Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чөлөөт бөхийн охидын академийнхан

Монголын чөлөөт бөхийн охидын академийн үүдээр орлоо. Үйлчлэгч эмэгтэй Сургалтын танхим руу биднийг оруулаад “Батбаяр дасгалжуулагч та нарыг энд хүлээж байгаарай гэсэн” гэв. Танхимд зурагт, самбар зэргийг байрлуулжээ. Мөн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэгийн олимпод хонгодож цацах мэхээр таван оноо авсан барилдааны зургийг кадр кадраар нь дараалуулан байрлуулжээ. Номын тавиурт Эрнест Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй”, Далай багшийн “Аз жаргалтай амьдрахуйн урлаг”, Монгол Улсын түүхийн ботиуд, “Хөх нуруутын зөв сэрэхүйн ухаан”, “Амьдрах ухааны гарын авлага”, Ш.Магваны “Хөх тэнгэрийн орон их спортод”, “Өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх дасгалжуулалтын шинэ арга зүй”, “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” гээд номнууд байна. “Хүний хүүхэд”, “Шилдэг цэрэг-3”, “Чулуун толгой”, “Тагнуулч аав”, “Галзуу хурд” зэрэг кино бас “Дэлхийн шилдэг бөхчүүдийн барилдаан”, “Багшгүйгээр англи хэл сурцгаая”, зумба бүжгийн хичээлийн дүрс бичлэгүүд байна.

Чөлөөт бөхийн охидын академи нь хуучин байсан “Олимп” сургуулийн байранд байрладаг. Уг сургууль А.Сүхбат аваргын “Хүнс трейд” компанийн хашаанд байдгийг спорт сонирхогчид мэдэх болов уу. Сургалтын танхимын цонхнууд баруун тал руу буюу А.Сүхбат аваргын компани руу харсан байлаа. Академи, компанийн байрны дунд, хүний нүднээс далдхан нэг хөшөө байх юм. Нэлээд өндөр, сүрлэг. Цонхоо онгойлгож байгаад зураг хөргийг нь дарлаа. Хараад байсан чинь Төв номын сангийн урд байсан И.В.Сталины хөшөө дүрээрээ мөн шүү. Хүмүүс уг хөшөөг хэрхсэн талаар янз бүрээр ярьцгааж л байсан. Гэтэл А.Сүхбат аварга маань уг хөшөөг компанийнхаа хашаанд урд зүг рүү харуулаад нууцхан залчихсан байгаа нь энэ. Ийн хөшөөг сонжиж зогстол үүдэнд монгол, орос хоёр хүн хэл нэвтрэлцэхгүй байгаа бололтой нэг тиймэрхүү яриа өрнөж байна. Өнөөх гадаад хүн хоёр давхрын бие засах өрөөний түлхүүр асууж байгаа юмдаг уу даа. Тэгснээ халуун усны өрөөний түлхүүр ч бас асуугаад байх шиг. Үйлчлэгч эмэгтэй өнөөх хүний ярьсан өгүүлбэрүүд дундаас “Душ”, “ключ” гэсэн хоёр үгийг л ойлгоод “Да, да” гээд л толгой дохих юм. Үйлчлэгч эгч “Миний дүү, энэ польш юу гэнэ үү. Ямар ч байсан нэг түлхүүр асуугаад байна” гэлээ. Тэр хоёрт тусалчих санаатай өнөө польш нөхрөөс англиар “Та англиар ярьдаг уу” гээд асуутал толгой сэгсрэв. Хоёр, гурван минут бид гурав ярилцаад хэл нэвтрэлцэж ойлголцсонгүй. Үйлчлэгч “Да, да” гээд л толгой дохисоор, нөгөөх нь дуржигнуулаад л юм ярьсаар хоёр давхар руу гарчихлаа.

Монголын чөлөөт бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр өрөөндөө ирлээ. Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчин, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар энэ гурав академидээ долоо, долоо хоногоор каминдет багшаар ажилладаг юм байна. Харин бэлтгэлийн цагаар гурвуулаа заавал байлцана. Энэ долоо хоног Б.Батбаяр дасгалжуулагчийн ээлж.

“Олимп” сургууль гэж байгаад үйл ажиллагаа нь тэгэсхийгээд зогсчихсон. Сургуулийнх нь байр хоёр жил гаран эзэнгүй шахуу хоцорч. Асашёорюү Д.Дагвадорж, Б.Батбаяр нар эзэнгүй байгаа сургуулийг түрээслээд ч болтугай тамирчдаа байрлуулъя гэж ярилцаад Л.Чинбат захиралтай уулзах гээд Сэлэнгийн Цагаан нуур дахь компанийх нь талбай дээр очиж. Нэг хоёр хоног тэнд амрах, ажил ярих зуураа “Олимп” сургуулийнх нь байрыг сонирхож байгаагаа дуулгаж л дээ. Тамирчдын байр, хоол унд, хувцас хунар, эм бэлдмэл, цалин, тэмцээний зардал гээд жилд 600 гаруй сая төгрөг зарцуулдаг. Зарим жил тэрбум хол давсан зардал гаргаж байлаа. Та хоёр үнэхээр тэр бүгдийг даван туулж чадна гэвэл хамаагүй. Сургуулийн байрыг сард таван саяар түрээслэ. Харин урсгал зардлаа өөрсдөө гаргаарай. Сардаа тог цахилгаан, усанд 1.8 сая орчим төгрөг гардаг гэжээ. Ингээд 2013 оны арванхоёрдугаар сард Чөлөөт бөхийн охидын академиа байгуулаад шинэ он гарангуут сургуулийн байрыг жилээр нь түрээсэлж авчээ. Энэ хооронд манай охид оролцсон тэмцээн бүрээсээ медаль хамж, хүн бүрийн урмыг сэргээсэн болохоор Л.Чинбат захирал “Эмэгтэй бөх ирээдүйтэй, том боломж харагдаж байна” гэж ихэд бэлгэшээж, бас спортыг хөгжүүлэхийн төлөө яваа залуусынхаа сэтгэлийг үнэлээд 2016 оны арванхоёрдугаар сар хүртэл түрээсийнхээ үнийг чөлөөлсөн гэнэ. Энэ нь чөлөөт бөхийн холбооныхны хувьд нуруун дээр нь дарж байсан нэг хүнд ачааг аваад хаячихсан мэт л болжээ.

Одоогоор Монголын чөлөөт бөхийн академид Монголын 13, Беларусын дөрөв, Польшийн ес, Казахстаны 20 тамирчин бэлтгэл хийж байна. Энэ сарын 29-нд эхлэх “Mongolia open”олон улсын тэмцээний өмнө гадны багийнхан манайтай хамтарсан бэлтгэл хийх санал тавьж ирээд байгаа нь энэ.

Түрүүн бие засах өрөөний үүдэнд ярилцах гээд чадаагүй нөхөр бол Польшийн багийн дасгалжуулагч юм байна. Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн мундаг тамирчидтайгаа иржээ. Тамирчид байрлаж, бэлтгэлээ хийхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, сургалт, багш нараар хангагдсан ийм академик түвшний сургалттай сургууль дэлхийд Япон, Монголд л байдаг юм байна. Манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн чадвар, амжилт зэрэг өсч дэлхийд гайхагдаж байгаа энэ цагт гадныхан манайхтай хамтарч бэлтгэл хийе гэж гуйдаг болж. Казахстаны баг манайд ирж бэлтгэл хийе гэхээр нь “Манай академи жаахан ачаалалтай байгаа. Тамирчид маань нэг өрөөнд арван хэдүүлээ, казармын байдалтай л байрлаж байна” гэж хэлсэн ч “Бид та нартай хамтарсан бэлтгэл хийж байвал шалан дээр хэвтсэн ч хамаагүй” гэсээр ирсэн юм байна. Казахстан бол шилдэг бөхчүүдтэй орон. Гэтэл манай охидтой хамтарч бэлтгэл хийе хэмээн өөрсдөө санал тавьж байгаа нь манайхны чансаа хэр байгааг харуулж байгаа үзүүлэлт л дээ.

Б.Батбаяр дасгалжуулагч “Mongolia open” тэмцээн хүртэлх өдрүүдийн дэглэм, бэлтгэлийн цагийг гаргасан хуваарийг танилцууллаа. Нэгдсэн бэлтгэлийн үед өглөө зургаан цагт босоцгооно. Сургуулийн хашаанд эсвэл Тахилт, “Найрамдал” зуслан руу гүйцгээнэ. Найман цагт өглөөний цайндаа орчихоод заал руу орно. Спорт тоглоомоор тоглож, хүчний бэлтгэл хийх нь фитнессийн танхимд очно. Өдөр 13 цагт өдрийн хоолоо идчихээд 14 цагаас заавал унтана. Ингээд хоёр цаг хэртэй амраад 16.30 минутад дэвжээний бэлтгэлтэй. Энэ бол чухал бэлтгэл. Барилдана. Тэмцээн дөхвөл өдөрт хоёр удаа дэвжээний бэлтгэл хийж барилдана. Бэлтгэлээ 18 цагт дуусгачихаад саун, душиндаа орчихоод 19 цагт оройны хоолоо иднэ. Ингээд амралтын цаг эхэлнэ. 22.30 гэхэд бүгд орондоо орчихсон байх ёстой. Тамирчид академидаа байрлаж буй үедээ өдрийн энэхүү хуваариа зөрчиж болохгүй. Ингээд бямба гаригийн өдрийн хоолоо идчихээд гэр рүү харьж болно. Тэгээд маргааш нь буюу ням гаригийн орой академидээ ирчихсэн байх ёстой. С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Сумьяа, О.Бурмаа зэрэг манай зарим тамирчдын хувьд бэртэл авсан учир эмчилгээ хийлгэж байгаа болохоор одоогоор академидаа байрлаагүй байгаа гэнэ. Гэхдээ 16 цагийн бэлтгэлдээ багш нартайгаа заавал ирж байгаа гэнэ. Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 48 кг-ын жинд эх орныхоо нэрийг олон жилийн турш гаргаж байгаа бөх. Тэрээр олимпийн дараа хөл хүнд болж оны өмнө амаржсан байна. Хүүхэд нь тав, зургаан сартай ч саяхнаас бэлтгэлдээ оржээ.

Фитнессийн өрөөнд орвол Э.Нарангэрэл газарт хэвтчихсэн, гэдэс таталт хийж байна. Б.Батбаяр дасгалжуулагч хажуугаар нь өнгөрөхдөө “Нуруу гол шүү” гэж зааварлана. Польшийн өөр нэг дасгалжуулагч буланд оччихсон нэг тамирчинтайгаа аминч яриа өрнүүлнэ. Ингэж суйлах хэрэгтэй. Гэхдээ баруун гараа сул орхив доо гэж байгаа юм уу, тиймэрхүү юм л хэлж байна гэж таамаглав.

Охидын академи гэхээр эрэгтэй бөхчүүд ирж бэлтгэл хийж болохгүй гэж ойлгож болохгүй аж. Нэгдсэн бэлтгэлийн үед манай гучин эмэгтэй бөх байлаа гэхэд өсвөр болон залуучуудын ангиллын бөхчүүдийг авчирна. Тэд нараар бэлтгэл хангагч хийлгэнэ. Эрэгтэй, эмэгтэй тамирчны хооронд хэд хэдэн ялгаа байдаг юм байна. Эрэгтэй тамирчид ямар нэг мэхийг сурахдаа гаргуун. Нэг хараад эсвэл нэг хийж үзээд л өөрийн болгочихно. Мартана гэж үгүй. Харин эмэгтэй тамирчдад нэг мэхийг хийж сургачихаад орхиж болохгүй. Тэрийг нь цаг үргэлж давтуулж байх хэрэгтэй. Давтахгүй нэг, хоёр хоночихвол урьдынх шигээ сайн хийдэггүй гэнэ.

Эмэгтэй тамирчид маш үнэнч. Итгэж байгаа хүндээ үнэнч, хэзээ ч хуурдаггүй. Багш, дасгалжуулагчдаа итгэж байгаа бол хэзээ ч хуурч, худал хэлэхгүй. Сахилга батын хувьд санаа амар гэж Б.Батбаяр дасгалжуулагч хэлээд “Ганхуяг, Оско бид хэд чинь тамирчин байхдаа сахилгагүйтдэг байлаа. Унтаж байгаа юм шиг харагдуулах гээд хөнжил дороо цүнх, хувцасаа овойлгоод засчихна. Тэгээд цонхоороо гараад явчихдаг байлаа. Эрэгтэйчүүд чинь тиймэрхүү юмандаа сайн. Би заримдаа энэ хэдэн охидоо хардана аа. Хардаад ямар ч нэмэргүй. Урамгүй шүү. Өөрийнхөө тамирчин байсан үеийнх шигээ л эднийг сахилгагүйтчих болов уу гэж бодоод өрөөнд нь орохоор ер тиймгүй шүү” гээд инээлээ.

Одоогоор Монголын чөлөөт бөхийн холбооны эмэгтэйчүүдийн шигшээ багт Э.Нарангэрэл, Ц.Энхжаргал, Э.Даваачимэг, Э.Сумьяа, П.Орхон, С.Бямбацэрэн, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, Б.Одончимэг, О.Бурмаагэсэн 13 тамирчин байгаа юм байна. Бүгд аймаг аймгаас шалгарч, шигшигдсээр ирсэн тамирчид. Э.Нарангэрэл Эрдэнэт, Ш.Түмэнцэцэг, Э.Даваачимэг нар Завхан, С.Батцэцэг, Э.Сумьяа нар Архангай, С.Бямбацэрэн Өмнөговь, П.Орхон Өвөрхангай, Т.Мөнхтуяа Булган, С.Цэрэнчимэд Хэнтий, О.Насанбурмаа Баянхонгор, Б.Одончимэг, О.Бурмаа нар Төв, Ц.Энхжаргал Ховдынх.

Манай тамирчдын байрлаж байгаа өрөөнд орвол Ш.Түмэнцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар унтаж байлаа. Б.Одончимэгтэй мэндэллээ. Тэрээр “Сайхан эмэгтэй байхын нууц” гэсэн ном дэргэдээ тавьчихаж. “Чи ийм ном уншиж байгаа юм уу. Ямархуу ном байна даа” гэвэл “Би уншаагүй. Хүүхдийн ном” гээд дэрэн дороосоо “Галдан бошгот хаан” гаргаж ирээд “Би энэ номыг уншиж байгаа” гээд инээмсэглэлээ.

Хернингийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэгтэй ойр зуурын юм ярьж хэсэг саатлаа. Тэрээр “Манай чөлөөтийн охидыг гадныхан даацтай мэхтэй, хамгийн гол нь маш их бяртай л гээд байдаг ш дээ. Үндэсний бөхийн мэхээ хийнэ. Одоо бидэн дунд гар талладаггүй хүн гэж байхгүй тийм ээ, Түмээ” гээд зэргэлдээ орны Ш.Түмэнцэцэгийг дуудлаа. “Биднийг гадныхан бяртай гэдэг тийм ээ” гэж Б.Одончимэг асуувал Ш.Түмэнцэцэг чихэндээ байсан чихэвчээ аваад “Тийм ш дээ” гэсээр босч ирлээ. Манай Чимэдээ (С.Цэрэнчимэд хэлэв) гэхэд л хөл авна. Бараг бүгд гар талладаг. Бид чинь ямар багаасаа бөх болно гээд элдэв амин дэм, эм уусан биш. Мах идээд л ийм болчихсон. Бидний гар хөлийг гадныхан чинь барьж үзээд “Яасан чанга юм бэ” гээд гайхдаг шүү. Саяхан Буриадын бөхчүүд бидний гарын булчинг бариад л гайхаад байсан. Япончууд ер нь бяргүй. Бяргүй хэрнээ ажиллагаагаараа л оноо авчихаад байдаг.

Та нарыг сая “Дэлхийн цом”-д барилдахад Мартын найман таарсан байх аа гэвэл “Тамирчин бидэнд ямар юмных нь баяр байх вэ. Тамирчин болсноосоо хойш баяр тэмдэглэхээ ч больсон. Сүүлдээ ч тоохоо байсан. Сүүлийн ганц хоёр жил л Цагаан сараар золгож үзлээ. Цагаан сараар ер нь тэмцээнд явж таардаг юм даа” гэлээ. Тэд “Азербайжан, Украин, Польш гээд л гадны орны бөх эмэгтэйчүүдийг хараад байхад хоёр, гурван хүүхэд төрүүлсэн мөртлөө л ДАШТ, олимпод оролцоод яваад байгаа нь олон байна. Олимпдоо оролцлоо, дараа нь төрлөө. Тэгээд амаржаад гурав, дөрвөн сар болоод л бэлтгэлдээ орж байгаа харагддаг. Сүүлийн үед манай шигшээгийн охид ч тэгэх боллоо. Гэхдээ нэг их нялх биетэй байхдаа хүнд дасгал хийхгүй л дээ. Бага багаар гүйх зэргээр биеэ дасгаж байгаад л бэлтгэлдээ орж байгаа” гэлээ.

Б.Одончимэг, Ш.Түмэн­цэцэг хоёр “Чимэд ээ, миний дүү босоорой. Наана чинь сурвалжлагч ирчихээд юм асуугаад байна. Босоорой Чимэд ээ” гэж үгэн завсраа С.Цэрэнчимэдийг дуудна. С.Цэрэнчимэд нам унтана. Эгч нарынхаа дуудаж байгааг дуулж байгаа болов уу гэмээр.

Фитнессийн өрөөнд манай шигшээгийн охид ирж, өглөө гадны нэг бөх ямар гайхалтайгаар дасгалаа гүйцэтгэж байсныг биендээ ярина. Э.Нарангэрэлийг ярихаар нөгөөдүүл нь толгой сэгсэрч “Аая, яа яа бүр тэгж үү. Айхавтар юм гээч” гэж яриаг нь үргэлжлүүлж сонсоно.

Тог тасарчихлаа.Оройноос наашгүй гэнэ. Өдрийн хоол 13 цагаас байтал ингээд тог тасарчихсан болохоор хоол оройтох нь ойлгомжтой. Тийм болохоор гадны бөхчүүдэд “Тог тасарсан учир өдрийн хоол 14 цагаас” гэж хэлэх хэрэгтэй болов. Тэгтэл Э.Даваачимэг тэр булангаас “Яасан гэнэ ээ. Хэнд юу гэж хэл гэнэ ээ. Би очоод хэлчихье” гэсээр дээш гараад явчихав. Бусдаас нь “Э.Даваачимэг ямар хэлтэй вэ. Жишээ нь польшуудтай ямар хэлээр ярина гэсэн үг вэ. Оросоор уу, польшоор уу” гэвэл шигшээгийн охид нирхийтэл инээж “Аа, бас нэг өөр хэл гэж байна аа, байна. Орос, английг холиод дээр нь тататунгаа гэдэг олон улсын хэлийг оролцуулаад болгочихдог юм” гэцгээлээ.

Охидтой ярилцаж зогстол академийн урд нэг жийп машин ирж зогслоо. Дотроос нь А.Сүхбат аварга гарч ирлээ. Албаны ажил хэрэгч маягаар хувцаслажээ. Гадаад хүн дагуулж яваа нь харагдав. Гараараа ийш тийш зангаж юм зааж өгч байгаа бололтой шүү. Компани руугаа орчих шиг болов. Сургалтын өрөөнд очиж цонхоор гадагш харвал А.Сүхбат аварга маань өнөө дагуулж яваа хүмүүстэйгээ Сталины хөшөөний урд зургаа татуулна. Хамт яваа хүн нь хөшөөг дороос нь тэргүүн хүртэл нь нэг бүрчлэн харах аж. Б.Батбаяр дасгалжуулагч цонхоо онгойлгоод аваргатай мэндчилбэл “Бид тавуулаа явж байна. Гал тогоонд шөл, унд бэлд гээрэй. Тэнд уулзъя” гэв. Хоол нэг цагаар хойшилсон болохоор тамирчид өрөө өрөөндөө бөөгнөрцгөөнө. Манай шигшээгийн охид бүгд ор дэрээ засч, янзлан цонхоо онгойлгож салхи оруулжээ. Тойрч суугаад юм ярина. Тэгтэл Польшийн нэг тамирчин шагайснаа “Boss how much?, Нет босс?” гэлээ. Юу гэнэ үү. Босс яасан гэнэ үү гэж сониучирхвал “Манайд чинь хоёр босс байдаг юм. Нэг нь валютын, нөгөөх нь дэлгүүрийн босс” гээд инээлдлээ. Э.Нарангэрэл валтын босс нь гэнэ. Гадны тамирчид голдуу доллар, евротой л ирнэ. Тэрийг нь Э.Нарангэрэл төгрөгөөр сольж өгнө. Валют солихдоо гар утсаараа лавлахаас мэдээлэл авна. Тэгж байж бодит үнээр арилжаа хийдэг юм байна. Валютаа төгрөг болгосон гадныхан дэлгүүрийн босс Э.Даваачимэгийг хайгаад явчихлаа. Үүдний жижүүрийн өрөөнд шилэн нүүртэй төмөр шүүгээ байна. Дотор нь чихэр, шоколад, ундаа гээд бүхий л амттан байхын сацуу угаалгын нунтаг, шингэн гээд ойр зуур хэрэг болохоор янз бүрийн бараа харагдлаа. Энэ бол дэлгүүр нь. Шигшээ багийн охид анх 150 мянган төгрөгийн фонд үүсгэжээ. Тэр мөнгөөрөө бараа худалдаж аваад дор дэлгүүр ажиллуулж. Тэндээсээ өөрсдөө юмаа худалдаж авч иднэ. “Тэгэхгүй бол бид байгаа бүх мөнгөө ойролцоох ТҮЦ, дэлгүүрт л өгөөд тавьчихна гэсэн үг. Заримдаа дэлгүүрээсээ юм зээлж авч иднэ. Бүр өрийн сүлжээ үүсчихнэ шүү дээ” гээд бие биенээ цаашлуулна. Жилийн дотор фондны мөнгө нь сая гаран төгрөг болсон байна. Өнгөрсөн жил түүнээс ч их болчихсон байтал шигшээгийн нэг охиных нь гэр шатахад мөнгөө хандивлаж гэр авахад нь тусалсан гэнэ. Тэгээд дахиад фонд үүсгээд дэлгүүр ажиллуулж, валют сольж мөнгөө эргэлдүүлж байгаа нь энэ юм байна. Э.Нарангэрэл “Овоо хэдэн доллар, евротой болчихсон байсан. Саяхан аваачаад төгрөг болгуулчихсан” гэлээ. Э.Даваачимэг дэлгүүрээсээ бараа худалдсан бололтой. Дэвтэр гаргаж ирээд данс хөтөлнө.

Дархан аварга А.Сүхбат ороод ирлээ. Охид орон дээрээ сууж байсан болохоор аваргыг ороод ирэнгүүт бүгд босоод зогсчихов. Аварга бэлтгэл сургуулилт сайн, бяр хүчтэй л байна уу гэж мэндчилээд “Хамгийн жижиг жингийн хүүхэд хэн бэ. Алив гараад ир” гэлээ. Э.Нарангэрэл орон дээрээсээ буугаад ирвэл баруун гарын булчинг нь дагуулж явсан энэтхэг нөхөрт харуулж “Ямар вэ дээ” гэлээ. Бүгд инээлдлээ. А.Сүхбат “За, амжилт охид оо” гэчихээд гараад явчихав. Бодвол гадны нөхөрт Монгол охид ямар хүчтэйг гайхуулах санаатай хамгийн жижиг жингийн охиныг гаргаж ирж үзүүлээ биз.

14 цаг болж бүгд цайны газарт орлоо. Академийн төв хаалгаар гараад зүүн талын хаалгаар цайны газар руу ордог юм байна. Уг нь жирийн үед нэг тогооч, нэг туслахтайгаар ажилладаг бол гадны баг тамирчид ирчихсэн, нэлээд ачаалалтай байгаа болохоор нэг тогооч нэмж ажиллуулж байгаа аж. Г.Энхжаргал тогооч бол “Олимп” сургууль байгуулагдсан цагаас л эдний тогоог барьж байгаа эмэгтэй.

Баг багаараа ширээнд сууцгаалаа. Өдрийн хоолонд брокклитой зутан шөл, машиндсан махтай, нухсан төмс. Агшаасан гурвалжин будаа. Тог тасарсан ч газан тулгаа асаагаад аль л болох хоолоо оройтуулахгүйг хичээжээ. Зочин багийнхан нэлээд өлссөн нь илт. Хамгийн түрүүнд хоолонд дугаарлацгаав. Манайхан яахав гэрийн эзэд болохоор уужуу хүлээж байлаа. Гадны тамирчид ширээндээ хоол ундаа авсны дараа манай баг тамирчид хооллож эхлэв. Арилгачихсан бүхэл бүхэл бөөрөнхий сонгино байсныг Казахстаны тамирчид ширээндээ авчихав. Беларусын нэг тамирчин зутан шөлийг үнэртэж үнэртэж байснаа сая нэг амсав. Олон орноор явж үзсэн, шигшээд удсан тамирчин Б.Одончимэг “Гадаадад явахад хэцүү ш дээ. Хоол унд нь таарахгүй. Бид ч ингэдэг л юм. Элдэв янзын хоолыг нь идэж чадахгүй. Сүүлдээ өрөөндөө шөлтэй хоолоо хийж идэж хөлс гарч байгаа юм чинь” гэлээ. Б.Батбаяр дасгалжуулагч Б.Одончимэгт хандан “45 хүний суудалтай автобус хөлслөөд Цонжинболдогт очихоор болсон. Чи манайхнаас хэн хэн явахыг мэдээд нэрийг нь бичээд өгөөрэй. Нэг тиймэрхүү арга хэмжээ зохиохгүй бол гадны энэ баг тамирчид уйдаж байгаа байх. Биднийг өндөр хашаагаараа хүрээлэгдсэн, хашаанаасаа гардаггүй, үүдэндээ харуул хамгаалалттай, дэргэдээ Сталины том хөшөөтэй, ер нь айхавтар өндөр сахилга баттай хүмүүс юм гэж ойлгоод байх шиг байна” гээд инээлээ. Казахстаны охид манай шигшээгийн охидын дэлгүүрээс худалдаж авсан чихэр, жигнэмэг зэргээрээ бусад ширээнийхнээ дайлна. Тэдний багийн 48 кг-ын жингийн Еленора гэх тамирчны төрсөн өдөр нь тохиож байгаа юм байна. Тийм болохоор байгаа боломжоороо өдрийн цайны цагаар төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нь энэ. С.Цэрэнчимэд хоол идэнгээ гар утсаараа бичлэг шимтэн үзнэ. Ямар бичлэг үзээд завгүй сууна вэ гэвэл “Аан барилдаан үзэж байна” гээд харууллаа. Б.Батбаяр дасгалжуулагч Б.Одончимэг, С.Цэрэнчимэд нарт хандан “Оройны хоолны үеэр нэг бялуу хэрэг болох нь. Лаа асаагаад. Та нар тэрийг зохион байгуулаарай. Эртхэн авчраад тогоочдоо өгчих. Тэгээд хоолны үеэр лаатай бялуу гаргаад ирвэл гэнэтийн бэлэг болно шүү дээ” гэлээ. С.Цэрэнчимэд гар утсаараа үзэж байсан бичлэгээ багшдаа үзүүлээд тэрүүхэн тэндээ толгойгоо нийлүүлээд барилдаан, мэх ярьж эхэллээ. Тэднийг ширээнд үлдээгээд гадаа гарлаа. Тамирчид үүдний сандал дээр сууцгаана. Гадны тамирчид хоёр гурваараа сугадалцаад салхинд алхана, хашаан дотор. Ингээд өдрийн унтлагын цаг болов. Академи тэр аяараа нам гүм боллоо. Б.Батбаяр дасгалжуулагч ширээн дээрээ бичиг цаас гаргаж ирээд сууна.

15 цаг 40 минут гээд гаднаас машин тэрэг ганц нэгээр цуварч орж ирлээ. Гадуур эмчилгээтэй байгаа тамирчид, шигшээгийн дасгалжуулагчид цөм ирж байна. 16 цаг гэхэд бие халаалт эхэллээ. Үүдэнд жаахан хүүхэд тэвэрсэн охин зогсоно. Түүнээс “Өөрөө Энхжаргалын дүү юү. Хүүхдийг нь тэвэрчихсэн байгаа юм уу” гэтэл “Тийм ээ, Энхжаргал бэлтгэлдээ орчихсон. Хүүхдийг нь тэвэрч байна” гэлээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Биеийн тамирын дунд сургуулийн багш Х.Чойжилжав, “Цастын барс”-ын Д.Бат­ням, Ц.Баярсайхан нар ирчихэж. Бие халаалтын үед урагш хойш өнхөрч, гар гараасаа бариад эргэлдэж, нэгэн дээгүүрээ харайцгаах юм. Заримдаа хүнтэй мөрөөрөө ширүүхэн мөргөлдчихвөл толгой хүзүү сонин болчихдог үе байдаг даа. Гэтэл чөлөөт бөхийн охид зэрэгцэж гүйж яваад дээш үсрээд агаарт мөр, таазаараа мөргөлддөг дасгалыг хийдэг юм байна. Бөх охид маань энэ дасгалыг хийхдээ инээлдэж, бүр хөгжилдөх юм. Бие халаалт дуусч хөнгөн, хүнд жингээр хоёр дэвжээнд хуваагдаад барилдаж эхэллээ. Дасгалжуулагчид нь тамирчдадаа хандаж зөвлөгөө өгч, болохгүй бол өөрөө очиж биеэрээ үлгэрлэн заана. Гадны бөхтэй барилдах шавьдаа хандан “Мэхээ ямар тэсрэлттэй хийж байгааг харж байна уу” гэж анхааруулна. Ийнхүү бэлтгэл хоёр цаг үргэлжлээд дууслаа. “Mongolia open” тэмцээн болтол ийм маягаар бэлтгэцгээх юм байна. Уг тэмцээний дараа АНУ, Франц, Бразилийн шилдэг бөхчүүд манайхтай бас хамтарч бэлтгэл хийнэ гэдгээ илэрхийлчихээд байгаа юм байна.

Дэлхийн хэмжээнд одоогоор хоёрхон байгаа Чөлөөт бөхийн охидын академиас бэлтгэсэн “Танай өнжье” булангаа энд хүргээд жаргааж байна.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ томилолт

Алс баруун хязгаар Алтай Таван богдын Даян нуурын застав дахь цэргийн баяр

Алтай Таван богдод эх орны баруун хил дагуу явахад нүд баясам, айдас төрүүлэм, сэтгэл татам олон сайхантай таарах ажээ. Өвөл зунгүй урсдаг 30 гаруй гол, ёроол нь нэвт харагдах 20 гаруй нууртай бөгөөд битүү хад асга эсвэл ой хөвчөөр бүрхэгдсэн мөнх цаст сарьдгийн тоог гаргах аргагүй шахам. Байга­лийн энэхүү нэн сайханд харуу­лын цувааг тэргүүлэн яваа Я.Гансүх нь Ховд аймгийн гарвалтай бөгөөд 2012 онд хугацаат цэргийн албанд татагдан ирээд улмаар гэрээт цэргээр үлдэж гэрээт түрүүч, харуулын дарга болон дэвшсэн тухайгаа хамт гурван цаг гаруй явсны эцэст ярилаа. Нэгэнт л тангараг өргөсөн хүн, эх орныхоо дархан хилд амь биеэ зориулахаар шийдсэнээ ч өгүүлэв. Харин өнгөрсөн зун харьж ирэхэд эхнэр нь оройтож, хүүхэд хэнзэдлээ гэцгээсэн тухай дурсаад сэмхэн шүүрс алдав. Харамсалтай нь гэрээт хилчин эхнэртэй байж болохгүй. Энэ дүрмээр Я.Гансүх эхнэрийн асуудлыг хойш тавьж яг гурван жилийн турш манаанд зогсчээ. Ар гэрийн амьдралаас ярианы сэдэв хальж хилчдийн хөгтэй явдал руу хөтлөв. Хэдхэн жилийн өмнө адууны ширээр хийсэн цанатай цэргүүд манаа хийж явтал 20 орчим метрийн эгц уруу буух шаардлага тулгарч. Эхнээсээ буусаар хамгийн сүүлд Цээеэ гэх цэрэг үлдсэн байна. Доор буусан нөхөд нь ч түүнийг буух үед “Таягаа хавчуулаарай” хэмээн хашгирахад мөнөөх эр хоёр таягаа суганыхаа завсар хавчуулж орхиж гэнэ. Уг нь хөлийнхөө завсарт хавчуулж хурдаа саах ёстой. Ингэж 20 метрийн эгц уруу хурд мэдэн буусан цэрэг эр цасны гүнд бараг гурван метр шигдсэн нь онигоо болж цэргүүдийн дунд одоо ч яригдсаар. Бас цасны мотоцикльтой хоёр цэрэг манаанд явж байтал урдах газар нь гэнэт алга болчихож. Арай гэж мотоциклио зогсоон буутал айлын зуслангийн байшингийн дээвэр дээр гар­­чих­­сан мотоцикль нь дэнжиг­нэж байжээ. Энэ мэтээр баруун хилийн цэрэг эрсийн онигоо дандаа байгалийн шалгуурын өмнө барьц алд­сантай холбоотой байдаг аж.

Хилийн морьд хэдий туршлагатай ч хэнхдэгнээс дээгүүр татсан цасанд оруутаа хөдөлж ч чадахаа болих юм. Хамар нь сарталзан хөдөлж чадахгүй, хий л бүлтэгнэнэ. Цэргүүд буулаа ч яг л морьтойгоо ижил бэлхүүсээ хүртэл шигдэж гараа сарвалзуулан инээлдэхээс илүүг хийж чадахгүй. Элдвээр оролдож мориныхоо цулбуурыг авч ойролцоох мод руу цалам хаяж үзлээ. Цас самардан ганц хоёр метр газар зүтгэх ч хоногтоо гарамгүй. Эцэстээ цалмаа нэгэн рүүгээ шидэж нэг дороо бөөгнөрсний хүчээр тэр их хунгар цаснаас гарч байх жишээтэй. Энэ үед Ямаат голын баруун уулын энгэрээр 20 гаруй марал буга урагшилж үзэгдэв. Харуулын дарга ч “Тор таслаад урагшаа гарчих вий” хэмээгээд хэдэнтээ хүүглэхэд мөнөөх амьтад хэсэг зогссоноо алгуурхан эргэж Ямаат голын эх рүү цувж одлоо. Хилчид эх нутгийн хилийн цаад руу буга гөрөөс бүү хэл хэнд ч үл захирагдах махчин араатанг хүртэл оруулахыг цээрлэн, харамлана. Харагдаж л байвал аль болох нутгийн зүг эргүүлэх цаад санааг агуулж явдаг ажээ. Хилийн торны завсар олон ч амьтан орж үхсэн байхтай таардаг байна. Шуургатай өдөр бүр ч урт зайд эргүүл хийж айл хотлын адуу малыг хариулж, манаж эздэд нь эргүүлэн өгөх нь тэдний үүрэг. Өнгөрсөн өвөл болсон шуурганаар аймгийн хэмжээнд бараг 700 орчим адууг хилээр давахын өмнө буцаан татсан бөгөөд энэ нь нэг ч адуу Шинжааны тал руу алдаагүй гавьяа болсон.

Даянгийн заставын хувьд 2014 онд хилийн нэг, хил орчмын дэглэмийн гурван зөрчлийг илрүүлсэн бол нийт анги бүрэлдэхүүн Хятадын иргэн хил зөрчсөн таван тохиолдлыг илрүүлжээ. Хил зөрчигчдийг барьж саатуулаад хуулийн дагуу мэдүүлэг авна. Нутагтаа байж суух газаргүй болж дүрвэн орж ирсэн тохиолдол ч байдаг аж. Тэр нутгийн мөнгө хүүлэгчид “Чи мөнгө зээлж болно. Хүүгүй шахам” гэж өгчихөөд хэсэг хугацааны дараа их хэмжээний хүү нэмж, мөнгөө нэхдэг. Түүнийг нь төлж чадахгүй бол хүүхдийг нь хүчээр эмнэлэгт үзүүлээд “Тэр эрхтэн нь эрүүл байна дараагийн удаа мөнгөө төлөлгүй зугтвал уу… гэж занаж, сүрдүүлснээс зугтаж хил давлаа” гэж мэдүүлэх хүн ч гардаг ажээ. Зарим нь “Өвгөний чинь хоёр хонь хилийн цаана гарчихаад авахгүй бол хэдэн төгрөг нь хайран санагдаад” гэх жишээний юм ярин маасайж зогсдог аж. Эзнийг нь барьсны ард хоёр хонийг нь илрүүлж, барих гэж хилчид тэр их хад асга, битүү ойгоор өвч бүрхэгдсэн ян сарьдаг ууланд ёстой л ухаанаа зарсан явдал болжээ. Өмнө нь хоёр талаас хил зөрчилт их байдаг байсан бол өнөө цагт манайхаас Хятад руу зөвшөөрөлгүй хил давах тохиолдол нэг ч гарахаа больсон байна. Харин олзны хойноос хөөцөлдсөн хятадууд байгалийн баялаг, бугын эвэр, эмийн ургамал, мансууруулах өвс хүртэл хайж бэдчин хил зөрчих явдал байсаар байгаа бололтой. Тэр дундаа “Алтайн хүн орхоодой” хэмээх монголчууд үзэж ашиглах нь бүү хэл нэрийг нь ч ховор сонссон ургамал олз хайгчдын анхаарлын төвд байдаг бололтой.

Хилийн 17 дугаар тэмдэгт багана хүрэхийн наахна, Даянгийн боомтын харалдаа түр саатан ажиглалт хийлээ. Тор тасарчээ. Хилийн зөрчил мөнөөсөө мөн. Гэхдээ хэн таслав. Хятадын талын тор учраас очиж учрыг мэдэх боломжгүй. Яах вэ гэлцэн дахин дахин нүдээ арчин дурандсаар. Харуулын дарга гурван жил манаанд зогссоны зангараг заан “Бугын мөр байна. Ийм нарийхан байдаг юм. Морьтой хүнийх андашгүй чигээрээ явсан байдаг. Сул адуу байсан бол идээшилж тэр хавьдаа удаан эргэцэж тойрсон байх учиртай. Хүн бол тэр гэхийн тэмдэггүй мурийж сарийсан өргөн мөр үлдээнэ. Явган хүн ийм зузаан цастай хэсгээр явж ч чадахгүй” гэлээ. Бүр цаанаасаа нааш орж ирсэн байна гэдгийг ч олж тогтоолоо. Буга, баавгай зэрэг бие товир амьтад нэг зүтгээд л торны төмөр утсыг тас татан хилийн наана, цаана дуртай үедээ гарчихдаг байна. Ийнхүү амьтны хилийн зөрчил илрүүлж хэдэн буга нутаг өөдөө эргүүлж цаашилсаар хилийн 17 дугаар тэмдэгт, сүлдэт багана хүрч хүндэтгэл үзүүлсэн явдал Даянгийн застав, Бүргэдийн харуулын цэргүүдийн баярын өдрийн гол зорилго. Ухаандаа хилчид цэргийн баяраар сүлдэт баганад хүндэтгэл үзүүлэхийг “баярын нэмэгдэл бууз, хуушуураа” идэхээс ч эн тэргүүнд тавьж энэ чиглэлийн манааны бүрэлдэхүүнд багтахыг эрмэлздэг ажээ. Хилийн тэмдэгт бүх багана дээр төрийн сүлд байдаггүй бөгөөд 17 дугаар тэмдэгт багана сүлдтэй. Чингэсийн хэмээх төв талбайгаас төрийн сүлдэт энэ багана хүртэл хоёр мянган километр хол. Монгол Алтайн нуруу, Алтай Таван богдын энэ бүс нь алсын ажиглалт муутай, ой, бартаа саад, цас их манаа гүйцэтгэхэд хилчдийн шөрмөсийг шалгах газар мөн ч нөгөө талаас хэн хүссэн нь халдан түрэмгийлээд байх газар биш бололтой. Байгалийн энэхүү өвөрмөц тогтоц нь өөрөө өөрийгөө хамгаалдгаараа давуу талтай мэт. Тэр дундаа нутаг орныг төдийлэн мэдэхгүй, ой тайга, эгц цавчим гуу, ян сарьдагт явж сураагүй нөхөд орсон даруйдаа л баримжаагаа алддаг ажээ. Түүхэнд тагнуул хийхээр ирээд төөрч будлихдаа баригдаж, олзлогдохоосоо ч айлгүйгээр Монгол цэргүүд дээр тусламж эрэн ирж байсан тохиолдол ч тэмдэглэгдсэн байдаг аж. Түүхийн хуудас сөхвөл хилийн энэ хэсгээр 1900 оны эхээр Цагаантны дээрэмчид нэвтэрч явсаар Толбо нуурын тулгаралтыг бий болгож байж. Бас 1800 оны дунд үеэс казах иргэдийн Монгол руу хийсэн нүүдлийн цуваа мөн л үүгээр өнгөрч Монгол Алтайн зүүн бэлд суурьшсан. Харин 1700 оны дундуур Цэрэн тайж хар Хятадын цэрэгтэй Алтай таван богдын уг бартаанд түшиглэн дайтаж ялжээ. Ялагдал хүлээсэн цэргүүд Монгол Улсын гүн рүү зугтсан бөгөөд Хархорин ортол үлдэн хөөж хиар цохисон удаатай гэнэ. Ийм л түүхтэй газар, 1933 онд Даянгийн болон хилийн бусад заставуудыг байгуулж байжээ.

Хилийн манаанд гарч сүлдэт баганад хүндэтгэл үзүүлэхийн тулд цаснаа явагчаар нийт 50-иад, мориор хориод километр зам туулан өдрийн хугасыг үджээ. Даянгийн заставт эргэж ирэхэд цэргийн үдийн хоол болж таарлаа. Хуваарьт ёсоор хөц будааны шөл, талх, цай, гуляш өгөх байсан ч баярын нэмэгдэлтэй. Тогооч Б.Отгонцэцэг, Ш.Тумархан нар 140 километрээс нааш нэг ч дэлгүүр байхгүй гэхэд тун ч тансаг ширээ засчээ. Ээлжийн манаанд явсан, ирэх байсан ч ирж амжаагүй цэргүүдээ хасаад заставт буй хоёр салаа цэрэгт зориулан чацарганын ундаа найруулан, өөрсдөө үзэмтэй кекс хийж, талх, нарийн боов, орос чихрээр чимэглэн бэлтгэсэн байв. Үүний зэрэгцээ таваг дүүрэн өөх мах нь алагласан гоймонтой шөл, бас дүүргэж овоолсон төмсний хучмал. Нэмэгдлээ идэж баярлах гэсэн цэргүүд цуваагаар орж ирчихээд дуу ч гаргахгүй комманд өгөхийг хүлээсээр. “Малгайгаа аваад, чөлөөтэй байцгаа” гэсэн ч “Суу. Хоолондоо” комманд сонсдтол илүү хөдөлгөөн үл хийнэ. Чөлөөтэй байлгахыг оролдож удаж ядсаны эцэст энгийн үе шигээр командалж баярын ширээний ард суулган халбага, сэрээг нь бариуллаа. Үүнээс цааш тушаал үгүй учир баярын нэмэгдэл, тансаг ширээн дээрх амттан бүхэн цэргүүдийн мэдэлд. Шөлтэй хоолны амт ч хүмүүсийн хэлдгээр “ванлий”. Удтал богшоож буцалган өтгөрүүлсэн шөлөнд тарган мах хөшиглөн гоймон хийжээ. Төмсний хучмалын жигнэлт нь бага зэрэг ихэдсэнийх үү жаахан аргуу болсон байв. Ахмад Б.Бямбадорж, хошууч Х.Ержет, ахлах дэслэгч А.Ахтанбек нартай цэргийн хангалтын талаар хөөрөлдөхөд “Хоол ямар байна, гоё их. Талх ямар байна, гоё том гэсэн яриа цэргийн хүрээнд нийцэхээ болиод удаж байна. Хангалт сайн болсон. Цэргийн хүнсэнд цувдай ч байхаа больсон” гэдгийг өгүүлж байлаа. Цэргүүд хооллохдоо цагтай уралддаг учир баярын ширээ ч 15 орчим минутын дараа нэлээд нимгэрнэ билээ. Хилийн тоот цэгт явж манаа хийхийг цэргүүд илүүд үздэг гэнэ. Яагаад гэвэл тэнд нормын хүнсээрээ өөрсдөө хүссэн хоолоо хийж иддэг, застав нэгдэл, цэргийн сургуулилт байдаггүй. Бас хил зөрчилт илрүүлж, хариад ярих баатарлаг адал явдалтай тулгарахыг цэргүүд нууцхан мөрөөддөг учир хилийн манаанд байнга явахыг хүсдэг ажээ.

Чөлөөт цаг гэхээс нааш цэрэг бүр даалгавар биелүүлж явдаг. Ахуйн цэвэрлэгээнээс эхлээд бие бялдрын дасгал сургуулилт хийгдэнэ. Тархиа цэнэглэж, хэвлэл уншин мэдээлэл авах нь хүртэл тэдний биелүүлэх ёстой даалгавар. “Өдрийн сонин” тэргүүтэй төвийн хэвлэл “DDSH” үзэж мэдээлэл авна. Цэргийн баярын өдөр учраас эдгээр ажлыг эртхэн амжуулаад уралдаант тэмцээнээ хийлээ. Буу угсрах тэмцээнд байлдагч Ховд аймгийн харьяат Б.Магсаржав 20 секундэд гүйцэтгэсэн бол сонс эргэлтээр Увс аймгийн харьяат А.Ганбат тэргүүллээ. Урлагийн авьяасаараа байлдагч Х.Батбаяр, Содномцэрэн, О.Серикбол нар шалгарав. Урлагийн танхимдаа 1980-1990 оны шилдэг эстрадын түүвэртэй бөгөөд “Абба” хамтлагийн аяыг тавьж байгаад, тогооч, угаагч гурван бүсгүйгээ дундаа хийж аваад ёстой л шавиагаа ханатал чөлөөт бүжиг бүжицгээв. Тэд цэрэгт татагдахаасаа өмнө сум, аймгийнхаа шаггүй бүжигчид байсан бололтой. Таазны эргэлт, гарын хөдөлгөөн, нэгнээ халз бүжигт дуудах зэрэг нь мэргэжлийн хэмжээнд яригдахуйц. Гэхдээ энэ бүхэн цаг минуттай, дээрээс тогтоосон хугацаатай учраас урлагийн өрөөний багахан талбайд хөлсөө бурзайтал бүжиглэсэн цэргүүд бэлэн байдлын комманд сонсуутаа л хувцсаа цэгцэлж биеэ зэхэн дараагийн тушаал хүлээнэ.

Алтай Таван богдын өвөр Даян нуур, Даянгийн заставт цэргийн баярын өдрөөр нэг ийм адал явдалтай. Тэдний баярын өдөр ч гэсэн үүрэг даалгавраа гүйцэтгэн хилийн манаандаа зогссоор. Азтай бас азгүй цөөн хэдэн цэрэг л энэ өдөр ээлжгүй таарч баярын нэмэгдэл хүртэж багахан цэнгэв бололтой. Ер нь энэ өдрийг Улаанбаатарын цэргүүд л тэмдэглэсэн шиг тэмдэглэдэг бололтой. Эх орноо манах үүрэг авсан хэдэн бор цэрэг нь өгсөн тушаалын дагуу хилийн манаандаа зогссоор өнжлөө.

-Баян-Өлгийнхөн үндэсний уламжлалаа сэргээн наадлаа-

Казах үндэстний наурызын баяр орчин үеийн хэв шинжид нэлээд шилжжээ. Ёс заншилдаа уг баярыг нэг л өдөр тэмдэглэдэг байсан бол өдгөө цагаан сар шиг битүүн, наурызын нэг, хоёр, гурван өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж. Тэр дундаа Баян-Өлгий аймагт наурызын баярыг угтсан соёл, спортын арга хэмжээ хэдэн өдрөөр үргэлжлэн сүүлийн өдрүүдэд ёстой л цэнгэцгээлээ. Хурдан морь уралдуулж, казах курес бөх барилдан тулам булаалдах, морины давхил дунд зоосон мөнгө шүүрэх зэрэг тэмцээнүүд наурызын баярын битүүний өдөр буюу энэ сарын 21-нд Баян-Өлгий аймагт зохиогдлоо. Эхлээд морь уралдуулж, үндэсний цэнгэл, уламжлалт тоглоомоороо наадан өдрийн үдээс хойш курес бөхийн барилдаан явагдсан юм.

Өлгий аймгийн морины уралдаан олон түмний мэддэгчлэн төв нутгийнхаас арай өөр. Тэд морьдынхоо дэлийг сумалж засна гэсэн ойлголт үгүй. Азарга, гүү, морьдыг хараад ялгаж танихын аргагүй бүгд л хур дэлээ сагсалзуулан байна. Хурдан морьдынхоо сүүлийг 18-тай охид бүсгүйчүүд лугаа хоёр салаа болгож сүлжин шар шувууны өд уяж бэхлэх юм. Хоёр салаа сүлжих ёс нь эрт дээрээс уламжлагдан ирсэн бөгөөд энэ цагт морины давхил дунд хойд хөлийг нь ороож хурдлахад нь тээр болдог учраас уг ёсыг одоо бараг халжээ. Ихэнх нь энгийн сүүлний боолтоор шууж боох бол уралдаж буй морьдын дунд уламжлалт аргаар сүлжсэн цөөн хэдхэн морь явна. Шар шувууны өд сүүлэнд нь бөхлөх тухайд гэвэл коран судрын бичиг өдний хээ хоёр ижил учраас дээдлэн шүтдэг ажээ. Ийм өнгө төрхийн дор хурдан морьдын уралдаан боллоо. Өнгөрсөн бямба гаригт азарга, их нас, соёолон морьдын уралдаан болсон. Нутгийн иргэд өвлийн уралдаан гэж үзээд азарга, соёолонг 14 километр, их насыг 16 километрээс гаргаж байна. Гэхдээ барианаас гараа руу тууж буцаан уралдуулахгүй. Гарааны зурхай дээр бүртгэж шүдлээд шууд бариа руу хөдөлгөчихнө. Ингээд барианд хүрэхэд уралдааны зул дөнгөж задарч таарах нь ч байна. Увс, Ховд, Завхан аймгаас ч уяачид ирж уралдсан бөгөөд азарганы түрүүг Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Алтай, их насны түрүүг Завхан аймгийн уяач Бямбажав, соёолонгийн түрүүг Баян-Өлгий аймгийн уяач Т.Батсүх нарын морьд авлаа. Хаврын уралдаан учраас нэг насанд 30-50 орчим хурдан хүлэг уралдаж байна. Ер нь энэ нутаг, Монгол орны баруун бүс рүү Сүхбаатар, Дорнод буюу зүүн чигийн хурд зарагдаж цус сэлбэлт эхэлжээ. Хурдалсан морьдын ихэнх нь зүүн бүсийн угшилтай бөгөөд гурван насны түрүү морьд бүгд Сүхбаатар аймгаас зарагдсан унага аж.

Ийнхүү морьдоо уралдуулсан зон үндэсний тэмцээнээ үргэлжлүүлэн хийв. Кыз хуар, тенге илу, кекпар гэсэн гурван төрлийн тэмцээн явуулж байна. Кыз хуар гэдэг тоглоомын хэлбэр нь өөр болохоос төв нутгийн цүү хаяхтай утга нэг. Эрэгтэй эмэгтэй нийлсэн олон залуус оролцох бөгөөд тэнд хайр сэтгэлийн асуудал хөндөгдөнө гэсэн үг. Эрэгтэй нь эмэгтэйгээ өдөж, хоргоосны эцэст морьтой зугтана. Тэгэхэд эмэгтэй нь гүйцэж малиа буюу ташуураар хэдэнтээ гөвшиж орхино. Ингэж л нэг дор цугларсан залуус танилцдаг байжээ. Ер нь жаахан хатуу тоглоом юм. Хөмсгөө яз цохиулах, нүдээ таглуулах тохиолдол өчнөөн гардаг тухай ахмадууд ярилцаж байв. Гэхдээ энэ удаа үзүүлэх тоглолт хийсэн учраас нэгнээ арай зөөлөн цохино билээ. Харин тенге илу гэдэг морины хурдаар явуут дунд зоосон мөнгө шүүрэх учиртай. Дээхнэ үед тэмцээнийг зохион явуулагч зоосон мөнгө шидэж оролцогчид унасан газраас нь шүүрдэг байсан бол дүрэм нь өдгөө мөн л бага зэрэг өөрчлөгджээ. Мөнгөний оронд тод өнгийн даавуу зангидаад шидэж байна. Тэгээд тэмцээний аваргыг шалгаруулахын тулд цаг харах болж. Хамгийн бага хугацаанд шүүрсэн хүн нь хамгийн их хурдтай давхиж шүүрсэн гэсэн үг тул тэр нь ялагч. Энэ үеэр цөөнгүй жуулчид ч тэнд явж таарсан бөгөөд тоглоомын даалгаврыг биелүүлсэн гэхээсээ илүүтэй морьтойгоо давхар унасан оролцогчдыг ихээр сонирхож байлаа.

Тэгвэл тулам булаалдахыг кекпар гэнэ. Энэ тоглоомын дүрэм ч нэлээд өөрчлөгдсөн гэнэ. Хамгийн эхлээд ямааны толгойг тасдах хэрэгтэй. Тэр нь дотроо, яс махтайгаа байх шаардлагатай аж. Тэгээд хэсэг залуус хоёр баг болж хуваагддаг байжээ. Тоглоомын талбайн хоёр захад тус бүр нэг айл байх ёстой бөгөөд тэр гэрийн дээр тулмыг шидсэн тал нь ялагч. Гэр дээр нь тулам ойчсон айл бүтэн хоног найр хийж, хүн ардыг дайлах ёстой. Хар ухаанаар ойлговол сагсан бөмбөгийн тоглолт гэсэн үг. Харин оролцогчдоо харгалзан дүрмийг өөрчилж хоёр морьтой хүний хооронд тулмыг хаяж булаацалдуулж байна, өнөөдөр. Гэхдээ хол шидсэн тулам руу оролцогчид ухасхийн эхэлж хүрсэн нь өөрийн гарын зөв талаар тулмыг барих эрхийг авна. Ингээд л морьтой хоёр тийш нь татсаар алдалгүй авч үлдсэн нь дараагийн шатанд ахина. Тулмаасаа тавиагүй ч мориноосоо унасан бол бас л ялагдал хүлээнэ. Тулам булаалдах уг тэмцээнд нэг булхайтай нөхөр орох аваас тэр хавиар нэг хэрүүл тарих юм. Үндэсний бөхийн барьц сонгоод барьцаа аваагүй байхад нь хаяж баахан хэрэлддэг шиг нөгөө оролцогч нь тулмын шийр хэсгээс мөчигхөн атгах төдийд ухасхийн авч зугтсан тохиолдол хэд хэд гарлаа. Үзэгчид ч дүрмээ мэддэггүй новш гээд л тэмцээний талбар руу бүгд дайран орно. Булхайцсан этгээдээс тулмыг булааж, морьтой нь татаж унагаад шударга ёсыг сахиулах, тэмцээний дүрмийг заах ажлыг хүн бүр хийж хоолой мэдэн сургана. Оролцогч ч шаралхана гэж жигтэйхэн. Дээрээс нь булхайцсан нөхрийн сумынхан нийлээд хоёр тал болж эцэс төгсгөлгүй маргаан болж хувирах юм.

Өдөржин морь давхиулж, үндэсний тоглоомоор наадсан Баян-Өлгий аймгийнхан үдээс хойхно бөхийн өргөөндөө цугларлаа. Курес бөхийн барилдаан болж жин жингийн бөхчүүд зодоглолоо. Өмсгөл нь чөлөөтийн кимонотой төстэй хүрэм бол доогуураа богино өмдтэй төстэй. Гэхдээ өмсгөлдөө үндэснийхээ хээ, угалзыг урласан байх жишээтэй. Дүрэм нь чөлөөт бас Өвөрмонголын бөхтэй адил. Хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилдана. Зөвхөн далаар нь тавих бөгөөд хөл, гар газарт хүрэх, далнаасаа бусад хэсгээр унахад оноо алддаг ажээ. тэд зонхилон үүрч шидэх, халз хутгах мэхийг хийж байна билээ. Дээрх тэмцээнүүдийн дүн нь өдөртөө бус наурызын баярын нэгний өдөр гарч шагналыг гардуулсан учраас хэн тэргүүлсэн нь тодорхойгүй байлаа.

Харин дэлхийд өдөр, шөнө тэнцдэг өдөр буюу наурызын баярт төвөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хүрэлцэн очжээ. Тэрээр аймгийн төв талбайд казах үндэстний баярын парадыг үзэж сонирхон төрийн өндөрлөгүүдийн мэндчилгээг уламжилсан. Наурызын нэгэн буюу гуравдугаар сарын 22-нд Баян-Өлгийн иргэд төв талбайдаа үндэсний хувцсаараа жигдрэн хүндэтгэлийн жагсаалыг өглөөний 10-11 цагийн хооронд хийгээд тарж одоцгоосон юм. Өнөө жилийн баярын парадын онцлог нь өвлийн өвгөн байлаа. Тэмээ унасан цав цагаан хувцас өмсч, сахал зүүсэн өвлийн өвгөн хаврын энэ баярт хүрэлцэн сургааль айлдаж буйгаар зохиомжилжээ.

Наурызын баяр ийнхүү болж өнгөрлөө. Харин энэ нутгаас сонгогдсон УИХ-ын хоёр, гишүүн хоёул баяртаа очсонгүй. А.Бакей гишүүн наурызын Улаанбаатар дахь үйл ажиллагааг удирдаж буй бол А.Тлейхан гишүүний талаар яригдсангүй.

Наурызын баярын арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд очсонгүй. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт хүрэлцэн ирж иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэндчилгээг давхар уламжилсан юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалын цолыг өнөөдрөөс хүчингүй болголоо

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа тушаал гаргаж, цагдаагийн цолыг албан тушаалын цол болгосон. Ингэснээр, жишээлбэл, хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд томилогдвол шууд хурандаа цолтой болох, хурандаа цолтой хүн албан тушаалаа өөрчилж, дэслэгчийн ажлын байранд очвол шууд дэслэгч цолтой болох журмаар явж байсан юм. Энэхүү журамд цагдаагийн алба хаагчид ихээхэн таагүй хандаж байсан. Тэгвэл Хууль зүйн шинэ сайд Д.Дорлигжав албан тушаалын цолыг хүчингүй болголоо. Энэхүү тушаал өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд ингэснээр албан тушаалын цолоор цол ахисан хүмүүс бүгд цолоо хураалгаж, хуучин цолоо зүүж байгаа аж. Мөн албан тушаалын цолоор цол буурсан хүмүүс эргээд хуучин цолоо зүүж эхэллээ. Тодруулбал, хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд очиж, хурандаа цол зүүж байсан бол өнөөдрөөс эргээд хошууч болж байна. Мөн хурандаа цолтой хүн дэд хурандаа цолны албан тушаалд очиж цол бууран дээд хурандаа болж байсан бол өнөөдрөөс эргээд хурандаа болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

УБ хотын хөгжлийн дүрмийн төслийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/209 дүгээр захирамж гаргаж, шинээр байгуулагдахаар төлөвлөж буй “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК – ийн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг баталлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана. “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг 2015 оны 4 дүгээр сард багтаан эцэслэн боловсруулж НИТХ – ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс”-ийн гомдлыг хэлэлцэнэ

Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан гэх 35.252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх эсэхийг шүүх хурал энэ сарын 25-нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болно. “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудын татвараас зайлхийж, нуун дарагдуулан улсад учруулсан хохирлын мөнгө болох 35.252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гарсан. Энэхүү шийдвэрийг тус компани эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхээс гаргаад байгаа юм. Мөн одоогоор тус компанийн үл хөдпөх хөрөнгө болоод дансыг битүүмжилсэн. Энэ хэрэгт буруутай гэгдэх АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Хиларион Кажуком, Кристобел Ж.Дэвид нарт Ерөнхийлөгч уучлалт үзүүлсэн билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогтын дэлгэрэнгүй ярилцлага хэвлэгдэн гарч байна

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын дэлгэрэнгүй ярилцлагыг уншигч та бүхэн хүлээн аваарай. С.Баярцогт гишүүн Хотгойд удамтай. Түүний өвөг дээдэс Амарбаясгалант хийдийг барихад гар бие оролцож явсан. Амарбаясгалант хийдээс холгүйхэн Хотгойдын ам гэх газар үе удмаараа нутаглаж ирсэн. Өвөө Бадрах нь Нинждолби ноён Номун хааны отгийн дарга явсан. Офшор дансны асуудалд хэрхэн орооцолдох болсон. Оюу толгойн гэрээний асуудал, өөрийнхөө эзэмшлийн эд хөрөнгө юу юу байдаг. Юунаас С.Баярцогттой холбоотой асуудал гарах болсон гээд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Өөртэй нь холбоотой ноцтой олон асуудал гарч ирсэн та дуугүй явсан эл эрхэм бүхий л зүйлсээ нууж хаалгүй ярьжээ. ”Би шантрахгүй, сөрөг дайралтыг нэр төртэй давж чадна аа” гэсэн гарчигтай ярилцлагыг та бүхэн уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Казах түмэн Наурызын баяраа хэрхэн тэмдэглэсэн талаар уншаарай

Манай сонины тусгай сурвалжлагч Л.Мөнхтөр Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байгаа билээ. Тэрбээр Монгол улсын баруун хойд хязгаарцаст Алтай таван богд Даянгийн заставаас бэлтгэсэн сурвалжлагаа та бүхэндээ хүргэж эхлээд байгаа. Тэгвэл өчигдөр Казах түмэн Наурызын баяраа хэрхэн тэмдэглэж байгааг Баян-Өлгий аймгаас сурвалжиллаа. Баян-Өлгий аймгийнхан үндэсний баяраа морь уралдуулж, бөх барилдуулан, морины давхил дунд газар унагасан зоосон мөнгө шүүрэх зэргээр нааджээ. Тулам булаалдах тэмцээний дүрэм өөрчлөгдсөн. Тулам булаацалдсан залуус булхайцаж маргаан дэгдээсэн гээд газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлагыг манай сонины 16 дугаар нүүрнээс уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумо бөхийн шинэ од Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрээс сурвалжлага бэлтгэлээ

Японы үндэсний бөх Мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд нэгэн монгол залуу шуугиан тарьж эхлээд байгаа.Тэр бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Мэргэжлийн сумо бөхөд Монголын 20 дахь сумоч болон барилдаж байгаа тэрбээр маш богино хугацаанд өндөр цолонд хүрч барилдаж байгаа билээ. Хару башёд сэкиваки цолтой барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёрхон унаатайгаар барилдаанаа дуусгасан юм. Тэгвэл манай сонины сэтгүүлч С.Алтанцэцэг өчигдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн төрж өссөн гэрт нь очиж, гэрийнхэнтэй нь хамт Хару башёгийн сүүлчийн өдрийн барилдааныг үзлээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэх залуугийн удам судар, ар гэрийнхэн барилдааныг нь сэтгэл догдлон үзэж байгаа. Мөн Японы томоохон хэвлэлүүдийн нэг болох “Ёми үри” сонины сэтгүүлчид ирж сурвалжлага бэлтгэж байгаазэрэг сонирхолтой мэдээллийг уншигч та бүхэн манай сониныдаваа гаригийн дугаарын 17 дугаар нүүрнээс шимтэнуншаарай.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал 34 дэх түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын Харү башёд Хакүхо М.Даваажаргал түрүүлж 34 дэх удаагийн түрүүгээ хүртлээ. Тэрээр өнөөдрийн барилдаанд Харүмафүжи Д.Бямбадоржтой оноолт таарч давсан юм. Харин сэкивакэ Тэринофүжи Г.Ган-Эрдэнэ түүний араас 12 даваа, хоёр унаатайгаар нэхэж байсан бөгөөд Японы озэки Гоёодотой оноолт таарч ээлжит даваагаа авлаа. Хэрэв их аварга ялагдал хүлээж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давбал, Хакүхо, Тэрүнофүжи нар нэмэлт барилдаан хийхээр байсан юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “нэмэлт барилдаан болох болов уу гэж хүлээж байсан. Цаашдаа улам хичээж барилдана” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

ЖДҮ-ийн тухай хуулийг шинэчилнэ

Засгийн газар ээлжит хуралдаанаа энэ сарын 23-нд буюу ирэх даваа гаригт 16.00 цагт хийхээр төлөвлөөд байна. Тус хуралдаанаар нийт 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бол 10 асуудалтай танилцах аж. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм байна. Дээрх хуулийг шинэчлэн боловсруулахдаа жижиг дунд үйлдвэрийг бичил, жижиг, дунд хэмээн ангилахаар болсон. Энэ нь өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийг бичил бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь мэргэшсэн ажилтантай, тоног төхөөрөмжтэй, илүү үйлдвэржсэн үйлдвэрүүд хамаарагдаж байхаар тусгаад байгаа. Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан нэр бүхий гурван ч хуулийн төслийг хэлэлцэнэ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс сонирхоно уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын тухай

У.ХҮРЭЛСҮХ

2

Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

3

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхны хуралдааны тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

4

“Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

Д.ДОРЛИГЖАВ

7

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

8

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай*

Д.ЭРДЭНЭБАТ

9

Богдхан төмөр зам болон Улаанбаатар холимог тээврийн ложистик төвийг барьж байгуулах тухай*

Н.ТӨМӨРХҮҮ

10

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын эрх олгох тухай*

Н.ТӨМӨРХҮҮ

11

Ажиллах хүчний тухай*

С.ЧИНЗОРИГ

12

“Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын тухай

Р.БУРМАА

13

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

14 Нууц асуудал* Л.ПҮРЭВСҮРЭН

15 Нууц асуудал* Л.ПҮРЭВСҮРЭН

16 Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний тухай* Ж.ЭРДЭНЭБАТ

17 Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай1

С.БАЯРЦОГТ

18 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай*

Д.ОЮУНХОРОЛ

19 Богдхан дархан цаазат газрын суурьшлын бүсийн тухай*

Д.ОЮУНХОРОЛ

Газрын нэгдмэл сангийн 2014 оны улсын нэгдсэн тайлангийн тухай

Д.ЦОГТБААТАР

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа ажлын явцын тухай*

Р.ЖИГЖИД

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан Ажлын хэсгээс хийж байгаа ажлын дүнгийн тухай*

Р.ЖИГЖИД

Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын тухай*