Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II дугаар шүүхээс АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР /Hilarion, Кристобэл Ж.Дэвид нарт ял оноосон. Улмаар тэд Ерөнхийлөгчөөс уучлалт хүссэнээр эрх чөлөөгөө хасуулж, ял эдлэх байдлаас чөлөөлөгдсөн.
Month: March 2015
Монголын Оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулж буй ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын V дахь удаагийн тэмцээний урьдчилсан шат болох гэж байна. Тэмцээн маргааш буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Монгол-Японы төв дээр болно.
Энэхүү тэмцээний зорилго нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах, хүн бүр оюуны чадамжийг дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах юм.
УАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд нийт 120 тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд эхний 50 тамирчин эцсийн шалгаруулалтад оролцох эрхийг авах юм. Харин ой тогтоолтын УАШТ-ий төгсгөлийн шат ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр болж, 2015 оны аваргууд тодорно.
Тэмцээний 10 төрөлд нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах багтжээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.
Энэ удаагийн тэмцээний ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч “Мөнхийн үсэг” ХХК, Rapid Development Group, “Төгс Эрдэм” сан ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, Монголын Оюун Ухааны академи өнгөрсөн 4 жилийн хугацаанд оюуны спортын 40 гаруй тэмцээн уралдаан дотооддоо зохион байгуулж 1500 гаруй тамирчдыг хамруулжээ. Мөн олон улсын чанартай 30 гаруй тэмцээнд оролцсоноос 349 медалийг авсны дотор дунд насны ангилалд дэлхийн 17 рекордын 14-ийг нь Монголын тамирчид эзэмшиж байна. 2014 оны 12 дугаар сард БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон ДАШТ-ээс Монголын тамирчид 29 медаль (боломжит 60-с) хүртэж, багаараа II байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн билээ.
ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч тэргүүтэй албаны хүмүүс бизнесийн төлөөлөгчдийн хамт Монгол Улсад айлчлах гэж байна. Айлчлал дөрөвдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулах аж. Уулзалт дөрөвдүгээр сарын 2-нд МҮХАҮТ-ын байранд болох бөгөөд танхимаас тус уулзалтад оролцох Монголын талын бизнес эрхлэгчдийг бүртгэж эхэлжээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 19.00 цагаас “Harmony of Flute and Harp” тоглолт болно. Энэхүү тоглолтын эзэд бол АНУ-ын флейта (лимбэ) хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар юм. Мөн тус тоглолтод зочин хөгжимчид, УДБЭТ-ын хөгжимчид болон оюутан сурагчид оролцож, эдгээр хөгжмийн зэмсгүүдийн өвөрмөц сонин бүтээлүүдээс тоглох аж.
УДБЭТ-т АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Harmony of Flute and Harp” төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд дэлхийн олон оронд тоглолтоо сонирхуулж байсан флейта хөгжимчин Жэфри Кохан, босоо ятгачин Тина Зердин нар манай улсад ирээд байна. Тэд Монголын хөгжмийн сургуулийн оюутан, сурагчдад флейта хөгжмийн сургалтыг хоёр хоногт (03.17-18) явуулжээ. Харин өнөө орой болох тоглолтын өмнө мэргэжлийн урлагийн байгууллагуудын флейта болон лимбэ хөгжимчидтэй уулзалт хийх аж.
“Harmony of Flute and Harp” тоглолт өнөөдөр 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдох бөгөөд тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна. Билетийн үнэ 8000,10000,15000 буюу үндсэн үнээр худалдаалагдана.
Одоохон үнэ чөлөөл!
Баабар ингэж өгүүлэв
Наяад оны дундуур манай хүрээлэнд нэгэн англи мэргэжилтэн ирж шинэ техник дээр сургалт явуулсан юм. Түүнийг амралтын өдрөөр Өмнөговь руу дагуулж явж зугаацууллаа. Мань хүнийг хамгийн их гайхашралд оруулсан зүйл бол үнэ байлаа. Тэр үед “улаан ус” гэж нэрлэгдэх ундаа нэг шил нь түүний буусан Улаанбаатар зочид буудалд нэг төгрөг хорин мөнгө. Мань хүн дэлгүүрт уг барааг авсан чинь бас л төгрөг хорь. Алс Өмнөговьд очоод жуулчны баазын баарнаас ундаа авсан чинь мөн л нөгөө үнэ. Надад нэг шил ундаа гарт бариулаад ойролцоогоор ямар жин татаж буйг асуулаа.
-Нэг кийл орчим байна.
-Улаанбаатараас энэ амралт хүртэл хэдэн км вэ?
-600 орчим болов уу.
-Энэ ундааг сая онгоцонд олон авдраар нь авчирсныг санаж байна уу?
-Тийм ээ, харсан.
-Тэгээд яагаад Улаанбаатар дахь дэлгүүрийн үнэтэй адил байгаа юм бэ? Үүнийг онгоцоор зөөхөд онгоцны зардал, түлш, үйлчилж буй хүмүүсийн цалин, энэ баазын барилга агуулах, хадгалах хөргөгч гээд асар их зардал гарч байгаа шүү дээ.
Надад хэлэх үг олдсонгүй. “Энэ талаар урьд нь бодож байсангүй” л гэлээ. Ямар “Социализмын давуу тал” гэж тэнэгтэлтэй нь биш. Би ямар Улсын үнийн хорооны (үнэхээр тэр үед үнэ зохицуулдаг ийм нэртэй, яамнаас дээгүүр эрхтэй тусгай хороонд олон арван хүн цалин авч ажилладаг байсан юм) эдийн засагч биш, энэ талаар эргэцүүлдэггүй байж. Гэхдээ мань англи эрийн улайм цайм нүдэнд харагдах илэрхий юм асуухаар урдаас нь “үзэл сурталдах” нь ичиж үхмээр л дээ.
Үнэндээ социализмд “үнэ” гэсэн ойлголт байсангүй. Зах зээлийг үнэ биш захиргааны аппарат зохицуулдаг байж. Эрэлт нийлүүлэлт үнэ зохицуулдгийг Адам Смит нээснээс хойш хоёр зууны дараа шүү дээ.Аппарат үнэ зохионо, гэхдээ онож буудна гэж үгүй. Энгийн жишээ хэлэхэд монгол хүн хонины маханд дуртай гэж бодсон бололтой үнийг нь хамгийн өндөр тавьдаг байсан бол зах зээлд шилжсэн өдрөөс л үхрийн мах илүүүнэлэгдсээр ирлээ.
Бүтэн гурван үеийн турш аппаратын зохиосон хатуу үнэд дассан ард түмэн чөлөөлөгдсөн үнийн тогтолцоонд шилжиж эхэлмэгц л шооконд орсон төдийгүй хилэгнэн жигших болов. Ерээд оны эхээр хувь хүмүүс ганзаганд явж авчирсан бараагаа зах зээлийн үнээр зараад эхлэнгүүт энгийн ард байтугай ардчилал гардсан хувьсгалчид хүртэл бухимдан тархиа шааж байлаа. Ганзагачид бараагаа дэлгүүрт тавих ба уг дэлгүүрийг “тохиролцооны” гэж нэрлэнэ. “Тохиролцоо биш хохиролцоо” гэсэн үг тэр үед моодны зүйрлэл байлаа. Хамгийн “ухаалаг” эдийн засагчид “энэ бараа Бээжинд ийм үнэтэй, замын зардал өөрийн хөдөлмөрийг нь бодожнэмээд тэдээр л зарах ёстой атал шунал нь хэтрээд тэд нугалж шулж байна” хэмээн “шинжлэх ухааны үндэслэлтэйгээр” шүүмжилнэ.
Хувь заяаны шоглоом ч юм уу, Үнийн хорооны дарга асан Бямбасүрэн гуай Монголд анх үнэ чөлөөлсөн юм. Энэ бол асар том гавьяа, зах зээл рүү хандсан шилжилтийн үндсэн хөшүүрэг болсон. Гэвч өргөн хэрэглээний 34 бараа үйлчилгээний үнийг төр “хамгаалалтандаа” авч үлдсэн юм. Магадгүй, жаахан сэхээд эхлэх үед үүнийг бас чөлөөлнө гэж бодоо биз. Харин 25 жил өнгөрч бараг хориод Засгийн газар ээлжилсэн боловч хэн нь ч дээрх бараа үйлчилгээний үнийг чөлөөлөөгүйгээр барахгүй өөр бусад олон бараа үйлчилгээний үнийг барих зөндөө арга бодож олоод амьдралд хэрэгжүүлжээ. 1995 онд Засгийн газраас “үнийн дээд хязгаар” гэгч юм бодож олоод махны үнэ 300 төгрөг байсныг стандарт болгож авав, харин маргааш нь мах шууд 500 төгрөг болж байсан. Чөлөөт зах зээлд төрөөс үнэ тогтоохоор аяндаа нийлүүлэлт зогсон барааны хомсдол үүсэх ба тэр нь хар захыг хөгжүүлж үнийг бүр ихээр хөөрөгддөг, уг нь хэнд ч ойлгомжтой хуулийг монголчууд тэгэхэд анх харсан. Гэхдээ санамж нь богино болохоор удалгүй мартсан даа. Газар тариаланг дэмжиж байгаа нь энэ гээд уриншийн, тариалалтын, хураалтын хэмээн Засгийн газар төсвийнхөө хагасыг гөвдөг боллоо. Үүнийг 1996 онд Нямсамбуу сайд зогсоосон боловч “энэ дайснаас болж газар тариалан сөнөв” гэх яриа гарган эргээд л “урамшуулдаг” болсон доо.
XXI зуун гарсаар “ямааны шагнал” гээч гоё юм бодож оллоо. Ямаанд толгойгоор нь бодож малчдыг урамшуулна. Ноолуур их авах гэж байгаа юм гэнээ. Урьдын урамшууллаас ялгаатай нь эндээс мөнгө саах шунахай зориулалттай. Ер нь ямаанаас эхлээгүй хэн ч байх билээ дээ. Ийм урамшуулал дараа нь сүүний, ургацын, шатахууны гээд явж өгсөн л дөө. Энэ бүх арга хэмжээ тухайн бараа үйлчилгээний чанар, өртөг, борлуулалтанд хичнээн их уршиг тарьсан гэж санана, харин хэдэн гарууд овоо цулайсан байхаа.
Шинэ Засгийн газар гарч ирэх болгондоо ард түмнээ харж үзэн ямар нэг урамшуулал, тогтворжуулалт цоо шинээр бодож олох боловч удах тусмаа энэ нь өөрсөндөө мөнгө шуудайлах ШБОС байх аж. 2010 оноос байрны үнийн урамшуулал хэмээх зургаан хувийн хүүтэй мөнгө тарааж гарлаа. Хүмүүс Засгийн газраас илүү ухаантай байдаг тул байрны үнэ огцом өсөв. Засгийн газар хүмүүсээс илүү ухаантай байдаг тул хувьдаа илүү мөнгө цохив. Энэ киноны дараагийн анги нь Төв банктай хавсарсан найман хувийн зээл нэрээр үргэлжилж үр дүнд нь улсын валютын нөөц шавхагдлаа. Цааш нь шатахууны үнийг тогтворжуулах нэрээр Төв банк шатахуун импортлогчдод 400 тэрбум төгрөг зээллээ. Үнэ ч сайхан “тогтвортой” л байсан л даа. Харин энэ оноос шатахууны үнэ дэлхий даяар хоёр дахин унав. Монголд үнэ “тогтвортой” хэвээр. Хэргийн мөрөөр хөөвөл зээл авсан компаниуд банкнаас түрүүн авсан мөнгөө эргүүлж төлөхийн тулд үнийг тогтвортой барьж буй юмсанж. Энэ хооронд Төв банкны үндсэн хариуцлага болох инфляц өссөөр.
Хантэр Луисын “Үнэ одоохон чөлөөл” нэртэй ном орчуулагдан гарчээ. Дэлхийн олон хэлд орчуулагдаж бэстсэллэр болсон энэ бүтээлийг монголчуудад суртчилахыг “Либерал номын сан”-г санаачлан эрүүл эдийн засгийн тухай цөөнгүй ном зохиол орчуулах, хэвлэх ажлыг зохион байгуулсан “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн сэдсэн юм. “Шударга эдийн засгийн үндсэн хэмжүүр бол үнэ юм. Шударга үнэ нь борлуулагчийг ч худалдан авагчийг ч хянах буюу зальддаггүй. Чухам энд л эдийн засгийн амжилтын үндсэн суурь оршмой. Авлигажсан эдийн засаг шударга үнэ, шударга мэдээлэл, шударга үр дүнгээс үргэлж зайлсхийж байдаг” хэмээн Хантэр Луис бичжээ. Үнэндээ үнийг хянагчид болон үнээр тоглогчид үе үеийн турш зах зээлийг бужигнуулж ирсэн ба үүнээ гол төлөв хүний сайн сайхны тулд, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө гэх мэт уран гоё үгээр тайлбарлаж ирсэн авч энэхүү халамж энхрийллийн эцсийн хожоо өөрсөд дээр нь л ирж байлаа.
Монгол Улс зах зээлийн тогтолцоонд эхэлж шилжиж байх үед шийдвэр гаргагчид үнэ хянасан бодлого ”бодож” байхдаа хоцрогдол, хуучин тогтолцооны инерцээрээ үнэхээр ч ард түмнээ харж үзэж байна гэж сэтгэдэг байсан байх. Гэвч тун удалгүй энэ нь унац ихтэй дажгүй “бизнес” юм байна гэж ухаарч, өдгөө зориудаар ард түмнээ харж үзэж байгаа маягаар нийгмийн баялгаас хулгайлах болжээ. Үнэ чөлөөлнө гэдэг бол ард түмнээ чөлөөлнө гэсэн үг. Үнэ чөлөөлнө гэдэг бол ард түмнээ харж үзэж байгаа хэрэг. Төр үнийг хянахгүй, түүнд оролцохгүй байна гэдэг ард түмэнд эрх чөлөө олгож байна гэсэн үг. Төр үнэ хянана гэдэг бол төрийн нэрээр хувалзнууд ард түмнээс хулгайлж байна гэсэн үг.
Стратегийн гэж тухайн улс оронд нэрлэж болох тун цөөн зарим бараа үйлчилгээний үнийг төрөөс зохицуулах шаардлага гардаг л даа. Гэхдээ үүнийг татвараар дамжуулж зохицуулдаг. Тэглээ ч энэ нь маш эмзэг арга хэмжээ, яльгүй хальтрахад зах зээлийг бужигнуулчихдаг тул ултай бодлого, богино хугацаа гэх мэт хүчин зүйлийг заавал анхаарч үзнэ. Ялангуяа ийм зохицуулалтаас болж авлига, дээрэм, хүнд суртал үүсэхээс сэрэмжлэх шаардлагатай, энэ нь ч өөрөө өртөг ихтэй ажил байдаг гэнэм. Манайд бол харин төрийн хавтгайрсан үнэ зохицуулалт гэдэг нь ердөө л авлига, дэээрэм, хулгай. Эрүүл эдийн засагтай орны тогтсон ойлголтоор бол асар том гэмт хэрэг шүү дээ.
Төрөөс хууль гарган хянаж, тогтоож, албадаж болдоггүй хоёр зайлшгүй юм байдаг нь: Үнэ, Хэл. Үүнийг эдийн засгийн ухаан аль дээр үед олж мэдсэн. Амьдралаас!Үнийг ч, хэлийг ч хэрэглэгч нь болох олон түмэн тогтоодог. Хэл ч, үнэ ч маш цочромтгой, үргэлж өөрчлөгдөж байдаг “амьд” зүйлс. Төрөөс энэ хоёрт хяналт тогтоох, хуульчлан мөрдүүлэх, албадах нь тогтолцоог нь сүйрүүлдэг, тэгээд ч хэзээ ч удаан хугацаагаар хэрэгжих бололцоо огт үгүй гэнэ. Монголын төр үнийг хянан албаддаг, Монголын төр хэлний хуультайгаар барахгүй тэр нь багадаад улам нарийсгасан шинэчилсэн хэлний хуультай болоод авсан. Бид тухайн бараа үйлчилгээг хэдээр худалдан авах, хэдээр борлуулахыг манай төр мэднэ. Бид юу гэж ярьж бичиж болох, ямар үг хэрэглэх, юу хэлж болохгүйг бас төр маань мэднэ.
2015.3.3
Казах үндэстний Нарны баяр Наурызыг тохиолдуулан энэ сарын 18, 21, 22, 23-ны өдрүүдэд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахаар болжээ. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байдаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг байна. Энэхүү боомт улсын хилээс 4.5 км. Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км. Улаанбаатар хотоос 1900 км орчим зайтай байдаг юм.
Голландын уран барилгачид саяхан оффисын нэг өвөрмөц загвар танилцуулжээ. Тэдний танилцуулсан оффис ямар ч суудалгүй.“Суух хангалттай” төслийн хүрээнд хийсэн гэж гадны хэвлэлүүд мэдээлж байна. Ихэнх цагаа оффисын ширээний ард хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг хүмүүс өчнөөн өвчинд нэрвэгдэх эрсдэлтэйг анагаах ухаан аль хэдийнэ тогтоочихсон. Наад зах нь компьютерийн ард удаан сууснаас болдог хуурай нүдний синдром гэж өвчин байна. Оффисын синдром гэх нь ч бий.Нүд чинь улайж, хуурайшиж, элс орсон юм шиг торж хорсоод байвал “оффис”-ын синдром туссан гэсэн үг. Хүндэрвэл мэс засал хийлгэхээс аргагүйд хүргэдэг айхавтар өвчин гэж эмч нар сэрэмжлүүлдэг. Компьютерийн араас босох дургүй хорин хүн тутмын нэг нь ийм өвчтэй гэсэн статистик хүртэл гарчихаж. За тэгээд гэнэтийн үхэлд хүргэх эрсдэл дагуулдаг судсанд бүлэн үүсэх өвчин,шамбарам, судас бүдүүрэх гээд сууж ажилладаг хүмүүст илэрдэг өчнөөн өвчнийг жагсааж болж байна. Бүр хачин сонин өвчин хүртэл байна. Неофобия буюу шинэчлэл, шинэ зүйлээс айх өвчин гэхэдоффист суудаг нөхдөд л ажиглагддаг гэнэ. Парурезис гэж өвчин байдгийг хүртэл эрдэмтэд тогтоожээ. Энгийнээр тайлбарлавал хүмүүсийн дэргэд бие засахаас айх айдас. Гэрээсээ өөр газар бие засч чадахгүй болдог энэ өвчин сууж ажилладаг нөхдийг л зовоодог гэж байгаа. Суудалгүй оффис гэхээр зарим хүмүүст сонин санагдаж магадгүй л дээ. Мэдээж хэн ч өдөржин зогсч ажиллахгүй нь тодорхой.Байнга сууж ажиллавалсая дурдсан шиг өвчнүүдэд нэрвэгдэх эрсдэлтэйгсануулах гэжГолландын уран барилгачид оффисын ийм өвөрмөц загварыг сонирхуулсан хэрэг. Товчхондоо ядаж цайныхаа цагаар багахан хөдөлгөөн хийгээрэй л гэсэн санаа юм даа.
Ц.БААСАНСҮРЭН
Гадаадын кинон дээр бол банк дээрэмдэгчид буу тулгаад, хамаг мөнгийг нь аваад арилж өгч байгаа тухай л өгүүлдэг. Харин манайд бодит байдал кинон дээрхээс ч зугаатай өрнөдөг юм. Дээрэмчид банкны ажилтануудыг айлгах гэж аргаа барж байна. Айж мэддэггүй банкны ажилтануудтай учирсан бүтэлгүй дээрмийнбичлэгүүд интернэтээр олныг зугаацуулах болов. Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны тооцооны төвдбуутай этгээд нэвтэрч 20 сая төгрөг дээрэмдээд зугтсан ч араас нь теллер, хамгаалагч хоёр нь нэхэж хөөсөөр мөнгөө буцааж авсан тухай бичлэг интернэтэд од болсон.
Хөдөөгийн банкны ажилтанууд ч бас “үхэр” зүрхтэй бололтой.2013 онд Дорноговийн Замын-Үүд суман дахь “Хадгаламж” банкийг нэг этгээд дээрэмдэхээр зүрхэлсэн ч теллерүүд нь айхаа мэдэхгүй хэрэлдэж зовоодог. Хамгаалагч ч байхгүй мөртлөө нэг нь дээрэмчнийг цохиод авдаг гээч. Арай хийж хэдэн төгрөг зулгаасан дээрэмчнийг хоёр банкны ажилтан хойноос нь хөөсөөр мөнгөө буцааж авч байх юм. Энэ бүтэлгүй дээрэмчин хэн байсан тухай маргаашийн “Өдрийн сонин”-оос уншаарай. Бараг бүх хүн биенээ таньж хамаатан садан болох шахдаг Монголд банк дээрэмдэхэд азгүйтэх магадлал өндөр гэнэ шүү.
Монголын Үндэсний түүхийн музейн ажилтны хулгайлсан гэх үзмэрүүд байрандаа байсан тухай мэдээллийг “Өдрийн сонин“-ны Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” буланд мэдээлж байгаа билээ. Маргааш “Өдрийн сонин”-ы дугаараас энэ цуврал материалын төгсгөлийн хэсгийг хүлээн авч үзээрэй. Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Энхбатыг 410 дэсийн1004 ширхэг үзмэр хулгайлсан хэргээр ял оноосон юм. Гэтэл түүний хулгайлсан гэх үзмэрүүдийн 77 нь музейдээ байсан талаар манай сонин мэдээлсэн.
Музейн алга болсон гэгдэх үзмэрүүд байрандаа байсан нь тооллогоор илэрсэн байна. Монголын үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар ярихдаа “Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас тооллогын дүнг компьютерийн программд оруулъя, тоологдоогүй үзмэрүүдийг тоолъё гээд багагүй ажил хийсэн. Энэ үеэр манай музейн хулгайд алдсан гэх үзмэрүүдээс гадна өөр тоологдоогүй үзмэрүүд ч гарч ирсэн” хэмээн ярьжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг маргааш “Өдрийн сонин”-оос уншаарай.
Өмнөговь аймгийн Номгон сум аймагтаа малаар тэргүүлдэг бөгөөд 216 мянган толгой мал өсгөж байна. Түүнчлэн Номгон суманд 17 мянга шахам толгой мал хаваржиж байгаа аж. Сүргийн бүтцийн хувьд ямаа давамгайлдаг гэж мал аж ахуйн мэргэжилтэн танилцууллаа.