-ТӨР НЬ ХУУЛЬТАЙ, ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ГЭДГИЙГ ХУУЛЬ БУСААР БАРИЛГА БАРЬДАГ ЭТГЭЭДҮҮДЭД МЭДРҮҮЛЖ ЭХЛЭВ-
“Бид дээрээ төртэй, мөрддөг хуультай гэдгээ мэдэрч, ардчилал байгаа юм байна гэдэгт итгэлээ. Үнэн ялдаг юм байна” гэж 120 мянгатын 14, 15 дугаар байрны оршин суугчид ярьж байна. Энхтайваны гүүрийг давж урагшчигээр яваад 120 мянгатын уулзвараар баруун гар тийш эргэхэд замын хойно тухайн цаг үеийн залуус хэрхэн хөдөлмөрлөж, эв найртай амьдран эх орныхоо төлөө цог золбоотойгоор ажиллаж байгаа тухай өгүүлсэн чулуун шигтгэмэл бүхий таван давхар орон сууцны барилга харагддаг даа.
Тэр байр бол 15 дугаар байр нь. Цаана нь 14 дүгээр байр бий. Энэ хоёр байрны яг урд 13 давхар барилга сүндэрлээд удаж байна. Зочид буудлын зориулалтаар баригдсан уг барилгыг тус хоёр байрны оршин суугчид сууриа цутгаж эхэлсэн цагаас нь л эсэргүүцэж хууль ёсны газруудад нь хандсаар ирсэн юм байна. Барилга хооронд зөвшөөрөгдөх хэмжээг зөрчсөнөөс гадна тухайн байрнуудын цонхнуудыг таглаж, иргэдийн нар, эргэн тойрноо харах эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг оршин суугчид нь холбогдох байгууллагуудад дуулгасаар иржээ.
Гэтэл 13 давхар зочид буудлын барилга нь асуудал үүсгэж хэл ам дагуулсаар байтал барилгынхаа С блокийг хоёр байрны дунд барьж эхэлсэн нь гал дээр тос нэмсэн үйлдэл болжээ. Хоёр давхар бүхий С блок нь байрнуудын дунд баригдахдаа айлуудын цонх, тагтыг таглажээ. 15 дугаар байрны дөрөвдүгээр орц, 14 дүгээр байрны нэгдүгээр орцны нийт арваад айлын хувьд урд талын цонхоо зочид буудлын өндөр барилгаар хаалгаад байсан бол С блок баригдсанаар нэг, хоёрдугаар давхрын айлуудын хувьд цонх, тагтаа бүхэлд нь хаалгуулж харанхуй суух болжээ. С блок эдгээр айлуудын тагтнаас 70 гаруй см-ийн л зайтай баригдсан байна.Ингээд оршин суугчид, “Оргил” СӨХ-тойгоо хамтран хууль бусаар баригдаж буй барилгыг буулгуулах талаар идэвхтэй явж, хөөцөлдөж эхэлжээ. Бүх шатны шүүх иргэд, оршин суугчдын талд шийдвэр гаргасан байна. Яалт ч үгүй хууль зөрчсөн нь тогтоогдсон 13 давхар барилга, түүний С блокийг нураах шийдвэр гаргажээ. Ингээд шүүхийн шийдвэрээр эхний ээлжинд С блокийг нураах, буулгах ажлыг энэ сарын 15-нд буюу өнгөрсөн ням гаригт эхлүүлсэн.
Өчигдөр 12 цагийн үед барилгыг нурааж буй ажилчид ерөнхийдөө хоёрдугаар давхрыг буулгаад байлаа. Арав гаруй ажилчинтай барилгын бригад ажиллаж байна. С блокийг тоосгоор барьж, хөөсөнцрөөр дулаалаад гадуур нь тусгай материалаар бүрсэн байжээ. Ажилчид молдок буюу цохилттой өрмөөр тоосгон хануудыг буулгаж байв.
15 дугаар байрны дөрөвдүгээр орцны оршин суугчидтай уулзлаа. Тэд “Ямар эрүүл хүн ийм барилга барих юм бэ. Айлуудын цонх, тагтыг харанхуй болтол нь таглаж барилга барина гэж байх уу. Монгол хүмүүс чинь уг нь уужуу тайван дотортой, аливаад суурьтай ханддаг зантай. Бид эхлээд урд 13 давхар барилга баригдахад за яах вэ гэсэн байр суурьтай байсан. Гэтэл хоёр байрны голоор айлуудын цонхыг таглаад үргэлжлүүлээд барилга барьдаг нь яаж байгаа юм. Ямар ч эрүүл хүн ийм юм хийхгүй шүү дээ. Хүнийг арай доромжилсон үйлдэл гаргасан. Энд бид үе удмаараа амьдарч ирсэн. Биднийг арай л үл тоож, доромжилсон” гэж бухимдангуй өгүүлээд “Харин бидний тэмцэл үр дүнгээ өгч хууль зөрчин баригдсан барилгыг эхнээс нь буулгаад эхэллээ. Ням гаригт хэдэн хүмүүс ирээд нурааж эхлэхээр нь гайхсан. Шүүхийн шийдвэрээр нурааж байгааг нь мэдээд нүднээс нулимс гарч “Бид чинь төртэй юм байна. Монголд хууль хэрэгждэг юм байна. Төрийн байгууллагууд нь ажлаа хийж чаддаг юм байна” гэж баярласан шүү” гэцгээж байлаа. Энэ хоёр байранд голдуу хөгшчүүл суудаг юм байна. Байраа үр хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж, ач зээ нараа харсан настайчуул. Байрны тэмцэлд хөгшин, залуу гэлтгүй бүгд л чадах чинээгээр зүтгэснийхээ хүчинд хэдий олон жил болсон ч хууль бус үйлдлийг зогсоож чадсандаа бахархацгааж “Энэ олон жил өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж, тэмцлээ зогсоогоогүй зарим оршин суугчдадаа тусгайлан баяр хүргэе” гэж байлаа.
13 давхар бүхий уг барилга нь “G.M.V” нэртэй зочид буудлын барилга юм байна. Уг барилгыг “Адоре пропертиз” гэх Германы хөрөнгө оруулалттай компанийн нэр дээр бариулж байжээ. Тус барилгыг анх 2002 онд Нийслэлийн Засаг дарга байсан одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболд зочид буудлын зориулалтаар 490 метр кв газрын зөвшөөрлийг олгосон ч 2004 онд уг газрын хэмжээг нэмэгдүүлж нийтдээ 1320 метр квадрат талбайтай газрын зөвшөөрлийг бусдад шилжүүлэн худалдсан байдаг гэх зэрэг зөрчилтэй гэнэ.
Зочид буудлын зориулалтаар баригдсан уг барилга руу урд талын хаалгаар нь орлоо. Гаднаас нь харахад хэзээ мөдгүй ашиглалтад орох нь ээ гэж харагддаг ч дотор тал нь яагаа ч үгүй юм байна. Дотоод ажил бараг явагдахгүй, энд тэнд материал сэлт нь овоолоостой, тоос шороонд дарагдаастай. Төв шат нь мушгирсан их л донжтой хэв маягтайгаар цутгагджээ. С блок нь угаалгын газар, эсвэл агуулахын зориулалттайгаар баригдсан болов уу гэмээр зохион байгуулалттай юм байна. Блокийг “Тод бум констракшн” компани нь Нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан гэрээний дагуу буулгаж байгаа аж. Тус компани ерөнхийдөө иймэрхүү чиглэлийн ажил гүйцэтгэдэг гэнэ. Тоосгон барилга учир молдокдоход бүхлээрээ унахгүй, хэсэг хэсэг болон унаж байгаа болохоор хоёр хоногийн дотор бүрэн буулгаад ачиж талбайг цэвэрлэнэ гэж тус компанийн ажилчид хэлж байлаа.
“Оргил” СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Оюундэлгэртэй уулзлаа. Тэрээр “Шударга үнэн гэж байдаг юм байна. Төр ажлаа хийж шударга бусыг шүүж чаддагийг бид харж байна. Ард түмэн яллаа. Хууль зөрчин, бүхнийг мөнгөөр шийдэх гэж зүтгэдэг хүмүүст том сануулга боллоо. Нэгэнт л барьчихвал хэн ч нурааж чадахгүй гэсэн бодолтой хүмүүс энэ үйл явдлаас сургамж авах хэрэгтэй” гэж байлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Бид тэмцлийн замаасаа ухраагүй. Бүхий л шатны шүүхээр ороод бид ялсаар байсан. Гурван шатны шүүхээс барилгыг нураах шийдвэр гарсан юм. Тэгээд яахав дээ, эрхтэн дархтанууд шийдвэрийг гүйцэтгэхгүй өнөөдрийг хүргэчихсэн.
-С блокийг хараад хэн ч гайхаж, яаж ингэж авирлаж болдог байна аа гэмээр юм?
-Цонх тагтаа харанхуй болтлоо таглуулсан айлуудын асуудал гээд орхиж болохгүй. Цонхоо таглуулсан хэдхэн айлын эрх ашиг биш юм. Бүгдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал шүү дээ.
-Энэ үйл явдал хууль зөрчин барилга бариулж буй олон хүнд сануулга өгч байна?
-Сануулга боллоо. Эрхтэн, дархтануудад хууль ёсыг юман чинээ бодолгүй яаж авирладгийг энэ үйл явдал харуулсан байхгүй юу. Хүмүүсийн эрх ашгийг яаж бүдүүлгээр зөрчин барилгаа барьсныг бид харлаа. Гэтэл тэдний дээр хууль байдгийг мэдэрцгээлээ. Гэвч нөгөө талаас нь харахад харамсалтай л байна. Ийм хэмжээний барилга барихад хэдий хэмжээний зардал гарах билээ. Ингэж бодохоор барилга бариулж буй хүмүүс эргээд өөрсдөө хохирч л байгаа байхгүй юу.
-Гэхдээ хууль гэж байдаг, хэзээ нэгэн цагт шударга үнэн ялдгийг тэд мэдэж л байсан болов уу?
-Шударга бус замаар яваад ялаад сурчихсан хүмүүс л байхгүй юу. Бидний дээр хэн ч байхгүй гээд л хууль зөрчөөд сурчихсан хүмүүс.
-Та бүхэн барилгыг бариулж буй компанийнхантай уулзсан биз дээ?
-Их олон хүний нэр дамжсан юм шиг байгаа юм. Сүүлд Э.Ганболор гэдэг залуутай уулзсан гэлээ.
С блокийг 13 давхар барилгын хамт нураах шийдвэр олон жилийн өмнө гарсан. Эхний ээлжинд С блокийг буулгах бөгөөд 13 давхар барилгыг хэзээ буулгах нь тодорхойгүй байгаа аж.Ямартай ч эндхийн оршин суугчид “13 давхар барилгыг захаас нь эхэлж буулгаж байна. Зөвшөөрөлгүй баригдсан бол хэдэн давхар байсан ч хамаагүй буулгах л хуультай. Бид долоо, найман жилийн турш тэмцсэний дунд зөвшөөрөлгүй барилгыг буулгаж чадлаа. Энэ бол Монголдоо анхны үйл явдал болж байж мэднэ шүү. Улаанбаатар хотод ийм тохиолдол зөндөө бий. 120 мянгатын хоёр байрны иргэд хуулийг ул болгож, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж барилга барьдаг этгээдүүдийг хуулийн дагуу ялсан нь олон хүнд дохио өглөө. Хууль бусаар барилга барьж буй компаниудын барилгыг ингэж буулгаж хэвших хэрэгтэй” гэж захиж байлаа.
Хууль зөрчиж бусдын эрхийг боомилдог барилгын зарим компанийн энэ үйлдлийг эсэргүүцэж “Өдрийн сонин”-ынхон цонхоо нээе хөдөлгөөнийг эхлүүлсэн. Нийслэлд цонхоо хаалгасан олон айл, цөөнгүй хүмүүс бидэнтэй нэгдэж үгээ хэлж байгаа билээ. Монгол Улсад мөрдөж байгаа хууль, дүрмийг зөрчсөн л бол хариуцлага хүлээдэг, алдаагаа засч залруулдаг гэдгийг зөвшөөрөлгүй барилгыг нураасан дээрх үйл явдал харууллаа.
Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН