Categories
мэдээ нийгэм

Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар шилжүүлэн өгчээ

Өнгөрөгч сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурьдагдаж байсан “Занданшуулсан шарил”-ын асуудалд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоогдсон байна.

2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёлын төвийн дарга Энхбат, төвийн хэлтсийн дарга Урантөгс нар байлцан цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгчээ. Үүний дараа уг шарилыг хуучин байранд нь буцаан залах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нар зөвийн эх орон” цэнгүүн болно

Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир ирэх сарын 9-нд уран бүтээлийн утга уянгын цэнгүүн хийхээр болжээ. Тэрээр цэнгүүнээ “Нар зөвийн эх орон” хэмээх шүлгийнхээ нэрээр нэрлэсэн байна. Цэнгүүн дөрөвдүгээр сарын 9-ний 19.00 цагт “Улаанбаатар палас”-ын их танхимд болно. Тоглолтод Ардын уран зохиолч, Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэд яруу найрагчид оролцохоос гадна түүний шүлгээр бүтсэн олон сайхан дуу эгшиглэх гэнэ.

Categories
мэдээ улс-төр

ЭЗ-ийн өршөөлөөр асуулга хүргүүлэв

УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөлтэй холбогдуулж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт асуулга хүргүүлжээ. Асуулгад “Уг хуулийн төсөл нь шударгаар тайлангаа мэдүүлж, хяналт шалгалтанд орсон аж ахуй нэгжүүдэд огт хүртээлгүй харин татвараа нуун дарагдуулж, хууль бусаар хөрөнгөжиж ирсэн этгээдүүдэд хамааралтай байхаар тусгасан нь шударга ёсонд нийцэхгүй” гэж үзжээ. Тодруулбал уг хуулийн төслийн 4.5-д татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөхөөр заасан байна. Гэтэл хуулиа дээдлэн, татварын алба, төрийн захиргааны байгууллагад хүндэтгэлтэй хандаж бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж, хяналт шалгалтанд хамрагдаж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан, хэрэг үүсгэгдсэн иргэд аж ахуй нэгжүүдэд хамааралгүй байхаар заасан нь буруу. Үүнийг шударга ёсонд нийцүүлж нэн түрүүнд татварын торгууль, акт тавиулсан болон хэрэгт шалгагдаж байгаа аж ахуй нэгжүүдэд өршөөл үзүүлэх ёстой” гэжээ.

Мөн тэрээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөлд нийт хэчнээн иргэн, аж ахуй нэгжид өршөөл үзүүлэх боломжтой байгааг нэг бүрчлэн нэрсийн жагсаалтын хамт гаргах. 2012-2014 онд хийгдсэн нийт татварын шалгалтын тайлан мэдээ, торгууль, тавигдсан актын дэлгэрэнгүй мэдээлэл, аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргах, НӨАТ-ын хуурамч падаантай холбоотой актын мэдээлэл, түүнийг төлж барагдуулсан байдлын тухай холбогдох баримтуудыг нэгтгэн УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүссэн байна.

Түүнчлэн эрүүгийн хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг өршөөлд хамруулж байгаа хэрнээ захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг өршөөлд хамруулахгүй байхаар хуульчилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ нь цаашлаад аливаа төрлийн бүртгэл, тайлан мэдээг үнэн зөвөөр гаргахаас зайлсхийсэн хууль бус үйлдлийг өөгшүүлж дэмжсэн, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүй гэдгийг сануулжээ.

УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, Засгийн газар Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор компаниуд дунд хүлээлт үүсээд байгаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр татварын орлого эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 30 гаруй хувийн дутуу төлөлттэй байгааг онцолсон. Энэ нь Эдийн засгийн өршөөл, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиуд батлагдах болов уу гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой байж мэдэшгүй гэж үзэж буй. Хуулиараа хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ.

Categories
мэдээ нийгэм

“Цэцээ гүн”-д төөрсөн иргэнийг хайх сургуулилт хийв

Нийслэлийн Аврах ангийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өнгөрөгч баасан гаригт “Ууланд төөрсөн иргэнийг эрэн хайх, Аврах ажиллагаа явуулах, радио торын аргыг ашиглан холбоо зохион байгуулалт хийх” сэдэвт сургуулилт явуулсан байна. Мөн Богдхан уулын аяллын маршрутын зам гарцыг судлах, богино долгионы станц болон гар утсаар холбоо барьж, радио торд орж ажиллах боломжит цэгүүдийг тогтоох зорилгоор уг дадлага сургуулилтыг зохион байгуулжээ.

Дадлага сургуулийг Төр хурх- Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн, Зайсан- Дугуй цагаан-Цэцээ гүн, Скай ресорт-Тэмээн хад- Цэцээ гүн гэсэн дөрвөн маршрутаар явуут дунд холбоо зохион байгуулж, эрэн хайх, аврах ажиллагаа радио торын дадлагыг эхлэх цэгт нийт албан хаагчдыг томилж, өгөгдсөн цагийн байдлаас шалтгаалан радио торын аргаар холбоонд орж сургуулилт хийсэн аж.

Нийт 12 цагийн турш үргэлжилсэн энэхүү дадлага сургууллтад нийслэлийн Аврах ангийн 91 албан хаагч хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Хайку номын нээлт болно

Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, Үржингийн Хүрэлбаатар монголын анхны хайкугийн гурамсан номуудын нээлтийг хийхээр болжээ. “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын хурим энэ сарын 24-нд Соёлын төв өргөөний зүүн жигүүрт байрлах Монголын уран зургийн галерейн их танхимд болох аж. Нээлтэд Дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн Мэижи Их сургуулийн профессор Банья Нацуиши, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү зэрэг хүндэт зочид уригдан оролцох ажээ.

Уг арга хэмжээний үеэр гурамсан номын нээлт, “Монголын хайкугийн холбоо”-ны нээлтийн ёслол, Хайку шүлгийн калиграфийн үзэсгэлэн, “Хайкуг хайхуй” эрдэм судлалын симпозиум болно. Дэлхийн хайкугийн холбооны жинхэнэ гишүүн, хайкуч, “Монголын хайку”-гийн холбооны тэргүүн Ү.Хүрэлбаатарын хайкугийн гурамсан ном нь монгол хүний авъяас билэг, оюуны чадавхыг дэлхийд нээн илрүүлэх нэг алхам хийгдсэн нь энэ аж.

Үгийн сонголтоор гүн утга санааг илэрхийлж чаддаг хайкуг монголын утга зохиолд оруулж ирж буй энэ үйл явдлыг түүхэн том гавьяа гэж утга зохиолын салбарынхан дүгнэж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Хошин урлагийнхан, нийтийн дуучид нэгдэж тоглоно

Дөрөвдүгээр сарын 1-нд буюу “Инээдмийн баяр”-ын өдөрт зориулсан хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнд 4 сарын 1-нд 19:00 цагаас ганцхан удаа болох аж.

Тоглолтонд хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн урлагийн шилдгүүдийн манлайлал МУГЖ Н.Төмөрхуяг, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Д.Галсантогтох, МУГЖ Б.Туяа, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Ч.Батэрдэнэ, МУСТА Д.Баасанжав, МУСТА Т.Баттогтох, МУСТА Н.Баасандорж, МУСТА Г.Чинболор, МУСТА Д.Батсайхан, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Э.Оюумаа, МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Д.Үүрийнтуяа, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Д.Балдан, МУСТА Я.Гэрэлчулуун, МУСТА А.Түмэн-Өлзий, Хөсөгтөн хамтлаг, Параоди хамтлаг, Чапи & Суурь, ТВ Коктейль хамтлаг, ҮДЭЧ-ын бүжигчид, “Их монгол” хамтлаг, Шанз 3 хамтлаг, Язгуур хамтлаг, Угсаатан бүжгийн хамтлаг, Андра загварын агентлагийн моделиуд зэрэг 100 орчим уран бүтээлчид нэгдэх нь ээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгчид өнөөдөр Лаос улсыг зорино

МХБХ-ны U-23 насны Залуучуудын шигшээ баг 2016 онд Катар улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор өнөөдөр Лоас улсруу хөлгийн жолоо зална.

Тэд энэ сарын 23-30-ны хооронд Лаос улсад зохион байгуулагдах тус тэмцээнд J хэсэгт Хятад, Лаос, Сингапур улсын шигшээ багуудтай учраа таарсан. Манай улсын залуучуудын шигшээ багийн эхний тоглолт 2015.03.27ны өдөр БНХАУ-н залуучуудын шигшээ тоглосноор эхлэх юм.

Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн усны өдөр

Дэлхийн усны өдөр 3 сарын 22 –нд тохиодог. ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова улс орнуудыг ард иргэдээ цэвэр ус болон хоол хүнсээр найдвартай хангах үйлст хүчин чармайлтаа нэгтгэн, усны эргэн тойрон дахь асуудлуудыг хамтран шийдвэрлэхийг уриалж, гишүүн орнууддаа илгээлт ирүүлсэн түүхтэй.

Харин Монгол Улсад тэр дундаа нэг сая хол давсан хүн ам суурьшин амьдардаг Улаанбаатарчуудыг ундны усаар хангаж , гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүрэгтэй ажилладаг Ус сувгийн удирдах газар Дэлхийн усны өдрийг “Ус бол шингэн алт” маркны анхны өдрийн нээлттэй давхцуулж хийлээ. Маркаар дамжуулан усыг хайрлаж гамнах сэтгэлгээг түгээх, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, улмаар байгаль орчноо хайрлах, ногоон хөгжлийг дэмжихийг хүсч байгаа юм байна. Маркны эх зургийг зураач Ч.Бат-Эрдэнэ гаргаж, график дизайнаар Ж.Ганхуяг, Б.Дамдинбазар нар хамтран ажиллажээ.

Өнөөдөр дэлхий дээр ойролцоогоор 7 тэрбум хүн амьдарч байгаа бөгөөд ирэх 10 жилд дэлхийн хүн ам хоёр тэрбумаар өснө гэж хүн ам зүйч нар урьдчилан хэлж байгаа юм. Харин хүн амд ногдох усны хүрэлцээ өдрөөс өдөрт багассаар…

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Наурыз бол манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг баяр юм

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, Нарны баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызийн баярт зориулсан “Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр уламжлалт сайхан баяр, Наурызийн баяр эхэлж байна. Өдөр, шөнө тэнцэж Наурызийн баяраа тэмдэглэж байна. Казах түмэн маань баяраа тэмдэглэж, уулзаж, учирч, хуучин ёс заншлаа хэлэлцэж, өвгөд хөгшдөө хүндэлж дээдлэх ёс уламжлал энэ өдрүүдэд үргэлжилдэг.

Наурызийн баяр манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг сайхан баяр болж, жил бүхэн уламжлал болон тэмдэглэж байдагт би туйлын баяртай байдаг. Газар орон бүхэнд, Монгол Улс даяар оршин сууж байгаа казах олон түмэн маань энэ баяраа монгол ах дүүстэйгээ хамтарч улам өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байгаа.

Энэ жил бидэнд олсон ололт, гаргасан амжилт дүүрэн байна. Хавар цаг ирж байна. Сайхан цаг ирж байна. Энэ жилийн өвөл, хавар маш сайхан өнтэй байлаа. Наурызийн баярын өмнөхөн манай ихэнх нутгаар бидний хэлдгээр шар тос болсон цас орлоо. Хаврын өдөр жилийнхээ өнгийг даадаг гэж ярьдаг. Энэ өдрүүдэд байгаль дэлхий маань ивээж байгаа учраас энэ жил ч сайхан жил болох нь ээ. Монголын ард түмний хийж бүтээх үйлсэд улам их урам өгсөн сайхан жил байх нь ээ гэж бэлгэшээж байна. Бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Энэ бүхэндээ бэлгэшээж хандах ёстой.

Наурызийн баярын хамгийн гол онцлог бол ахмадаа, уламжлалаа хүндэтгэдэг. Бие биедээ орж зочилдог. Эв нэгдэлтэй байдаг. Ийм сайхан баяр юм. Энэ баярыг агсам согтуугүй, архигүй тэмдэглэдэг уламжлалтай. Энэ сайхан уламжлал баяр, баяр дээр улам нэмэгдэж өргөжих болтугай. Архи гэдэг ундаанаас монголчууд бүгдээрээ хол байх ёстой. Наурызийн баяр, хаврын баяр, казах түмнийхээ энэ сайхан баяраас үлгэр жишээ авах ёстой.

Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн болон орон даяар энэхүү тоглолтоо үзэх гэж байгаа нийт иргэддээ хаврын баяр, Наурызийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүгдийн маань буян заяа үргэлж дэлгэрч байх болтугай. “Наурыз мейрамы құтты болсын! Ақ мол болсын” гэсэн Наурызийн баярын мэндчилгээг та бүхэнд дахин дэвшүүлье. Баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяа мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Тбилиси Гранпри” тэмцээн хоёр дахь өдрөө Гүржийн Тбилиси хотод үргэлжилж байна. Өчигдөр болсон хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Мөнхзаяа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Азербайжаны бөхийг барилдааны цаг дуусахаас 16 секунд дутуу байхад цэвэр ялсан бол хоёрдугаарт тойрогт 63 кг-ийн жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Ярден Жербиг юүко үнэлгээгээр ялжээ.Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Шведийн бөх Херманссон Миаг 3:47 секундэд цэвэр ялж, улмаар хагас шигшээд Италийн бөхийг юүко үнэлгээгээр ялж финалдлаа. Ингээд алтан медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Абу Дабигийн “Их дуулга”, Токиогийн “Их дуулга”-ын аварга Трстенжак Тинад ялагдаж, мөнгөн медаль хүртээд байна.

Монголын жүдочид “Тбилиси Гранпри”-гаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Мөн энэ өдөр өрсөлдсөн бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Н.Дагвасүрэнд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Латвийн бөхийг цэвэр, дараагийн тойрогт эзэн орны бөх, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Автандил Чрикишвилиг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн бөх Ушанги Маргианид базари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн юм. Ингээд манай бөх торгуулийн тойрогт Грекийн бөх Романыг юүко үнэлгээгээр, хүрэл медалийн төлөөх барилдаан Гүржийн бөхийг торгуулиар ялж, медалийн болзол хангав.

Тэмцээний эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа нар алт, 60 кг-д өрсөлдсөн Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн. Ингээд хоёр өдрийн дараах байдлаар Монголын жүдочид “Тбилиси Гранпри”-гаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.