Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ. Энэхүү төмөр замын шинэ шугамаар дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг явуулж, Улаанбаатар хотын дундуур өнгөрч байгаа төмөр замын одоогийн шугамаар зөвхөн олон улсын болон орон нутгийн зорчигчийн галт тэргийг явуулахаар төлөвлөж байна. Ачааны галт тэргийг хот дундуур явуулахгүй болсноор авто тээврийн хэрэгслүүд босоо тэнхлэгийн замуудаар саадгүй нэвтэрч, замын түгжрэл буурна. Төмөр замаар бүх төрлийн хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, химийн хортой ачаанууд дайран өнгөрч, нийслэлийн иргэдийн эрүүл , аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа асуудал шийдэгдэх юм. Мөн зүтгүүрийн ажиллагаа, нүүрсний тээвэрлэлт зэргээс агаар болон хөрсөнд үүсгэдэг их хэмжээний бохирдлыг бууруулна.
Нийслэлийг дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлснээр нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгох боломж бүрдэнэ. Төмөр замын зорчигч үйлчилгээний төвийг хотын захад шилжүүлж, төмөр зам, хөнгөн галт тэрэгний зангилаа дээр хот хоорондын авто тээврийн тээврийн зорчигчийн нэгдсэн терминал байгуулах боломжтой болох бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой томоохон аж ахуйн нэгжүүдийн ачааны терминалуудыг хотоос гаргаснаар 1000 орчим га газар чөлөөлөгдөнө гэж тооцоолжээ. Мөн төмөр замын шугам Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудалтай холбогдсоноор Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминал төмөр зам, АН-3 хурдны авто зам баригдах юм. Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминалыг Хөшигийн хөндийд барьснаар ачааны урсгал нэмэгдэж, шинэ онгоцны буудал руу тавигдах хурдны замыг концессын гэрээгээр байгуулж, замын хураамжаараа хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэж тооцож байна.
“Богдхан” төмөр зам болон “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг барьж байгуулах техник, эдийн засгийн үзүүлэлт, зураг төслийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар хийлгэх ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгаж, Ложистик төвийг барьж байгуулах хөрөнгийн асуудлыг Азийн хөгжлийн банктай эцэслэн тохиролцож шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болголоо.
“Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж байгаа үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын автозамын сүлжээ, зохион байгуулалт оновчтой бус, суудлын автомашины тоо хэт олон байгаагаас сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний түгжрэл, саатал гол гудамж замуудад ихээр гарч, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд нэмэгдсээр байна. Дээрх хүндрэлүүдийг нийтийн тээврийг оновчтой хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж Улаанбаатар хотын зүүнээс баруун, хойноос урагшаа чиглэлд багтаамж ихтэй нийтийн тээврийн тэнхлэг замыг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгасан юм.
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт хувилбар бол тусгай замын автобусны үйлчилгээ гэж үзэж байна. Ажлын цар хүрээ ихтэй, том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар 7-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого 2016-2025 оны хооронд хэрэгжинэ
“Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг Хууль зүйн сайд Б.Дорлигжав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт зөвшөөрөв.
Хүнс, хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12,2 хувийг бүрдүүлдэг ба нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг чухал ач холбогдолтой салбаруудын нэг юм. Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого нь 2003-2015 оны хүрээнд хэрэгжиж, дуусгавар болж байгаатай холбогдуулан салбарыг дараагийн түвшинд хүрэх бодлогыг боловсруулсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талын хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 6 удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. 5 талбайд шинээр оролцогч аж ахуйн нэгж шалгарч өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжид гаргасан зардлыг нь буцаан олгож хохиролгүй болгосон бол 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь шаардлага хангаагүй тул өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлжээ. 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ээлжит сонгон шалгаруулалтыг нэр бүхий 13 талбайд зарлаж, 4 дүгээр сарын 2-ны өдөр нээхээр сонгон шалгаруулалт зарлаад байна.
Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг алт олборлолтод шаардлагтай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр Монголбанкны удирдлагуудтай уулзаж, зарчмын асуудлаа тохирсон байна.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулсан ажлын хэсэг дээрх хуулийг хэрэгжүүлэх журам, гэрээний загварыг боловсруулж, уг төслүүдэд яамдаас санал авахаар хүргүүлсэн байна.
Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг боловсруулахдаа жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, ангиллыг нарийвчлан тогтоох, хуулийн харилцааны зохицуулалтыг оновчтой болгох, хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэслэл болон нийгмийн эрэлт хэрэгцээ, практик шаардлагыг харгалзан үзжээ.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хувьд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн ерөнхий бүтцийн хүрээнд зарим зүйл, заалтыг шинэчилж найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар боловсруулах бөгөөд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг тус тусад томъёолох юм. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохтой холбогдсон журам болон жил бүрийн санхүүжилтийн хуваарийг салбарын тэргүүлэх чиглэл, үйлдвэрийн байршлын зураглалыг харгалзан үзэж жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар тусгажээ.
“Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам” төслийн гэрээг байгуулна
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 53 дугаар зүйлд тусгагдсан “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн “Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх” гэсэн хэсгийн “Уралдаант шалгаруулалт явуулах” гэснийг “Шууд гэрээ байгуулах” гэж өөрчиллөө. Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төслийн шууд гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа.
Улсын Их Хурлын 2015 оны “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралтад Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам төсөл багтсан бөгөөд төсөл хэрэгжсэнээр Овоотын нүүрсний уурхай эдийн засгийн эргэлтэд орох боломтой болох юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 1.3 тэрбум ам.доллар бөгөөд төслийн хүрээнд Овоотын уурхайгаас Эрдэнэт хот хүртэлх 547 км төмөр замыг 3 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна. Хөрнгө оруулалтаа 20 жилийн хугацаанд нөхөхөөр урьдчилсан тооцоо гарснаас өөрийн хөрөнгөөр 30 хувийг, зээлээр 70 хувийг санхүүжүүлэхээр байна. Төмөр замын тээх чадвар жилд 22.2 сая тонн, тээх ачааны хэмжээ 20 сая тонн буюу хоногт 16 хос галт тэрэг байна.
Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Энэхүү хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд шударга хандлагыг бий болгох, төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор боловсруулжээ. Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөлд нийтийн алба, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ил тод байдал, хариуцлага, шударга ёс, ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, санхүү, төсөв, аудит, худалдан авах үйл ажиллагааны хяналт, хариуцлагыг сайжруулах, хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг буруулах, өрсөлдөөн, шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагын идэвх, санаачлага, оролцоог дэмжих, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, авлигын эсрэг боловсрол, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан байна.
ТОВЧ МЭДЭЭ:
– 2015 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, бүрэлдэхүүнийг батлахыг тус хорооны Монгол хэсгийн дарга, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.
– Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хэмжил зүйн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг дэмжиж, холбогдох журмын дагуу хамтран батлахыг Хууль зүйн сайд, Шадар сайд нарт зөвшөөрлөө.
– Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн 2015 оны 4 дүгээр сард БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
– Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар шийдвэрлэлээ.
– “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
– Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, албажуулахаар тогтлоо.
– Газрын нэгдмэл сангийн 2014 оны улсын нэгдсэн тайланг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
– Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны 3 дугаар сард ХБНГУ-ын нийслэл Берлин хотод хийсэн ажлын айлчлалын дүн болон “ИТБ-Берлин 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсон тухай илтгэх хуудсыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.