Categories
мэдээ нийгэм

2500 шинэ ажлын байр бий болно

НИТХ-аас өнгөрсөн онд “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг баталсан. Энэ онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 142 хороонд байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын бичил бизнесийн төслийн санхүүжилтийн ажлыг зохион байгуулна.

p19go0a68v110h1uvj1mqj14kugfo1Өнөөдрийн байдлаар 123 Хадгаламж зээлийн хоршоо Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байгаагаас 100 хоршоо Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл авах бичиг баримтаа бүрдүүлэн өгч, 22 хоршоо санхүүгийн үйлчилгээ эрхлэх болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авсан.

Тусгай зөвшөөрлөө авсан 10 Хадгаламж зээлийн хоршооны 221 төсөлд нийт 939.9 сая төгрөгийн санхүүжилтийг “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-гаас олгоод байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд шинээр 147 ажлын байр бий болж, 304 ажлын байр хадгалагдаж байна. Энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр ойролцоогоор 2500 шинэ ажлын байр бий болж, 5000 ажлын байр хадгалагдахаар байгаа юм.
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд Хадгаламж зээлийн хоршооны суурь мэдлэг олгох, бизнес эрхлэлт болон санхүүгийн анхан шатны сургалтуудыг шат дараатай зохион байгуулж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргах ажлыг дэмжин ажиллах, хоршоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батсуурь: Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байгаа тул “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа талаар танай намынхан мэдээлэл хийж байсан цаг саяхан. Тэр ч утгаараа эдийн зас­­гийн хүндрэлийг нуруундаа үүрэлцэнэ гээд Засгийн газарт хамтарсан. Өнөөдрийн байдлаар эдийн засагт ямар өөрчлөлт гарч байна вэ. Ам.долларын ханш өссөөр байна?

-Монгол Улсын эдийн засаг унах процесс сүүлийн 2-3 жил үргэлжилсэн. Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ху­дал­дан авах чадвар буурлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна гэдэг сигнал нэлээд эртнээс дуугарсан. Тэр ч утгаараа манай намынхан Засгийн газарт үүнийг нь байнга анхааруулж ирсэн. Өмнөх Засгийн газар “ЭЗЭН 100” тэргүүт ажлуудыг эхлүүлсэн.

Өнөөдөр эдийн засгийн уналтад нөлөөлж буй маш олон хүчин зүйл бий. Гэхдээ хамгийн гол нь бид өөрсдийнхөө гараар өөрсдөө эдийн засгаа шавар шавхайтай нь хутган доройтуулсан гэдгийг хэлж байлаа. Мөн зарим хууль эрх зүйн орчин ч гэсэн эдийн засгийн хүндрэлийг бий болоход нөлөөлсөн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хайгуулын лицензийг 4-5 жил зогсоож байгаад сая л сэргээсэн. Бид эдийн засгийн өсөлт гаргах ажлуудыг эхнээс нь хийгээд явж байна. Гэхдээ 2-3 жил үргэлжилсэн эдийн засгийн уналтын явц ганц хоёр арга хэмжээ авангуут сэргэнэ гэж байхгүй л дээ.

-Гадны хөрөнгө оруулагч­даа хүлээхээс өөр зам үлдээгүй юм уу. Өөр ямар арга байгааг эрж хайж байгаа юм уу?

-Ялангуяа бид хөрөнгө оруулагчдаа хүндэтгэн, нэгэнт батлагдсан хууль эрхзүйн орчноо тогтвортой байлгах тал дээр алдаа гаргасан. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө өнгийгөөд харах нүүргүй болж тэр ч утгаараа дотоодын хөрөн­гө оруулагчдаа бодитой дэмжиж чадаагүй. Ийм боло­хоор өнөөдөр эдийн засаг доройтож, ажлын байр бий болгож байгаа компанийн тоо цөөрсөн. Энэ нь өөрөө хүндрэл бэрхшээлийг бий болгож байгаа л даа. Учир нь айл өрхийн хаалгаар орлого орохгүй байна. Мөнгөний урсгал нь хаалганаас тээр цаана байгаа юм. Манайх шиг жилийн дөрвөн улиралтай өвөлдөө барилга, уул уурхайн салбар нь зогсонги байдалд ордог улсад энэ нь аюулын харанга юм. Би Дорноговь аймагт очиж тойргоороо яваад ирлээ. Ажлын байр алга гэсэн хүмүүс л шогширч угтаж байх жишээтэй. Манай аймагт гэ­хэд дорвитой ажиллаж байгаа үйлдвэр гэж алга байна. Уул уурхайн салбар нь зогсонги байдалд орж, иргэд нь өр зээлэнд шавуулчихсан бай­далтай байна гэдгээ хэлж байна лээ.

-Манай орон өмнө нь гадагшаа гаргадаг байсан нүүрсний хэмжээ хэвээрээ байгаа. Харин цаанаа худалдан авах үнэ нь буурснаас болоод байна гэх зүйлийг ярьцгааж байна…

-Ер нь бол дэлхийн зах зээл байгаа өртгөөр л өгч байна. Бид олон улсад экспортлох гэхээр тээврийн асуудлаа шийдэж чадаагүй. Дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ Хятадын өөрсдийнх нь зах зээлээс хамаарч тийм өндөр биш байна. Байгалийн баялгийн үнэ дэлхийн зах зээлд үргэлж хэлбэлзэж байдаг эд. Үнэ өндөр байгаа үед нь хуримтлалаа бий болгож байх ёстой. Хуримтлалыг заавал улс гэлтгүй бүх аж ахуйн нэгж, айл өрхүүд хүртэл бий болгож байх хэрэгтэй юм. Бид байгалийн баялгийн үнэ унасан үед нөөцөө задалдаг хэлбэрт шилжиж чадаагүй. Нэг талаасаа томоохон дорвитой бодлого хэрэгжүүлж чадаагүй гэсэн үг л дээ. Бид тогтвортой, найдвартай ханган нийлүүлэгч болж чадаагүйтэй холбоотой. Манайд дэд бүтэц, үйлдвэрлэл хангалттай хөгжиж чадаагүй. Хил гаалиас хол машинаар тээвэрлээд байгаа нөхцөлд нүүрсний үнэд эерэг нөлөө гарна гэж байхгүй л дээ.

-Монгол Улс ирэх намар “defolt” буюу дампуурлаа зарлана гэх юм. Үнэхээр эдийн засаг тийм байдалд хүртлээ элгээрээ хэвтчихсэн юм уу. Байнгын хорооных нь даргын хувьд үнэн зөв мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа. Баталгаатай нөөц улам багасч байгаа болохоор Монголбанк, Сангийн яаманд Байнгын хорооны зүгээс анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын 41 дүгээр тогтоолыг баталсан. Хөтөлбөрийн дагуу богино, дунд хугацаанд хийх ажлууд юм. Засгийн газар төлөвлөгөө гарган ажиллах ёстой. Өчигдөр (уржигдар) би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод төлөвлөгөөгөө яаралтай баталж ирүүлэх, сар бүр хийж буй ажлынхаа тайлан мэдээг цаг алдалгүй явуулж байх тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэр богино хугацаанд хэрэгжүүлж чадахаас олон хүчин зүйл шалтгаална. Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд очих зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Засгийн газар, Их хурал нь хоорондоо маргаад томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулж чадахгүй байна. Гадны хөрөнгө оруулагч хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой ханддаг. Итгэлгүй болсон хөрөнгө оруулагчдын итгэлийг хэдхэн сар, ганц жилийн дотор сэргээнэ гэдэг бараг л худлаа. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад лиценз олгоод эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хоёр жилийн өмнө хүчингүй болгож хууль эрхзүйн орчин талаасаа анхаарч байгаа. Гэхдээ үүнд аюул бий.

-Ямар аюул гэж?

-Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн жил ойртох тусам гадны хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилждэг. Ямар улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарах бол, ямар арга хэмжээ авах нь вэ гээд хараад суучихдаг. Энэ нь өөрөө эдийн засгийн томоохон дарамт болж орж ирдэг. Мөн нэг хэсэг хүмүүс нь зээл нэмж авч болохгүй гэдэг ташаа ойлголтыг төрүүлээд байна. Энэ бас нэг дарамт юм. Уг нь эдийн засгийн хямралтай үед зээл авч эдийн засгийг тэлж сайжруулдаг болохоос биш ямар ч зээл авалгүй өөрсдийн байгаа боломждоо тулгуурлан өндийнө гэдэг тийм ч амар биш. Зээл авахгүй бол ард түмний амьдрал улам доройтно.

-Зээл авч болохгүй гэдгийг танай Ардын намын гишүүд л хамгийн их хэлдэг шүү дээ. Монгол Улсын өр хэрээс хэтэрлээ дахин зээл авч болохгүй гэдэг байсан. Яагаад гэнэт энэ үгнээсээ ухрах болов оо?

-Хямралд орсон орнуудыг харж байгаа биз дээ. Украин гэхэд олон мянган долларын хөрөнгө оруулалтыг хандивлагчид өгч байж эдийн засгийг нь сэргээж байна. Мөнгө оруулахгүйгээр сэргэдэг эдийн засаг гэж хаана ч байдаггүй. Хандив авах, хөтөлбөр хэрэгжүүлэх, тусламж авах, боломж олдвол зээл авах шаардлагатай. Оно­лын хувьд ч зээл авах ёстой гэдэг. Харин зээлээ зөв зарцуулах хэрэгтэй. Авсан зээлээ юунд зарцуулахаа тодорхой болголгүй зээл авах гэж байгаа бол тийм ч сайн зүйл биш.

-Өмнө нь Монгол Улс эдийн засгийн хямрал нүүрлэхэд 2009 онд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилттай болсон тухай ярьдаг. Өнөөгийн нөхцөл байдалд “Стэнд бай” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх шаардлагатай гэж байна…

-Манай байнгын хороо үүнийг хариуцдаггүй. Харин эдийн засгийн талаарх хууль эрхзүйн орчны талаар анхаарч ажилладаг. Хувь гишүүний байр суурийг илэрхийлэхэд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар ОУВС, Дэлхийн банкны мэргэжилтнүүдийг авч ирэн эдийн засгийн тооцоо судалгаан дээр ажиллуулж байгаа юм билээ. Шаардлага гарвал “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй. Энэ тал дээр Монголбанк, Сангийн яам гээд тодорхой тоо баримт дээр ажиллаж байгаа хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

-Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахдаа эмзэг ханддаг гэж хэлсэн. Саяхан Жастин Капла нарын хүмүүст Ерөнхийлөгч уучлалт үзүүлсэн. Үүнийг хүмүүс зөв, буруу гэсэн хоёр талаас нь авч үзэж байна. 35 тэрбумын татвараас зайлсхийсэн гээд байгаа. Түүнийгээ Монгол Улсад төлөхгүй гээд шүүхэд хандсан ч гэж байх шиг. Ер нь гадны хөрөнгө оруулагчид ямар байх ёстой юм. Бид тэдэнд хэрхэн хандвал үр дүнтэй вэ?

-Хууль шүүхийн шийдвэр зөв гарах ёстой. Энэ нь гадны хөрөнгө оруулагч, энэ нь дотоодын компаний хүн гэж хандах ёсгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бизнес эрхэлж байгаа бол хууль журмын дагуу татвараа төлж, хуулийг ягштал баримталдаг байх хэрэгтэй. Хуулиа дагадаг улсад бүх зүйл нь эмх цэгцтэй байж хөгждөг. Тэгэхгүйгээр далд эдийн засгийг цэцэглүүлээд, хууль зөрчин өөрсдөө манлайлаад байвал улс орон дампуурлынхаа зам руу шуударна гэсэн үг. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх хэрэгтэй.

-Хаврын чуулганы эхэнд “Эрдэнэс Тавантолгой”-г менежментийн хувьчлалаар цааш явуулахыг шийднэ. Тус компанийн 500 ажилтныг хувьчлалаар авах гэж буй компанид өгөх гэсэн боловч авахгүй гэдэг зүйлийг хэлсэн байна лээ. Гэрээ хэлцэл ямар шатанд яваа бол?

-Тодорхой мэдээлэл алга. Мэргэжлийн туршлагатай, Ерөнхий сайд хийж байсан М.Энхсайхан үүнийг хариуцаж байгаа. Төслийг гардан хариуцаж байгаа эдийн засгийн багийнханд итгэж байна. Түүнээс биш энд суугаа би юугаа мэдэх вэ. Алсаас энэ нь зөв, тэр нь буруу гэж болохгүй л дээ. Одоо хэлэлцээр хийж байгаа энэ хүмүүстээ бид итгэх ёстой.

-“Эрдэнэс Таван­толгой”-н захирал Я.Бат­суурийг АТГ-аас шалгахаар баривчилсан. Та Я.Батсуурь захиралтай хамт нэг тойрогт өрсөлдөж байсан. Парламентад ч хамт сууж байсан хүний нэг. Түүнийг хорих болсон тал дээр хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би нэг л зүйлийг хэлье. Хууль хяналтын байгууллага хуулийн дагуу ажиллаж байгаа гэж итгэхээс өөр арга байхгүй. Түүнээс би өөр юу хэлэх вэ дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байсан хүнээ хорьж, цагдах шийдвэрийг гаргаад л явж байсан. Хуулийн засаглал гэдэг нь бие даасан засаглал байх учиртай. Улс төрийн нөлөөгүй байгаасай. Тэд хуулиа дээдэлдэг шударга байгаасай л гэж хэлмээр байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ эдийн-засаг

Банк бус санхүүгийн байгууллагын тоо өссөөр байна

Сүүлийн үед хаа сайгүй л банк бус санхүүгийн байгууллага гэсэн хаяг харагдана. Тэднийг зорих хүмүүсийн тоо ч их. Учир нь банкуудаас зээл авахад янз бүрийн шалгуур их учир банк бус санхүүгийн байгууллагыг зорих нь бий. Тиймээс ч ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг газар улам их болж байгаа нь судалгаагаар гарчээ.

Манай улсад 2000 онд тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагын тоо нэг байжээ. Харин энэ тоо өссөөр өнгөрсөн оны байдлаар 351 болж, өмнөх оноос 88 хувиар өсжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 91 компанид 31 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон байна.

Харин үйл ажиллагааны нэр төрлөөс нь харахад, өнгөрсөн онд зээлийн үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагын тоо 296 болжээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад 93-аар өссөн байгаа юм.

Харин гадаад валютын арилжаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагын тоо 124 болсон байгаа нь өмнөх оны мөн үеэсээ 25-аар өссөн дүн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Жавхлан: Би дуугаа дуулдаг шиг тэд улс орныг сайн удирдсан бол ингэж тэмцэхгүй л байлаа

С.Жавхлан: Би дуугаа дуулдаг шиг тэд улс орныг сайн удирдсан бол ингэж тэмцэхгүй л байлаа

Гавьяат жүжигчин С.Жавхлантай ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагаа өнөөдөр өрнөөд байгаа үйл явдлын халуун сэдвээс эхэлье. Та төрийн удирдлагуудыг халз мэтгэлцээнд дуудлаа. Гэвч энэ биеллээ олоогүй учраас МҮОНРТВ-ийн захирлыг буруутгаж, заримыг нь огцруулах хэмжээнд асуудлыг ярьж байна. Яагаад ийм юм болов оо?

-Өнөөдрийн эрхэм дээдсүүд улс шиг хөгжиж, хүн шиг амьдаръя гэж наанаа ярьдаг хэрнээ цаанаа хуйвалдаад байна. Үүнийг түмэн олон мэддэг хэрнээ дөжирчихөж. Бид ийм их баялагтай агуу эх оронд төрсөн байж яагаад эв түнжингүй, хагаралдаж бутраад байна. Төр яагаадийм хүчгүй болчихов. Үүнийг л асуух гэж түмэн олноос асуулт цуглуулсан юм. Ингээд халз мэтгэлцээн хийхээр МҮОНРТВ-ээс цаг авсан. УИХ-ын 76 гишүүн, төрийн гурван өндөрлөгийг дуудсан. Харамсалтай нь ирсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт төрийн гурван өндөрлөгийг дахиад дуудсан. Үндэсний телевиз цаг өгсөнгүй. Захирал Ц.Оюундарь нь зугтаад алга боллоо. Төрийн удирдлагууд бултаад байна. Түмэн олноос ирүүлсэн энэ асуултуудыг хэнээс асуухаа мэдэхээ байчихаад байна.

-Төр засгийн удирдлагаа дуртай газраа дуудаад уулздаг юм уу гэж эгдүүцэх хүмүүс ч байна…

-Яахаараа болдоггүй юм. Сонгууль болохоор хошного долоочих гээд гүйцгээдэг юм билээ. Тэднийг сонгосон юм бол дуудаад уулзах, асуулт тавих эрх нь ард түмэнд байдаг юм байгаа биз дээ. Бид ямар тэднийг дуудаж авчраад зодох гэсэн биш. Өнөөдөр энэ төр, улс оронд юу болоод байгааг асууя гэсэн юм. Ийм асуултад хариулчих чадваргүй юм бол төрийн гурван өндөрлөг гэж яваад яах юм. Үнэндээ өнөөдөр тэд төрийн гурван намханлаг болчихсон байна.

-Иргэдээс ямар асуултууд ирсэн юм бэ?

-Эх орныхоо газар шороог ухаж төнхөж ирсэн өвөг дээдсийн улбаа бидэнд бий юу. Газар шороогоо ухдаггүй байхдаа дэлхийг яаж хурааж явсан юм бэ. Монгол хүний үнэ цэн хаана байна. Наанаа инээж, цаанаа хумсалдаг зүйлийг төрт ёс гэдэг юм уу гэх мэтчилэн 5000 гаруй асуулт байна. Үүнийг 15 сэдэвт хуваасан байгаа.

-Тэднийг мэтгэлцээнд дуудсаар байх юм уу?

-Иртэл нь дуудна. Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дуудна.

-МҮОНРТВ-ийн захирал Ц.Оюундарь “Хэрэв надад болон манай гэр бүлд ямар нэгэн зүйл тохиолдвол С.Жавхлан буруутай шүү” гэж мэдэгдсэн байна лээ. Та сүрдүүлээд байгаа юм уу?

-“Айсан хүнд аргал хөдөлнө” гэсэн үг бий. Олон нийтийн телевизийг олон түмэнд нь хүртээлгүй болгож байгаад нь тэд бухимдаж байна. Тэгээд над руу утсаар ярьж, бичиж сэтгэлээ хуваалцаж байна. Харин би түүнийг Ц.Оюундарь захирал мэдэх ёстой гэж үзээд утсыг нь “ТВ9”-ийн нэвтрүүлэгт оролцохдоо ил хэлснээс өөр зүйлгүй. Олон нийтийн гэсэн тодотголтой хэвлэл мэдээллийн байгууллагыг толгойлдог хүн олон түмэнтэйгээ ойр байхад буруугүй байх аа.Тэр хүн рүү 1000 хүн бухимдаж байгаагаа илэрхийлж залгаж байна гэсэн. Над руу өдөрт 3000 хүн утасдаж дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Эндээс ялгаа нь харагдах биз ээ.

-Ноён уулыг ухуулахгүй гээд яваа та нарыг популизм хийж байна гэж дүгнэдэг. Та юу хэлэх вэ?

-Би гадаад үг хэрэглэдэггүй. Мэдэхгүй хэлээрээ гадааддаа очиж ярих хэрэгтэй.

-Популизм гэдгийг ард түмэнд таалагдахын тулд бүтэшгүй зүйлийг ч үнэн мэт ярих арга гэж тайлбарлаж болох юм…

-Бид өнөөдөр олон нийтийн төлөөлөл болж яваа. Тиймээс наадах чинь явцгүй яриа. Ард түмэн цөм гомдчихоод байна. Жавхлан бол тэдний нэг. Түмэн олонд таалагдахын тулд нэг хэсгийг нь муулаад яваа юм биш. Би тэртэй тэргүй нэр алдартай хүн. Угаасаа түмэн олон намайг таалчихсан. Ард түмний эсрэг ажиллаад байгаа хүмүүсийн зам дээр хөндөлдөж байгаа жирийн нэг залуу. Ер нь миний бодлоор Ноён уул бол өгөөш. Ийш нь бүх хүний анхаарлыг хандуулж байгаадцаагуур нь Таван толгойг зарж ч байгаа юм бил үү. Ийм л бодол төрж байгаа.

-Тийм бол Ноён уулыг ухуулахгүй гэж та бүхэн тэмцэж, олны анхаарлыг сарниулах хэрэггүй юм биш үү?

-Би ийм л үзэл бодол, байр суурь илэрхийлж байгаа шүү дээ. Гэхдээ Ноён уулыг ухаад хаяхыг зөвшөөрөхгүй. Бид уул ус газар шороогоо хамгаалах ёстой. Үгүй бол өвөг дээдэс минь тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө яах гэж цусааурсган байж, амиа золин байж тэмцсэн байх вэ. Тэд эх орны минь ширхэг цагаан чулууг бүү хөдөлгө, гол, булгийн тархийг бүү хөнд гэж захиж үлдээсэн. Өнөөдөр энэ бүхнийг мартаад Оюу толгой, Таван толгойг ухах гэж байна шүү дээ. Үүний эсрэг тэмцээд байна. Төр засгийн удирдлагууд хамаг монголчуудынхаа асуултад хариулдаг болтол би тэмцэнэ. Үүнийг тэр гадаад үгээрээ нэрлэнэ үү, яана дурын хэрэг. Энэ гадаад үгийг багш нар нь оруулж ирээд бидний дунд хаяж байгаа байх л даа.

-Ноён уулыг ухуулахгүй гээд байгаа хүмүүсийн ард УИХ-ын гишүүн байгаа гэж нийтлэлч Баабар телевизээр ярьсан. Тэр нь хэн гэдэг гишүүн юм бол?

-Тэгж ярьсан хүнээсээ асуух хэрэгтэй.

-Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл, ард түмний бухимдал, доройтолд юу нөлөөлсөн юм бэ. Хөрөнгө оруулалт буурч бид мөнгөгүй болчихсон учраас ийм болсон юм биш үү?

-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг зарчим алдагдсанаас болсон юм. Бүгдээрээ булаацалдаж хулгайлбал зөв гэдэг зарчим руу шилжчихээд байна. Төрийн өндөрлөгүүдард иргэд цуглаж, ярих вий гэхээс айгаад байна. Тийм учраас хүмүүс хүчгүй болчихсон байна. Ардчилал буюу ардыг чилээж алах арга нь өвгөрчихжээ. Төрд байгаа хүмүүсийн тэмцэгч чанар нь дуусчихсан байна. Дандаа өвгөчүүд цугларчихаж. Эргээд харъя л даа. 1990-ээд онд энэ ардчилал гэж яриад байгаа хүмүүс бүгдээрээ галзуу барын аманд гараа хийсэн ч буцахааргүй залуучууд байж. Гэтэлтэд 1990-ээд оны Улс төрийн товчооны гишүүдийн насан дээр ирчихлээ. Тиймээс тэднээс илүү хөшүүн, хоцрогдсон, аймшигтай араатан болж хувирлаа. Яахав ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхдаа зөвийг харж тэмцэж байсан байх. Тэгвэл одоо зөвийг олж харах, зөв үг хэлж байгаа хүнийг ялгаж таних чадвар тэдэнд үгүй болжээ.

-Тэгэхээр таныхувьсгал хийх цаг ирсэн гэж үү?

-Зөвхөн С.Жавхлангийн хүсэл биш. Түмэн олон маш том шинэчлэлийг хүсч байна. Яагаад гэвэл шуналын багаас ард түмэн залхаж байна шүү дээ. Өдөрт над руу 3000 гаруй дуудлага ирж байна гээд бод.

-Таны яриад байгаа хувьсгал нь монголчлол юм уу?

-Тийм.

-Монголчлол гэж яг юу юм бэ. Монгол дээлээ өмсч, машин унахаа байж, харилцаа холбоогүй хуучин үе рүүгээ буцахыг хэлээд байгаа юм уу. Монголыг яаж хөгжүүлэх тухай яриад байгаа юм бэ?

-Монголчууд ёс жудаг, ариун сайхан сэтгэл, байгаль дэлхийгээ хайрлах ухаанаа сэргээж, өөрсдийнхөө хөдөлмөрөөр ихийг бүтээх тухай яриад байна. Айлаас эрэхээр авдраа уудалдаг байх хэрэгтэй. Өөрсдийнхөө оюун ухааны авдрыг онгойлгож,өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг олж авч, монголчууд Монголоороо сэрэхийн тухай яриад байна.

-Ийм болохын тулд яах ёстой юм бэ. Арга зам нь юу вэ?

-Үлгэрлэхгүйгээр үглээд хэрэггүй л дээ. Хэдхэн жилийн дотор бүх зүйлээ 100 хувь гадаад болгож чадсан шигээ бага багаар бид монголжих ёстой. Монгол хүнийхээ оюун ухаанд итгэдэг байх ёстой. Ард түмнээ сонсч хэлэлцдэг байх ёстой. Ийм л цагийг уриалан дуудаж байгаа. Хэдхэн шуналтай хүн хөгжил нэрийн дор ард түмнийг залилж басамжилдаг байдлыг дуусгая.

-Машин биш морь унадаг болъё.Орчин үеийн технологи ашиглахаа байя гэж үү. Та өөрөө машин унадаг биз дээ. Ухаалаг утас хэрэглэдэг юм байна шүү дээ?

-Унана аа. Төмөр хүлэг гэж ярьдаг шүү дээ. Ер нь намайг дээл өмсье гэхэд пий паа гэдэг байсан. Гэтэл өнөөдөр бүгд дээлээ өмсдөг боллоо. “Хамаг Монгол”-ыг нийлүүлэх юм гэнэ энэ мэдрэл муутай юм, Шар хаданд аваачаач гэдэг байсан.Өнөөдөр Хамаг монгол нийлээд дуу хуураа дуултал монголчууд баярлахын дээдээр баярлаж байна. Үүн шиг миний яриад байгаа зүйл хэтдээ Монголыг өөрчилнө. Хүн өргөн хорвоогоос авахыг нь аваад хаяхыг нь хаях хэрэгтэй. 100 хувь гадаадыг шүтсэн байдлаар явах хэрэггүй гээд байгаа юм. Миний хувьд бүгдийг нь 100 хувь үгүйсгээд үзэн ядаад байгаа юм байхгүй.

-Таныхаар Монголоороо үлдэж гадаадтай харьцахаа байчихъя. Тэгвэл дотооддоо яаж мөнгөтэй болох юм бэ?

-Монголчууд бид адгийн баян эд баялаг,дунд баян үр хүүхэд, эрхэм баян эрдэм мэдлэг гэж ярьдаг. Тэгэхээр сэтгэлээрээ баян хүмүүс Монголын төрд байх ёстой. Гэтэл ухаалаг хүмүүс цөм Монголын төрөөс зугтчихлаа.

-Жишээ нь хэн?

-Ухаантай хүмүүс төрийн албанаас зугтаж байна шүү дээ. Харин мөнгөнд шуналтай хэсэг нь үлдэж байна. Мөнгөгүй бол үхчих гээд байгаа гэдэг бол цэвэр тархи угаалт.

-Мөнгөгүйгээр яаж амьдарна гэсэн үг вэ. Та ч мөнгө олохын тулд ресторан ажиллуулж байгаа байх л даа?

Мөнгийг хүн дагах биш дагуулж амьдрах ёстой байдаг юм.Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг дээ. Тэд харийн бодлогын нөлөөгөөр тархи угаалт явуулаад байгаа учраас мөнгөгүй бол үхнэ гэдэг ойлголтыг төрүүлээд байгаа юм. Бид ингэж зээлэнд баригдах ёсгүй. Энэ бол эдийн засгийн дарангуйлал.

-Та ер нь шуналгүй юу?

-Намайг мөрөөдлийн багт оруулсан байна лээ. Монголд хоёр сая 900 мянган мөрөөдлийн баг байна. 100 мянга гаруй шуналын баг байна гэж тооцоолоод байгаа ш дээ. Мөрөөдлийн баг шуналыг багтай тэмцэх тэмцэл эхэлчихлээ. Тийм учраас би мөрөөдлийн багтаа байсан нь дээр байх аа.

Гэхдээ ямар ч улс оронд хөрөнгө оруулалт хэрэгтэй биз дээ?

-Хөрөнгө орууллаа гээд дээшлэхээр байсан бол дээшилчих цаг хугацаа хангалттай байлаа. Гэвч тэгсэнгүй. Ядаж л хөрөнгө гэдэг үгийнхээ үндсийг хар л даа. Хөрсөн, хөлдсөн гэдэг язгуур утга явж байна. Энэ мэтээр нэг ч олигтой үг хэрэглэхгүй юм. Бид эдэлж хэрэглэж байсан бүхнээ өөрсдөө хийгээд хэнээс гуйхгүй амьдарч байсан үе ердөө 50 жилийн өмнө байлаа. Яагаад энэ зөрчигдөөд байгаа юм.

-Социализмын үе рүү буцъя гэж үү?

-Бид ололттой бүх зүйлээ устгасан шүү дээ. Тэр үедбид яасан эв нэгдэлтэй, эмх замбараатай байсан юм. Өнөөдрийн төрд байгаа хүмүүс 1990 онд Үндэсний телевизийн хаалгыг хэмх өшиглөж ороод төр засгийн дарга нартай халз мэтгэлцэж л байсан байна лээ ш дээ. Төр засгийн удирдлагууд нь очиж суугаад “Миний хүүхдүүд өлсч болдоггүй юм, монголчууд өлсч явсан түүх байхгүй. Шаардлагатай гэвэл бид буруугаа хүлээе” гээд ярьж л байсан байна. Яагаад ийм байж болохгүй гэж. Эндээс харвал тэр үед бид эрх чөлөөтэй байсан юм уу, одоо эрх чөлөөтэй байгаа юм уу. Үүнийгээ бодох ёстой болчихоод байна.

Ер нь хөрөнгө оруулалтгүй болчихвол бид яаж амьдрах бол…

-Өмнө ньбид газар шороогоо ухахгүйгээр амьдарч болоод л байсан.Өвөг дээдэс маань хар толгойгоо “ухаад” биднийг тэжээсээр байсан юм шүү.

-Тэр үед Монгол ядуу, хөгжилгүй байсан байх аа…

-Тэр үед хүн өлсдөггүй байсан юм. Эв түнжинтэй байсан юм.

-Уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгөтэй болох нь зөв юм биш үү?

-Ингэж ярьж болохгүй. Ээжийгээ зарчихаад жаргана гэдэгтэй адил сонсогдож байна. Гишгэж яваа газар чинь, амьсгалж байгаа агаар, өвөг дээдэс чинь бидэнд гомдоно шүү. Түмэн олны заяа гомдоно шүү. Цөлд чи таван км алттай, бид 40 литр устай яваад үзье л дээ. Та тэр алтыг идэх үү. Үгүй шүү дээ. Харин би усаа уугаад амьд гарна шүү. Энэ талаас нь л харах хэрэгтэй.

-Та хоёр ч удаа сонгуульднэр дэвшсэн. Эхлээд Чингэлтэй дүүрэгт бие дааж, дараа нь МАХН-аас нутагтаа нэр дэвшээд сонгогдоогүй. Яагаад сонгогдоогүй гэж боддог вэ?

-Тэр нь сонин биш. Болохгүй байгаа зүйлийн төлөө тэмцэж байгаа нь чухал байсан юм. Туршлага хуримтлуулах нь чухал байлаа. Үнэндээ хоёр дээд сургууль төгссөн хэмжээнд нийгмийг мэдэрч чадсан юм шүү. Би зүгээр гэртээ гэдсээ илээд, дуу дуулаад хэвтэж байсан бол энэ бүхнийг олж харахгүй байсан.

-Яагаад ингэж асуусан гэхээр таны яриад байгаа амьдралыг ард түмэн хүсээгүй учраас сонгоогүй байж болох шүү дээ?

-Монголчууд өөрсдийн зөн билэгтэй. Буруу, хар зүйл рүү битгий ороосой гэж бодсон ч байж магадгүй. Надад хөгшчүүд ингэж хэлдэг байсан. Нөгөө талаар сонгуулийн луйвар нөлөөлсөн байх.

-Та одоо сонгуульд нэр дэвших үү. Үүний төлөө л ийм тэмцэл өрнүүлээд байна гэж хүмүүс хардаг…

-Миний ярьж байгаа монголчлол хэрэгжиж, үр дүн нь гарч эх орон минь хөгжиж байвал УИХ байтугай юу руу ч ороход бэлэн. Гэхдээ хүнд эх орноо гэсэн зүрх сэтгэл байвал энэ ажлыгхаанаас ч хийж болно. Заавал УИХ-ын гишүүн болж байж хийдэг юм биш. Хүн болгон эх орноо өмгөөлдөг, харамладаг байх хэрэгтэй. Бүгд гэр гэрээсээ гарч ирж оюун ухаанаа ажиллуулах хэрэгтэй.

-Дэлхийн орнууд ёс уламжлалаа хадгалж авч үлдэх бодлого барьдаг болохоос улсаараа ухаръя гэж ярьдаггүй…

-Одоо бид өөдөө өгсөөд байгаа нь хаана байна вэ. Бүгд хэлийг нь мэдэхгүй түвд ном уншуулж, залбирч байна. Солонгос, америк киногоор хангалттай тархиа угаалгаж байна шүү дээ. Өмсч байгаа хувцас нь данжаад. Тэгээд хуучин бүхнээ мартсан сармагчин шиг болох ёстой юу. Бидний өвөг дээдэс сармагчин байгаагүй, дэлхийг дагуулж явсан юм 13 дугаар зууныг сармагчин, хүй нэгдлийн үе гэх гээд байгаа юм уу. Тэр үед жинхэнэ Монгол Улс мандаж явсан юм. Тийм учраас дэлхий Монголыг дагаж байсан. Үүнийг мушгин гуйвуулж, “Бид хөгжих гэтэл Жавлан гай болоод байна” гэж яриад байгаа юм. Эх орноо зарж худалдахыг, гадны банкинд хулгайлсан мөнгөө хадгалахыг хөгжил гэх юм уу. Өнөөдөр бидний шүтээд байгаа америкчууд химийн хортой хүнснээс татгалзаад байгаллаг амьдралыг шүтэж, уул руу гарч байна шүү дээ. Гэтэл бид тэдний таягдан хаяж байгаа зүйл рүү тэмүүлээд байна. Үнэндээ байгаллаг буюу эко амьдралын хамгийн дээд хэлбэр нь манай нүүдэлчин амьдрал. Үүнийг юу ч биш гэж хаячихаад тэр улсын сүйрч байгаа хөгжил рүү хошуураад байгаа нь ичгэвтэр. Харийг дагаж салбалзваас хөх монгол гутмуу, хахаж цадталаа баяжваас хамаг олон жигшимүү гэж өвөг дээдэс минь хэлсэн байна.

/Биднийг ийн ярьж байхад МҮОНРТВ-ийн захирал Ц.Оюундарийн туслах хэмээх эмэгтэй нэгэн дугтуйтай бичгийг түүнд гардуулахаар ирэв. С.Жавхлан гавьяат бичгийг задлаад чанга дуугаар уншив.“Та бүхний мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй. Харин манай телевизээр гардаг … юу гэнэ вэ. Үндэсний телевиз ийм гадаад нэртэй нэвтрүүлэг явуулж болдог юм уу” хэмээн асуухад өнөө эмэгтэй “De facto” гэж байгаа юм” гэв. Тэгэхэд С.Жавхлан гавьяат “Нөхөдтэйгээ ярьж байгаад шийднэ” гэдэг хариу өгөөд гаргав. Ингээд бидний яриа үргэлжиллээ/.

-Та ер нь хэвлэл мэдээлэлтэй тэмцээд хэрэг байна уу. Таныг айгаад дуугаа хамхи гэж байгаа юм биш л дээ…

-Би ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй тэмцсэн юм. Дарга нарын гар хөл болж байгаа олон нийтийн биш намын мэдэлд орчихсон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хатуу ярина. Энэ чинь олон нийтийн телевиз биз дээ. Үгүй юм бол нэрээ намын харьяалалтай болгож өөрчлөх хэрэгтэй.

-Монголоороо байх үндсэрхэг үзлийн тухай ярьж хийрхээд байгаа нь монголчуудыг хөмсгөө зангидсан, бухимдуу хүмүүс болгочихлоо гэдэг дүгнэлтийг зарим хүмүүс хэлдэг юм билээ. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Энэ бол хийрхэл биш ээ. Өөрийнхөө өв соёлыг хамгаална гэснийхээ төлөө хийрхлээ гэж хэлүүлээд сууж байгаадаа харамсч байна. Хүмүүсийг ийм бухимдуу болгосон нь хэний буруу юм бэ гэдгийг олохын тулд халз мэтгэлцье гээд байгаа юм шүү дээ. Харийн цөөвөр чонотой нийлж гурван сая иргэнээ цөлмөж, иргэдээ ууртай болгосон хүмүүс нь дарга нар учраас мэтгэлцээнээс зугтаад байгаа юм биш үү. Эсвэл миний буруу юм бол буруугаа хүлээе.

-Таны тэмцлийн үр дүн юунд хүргэх юм бэ. Магадгүй хойд Солонгос шиг хаалттай улс болчих юм биш байгаа гэдэг болгоомжлол зарим хүмүүст байдаг…

-Монголчуудын заяа гэж бий. Монгол бол ямар нэгэн өөр улстай харьцуулагдах хэмжээний улс биш.

-Өнөөдрийн ард түмний гундсан сэтгэлийгт а сайхан дуугаараа сэргээж, гэрэл гэгээ нэмж байгаа санагддаг. Үүгээрээ та Монголын ард түмний хайртай хүү нь шүү дээ. Тиймээс таныг улс төрд орж яах гэсэн юм гэж ханддаг хүмүүс бий…

-Дуулаад л байгаа шүү дээ. “Хар хархан харц” гэдэг дуу Монгол төдийгүй дэлхийд тарчихлаа. Японд хүмүүс дасгал хийхдэээнэ дууг сонсдог гэсэн шүү дээ. Энхийг сахиулж байгаа гадны цэргүүд “Алсад суугаа ээж” дууг миньдуулж байна.Хүмүүс намайг муулах болохоороо л ингэж ярьдаг байх. Түүнээс биш би дуулсаар л байгаа. “Тэмээн жингийн цуваа”-г дуулаагүй гэх үү.

-Тэмцэл яриад байгаа нь дуу дуулахаасаа олдоод байгаа юм болов уу?

-Харин ч би их алдаа хийж. 15 жил дуулсан байна. Намайг дуулж дуугаараа ард түмнийг уярааж байх хооронд Монголыг минь үрэн таран хийж байж шүү дээ. Тиймээс нэг талаар би өөрийгөө нүгэл хийжүү дээ гэж боддог юм.

-Ер нь та яагаад улс төр рүү орох болсон юм бэ. Хэн нөлөөлөв?

-Би Монголыг зургаан удаа тойрсон. Тэгэхдээ Монгол орноо яаж сэглэгдсэнийг олж харсан юм. 15 мянган хүнтэй Хятадын суурин бий болсныг ч харсан. Яг энэ байдлаар явах юм бол би дуу дуулах ч эцэсгүй болох юм байна. Эх орныг минь цөлмөж дуусвал би хаана дуулах юм гэж бодогдсон. Нөгөө талаар аавын маань захиас бий. 2012 оноос хойш Монголд мөнх тэнгэрийн цаг ирнэ, та нарын үеийн хүүхдүүд сайхан цаг авчрах ёстой. 400 жил дарлуулсан монголчууд 2000 оноосжаргах ёстой шүү. Тэр цагийг та нарын үеийнхэн авч ирнэ гэж захисан. Буруу муухайг тэвчдэггүй зөв монгол айлд өссөн учраас яс цусанд минь байдаг чанар одоо бадраад байгаа юм. Монголоо гоё болгочихоод дуулмаар байна шүү дээ.

-Талийгаач “Донж”-ийн н.Төгөлдөрийг танд зөвлөж, ийм тэмцэл рүү хөтөлсөн хүн ч гэлцдэг…

-Төгөлдөр ах шиг зөв хүмүүсийг байхад ньурам өгч, тэднийхээ бодол ухаанаар зөв явж чадсангүй. Дандаа шуналтай хүмүүсийг тахин шүтжээ. Одоо та нар Төгөлдөр ахын хийдэг байсан Тархины түгжээ мултлагч нэвтрүүлгийг үзээрэй. Яг өнөөдрийн Монголд болж байгаа зүйлийг тэр үед ярьж байжээ. Төгөлдөр ах бол онцгой хүн байсан гэж боддог. Надад зөвлөдөг байсан. Түүнтэй адил олон сайхан ах нар бий. Дээрээс нь нийгэм намайг давхар хүмүүжүүлж байна.

-Одоо танд зааж зөвлөдөг хүн байна уу?

-Маш олон залуу бий. Үе тэнгийн найзууд,”Хамаг Монгол” төслийн багийнхан байна.Бүх хүнээс аль зөвийг нь өөртөө шингээж авдаг даа. Надтай уулзаж байгаа хүн бүр зөвлөгч.

-Ц.Нямдоржгуай танд зөвлөдөг гэж ярих юм билээ?

-Тэр хүнтэй би сүүлийн зургаан жил уулзаагүй.

-“Хамаг Монгол” төсөл юу болсон бэ. Үр дүн нь юу байв?

-Үргэлжилж байгаа шүү дээ. Хоёр жилийн өмнө эзэн Чингэс хааныхаа хөшөөний өмнө хамаг монголчууд чуулаад ямар жаргалтай байв. Гэтэл одоо юу болов Чингэсийн хөшөөнийхөө өмнө өлсцгөөдөг болсон байна. Манай төсөл явж байна. Дэлхийгээр тарсан ах дүүстэйгээ харилцаа тогтоосоор байна. Үүний хажуугаар”Хамаг Монгол” төслийн баг хайртай монгол орноо цэгцлэх их аянд мордож байна даа.

-Та хандивын тоглолт хийж ядарсан зүдэрсэн түмэнд их тусалдаг. Хичнээн хүнд тусалсан байна. Тоо гаргаж үзсэн үү?

-Анх нэг тоглолтын орлогоосоо 11 айлд гэр өгч байлаа. Долдугаар сарын 1-нд үр хүүхдээ алдсан ээжүүдэд, өрх толгойлж яваа ядарсан эхчүүдэд тоглолтынхоо орлогоос өгч байлаа. Хулгайлж биш дуулж олсон орлогоо хандивладаг байсан. Гэх жишээгээр зөндөө л зүйлүүд бий. Тусламж авсан хүмүүс хэзээ нэгэн цагт өөрсдөө ярих байлгүй дээ. Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, Увс аймгийн 340 өрх, Цагаан давааны хогийн цэг дээр байгаа 300 гаруй хүн, асрамжийн газрынханд тусалж байлаа. “Хүнээс тэвнэ авснаа үргэлж санаж яваарай, тэмээгээр тусламж авснаа мартаж яваарай” гэж аав минь захидаг байсан. Жавхлан баян цатгаландаа баярхаад байгаа юм биш. Миний сэтгэлд Монгол минь багтаж байгаа учраас чадлаараа бусдад тусалж байна. Гадаадад хэдэн тэрбумаар нь мартчихаад юу ч болоогүй юм шиг сайд хийгээд явж байгаа хүмүүсийн дэргэд сэтгэл баян байвал бүх юм болдог гэдэг зарчмаар явж байна даа.

-Сайн үйлсийн аянаа өргөжүүлээд явбал тэмцлээсээ илүүбуянтай биш гэж үү…

-Ядарсан хүмүүст чадлынхаа хэрээр тусална. Харин задарсан хүмүүсийг зүгээр орхиж болохгүй. Бурууг нь зөв болгохын төлөө л явна.

-Та гавьяат цолынхоо тэмдгийг өөр хүнд зүүгээд өгчихсөн бил үү?

-Одоо яахав дээ, намайг соёлын тэргүүний ажилтан Жавхлан гэхгүй юу. Надад гавьяат цол өгөхөд “Би энэ цолыг чимж явах ёстой болохоос энэ цол намайг чимэхгүй” гэж хэлж байлаа. Маш олон хүн урам зориггүй, гавьяа шагналгүй хийснээ үнэлүүлж чадаагүй байхад би гавьяат гээд явах ичгэвтэр санагддаг. “Ээжийн чанасан цай”, “Насны намар”, “Зүүдэн бороо” гэдэг агуу дуунуудыг зохиосон Магсаржав гуайн хажууд гавьяат гэж дуудуулаад явахдаа ичсэн юм.

Би Магсаржав гэдэг хүнийгхарааж биш гавьяат болоорой гэж ерөөжтэр тэмдгээ өгсөн юм.

-Таны дуулсандуу бүхэн хит болдог. Ид мандаж явсан он цагаа эргээд харахад танд юу бодогддог вэ?

-Ажилдаа эзэн болох ёстой. Намайг дуугаа дуулдаг шиг улс орныг сайн удирдаад явсан бол би ингэж тэмцэхгүй байлаа. Гэвч дарга нар ажлаа муу хийж байгаа учраас дууныхаа хажуугаар улс төрд орлоо шүү дээ. Шуналын багийнханд ингэж л хэлье. Өнгөрсөн хугацаанд алдаа биш оноо хайж л явлаа. Намайг түмэн олон дүгнэнэ биз дээ. 60, 70 гарчихсан хөгшин хүн байгаа биш дурсамж яриад байх нь хаашаа юм. Тэртэй тэргүй түмэн олон мэдэж байгаа даа. Харин өнөөдөр улс төрд хийж байгаа миний тэмцэл Жавхлан Насан багын дурсамж гэдэг анхнытоглолтоо хийж байгаа үе шиг оргилж байна.

-Та төрийн түшээ болсонч дуулна биз дээ?

-Миний толгой мөрөн дээр байгаа цагт дуулж л таарна.

-Улиг болсон асуулт байх л даа. Гэхдээ С.Жавхлан, Т.Баясгалан гэдэг нэр нийтийн дууны ертөнцөд нэг хэсэг брэнд болж байлаа шүү дээ. Гэхдээ яагаад хамт дуулахаа байсан юм бэ?

-Оюутны ширээнээс салаад амь амьдралынхаа замыг хөөгөөд явсан шүү дээ.

-Та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсан гэлцдэг…

-Тийм зүйл байгаагүй ээ.

-Одоо та хоёрын дууг залуу хос дуучид дуулаад байх юм. Та хоёр өөрсдөө хэзээ нэгэн цагт хамтран дуулах болов уу?

-Мэдэхгүй. Ач холбогдол өгөхгүй байна. Цаг хугацаа харуулах байх.

-Таны хувийн амьдрал хүмүүст сонирхолтой байдаг. Та хоёр дахь амьдралаа зохиосон хүн. Таны анхны амьдрал яагаад бүтээгүй тухай хүмүүс их л асуудаг…

-Тавилан төөргийг яалтай билээ дээ. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх арга алга. Буруу явлаа ч гэж үзэх арга алга.

-Та охинтойгоо уулздаг уу?

-С.Жавхлангийн хувийн амьдрал бусдад сонирхолгүй дээ. Хувийн амьдралаа дэлгэж яримааргүй байна.

-Одоо та хэдэн хүүхэдтэй билээ?

-Нууц.

-Танай эхнэрийг араг түшиж төрсөн. Монгол дээлнээс өөр хувцас өмсдөггүй. Тэр бүр эмэгтэй хүний хүсээд байх амьдрал биш гэж зарим хүүхнүүд ярьж байдаг…

-Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй. Миний үзэл бодлыг таашаасан учраас надтай хамт байгаа байлгүй дээ.

-Та хамгийн сүүлд татвар төлөхөө больё гэдэг уриалга гаргасан байна лээ. Яагаад тэгсэн юм бэ?

-Гадаадын хүн Монголын хуулийг нулимж болдог. Төрийн томчууд нь тэднийг эргэж, хошногыг нь долоож болдог. Гэтэл монголчууд өр зээлэндээ баригдчихсан байна. Гадныхныг уучилж болж байгаа бол өөрсдийгөө бас өршөөх ёстой. Би дахиад уриалъя. Монголчуудаа уучилтал нь татвар хураамж, банкны зээлээ төлөхгүй байх ёстой.

-Та өөрөө татвар төлөхгүй юм уу?

-Үнэхээр итгэл алдарчихлаа шүү дээ.

-Цалингүй яаж ажиллах юм бэ. Ард түмэн хохирох байх аа…

-Гадныхныг уучлаад явуулдаг Ерөнхийлөгчөөс цалингаа нэхэх хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун Ялалтын баярт оролцоно

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх тавдугаар сарын 9-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдах Ялалтын баярт оролцохоо албан ёсоор мэдэгдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр “KCNA” агентлагт “Дэлхийн II дайнд фашист Германыг ялсан орос цэргүүдийн ялалтын их баярт биечлэн оролцох болно. Энэ бол миний гадаад дахь анхны айлчлал. Тус улсын агуу удирдагч В.Путинтай биечлэн уулзахдаа таатай байна” гэж хэлжээ.

Путин энэ оныг Хойд Солонгос-Оросын нөхөрлөлийн жил хэмээн зарласан юм. Оросын Засгийн газар тус улсад нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж илгээхээр төлөвлөсөн хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. Ким Чен Уны эцэг Ким Чен Ир Орост гурван удаа төрийн айлчлал хийж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль зүйн салбарт амжилт бүтээл гарган, идэвхи зүтгэлтэй ажилласан цагдаагийн алба хаагчдийг төрийн дээд одон медалиар шагнажээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Чойжанцангийн Болдбаатар, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Дугаржавын Майсүрэн, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Чойжилын Ганболд нарыг шагнасан бол Цэргийн гавьяаны одонг Замын цагдаагийн газрын ахлах байцаагч Шаравын Довчинбаатар, Цэргийн хүндэт медалиар ёс журмын албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Базарбуриадын Батбилэг, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Дашлхагвын Золбаяр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Мижгээгийн Хишигбаяр нарт гардуулсан байна. Тэдний шагналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга,Тэргүүн комиссар Р.Чингис гардуулан өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Пянзны дэлгүүр үүдээ нээлээ

Монголын Хүүхдийн номын ордны байранд дэлхийн алдартай хамтлаг дуучид, хөгжмийн зохиолчдын дахин давтагдашгүй бүтээлийг багтаасан “Дунд гол” нэртэй 1000 гаруй пянзтай дэлгүүр өчигдөр үүдээ нээлээ. Дэлгүүрийн хаалгаар ороход пянз тоглуулагч эргэлдэж, ЗХУ-ын олон ангит кино “Хаврын 17 учрал”-ын хөгжим намуухан эгшиглэж байлаа. Тавиур дээр эгнүүлэн өрсөн, цаасан хайрцгаас гаргаж амжаагүй олон пянзыг харахад цагийн урсгалд туугдаж одсон ч үнэ цэнээ алдаагүй нэгэн үе эргэн ирж буй мэт сэтгэгдэл төрөх. Энэхүү дэлгүүрийг 2007 оноос эхлэн найман жилийн турш 2000 орчим пянз цуглуулсан Б.Батболд гэдэг залуу ажиллуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бүсийн захирагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдан, мөрдөгдөж эхлээд байгаа билээ. Энэхүү шинэчилсэн найруулгаар Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагыг хуульчилж, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чөлөөт бүсийн Захирагчийг томилж, чөлөөлөхөөр заасан. Тэгвэл энэ дагуу Аж үйлдвэрийн сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд чөлөөт бүсийн Захирагч нарыг өнгөрсөн лхагва гарагт томилж, чөлөөллөө.
Аж үйлдвэрийн сайдын 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 55 тоот тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Даваагийн Батсайханыг, мөн өдрийн 56 тоот тушаалаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Чимэддоржийн Чимэдсүрэн нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Чөлөөт бүсийн захирагч нарыг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байна. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайдын 2015 оны гуравдугаар сарын 18–ны өдрийн 59 тоот тушаалаар Пүрэвбазар овогтой Тогтохбаярыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн өдрийн 58 тоот тушаалаар Доржбалын Баасандоржийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.
Энэ дагуу Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Нямхүү Чөлөөт бүсүүдийн Захирагчийг томилж, чөлөөлсөн сайдын тушаалыг Аж үйлдвэрийн яам болон Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хамт олонд танилцуулж, шинээр томилогдсон Захирагч нарт амжилт хүсээд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгөв.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Японтой хамтран ажиллана

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа тэргүүтэй СЗХ, Монголбанкны төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд Япон улсад ажиллаж байна. Төлөөлөгчид тус улсын Санхүүгийн Үйлчилгээний Байгууллага, ЖАЙКА, Японы хөрөнгийн бирж групп, Токиогийн таваарын бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн корпораци, Клирингийн корпораци зэрэг олон байгууллагад ажиллаж хоёр орны санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Японы мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх талаар тодорхой саналуудыг хэлэлцэж тохиров.

Тухайлбал Монгол Улсын СЗХ, Япон Улсын СҮБ хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд ЖАЙКА буюу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр манай улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх гурван жилийн хугацаатай төслийг гурван тал хамтран хэрэгжүүлж эхлэх гэж байна. СЗХ-ны дарга З.Нарантуяа, Японы Санхүүгийн Үйлчилгээний Байгууллагын дарга Киёши Хосомизо нарын уулзалтын үеэр уг төслийг хэрхэн хамгийн өндөр үр ашигтай байлгах, ямар ажлуудыг нэмж хэрэгжүүлэх шаардлагатайг нэг бүрчлэн хэлэлцлээ. Төслийн хүрээнд СЗХ-ны бодлого төлөвлөлт, судалгааны чадавхийг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх, МХБ, Үнэт цаасны клирингийн төвийг өөрийгөө зохицуулах байгууллага хэлбэрээр бэхжүүлэх, төрийн өмчийн компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах, шинээр хувьцаа гаргах, Японы хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийх боломжтой компаниудыг дэмжих зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.

Мөн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг Бүртгэл клирингийн бие даасан байгууллагууд болгож үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх ажилд Японы үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн корпораци, Үнэт цаасны клирингийн корпорациуд мэргэжил арга зүйн талаас дэмжиж ажиллахаар боллоо. Харин Токиогийн хөрөнгийн бирж, Таваарын биржүүдийн хувьд манай Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн бирж болон шинээр байгуулагдах уул уурхайн биржүүдийг дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг нөөцийн махаа худалдаанд гаргажээ

Өмнөговь аймаг уржигдраас нөөцийн махаа худалдаанд гаргалаа. Тус аймгийн төвд махны үнэ өмнөхөөсөө 800-1200 төгрөгөөр нэмэгдэн, хониных 7500, ямааных 7000 төгрөгт хүрч, тэмээний мах зарагдахгүй байгаа гэнэ. Нөөцийн махыг “Хан сайхан говь” ХХК-ийн борлуулалтын цэгүүдээр долдугаар сарын 1 хүртэл худалдана. Одоогоор тус компани 40 гаруй тонн махны нөөцтэй байгаа аж.