсан, Айдсын даваа, Морин даваа, 120 мянгат, 14-р хороолол, Сансарын тунель, Бага тойруу, Баянзүрхийн товчоо, Богд уулын ам, төв зам,автобусны буудлуудад нийт 30 тонн бодис цацаж цэвэрлэжээ. Мөн Чингисийн талбайн цасыг түрэгч машинаар цэвэрлэн 13 рейсээр тээвэрлэн, Цагаан давааны хогийн цэгт буулгажээ. Богд уулын арын замын мөстсөн хэсгүүдийг цохиж цэвэрлэн замын тэмдэг тавьж, 120-н автобусны буудлын эвдэрсэн хайсыг засаж тэгшиллээ гэж Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням өдгөө 40 гаруй настай. Тэрбээр сумод 20 жил мятаршгүй зүтгэсний үр дүнд 38 настайдаа дээд зиндааны барилдаанд анх удаа түрүүлсэн. Ер нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тухайн башёдаа тавин хувийн амжилтаа бууруулалгүй, алтан дунджийг барьж ирсэн. Халихгүй, жижгэрэхгүй нэр хүндтэй, сайхан л амьдарч байна. Үүнийг ”Амьдралдаа үлгэрлэж болох Н.Цэвэгням философи” гээд байгаа юм.
Сумогийн ертөнцөд дээд цол Ёкозуна хүртсэн л бол цолоо хадгалах шаардлага гардаг. Муу барилдвал сумогийн холбооны шахалтад орж, үзэгчид дургүйцлээ илэрхийлж эхэлдэг. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж цагтаа яаж мандаж байлаа. Дээд амжилтыг тогтоогоод сумогийн холбооны шахалтаар шахуу зодог тайлж нутагтаа ирсэн. Одоо Монголын төр хувьчилсан циркээ түүнээс буцааж авах ухааны юм ярьж байна. Энэ хэрээр түүнийг үнэлэх үнэлэмж буурсан гэсэн үг. Түүнтэй харьцуулахад Кёкүтэнхо Н.Цэвэгням тавин хувийн амжилтаа баталчихаад л өндөр цалин аваад, сайхан л амьдарч байгаа. Голыг нь олоод сэтгэл ханамжтай амьдрах энэ Н.Цэвэгнямынфилософийг хүмүүс амьдралдаа хэрэгжүүлмээр санагддаг. Гоц авьяастай л биш бол ердийн хүнд хэрэгтэй философи. Күнз “Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм” гэж сургасан байдаг. Алтан дундаж байна гэдэг нөгөө талаараа өөрийгөө хянаж ухаантай амьдарна гэсэн үг ч байж болох.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Аргын тооллын гуравдугаар сарын 17. Ангараг гариг. Билгийн тооллын 27. Булаагч одтой, хар луу өдөр. Өдрийн наран 07.08 цагт мандан, 18.53 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
“Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр ашиглана” гэсэн үг бий. Энэхүү тэнэгдүү эсвэл зэрлэг бүдүүлэгдүү бас хуучирсан энэ хэлцэнд манай цэргийн бүхий л бодлого эртнээс багтаж бас ашиглагдсаар ирж дээ. Тэд бол татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж, амьдарч, сурч, басхооллож хувцаслаж байдаг хүмүүс. Тэд бол бусад ажил эрхэлж амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүсийн дэргэд өмсөх хувцаснаасаа эхлээд элдэв үрлэг зарлагагүй амьдардаг хүмүүс.
Өнөө цагийн цэргийн алба хаагчид бол тэжээлгэж, тэжээлгэж байгаад нэг л өдөр аян дайнд мордож, амь насаараа дэнчин тавина гэж айх хэрэггүй, шаардлагагүй билээ. Угаасаа манайх шиг цэрэг армийн хувьд дэлхийд томд ордог ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй орныг давж бидэнд халдах гадны хүчин гэж үгүй. Харин өнөөх хоёр хөрштэйгөө бид хил хязгаарын хувьд хамгийн асуудалгүй, найрамдалт хөршийн харилцаатай учраас батлан хамгаалах салбарт илүү зардал ч гаргах шаардлагагүй гэж үздэг хүмүүс цөөнгүй. Мөчөөрхлөө гэхэд тэдэнтэй бараадах ч үгүй юм чинь гэж мэтгэгсэд ч бий. Дэлхийд батлан хамгаалах салбартаа их мөнгө зарцуулдгаараа АНУ-ын дараа Хятад тэгээд Орос ордог юм. Хятад жилд 236 тэрбум ам.доллар зарцуулдаг гэдгийг дарсан тоо гэж үзэгсэд байдаг бол Орос 20 тэрбум ам.долларын зардлаа огцом өсгөж 80болгосноо мэдэгдэж байсан жишээтэй. Гэхдээ Монгол Улс туурга тусгаар орны хувьд багавтар ч гэсэн армитай, бас цэрэгтэй, тэдэндээ зарцуулдаг төсөвтэй байх нь зүйн хэрэг биз ээ.
Аль ч улс орны хувьд тангараг өргөсөн цэргийн алба хаагчид юу юунаас илүү онцгой эрхэм хүмүүст тооцогддог. Бас энэ онцгой байгаа шигээ хариуцлага хүлээж, үүрэгжих ёстой. Тэд тангараг өргөсөн цэрэг эрс учраас насан туршдаа тангаргаа биелүүлж, харин биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээж байдаг. Манайд энэ байдал хэр байдаг юм бол доо. Бие даасан тусдаа ертөнцөд юу өрнөж, юу болж байдгийг бид төдийлөн мэддэггүй. Зарим цэргийн ангийн захирагч нар хувийн компаниудад цэргүүдээ барилгачнаар ажиллуулсан тухай хэл ам сонстсоор байдаг. Хэдэн монгол цэрэг барилгын компани дээрээ ажиллаж байхдаа хойд солонгосчуудтай зодолдож гэмтсэн л гэнэ, өөр нэг цэрэг барилгаас унаж гэмтсэн л гэнэ хэмээн дуулддаг. Бас нэг цэрэг танк жолоодож яваад осолдож амь насаа алдсан л гэнэ. Чухам энэ бүхэн юутай холбоотой, хэний хариуцлага алдсанаас асуудал үүсч байгааг бид мэддэг баймаар санагддаг юм. Яагаад гэвэл тэд тангараг өргөсөн эр цэрэг учраас үүргээ яс биелүүлэх ёстой бас чадаагүй бол хариуцлагаа ч чанд үүрэхийг шаардах ёстой, бид.
Мэдээж үүнтэй адил халамж, анхаарлаа ч тавьж чаддаг байх хэрэгтэй болов уу. Нэг үеэ бодвол цэргийнхний халамж, нийгмийн ахуй сайжраад байгаа гэдэг. Одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд тус салбарын сайд байхаасаа эхлээд одоо ч энэ чиглэлд хууль тогтоомжийг нь сайжруулах гээд сүрхий ажиллаж байгаа харагддаг. Ямартай ч УИХ-аар цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулиар цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тогтоодог байсныг 80 хувь болгож нэмэгдүүлсэн. Мөн алслагдсан аймаг, сумдын цэргийн ангид алба хаагчдын гэр бүлийн хүн нь гурван сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг улиралд нэг удаа олгож байхаар тогтоосон. Ингэснээр цэргийн тушаалаар хаа бол хаана нөхрөө дагаж очоод, мэргэжлийн байтугай ажил нь олдохгүй гадаа гандаж, зэвэрч байгаа хөөрхий бүсгүйчүүдэд бага ч болов сэтгэлийн дэм болсон гэх үү дээ. Мэдээж энэ нь цэргийн алба хаагчийн өрх бүлд хөөрхөн нэмэр болчихно. Бас цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэж уг хуулинд зааж өгсөн байгаа.
Батлан хамгаалах салбарт батлагдаагүй нэгэн хууль байдаг нь аль улсын зэвсэг техникийг хэрэглэнэ тэр улсын номлолыг дагана гэсэн зарчим. Манайх олон жилийн турш хойд хөршийн уламжлалаар явж ирсэн. Одоо ч тэр. Бас сүүлийн жилүүдэд АНУ, БНХАУ-тай ч хамтарч байгаа.Харин 2014 оны дэлхийн шилдэг таван армиар АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг, Английнх шалгарсан харагдана лээ. Тэгэхээр дэлхийн шилдэг армийн чиг хандлага, номлолыг тусгаж байгаа гэхээр манайх ч мундаг гэж давхар ойлгогдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс Энхийг сахиулахаар цэрэг эрсээ илгээж, энэ хэрээр олон улсын тавцанд манай нэр хүнд өссөөр байгаа дуулддаг. Афганистан, Ирак, Өмнөд Суданд илгээсэн энхийг сахиулагчдын тоогоо хүн амтайгаа харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлт гарах вий. Юутай ч манай энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй биелүүлж, монгол цэргүүд манаанд гарч байгаа бол бусад орны цэргүүд бааздаа нойр бүтэн хонож чаддаг болсон гэлцдэг. Энэ бол тэдний олон улсын батлан хамгаалахын салбарт бий болгож чадсан имиж нь. Харин дотооддоо энхийг сахиулагчдадаа хэт анхаараад бусад цэргийн ангийнхны нөхцөл байдлыг тоохоо байсан гэсэн шүүмжлэл явдгийг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Энхийг сахиулагчдын хоёр анги, терроризмтэй тэмцэх нэг гээд гурван анги дээр гойд анхаарал тавьж, чадалтай анхиатай нь бүгд ийшээ тэмүүлдэг. Цалин нь өндөр, үдийн хоол үнэгүй, хувцас хэрэглэл хамгийн сайныг хамгийн түрүүнд авдаг. Ийш орохыг бүгд хүсдэг учраас тал тохой татаад явчихдаг гэж энэ салбарынхан өөрсдөө шүүмжилдэг. Эндээсээ цалинтай, НҮБ-аас цалинтай болохоор хүн бүр л энхийг сахиулагчаар явахыг хүсдэг байна. Энхийг сахиулагчдад НҮБ-аас олгодог нөхөн төлбөрийн 60 хувийг албан хаагчдын гарт олгодог байсныг нэмэгдүүлж, 80 хувийг нь олгодог болсон. Тэгэхээр хэн ч ийш зүтгэх нь мэдээж. Тэгэхээр энэ салбарынхны хоорондын алив ааг, заагийг том болгохгүйн тулд анхаарах зүйл ч бий биз ээ. Ямартай ч монголчууд дайнч монголчуудын удам гэдгээ олон улсад энхийг сахиулах үйлст оролцож баталж, сануулж байгаа нь үнэн юм.
Мөн манай батлан хамгаалах салбарт боловсон хүчнүүдийн боловсрол мэдлэг өмнөхөөсөө эрс сайжирсан тухай ярилцдаг. Гадаад дотоодгүй явж суралцсаар сайн мэргэжилтнүүд энэ салбарт бэлтгэгдсээр байгаа юм билээ.
Бас боловсон хүчний бодлого зарим талаар алдагдаж, дарга томчуудтай ойр нь илүү дээшээ явдаг шударга бус байдал газар авсан гэсэн яриа ч давхар явдаг. Ямартай ч сайнтай, муутайгаа энэ салбар маань урагшилсаар байна. Зэвсэгт хүчний ойн өдөр тохиож буй энэ өдрүүдэд сайныг нь муутай нь хамтруулан байж олныг нуршлаа. Олонд тийм ч нээлттэй биш энэ салбарт сайнзүйлс ч байгаа байх, сайжруулах зүйлс ч олон биз ээ. Ямартай ч тангараг өргөсөн эр цэргүүд илүү өндөр үүрэг хүлээж, тангараг тавьсан шигээ чигч, шударга байх ёстой юм. Бас тэдэнд хариуцлага хүлээлгэдэг шигээ халамж үзүүлдэг байх нь Монгол төрийн үүрэг байх ёстой билээ.
Засгийн газрын эрхэнд байгаа Ардчилсан нам гишүүдээ бөөн бөөнөөр нь шоронд явуулж байна. Тэд улс төрийн тоглоомын дүрмээ огтхон нь ойлгохгүй байгааг хаширууд шүүмжлэлтэй нүдээр харж байна. Эрх баригчдын тухай хатуу үнэнийг өгүүлэх “Өрсөлдөгчөө өрөвдсөн гор”-ыг амссан хүчин хүлээцтэй суухад эд нар өөрсдийгөө яахнав дээ” нийтлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдлээ.
“Өдрийн сонин”-ы сурвалжлагч Э.Хүрэлбаатар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануйн багт ажилласан тухай сонирхолтой сурвалжлагыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Мягмар гаригийн дугаараас багийн эмч ямар хүнд нөхцөлд хэрхэн ажилладаг тухай мэдээллийг тусгалаа. Хуулиндаа бол багийн эмч анхан шатны тусламж үзүүлэх учиртай. Хөдөө орон нутгийн иргэд тархуу суурьшдгийг ч хэлэх үү. Багийн эмч нар ирсэн дуудлагын дагуу хүн арддаа хүрч үйлчлэх нь тэдний үүрэг. Гэтэл улсаас унааны зардалд ямар ч мөнгө төсөвлөдөггүй аж. Ингээд багийн эмч цасан шуурга, бороо, шороо гээд байгалийн эрсдлийг үл хайхран өвчтөнүүдэд очдог байна. Тэд хүн эмчлэх эрхгүй. Гэтэл хаа хол газар дуудлагаар очиход нь аврал эрсэн өвчтөнүүдэд хууль зөрчин байж II шатлалын тусламж үйлчилгээг дур мэдэн хүргэдэг байна. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг зөвхөн “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.