Categories
мэдээ нийгэм

Хагас сарын дотор сайхан бэлхүүс, хөлтэй болох дасгал

Бүсгүйчүүдийн хамгийн асуудалтай хэсгүүдийг хэрхэн гоолиг болгох талаар оддын дасгалжуулагч Tracy Anderson зөвлөж байна. Энэ дасгалуудыг долоо хоногт гуравхан удаа хийхэд л хангалттай. Чи хоёр долоо хоногийн дотор л гайхалтай үр дүнг мэдрэх болно.Gwyneth Paltrow, Jennifer Aniston, Shakira зэрэг оддын гоолиг биеийн нууц нь тэдний багш, Tracy Anderson-д байдаг.

За тэгэхээр, төгс биеийн төлөө урагшаа, бүсгүйчүүд ээ.

1. Дөрвөн хөллөөд баруун өвдөгөө зүүн тал руугаа багахан эргүүлж хөлөө хэдэн см шалнаас өргөөрэй.

2. Баруун хөлөө хойш тэнийлгээд өргө. Ингэхдээ хөлөө гадагш эргүүлээрэй (гутал чинь хажуу тийш харна гэсэн үг). Мөн өлмийгөөрөө шулуун байлга. Энэ байрлалаа 5 секунд барьсны эцэст эхний байрлалдаа очно. Дасгалын давтамж нь 30 удаа. Эцэст нь эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

1. Дөрвөн хөллөсөн байрлалд биеийн жингээ зүүн өвдөг, зүүн тохой дээрээ төвлөрүүлээрэй. Баруун гараа зүүн дээрээ тавь. Баруун хөлөө өвдөгөөр нь нугалан дээш өргө. Энэ тохиолдолд баруун хөл шалтай параллель байна.

2. Баруун хөлөө хажуу тал руугаа таазнаас дээш гаргахгүйгээр сунга. Ингэхдээ баруун гараа зэрэг өргөөрэй (цээжин бие чинь хажуу тийш эргэнэ). Энэ дасгалыг 30 удаа хийх ёстой. Дараа нь эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

1. Дээш харж хэвтээд, хөлөө мөрний хэмжээтэй тавь. Гэдэсний булчингаа чангалж хоёр мөр, зүүн хөлөө (өлмийгөөр нь шулуун) өргөөрэй. Дараа нь зүүн гараараа толгойгоо түшээд, баруун гараа дэлгэ.

2. Цээжин хэсгээ дээш өргөөд зүүн хөлөө гэдэс рүүгээ тат. Ингэхдээ гараа зүүн гуяныхаа гадна талд тавиарай. Энэ дасгалын давтамж нь 30 удаа. Дараа нь эхний дасгалаасаа эхлээд хөлөө солбиж хийгээрэй.

1. Зүүн талаараа хэвтээд баруун хөлөө зүүнийгээ давуулж тавь. Баруун гараараа биеэ түшихдээ тохойгоор нь нугал. Хуруугаа цээж рүүгээ харуулж алгаа газар тавиарай. Тэгээд зүүн гараараа толгойгоо тулж дэрлэ.

2. Баруун гараараа тулж цээжин биеэ өргө. Ингэхдээ зүүн гараа газраас авч, баруун хөлөө зүүн хөлөн дээрээ тавь. Энэ байрлалаа 5 секунд бариад, эхний байрлалдаа очно. Дасгалын давтамж нь 30 удаа. Дараа нь баруун талаараа хэвтээд эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

1. Элгээрээ хэвтээд, хөлөө нугалан таазныхаа хавьцаа аваач. Гараа хойш сунгаж өлмий хэсгээ бариад цээжээ өргөөрэй.

2. Зүүн хөл, гараа шулуун болгож, шалнаас хэдэн см өргө. Давтамж нь 30 удаа. Дараа нь эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

1. Хоёр тохой дээрээ тулаад баруун хөлөө нугалж зүүн хөлөө шулуун байлга (хөлний үзүүр хэсгээ шалан дээр тавина). Гэдэсний булчингаа чангалаарай.

2. Зүүн хөлөө нугалж шалнаас 8-13 см өргөөд, хөлний үзүүрээ шулуун байлга. 2-3 секунд бариад эхний дасгалаас эхэлж хийгээрэй. Энэ дасгалаа 30 удаа хий. Дараа нь эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.


Калориа шатаах хялбар арга

Дасгалаа илүү үр дүнтэй болгохын тулд дараах зөвлөгөөг заавал дагаарай.

ХӨГЖМӨӨ чангал. Ямар ч хүн ритмлэг хөгжим сонсох үедээ дасгалыг илүү удаан хийж чаддаг. Рок, поп хөгжим сонсож дасгал хийсэн хүмүүс хөгжимгүй хийгчдээс 15 хувиар илүү удаан хугацаанд хийж байжээ.

ДАСГАЛАА сольж хий. Хийх дасгалаа үе үе сольж хийх нь илүү үр дүнтэй байдгийг судалгаа харуулжээ. Тэгэхээр сар бүр Cosmo-гоос шинэ санаа аваарай.

ИДЭВХТЭЙ хүний дэргэдээс бүү холд. Гүйлтийн зам дээр хурдтай гүйж байгаа эсвэл аэробикийн дасгалаа идэвхтэй хийж буй хүний дэргэд дасгалаа хий. Ийм идэвхтэй хүний хажууд дасгал хийхэд илүү ихийг хийж гүйцэтгэх магадлал өндөр байдаг гэдгийг сүүлийн үеийн судалгаа баталж байна.

ТЕМПЭЭ өөрчил. Нэг хэвийн хурдаар гүйхийн оронд гурван минут алхаад нэг минут хурдан гүй (нийтдээ 30 минут). Тогтмхол хурдаар дугуйгаа жийсэн дугуйчдаас хурдаа нэмж сааруулж байсан дугуйчид гурав дахин их калори хасч байж. Энэ бол саяхан хийсэн судалгааны үр дүн.

Categories
мэдээ нийгэм

Том оврын машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй

НИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20–ныг хүртэл замын хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. Үүний дагуу өнөөдрөөс 04 дүгээр сарын 20 хүртэл том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. Хэрэв зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно. Мөн том оврын болон ачааны авто машины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангасан /цацруулагч наах, ослын тэмдэг, ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцлийг хангасан бүтээлэгтэй/ байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагиийн газраас зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Б.Обама харш худалдан авсан гэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба­ма Хонолулуд харш худалдаж авсан тухай Аме­ри­кийн “KITV4” телевиз мэдээл­лээ. Тус телевизийн дарга энэ талаар ярихдаа “Хонолулу дэх Уэйманалогийн байшинг мэдэхгүй хүн үгүй. Түүнийг зарсан гэсэн. Харшийг АНУ-ын Ерөнхийлөгч худалдан авсан гэсэн” хэмээжээ. Төрийн тэргүүн үл хөдлөх хөрөнгийг“Waimanalo Paradie LLC”фирмээр дамжуулан авсан бололтой. Б.Обама Хавайд харштай болсон талаар арлын оршин суугчдаас сэтгүүлчид асуусан байна. Ямар ч байсан төрийн тэргүүнтэй хөрш зэргэлдээ амьдрах болсондоо их баяртай байгаагаа тэд хэлжээ.

Америкийн төрийн тэргүүний худалдаж авсан гээд байгаа харшийг 1933 онд барьсан бөгөөд 8.7 сая ам.доллараар үнэлэгдсэн юм байна. Б.Обама гэр бүлийнхээ хамт Хавайд ойр ойрхон очиж амардаг билээ.

Categories
мэдээ улс-төр

Казах иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өчигдөр Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, ахмад, дунд, залуу үе, Налайхад амьдардаг казах иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. МАН-ын дарга М.Энхболд “Урин хаврын эхлэл өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг Наурызын баяр нь Монголын казах иргэд ёс заншил, уламжлал соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж,хадгалж ирснийбодит илрэл юм.ЮНЕСКО биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бү­рийн гуравдугаар сард олон улсын Наурызын баярыг тэмдэглэхийг тунхаглан зар­ласан байдаг. Монгол Улсын төр засгаас ч ач холбог­дол өгч энэхүү баярын өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохоор хуульчилсан юм” гэлээ. Наурызын баяраар МАН-ын удирдлагуудын зүгээс казах иргэдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүл­сэнд талархаж буйгаа энд ирсэн иргэд илэрхийлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган зарлаж магадгүй нь

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх сарын 6-нд эхэлнэ. Түүнээс өмнө ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн мэдээлэл байна. Гэхдээ УИХ-ын дарга эзгүй байгаа тул ээлжит бус чуулган хуралдана гэсэн албан ёсны шийдвэр гараагүй байна. УИХ-ын дарга БНПУ-д айлчилж байгаа юм. Польш улсад гурав хоног айлчлаад энэ сарын 22-нд буюу маргааш эх орондоо ирнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ жил 328.6 мянган га-д үр тариа тариална

Энэ жил улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж, 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилт дэвшүүлжээ.

Дээрх зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.

Салбарын яамнаас тодруулахад, “Тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авч байна. Энэ хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 42.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын улсын үрийн нөөцийн салбарт хадгалж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар төлөвлөлөө. Мөн тариалалтад зүтгэх хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 4680, төмс хүнсний ногооны үрлүүр 310 ажиллах бөгөөд техник засварын ажлын явц 54 хувьтай байна” гэлээ.

Түүнчлэн тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгохоор шийдвэрлэжээ. Төмсний тариаланд гэхэд 33.9 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд энэхүү үрийг дотоодоосоо бүрэн хангах арга хэмжээ авч байна. Мөн 80 сая төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний ногооны үрийг нийлүүлж, ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг үзүүлэх шийдвэрлэжээ. Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж эхэлсэнийг албаныхан хэллээ.

Мөн салбарын яамнаас хаврын тариалалтын технологийн зөвлөлгөөнийг тариалан эрхэлдэг аймгуудтай хамтран энэ сарын 27-ноос ирэх сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товложээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ломбарданд үнэт эдлэлээ алдвал нөхөн төлбөр авах хуультай

Ломбарданд эд зүйлсээ барьцаанд тавьсан иргэд хугацааг нь сунгаж чадахгүй алдах явдал их гардаг. Тэгвэл манайд ломбарданд юмаа тавьсан иргэдийн талд үйлчилдэг хууль эрх зүйн орчин үйлчилж байгаа аж. Ломбард нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлсийг худалдан борлуулж хохирлоо гаргаж авдаг. 10 хоногийн дотор эздэд нь мэдэгдэж, эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулах ёстой байдаг аж. Ингэж зээлдүүлсэн мөнгөө, хүү, алдангийн хамт олж авахаар зохицуулагджээ. Үлдсэн мөнгийг эздэд нь буцаан олгох ёстой гэж хуульчилжээ. Гэвч энэ хуулийн заалт огт хэрэгждэггүй байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ломбардуудын үйл ажиллагаанд байнга хяналт тавьж хуулийг хэрэгжүүлдэг болох чиг рүү нь анхаарч ажиллахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Ардын Намын дарга М.Энхболд: Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байна

УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболдтой ярилцлаа.

ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАЖ ИРСЭН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ТООЦСОН ЧУУЛГАН БОЛСОН

-УИХ-ын намрын чуулган завсарлаад байгаа. Өнгөрөгч чуулганаар томоохон ямар ажлуудыг амжуулсан бол. Ер нь намрын чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-2014 оны намрын чуулган бол цаг хугацааны хувьд хариуцлагатай чуулган юм. Учир нь 2015 он бол сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх улс орны бүтэн жилийн ажил амьдралыг зохицуулсан, эдийн засгийн томоохон асуултуудад хариулт өгсөн, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чуулган байх ёстой. Их хурал хэлэлцэх асуудлынхаа тодорхой хувийг шийдвэрлэж чадсан. Мэдээж шийдвэрлэж чадаагүй асуудал ч шил даран үлдсэн. Ерөнхийд нь нэгтгээд дүгнэхэд өмнөх хоёр жилийн хугацаанд хариуцлагагүй ажилласан Засгийн газарт хариуцлага тооцож чадсан чуулган болсон гэж бодож байна.

Хоёрдугаарт, 2015 оны төсөв, төсвийн тодотголыг хэлэлцсэнээр энэ онд Монголын эдийн засгийн ерөнхий дүр зургийг зурсан чуулган болсон.

Гуравдугаарт, Монгол Улсын эдийн засагт өнөөдөр тулгамдаад буй хямралт байдлаас гарах, эдийн засгийг сэргээхийн тулд гүйцэтгэх засаглалын байгууллага юу хийх ёстой вэ гэсэн зүг чигийг зааж өгсөн. Түүнчлэн эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарч, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан чуулган боллоо.

-Намрын чуулганы хамгийн гол дуулиан бол Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Шийдлийн хэмээх шинэ Засгийн газар байгуулсан явдал байсан гэдэгтэй санал нийлэх байх. Та хариуцлагагүй Засгийн газарт хариуцлага тооцсон гэлээ. МАН Засгийн газарт хамтрах болсон шалтгаанаа оны өмнө тодорхой тайлбарлаж засагт хамтрахаар болсноо мэдэгдсэн. Хамтрах болсон гол үүргээ биелүүлж чадсан уу. Өнөөгийн энэ нөхцөлд шаардлагуудаа хангаж чадаж байгаа юу?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа МАН-д хамтарч ажиллах санал ирүүлсэн.

Засгийн газарт хамтрах шийдвэрийг намын удирдлагуудын хүрээнд яриад шийдчихсэн юм биш. Олон нийт, гишүүд, дэмжигчид, орон нутгийн намын байгууллагууд ямар санаа оноотой байна гэдэг дээр нэлээд ажилласан. Энэ бүгдийн үр дүнд засагт хамтарч ажиллах шийдвэрийг Намын Бага хурлаас гаргасан. Хамгийн гол нь улс орны эдийн засгийн хямралт байдлаас гаргах үүднээс бид аливаа асуудалд бодитой хандаж, хамтран ажиллахгүй бол хоосон улстөржилтөөс нааштай үр дүн гарахгүй юм байна гээд улс орныхоо эрх ашгийг урьтал болгосон юм шүү. Нөгөө талаас нь харахад иргэдийн аж амьдрал, ахуй нөхцөл доройтсон. Тиймээс намын эрх ашиг, сонгуулийн үр дүн гэхээсээ илүүтэйгээр хямрал, хүндрэлээс гарахын тулд хамтран ажиллах нь зөв юм гэдэг дээр санал нэгдэцгээсэн.

Мөн иргэдийн амгалан тайван ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд улс төрийн хоёр том хүчин нэгдэж байж, улс төр, нийгмийн амьдралын орчин зөөлрөх болов уу гэж үзсэн болохоор Засгийн газарт хамтарсан. Манай нам Засгийн газарт хамтраад нэг их удаагүй байна. Бид УИХ дээр Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг үндсэнд нь дэмжиж байгаа. Гол нь эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газарт хамтарсан юм. Гэхдээ Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй л байна.

-Цаашид хамтарсан Засгийн газарт ямар дорвитой зүйл хийгдээсэй гэж намын даргын хувьд үзэж байгаа вэ. Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг Засгийн газраас оруулж ирж батлуулсан. Төлөвлөгөөнд танай намаас тавьсан саналууд хэр дэмжигдэж байгаа бол?

-Бид УИХ-д 26 суудалтай улс төрийн хүчин шүү дээ. Улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа иргэдийн аж амьдрал, улс орны аюулгүй байдал дээр үргэлж санаа зовж ирсэн. МАН засагт хамтарснаас хойш гэлтгүй хамтраагүй байхдаа ч өмнөх Шинэчлэлийн нэртэй Засгийн газрын “ЭЗЭН 100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш тодорхой долоон асуудлыг уг хөтөлбөртөө оруулаад яваачээ гэж санал болгосон. Харамсалтай нь бидний зүгээс өргөн барьсан долоон асуудлаас нэгийг нь ч хүлээж аваагүй. Харин оны өмнө хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн хүрээнд эдийн засгийг өөд нь татах хөтөлбөрийг гаргаж ажиллая гэж тохирсон. Манай намын зүгээс эдийн засгийг хямралаас гаргахад нөлөө үзүүлэхүйц 50 гаруй тодорхой саналуудыг бэлдэж Ерөнхий сайдад өгсөн. Гэвч Ардчилсан нам Байнгын хорооны хурал дээр эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөрийг дэмжээгүй. Тэд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд л явах ёстой гэсэн. Харин бид үүнийг хэлэлцэж хэрэгжүүлэх ёстой гэж байж УИХ-аар хэлэлцүүлсэн. Манай намын оруулсан саналын 80 гаруй хувь нь буюу 40 гаруй санал Эдийн засгийн хүндрэлийг даван туулах Засгийн газрын хөтөлбөрт туссан. Засгийн газар болон холбогдох байгууллагууд үүн дээр ажиллаж байгаа. Үр дүн яаж гарахыг мэдэхгүй байна. Нэг зүйлийг хэлэхэд Засгийн газар шуурхай ажиллах ёстой. Харамсалтай нь Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байна. Төсвийн зардлын хэмнэлтийг илүү танах боломж бий. Төсвийн сахилга батыг санасан хэмжээнд хүртэл мөрдөхгүй байгаа. Банкны салбарын үйл ажиллагаанд Засгийн газар шууд оролцох боломжгүй ч Монголбанк, Засгийн газар хоёр ойлголцож байж санхүү эдийн засгийнхаа гол механизмыг хөдөлгөх ёстой. Гэтэл өнөөдөр Монголбанкны хэрэгжүүлж буй ажил нь учир дутагдалтай байна. Бид бэлэн мөнгөний нийлүүлэлт дээр тодорхой бодлого баримтлах ёстой. Банкны зээлийн хүүгийн бодлого ямар байх ёстой вэ гэх мэт асуудлууд байсаар байгаа. Үүн дээр чангахан бодлого барьж байж хямралаас гарна. Цаг үеийн асуудлууд дээр хоцорч байгаа зүйл бий. Дөрөвдүгээр сарын дундуур хаврын тариалалтын ажил эхэлнэ. Гэтэл өнөөдөр бид гаднаас мөнгө оруулах тухай л яриад байдаг. Яагаад байгаа нөхцөл бололцоондоо тааруулан ажлаа явуулж болохгүй байгаа юм. Хаврын тариалалтыг ярих цаг болсон. Бүсчилсэн байдлаар зөвлөлгөөн семинар хийгээд тариаланчдын санал бодлыг сонсох цаг болчихоод байхад Засгийн газар энэ тал дээр таг дуугүй л байна. Харин ч тариаланчдын төлөөлөл болсон Л.Цандэлэг, Р.Бурмаа сайд хоёрын хэрүүл үргэлжилж байх жишээтэй. 500 гаруй мянган тонн улаанбуудай авсан гээд нэг их өндөр тоо яриад байдаг. Тэгсэн хэрнээ хаврын тариалалтынхаа тухай дурсах ч үгүй байх юм. Мал аж ахуйн салбар ч мөн ялгаа байхгүй. Ноос ноолуураа самнаад эхэллээ. Тэднийг дэмжих юм уу, яах юм. Бид улсын төсөвт урамшуулалд 25 тэрбум төгрөгийг ярьж байгаад суулгасан.

ХАМТАРСАН НЭРИЙН ДОР ХААЖ ХААЦАЙЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ. ШАЛГАДАГ ЮМАА ШАЛГАЖ, ҮЗДЭГ ЮМАА ҮЗНЭ

-Өнөөдрийн бизнесийн орчин нөхцөлийн тал дээр ямар бодолтой байгаа вэ. Цаашид хэрхэн ажиллавал үр дүнтэй вэ?

-Монголын компаниудын өрийн сүлжээг задлах тал дээр Засгийн газар идэвхтэй ажилламаар байна. Манай улсын үндэсний хэмжээний том компаниуд өөрийн үндсэн хөрөнгөөс илүү хэмжээний өрөнд баригдчихаад хөдөлж чадахгүй сууж байгаа нь үнэн. Засгийн газар энэ асуудалд анхаарч төрийн өмчийн болон хувийнх бай аль нь ч хамаагүй тэдний бизнес эрхлэх, хөдлөх нөхцөлийг бүрдүүлж тус нэмэр болох хэрэгтэй. Энэ компаниудыг өр зээлээс гарахад нь нэгдсэн журмаар ажил зохион байгуулж, гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр тэдгээр компаниудын хувьцааны тодорхой хэсгийг арилжаалдаг, хувьцаа, үнэт цаас гаргадаг ч юм уу Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох газрууд нь нэгдсэн журмаар хөрөнгийн эх үүсвэрийн шинэ боломжийг нээх ёстой. Нөгөө талаасаа гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын компаниудад хөрөнгө оруулах сонирхлыг бий болгох гэх мэтээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Хувийн секторыг дэмжсэн тодорхой ажлуудыг хиймээр байна. Жишээ нь бид жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоё гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг хэлэлцээгүй. Уг нь шийдээд явчих боломж бий. Улсын төсөвт их дарамт болж ирэхгүй. 10 хувийн татварыг нэг хувь болгоно гэдэг маань жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ямар их хөнгөлөлт, урам болно гээч. Энэ чинь л өөрөө эдийн засгийн хүндрэлээс гарах том боломж болно. Ийм зүйлүүдээ бодож боловсруулж, дахин хэлэхэд Засгийн газар илүү шуурхай ажиллах хэрэгтэй байна.

-Хамтраагүй байхад бүү хэл хамтарсан байхад Засгийн газрын гишүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлдэг. Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байгаа гол шалтгаан нь юунд байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороон дээр “Хамтарсан нэрийн доор хааж хаацайлаад байх юм байхгүй шүү. Шалгадаг юмаа шалгаж, үздэг юмаа үзнэ. Оношоо бүрэн дүүрэн тавиагүй байж эдийн засгаа сайжруулна гэж байхгүй. Эдийн засаг юунаас болж муудсан юм. Түүнийг нь олоогүй байж юуг нь сайжруулах юм. Тэгж байж ажил явна шүү” гэдгийг хэлж байсан тэр байр суурин дээрээ одоо ч байгаа. Засгийн газар кабинетын зарчмаа алдаад ажиллаж чадахаа больчихлоо гэж дүгнэж байгаа хэрэг огтхон ч биш. Улс орныхоо ачааг үүрсэн Засгийн газрын нэг тал нь Ерөнхий сайд. Тиймээс энэ хүн санаачилга гаргаж, үүрэг даалгавар өгч, бусдыгаа сонсож ажиллах ёстой гэж байгаа юм. Бизнес эрхлэгчидтэй уулзаад “Эдийн засагт нааштай зүйл гарах өнгө аяс байна уу” гэхэд “байна” гэж хэлж байгаа хүн цөөхөн байна. Монгол Улс чинь бүтээн байгуулалтын ажил хийдэг цаг хугацаа нь асар богинохон. Одоо хэдэн тендер зарлангуут зарласан тендерийг нь шүүхдэнэ. Тэрийг нь түдгэлзүүлнэ. Тэгж байтал зургаан сар болчихно. Тендерээ шийдэж чадаагүй байтал аравдугаар сар болоод энэ жилийн гадны болон төсвийн хөрөнгө оруулалтын ажил явахгүй. Тиймээс гаднаас хөрөнгө мөнгө олно гэж ярихын зэрэгцээ дотоодын нөөц боломжоо дайчлан ажиллаасай гэж байгаа юм.

-Өнөөдөр дотоодын аж ахуйн нэгжүүд элгээрээ хэвтсэн байна. Үүн дээр Засгийн газар тусалж дэмжих ёстой гэж та хэллээ. 2014 оны намрын чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан. Уг хуулинд хувийн аж ахуй нэгжүүд гаднаас зээл авах юм бол Засгийн газарт хүсэлт гаргаж болно. Түүн дээр Засгийн газар харин баталгаа гаргаж өгнө гэсэн. Энэ нь өөрөө том дэмжлэг болох юм биш үү?

-Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх асуудлыг хамтарсан Засгийн газар байгуулах тухай хэлэлцээрийн үед ярьсан. Өрийн удирдлагын менежментийг тодорхой болгоё гэж тохирсны үндсэн дээр хуулийг баталсан. Үүн дээр хоёр гол асуудал байсан. Нэгдүгээрт, Засгийн газрын гаргадаг баталгааг ДНБ-ий 20 хувь байлгая. Засгийн газрын өрийн түвшинг 70 хувь болгох, үүн дээр Засгийн газрын баталгааг нэмээд явъя гэдгийг бид зөвшөөрөөгүй. Үндсэндээ ДНБ-ий 90 хувьд хүртэл өртэй болох зүйлийг оруулж ирсэн болохоор МАН бүлэг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авсан зээлийг Засгийн газрын өрөнд тооцох хуучин хууль бий. Шинэ хуулийн төслөөр Засгийн газар дээрх компаниудын өрийг Монгол Улсын өрөнд тооцоод Засгийн газрын өрөнд тооцохгүй байя гэсэн санал оруулсан. Энэ бол бизнес, бүтээн байгуулалтын зээл тул бид авч үзэх нь зүйтэй гэж шийдсэн. Өрийн удирдлагын тухай хуульд орсон өөрчлөлтөөр Засгийн газар тодорхой эх үүсвэрийг гаднаас оруулж ирэх нөхцөл боломж бүрдэж байгаа. Гэхдээ урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээний төлбөр, хүү нь бага зээлийг оруулж ирж өнөөгийн тавьчихсан өрийнхөө ачааллыг хөнгөлөх бодлого барих ёстой. Жишээлбэл, 2011 онд Монгол Улс 37 тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээнд зарцуулж байсан. Өнөөдөр 700 тэрбум болсон. Өрийн үйлчилгээнд зарцуулж буй энэ мөнгийг багасгана гэдэг маань ОУВС, Дэлхийн банк болон хандивлагч байгууллага, улс орнуудаас хөнгөлөлттэй зээлүүдийг оруулж ирээд арилжааны дахин санхүүжүүлэх байдлаар шийдвэл ачаалал хөнгөрнө.

-Гэхдээ танай нам өр нэ­мэх­гүй гэж байгаад өр нэмэх тал дээр яриад эхэлчих юм…

-Харин тийм яриа гараад байна. Бид өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ байгаа. Манай намынхан өрийн хүрсэн түвшин ДНБ-ий 58.3 хувь болжээ гэдгийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Үүнийг хүмүүс өр нэмсэн гэж яриад байгаа. ДНБ-ий 40 хувь байх ёстой өрийн түвшин 58.3 хувь болжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цаашид 58.3 хувиас дээш нэмэхгүй. Харин энэ түвшинг бууруулж 40 хувьдаа хүргэнэ шүү гэж байгаа юм. 58.3 гэдэг нь 2015 оны төсөвт батлагдсан өрийн дээд хязгаарын хэмжээ. Манай өрийн хэмжээ бодитоор ийм болчихсон байна. Үүнийг хүмүүс зөв ойлгоосой. Бид өрийн хэмжээг 40 хувь хүргэх тал дээр анхаарч ажиллана.

-Өнгөрсөн намрын чуулган дээр Ерөнхий сайд эдийн засгийн шинэчлэлийн бодлогуудаа оруулж ирж байсан. Өмч хувьчлалыг либералчилъя, төсөв батлахтай холбоотойгоор төрийн албан хаагчдын зардал, нийгмийн халамжийг хасъя гэж байсан. Өмнө нь төсөв батлахад орж ирж байгаагүй хэмнэлт байсан. МАН-ын даргын хувьд Ерөнхий сайдын эдийн засгийн шинэчлэлийн асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-МАН зүүний хүчний нам тул цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн асуудалд анхаарал тавьж ирсэн. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд төр, засгаас нийгмийн асуудалд тавих анхаарал суларчихлаа гэж ерөнхийд нь дүгнэж байна. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдын цалин 92 мянган төгрөг байсныг 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байсан. Тэгэхдээ улсаа өрөнд оруулж, нэг ч төгрөгийн зээл тавиагүй. Гэтэл өнгөрсөн жил тэтгэвэр, тэтгэмжийг таван хувь нэмсэн байх жишээтэй. Нөгөө талаас Засгийн газар нийгмийн асуудлуудыг нь авч үздэг механизмаа өөрчилсөн. 2013 онд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулаад нийгэм, эдийн засгийн болон хүн амын өрхийн амьжиргааны судалгаа, хүн амын нөхөн үржихүй, эрүүл мэнд, хүүхэд хөгжлийн түвшинг тодорхойлдог судалгаануудыг нэгтгэх, эсхүл улирал тутам гардаг судалгааг 3 жилд нэг удаа гаргах гэх мэтээр нийгмийн чиглэлд тавих анхаарал суларсан. Ерөнхий сайдын төсвийн тодотгол дээр оруулж ирсэн саналаас төрийн данхайсан бүтцийг багасгая, төсвийн зардлыг танахыг бид дэмжиж байсан. Харин нийгмийн чиглэлд зарцуулах мөнгийг хасна гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсаа өрөнд бариулж, эдийн засгаа уналтад оруулчихаад түүнийгээ шууд ард түмний нуруунд үүрүүлж болохгүй. Эхлээд данхайсан бүтцээ багасгах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тоо хоёрхон жилийн дотор 20 мянгаар нэмэгдсэн. Яагаад 180 мянган хүрсэн төрийн албан хаагчдын тоог 10 мянгаар цөөлж болохгүй гэж.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед одонтой эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасвал хүндрэлээс гарахад хэр нэмэр болох юм?

-Нэгдүгээрт, энэ чинь маш бага хэмжээний мөнгө. Хоёрдугаарт, хүнд өгч байсан зүйлийг нь өгөхөө болино гэдэг амаргүй. Ялангуяа хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө жирэмсэн болон амаржсан эхчүүд, ахмад настнуудад өмнө нь төрөөс үзүүлж байсан дэмжлэг, тэтгэлгийг бид хуучин байсан хэмжээг нэмж чаддаггүй юм аа гэхэд одоогийнх нь түвшинд байлгах ёстой гэдэг байр суурийг баримталж ирсэн. Төсвийг зардлыг хэмнэх тал дээр ч бид унааны болон бичиг хэргийнхээ зардлыг хассан. Гадаад томилолтоо багасгах гэх мэтээр явж байна. Энэ мэтчилэн төрийн байгууллагын зардлыг дахин багасгах ч боломж бий. Анх Ерөнхий сайд эдийн засгаа өөд нь татахын тулд төсвийн зардлыг хэмнэх ёстой гэж том юм ярьсан. Хоёр жилийн хугацаанд 20 мянгаар нэмэгдсэн төрийн албан хаагчийг хоёр мянгаар бууруулъя л гэж байгаа юм. Эдийн засгийн хүндрэлээс гаръя гэж байгаа бол шууд 2012 оны түвшинд хүргэж чаддагүй юм аа гэхэд сүүлийн 2 жилд нэмэгдсэн орон тоог 50 хувь бууруулж, зардлаа хэмнэн данхайсан бүтцээ жаахан хөнгөн болгоод цаашаа явах ёстой гэж үзэж байна.

-Урт хугацаандаа эдийн засаг тогтвортой байхын тулд урт хугацааны тогтвортой бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гайгүй бол эдийн засаг гайгүй байдаг нэг салбараас хараат байдалд орчихлоо л доо. Урт хугацаанд эдийн засгаа тогтвортой байлгахын тулд бид өнөөдөр юу хийх ёстой юм?

-Үүнийг маш их ярьдаг хэдий ч төр засаг хийж хэрэгжүүлэх тал дээрээ хойрго ханддаг. Жишээлбэл, 2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг стратегийн баримт бичиг боловсруулахад олон эрдэмтэд оролцон судалгаа хийж, УИХ-аас баталсан улс орны хөгжлийн ирээдүйн талаар баримтлахбаримт бичиг мөн үү гэвэл мөн. Түүнээс хойш эдийн засгийн нийгэмд гарсан өөрчлөлтийг тусгаад тодотгох шаардлага тулгарсан. Гэтэл цогц бодлогыг тодотгоогүй, хэрэгжүүлэх талд нь ч анхаараагүй. Аль нэг улс төрийн хүчин засгийн эрх барихаараа хуучин явж байснаас нь өөрчилдөг. Ийм байдал манай улсын эдийн засгийг туйлдуулах гол шалтгаан болж байна. Бид зорилтоо тодорхой тавих ёстой. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Манай С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл бий.

Зөвхөн Их хурлын гишүү­дийн баталсан 51 хувиар биш арай өндөр босгоор баталдаг, өөрчлөх боломжийг нь хаасан хууль батлах учиртай. Үүн дээр улс төрийн намууд өөрс­дийн саналыг хэлнэ биз. Ийм байдлаар хөгжлийн бод­логын асуудлыг ярих нь зөв. Тэгэхгүйгээр гарч ирсэн Ерөнхий сайд, улс төрийн хүчин богино хугацааны тулгамдсан асуудлуудыг шийдээд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг баримтлахгүй болгочихоод байна.

ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭР ХОЁР САРААР ХОЙШИЛСОН

-Эдийн засгийн хүндрэлээс гарах тал дээр хүлээгдэж буй Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд гэх мэт хэд хэдэн томоохон төсөл байна. Гацууртын ордыг ашиглах асуудал, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулсан өөрчлөлт нь сүүлийн үед асуудал болоод байгаа. Гацууртын ордыг ашиглалаа гэхэд Ноён уулын булш бунхан яах вэ?

-УИХ бол 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж асуудлаа шийдвэрлэдэг дэгтэй. Чуулган өндөрлөх дөхөөд ирэхээр төр засгийн ажлыг хаврын чуулган хүртэл хүлээлгэхгүйн тулд хүссэн хүсээгүй шахагддаг. Цаг хугацаа давчуу болохоор чуулганы сүүлчийн өдөр нэлээд олон асуудлыг хэлэлцсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнийг буруу зүйл болчихлоо гэж бодохгүй байна. Энэ хууль батлагдсанаар ашиглалтын лиценз авсан аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээний боломжийг олгож өгч байгаа юм. 395 лицензээс 130 орчим лицензэд нь олборлох эрх нь нээгдэж байгаа. Усны эх бүрдэх газар, ойн сан бүхий газарт олборлолт явуулахгүй гээд хуучин заалт нь хэвээрээ байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ нь цаанаа нөхөн төлбөрийн том асуудалтай юм билээ.

Тухайлбал, татварын байгууллага Урт нэртэй хуулиар эрх нь түдгэлзсэн лицензийн нөхөн төлбөрийг төлөхөд 2.2 их наяд төгрөг төлнө гэсэн тооцоо гаргасан байна. Улсынхаа жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг төр аж ахуй нэгжүүдэд төлөх боломж байна уу үгүй юу. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилснөөр зарим зүйлийг илүү ч чангалсан байж магадгүй. Нөхөн сэргээлтийн асуудал дээр гэхэд нөхөн сэргээлтийн төлбөрийг урьдчилан 100 хувь дансанд төвлөрүүлж байж олборлох ажлаа эхэлнэ гээд заачихсан.

Гацууртын ордын хувьд ард иргэд талцах маягтай байна. Нэг ордын асуудал дээр зарим нэг улс төрчид нь тэднийг дэмжээд нөгөө хэсэг нь дэмжихгүй байгаа юм шиг хандан асуудлыг хурцатгаж болохгүй. Хамгийн гол нь үнэн бодитой үнэлэлт дүгнэлтүүдийг нь өгөх ёстой юм. Уул уурхайн яамнаас Их хуралд танилцуулснаар одоогийн олборлох гэж байгаа газар ямар нэгэн Хүннүгийн үеийн олдвор байхгүй гэдгийг нотолсон. Яг Ноён уулыг ухаж булш бунхан хиргэсүүрүүдийг нь хөндөх гэж байгаа бол хамгаалах ёстой. Бид ч гэсэн түүнийг хамгаалахын тулд ярих ёстой. Гэхдээ Гацууртын асуудал тодорхой биш байна. Улсын Их хурлаар дахин орно. Намрын чуулганаар Гацууртын ордын 20 хувь нь төрийн эзэмшлийн хувь оролцоотой байна гэснийг УИХ зөвшөөрөөгүй. Тэгэхээр Засгийн газар энэ асуудлаа дахин боловсруулах шаардлагатай. Цаашид улс орны эдийн засагт нэмэр болохуйц уул уурхайн олборлолтыг явуулах ёстой юу гэвэл, явуулах ёстой. Түүх соёлын дурсгалт газруудаа дээрээ хадгалах, хамгаалах арга хэмжээг авах ёстой.

-Тэгвэл Тавантолгойн ордыг ашиглах тал дээр ямар байр суурьтай байгаа юм?

-Тавантолгойн хувьд Засгийн газар хэлэлцээр хийх гээд оролдож байна. Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээллээр хоёр сарын хугацаатай хойшилсон гэж байна. Бид намын бүлэг дээр энэ талаар сонссон. УИХ-д өргөн бариагүй байгаа тул энэ тал дээр эцсийн шийдвэр гаргах хэмжээнд хүрээгүй. Миний ойлгож байгаагаар одоогийн Засгийн газрын төсөл нь учир дутагдалтай санагдаж байгаа. Нэгдүгээрт, Тавантолгойн ордын тодорхой хэсгийг хүн амынхаа нэлээд хэсэгт 1072 ширхэг хувьцаа болгоод олгочихсон. Зарим нь сургалтын төлбөр, ахмадуудад нэг сая төгрөг хэлбэрээр болж очсон байх жишээтэй. Гэхдээ хоёр сая гаруй хүний эрх ашиг тэнд байгаа. Одоогийн гэрээ хэлэлцээрээр 1072 ширхэг хувьцааг амьдруулах, бодит үр шимийг нь хүртэх боломж бололцоог хэрхэн тусгасныг сайн мэдэхгүй байна. Асуухаар “Тэгэлгүй яахав” л гэж байгаа юм. Ер нь бол хувьцаа түүний ногдол ашгийг хаанаас олгодог вэ гэхээр аж ахуй нэгжийн ашгаас олгодог. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай оператор компанидТавантолгойн орд газрыг олборлосны цэвэр ашиг нь үлдчихээд байгаа юм. Тэнд үлдсэн мөнгө Монголын хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болохгүй.

Тавантолгой бол Стратегийн орд газар. Стратегийн орд газарт тавигдсан тодорхой заалтууд бий. 51 үү, 34 хувь уу гээд төр хайгуул хийсэн үгүйгээс хамааран төрийн эзэмшлийн хувь хэмжээ янз бүр байна. Харамсалтай нь энэ шаардлага хангагдахгүй байгаа. Хөрөнгө оруулалтын шаардлага хангагдахгүй байгаа тохиолдолд энэ гэрээг явуулах боломж байхгүй.

Өөр нэг асуудал нь мэдээж төмөр замын дэд бүтцийн асуудал. Төрийн бодлогын баримт бичиг дээрээ төмөр замын дэд бүтэц төрийн өмчид байх ёстой гээд заачихсан. Гэтэл энэ нь төрийн мэдлийнх биш. Энэ асуудлыг өнөөдөр мөрдөж буй хууль эрх зүйдээ нийцүүлэх ёстой. Хууль эрх зүйд нийцүүлээд хийчих гарц боломж байгаа гэж хараад байгаа. Аяндаа Их хурал руу ороод ирэхэд гишүүд байр сууриа илэрхийлэх байх. Стратегийн ач холбогдол бүхий энэ орд нь Монгол Улсын 30-40 жилийн аж амьдралд нөлөөлөх том төсөл шүү дээ. Хуучин дагаж мөрдөж байсан хуульд Стратегийн салбарт хөрөнгө оруулах тухай хуульд 100саяас дээш хэмжээний хөрөнгө оруулалтыг УИХ-аар оруулж байх ёстой гэсэн хуультай байсан. Энэ утгаар нь аваад үзсэн ч гэсэн Их хурлаар заавал оруулж ирэх ёстой.

-Тавантолгойн асуудлыг заавал Их хурлаар оруулалгүй Засгийн газрын түвшиндээ шийдээд явах боломжтой. Ядаж л цаг хугацаа алдахгүй гэж байна. Гэтэл та УИХ-ын чуулганаар оруулах ёстой гэж байна?

-Засгийн газар түргэн шуурхай ажиллачихдаг юм бол Их хурлаас 2014 оны наймдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу Тавантолгойн гэрээг байгуулаад нүүрсээ олборлоод ашиг орлогоо олоод явах нь яасан юм. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Уг нь түргэн шуурхай ажиллах ёстой ч тэгж ажиллахгүй байна. Нөгөө талдаа Тавантолгой бол Стратегийн том орд. Би өмнө нь Ерөнхий сайд байхдаа Тавантолгойг ашиглах тал дээр тодорхой гэрээний төсөл хийгээд Их хуралд өргөн барьж байсан. Энэ байдлаар нь аваад үзэхээр Их хурал ямар нэгэн байдлаар ярих ёстой. Хэдийгээр өнөөдөр 76 гишүүн янз бүрийн нэр хоч зүүж байгаа ч гэсэн ард түмэн энэ 76 нөхөр улс орныг аваад яваа гээд итгэл хүлээлгэчихсэн юм. Засгийн газар бол УИХ-ын өмнө үүрэг хариуцлагаа хүлээж байгаа байгууллага. Их хурлаас энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм бол асуудлыг нь оруулаад ир гэхэд л Засгийн газар оруулж ирэх ёстой. Тэгээд ч Их хурал энэ асуудлыг хэлэлцлээ гээд удаашруулаад байхгүй. Ярих юм байвал мэдээж яриад болно гэвэл цаашаа явна болохгүй гэвэл засвараа хийгээд явчихна.

-Монгол Улс Гацууртын ордоос 200 сая ам.доллар олно гэж байсан ч олон улсын арбитрын шүүх дээр Ханресурсын асуудлаас болоод 100 сая ам.долларын төлбөрт уначихлаа. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой юм уу, арбитрын шатанд явахдаа процедурын хувьд хариуцлагагүй хандсанаас болоод ялагдчихав уу?

-2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж уран олборлох, хайгуул хийх лицензүүд бүгд цуцлагдсан. Дахин сэргээх асуудал нь шинэ хуулинд туссан зүйл заалттай нийцсэн үгүй эсэх дээр холбогдон шийдэгдэж байсан юм. Ханресурс компанийн хөрөнгө оруулсан охин компани болох Төв Азийн уран гэх компани Монголын Монатом компанитай хамтран хайгуулын болон ашиглалтын хоёр лицензийг ашиглах талаар гэрээ хэлцэл хийсэн байсан. Тухайн үеийн Цөмийн энергийн газар энэ гэрээ хэлцэл нь шинээр батлагдсан хуульд нийцээгүй байна гэж үзээд лицензийг нь цуцлах арга хэмжээ авснаас болж асуудал үүссэн. Монголын хууль хяналтын байгууллагаар хянагдаад Улсын Дээд шүүхийн Засгийн газар болон Цөмийн энергийн газар асуудлыг зөв шийдсэн гэсэн тогтоол гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн шийдвэртэй асуудал юм. Өнөөдөр эдийн засаг хүнд байхад 100 сая ам.доллар гадны байгууллагад төлөх болчихлоо. Олон улсын арбитрын шүүх дээр Монгол Улс миний санаж байгаагаар анх удаа л ялагдаж байна. Бид 5-6 удаа арбитрын шүүх дээр очиж байсан байх. Тэгэхэд Монголын талын асуудал зөв байжээ гээд бид үргэлж ялж байсан. Олон улсын арбитрын шүүхэд хэрэг хариуцагч ч бай нэхэмжлэгч ч бай аль нэг тал нь гурвын шүүгчийн нэгийг нь өөрсдөө сонгож байгаа. Наад зах нь тэр хүндээ юмаа ойлгуулах, тэр хүнээрээ шүүх бүрэлдэхүүндээ асуудлаа зөв тайлбарлуулах тал дээр Монголын төр шаардлагын хэмжээнд хүртэл ажиллаж чадаж байна уу гэдэг асуудал Ханресурсын маргаантай холбоотойгоор хөндөх ёстой гэж үзэж байна.

ЦААНАА ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛ ХЭН Ч ГЭСЭН ПОПУЛИЗМ ХИЙЖ БОЛНО

-Монгол Улсад хууль хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь төрийн төлөвшилтэй холбоотой. Төрийн төлөвшил нь гэдэг улс төрийн намын төлөвшил болж таараад байгаа юм. Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хаврын чуулганаар шийдэх сурагтай. Гэсэн хэдий ч өнөөдөр байгаа Улс төрийн намын тухай хуулиа улс төрийн намууд өөрсдөө мөрдөхгүй байна…

-Хууль хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээх ёстой. Одоогийн мөрдөж буй улс төрийн намын тухай хуульд хуулийг хэрэгжүүлээгүй бол намын даргад тийм тийм хариуцлага тооцно гээд заачихсан. Өнөөдөр манай нам болон бусад улс төрийн хүчнүүд энэ хуулийг зөрчлөө гээд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэсэн зүйлийг сонсоогүй. Бид санхүүгийн хувьд харьцангуй ил тод. Сонгуулийн дараа санхүүгийн тайлангаа өгдөг газар нь шууд өгдөг. Сонгуулийн санхүүгийн тайланг шалгасан байгууллагууд нь “Болсон байна” гэдэг хариуг ирүүлдэг. Өнөөдөр намын санхүүжилт гишүүдийн татвар, намыг дэмждэг хүмүүсийн хандив, түрээсийн орлого байдаг бол тэр орлогоос бүрддэг. Намын гүйцэтгэх дээд байгууллагынхаа түвшинд жилийнхээ төсвийг төлөвлөж, гүйцэтгэлийг хэлэлцэн баталдаг. Улс төрийн намын тухай хууль болон намын санхүүжилтийн асуудлыг өөрчлөх шаардлага байна уу гэвэл бий. Илүү ил тод болгож боловсронгуй болгох асуудал байна. Ер нь улс төрийн намуудыг дэмжих иргэдийн тоо нэмэгдэж, нам л биш бол дэмжинэ гэсэн хандлага анзаарагдаж байна. Дэлхий дээр намгүйгээр улс төрийн тогтолцоогоо бүрдүүлж буй ямар улс байна вэ? Янз бүрийн тогтолцоотой улс орнууд ямар нэг хэмжээгээр намын тогтолцоотой байж төр засгаа эмхлэн байгуулдаг. Намыг төлөвшүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах чухал асуудал мөн. Ингэж байж төрийн нүүр царай дээшилж ажил явах ёстой. Дээр хэлсэн дээ, Ханресурсын асуудлаас болоод яагаад арбитрын шүүхэд Монгол Улс ялагдал хүлээчихэв гэхээр шүүхэд улсаа төлөөлж очсон байгууллагын төлөөлөл ажлаа муу хийж байна гэсэнүг.

-Сонгуулийн дараа намууд тайлангаа өгдөг нь тодорхой. Улс төрийн намуудын сонгуулийн биш ердийн үеийн тайланг аль намынхыг хайгаад олдоггүй. Улс төрийн нам холбогдох албан тушаалтан аудит хийлгэж, санхүүгийн тайлангаа мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг…

-Санхүүгийн тайлан ямар байгууллагын өмнө ил тод байх ёстой вэ тэр хэмжээндээ л байх ёстой. Бид бүх зүйлийг ил тод байх ёстой гээд айл гэрийн дотоод амьдралыг интернетэд тавих ёстой гэдэггүй биз дээ. Намыг төлөөлж буй болон гүйцэтгэх дээд байгууллагууддаа ил тод байгаа. Хуулиар эрх олгогдсон байгууллага намын санхүүг шалгая гэвэл үзүүлэх баримт нь бэлэн бий. Төрийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудад төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагаа явуу­лах бололцоог хангадаг байх ёстой. Энэ нь хуулиар хэмжээ хязгаартай ч байх ёстой.

-Яагаад иргэд улс төрийн намд итгэх итгэл нь суларч байна вэ. Намуудын төлөвшлийг хэрхэн сайжруулах бэ?

-Улс төрийн намууд өөрсдөө намын төлөвшилдөө анхаарч, сайжруулах тал дээр ажиллах ёстой. Бид гэхэд өнгөрсөн онд МАН-ын дунд хугацааны хөгжлийн стратеги гэсэн баримт бичиг боловсруулсан. Үүнийгээ хэрэгжүүлэх тал дээр бид ажиллаж байгаа. Орчин үеийн улс төрийн нам ямар байх ёстой, олон түмэнд үйл ажиллагаагаа хэрхэн хүргэх ёстой гэх мэт зүйлүүдийг ээлж дараатай хийх дунд хугацааны хөтөлбөрийг бид боловсруулсан. Дунд хугацааны хөгжлийн баримт бичигтэй анхны улс төрийн хүчин бол манай нам юм. Үүнийгээ бусад намуудад үлгэр дуурайл болгон бусад намууддаа үзүүлэх бодолтой байгаа. Өөрсдөө намуудад ирээд санал бодлоо илэрхийлдэг боломжийг бид нээж өгсөн. Цаанаа хүлээх хариуцлагагүй бол хэн ч гэсэн популизм хийж болно шүү дээ. Тэгэхээр нам гэдэг улс орныг авч явах бүхэл бүтэн нэгдсэн бодлоготой, нэгдмэл байр суурьтай үзэл бодолтой хүмүүс Их хуралд байна. Энэ хүмүүс хариуцлагатай юм ярих хэрэгтэй. Тэр хариуцлагаар нь ард түмэн өөрт нь дүн тавьдаг. Ингэж л бид хариуцлагын тогтолцоог сайжруулан, үүрэг ролийг нь сайжруулах хэрэгтэй.

-Парламентын сонгуулийн тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилд тодорхой нөлөө үзүүлдэг гэж судлаачид үзэж байна. Мажоритар системээр сонгууль явуулбал улс төрийн намуудын төлөвшилд сөрөг нөлөөтэй гэх зүйл яригдаж байх юм. Учир нь тухайн гишүүн тойргоос сонгогддог тул дараа нь намдаа захирагддаггүйгээс эхлээд сул талууд байна. Сонгуулийн тогтолцоо ямар байх ёстой юм?

-Олон жил мажоритар тогтолцоогоор Их хурлын олон сонгууль явагдсан. Пропорционалиар орж ирсэн хүмүүс нэг шугамд жагсаад байгаа нь хаана байгаа юм. Манай намын бүлэг дээр гэхэд асуудалд олон талаас нь хандаж, хамгийн их ярьдаг хүн Ц.Нямдорж гишүүн. Пропорционалийн жагсаалтаар л орж ирсэн хүн. УИХ-ын гишүүн гэдэг хүн ямар ч шугамаар орж ирсэн байр сууриа илэрхийлдэг байх хэрэгтэй. Мэдээж нам тодорхой бодлого чиглэл гаргаж захирагдах зүйл байна. Гэхдээ нам тэрхүү бодлогоо гаргахдаа сонгогдсон хүмүүсийнхээ үгийг сонсож байж гаргах ёстой. Олонхиороо шийдсэн асуудал дээрээ нэгдээд явах нь зөв. Монгол Улс шиг өргөн уудам нутагтай, иргэд нь тархан суурьшсан ийм оронд, монгол хүний зан сэтгэхүйд нийцсэн зөв хувилбар нь мажоритар систем гэж харж байгаа. Бид мажоритар системд тулгуурласан бодлогуудыг 2016 онд явагдах Сонгуулийн тухай хуулиндаа тусгах ёстой гэж бодож байна. Ганц МАН үүнийг хүсээд байгаа юм уу гэхээр бас тийм биш. Хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж байхад ард түмэн юу гэж ярьж байна. Жишээлбэл, том эдийн засгаар явах уу, хумисан эдийн засгаар явах уу гэдгээ иргэдээс мессэжээр асуусан. Сонгуулиа яаж явуулах вэ гэдгээ тэгвэл мөн тэгээд асуучих л даа. Иргэд юу гэж байна вэ гэхээр нүүрээ авч ирж харуулсан, хийх ажлаа танилцуулсан хийсэн, өрсөлдөөд гарсан хүн нь Улсын Их хуралд суудаг зарчмаараа яваа л гэж байгаа юм. Намын даргын сонголтоор намын жагсаалтад бичигдсэн хүмүүсийг цаашид дахин сонгох хэрэггүй юм аа гэдэг зүйлийг хэлж байна. Өнөөгийн нөхцөл байдалд аль алийг нь гомдоохгүй гэсэн шиг холимог тогтолцоогоор явж байгаа л даа.

Эцэс нь хэлэхэд мажоритар тогтолцоогоор явах нь зөв гэж хэлье. Сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгох тал дээр хийгдэж байгаа олон зүйл бий. Сонгуулийг автомат машинаар тоолж байгаа нь зөв ч гэсэн үүнийгээ хяналттай болгомоор байна. Улс төрийн намууд нэгэнт л хүнээ нэр дэвшүүлж байгаа бол намуудын хяналтаа сайжруулах ёстой гэх мэт маш тодорхой байр суурийг баримталж Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд байр сууриа илэрхийлж оролцоно.

-Зарим судлаачид Засгийн газар Их хурлынхаа өмнө дэндүү хүчин мөхөсдөж байна. Их хурал нь хүссэн үедээ Засгийн газрыг огцруулдаг, шаардлага тавьдаг. Засгийн газрын гишүүд, сайд нарыг томилохдоо УИХ-аар хэлэлцдэг нь гүйцэтгэх засаглалынхаа бие даасан байдлыг алддаг гэж байна. Цаашид энэ хэвээрээ явбал засаг болон хөрөнгө оруулагчид тогтворгүй байх нөхцөл болох юм биш үү?

-Энэ нь өөрөө Үндсэн хуулийн асуудал. Үндсэн хуулиас төрийн тогтолцоотой асуудлаар авахаар зүйлс их бий. УИХ-ын өмнө Засгийн газар ямар үүрэг хариуцлага хүлээдэг юм. Ялангуяа орон нутгийн удирдлагуудыг сонгох, өөрөө удирдах ёсны оролцоо гэх мэт зарчмыг бий болгосон зэрэг сайн элементүүд байгаа. Манай улс 20 гаруй жил энэ Үндсэн хуулийг дагаж мөрдөж ирлээ. Үндсэн хуульд тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн тогтолцооны хэсэгт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж боддог. Монгол Улс парламентын засаглалтай л юм бол парламентынхаа тогтолцоог улам боловсронгуй болгох чиглэл рүү явах ёстой. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хүрээнд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тодорхой болгон ажиллаж боломжоор хангах шаардлагатай. Гэхдээ хариуц­лага хүлээлгэх механизмыг тодорхойлох хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Их хурлаас байгуулан ажиллаж байна. Удахгүй улс төрийн намуудын удирдлагууд хаврын чуулган эхлэхээс өмнө ажлын хэсгийн ажилтай танилцана. Монгол Улс хоёр шатлалтай парламентын тогтолцоо руу явах боломжтой юм шиг харагдаад байгаа. Манай орон тусгаар улсын хувьд орон нутгийн удирдлага албан ёсоор төв Засгийн газрынхаа удирдлагатай уялдан холбогдож нэгдсэн бодлогоо ярьдаг хууль ёсны байгууллага үндсэндээ алга болчихсон. Хуучин АИХ гэж байхад бүх орон нутгийн төлөөлөл ирээд энэ улсын ирээдүйн таван жилийн амьдрал ийм байнаа гэдгийг тодорхойлдог байсан. Хурал дээр сонссон үгээ ажил болгох тал дээр анхаарахад илүү хүчтэй байдаг.

Төсвийн хэлэлцүүлэг дээр ч гэсэн орон нутгийн удирдлагуудыг авч ирдэг байсан бол сүүлийн хэдэн жил бүр больсон. Дээрээс нь жаахан юм хуваарилаад Орон нутгийг хөгжүүлэх санд чинь энэ дуслыг өглөө юугаа хийхээ ИТХ-аараа шийд гэдэг болсон. Ярьж байгаа зүйл нь Шууд ардчиллыг бий болгон, иргэдээсээ шууд хөрөнгө оруулалтын саналыг нь авч байна. Иргэн та сумандаа юу хийхээ өөрөө хэлээд яриад өг гээд байгаа. Болж байгаа нөхцөл нь үүнийгээ улам л хумьсан байдалтай. Үүн дээр бодитой өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа шүү.

-Засгийн газар гэдэг бол Ерөнхий сайд. Ерөнхий сайд өөрөө кабинетын зарчмаа хадгалан Их хурлын өмнө хариуцлагаа хүлээдэг. Харин салбарын сайд нартаа өөрөө хариуцлагаа тооцоод явдаг. Сүүлийн үед сонгодог парламентын засаглалтай орнууд энэ чиглэл рүүгээ явах нь зүйтэй гэж байна. Энэ талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу. Манайд бол танхимын зарчим алдагдаад байна гээд байгаа?

-Сонгодог гэдэг үгийг хэрэглэхдээ таны хэлж байгаа энэ талаас нь биш парламентын сонгодог зарчим гэдгийг Ерөнхий сайд эргүүлээд Их хуралдаа асуудлыг ярьдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд парламентад дуугардаг эрхтэй байж “Үүнийгээ би зөв гэж бодож байна” гэдэг утгаар нь сонгодог гэдэг үгийг хэрэглэсэн юм шүү. Та болохоор сонгодог гэдэг үгийг Засгийн газар кабинетийн зарчмаар Ерөнхий сайд бүгдийг нь аваад явах ёстой гэж байна. Энэ нь Монголын нөхцөлд Засгийн газар хэврэг л байх болов уу.

-Харин ч нэг хүний гарт зангидагдаад хэдэн тийшээ хараад суучихдагаа больчих юм биш үү?

-Өнгөц харахад тийм л байх. Жишээ нь би улс төрийн таван намын даргыг оруулсан Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан. Өөр өөрсдийн үзэл бодлоор зөрөлдөж маргалдах зүйл байдаг л юм. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргахдаа нэгдмэл байр суурьтай л гаргаж байлаа. Тэр таван намын дарга Ерөнхий сайд нөхөр Энхболд миний асуудлыг тэгээд шийдчихлээ гээд кабинетын зарчмыг алдагдуулаад явсан удаагүй. Тиймээс сайд нар нь парламентын өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Тэр нь зөв байх. Ганцхан Ерөнхий сайд хариуцлага хүлээгээд явбал нэгдмэл байдал илүү хангагдах ч парламентын өмнө ямар ч асуудал байсан Ерөнхий сайд л хариуцах болно.

Одоо бол Засгийн газар гэдэг байгууллагад ажиллаж байгаа хүн Их хуралд орж ирээд тайлангаа тавьж байх ёстой. Нөгөө утгаараа ёсолж байх ёстой гэдэг утгаар хандаад байгаа юм. Ямар сайндаа чуулган завсарлахад “За хоёр сар тайван ажлаа хийе” гэж сайд нар хэлж байх жишээтэй. Ажлыг нь хийх боломж бололцоог олгох тал дээр бид боломжийг нь өгч байгаа нь хариуцлагыг сулруулж байгаа хэрэг огтоос биш юм. Хариуцлага алдвал яах юм гэдэг нь хуульд тодорхой заасан байх ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Алс баруун хязгаар Алтай Таванбогдын Даян нуурын застав дахь цэргийн баяр

Улсын нийслэл Улаан­баатар хотод Монгол цэргийн бахархлын өдөр эхэлж Чингэсийн талбай цэргийн сүр хүчээр бялхаж байхад эх орны баруун хилд халдсан дайсангүй амар тайван байлаа. Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн харьяа Сагсай сумын Ямаат багт байрлах Д.Намнан баатрын нэрэмжит Даян нуурын заставт үүрийн гэгээ задрахтай зэрэгцээд урт өдрийн ажил эхэлнэ. Энэ өдөр гуравдугаар сарын 18, баярын өдөр ч гэлээ хил, хүн ард, Монгол Улсыг хамгаалах тангараг өргөсөн хэдэн бор цэрэг зөвхөн үүргээ л гүйцэтгэх учиртай.

Бүрээн дуунаар бужигнаж эхэлсэн застав нэгдлээ. Хэдхэн хормын өмнө нойрноосоо хөндийрсөн цэргүүд ариун цэврийн асуудлаа шийдэж, кител, шинелээ өмсөн жавхаажсан байна. Хэдийд нь ч юм бор ходоодоо хар цай, “гурван сайхан”-аараа тордоод амжжээ. Даян нуурын жавар, уулын цасны хүйтэнтэй нэгдэн хацар, чих тас хайран байвч хилийн манаанд зогсоо цэргүүд үүнийг үл ажирна. Заставын төвд Монгол төрийн далбаа мандаж, “Даян нуур орчим, улсын хилд онцын аюулгүй, амгалан хонолоо” гэх рапорт нам гүмийг эвдэн цуурайтна. Үүнээс цааш төрийн сүлд дууг хоолой мэдэн дуулцгааж залгаад “Зээрэгц дундаа, ноомхон, баруун тийш” хэмээх командлал тас хадаж нэгэн зэрэг ярсхийх цэргүүдийн хөдөлгөөнөөр тиф таф хийх дуу гарах нь бөмбөрийн хэмнэл мэт улам ч цогтой.

Даян нуурын заставын командлал өдөртөө багтаж хилийн манаанд гарсан цэргүүдээ эргэх ээлжтэй. Цэргүүд заставаасаа цааш жил, улирал, сар, хоногоор хилийн онцгой бүс рүү тоот цэгийг хамгаалах үүрэг хүлээн явдаг. Тэднийхээ хангалтыг хүргэж, төрийн сүлдэт хилийн баганад хүндэтгэл үзүүлэх ажил өнөөдрийн гол зорилго.

Ийнхүү 0165 дугаар ангийн захирагч хурандаа Б.Мөнхбатын үүрэгдсэнээр Заставын дарга, хошууч Х.Ержет хэд хэдэн чиглэлд бүрэлдэхүүн хөдөлгөсний нэг нь Бүргэдийн харуулын чиглэл байв. Заставаас цааш харуул руу морь, цасны мотоциклиос өөр унаа хүрнэ гэж үгүй. Тиймдээ ч 0165 дугаар отрядын орлогч дарга Н.Гансүх, ахлах ахлагч С.Байвитхан нартай хамт цаснаа явагч хөлөглөн хил эргэнгээ Бүргэд уулын харуулын цэг хүрэхээр хөдөллөө.

Цасны мотоциклиор хилийн дагуу 30 орчим километр замыг туулахад казах айлын монгол банхар дайрч нэлээд тэвдүүлсэн, бас нэг айлын гурван тэмээ биднээс үргэж хулжиж одсоныг эс тооцвол гойд зүйлгүй. Ер нь малчид бэлчээрээ дагаж Таван богдын тусгай хамгаалалттай газар руу өвөлжөөлөх болсон нь байгаль талаасаа баахан сөрөг үр дагавартай байгаа бололтой. Тэнд буга, баавгай, чоно, нохой зээх, ирвэс гээд олон төрлийн амьтан байдаг бөгөөд хүмүүсээс дайжин хил давах болжээ. Хил давсан амьтад харийн нутгийн гүн рүү явчихвал эргэж ирнэ гэдэг найдлага тун бага. Шинжаан Уйгарын өөртөө засах орны амьдрал ээдрээтэй учир хил давж, нутгийн гүн рүү орсон бүхнийг “унагах” анчдын отоо бишгүй байдаг тухай яриа байдаг аж. Бас эмийн ховор ургамал энд ёоз ёозоороо ургадаг гэнэ лээ. Харамсалтай нь малын хөл, хүний нөлөөллөөр энэ бүхний амьдрах орон зай улам л хумигдсаар байгаа бололтой. Ер нь л дэлхийд ховордсон онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтад энд байна. Ховор шавьжнаас эхлээд дэлхийд өөр хаана ч байдаггүй улаан загас Ямаатын голд бий. Энэ загасыг дэгээдэн гаргаж ирэхэд барилгын салбарт хэрэглэдэг улаан оохроор будсан юм шиг харагддаг байна. Хуучин цагт ЗХУ-ын томоохон албаны дарга нар уг загасны онцгой амтыг таашаан тусгайлан захиалж авдаг байсан ажээ. ЗХУ-ын дээд албаныхан Монгол Улсын Ямаатын голын эл загасаар гадаад дотоодын томоохон төлөөлөгчид, айлчид гийчдийг дайлдаг байсан тухай түүхээс харж болно. Малчдын хил рүү түрж нутаглах болсны нөгөө нэг сөрөг үр дагавар нь хил зөрчигчдийн мөр малын хөлөөр балрах хандлага ажиглагдах болжээ. Дээхнэ үед усны урсгалаар адууны шинэхэн хомоол урсан орж ирэхэд хил зөрчигчид, дээрэмчид нэвтэрснийг мэдэж байлдааны бэлэн байдалд шилжин олон ч дээрэмчдийг буцаан тонилгож байсан түүхтэй. Харин өнөөдөр ардуудын адуу олон болсон учраас хил зөрчигчийнх үү, ардын адууны хомоол усанд хөвж явна уу гэдгийг ялгаж танихын аргагүй болсон байна. Уг нь Хил хамгаалахынхан мэдэлтэйхэн бол Таван богдын тусгай хамгаалалттай эл газрыг Дархан цаазат болговол ирээдүйд учирч болох аюулыг таслан зогсоох боломжтой тухай ч яригдаж байв.

Энэ тэрийг хүүрнэн цас манарган давхисаар нэг л мэдэхэд Бүргэдтэй уулын ам, Бүргэдийн харуулын цэгт ойртож иржээ. Цасанд боогдсон өндөр давааг цасны мотоцикль ч туулж давахгүй тохиолдол олон. Хоёр ч том давааны өөд Оросын “Бурен” цасны мотоцикль бахардаж түрэх газар нь түрж мацсаар давлаа. Арай гэж нэг даваан дээр гарахад цаана нь өндрөөс хоёр уул завсраар нь бүр ч өндөр сарьдаг нүдний өмнө тулна. Битүү ян сарьдаг, ой тайгатай учир алсын ажиглалт хийнэ гэсэн асуудал үгүй ажээ. Далайн түвшнээс дээш дөрвөн мянга хүртэл өргөгдсөн өндөрлөг энэ газрыг хамгаалж, хил зөрчигчдийг илрүүлэн аюулаас сэрэмжлэхийн тулд өдөр шөнөгүй явж булан тохой бүрийг нь нэгжих шаардлагатай байна. Бүргэдийн харуулын цэгт хүрэхэд цаснаа явагч цааш ахих аргагүй боллоо. Энэ хэсэгт 50 см-ээс дээш цасан хунгартай учир шигдэж ороод явган явснаас ч тээртэй. Цасны нүүдэл эхэлчихэж. Өвөлжин орж зузаарсан цас хаврын энэ цагт мөнхийн хөдөлгөөнд ордог байна. Ямар ч салхигүй байсан ч байнгын явган шуурга шуурч нэг цагийн дотор гэхэд л явсан мөр мэдэгдэхээ болино. Ингэж уулын ирмэг хошуугаар цас зузаарсаар дөрөвдүгээр сарын дундуур цасны нуранги үүсдэг ажээ. Чангахан хашгирах, сарлагийн хойноос шидсэн дүүгүүрийн чулууны исгэрэлтээр л цасан нуранги эхэлнэ. Энэ нь хилчид төдийгүй малчид, мал сүрэг, зэрлэг ан амьтдад ихээхэн халгаатай.

Бүргэдийн харуулын байр гэж хоёр том байшин, тэгшлэн зассан цэргийн сургуулилтын талбай, морьдын уяа зэрэг байх агаад их л цомхон. Бараг бүх цэрэг нь баярын өдрийг умартан өглөө эрт манаанд явжээ. Хонуутаар манаанд яваад ирээгүй хэсэг нь ч байна. Ховд аймгийн Мөнхайрханы Б.Мөнхбаатар, Жаргалант сумын Ц.Батбаяр, Б.Маргад-Эрдэнэ, Булган сумын Г.Төгөлдөр нарын хилчид харуулын ахлагч Я.Гансүхийн хамт угтлаа. Хилчин хувцсаар жигдэрч, буу агссан шавилхан залуус 18-23 настай бөгөөд тавдугаар сард халагдах хал цэргүүд гэнэ. Цэргүүдтэй харьцахад тун төвөгтэй. “Тийм, үгүй. Би байлдагч тэр” гэхээс өөр үгээр асуултад хариулна гэж үгүй. “Сайн байна уу” гэхэд “Тийм” л гэнэ. Гэрээ санаж байна уу “Үгүй”. “Цэргийн алба сайхан уу” “Тийм” гэх зэргээр баахан юм асуусны эцэст тийм эсвэл үгүй гэсэн ганцхан хариулт л сонсоно. Сайхь дөрвөн цэрэг энэ өдөр баярын нэмэгдэл бууз, хуушуур хийх үүргийг хүлээж үлджээ.Цэргийн баярыг хилчид “баярын нэмэгдэл” нэрээр ахиухан бууз, хуушуур хийж идээд үдэш цуглахаараа багахан наадаад л өнгөрөөдөг байна. Харуулын ахлагч Я.Гансүх бэлчээрээс ирсэн хоёр азарга шахам адуунаас гурван морь шилж бугуйл шидэн барив. Тэрээр Даянгийн боомт орчим хилийн 16-17 дугаар тэмдэгт баганын зүг манаа хийх ажилтай. Ийнхүү Я.Гүнсүхийн хамт цааш хөдлөхөд цэргүүд татаж бэлтгэсэн түмпэн дүүрэн махыг гал тогоо руугаа барин гүйж ажиглагдав.

Дөрөө дарсан цастай газарт морин эргүүл хийнэ гэдэг тийм ч амар ажил биш бололтой. Хориодхон километр газрыг бараг таван цагт туулж байна. Битүү ой, эгц цавчим гуу жалга, гол нууртай газрын унаган адуу цаанаа л сурамгай юм. Харуулын ахлагч Я.Гансүхийн унаж явсан улаан хээр морь цэлийсэн их цасан дундуур зугуухан урагшилж байгаад гэнэт зогтуслаа. Бүр залаагүй байхад эргэж уулын эгц уруу яваад дахин эргэж өгссөн нь хөлгүй цасан хунгарыг тойрсных ажээ. Морьд мөсөн дээр гарахдаа арав, хорин метрийн цаанаас дөрвөн мөчөө чангалан бүжиглэх гэж байгаа балетчин шиг туурайныхаа үзүүрээр зөөлхөн зөөлхөн гишгэн цомцгононо. Цөмрөх дөхсөн, харзалсан ч дээгүүр нь мөстөж цасаар хучигдсан газрыг ч төвөггүй таньж мөн л жолоо залаагүй байхад тойрч гарах жишээтэй. Я.Гансүх ахлагч ч “Хилийн цэргийн морьд маань шинэковуудаас хавьгүй илүү” хэмээн магтана. Өндөр уулын хяраар морьтой шогшиж байгаад гүн ангал руу харж огтхон ч болохгүй гэдгийг захиж сургасаар. Хэрэв хэдэн зуугаас мянган метрийн тэр гүн рүү харвал толгой эргэж унах тохиолдол гардаг учраас ийн сэрэмжлүүлжээ. Ийм бартаат газраар хэсэг туучаад Ямаат голын бэлчир рүү буулаа. Голын ихэнх хэсэг хөлдсөн ч мөнхийн харз голын эхээс адаг хүртэл урсдаг ажээ. Я.Гансүх ахлагч ч мориноосоо буун эрэгт хүрч элгээрээ тэгнэн хэвтээд голын уснаас баахан залгиллаа. Түүний ганзаганд түрүүнээс хойш түнтэгнэсэн богцтой зүйл бол баярын нэмэгдэл хээрийн хоол байжээ. “Хэдүүлээ баяраа тэмдэглэж нэмэгдлээ хүртье” хэмээн инээмсэглэж богцоо уудалж бог малын мах, жигнэсэн гурил зэргийг гаргаж морьтнуудыг бууж суухыг урилаа.

Үргэлжлэл бий.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Таван даншигт түрүүлсэн Соёмбо хүрэн азарга

Энэ цаг үеийн онц хурдан хүлгүүдийн нэг бол Тод манлай уяач Л.Цандэлэгийн Соёмбо хүрэн азарга юм. Нэгэнтээ Л.Цандэлэг уяач манай сонинд өгсөн ярилцлагадаа “Соёмбо хүрнээ, Шарга азаргатай л уралдуулаад үзчихмээр байна. Эрдэнэчулуун манлайд хоёулаа бооцоо тавьж байгаад хоёр азаргаа тусад нь уралдуулж үзэх үү гэж санал тавьдаг юм уу гэж бодож байгаа” хэмээн ярьсан удаатай. Гэвч Л.Цандэлэгийг ингэж бодож явахтай зэрэг шахуу алдарт Шарга азарга зодог тайлчихсан билээ. Тэрнээс Соёмбо хүрэн, Амгалан төрийн ажнай шарга хоёр Хүй долоон худагт бооцоотой уралдахаар болжээ гэсэн бол улсын наадмаас дутуугүй үзэгч ирэх байсан биз ээ. Улсад зургаа түрүүлсэн Шарга азаргатай уралдах хэмжээний адуу Соёмбо хүрэн яах аргагүй байсан гэдэгтэй өнөөдөр маргах хүн байхгүй. Болохгүй юм болдоггүй, уралдах ёстой газраа, уралдах ёстой адуунуудтайгаа л уралддаг хурдан адууны хувь хишиг гэж бий.Соёмбо хүрэн азарга нэг жилийн дотор улс бүсийн чанартай долоон наадамд уралдахдаа зургаа түрүүлж, нэг аман хүзүүдсэн байдаг. Ний нуугүй хэлэхэд сүүлдээ алдарт шарга азарга улсын наадамд л уягддаг, өөр бусад уралдаанд давхиулахаа больчихсон юм. Энэ нь ах шарга азаргыг нь давхар уяагаар олон уралдуулж эцэстээ Өвгөн ноёны наадам дээр эндүүлснээс болж Эрдэнэчулуун манлай давхар уяагаар давхиулахаас жийрхдэг болсонтой холбоотой биз ээ.

Өнөөдөр хэдүй уралдахаа больсон ч бэлчээртээ дүнхийж байгаа Соёмбо хүрэн азарганы угшлыг морь сонирхогчид гойд сонирхдог юм билээ. Соёмбо бол цэвэр монгол адуу. Соёмбо хүрэн азаргын эцэг болох хүрэн азаргыгТөв аймгийн Баянбараат сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Ц.Жамбалсүрэн 1997 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Балжий гэж хүнээс авчээ. Эцэг хүрэн азарга шинэ эзэндээ ирсэн даруйдаа буюу 1998 онд төвийн бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж, 1999 онд анхны Говь шанхын даншигт түрүүлсэн юм. Тав дахь үеийн уяач Ц.Жамбалсүрэн гуай энэхүү хурдан хүлгийнхээ буянаар 2000 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх цолыг хүртжээ. Соёмбо хүрний эцэг энэхүү хүрэн азаргыг “Хандгай хүрэн” хэмээн нэрлэх болжээ.

Соёмбо хүрний түүх цааш ингэж үргэлжилнэ. 2000 онд Л.Цандэлэг, Тод манлай уяач Сандуйжавын “Дүү зээрд” хэмээх хурдан азаргыг соёолон насанд нь худалдан авчээ. Хойтон жил нь улсын наадамд дүү зээрд азаргыг Сандуйжав уяж түрүүлгэжээ. Энэ наадам дээр уяач, эзэн хоёр маргаад авсныг моринд ойрхон бүхэн мэднэ дээ. Тэр жилээ Тамирын хурд наадамд дүү зээрд дахин түрүүлсэн ч наймаа буцдагаараа буцаж зээрд азарга өөр хүний нэр дээр цоллуулсан юм. Энэ даншиг дээр Л.Цандэлэг жаахан гундуухан, “Ажнай”-н Бат-Эрдэнэ, “Монгол базалт”-ийн Ариунболд нарын хамт явж байгаад Д.Даваахүү гуайн дотнын найз Ц.Жамбалсүрэнтэй тааралдсан гэдэг. Уяан дээр нь очиж, галаар нь бууж суух үеэр Алдарт уяач Ц.Жамбалсүрэн гуай “Морины наймаа буцах шиг эр хүнд гундуу юм гэж байдаггүй юм, тэр тусмаа наадмаар. Ахынх нь нэг хөл муутай азарга бий. Чамд өгчихье, чамд хурдан хүлэг гаргаж өгөх байх” гээд хадаг аваад бэлэглэжээ. Тэгэхэд нь Л.Цандэлэг зөрүүлээд “Та их сайхан сэтгэлтэй хүн юм. Хөдөөний хүнд хэрэгтэй унаа өгье” гээд супер УАЗ-469 машин бэлэглэсэн түүхтэй. Л.Цандэлэгт бэлэглэсэн тэрхүү хүлэг нь Говь Шанхын хурдад түрүүлж байсан өнөөх “Хандгай” хүрэн азарга юм билээ. Тэр цагаас хойш Жамбалсүрэн, Цандэлэг хоёрын сайхан нөхөрлөл эхэлсэн гэдэг. Ийнхүү нэгнийхээ галаар байнга зочилж, хууч хөөрөх болсон нь Л.Цандэлэгт алдарт Соёмбо хүрэн ирэх эхлэл болжээ. Ц.Жамбалсүрэнгийн унаган хонгор гүү Цандэлэгийн Соёмбо хүрэнгийн эх юм. Соёмбо хүрэн шүдлэндээ Төв аймгийн 80 жилийн ойд аман хүзүүнд давхижээ. Тэгэхэд нь Л.Цандэлэг Жамбалсүрэнд хандаж “Надад энэ шүдлэнгээ өгчих. Би танд эцгийг нь 10 сайхан гүүтэй өгье. Танд энэ шүдлэнгийн эх хонгор гүү нь байгаа юм чинь дахиад хурдан төл гарна шүү дээ” гэж хэлээд зөвшөөрснөөр Соёмбо хүрэнг хязаалан болох жил нь Цандэлэг өөрийн хүлэг болгон авчээ. Соёмбо хүрэн азарга соёмбо хэлбэрийн тамгатай бөгөөд энэ нь Монгол Улсын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийнх. Тэгээд ч хүрэн азарга сэрвээ өндөртэй, хөл урттай, босоо ястай адуу учраас үргэлж дээшээ өөдөлж байхын бэлгэдэл болгон Л.Цандэлэг “Соёмбо хүрэн” хэмээн нэрлэсэн байдаг.

Соёмбо хүрэн азарга эцгийгээ дуурайсан их хаттай адуу. Тарга хүчээ амархан авдаг учраас давхар уяандаа сайн давхидаг. Наадам дөхөөд анх эхлээд барихад ааш зан муу, хавьтсан ойртсоноо хайрч хазсан, зөрж өшиглөх гэдэг, заримдаа бүр цамнаад толгой дээр гарчих шахдаг, авир муутай адуу юм. Заримдаа бүр хөгийн зан гаргана.Жалга хонхортой, өвс ихтэй газар биеийнхээ амрыг бодоод гүүнүүдээ хаячихаад идээд явчихна. Ер нь өөрийнхөөрөө, их дураараа адуу гэнэ. Хамгийн гол нь гүү хураах үеийнх нь ороог эртхэн гаргахгүй бол болдоггүй гэдгийг эзэд нь сайн мэдэх болохоор хавар цөөхөн гүү хураалгадаг байна. Соёмбо хүрэн жирийн үед ийм ардаг ярдаг ааштай ч уяа нь ороод ирэхээрээ ааш нь зөөлрөөд, нүд нь дөлгөөн тогтуун болж гарын аясаар болдог адуу юм. Соёмбо хүрэн ямар ч наадмын өнгөнд заавал гардаг цөөн адууны нэг. Хөлийн хурд ихтэй, гарсан хойноо уужирчихдаг болохоор барагтай бол үзүүрийн суулт байдаггүй. Барианы тавлин дээр тарладаг. Тиймдээ цэвэр цусны араб адуунуудтай ач тач үзэлцдэг энэ цаг үеийн ганц монгол адуу хэмээн уяачид ярьдаг юм. Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойд “Монголросцветмет”-ийн Х.Бадамсүрэнгийн араб бор азаргатай заргалдсаар барианы зурхайг үүдэн хоймрын зайтай түрүүнд гаталж байсныг морь сонирхогчид андахгүй. Мөн Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн наадам дээр Д.Чулуунбатын араб цусны “Манлай халзан” азаргатай ана мана үзэлцсээр аман хүзүүнд самбай дэрлэн орж байсныг моринд хорхойтой бүхэн мэднэ. Тиймээс Л.Цандэлэг “Монголын хурдан морины түүхэнд араб адууг дийлсэн ганц монгол адуу бол “Соёмбо хүрэн” минь гэж ам бардам хэлдэг. Мөн “Ер нь Даншиг наадмынл адуу. Хөвсгөлийн “Хотгойдын хурд ”, Архангайн Тоглохын талын даншиг, Хэнтийн Өвгөн ноёны наадмуудад түрүүлсэн. Завханы “Очирваанийн хурд”-д хол тасархай түрүүлсэн гээд халхыг тойрсон бүх даншигттүрүүлсэн миний Соёмбо шиг адуу байхгүй. Монголын таван том Даншигт дархан түрүүлсэн байна шүү дээ” хэмээн нүдэндээ нулимстай ярьж байсан билээ.

Соёмбо хүрэн азарганы аргагүй хурдан гэдгээ харуулсан нэгэн түүхийг морины хорхойтнууд бас ярьдаг. Өвөрхангайд болсон “Их хурд-4” уралдаанд урилгаар оролцохдоо урьд өдөр нь Хөвсгөлөөс ачигдсан байдаг. Хотгойдын даншигт түрүүлж цолоо дуудуулаад асраас гаргаж жаахан амраагаад ачсан нь тэр аж. Шөнөжингөө явсаар Өвөрхангайд ирж өглөө нь жаахан идүүлээд мордуулахад уяачид “Холоос их зүтгэж ирсэн адууг уралдуулах хэрэг байгаа юм уу, Цандэлэг ээ” хэмээн болгоомжилж байжээ. Гэвч Л.Цандэлэгт тийм нэг итгэл, бардамнал төрөөд байж. Энэ дошин дээр соёмботой минь уралдах адуу байгаа гэж үү гэсэн эр хүний омогшил түүнд байжээ. Ингээд азарга гараан дээрээс хөдлөх үед морь тавьж байсан цэрэг Соёмбо хүрэнг буруу талаас нь цулбуурдсанаас болж цоройгоод, хүүхдээ унагаачихсан байна. Сүүлийн азарга хөдлөөд гараанаас 500 метр холдчихсон байхад цэргүүд Соёмбыг бариад авчээ. Л.Цандэлэгийн гол харлаад явчихсан гэдэг. Хамгийн гол нь хүүхэд гэж бодон харайлгаад очтол морины хүүхэд нь инээгээд босоод иржээ. Азарга нэлээд холдчихсон болохоор явуулах уу, болих уу гэж бодсон ч морины хүүхдээ инээгээд босоод ирэхийг хараад тайвширч араас нь явуулчихсан гэдэг. Хамгийн ард үлдсэн соёмбыг нэг их тоогоогүй аж. Зорьж ирсэн юм, морь хүүхэд хоёрын урам байна дундуур давхиад ирнэ биз гэж Л.Цандэлэг боджээ. Гэвч нэг харсан соёмбо хүрэн айхавтар шунахай давхилтайгаар өнгөний хэдэн азарганы ард ороод ирсэн гэдэг. Барианы тавилан руу эхний азарга орж байх үед соёмбо хүрэн их л түрэмгий эхний тав руу орж явчихжээ. Дахиад жаахан зай байсан бол өнгөнд гарах байсан болов уу. “Их хурд”-д ийнхүү дөрвөөр давхиж үнэнхүү хурдан гэдгээ харуулжээ.

Соёмбо хүрний уяа эхлээд таван км ажил хийхэд үзүүр дээрээ жаахан суудаг. Дараагийн удаад таван километртээ торохгүй, арван км яваад жаахан сууна. Дараагийн удаад 10 км-тээ ч түүртэхгүй болдог=. Гэхдээ л улсын наадмын 25 километрт давхилын ажил жаахан дутаад байдаг юм. Хэрвээ улсын наадмаас өмнө нэг уралдаан байдаг бол Соёмбын уяа ханана. Тэгээд л улсын наадмын өнгөнд заавал давхих адуу даа” хэмээн Л.Цандэлэг азарганыхаа уяа, сойлгын учир начрыг ярьсан билээ. Нэгэн цагт Монголын чансаа өндөр азарганы гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан алдарт Соёмбо хүрэн азарга өдгөө Төв аймгийн Жаргалант, Тува, Тойруулга, Сэлэнгэ угшлын хурдан удмын гүүнүүдийг хурааж, сайхан төлүүдээ өгөөд бэлчээртээ тэнхлүүн яваа юм байна.

С.АРИУН