УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 34 аж ахуйн нэгж 1547 га газарт төсөл хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн 2014 онд дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 560 айлын 5 блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулсан. Харин 2015 оны инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга, Төслийн Удирдах хорооны дарга Д.Баттулга төсөл хэрэгжүүлэгч компаниудтай уулзлаа.
Төслийн хүрээнд 1189 айлын 62 га талбайг чөлөөлөн 12 компани барилга угсралтын ажлаа эхлүүлсэн бөгөөд 2015 онд 2492 айлын орон сууц ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа албаныхан мэдээллээ. Мөн Улаанбаатар – орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журмыг НИТХ-ын 24 дүгээр хуралдаанаар баталсан талаар Нийслэлийн Засаг даргын Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэх томоохон дэмжлэг болохыг дурдлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга, Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гурван талт гэрээний ажлыг эрчимжүүлэх, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэн барилга угсралтын ажлаа яаралтай эхлүүлэх үүрэг өглөө. Мөн эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн холбогдох удирдлагуудад үүрэгдлээ гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.
Month: March 2015
Барилга, хот байгуулалтын салбарын “Барилгачдын зөвлөгөөн-2015” арга хэмжээний талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан “Барилгачдын зөвлөгөөн-2015” арга хэмжээг энэ сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Б.Батбаатар, Барилгын чанар аюулгүй ажиллагаа хэрэгжилтийн бодлогын дарга Ц. Ганбат нар оролцож, мэдээлэл хийлээ.
Барилгын чанар аюулгүй ажиллагаа хэрэгжилтийн дарга Ц. Ганбат “2013 оныг 2014 онтой харьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөж, ослын хэмжээ 44 хувиар нэмэгдсэн. Мөн нийт ослын 88 хувь нь хүний амь эрсдсэн байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад анхаарах болсон нь харагдаж байна. Тиймээс энэ талаар тусгайлан авч хэлэлцэж аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд, мөн төрөөс ямар арга хэмжээ авах тухай авч үзнэ. Энэ байдалд цэг тавих боломж нөхцлийг авч хэлэлцэнэ” гэлээ.
Энэхүү хүрээнд доорх ажлыг хийхээр төлөвлөжээ:
- Гуравдугаар сарын 23,24-ны өдрүүдэд, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нарын ээлжит зөвлөгөөн
- 25-нд “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, норм, дүрмийн хэрэгжилт” сэдэвт Үндэсний гуравдугаар зөвлөгөөн
- 26-нд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, барилгын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан сургалт
- ГХГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, аймгуудын ГХБХБГ-ын удирдлагуудтай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ
- 27-нд, барилга, хот байгуулалтын салбарын төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан ээлжит, “Барилгачдын зөвлөгөөн-2015” нэгдсэн арга хэмжээ болох юм байна.
О. Ариунцэцэг
www.nbcwashington.com Монгол эмэгтэйчүүд АНУ-д хүчирхийлүүлсэн тухай мэдээллийг өнгөрсөн амралтын өдөр түгээжээ.
Тус сайтын мэдээлснээр хоёр монгол эмэгтэй Виржиниа мужийн Фэрфаксын цагдаагийн газарт хүчирхийлүүлсэн тухайгаа мэдээлсэн байна. Монгол эмэгтэйчүүд тус хотод сурахаар ирсэн ч Арлингтон дахь “Балстон Коммон” худалдааны төвд ажиллахаар энэ сарын наймны өдрөөс хойш ажил хайж байжээ. Тэднийг ажил хайж буйг мэдсэн өөр нэгэн монгол эмэгтэй хохирогчидтой ирж уулзсан бөгөөд өөрийгөө гэр цэвэрлэх үйлчилгээний бизнес эрхэлдэг хэмээн танилцуулжээ. Бизнес эрхлэгч ажил хайгчдад “Балстон Коммон” дэлгүүрт ажилладаг нэгэн эрэгтэйн байшинг цэвэрлэх ажил санал болгосон байна.
Ингээд хоёр эмэгтэй айлын байшин цэвэрлэхээр Бюьрке дүүрэгт орших сэжигтэн эрэгтэйн гэрт очжээ. Тэднийг гэрт ороход эрэгтэй хундага вино уухыг санал болгосон бөгөөд эмэгтэйчүүд найрсаг ёсыг бодоод татгалзалгүй уусан боловч үүнээс хойш хэсэг хугацаанд ухаан санаагаа алдсан байна.
Хохирогчид маргааш өглөө нь сэрсэн ч юу болсон талаар хэн хэн нь санахгүй байжээ. Гэтэл тэр байшинд амьдардаг өөр нэгэн оршин суугч тэднээс “Өнгөрсөн шөнө орилоод байсан охин мөн үү?, Нүд чинь яачихаав? Хэн нэгэн чамайг зодсон уу?” хэмээн асуусан байна. Харин түүнтэй хамт явсан үл таних хүн “Тэд юу болсныг мэдэхгүй байгаа. Эндээс гарч үз” хэмээн асуулт тавьсан эмэгтэйг загнаад гаргажээ.
Эмэгтэйчүүд гэртээ ирсний дараа өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөн байж магадгүй хэмээн бодоод Фэрфаксын эмнэлэгт хандаж шинжилгээ өгчээ. Шинжилгээгээр тэднийг хүчирхийлсэн болох нь батлагдсаны дараа тэд Вашингтон дахь Монголын ЭСЯ болон тус хотын Цагдаагийн газарт хандсан байна.
Хохирогчдын нэг нь цагдаа нарт бичсэн өргөдөлдөө Арлингтонд монгол залуу охидыг хуурч хүчирхийлдэг хос байдаг тухай өөр нэгэн найз нь анхааруулж байсныг тухай бичсэн байжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хохирогч бүсүйчүүдийн нэг нь биеийнхээ хэд хэдэн хэсэгт гэмтэл авч есөн оёдол тавиулсан бол нөгөөгийнх нь хөл болон нүд хөх няц болсон байжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан тус хотын цагдаа нар сэжигтнүүдийн хэн болохыг тогтоож, хэргийн газраас хохирогчдын цус болон бусад холбогдох эд мөрийн баримтыг цуглуулж эхэлсэн байна. Хэрэг явдал болсон байшинд нэг хосоос гадна хоёр эрэгтэй хамт амьдардаг байсан хэмэн мөрдөгчид мэдээлсэн байна.
Энэхүү хэрэгт “ажилд” зуучилсан монгол эмэгтэй холбоотой эсэх тухай цагдаагийн албаныхан шалгаж байгаа гэлээ.
Энэ онд улсын хэмжээгээр 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийх ажээ. 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөвлөжээ.
Энэ зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа аж.ХХААЯ-наас хаврын тариалалтын бэлтгэлийг хангах ажлыг хийж эхэлжээ. Энэ хүрээнд тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авсан байна. Энэ хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 42.0 мянган тонныг нөөцөлжээ. Дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар төлөвлөж байгаа аж. Тариалалтад зүтгэх хүчиний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 4680, төмс хүнсний ногооны үрлүүр 310 ажиллах бөгөөд техник засварын ажлын явц 54 хувьтай явагдаж байгаа юм байна.Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий аймгуудтайгаа хамтран энэ сарын 27-ноос 4 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгаалалын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгохоор шийдвэрлэсэн байна. Төмсний тариаланд 33,9 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд энэхүү үрийг дотоодоосоо бүрэн хангах гэнэ. 80 сая төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний ногооны үрийг нийлүүлж, ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг үзүүлэх юм байна.Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулжээ. Мөн механикжуулагчид, инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг 3 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд, ногоочдод зориулсан сургалтыг 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж 110 гаруй хүнийг хамруулсан байна.Тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулж тарилалтын технологийн зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулна. Салбарын мэргэжилтнүүд, хүрээлэн ХААИС-ийн эрдэмтэд, туршлагатай тариаланчдаар технологийн зөвлөмж өгч санал солилцох аж.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Замын-Үүд суманд “Хэрэглэгчид үйлчлэх төв”-ийг нээж орон тооны улсын байцаагчийг ажилуулахаар боллоо.
Тус газрын орон тооны улсын байцаагч нь орон нутагт Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах юм. Мөн Эрээн хотоос бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил гүйцэтгүүлэх явцдаа эрх нь зөрчигдсөн Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд хүсэлтийг тавьж шийдвэрлүүлэх, гомдлыг барагдуулах арга хэмжээг авч байхаар боллоо.Дашрамд дурдахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь орон нутагт албан ёсны салбаргүй, улсын байцаагчгүй бөгөөд Замын-Үүд суманд анх удаа “Хэрэглэгчид үйлчлэх төв”-ийг нээж орон тооны байцаагч ажилуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, мэдээ мэдээллээр хангаж, өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж байхаар болсон нь орон нутгийн иргэдийн хувьд хүсэн хүлээсэн арга хэмжээ боллоо хэмээн талархалтай хандлаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа Эрүүл мэнд, спортын яам албан тоотоор хариу мэдэгдлээ.
“Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
“Арцны жимс” компанийн эмийн үйлдвэр тусгай зөвшөөрөл авснаас хойш 10 сар үйл ажиллагаа явуулаагүй, хаяг, байршилдаа байгаагүй бол “Эрдэнэбүрэн”, “Дентафарм” эмийн үйлдвэрийн хаяг, байршил нь тодорхойгүй, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани” үйлдвэрийнхээ байршлыг өөрчилж байжээ.
Дээрх үйлдвэр, компани гурван сарын дотор зөрчлөө арилгаж асуудлаа шийдвэрлүүлэхээр салбарын яамандаа хандахгүй бол зөвшөөрлийг нь бүрмөсөн цуцлах юм байна.
Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн 2, уламжлалт эм, эмийн ургамлын 5, эмнэлгийн хэрэгслийн 1, ариутгалын бодисын 2 гээд эм, эмнэлгийн хэрэгслийн нийт 30 үйлдвэр байдаг. Үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн эмийн 1 үйлдвэр тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдагийн 83 хувь нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтад хамрагджээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүд нь давхардсан тоогоор 435 нэрийн шахмал, гален, үрэл, тарилга эм, 698 нэрийн уламжлалт эм, 9 нэрийн биобэлдмэл, 27 нэрийн биологийн идэвхт бэлдмэл, 3 нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 37 нэрийн ариутгалын бодис үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-ны өдрийн 04.00 цагийн орчим Солонгос улсын Чонжү хотын Гымангдунг дүүрэгт автозамын осол гарч, мотоцикль унан замын хөдөлгөөнд оролцож байсан Монгол улсын иргэн, оюутан А(29) амь насаа алдсан байна. Тэрээр Чонжү хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх 4 замын уулзвараар баруун гар тийш эргэн давхиж байхдаа замын 1-р эгнээнд парклан орхисон “Матиц” маркийн автомашины араас хүчтэй мөргөсний улмаас мотоциклиосоо хол шидэгдэн унаж, хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан ажээ. Мотоцикль унаж байгаад зам тээврийн осолд өртөгсдийн ихэнх нь залуучууд голдуу байдаг бөгөөд гадаадын иргэд ийм осолд өртөх нь цөөхөн аж.
НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тоот тогтоол, НЗД-ын 2008 оны А\191 тоот захирамжийн хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20–ныг хүртэлх хугацаанд замын хөлдөлт гэсэлтийн үед тов оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарлахаар болсон.
Энэ жилийн хувьд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн энэхүү хязгаарлалт хэрэгжиж эхлээд байгаа. Дээрхи хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно.
Хэрэв зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Монгол Улсын Захиргааны Хариуцлагын Тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно. Том оврын болон ачааны авто машины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангасан /цацруулагч наах, ослын тэмдэг, ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцлийг хангасан бүтээлэгтэй/ байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагиийн газраас зөвлөж байна.
Өнгөрөгч шөнө хөлбөмбөг сонирхогчийн “арааны шүүсийг гоожуулсан” хачин сонирхолтой хоёр тоглолт Европын ногоон талбайд зохиогдлоо.
Ла Лигийн 28-р тойрогт Испаний АШТ-ийг тэргүүлж байгаа “Барселон” өөрийн мөнхийн өрсөлдөгч хэмээгдэх “Реал”Мадридыг хүлээн авч 2:1 оноогоор ялснаар 68 оноотой болж эзэн хааны багаас дөрвөн оноогоор тасарч эхэллээ. Энэ тоглолтод “Барса”-гаас Матье, Суарес нар бөмбөг оруулсан бол “Реал”-ын Рональду нэгдүгээр үед мөргөж хариу нэг гоолыг хийжээ.
Дээрх тоглолтоос дутхааргүй сонирхолтой наадаан Английн хойд хэсэгт орших хоёр хотын багууд Ливэрпүүл, Манчестер Юнайтэдын хооронд зохиогдов. Үүх түүхээ сөхвөл зуун жилийн сөргөлдөөний намтар яригдах энэ тулаанд харин зочилж ирсэн баг нь 2:1ээр ялж “Ливэрпүүл”-ийг он гараад ялсан анхны Премьер Лигийн баг хэмээн “цоллуулав”. Ялсан багийн хоёр гоолыг Хуан Мата хийсэн бол хариу гоолыг Старриж хоёрдугаар үеийн дунд үед хүн дутуу тоглож байхдаа хийжээ. Учир нь хоёрдугаар үе дөнгөж эхлэхэд сэлгээгээр талбайд гарсан Жеррард өрсөлдөгчийнхээ хөл дээр санаатай гишгэсэн гэх үндэслэлтэйгээр шууд улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн юм. “МЮ” 59 оноотойгоор Премьер Лигийн дөрөвдүгээр байранд байгаа бол түүнд хожигдсон “Ливэрпүүл” 54 оноотой тавдугаар байранд бичигдэж байна.
Б.Хулан
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас төл бойжилтын мэдээллийг гаргажээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна. Төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүлж байна.
Ойрын өдрүүдэд нийт нутгийн 30-аад хувь цастай дулаавтар байна. Хэдий цаг агаар дулаавтар байгаа ч говь талын нутгаар болон бусад нутгаар салхитай, шороон шуурга шуурна. Энэ сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн сав газраар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Цаг агаар дулаарч таатай байгаа ч гол, мөрний цөмрөлт, гэнэтийн салхи, шуурганаас сэрэмжтэй байхыг Ус цаг уурын орчны хүрээлэнгээс малчид, иргэддээ анхааруулж байна.