Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ, МҮЭХ-той хамтран ажиллана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өнөөдөр ШӨХТГ, МҮЭХ хоёр байгууллага ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлэх болоод байна. Бид хуульд заасан чиг үүргийн дагуу иргэд, хөдөлмөрчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг таслан зогсооход хамтран судалгаа, хяналт шалгалтын ажлуудыг хийхээр болж байна. Мөн байгууллага аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаас гадна цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир усны хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил, үйлчилгээний үнэ тарифын үндэслэлийг тогтоох тал дээр үнэн бодит дүгнэлтийг гаргаж иргэд, олон нийтэд мэдээлж байх юм” гэв.

Түүнчлэн ШӨХТГ, МҮЭХ хамтран ажилласанаар төрийн өмч хувьчлагдахад тэнд ажиллаж байгаа ажилчдад хэрхэн нөлөөлөх, өмчийн харилцаа өөрчлөгдөхөд хөдөлмөрчдийн ажлын байрыг хадгалах, ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн дохио өгнө

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм. Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиололын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэнэ. Дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг зөвлөж байна. Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан ажиллах юм.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Японы Парламентын гишүүдтэй уулзлаа

НҮБ-ын хуралд оролцоод буцах замдаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши, Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хирофуми Рью,Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Шин Такебе нартай Токио хотноо уулзлаа.

Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа улам гүнзгийрч, харилцан итгэлцэл бэхжин, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхитэй хамтран ажиллаж байгаа. Үүнд Японы Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд жинтэй хувь нэмэр оруулж байгаад Шадар сайд У.Хүрэлсүх талархлаа илэрхийллээ.

Саяхан хоёр орны Ерөнхий сайд “Эдийн засгийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болсныг онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ хэлэлцээрийг байгуулахад идэвхитэй оролцсон байгууллага, албаны хүмүүст Шадар сайд талархаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын орчин үеийн хөгжилд Япон Улсын зээл тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг Шадар сайд У. Хүрэлсүх хэлээд, цаашид ч тодорхой хугацааны туршид Япон Улсын тусламж дэмжлэг Монгол Улсад, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгааг дурьдлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар саяхан Япон Улсад албан ёсны айлчлал хийж, ирэх 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад зохион байгуулагдах “Азийн форум”-д оролцох болсон нь хоёр орны харилцаа улам бүр хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Мотоо Хаяаши илэрхийллээ.

Хоёр орны түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө төр, засгийн хэмжээнд төдийгүй, бүхий л түвшинд харилцан холбоог бэхжүүлэх чиглэлээр цаашид ажиллах шаардлагатай байгаагаа хоёр тал онцлон тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сурталчилгаа байрлуулах журамд өөрчлөлт оруулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн гадна зар сурталчилгааны байгууламжид дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Нэмэлт өөрчлөлтөд Гадна сурталчилгааны төлбөрийг 3 зэрэглэлд хувааж тогтоох, дүүргийн Засаг даргын орлогч, олон нийтийн төлөөллийг “Зөвлөл”-ийн бүтцэд нэмж оруулах, журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийн тодорхой болгох, сурталчилгааны байгууламжид сурталчилгаа байрлуулаагүй үед нийгмийн шинж чанартай мэдээлэл нийтлэх тухай гэх мэт асуудлуудын талаар ярилцсан. Хуралдааны явцад нийслэлийн алслагдсан дүүргүүд болон хотын захын байршлийн сурталчилгааны байгууламжийн төлбөрийн хэмжээ хэт өндөр байгаа тул багасгах шаардлагатай гэж үзсэн. Мөн сурталчилгааны байгууламж байрлуулах боломжтой байршил, хориглох гудамжны саналаа гаргаж ирүүлэхийг дүүргүүдийн Засаг даргын орлогчид үүрэг болголоо. Захирагчийн ажлын албанаас журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг заалт бүрээр бичиж Гадна зар сурталчилгааны зөвлөлийнхөнд танилцуулж дараагийн хуралдаанаар ярилцахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Соёлын хэт хожимдол

Монголын нийгэм дэх соёлынхэтхожимдол

Амжилттай, үр дүнтэй өөрч­лөлт нь хөгжлийг дагуулдаг. Монголчууд бид өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй ярьж, хэрэгжүүлж яваа боловч жинхэнэ утгаа­раа хөгжилд хүрч байна уу? гэдгийг эргэн нэг харья. Хөгжил дэвшлийг хангахдаа материаллаг болон материаллаг бус соёлыг аль алиныг төлөвшүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл бодит байдал дээр материаллаг тал түрүүлж өөрчлөгдөж, материаллаг бус зүйлс хоцорч үлддэг. Үүнийг соёлын чиглэлээр судалгаа хийдэг судлаачид соёлын хожимдол (cultural lag) хэмээн тодорхойлдог байна. Байгалын шинжлэх ухаан нь нийгмийн шинжлэх ухаанаас ямагт түрүүл­дэг бөгөөд аливаа шинэ ололтын цаана ихэнх төлөвдөө нийгэмд учрах аюул нуугдаж байдаг. Иймээс өөрчлөлтийн нөлөөгөөр үүсч буй сөрөг үзэгдлүүдийг материаллаг бус соёлоор дамжуулан зөв зохистой удирдах нь зүйн хэрэг юм.

Монголчууд бид сүүлчийн удаа нийгэм эдийн засгийн тогтол­цооны томоохон өөрч­лөл­тийг 1990-ээд оноос эхлүүл­сэн бөгөөд энэ ньулс төрийн ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоо юм. Маргарет Тет­чер хэлэхдээ “ардчилал бол хөгжлийн гол тулгуур мөн, гэхдээ хангалттай нөхцөл биш” гэсэн байдаг. Ардчилсан үндсэн хууль, ардчилсан сонгууль, ардчиллын үнэт зүйл бүрийг бид тогтолцоондоо шингээн өөрчлөлт хөгжлийг хангах оролдлого хийсээр 20 гаруй жилийг ардаа орхилоо. Бидэнд хөгжил дэвшил нүдэнд харагдахуйц бий болж байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь зөвхөн өнгөн тал буюу материаллаг соёл төдий. Харин бидний сэтгэлгээ, үзэл бодол, итгэл үнэмшил, ёс суртахуун, үзэл суртал өнөөдөр яг ямар байгаа вэ? Ардчилалын үнэт зүйлс бидний үйл хөдлөлд бүрэн тусгалаа олж байна уу? гэсэн асуултуудад хангалттай гэсэн хариулт харамсалтай нь олдохгүй байна.

Түүнчлэн хөгжсөн улс орнуудын амжилттай хэрэгжсэн тогтолцоо, туршлагыг бид эдийн засаг, бизнесийн нийтлэг хүрээндээ нэвтрүүлэхээр оролдож, туршлага сургам­жуудыг бий болгосоор явна. “Швед” “Британи”, “Америк”, “Япон”, “Швейцарь”, “Австрали”, “Солонгос” гэсэн тодотголтой олон систем, тэргүүн турш­лагуудыг улс орны хэмжээнд болон салбар, байгууллагуудын түвшинднэвтрүүлэх гэж оролдож байна. Хэдий тийм боловч түүнийг дагаж хүмүүсийн үйл хөдлөлийг зөв залж чадахгүйн улмаас гарз, хохирол, сөрөг үйлдлүүдийг дагуулсаар байна.

Өнөөдөр бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээнд байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрс­дийн хэрэглээнд өндөр хурдаар нэвтрүүлж, технологийн дэвшлүүдийг ч ашиглаж улс орны нийт эдийн засаг ч өсч хөгжиж байна. Гэхдээ үүнийг дагажэдийг шүтэх хандлага, зохисгүй хэрэглээ, буруу хэвшил, гэмт хэрэг,зөвхөн баяжих эрмэлзлийг эрхэмлэх, төрийн дээд удирдлагад ёс суртахуунгүй хүмүүс шурган орох, авилгал, хулгай дээрэм дэлгэрэх зэрэг гаж үзэгдлүүд нүүрлэжээ. Энэ мэтчилэн Монголын нийгмийн оюун санааны амьдрал ихээхэн тодорхой бус, алаг цоог, зөрчил ихтэй байгаагаас харахад зөвхөн хожимдож буй хэрэг биш, “соёлын хэт хожимдол” гэж хэлж болохоор байна. Энэ нь манай улсын хөгжилд чөдөр тушаа болж, чөтгөрийн тойргийн эхлэл болсон хамгийн чухал шийдвэрлэх асуудал юм.

Соёлын хожимдлыг зөв зохистой удирдах нь

Соёлын хожимдол нь ямар ч нийгмийн өөрчлөлтөнд зайлшгүй илрэх дүр төрх юм. Хэдий тийм боловч өндөр хөгжилтэй орнуудын амжилтанд хүрсэн гол шалтгаануудын нэг нь материаллаг соёлын өөрчлөлтийг дагаж нийгэмд материаллаг бус соёлыг зөв зохистой удирдаж ирсэнтэй холбоотой байдаг. Аливаа нийгэм нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлс, норм, хэм хэмжээний тогтолцоо болох соёлыг тогтоож, энэ нь хүмүүсийн оюун санааны програмчлал, хэвшсэн зан төлөв болж, хүний үйлдлийг удирдаж байдаг. Энэ утгаараа соёлыг хөгжил дэвшлийн чухал хүчин зүйл, албан бус институци гэж үздэг байна. Соёлын гол цөм болох үнэт зүйлсээ зан үйл, бэлгэ тэмдэг, ёс заншилдаа шингээн, үндэсний баатруудаараа дамжуулан удирдаж ирсэн туршлага нь соёлын хожимдлыг зөв удирдах гол арга болсоор иржээ.

Хүүхдүүд бага наснаасаа эхлээд эцэг эх, гэр бүлийнхний зүгээс хүүхдээ сурган хүмүүжүүлж буй арга ухаан, зааж буй сургааль, уншиж буй үлгэр тууль, үзүүлж буй зурагт ном гээд бүх зүйлс энэ бүхнийг удирдаж буйн тод жишээ юм. Тэргүүн туршлага бүхий олон орнуудад хүүхдийн үлгэрийн болон зурагт номын баатруудыг өөрсдийн орны үнэт зүйлсийг шингээн бүтээж, тэднээр дамжуулан нөлөө үзүүлж байдаг. Гадаад үлгэрүүдийг орчуулан хэрэглэхдээ ч өөрсдийн нөхцөлд тохирч байгаа эсэхийг шүүн хэлэлцэж, зарим талаар өөрчлөлт оруулсаар иржээ. Жишээлбэл Герман хэл дээр гарсан олон үлгэрүүдийг Америкийн хүүхэлдэйн кино­нуудад амилуулсан боловч үндсэн утга санааг өөрсдийн орчинд зориулан Америк мөрөөдөл болгон бүтээсэн байх юм.

Улс үндэстэн бүрийн хувьд өөрсдийн гэсэн баатрууд тодрон гарч ирдэг төдийгүй зарим тохиолдолд зориудаар баатруудыг бүтээж, үлгэр дуурайлал үүсгэн, нөлөөлж ирсэн байна. Тэр дундаа эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүд, спортын алдартнууд энэхүү үүргийг гүйцэтгэх нь хамгийн түгээмэл.

Улс бүрт ухаант ардын хэлсэн үг, зүйр үг, сургасан сургаалиуд байсаар ирсэн ба энэ нь тухайн нийгмийн бүлгийн хувьд үзэл суртлын үүрэг гүйцэтгэж, хүмүүсийн үйл хөдлөлийг удирдаж иржээ. Тухайлбал бид “Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэдгээс хамтач байхыг, “Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ” гэдгээс бусдад туслахыг, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”, “Хүн болох багаасаа” гэх зэргээс үнэнч шударга байхыг хүүхэд байхаасаа эхлэн заалгасаар ирсэн байдаг.

Энэ мэтчилэн нүдэнд үл харагдах үнэт зүйлсээ ёс заншил, бэлгэ тэмдэг, үндэсний баатар, зан үйл зэрэг гадаад илрэлүүдээр дамжуулан удирдан залж, өнөөгийн Монголын нийгмийн оюун санааны амьдралыг удирдах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарчээ.

Гэвч өнөөдөр бидний үнэт зүйл юу вэ? цаашид юу байх вэ? гэсэн хоёр асуултанд хариулт олж чадалгүй гайхаж, эцэг эхчүүд хүртэл үр хүүхдүүддээ юуг зааж сургахаа мэдэлгүй эргэлзэхэд хүргээд байна.

Харийн олон соёлын нөлөөгөөр, харсан сонссон бүхнээ сохроор дагаж, ямар ч дархлаагүй явсаар хөгжил дэвшилд хүрэхгүй.

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Үнэт зүйлийн судалгааны баг

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын X байрыг “Хаан банк” дуудлагаар худалдан авчээ

Засгийн газар болон Төрийн өмчийн хорооны тогтоолоор Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэж, энэ тухай зарлалыг хэвлэлүүдэд нийтэлсэн байсан. Засгийн газрын Х байр нь хуучнаар Соёл, спорт , аялал жуулчлалын яамны байр юм. Тус байрыг дуудлагаар худалдах доод үнэ нь зургаан тэрбум орчим төгрөг гэж байсан. Тэгвэл “Хаан банк” зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянган төгрөгөөр худалдан авсан гэнэ.

Энэхүү байрыг зарсан мөнгөөр 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтэд 850 өрхөд газар олгоно

Орхон аймаг газрын нөөцийн хувьд хомсдолтой хэдий ч Баян-Өндөр сумын ЗДТГ-аас энэ онд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 850 өрхөд газар олгоно. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор энэхүү төлөвлөгөө батлагджээ.Тус олгох газрын зарим нь нөхөн олголтоор буюу олгосон газарт хуулийн хугацаанд хашаа бариагүй айл өрхийн газрыг хураан эргүүлэн олгох бол зарим газрыг шинээр эзэмшүүлэх юм.

Газар олголтыг 2012 онд газар хүссэн өргөдөл өгсөн иргэдэд олгох юм. 2012 онд нийт 8000 гаруй иргэн өргөдөл өгсний 850 иргэний өргөдөлийг ийнхүү шийдвэрлэхээр тусгажээ. Тодруулбал Яргуйт багийн хөтөл хэсэгт 516 иргэнд, Эрдэнэ багийн Чингэлийн хэсэгт 100 иргэнд нийт 616 иргэнд газрыг нөхөн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн иргэдэд өмнө нь эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэхээр тусгасан байна. 2015 онд нийт 52,53 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөжээ.
Дашрамд дурьдахад 2015 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд хууль бусаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Үүнд Эрдэнэ багийн Жаргалантын хэсэг, Дэнж багийн Нарлаг дэнж, Яргуйт багийн Овоот, Уртын гол багийн Баянталын хэсэг, Баянбулаг багийн Тоглоомын талбайн урд хэсэг зэрэг газрууд хамрагдах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Сенатын Маршал Б.Борусевич:Улаанбаатар хот дахь Польшийн Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээнэ

Монгол Улсын Их Хурлын дарга өнөөдөр /2015.03.19/ БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийв.

Уулзалтын өмнө УИХ-ын дарга Сенатын чуулганы хуралдаанд хүндэт зочноор оролцон, Сенатын гишүүдтэй мэндчилсэн юм.

Уулзалтын эхэнд, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич Монгол Улсын Их Хурлын даргыг айлчлал хийж буйд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Польшийн Ерөнхийлөгч Б.Коморовски, Польшийн Ерөнхийлөгч асан Л.Валенса нар 2013 онд, Сеймийн Дэд Маршал Е.Вендерлих нар 2014 онд харилцан айлчилсан. Энэ удаад таны хийж буй айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөн агуулгаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн нь бусад орнуудад сайн үлгэр жишээ гэж үздэг. Европын холбооны гишүүн орны нэг Польш Улсын Сенатын Маршалын хувиар хэлэхэд, Европын холбооны орнуудын хөрөнгө оруулагчид танай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Польш-Монгол улсын хамтарсан бизнес форум зохион байгуулагдсан нь хоёр талын бизнесийг хөгжүүлэхэд чухал болсон. Бид монголд бизнес хийх боломж асар их байна гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд Польшийн иргэд Монгол Улс руу визгүй зорчиж ирсэн бөгөөд 2015 онд хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь Монголд жуулчлах Польш иргэдийн тоо өссөн статистик судалгаатай би танилцаж байсан. Таны айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил тохиож байгаад баяртай байна гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд, Манай хоёр орны хоорондын улс төрийн харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцаанд манай улсын зүгээс сэтгэл хангалуун байдаг. Хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Польшийн Сейм, Сенат, УИХ дахь Парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн өргөжүүлж буйд талархаж байна. Польшийн Сеймийн Тамгын газартай Монгол Улсын Их Хурлын Тамгын газар уламжлалт харилцаатай. Айлчлалын үеэр өнөөдөр Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд Тамгын газрын удирдлагууд шинэчлэн гарын үсэг зурж байна. “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2013 оны 01 дүгээр сард байгуулснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Монгол иргэдийн Польшийн виз авах, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд Польшийн Дипломат Төлөөлөгчийн газар байхгүй байгаа нь хүндрэлтэй байгааг анхаарах шаардлагатай байна. Польшийн тал 2015 онд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээнэ гэдэгт итгэж байна гэлээ.

БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, бид Улаанбаатар хот дахь Польшийн Элчин Сайдын Яамны үйл ажиллагааг энэ жил сэргээх болно. Учир нь бидэнд хоёр талын эдийн засгийн харилцааг өндөр түвшинд гаргах том зорилт бий гэсэн юм.

Уулзалтын дараа УИХ-ын даргыг Сенатын хүндэт дэвтэрт гарын үсэг зурахыг урив.

Энэхүү арга хэмжээний дараа УИХ-ын дарга З.Энхболд болон БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, бид хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, Ази болон Европын бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. Польшийн иргэд Монгол Улс руу визгүй зорчдог бөгөөд 2015 онд үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Хоёр жилийн өмнө би Монгол Улсад айлчлал хийж байсан. 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан Монгол Улсын өнөөдрийн хүрсэн хөгжлийн түвшинг бид үнэлдэг. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд маргааш Гданьск хотноо очиж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Айлчлал агуулга сайтай, ярилцах асуудал ихтэй амжилттай үргэлжилж байна гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд, энэ удаагийн айлчлал манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор тохиож байна. Хоёр орны хоорондын улс төрийн харилцаа хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэйгээр хөгжиж байна. Цаашид бид эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч, хөгжүүлэх шаардлагатай. Хоёр орны хоорондын эдийн засаг болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээхээр хоёр тал сая тохиролцлоо. Мөн дипломат харилцаа тогтоосноос хойших 65 жилийн хугацаанд Польшийн геологичид монголд судалгаа шинжилгээний ажил хийж байсан түүх бий. Энэхүү хамтын ажиллагааг ч үргэлжлүүлэх талаар ярилцсан гэлээ.

Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Монгол Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд А.Ганбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ууланд төөрсөн хүнийг хэрхэн эрэн хайх талаарх сургалт болж байна

“Ууланд төөрсөн иргэнийг эрэн хайх, Аврах ажиллагаа явуулах, радио торын аргыг ашиглан холбоо зохион байгуулалт хийх” сэдэвт дадлага сургуулийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ сургалт нь нийслэлийн Аврах ангийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх Богдхан уулын аяллын маршрутын зам гарцыг судлах, богино долгионы станц болон гар утсаар холбоо барьж, радио торд орж ажиллах боломжит цэгүүдийг тогтоох зорилготой юм. Дадлага сургуулийг Төр хурх-Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн, Зайсан-Дугуй цагаан-Цэцээ гүн, Скай ресорт-Тэмээн хад- Цэцээ гүн гэсэн 4 маршрутаар явуут дунд холбоо зохион байгуулж, эрэн хайх, аврах ажиллагаа радио торын дадлагыг эхлэх цэгт нийт албан хаагчдыг томилгоожуулан, өгөгдсөн цагийн байдлаас шалтгаалан радио торын аргаар холбоонд орж сургуулилт хийж байгаа юм.

Нийт 12 цагийн турш үргэлжлэх энэхүү дадлага сургуульд нийслэлийн Аврах ангийн 91 албан хаагч хамрагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнд даацын автомашины Хөдөлгөөнийг түр хязгаарлана

НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20–ныг хүртэл замын хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. Үүний дагуу өнөөдрөөс 04 дүгээр сарын 20 хүртэл том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. Хэрэв зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно. Мөн том оврын болон ачааны авто машины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангасан /цацруулагч наах, ослын тэмдэг, ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцлийг хангасан бүтээлэгтэй/ байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагиийн газраас зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ