Categories
мэдээ нийгэм

Шүүхийн талаар хороодод танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх олон ажил хийж байгаагийн нэг нь “Нээлттэй шүүх-Алслагдсан хороодод” аян юм. Тус аяны зорилго нь шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэ бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, эвлэрүүлэн зуучлалын талаар алслагдсан хороодын иргэдэд сурталчилж иргэдийн санаа бодлыг сонсоход оршиж байна. Энэ удаад “Нээлттэй шүүх-Алслагдсан хороодод” аян Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Туул тосгонд зочилсон байна. Бидний нэрлэж заншсанаар Шувуун фабрик тосгонд иргэдийн дунд газрын маргаан, хаягийн давхардал их байдаг аж. Тиймээс аяны үеэр иргэдэд “Иргэн 2014” программын ач тус, “Нээлттэй шүүх” танхим, шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өглөө. Иргэдийн зүгээс шүүхийн шинэчлэл хийгээд шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, харьяалал, улсын тэмдэгтийн хураамжийн талаар түлхүү асууж хариултаа авчээ. Мөн энэ үеэр иргэдэд эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болоод байгууллагын танилцуулга, тарааж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

IV станцад осол гарч, ажилтан нь амиа алджээ

Дулааны IV цахилгаан станцад өнөөдөр өглөө осол гарч нэгэн ажилтан амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 49 нас эрэгтэй ажилтан ажлын байрандаа байх үедээ золгүй байдлаар амиа алдсан гэв. Харин тус станцын удирдлагууд мэдээлэл өгсөнгүй.

Categories
гадаад мэдээ

Сакура цэцэглэж эхэлжээ

Японы нийслэл Токио хотод сакура цэцэглэж эхэлжээ. Тус хотод орших Ясүкүнийн сүмийн дэргэдэх “хяналтын мод” гэж нэрлэдэг сакурагийн бут даваа гарагийн өглөө дэлбээгээ нээж эхэлэсэн байна. “Токиод сакура цэцэглэж эхэллээ” гэж телевизийн “NHK” суваг цаг уурын албаны мэдээллээс иш татан уламжилжээ.

Цаг уурчдын мэдээлж байгаагаар бол энэ жил сакура 2014 оныхыг бодвол хоёр хоногийн өмнө цэцэглэж эхэлжээ. Хамгийн түрүүнд өмнө зүгийн Кагошима мужийн Кагошима хотод гуравдугаар сарын 21-нд сакура дэлбээлжээ. Харин умард зүгийн Хоккайдо аралд сакура бүр тавдугаар сарын дундуур цэцэглэдэг байна.

Categories
гадаад мэдээ

АНУ Йемен дэх Дипломат төлөөлөгчийн газраа хаав

АНУ Йеменээс хамгийн сүүлчийн дипломатчаа эгүүлэн татсанаа албан ёсоорөчигдөр зарлалаа. Үүнээс өмнөхөн тус улс цэргүүдээ нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлж байв. Ингэснээр АНУ түр хугацаагаар тус улсаас иргэдээ ийн татлаа. Гэсэн хэдий ч тэд алан хядагчидтай тэмцэх зорилгоор Йемений Засгийн газарт туслах болно гэдгээ мэдэгджээ.Өнгөрсөн баасан гаригтЙемений нийслэл Санад мөргөл болох үеэр алан хядагчид хоёр ч сүмд халдсан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр халдлагын улмаас 140 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. Мөн хэдэн зуун хүн шархаджээ. Уг хэргийн хариуцлагыг “Лалын улс” бүлэглэлхүлээхээ мэдэгдсэн байна.

АНУ Йемен дэх Дипломат төлөөлөгчийн газраа хаасан юм. Тухайн үед дипломат төлөөлөгчид болон гэр бүлийнхнийг нь дийлэнхийг эгүүлэн татсан аж. Тус улсад улс төрийн хямралаас үүдэн нөхцөл байдал хурцадсаар буй. Тухайлбал, Аравийн хойг дахь “Аль-Кайда” бүлэглэл үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байна. Мөн Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансуру Хадиг дэмжигчид, армийнхан, шийтийн босогчдоос бүрдсэн “Ансар Аллах” хөдөлгөөнийхний хооронд ширүүн тэмцэл өрнөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг, зөрчил гэж үзнэ

“Гэр бүлийн хүчирхийлэл- хохирогч хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэснийтөв, Цагдаагийн ерөнхий газар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл оролцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар хэлэлцсэн юм.

Манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2003 онд батлагдсан хэдий ч хэт ерөнхий, хууль хэрэгжээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгаагүй. Хүчирхийлэлд өртөгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй гэдэг. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 63 хүн амь насаа алдаад байгаа нь энэ хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсныг илтгэж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын мэргэжилтэн Г.Оюунболд, Д.Саруул нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын талаар илтгэл тавьсан. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон бусад хуулиудтай уялдуулах шаардлагын талаар танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг бусад хуулиудтай уялдуулж, иж бүрэн зохицуулалт хийж өгөх шаардлагатай гэж тус газрынхан үзэж байна.

Цагдаагийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр манай улсад жилд дунджаар 500 орчим гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгддэг аж. Харин өнгөрсөн онд энэ тоо 1000 гаруй болж, огцом нэмэгдсэн бөгөөд энэ нь хэрэг, зөрчлүүдийг илүү нарийвчилж бүртгэж эхэлсэнтэй холбоотой гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтэн Д.Арсланболд онцоллоо. Мөн тэрээр Гэр бүлийн хүчирхийллийг хуулийн дагуу тусгайлсан гэмт хэрэг гэж үзэх зайлшгүй шаардлагатай гэдгийг дурьдсан юм.

Categories
гадаад мэдээ

Киргизийн Ерөнхийлөгч Европт айлчилж байна

Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өнгөрсөн ням гаригт Европ дахь айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр энэхүү айлчлалаараа Австри, Франц, Швейцарь, Бельги, ХБНГУ зэрэг таван оронд айлчилж, төр засгийн тэргүүнүүдтэй уулзах юм. Мөн энэ үеэр Европын холбооны удирдлагатай ч уулзах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Гарааш байсан газарт цэцэрлэг сүндэрлэв

Авто машины гарааш байсан газрыг чөлөөлснөөр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр давхар цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт тус цэцэрлэг ашиглалтад ороод байна. Хоёр жилийн өмнө авто машины гарааш байсан газарт цэцэрлэг баригдсан нь иргэд санаачлага гарган газрыг чөлөөлж, дүүрэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлснээр бүтжээ. Ингэхдээ 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд Баянзүрх дүүрэгт 4.4 тэрбум төгрөг төсөвлөгдөж, түүгээр ямар ажил хийх талаар иргэдээс санал авахад “Төрийн өмчит цэцэрлэггүй хороодод цэцэрлэг бариулъя” гэдэг санал хамгийн их ирсэн байна. Энэ дагуу дүүргээс төрийн өмчит цэцэрлэггүй 4, 7, 21, 28 дугаар хороонд 150-300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих ажил эхлүүлсний нэг нь ийн ашиглалтад орж буй аж. Хүчин чадлын тухайд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах боломжтой байхаар төлөвлөгдсөн ч 180-д хүргэж хүлээн авчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас өгсөн мэдээллээр дүүргийн хэмжээнд 36 цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлдэгээс 22 мянга орчим цэцэрлэгийн насны хүүхэд байна, тэднээс 60 хувь нь цэцэрлэгт хамрагддаг. Өнгөрсөн онд тус дүүрэгт Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр, орон нутгийн хөгжлийн сангаар дөрвөн цэцэрлэг тус бүр ашиглалтад орсон. Цаашдаа улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэд, хэдэн цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Гэвч газар хомс болсон байна, газар чөлөөлөх хөрөнгийг шийдээгүй цагт сул чөлөөтэй газар үлдээгүй гэж хэлж болох аж.

Жил бүрийн намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд хонон өнжин дугаарладаг. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, Дэлхийн банкны санхүүжилтээр тус бүр цэцэрлэг барьж байгаа нь өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад тооны хувьд олон болсон ч хүн амын өсөлтийг гүйцэх хэмжээнд асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Гүржид жагсаал болов

Гүржийн нийслэл Тбилиси дэх Эрх чөлөөний талбайд өнгөрсөн бямба гаригттус улсын сөрөг хүчнийхэн Засгийн газраа огцрохыг шаардан жагсчээ. Тус улсын Ерөнхийлөгч асан М.Саакашвили тэргүүтэй “Нэгдсэн үндэсний хөдөлгөөн” цуглаанзохион байгуулсан аж. Жагсаалд 50 мянган хүн оролцсон гэж мэдээлж байгаа ч хараат бус шинжээчдийн мэдэгдсэнээр ойролцоогоор арван мянган хүн байсан гэжээ. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг “Нэгдсэн үндэсний хөдөлгөөн” намын гишүүн Ника Мелия төв талбайд үг хэлэхдээ “Засгийн газар огцрохын хамт олигархи, экс Ерөнхий сайд Б.Иванишвили ч огцрох ёстой” гэсэн байна. Учир нь тэрбээр Б.Иванишвилиг Гүрж улсыг удирдаж байна хэмээн үзэж байгаа аж. Мөн үүнтэй зэрэгцэн хотын нөгөө захад төрийн байгууллагуудын төлөөллүүд ч бас жагсчээ. Тэд эсрэгээрээ М.Саакашвилийн удирдаж буй намыг тарааж, шүүхэд өгөх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард М.Саакашвилиг дэмжигчид Засгийн газрын бодлогоо шүүмжлэн огцрохыг шаардаж байсан удаатай.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар боллоо. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дадлага, сургалт зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газарт, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа.
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад шаардагдах 7 сая 407 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн ЗДТГ-т үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жилд 4000 идлэг шонхор үхдэг гэв

“Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-аас шувууд өндөр хүчдэлд цохиулж үхэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад жилд 4000 орчим идлэг шонхор цахилгаанд цохиулж үхдэг ба энэхүү үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог байна. Тус төвөөс Сүхбаатар аймгийн Уулбаян-Мөнххаан сумыг холбосон 56 км урт, 15 кв-ийн түгээх шугамын ойролцоо судалгаа хийсэн бөгөөд жилийн хугацаанд 520 идлэг шонхор болон шилийн сар, начин шонхор, ойн сар зэрэг шувууд үхсэн байхыг олжээ. Идлэг шонхор болон бусад шувуудыг хамгаалахын тулд төвийн бүсийн 20 сумын нутагт нийт 5000 хиймэл үүрийг байрлуулан, шувуудыг цахилгаанаас хамгаалах арга хэмжээ авч байгаа ч шувууд үхсээр байгаа аж. Тиймээс ТББ-ынхан төр хоёр тэрбум төгрөг гаргаж шувуудыг аюулгүй болговол 64 тэрбумыг хэмнэх боломжтой гэв.