Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын филармонийн дуучид

Улсын филармони хөгжмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн урлагийн томоохон газар. Филармониор овоглон олонд танигдаж нэрд гарсан уран бүтээлчид тухай, тухайн цаг үедээ байсан. Харин сүүлийн жилүүдэд тус байгууллага залуу дуучдаар хамт олноо бүрдүүлээд байгаа юм. Улсын филармонид ямар дуучид ажиллаж байгааг сонирхуулъя.

С.Баттулга: “Зүрхний уяа” дууг сэтгэл, зүрхэнд үлдтэл дуулж олонд танигдсан энэ залуу Улсын филармони гэх том гэр бүлд багтаж явдагтаа бахархдаг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүнийг “Voice” хамтлагийн дуучин гэдгээр нь олон нийт мэдэх болов уу. Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга урлагийн хүн залуу хүний хувьд нийгэмдээ оролцоотой байх ёстой гээд 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягт ил захидал хүргүүлж байсан нэгэн. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах гэж үзэж байгаагаа захидалдаа бичсэн байдаг.

Ц.Хулан: Хүчтэй, чадалтай хоолойгоороо нэгэн хэсэг рок поп, хип хоп сонирхогчдыг хуйлруулж байсан Ц.Хулан өнгө төрхөө арай өөрчлөн жааз дуу руу орсон. Дуучин Н.Наранбаатартай хамтран дэлхийн шилдэг жааз дуунуудыг дуулж үзэгчдэд хүргэсэн түүнийг урлагийн томчуул “Байгалиас заяасан өвөрмөц, ховор авьяастайгаас гадна маш их хөдөлмөрч, урлагийн төлөө цохилох зүрхтэй бүсгүй” хэмээн онцолдог юм билээ.

Д.Бурмаа: Ардын дууны Бурмаа хэмээн монголчуудад хүндлэгдсэн тэрээр 2000 онд филармонид орж байжээ. Анх туслах менежер гэсэн орон тоон дээр очсон юм байна. Тэгээд СУИС-д дахин дуучнаар сурч төгсөөд 2009 онд гоцлол дуучин болж байжээ. Тэрээр байгууллагаа “Манайд бүх урсгалаар дуулдаг дуучид, бүхий л жанраар тоглодог хөгжимчид байна. Нэг ёсондоо филармони гэдэг чинь урлагийн их уурхай юм” гэж тодорхойлж байсан удаатай.

Т.Амина: Хүүхэд байхаасаа л дуулж, бүжиглэж ирсэн Т.Аминаг ард түмэн одоо ч хүүхэд ахуйн төрхөөр нь хүлээн авч, дэмждэг. “Universe best of songs” уралдаанд амжилттай оролцож шилдэг оролцогчдын нэг болсон тэрээр саяхан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан. Т.Аминаг филармонийн хамт олон нь “Нар шиг гялалздаг, цог золбоотой охин” гэж үнэлдэг.

Н.Наранбаатар: “Hot spot” хамтлагийн дуучин Н.Наранбаатарыг Монголын урлагт их юм хийх залуу гэдэг. Түүний хамтлаг нь ретро поп урсгалаар уран бүтээл туурвисан нь манайдаа л шинэлэг, анхдагч болж чадсан. Манай филармонийн нүүр царай болсон шилдэг дуучдын нэг гэдэгтэй маргах хүн байхгүй л болов уу. Саяхан ОХУ-д болсон тэмцээнээс Гран При хүртсэн сайхан мэдээг эх орон нэгтнүүддээ сонсгоод буй.

П.Өнөржаргал: “Эволюшн” хамтлаг нэгэн хэсэг рок попын ертөнцөд нэгэн гишүүн нь болж, “АВВА”-гийн дууг гайхалтай хувилбараар нийтэд хүргэж чадсан. Тус хамтлагийн П.Өнөржаргал тэр үеэс л дуу хөгжимд дуртай хүмүүсийн талархлыг хүлээсэн дуучин гэж үнэлэгдсэн. 2010 оны “Universe best of songs” уралдаанд хоёрдугаар байрт шалгарч өөрийгөө юугаар ч хязгаарлашгүй, хөрвөх чадвартай гэдгээ нотолж байв. Улсын филармонийн гоцлол дуучин бүсгүй маань саяхан эмэгтэйчүүдийн баярын үеэр “Хайранд умбасан бүсгүй” тоглолтоо хийсэн юм.

Л.Насанбуян: “Оддын эрэлд” нэвтрүүлгээс олдсон ганц од нь Л.Насанбуян. Тэрээр монголчуудад 18 настайгаас л танигдаж ирсэн урлагт дуртай нэгэн. “Баян Монгол” чуулгатай дуулдаг түүний хувьд урлаг бол амьдрал нь. Урлагийн амьдралаа тэргүүнд тавьж, хувь амьдралаа орхигдуулаад байгаагаа ч нуудаггүй. Л.Насанбуян “Зууны манлай” поп дуучин Б.Сарантуяад тоогдсон дуучин. Баргийн хүнийг тоогоод байдаггүй поп хатагтайн итгэлийг хүлээж шавь нь гэгдэх болсон гэхээр Насаад авьяас байгааг нотолж байгаа юм.

Энэ мэтээр өнөө цагт манай урлагийн ертөнцөд өөр өөрийн гэсэн өнгө будаг, хэмнэлээр уран бүтээлээ туурвиж яваа олон залуус Улсын филармони гэсэн том өрх айлд харьяалагдан дуулсаар явна.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюун ухааны цаст өндөр түүчээ

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж сэтгүүлч миний бие устай дэндүү ойр, эгэл даруухан эрдэмтний ажил үйлс, бүтээлч чанарыг онцлон бичихээр зорьлоо. Ном дүүрэн цүнхээ үүрээд их сургуулийн гудамжаар өдөр бүр алхдаг энэ эрхмийг Найдангийн Батсүх гэдэг. Хэн бүхний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй ч мэдлэг боловсрол, оюуны цар хүрээгээрээ Монголдоо их дээгүүр бичигдэх сэхээтэн, эрдэмтэн. Нэг ёсондоо Монгол залуусыг эрдмийн уурхайд хөтлөн алхаж буй оюун ухааны цаст өндөр түүчээ, нөгөө талаар бүх зүйлс нь төгс зохицолдсон энгийн нэгэн эгэл даруухан эрдэм чадалтай багш хүн. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Төгрөг гэдэг газар, малчин ард Найдангийн ууган хүү болон мэндэлсэн түүнийг өдгөө олон мянган шавь нар нь “Батсүх багш” хэмээн даруухан дуудан, эрхэмсгээр хүндэлж явааг нь харахад бахархахгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын зөвлөх инженер, Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Батсүх олон мянган шавь нарынхаа сэтгэлд дэндүү ойр байж аав-уул нь болон сүндэрлэжээ. Тэрбээр ОХУ-ын Москва хотын Геологи хайгуулын дээд сургуулийг уулын инженер, гидрогеологич мэргэжлээр төгссөн төдийгүй Монгол Улсад Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбарыг анх үүсгэн байгуулагч юм. Профессор Батсүх 1967 оноос МУИС-ийн Геологи-географийн факультетийн Ерөнхий геологийн тэнхимд багшаар томилогдон ирснээс хойш тасралтгүй 48 жил багш, тэнхмийн эрхлэгч, декан, тэргүүлэх профессороор ажиллаж иржээ. Бүүр тодруулбал, Батсүх багш гидрогеологи, инженер геологи мэргэжлийн анхны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулсны үндсэн дээр Монгол Улсад 1973-1974 оны хичээлийн жилээс гидрогеологи, инженер геологийн дээд мэргэжилтэн бэлтгэхээр анхны элсэлт авч эхэлж, түүний удирдлага дор 1978 оноос гидрогеологийн тэнхим байгуулагдан анхны эрхлэгчээр нь өөрөө ажилласан аж. Түүгээр ч зогсохгүй Батсүх багшийн санаачлагаар геоэкологи, инженер геологи мэргэжлээр мэргэжилтэн шинээр бэлтгэх болсон агаад өдгөө гидрогеологи, инженер геологи, геоэкологи гэсэн гурван мэргэжлээр дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна. Энэ ч үүднээс Батсүх багшийн гар дээр өдлөн, жигүүрээ дэвэн амьдрал хэмээх их далайд хөл тавьсан шавь олон бий. Монгол Улсад анхны суурийг нь тавьсан гидрогеологи, инженер геологи, геоэкологи гэсэн мэргэжлээрээ өдгөө 500 гаруй инженер бэлтгэж, эх орондоо илгээсэн чадварлаг эрдэмтэн гэдгийг бас хэлье.

Анх миний бие Батсүх багштай уулзахаасаа өмнө зарим шавь нараас нь “Манай багш хатуу дүнтэй, хариуцлага өндөртэй” энэ тэр гэж ярихыг нь сонсоод их л яхир, ааш муутай хүн байх гэж бодож байсан. Гэтэл уулзаад, яриа өрнүүлээд ирэхэд харин ч бүрсэтгүүлч миний,хүн бүрт байгаасай гэж боддог тусархуу, аливаад няхуур нямбай, ажилч хичээнгүй зэрэг сайн чанарууд Батсүх багшид байдаг болох нь алхам тутам ажиглагдаж энгийн, бүр дэндүү гэмээр энгийн, хүнлэг хүн болохыг нь анзаарсан. Тиймээс Батсүх багш шиг мэргэжлээ чадамгай эзэмшсэн, ажилласан салбартаа үнэнч, оюутан болоод төгсөгчдөдөө хайртай, хамт ажиллагсдадаа дэмтэй хүн олон байгаасай гэж бодож явснаа нуугаад яах вэ. Батсүх багш шиг сайн хүн, чадварлаг мэргэжилтэн олон байвал наад зах нь улс орны маань ч хөгжил амархан урагшилна. Дээр нь Батсүх багш шиг шавь нараа мэргэжлээсээхэзээ ч урвахгүй болгон хүмүүжүүлж, төгсгөдөг мэргэжилтэн ялангуяа өнөө үед туйлаас их хэрэгтэй байна шүү дээ. Багшийн эрдэм шавьд гэгчээр Батсүх багшийн шавь нар одоо Монгол орны дөрвөн зүг, найман зовхист хөдөлмөрлөж эх орныхоо бүтээн байгуулалтад гар, бие оролцон төгссөн сургууль болоод багшийнхаа нэрийг өндөрт өргөж явна. Үүнд хөдлөшгүй үнэн баримт дурдъя л даа.

Батсүх багшийн мэргэжлээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг төгссөн шавь нараас Завхан аймагт С.Пүрэвжав, Ховдод Д.Пүрэвхүү, Өвөрхангайд Г.Цэцгээ, Сүхбаатарт А.Баатархүү, Баянхонгорт Ж.Сангижав, Архангайд И.Үүрцайх, Хэнтийд Г.Эрдэнэ-Очир, Баян-Өлгийд К.Халиасхар, Дорноговьд П.Дугар, Улаанбаатарт Г.Цэрэндондов нар дандаа усны компанийг толгойлж, захирлаар ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод байрлах инженер хайгуулын компанийн захирлууд мөн л Батсүх багшийн шавь нар гээд бод доо. Тухайлбал, О.Балдорж/“Таван үндэс”/, Т.Бээжинхүү /“Орхон гидрогео”/, Г.Тунгалаг /“Гурван тэс”/, П.Наранцэцэг /“Гидрогео”/, Б.Чанцал /“Хангай инж гео”/, М.Мягмаржав /“Инж гео тех”/ Ё.Энхцэцэг /“Бар инж гео”/, И.Сайнсанаа /“Land test”/ нар багшийнхаа нэрийг дуудуулж ажил үйлсээрээ мөн л манлайлж явааг хэлэхэд бахархууштай. Бас нэгэн жишээ, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж нэр нь аль хэдийнэ танил болсон “Монполимет” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжав, барилгын чиглэлээр Т.Олзвой захирал, банк санхүүгийн чиглэлээр “Голомт” банкны захирал хэмээгддэг Д.Баясгалан нар Батсүх багшийн хайртай шавь нарынх нь нэг.Багш хүнд шавь нараас нь илүү гоёл, шавь хүнд багшаас илүү эрхэм хүн үгүй юм гэдгийг Батсүх багштай уулзаж явахдаа илүүтэй мэдэж авлаа. Батсүх багш, “Миний шавь нар тэнд, ингэж амжилттай ажилласан, ажиллаж байна” гээд л нэрийг нь хэлж, тэнгэрт хурсан үүлийг нүүтэл нь тас тас хөхрөн ярьж байгааг нь хараад багш шавийн нандин холбоо гэж их нарийн учир утгатай зүйл байдгийг мэдэрсэндээ олзуурхаж билээ. Тиймээс Батсүх багш шавиараа, шавь нар нь Батсүх багшаараа бахархан он цагийг ажил үйлс, амжилт бүтээлээрээ жигүүрлэж явна.

Багштайгаа өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн геологи, гидрогеологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Оюун, “Манай Батсүх багш бол их эрдмийн уурхай, зохион байгуулалт сайтай хүн, аливаад хариуцлагатай, өдрийн тэмдэглэл хөтөлдөг, наргианч хошин зантай, дандаа явган алхдаг,спортлог, шавь нартаа болон шавь нарынхаа ар гэрт анхаарал тавьдаг, шавь нараа хөтөлж ажилд оруулдаг, миний ажлын түшиг тулгуур, бахархал, залуу сэтгэлгээтэн, үнэхээр найдвартай хүн” гэх мэтээр ярьж багшийгаа лав бөөн соёл ханхалсан, ханхлуулсан хүн гээд магтаад авна билээ. Харин 20 шахам жил хүү шиг нь, найз шиг нь яваа “SATU” ХХК-ийн захирал, доктор Г.Туваансүрэн, “Батсүх багшийг компанийнхаа чадварлаг зөвлөгч, ясны эрдэмтэн нэг үгээр хэлбэл шавхагдашгүй эрдэм, номтой их л ховор хүн дээ” гэж дуу алдан тодорхойлсон нь одоо ч сэтгэлд тод үлджээ. Мөн “Усны нөөц-хөгжлийн бодлого” хэмээх танин мэдэхүй, шинжлэх ухаан, усны бодлогын өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай даацтай, уншууртай ном бичиж уншигчдадаа хүргэсэн “Усны” гэх тодотголтой “Усны ассоциаци” ТББ-ын тэргүүн, доктор Д.Батмөнх багшийгаа туйлбартай, түшигтэй, туйлын хүнлэг хүн гэж цөөн үгээр тодотгосныг энд онцлох нь зүйтэй байх аа. Юутай ч багшаараа бахархаж буй Д.Батмөнх, Д.Оюун нарын тухай нэмж хэлэхэд тэдний докторын ажлыг Батсүх багш удирдаж, ажил, амжилт өөд хөтөлсөн нэгэн. Жишээлбэл, Батсүх багш Г.Цэрэнжав, У.Борчулуун, Д.Доржсүрэн, М.Мягмаржав, А.Түвдэндорж, Д.Батмөнх, Ч.Жавзан, Д.Оюун, П.Хөхөө гэсэн есөн хүний докторын ажлыг амжилттай удирджээ. Эдгээр эрдэмтэд багштайгаа мөр зэрэгцэн эрдмийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, Батсүх багшийнхаа магнайг тэнийлгэж яваа нийгэмд болоод салбартаа нэрээ аль хэзээний дуудуулсан чадварлаг сайн эрдэмтэд болж өсөн өндийж чаджээ. Тэгээд ч Батсүх багш шиг олон доктор өлгийдөн авсан эрдэмтэн Монголд бараг л байхгүй. Цаашилбал, түүн шиг хоёр шинжлэх ухааны докторын зэрэгтэй оюунлаг профессор ховор юм.

“Хөвсгөл далай намайг эрдэмтэн бас олон сайхан шавьтай болгосон” хэмээдэг Батсүх доктор 1975 онд “Хөвсгөл нуурын ай савын голуудын гадаргын ба газар доорх урсац бүрэлдэх зүй тогтол” сэдвээр газарзүйн ухааны докторын зэргийг ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд хамгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр Хөвсгөл нуурын ай савд 25 жилийн турш 29 удаа урт, богино хугацаагаар ажиллаж, нуурт цутгаж байгаа 96 гол горхи, ундарч байгаа булагууд, халиа, бөөрөг, нуурын мөсөн бүрхүүл, усны баланс, усны температурын горимыг судалсан. Тодруулбал, профессорын Хөвсгөл нуурт хийсэн судалгааны ихээхэн хэсэг нь нуурыг аж ахуй зориулалттай ашиглах усан замаас гадна Хатгал, Ханхын хоорондох мөсөн замыг судалж түүгээр, автомашинаар тээвэр хийхэд мөсний байдлыг тооцох зөвлөмж, нуурын загасыг хэрхэн ашиглах шинжлэх ухааны үндэстэй зөвлөмж зэргийг зохиож аж ахуйн байгууллагуудад нэвтрүүлжээ. Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн тохиромжтой ба тохиромжгүй нөхцөлийг үндэслэн мөсөн бүрхүүл эрт тогтож зузаардаг, орой задардаг, хилийн хөдөлгөөн, газар доорх усны ундарц багатай зүүн талаар, тухайлбал Хатгал-Тойлгот-Далайн хүйс арлын зүүн тал-Турт гэсэн чиглэлээр автомашинаар тээвэр хийх, замын чиглэлийг сонгох нь илүү тохиромжтой болохыг тогтоосон. Энэчлэн Батсүх багшийн судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний ажлыг нэг бүрчлэн тоочин бичвэл хэдэн боть ном болох нь гарцаагүй.

Батсүх багшийн хэлж, ярьж байгаа үг бүр нь ухаалаг. Ухаантай, үнэн үг унагадаг учраас л Батсүх багшид шавь нар нь, хамт ажилладаг нөхөд нь хайртай байдаг болов уу. Түүний үе үеийн шавь нар Утга зохиолын сургуулийг санагдуулам багшдаа маш олон шүлэг зориулан бичсэн байна билээ.

Эгэл жирийн энгийн байдал тань

Элдэв зан аашгүйг илтгэн харуулах юм

Багш гэж цэмцэгнэж хойш суухгүй

Бусдын адил бужигнах юм, Та

Үргэлж бидний төлөө

Үнэт сургаалаа хэлж

Үрчлээ суутал санаа зовж

Үүрд өөрийгөө зөнд нь хаях юм, Та… хэмээн ШУТИС-ийн Гидрогеологийн нэгдүгээр дамжааны оюутан Ч.Мөнхцэцэг тэрлэжээ.

Энэ мэтчилэн багшдаа зориулж, оюутны ширээнээс төрсөн олон найргийн хөгийг Та тольдоорой. Энэ бүхэн Батсүх гэж ямархан багш вэ гэдгийг төвөггүйхэн илтгээд өгнө дөө.

Түүнчлэн Батсүх багш асар их бүтээлч хүн. Эх орондоо мэргэжилтэн бэлтгэх завгүй их ажлынхаа хажуугаар 149 оюутны дипломын төслийг, 22 магистр оюутны төгсөлтийн ажлыг, дээр хэлсэнчлэн есөн доктор оюутныг тус тус удирдаж амжилттай төгсгөсөн буянтай буурал. Бас болоогүй ээ, эрдэм судлалын ажилд хичээл зүтгэл гарган 500 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж олон түмэнд хүргэснээс гадна гидрогеологи, инженер геологи, геоэкологийн хичээлийн агуулгыг тодорхойлж сурах бичиг, гарын авлага, лаборатори, дадлагын ажлуудын заавар боловсруулж, сургалтын материал эмхэтгэн гаргаж эх хэл дээрээ мэргэжлийн ном сурах бичгийн хангамжийг бий болгосон гавьяатан. Энгийнээр ойлгоход аливаа шинжлэх ухааны ном, сурах бичиг эх хэл дээр байхгүй бол хөгжих хөгжил, таатай уур амьсгал төдийлөн бүрдэхгүй. Энэ ч үүднээс өнөөдөр Батсүх багшийн бичсэн олон арван номыг ШУТИС, тэр дундаа Геологи, газрын тосны сургууль сургалтандаа ашиглаж байна. Эрдэмтэн, багш, оюутнууд ширээний номоо болгон огт салахгүй нөхөрлөж, эх орныхоо хөгжлийн ирээдүйн төлөө суралцаж явна. Энэ нь Батсүх багшаар бахархах бахархал яалт ч үгүй мөн байгаа биз. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу сурах бичиг зохионо гэдэг хэн бүхэнд олдоод байдаг хувь тохиол, чадвар биш. Үүнд мэдээж оюун ухааны өргөн цар хүрээ нэгдүгээрт бичигдэнэ. Тиймээс л хэн дуртай нь сурах бичиг зохионо гэж зориглон барьж авдаггүй, авсан ч шүүлтүүр даах нь ховор. Тэгвэл Батсүх багшийн бичсэн хэдэн арваараа тоологдох сурах бичгүүд чадал чансаа, он цагийн шүүлт дааж байгаа болохоор л өдгөө тэрбээр Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн эрдмийн сурах бичгүүдийг туурвиж, хөрс суурийг нь эх орондоо нутагшуулж чадаж байгаа туйлын чадварлаг зөвхөн эрдэм номын төлөө төрсөн эгэл нэгэн хүн юм.

Товчхондоо бол Монгол Улсад Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбар үүсэхэд Батсүх багшийн оруулсан хувь нэмэр асар их төдийгүй энэ салбарт өөрийнхөө суваргыг босгосон шиг босгож яваа мэргэжилдээ туйлын үнэнч багш.Батсүх багшийг мэргэжил нэгт нөхөд нь хүний төлөө шинжлэх ухааныг хөгжүүлэгч гэж тодорхойлсон нь нүдээ олсон дүгнэлт гэлтэй санагдаж байна. Учир нь Н.Батсүх багшийн эрдэм судлалын ажлын чиглэл хамгийн хүмүүнлэг, энэрэнгүй амьдралыг тэтгэх хүний төлөө шинжлэх ухаан аж. Гидрогеологийн шинжлэх ухаан нь дэлхийд анх амьдралыг үүсгэгч, түүнийг цаашид тэтгэж буй чандмань эрдэнэ хэмээгддэг устай холбогддог. Монгол Улсын усан хангамжийн 90-ээс дээш хувийг зөвхөн газар доорх усаар хангаж байгааг онцлоход Батсүх багшийн Монгол Улсад хөгжүүлж байгаа Гидрогеологийн шинжлэх ухаан ямар их ач холбогдолтой болох нь хэн хүнд ойлгомжтой.

Барилга байгууламж болон уул уурхайн төлөвлөлтийн анхны суурийг инженер геологийн судалгаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах үүрэгтэй өнөө үед үүнийг хэрэгжүүлэх үндсийг инженер геологи, геоэкологийн шинжлэх ухааны үндэстэй судалгаа баталгаажуулдаг учраас л профессор Н.Батсүх үнэхээр хүний төлөө, хүний амьдралыг тэтгэх, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө чөмгөө дундартал ажиллаж яваа боловсорсон, чадалтай жинхэнэ эрдэмтэн гэхээс өөрцгүй юм. Ийм учраас л Батсүх багшийн бусдад элэгсэг, сайхан ханддаг, хүнлэг энэрэнгүй чанарыг хэлээд барахгүй. Тиймээс энэ нь мөн л хүнлэг салбартай холбоотой байх нь. Нөгөөтэйгүүр Батсүх багш хаана байна тэнд хүмүүсийн стресс тайлагдаж, оюун ухаан тэлдэг гэхэд хилсдэхгүй. Үнэн чанартаа бол Батсүх багшийг хамт олон, гэр бүл, үр хүүхэд, шавь нар гээд ойр дотныхоо бүх хүмүүсийн төлөө сайхан сэтгэл өвөрлөн амьдардаг, өөрт оногдсон бас үүрсэн ачаандаа хэзээ ч түүртэж байгаагүй Хүн-уул гэж хэлж болно. Тэрбээр бүр өдөр болгон хийх, бүтээхийн урам зоригт хөтлөгдөж, хүнлэг зан түгээсээр бидний дунд өөрийнхөөрөө, нэг л зангаараа алхалж яваа сайхан буурал эрдэмтэн. “Хэзээ, яаж амжуулдаг байна вэ” гэж дуу алдмаар их бүтээл туурвиж, бүтээж яваа амьд уулс болон бидний дунд дүнхийж байна. Жинхэнэ оюун ухааны төлөө төрсөн, түүнийхээ төлөө тууштай ажиллаж яваа эрдэмтэн гэж Батсүх багшийг л хэлнэ.

Тэгээд ч ер нь Батсүх багшийн тухай бичихэд мянган үгийн магтаал огт хэрэггүй. Батсүх багш зүгээр л ажил хөдөлмөр, хичээл зүтгэл, оюуны цар хүрээгээрээ эрдэм шинжилгээний ажлыг дэлгэрүүлж, олон чадалтай залуусыг үүнд уриалан дуудаж, дурлуулж, үр дүнг нь мэдрүүлж яваа жирийн нэгэн эрхэмсэг багш билээ. Батсүх багштан хэзээ ч бусдыг дагаж туйлшраагүйгээрээ бас бусдын элэгсэг занг өөртөө татдаг. Аливаа зүйлийг тал талаас нь бодож байж сая даацтай дүгнэлт гаргах нь түүний уугуул чанар. Ямарваа нэгэн зүйлд оновчтой хувилбар, шийдвэр сонгож чаддаг болохоор л түүнийг шавь нар нь хүрээлж ажлаар жил бүр дардаг биз. Энэ нь мөн л Батсүх багшийн мэдлэгийн цар хүрээг гэрчилдэг аж. Ийнхүү өдөр бүр өөрийгөө дүгнэж, олон шавь нар, эрдэмтдийнхээ өмнө мэдлэгээ шалгуулж, онц дүн аван алхдаг Батсүх багшийн тухай хэлэхгүй өнгөрч боломгүй дахин нэг зүйл бий. Тэрбээр эх орны хишиг хэмээн хүн бүрт олгосон мөнгөөрөө оюутнуудынхаа бичсэн эрдмийн ажлыг дэмжиж “Байгалийн гайхамшигт газрын аялал жуучлалын тааламжийн үнэлгээ” гэдэг хэн бүхэнд хэрэгтэй номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн гэж байгаа. Оюутны байтугай мэргэжлийн зохиолч номоо хэвлүүлэх гээд мөнгө олддоггүй хэцүүхэн байдал ноёрхсон өнөөгийн нийгэмд үүнийг буян, хүнлэг сэтгэлийн сайхан өглөг гэхээс өөр хэлэх үг надад л лав олдохгүй байна. Тэгвэл энэ буянтай, цагаахан үйлсийг Батсүх багш л үйлдэж олон шавь нараа баярлуулжээ. Энэчлэн Батсүх багш дандаа шинийг эрэлхийлж, хүнд хэрэгтэй, хүмүүнлэг, энэрэнгүй зүйл хийхийн төлөө зүтгэж, хийж яваа нэгэн.Тэгэхээр Батсүх багш Монгол Улс дахь Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбар хэмээх их айл гэрийн хойморыг эзэгнэсэн эрдмийн их оргилуудын нэг яах аргагүй мөн гэдгийг түүний туулсан амьдрал, бүтээсэн хөдөлмөр, эрдмийн их далай нь цаг ямагт гэрчилсээр. Яагаад гэвэл Батсүх багшийн эрдмийн их уурхай улам л өндөрт сүндэрлэсээр байна. Тиймээ, Батсүх багш бол оюун ухаанаараа хүн ардынхаа дунд гэрэлтсэн цаст өндөр түүчээ нь. “Өөрийгөө үргэлж ирлэж яв” гэж хэлэх дуртай тэрбээр одоо ч оюутнууд, эрдэмтэд дундаа стресс тайлагдтал тас тас хөхрөн эрдмийн их уурхайг өөр дээрээсээ нисгэж л суугаа. Нэг үгээр хэлбэл, эзэмшсэн мэргэжлээсээ нэг ч хором холдохгүй, өөрийнхөө бүхий л ажил, амьдралыг Монголын гидрогеологи, инженер геологи болон геоэкологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд үнэнчээр зориулж багш хэмээх их үйлсээр овоглуулан 50 дахь хавраа ийнхүү бүтээл туурвил арвинтайгаар угтаж байгаа нь энэ. Тиймдээ ч Батсүх багшийн босгосон их бүтээлийн ундарган суварга хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Он цаг өнгөрөх тусам улам л өнгө орох нь гарцаагүй юм.

Зохиолч, сэтгүүлч Баттөрийн ДААРИЙМАА

2015.03.11

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд эмэгтэйчүүд

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыг иргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн “Хүүхэд ба эмэгтэйчүүд” хэсгээс толилуулж байна.

ХҮН НЭМБЭЛ…

Чингис хааны намтар цадигаар бүтээл туурвигч, ялангуяа гадаадынхан түүний намтрын хоёр үеийн зохиолынхоо шийдвэрлэх сюжет болгон авдаг. Юуны өмнө Есүхэй баатар Өүлэн эхийг авааль нөхрөөс нь булаан авсны дараахан мэндэлсэн Тэмүжинийг тойрсон ёс суртахууны эргэлзээ орно. Түүнийг мэргэдийн Чилэдү бөхийн хүүхэд байж мэднэ гэсэн хар, гомдол Есүхэй баатар болон монгол аймгуудаар дүүрэн мэтээр харуулдаг. Чингис хааны ууган хүү Зүчи мөн л эхийгээ олзноос суллагдсаны дараа төрдөг нь хаан эзнийг сэтгэлийн гүн зовлонд унагаж байгаагаар дүрслэгдэнэ.

Үнэн хэрэгтээ тал нутгийн ёс суртал гадаадынхны төсөөлснөөс өөр юм. Дэлхийн хамгийн олон хүнтэй Нангиад гүрний хажууд үеийн үед оршиж ирсэн тоо цөөхөн монголчуудад хүн шиг үнэтэй юм байхгүй. Ийм учраас мэндэлж байгаа хүн бүгдийг хүндэтгэн хүлээн авч “Хүн нэмбэл хүнс нэмнэ” хэмээн бэлгэшээдэг.

Өөр эцгийн болон гэрлэлтээс өмнө төрсөн хүүхэд нийгэмд гадуурхагддаггүй. Ээжийгээ хадамд гарахаас өмнө төрсөн хүүхдийг “гал дээр гарсан зээ” хэмээн харин ч хүндлэн үзэх ба өвөө эмээгийнхээ өв хөрөнгийг эзэмших онцгой эрх эдэлнэ. Эцгийн талаар эргэлзээтэй намтар дагуулсан удирдагчид Чингис хаанаас Х.Чойбалсанг хүртэл маш олон байсан. Үүнийх нь төлөө тэднийг хэн ч буруутгаж үзсэн удаагүй юм.

Хүүхэд төрж байх, эрүүл энх өсч бойжих нь монголчуудын хувьд тусгаар тогтнолын баталгаа байлаа. Хүүхдийг хайрлах, тэднийг баярлуулах нь үндэстний нийтлэг чанар юм. Шашны баяр ёслол, буяны будаалга зэрэгт хамгийн түрүүн хүүхдэд бэлэг өгөх явдал орно. Танихгүй айлд орж ирсэн хүүхдийн гарыг болж өгвөл цайлгаж гаргана. Аялан явах зуур тааралдсан хүүхдүүдэд чихэр жимс тараан баярлуулах уламжлал өнөө ч үргэлжилсээр. Хүмүүнлэгийн үйлсийн нэгдүгээрт “Хүүхэд, нохой хоёрыг баярлуулах” хэмээн бичигдсэн байдаг.

Хүүхдийг бурханд ойр, тэнгэрлэг чанараа хадгалж байдаг гэж итгэх тул шашин шүтээний хориг, янз бүрийн цээрийг зөрчсөн ухамсаргүй зүггүйтлийг ч уучлан үзнэ. Үзэх төдийгүй цаанаасаа, бурхад ба газар лусын эздийн зүгээс хүүхдээр дамжуулан хийлгэж буй үйл хэмээн үзнэ. Тухайлбал, эхнэр, уйланхай хүүхэдтэй айлын хөл хорих тэмдэг болсон дээсийг хүүхдүүд тоглоод эвхээд хаясан байвал түүнийг цээрийг цуцлах цаг болсны тэмдэг гэж үздэг.

Түүнчлэн хожмын хэрэг явдлыг гэсэн хүүхдийн зөн совин, хандлагаар зөгнөн харах нь түгээмэл. Ялангуяа багачуудын бие биедээ өгч байгаа “хоч” нь түүний хүн болж төлөвших араншин, хожмын заяаг тодорхойлдог гэж үзэх нь буй. Өнөөгийн Монголын Бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц багадаа “лам” хочтой байснаа ихэд бэлгэшээн дурссан байдаг.

Нүүдэлчин монголчууд хүүхдийг нь баярлуулсан зочин, хөршийг ихэд үнэлдэг. Эсрэгээрээ хүүхдийг нь гомдоосон, ялангуяа хуурч мэхэлсэн этгээдийг ерийн нэг луйварчнаас илүү гэм буруутайд үздэг уламжлалтай.

Энэ утгаараа хүүхдийг баярлуулах, хохирсон хүүхдийг өмөөрөх зэрэг нь олон нийтийн сэтгэл санаагтатсан сайн үйлсийн эхний эгнээнд бичигддэг тул улстөрчид ч анхаардаг.

Олон хүүхдийн зураг. Соц үеийн, одоогийнх ч болно. Монголын ирээдүй энэ гэсэн утгатай: Монголд байсан аливаа төр, улс төрийн тогтоцбүр “хүүхдийг жаргааж байгаа” гэдгээр биеэ сурталчлах дуртай.

БНМАУ-ын орос бэр Анастасия Ивановна Цеденбал Филатова бээр хүүхдээр дамжуулан монголчуудын сэтгэлийг татах ажлыг үзэл суртлын өндөр хэмжээнд хийж чадсан улстөрчийн нэг юм. Хүүхдийн төлөө Фонд гэдгийг байгуулан төсвийн мөнгөнөөс татах, ажилтан албан хаагчдыг сар, өдрийн цалингаа албан журмаар хандивлуулах арга авах зэргээр хөрөнгө төвлөрүүлж Хүүхдийн парк, Найрамдал зуслан барих ажлыг удирджээ. Олон хүн түүнийг Монголын хүүхдэд зүрх сэтгэлээ өгсөн, хэрвээ Анастасия байгаагүй бол Монголын хүүхдүүд тоглох, амрах газаргүй үлдэх байсан гэдэгт өнөө хүртэл итгэсээр байдаг юм. Үнэн хэрэгтээ тэрээр монголчуудаас маш их сэжиглэдэг, Ю.Цэдэнбалыг монгол хүнтэй гар барьсны дараа гарыг нь спиртээр цэвэрлэж байхыг шаардсан баримт үлджээ. Түүнчлэн хүүхдүүдээ “халдварт өвчин авчихна” гээд монгол багачуудад хавьтуулдаггүй байсан учир хөвүүд нь монгол хэл сураагүй үлдсэнийг гэрчлэх тэмдэглэл нь ч буй бөлгөө.

ГЭРИЙН ЕРӨНХИЙ САЙД

Нүүдэлчдийн жендерийн асуудал өвөрмөц бөгөөд гэр бүлд эмэгтэйчүүд, эхнэрийн эзлэх байр суурь чухал. Хэдийгээр “Авгайдаа толгойгоо мэдүүлсэн” хэмээх шүүмжлэлт хэллэг байдаг ч гэсэнтусгай утгаар хэрэглэгддэг. Энэ нь өөрөө улс төр, эдийн засгийн шийдвэр гаргах чадвар султай эрийг хэлдэггүй. Харин өөрийн аав ээжийг харж үзэх, юм илүүчлэх тал дээр учир дутагдалтай “ачлалгүй” хөвүүнийг онцлон нэрлэдэг үг юм. Түүгээр ч барахгүй татгалзахад хэцүү санал, буцаахад амаргүй наймааг ч гэсэн “Авгай дургүйцээд байна” гэсэн үндэслэлээр амархаан шийдэж болдог. Хэн ч, хэнийг ч эхнэрийнх нь дургүй үйлийг албадан хийлгэх эрхгүй гэсэн мораль тал нутагт уламжлан ирсэн нь өнөө ч бий.

Эхийн санаа, эхнэрийн үгийг сонсож, аливаа шийдвэрийг түүнтэй уялдуулан гаргадаг нь монголчуудын мянганы уламжлал. Чингис хаан бээр Өүлэн ээж ба Бөртэ хатныхаа өгсөн санамж зөвлөлгөөг үндэслэн голлох шийдвэрүүдээ гаргаж байсныг “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг.

Нүүдэлчин монгол эрхүн ерөнхийдөө гэр бүлийн бэлгэ тэмдэг, ерөнхийлөгч маягтай орших ба нүүх буух шийдвэр гаргах, наймаа худалдаа хийх гэхчлэнгийн ерөнхий эрх эдэлнэ. Гэхдээ худалдаа наймааны эрх мэдэл нь сайн морь, гаанс хөөрөг сэлтийн хүрээнд эргэлдэнэ. Ер нь бол адуу нь унаа, тээврийн хэрэгслэл гэхээсээ илүү гоёлын мал, хүч чадлын бэлгэдэл талдаа түлхүү. Нарийндаа хүүхэд унадаг номхон морь руу ороод ирэхээр эхнэрийн санал хэрэгтэй болно. Харин ашиг шимийг нь шууд хүртдэг саалийн үнээ, хонь ямаа бол эхнэрийн хариуцсан салбар болоод явчихна. Ямар үнээ хөгширч идшинд явах цаг болсон, аль хонь сувайраад байгаа учраас гаргаж хэрэглэх нь зүйтэй, ихэр удамтай хонь худалдаж авбал зүгээр зэргийг гэргий л хэлж өгнө. Ерөнхийдөө адуу, гаанс зэргээс бусад эд баялаг, барааны нөөц хэмжээг эрчүүд мэдэхээсээ мэдэхгүй нь их бөгөөд “манайд ийм тийм юм байгаа юу” гэсэн асуултыг авгайдаа тавих нь түгээмэл.

Ийм учраас монгол эмэгтэйчүүд гэр бүлийн санхүүгийн хамгийн сайн удирдагч гэсэн итгэл түгээмэл. ХХ зуунд иргэншин суурьшсаны дараа ч энэ уламжлал үргэлжилж гэрийн бүхий л санхүү мөнгөө гэргий нь захиран зарцуулдаг, нөхөр нь олсон мөнгө зүгээр л авчраад тушаачихдаг үзэгдэл өргөн байна. Авчирсан мөнгө нь дууссан тухай мэдээлэл сонссон эрчүүдийн “зоригтой” ганц нэг нь “ийм хурдан уу” хэмээн асууж чадах боловч “Тэгээд, би өөртөө юм авчихаа юу” гэсэн асуултан хариултын босгыг давсан нь цөөн гэх.

Харин эмэгтэйчүүдийг хүйсний хувьд ялгаварлан харах зарим өнцөг шүтлэг, ёслолын зарим зүйлд шингэн үлджээ. Тухайлбал, эхнэр хүн гэрийн сүлд хийморийн орон зай болох гол хоймор суухгүй, зарим нэг тахилга шүтээнтэй уулан дээр гарахгүй гэхчлэнгийн. Гэвч энэ нь эр хүний зүгээс эмэгтэй хүнийг ялгаварлаж байгаа хэрэг бус. Харин цаадсүлдний эзэн, сахиусны шаардсан дэг ёсыг хамтдаа дагаж байгаа маягтай ёс суртал болно. Хог шороогоо гэрийн эзэн хүн гаргаж хаявал гэрийн сүлд гутан зайлна гэдэг ёсны цаана ч гэсэн ийм л учирлал байгаа.

Түүнчлэн монгол үндэсний спорт болох эрийн гурван наадам байна. Эхэндээ энэ нь нийт эрчүүдийн үйл хэрэг байсан бололтой. Учир нь сурын харваа, морин уралдаан, бөхийн барилдаан нь монголчуудын цэрэг дайны байнгын бэлтгэл сургуулийн үндсэн хэсэг юм. Энд эмэгтэйчүүд оролцдоггүй нь “Хээрийн сургуулиас эмэгтэйчүүдийг чөлөөлнө. Дайн байлдаанд оролцох нь зөвхөн эрчүүлийн үүрэг байх учиртай” гэсэн энгийн гаргалгаатай. Харин хожмоо, ялангуяа Манж Чин гүрний эзэрхийллийн үеэс хурдан морийг цэргийн насны эрс бус хөвүүд охид унадаг, мохоо сумаар газарт өрсөн “стратегийн бус” шавыг онох болсон зэрэг нь монголчууд цэрэгжлээсээ холдсон, холдуулсан аль алиных буйзаа. Өдгөө эмэгтэй харваачид олноороо цэц мэргэнээ сорих болжээ.

ХХ зууны эхээр Зөвлөлтийн үзэл суртлыг даган орж ирсэн феминист хийрхэгчдэд “Хүнд ихээр дарагдсан, хөөрхий бидний бүсгүйчүүд…” хэмээн дуулалдан босохдоо дээр өгүүлсэн “сиймхий” дээр тоглолт хийхийг оролджээ. Аж ахуйн эрхээрээ дамжуулан гэр бүлийн эрх мэдлийг барьдаг авгайчуудад эсэргүүцмээр олигтой юм олдоогүй учраас айлын хойморт суух, барилдах зэргээр “тэмцэж” байсан ажгуу.

Ёслолд оролцож буй эрчүүлээ хүлээн, хоригтой газар орны хилийн босгон дээр суугаа эмэгтэйчүүд ялангуяа төрийн тахилгат уулыг тахих үед тааралддаг. Тэдэнд доромжлогдсон, гутсан шинж үгүй. Учир нь эргээд гэртээ харихад бүх л эрх мэдэл нь хүлээж байгаа. Эрчүүлдээ гомдох юм алга. Нөхөр нь тэднийг орхиогүй, гадуурхаагүй. Тахилгат овооны цаад эзэн эмэгтэй хүн хүлээж авахгүй учраас нийтээрээ дагаж байгаа юм. Овоо, лусын орон зайг зөв дүрмээр нь тахивал эзэгтэйн мэдлийн мал сүрэг арвинаар өсөх нигууртай…

Categories
мэдээ нийгэм

Баянгийн заставын тухай цуврал сурвалжлагыг зөвхөн “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Л.Мөнхтөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд томилолтоор ажиллаж байна. Хэдий хаврын дунд сар гарсан ч гэлээ Монгол орны баруун хязгаарт Даян нуурын жавар, уулын цасны хүйтэнтэй хавсарч хацар хайран жиндүүлж байгаа сурагтай.
Л.Мөнхтөр сэтгүүлчийн очсон Цэргийн гавьяаны одонт 0165 дугаар ангийн харьяа Баянгийн заставынхан бол Монгол орныхоо баруун хилийг нүд цавчилгүй манаж буй билээ. Тэдний цэргийн баяраа хэрхэн тэмдэглэсэн талаарх сонирхолтой сурвалжлагыг манай сэтгүүлч илгээж, “Өдрийн сонин” маргаашийн дугаартаа нийтэлж байна. Цасны мотоциклиор хилээ эргэх Баянгийн заставынхны тухай цуврал сурвалжлагуудыг ойрын хэдэн өдөр зөвхөн “Өдрийн сонин”-оос унших боломж гарлаа.

Categories
мэдээ улс-төр

Вьетнам улс мах авах хүсэлтээ илэрхийлжээ

ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Элчин сайд Фан Данг Дуонгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён элчин сайд Монгол, Вьетнам улс хөдөө аж ахуйн харилцаагаа өргөжүүлэхийн тулд шинэ шатанд гаргах хэрэгтэйг онцоллоо. Учир нь, ирэх сард Монгол Улсад зохион байгуулагдах хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хурал нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн Вьетнамд экспортлох боломжийг бүрдүүлэх, холбогдох ажлыг эрчимжүүлэх зорилготой аж. Вьетнам улс эдийн засгийн гол тулгуураа хөдөө аж ахуйн салбараа гэж үзэн дотоодын эрэлтэд нийцсэн экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хангахад чиглэсэн байдлаар хөгжүүлсэн байна. Тиймээс Монгол Улсад цагаан будаа, шинэхэн жимс жимсгэнэ, эм био бэлдмэл нийлүүлэх боломжтой бол импортоор хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, арьс шир авах хүсэлтэй ч, хоёр орны хооронд амьтан, ургамлын хорио цээрийн гэрээ байгуулагдаагүйгээс багагүй хүндрэл үүсч эхэлсэн хэмээн тэрээр хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтөд хамрагдсан газруудтай танилцана

Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын нөхцлийг сайжруулах, дахин төлөвлөх, орон сууцжуулах асуудлуудаар хийсэн өргөтгөсөн уулзалтыг өнөөдөр Төрийн ордны Г танхимд зохион байгууллаа.

Уулзалтад Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга С.Цэдэнсодном, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга А.Лхагвадорж болон бусад холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц байдал, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, тулгамдаж байгаа асуудлаар Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг танилцуулга хийж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт аван харилцан санал солилцож ярилцлаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах 24 байршил баталсан бөгөөд одоогийн байдлаар 16109 нэгж талбар бүхий 1547,8 га 75 хэсэгчилсэн талбайд үндэсний 34 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Байнгын хорооны гишүүд ирэх дөрөвдүгээр сард дахин төлөвлөлтөд хамрагдсан зарим газруудаар явж ажлын явц байдалтай танилцахаар боллоо. Эдгээр ажлуудын үр дүнд ажлын хэсэг санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулан Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэнэ

Энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой тохиож байгаа түүхэн жил билээ. “Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-т байрладаг Монгол төрийн түүхийн музейгээс эрхлэн энэхүү түүхэн их ойг тохиолдуулан “Өндөр гэгээн Занабазар” номыг толилуулахаар болжээ.

Өндөр гэгээн Занабазар нь төр-шашны нэрт зүтгэлтэн төдийгүй дундад зууны үеийн монголын үндэсний соёл урлагийг нэгэн үе гоо зүйн танигдашгүй өндөрлөгт хүргэж чадсан уран зураач, уран барималч, оточ, хэл шинжээч, яруу найрагч зэрэг тэнгэрлиг авьяас билигтэй хосгүй нэгэн байсныг гэрчлэх дахин давтагдашгүй урлагийн хосгүй бүтээлүүд үзэгчдийн мэлмийг мялаасаар байгаа билээ. Монгол хүний урлахуйн их эрдэм ухаанаар туурвин бүтээгдэж, он цагийн шалгарлыг даван туулсаар бидэнд уламжлагдан ирсэн түүх, соёлын дурсгалт зүйлсүүдээрээ дамжуулан монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны түүхийг сурталчлан таниулах, улмаар тэдгээрийг унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм хүндтэй үүргийг музейн ажилтнууд хүлээдэг юм. Эл номдоо 17 дугаар зууны үеийн монголын урлаг соёлын хөгжил дэвшил тэр дундаа хүрэл цутгамлын суурь урлаг хөгжлийнхөө өндөр төвшинд хүрснийг харуулах Өндөр гэгээний өөрийн мутраар урлан бүтээсэн алдарт бүтээлүүдийн тухай, бурхадын мутрын зангаа, барьц зэргийн тайлбар болон төвд хэлээр бичигдсэн Занабазарын намтрыг багтаажээ.
Номын нээлт энэ сарын 20-ны Баасан гарагийн 11.00 цагт Монгол төрийн түүхийн музейд болно.

Categories
мэдээ нийгэм

Хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Энэ хугацаа нь гэсэлтийн үе байдаг учраас зам, хөрс амархан эвдрэх талтай байдаг гэнэ. Тиймээс жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. Хэрэв зохих зөвшөөрөлгүй жингийн шаардлага хангаагүй байж замын хөдөлгөөнд оролцвол хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Жанцанноровын тайлбартай Монгол уран бүтээлүүд эгшиглэнэ

Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” зорилтот төслийн цуврал концертууд амжилттай үргэлжилж байна. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол джаз найрал хөгжим өөр өөрийн хөгжмийн жанраар хөрвүүлэн найруулж тайзнаа эгшиглүүлэн байгаа нь нэг талаар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэн алдаршуулж буй үйл ажиллагаа болж байгаа юм.

Төсөлд туурвигдаж буй уран бүтээлүүдийн нэг болох Морин хуурын чуулгын “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолтоо үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэл ажил эхлээд байна. Концертонд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт З.Хангал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нацагдорж, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нарын ардын хөгжимд зориулан бичсэн уран бүтээлүүд эгшиглэх ба тоглолтыг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор тоглогдох юм. Уг тоглолтыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров тайлбарлан хөтөлж үзэгчдийн хүртээл болгох нь ээ.

Тоглолт энэ сарын 19-нд буюу өнөөдөр 19.00 цагт Улсын филармонийн танхимд ганцхан удаа болох нь ээ. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж өгч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Маргааш нар бүтэн хиртэнэ

Нарны бүтэн хиртэлт энэ сарын 20-ны өдөр тохиож бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдах юм байна. Энэ нь 1997 оны гуравдугаар сарын 9-ний хиртэлтээс хойш тохиож байгаа бүтэн хиртэлт юм байна.
Нар бүтэн хиртэх үзэгдэл Монгол, Дорнод Сибирь, оросын зүүн нутгаар бүрэн ажиглагдах гэнэ.
Оросын Уралд энэ үзэгдэл өдрийн 14,42 цагаас эхэлж бүтэн хиртэх нь яг 15,43 цагт тохиогоод 16,41 цагт өндөрлөнө. Энэ үеэр сар нарны 56 хувийг халхлах гэнэ. Нарны ийм хиртэлт 1999 оны наймдугаар сарын 11-нд тохиосон бол дараагийнх нь 2026 онд болох юм.