Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Популист гэдэг бол гадаад цол биш

(De Facto нэвтрүүлэгт Жаргалсайхантай хөөрөлдсөн ярилцлага)

Та бид хоёргучаад жилийн өмнө Москвагийн Их сургуульд анх танилцсан. Та тэгэхэд эрдмийн ажил хийж байсан. Ямар чиглэлээр ажиллаж байсан бэ?

-Биохими.

Тэр үеэр таныбичсэн нийтлэлүүдийг орон даяар нууцалж олшруулаад Бүү март, мартвал сөнөнө гэж яриад дараа нь 1990 оны 2 сарын 18-нд Үйлдвэрчний ордонд МоАХ-ны хуралд та “Хаан шалдан байна” гэсэн илтгэл тавьсан. Үүнээс хойш таны хийсэн ажлууд, ярьж байгаа зүйлс хүмүүсийн бодит амьдралыг огцом, зоримог өнцгөөс илэрхийлсэн дуу хоолой болсоор өдий хүрлээ. Тэрийгээ бидэнтэй хуваалцаач ээ гэж урьсан юм. Хувьсгалаас хойш 25 жилийн дараа эргээдхарахад бид аль зэрэг зорьсон хэрэгтээ хүрч явна гэжта бодож байна?

-Бидний олонх маань ардчилал гэдгийг ямар нэгэн юманд хүрч очдог зам маягаар ойлгодог.Тиймээс нөгөө ардчилал нь болохгүй байна гэж их ярьдаг. Энэ бол нийгмийн хөгжлийн талаархи бидний хуучин ойлголтын инерци. Социализмын материал техникийн баазыг 80 онд байгуулж дуусгана, 2000 ондсоциализм барьж дуусна,тэгээдкоммунизм руу орно гээд үе шаттай, зогсоолтой замаар урагшлах холын зайн гүйлтийн тамирчин шиг юм ярьдаг. Гэтэл ардчилал нь хэдэн үе дамжсан, магадгүй хэдэн зуун жил дамжсан түүхэн процесс. Бидний амьдрах арга хэлбэр. Манай ардчилал их залуу. Хамгийн эртний ардчилал тухайн үед эртний Герегт байгаад үгүй болсон бол орчин үеийн ардчилал Францын хувьсгалаасэхэлсэн. 200 гаруй жилийн л түүхтэй. Одоо ч гэсэн тэр улс орнууд ардчиллын процессоор амьдарч яваа, түрүүлж орсон учраас бид нарыг бодвол ардчилсан тогтолцоонд илүү дассан, илүү төлөвшсөн. Бид энэ шинэ тогтолцоондоо зохицож амжаагүй байна, гэхдээ өөрийнхөө хэмжээгээр туршлага суугаад, алхаад, урагшлаад л явна.

Саяхан Та өнөөдрийн түвшинд Монгол популизм гэхээс ч хэтэрч, дээд шатандаа гарч дээрмийн хэлбэрт оччихлоо гэсэн. Та популизм гэдгээ тайлбарлахгүй юу?

-Популизм гэдэг нь өргөн олон түмнээс өөртөө оноо цуглуулахын тулд бие хүн болоод улс төрийн бүлэглэл бусад саад, үр уршиг, үнэ өртгийг нь бодохгүйгээр үг хэл үйл хөдлөлөөр уриалан дуудаж араасаа дагуулахыг хэлдэг нэг талдаа бол их хорлонтой эд л дээ. Гэхдээ дайн, хямралын үед ард түмнийг итгүүлж дагуулахын тулд тодорхой зорилгоор популизм хийдэг явдал бий. Их хямралын үед Амеркийн ерөнхийлөгч Рүзвэлт, хүйтэн дайны үед Кэннэди, Хятадын их үсрэлтийн өмнө Дэн Сяопин нар бас л сүрхий популизм хийж байсан. Гэтэл үүний нөгөө тал нь улс орныг сүйрүүлдэг популизм гэж бий л дээ. Үүнд Аргентины, сүүлийн үед бидний харж байгаагаар Венесүэлийн, мөн Африкийн маш баян Нигер улсын жишээ байна. Бид өөрснөө нэг л сүрхий юм шиг “Африкийн замаар ороод” гэж ярих дуртай. Тэнд сайн нь ч бий, саар нь ч бий. Намиби, Ботсвана, Рванда гэх мэт хөгжлийн үлгэр жишээ болсон улс орон Африкт цөөнгүй бий. Харин манайд популизм цаашилсаар дээрэм луйвар болж хувирч байна. Популист гэдэг чинь гадаад нэртэй цол хэргэм биш шүү дээ. Манай нөхцөлд бол луйварчин гэж орчуулмаар.

Таны хэлсэнчлэн Арген­тин дайны дараа Канад шиг хөгжилтэй байсан чинь хамаг мөнгийг нь бөөгнөрүү­лээд ард түмэн­дээ попу­лист ерөнхийлөгч гарч ирээд бүгдийг нь та­рааж, цацаад… хүүхдийн, хури­мын, төрс­ний, ядуурсны…

-Яг бидний өгч байсныг л өгч байсан. Ингэсээр 50-иад оны эхээр Аргентин төлбөрийн чадваргүй болсон. Мөнгө нь дууссан. Тэгээд үүнээсээ гарч чадахгүй байсаар байгаад 2014 оны эцсээр дэфолт болж төлбөрийн чадваргүй болсноо зарласан.

Ер нь дэфолт болсны дараа юу болдог вэ?

-Энэ бол барьцаалах ч юмгүй болно гэсэн үг шүү дээ. Ийм орнуудыг харж үздэг Валютын сан, Дэлхийн банк гээдбий л дээ. Энэ мөнгөөр яг ингэнэ шүү, үүнийг ийм юманд зарцуулж болохгүй шүү гээд жолоодоод явахаас өөр аргагүй болдог. Өөрсдөө чадвар байхгүй болчихсон юм чинь.

Манайх 2008 онд тэгээ биз дээ?

-2008 оны 9 сарын 15-нд Ли­мон Бразерс компани дэлхийн санхүүгийн хямралын эхийг тавихад хоёр сарын дараа манай олон компани цалингаа тавьж чадахаа больж, зах дээр юм зардаг хүмүүс “Эрээнээс авчирсан үнээсээхоёр дахин хямдруулаад өгөх гэхээр авах хүн байдаггүй” гэж зурагтаар гомдоллох болсон. 2009 он их эвгүй жил байлаа. Гэхдээ дэндүү богино хугацаанд хямарсан. Яагаад гэхээр Австралийн нүүрс усанд автаад нүүрсний үнэ гэнэт өсч, бид хямралаас гарах байтугай хамаа намбаагүй баяжиж хаданд гараад шинэ баян цээж өвчтэй рүүгээ орсон доо.

Энэ бүхэн нь Арген­тины­ хан­тай төсөөтэй байгаа юм л даа. Өнөөдөр тэгээд мөнгөгүй боллоо. Энэ бүхний үр дүнд нөгөө хямрал хүндрэл болох ёстой юм эртхэн болж байгаа юм биш үү?

-Нэг талаас бол бид чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцоо, дэлхийн жишиг гэсэн юм руу явах гээд байгаам шиг. Яг хөлд орж байгаа хүүхэд шиг гал руу гараа хийдэг бол хийгээд л, онхолддог бол онхолдоод л, тархи толгойгоо хагалдаг бол хагалаад яваад байгаа бололтой. Тэгэхгүйгээр ерөөс хүн, тэр дундаа бидэн шиг нүүдлийн сэтгэлгээ нь гараагүй улсууд бол заавал бие дээрээ амсаж хүний унасан нүх рүү араас нь унаж хөл гараа хугалж байж “өө энэ нүх рүү орж болохгүй юм байна” гэж ойлгодог юм шиг байна.

Өнөөдөр болж байгаа явдлыг зайлшгүй болох ёстой юм болж байна гэж та үзэж байгаа юм уу?

-20, 25 жилийн өмнө би боддог байсаан. Энэ олон улсуудын гашуун туршлага байна. Манай орон бол ингэж болдоггүй, тэгж болдоггүй юм байна гэж ухамсарлаад явчих юм гэж. Өнөөдөр эргээд харахад бүх л ухсан нүх рүү дараалж унаад хөл гараа хугалж байж цаашаа явах юм байна. Ганцхан энэ нь хурдхан л болоосой доо, хурдхан гэдэг нь 40, 50 жилийн хугацаагаар ярьж байна. Хэдхэн сар жилийн дотор биш шүү. Үе солигдох хэрэгтэй шүү дээ, тийм биз дээ.

Энэ үе солигдох гэдэг дээр л хоёулаа маргалддаг шүү дээ. Тэгэхээр энэ үе дотроо засаж залруулах сэргийлж хийх ажил гэж байдаггүй юмуу?

-Байлгүй яахав. Бид нар угаасаа ингэдэг юмаа гээд суугаад байвал дараа үе нь бас л тэгээд л явна шүү дээ. Тийм учраас 20 жилийг нь бид нар авчлаа, одоогоос 30 жиийн дараа нийгмээ эрүүлжүүлэх хүмүүсийг бид өнөөдрөөс бэлдэх ёстой байхгүй юу. Тийм учраас бид л үглэж байх ёстой, хэлж байх ёстой. Тэгж байж дараа үе чинь арай ухамсартай үе рүүгээ очно. Бид хэдэн мянган жилийн турш энэ нүүдлийн сайхан таатай нөхцөлд амьдарч ирлээ. 1950-иад он хүртэлх гээд бодохоор 3000 жилд хүмүүсийн амьдралын байдал, түвшин ерөөсөө өөрчлөгдөөгүй. Яагаад гэвэл байгалийн гамшиг болдоггүй, хэзээ ч өлсдөггүй, малынх нь тоо 20-40 саяын хооронд байгалийн байдлаас болоод нэмэгдээд хасагдаад байдаг ийм таатай орчинд өөрчлөөд байх шаардлага үгүй байж. Өнөөгийн дэлхий дээр бид сэтгэлгээний хувьд, иргэншлийн хувьд олон улсын жишиг рүү очихгүй бол музей бол дуусна шүү дээ.

Харин тийм учраас таны саяын түүхээр харж байгаа өнцгөөс биш, өнөөгийн хүмүүс юу хүсч байна, залуучууд ч ямар амьдралыг хүсч байна тэрүүнд нь тохируулсан төрийн институуд ягаад ажиллаж чадахгүй байгаа юм бэ?

Төрийн инстүүц гэдэг нь орчин үеийн утгаараа бид нарт байгаагүй. Хоёрдугаарт 200 жил Хятадын, 100 жил Оросын төрийн инстүүцийн удирдлагад явж ирлээ. Барьж аваад зодоод байсныг нь тооцохгүй гэхэд ерөнхийдөө чиглүүлээд яваад байсан гадны төрөөр удирдлага юутай ч тасралтгүй үргэлжилсэн. Бид өөрсдийгөө аваад явсан хугацаа ердөө 20 жилийнл түүх байна. Тэгэхээр чинь ямар ч туршлага байхгүй гэсэн үг, тийм үү.

Таны наад үгэнд чинь болох ёстой юм болж байгаа, давах ёстой гээд энэ үг бол хоногийн хоолоо аргацааж байгаа, 1/3 нь дэлхийн банкны тоогоор ядуу байгаа энэ хүмүүст их хүчтэй сонсогдож байгаа юм л даа. Тэгэхээр та бид орчин үеийн хүмүүсийн хувьд тухайлбал та Сан­гийн сайд байсан, төр засгийн олон арга хэмжээ­тэй холбоотой байсан хүний хувьд “яавал өнөөдрийн синдромноос хурдан гарах вэ?”, “Юуг засах вэ?” гэдэг талаас нь асуудалд хандъя л даа. Энэ утгаараа Монгол Улсын төрийн тавцанд юу юу хийх ёстой гэж та бодож байна.

-Монгол Улсыг аваад гэх юмуу чиглүүлээд менежмент хийж байгаа тэр хэсэг маань хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах эрхтэй газар. Манай орон бол чөлөөт ардчилсан орон. Энэ орны менежмент хийж байгаа удирдлага нь ард түмний хүсэл зоригоор буй болдог. Тодорхой хугацаагаар, дөрвөн жил тутам. Ийм төртэй болсны анхдагч шалтгаан нь манай ард түмэн болохоос 76 чинь хүч хэрэглэж гарч ирээгүй. Хүмүүс нь өөрсдөө сонгосон.

Тэгэхээр та ингэжхэлсэн байгаа. Өнөөдрийн улс төр гэдэг бол ард түмний хариуцлага гэж. Гэхдээ ингэж хэлснээрээ өнөөдрийн байгаа улс төрчдийг хариуцлагагүй байдлыг өршөөгөөд суу­гаад байж болох юм уу?

-Юун түрүүн сонгогч хүмүүс нь өөрснөө хариуцлагатай байх ёстой. Хаанахын чпарламентыг ард түмэн сонгодог болохоор алдаа гардаг л даа. Италийн парламент цуутай янхан сонгочихсон байдаг. Америкийн Минэсоттогоос нэг бөх сонгочихсон чинь бөөн инээдэм болж, дэлхий даяараа Америкийг шоолсон. Манайд ч гэсэн анх парламент сонгогдоход солио гажуу улс нэг хоёр байсаан, харин энэ тоо удах тусам өсөөд байна. Одоо миний харж байгаагаар, уучлаарай миний бодол шүү, УИХ-ын гишүүдээс 10 орчим нь эмнэлгийн хараанд байх ёстой хүмүүс. Тэдний авирлахыг хараад “энэ одоо эрүүл хүн үү, үгүй юу?” гэж эрхгүй бодогдом. Ийм хүмүүсийг танихад заавал эмч гэлтгүй жаахан хүүхэд хараад таньдаг шүү дээ. “Энэ ахын нүд, яриа нэг л бишээ” гээд л. Яагаад ийм хүмүүсийг дахин дахин сонгоод байгаа юм бэ? Ийм сонголт байнга хийгээд байгаа хүмүүс буруугүй гэж үү?

Тэгэхээр яг энэ асуудал дээр ярья. Улс төрд яагаад ямар нэг аргаар хүмүүс ямар ч хамаагүй амлалтаар гаръя гэсэн бол гараад гарсан хойноо өр зээлээ төлж барах гээд төрийг дампууруулах арга хэмжээг улс төрчид гаргаад байна шүү дээ. Үүнд яагаад ард түмэн буруутай байх ёстой юм?

-Ард түмэн сонгохгүй байж болоогүй юм уу?

Улс төрийн намууд, төрийн инститүүдийнхээ хувьд хүмүүсийг хуураад байна шүү дээ. Хуурагдсан нь буруу гэж үү?

Бид нар 25 жил сонгууль хийсэн туршлагатай. Янз бүрийн шатны 40, 50 удаа сонгууль хийсэн байх. Тэр болгондоо хуурагдаад явдаг, яасан ханддаггүй, дуусдаггүй юм бэ? Байгалиас тэгж заяасан хууртагч юм уу? Энийгээ бас бодмоор юм шиг. Миний бодлоор бол энэ болгоны анхдагч шалтгаан нь бид өөрсдөө юм шүү. Сонгоод л маргаашнаас нь тэнэг мангар гээд л хараагаад эхэлдэг. Эхлээд өөрсдийгөө толинд хар л даа. Бид нар толиныхоо тусгалыг л харж байгаа. Бид ямар байна, тийм л төрөө бий болгоно. Энэ хооронд залилсан, сонгуулийн тоо өөрчилсөн, тог унтраасан гэх юмнууд бий. Тэрүүний эзлэх хувь нь бага. Яг үнэндээ хүчээр төрийн эрх авсан нэг ч хүн байхгүй, буу тулгасан нэг ч хүн байхгүй. Хүмүүсийн нэлээн олон хувь нь өөрийн сонгох эрхээ шил архинаас өгчихдөг шүү дээ.

За тэгвэл таны логи­коор ярья. Энэ бүхний буруу нь ард түмэн гэж бодъё…

-Анхдагч нь ард түмэн гэж би хэлсэн.

За анхдагч нь, гэхдээ уламжлалт үр дүн нь байна шүү дээ. Гараад ирсэн үүнийг засах хэрэгтэй байна шүү дээ. Популист гэж ярьж байна, Их хуралд орсон хүмүүс нь баяжиж байна. Төрөөс нь тэрбумтнууд төрж байна…

-Би ингэж бодож байна. Хувийн хэвшлийнхэн Монголын үндэсний нийт үйлдвэрлэлийн 80 хувийг хийдэг байлаа, сүүлийн үед төр баяжаад улсын юм олдоод арай багассан байх л даа. Энэ хувийн үйлдвэрлэлүүд улс орныг тэжээж байгаа. Засгийн газар улсын төсөв мөнгийг бүгдийг гартаа төвлөрүүлээд эргүүлээд цалин хөлс, хөрөнгө оруулалт болгон тараадаг. Гэтэл төр нь элдэв хууль, хахуул, хүнд суртлаар баялаг бүтээгчдээ хорлоод байдаг. Энэ хорлогчдыг бизнес хийж байгаа хүмүүс мөнгөө нийлүүлж байгаад дээш нь гаргахгүй байж болдоггүй юм уу? Саналаа шил архиар өгчихдөг хүмүүсийг хасч тооцоё л доо. Авдаг архийг нь орноос нь өгөхгүй юу. Энэ хүмүүсийг дэвшүүлээрэй гэж биш, чухам энэ хорлогчийг битгий гаргаарай гээд үзэлцэх хэрэгтэй мэт. Оюутолгойтой шууд хамтран ажилладаг 300 компани байлаа. Туслан гүйцэтгэгчтэйгээ нийлээд 1200 компани байлаа.

Тэнд хэдэн арван мянган хүн ажиллаж байлаа, одоо бүгд ажилгүй болсон. Хэдэн өвчтэй солиотой юмнуудаас болоод одоо ажилгүй болсон. Энэ хүмүүсийг би хохино гэж боддог. Увайгүй хэдэн өвчтэй юмнууд болохоор улсын хууль өөрчлөөд бусдыг хорлоод явж болдог. Яг өөрөөрөө ажилгүй мөнгөгүй болчихсон хүмүүс нь чимээгүй суугаад байдаг. Тийм аймхай юмуу? Тийм бэртэгчин юмуу? Эсвэл ингээд тураад үхсэн ч яахав гэсэн шулуундаа гарчихсан унжгарууд уу, бүү мэд. Тэд нар яагаад мөнгөө нийлүүлээд, “энэ луйварчин төчнөөн баялаг үйлдвэрлэгчдийг хорлосон хууль батлуулсан, өчнөөнийг өөртөө авч идсэн, ийм шийдвэрээр ингэж хорлосон” гээд тэмцэж болдоггүй юм бэ? Ийм учраас эднийг дээш нь гаргахгүй гээд цөмөөрөө нэгдээд нөгөө жагсаалаа яагаад хийж болдоггүй юм? Сөрөг өлсгөлөн гээд хачин хачин юм бодож олдог л юм байна лээ. Ер нь яахаараа Монголд өвчтэй солиотой нь жагсаж, өлсөж, суулт хийж хүн амьтан айлгасаар өөрсдийнхөөрөө шийдэж, шийдүүлж болдог, тэдний авираас болж хохирсон тэднээс хавьгүй олонхи нь өөрсдийн эрх ашгийг хамгаалж болдоггүй юм бэ?

За нэг ийм аргачлал байдаг байж. Нөгөө аргачлал нь та ингэж бодохгүй байна уу? Төр засагт ашиг сонирхлын зөрчилдөөн гарч энэ нь Тавантолгой, Оюутолгой дээр гарч ирж байгаа. Энэ зөрчилдөөнийг нөгөө хүмүүстээ бүрэн зөвөөр нь ойлгуулсан тийм үйл ажиллагаа хэвлэл мэдээллээр явахгүй байна гэж та үзэж байна уу?

-Хэвлэл мэдээллийн байгууллага гэхээсээ илүү өөрийн хийж байгаа ажил ач холбогдлыг төр өөрөө тайлбарлаж байх ёстой. Гэтэл манай төр бол хорин хэдэн Засгийн газраас нэг нь ч үүнийгээ тайлбарлаж байгаагүй. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчилдөөн тэнд байдаг болохоор баригдчихвий гээд.

Яагаад тайлбарлахгүй байгаагийн нөгөө шалт­гаан нь намууд мөнгө ав­снаа нуугаад бүх улсын хөрөнгийг тендэр хэлбэрээр тарааж өгөөд дараа нь албан тушаалд өгөөд байгаа энэ циклийг яаж зогсоох вэ?

-Улс төрийн нам төлөвших­гүйгээр төрийн бусад инстүүц төлөвшиж чадахгүй. Яагаад гэвэл төрийн олон инститүцүүдийн боловсон хүчнийг, бодлогыг гаргаж өгдөг нь улс төрийн намууд шүү дээ. Тэгэхээр эд нар нь төлөвшихгүй бол цаадуул төлөвшихгүй. Нөгөө анхдагч гээд яриад байгаа чинь энд бий.

Яаж төлөвшүүлэх вэ?

-Их хугацаа хэрэгтэй гэж хэлээд байнашүү дээ.

Өлсөж байгаа хүүхдүүд та бид хоёрын хугацааг хүлээхгүй шүү дээ.

-Хоёулаа юм болгоныг харлуулж ярьдаг хэдэн сэтгүүлч охид шиг хүн амын 180 хувь нь өлсөж байна гэж яриад яахав. Ядахнаа л 100-аас дээш хувь байж болохгүй шүү дээ. Дэлхийн банкнаас сүүлийн 6 жил манай ядууралд хийсэн судалгааны үр дүн бий. 34, 17, 11 гэсэн уруудсан тоо гарсан. Хоёрдугаарт бид ядуу гэдгээ юугаар хэмжээд байна? Манайд ерөөсөө идэх юмгүй хоолгүй болж унаад байгаа өлсгөлөн огт байхгүй. Үгүй наад зах нь 35-аас дээш насныхны жингийн илүүдэл 64 хувь хүрээд байна. Энхийг сахиулахаар явсан цэргүүдээс асуу. Явж ирээд “манайх шиг баян, тайван, сайхан орон байна уу” гэсээр ирж байгаа юм. Бид дэлхийн адаг биш. Ямар ч байсан 180 хувь нь турж үхэж байгаа юм Монгол улсад байхгүй. Монголчууд түүхэндээ ер нь өлсөж байгаагүй. 2010 оны хүн ам орон сууцны тооллогын дүнг задлаад үзэхэд 200 мянган насанд хүрэгчид ажил хийх сонирхол алга. Яагаад вэ гэвэл сүүлийн 10 жилд бид нийтдээ 4 тэрбум доллар буюу бүхэл бүтэн шинэ Улаанбаатар босгох мөнгийг бэлнээр нь тараагаад өгсөн байна. Энэ нь хүнийг ажил хийх сонирхолгүй болгож байгаа юм.Шуудуу ухаж суухаар 21 мянгадаа очерлоод, оюутны мөнгөө хүүхдэдээ авч өгөөд гэхчлэн.

Тэрийг чинь улс төрийн нам хийсэн шүү дээ?

-Үгүй ээ, ард түмэн дуртайдаа тийм хүн сонгож байгаа. Чи сонговол их юм өгнө гэсэн үү, тэгвэл чамайг сонгоёгээд л. Би анхдагч шалтгааныг яриад байна. Улстөрийн нам гэхээр яг оноох гэхээр эзэн байхгүй шүү дээ.

Намын дарга гээд хүмүүс байгаа биз дээ?

-Нийтээрээ бид чөтгөрийн тойрог гээч юм руу орчоод байна. Эндээс ард түмэн дэмждэг, тэндээс нь улстөрийн намууд уухайлдаг, ингээд шат дарааллаар явдаг.

Буцаад анхдагч шалтгаан руугаа оръё. Энэ ард түмнийг тийм сонгууль хийлгэхгүйн тулд юунаас эхлэх нь зөв гэж бодож байна?

-Бид цаг хугацаа хэрэгцээтэй учраас алхам алхмаар суралцах хэрэгтэй. Сонгуулиар элдэв бэлэн мөнгө амлахыг хориглосон хууль 2012 онд байна уу гарсан. Хоёр хөлөө гартайгаа хугалж авсны дараа засарч байгаа биз? Ингэхээр хөлөө хугалаад эдгээх хугацаа хэрэгтэй. Одоо бол хүн болгонд 10 сая төгрөг өгөхөөр амлахыг хуулиар хориглосон юм байна гэж би ойлгоод байгаа. Хууль тогтооход ихэнх орнууд яадаг вэ? Элдэв хууль гаргах гэж байгаа бол заавал парламентын гишүүдийн 10 хувь нийлж санал дэвшүүлнэ, дараагаар нь заавал Хууль зүйн яам, Сангийн яамнаас асууж зөвшөөрөл авна, яагаад гэхээр Сангийн яам мөнгөний хувьд хүрэлцэх эсэхийг, Хууль зүйн яам хуулийн хувьд бололцоотой юу гэдгийг судална, тэгж байж хуулийг өргөн барьдаг. Манайд анх тэмээний хууль гэж орж ирж байсан юм, тэрнээс хойшоо базар дарь эх минь урсаж өгсөн дөө. Энэ олон урамшууллын хууль чинь бүгд гурвуулаа юм уу тавуулаа нийлж ахиухан мөнгө идэхийн тулд оруулж ирсэн луйвар шүү дээ. Ямаанд мөнгө өгнө гээд эхэлсэн, нийт мөнгөний хагас нь ямаанд очоогүй л болов уу.

Үнэ хязгаарлах, үнэ тогтоох талаар та юу гэж бодож байна. Нефтийн үнийг хязгаарлаж болох уу?

-Одоо жишээлбэл 400 гаруй сая доллар Төв банкнаас нефть импортлогч компаниудад тараагаад өгчихсөн.

Тэгж болдог юм уу?

-Монголд бүх юм болно шүү дээ. За нөгөөдүүл нь авсан үнэнээсээ хямдруулаад шатахууны үнийг барина гэсэн, бариад л байсан л даа. Тэгж байтал үнэ уналаа. Занарын хувьсгал болж байна. Том үйлдвэрлэгч нь АНУ, Мексик болж байна. Үнэ 130 доллар хүрч байсан, одоо 50-иас доошоо ороод ирлээ, тиймээ. Бараг гурав дахин хямдарч байгаа биз. Оросууд ч ийм үнээр зарж байгаа. Тэгсэн компаниуд төв банкинд мөнгөө төлөх ёстой, төв банк мөнгөө авах сонирхолтой. Ингээд үнэ тогтвортой хэвээрээ л байгаа байхгүй юу. Хэрвээ тогтворжих үнэ байгаагүй бол өссөнд нь өсөөд, буурсанд нь буураад л байх ёстой шүү дээ.

Яагаад ингээд болоод байгаа юм?

-Төрийн тогтворжсон инстүүц алга. Энэний анхдагч шалтгаан нь улс төрийн намууд төлөвшөөгүй байна. Үүний цаадах анхдагч шалтгаан болсон ард түмэн шинэ нийгэмдээ зохицож төлөвшөөгүй байна. Хүүхдийг чинь 20 хүртэл нь авч явдаг биз дээ. Тэр болтол робинзон крузо болдог юмуу, тарзан болдог юмуу, тэгж байж л хүн болноо доо.

Наад хүлээлтээр чинь аль ч үгүй болох нь дээ. Нам ингээд бөөн хөдөлгөөн болоод

-Бид сүүлийн 25 жилд эдийн засгийн хувьд ч, нийгэм, эрх чөлөөний хувьд ч асар том дэвшил хийсээн. Бусад нь урагшлаад л, бид л ганцаараа ухраад байсан юм шиг ярьж болохгүй л дээ. Харин бид нарын хийж байгаа алдаа мадагны дооз хэмжээ хэтэрч, нийгмээрээ гэмт хэрэгтэн болох нь. Асар том дэвшил хийж байгаа ч алдаж байгаа нь хэр хэмжээтэй байх ёстой байх.

Энийг яаж хэр хэмжээтэй болгох вэ?

-Би цаг хугацаанаас өөр эмчилгээ олж харахгүй байна. Танд өөрт чинь ямар нэгэн эмчилгээний жор байвал хийгээч дээ. Тэрийг чинь хэн хориод байгаа юм?

Та бид сүүлийн жилүүдэд дандаа ингэж маргалдаж байгаа. Цаг хугацааг хар, хүлээ, бидний үеийнхэн өнгөрсөн гэж.

-Хүлээ гэж биш, бид хүмүүжүүлэх ёстой шүү дээ. Та бид хоёр ингээд яриад сууж байгаа нь дараа үеэ хүмүүжүүлж байгаа хэрэг бус уу? Энэ хэлж байгаа юмыг маань 30-аас доош насны залуучууд илүү ойлгох болов уу гэсэндээ би ярьж байна. Тийм учраас би өөрийн чинь урилгаар ирсэн. Түүнээс биш, би угаасаа зурагтаар гарах дургүй.

Би тэрийг чинь мэдэж байгаа, баярлалаа. Ойрд зурагтаар гарсныг чинь хараагүй. Ахиад хоёулаа залуучуудад хандаад ийм юм ярья. Жишээлбэл Ноён уулын тухай ярья. Хүмүүс энийгээ хамгаалахгүй бол болохгүй. Эмэгтэй хүн байна шүү. Өлсөж үхнэ гээд сууж байдаг. Энэ ямар учиртай юм?

-Бүр зэвсэгт тэмцэл хийнэ гээд нааж байна билээ. Энэ чинь Үндсэн хуулиар хориотой. Энэ оронд тэгж яривал дуртай юмаа бичиж, уриалж болдоггүй юм. Дайн байлдаанд уриалах, төрийн эргэлт хийх, зэвсэгт бослого гаргах, арьс өнгөөр ялгаварлах зэрэг нь Үндсэн хуулиар хориотой байдаг. Тэгж ярьж, тэгж бусдыг уриалж байгаа бол шоронд хийх ёстой, уул нь. Эрүүл газар бол шүү дээ. Манайд бол хамаагүй юм даа. Ноён уулын тухай яриад л байна. Би наадхыг чинь сонссон. Ноён уулыг аль хэзээний ухаад сэглээд хаячихсан. Эхлээд 1923 онд Козлов ухсан, дараагаар нь сүүлийн хэдэн жил нинжа нар ухаад бүр сүйдэлсэн. Алт олох гэж тэр. Ноён уулын булш Төв аймгийн Борнуур суманд байдаг, одоо ашиглах гээд байгаа Гацуурт Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Хоёр өөр аймагт байгаа. Хоёрдугаарт хоорон дахь зай нь их хол, гуравдугаарт археологийнхон хэдийнээ Гацууртад судалгаа энэ тэрийг хийчихсэн, түүхийн дурсгалт юу ч олдоогүй гэж мэргэжлийнхэн зурагтаар яриад байгаа. Тэгэхээр энэ бол элдэв эх орон, үндэсний баялаг, ард түмэн, түүх дурсгал гэж ярьж байгаад нинжа нарыг зохион байгуулж дайрдаг дайралтуудад бэлдэж буй юм. Энийг зохион байгулж байгаа улсууд бол ноднин Сүхбаатар аймагт, хоёр жилийн өмнө Хөвсгөлд, тэрний өмнө Баянхонгорт дайралт хийсэн, зарим нь Баянхонгорт бүр эрүү үүсгэгдчихсэн яваа хүмүүс. Ноднин Сүхбаатар аймагт хийсэн дайралтын зургийг нь харсан. Машинуудынхаа нойморнуудыг мултлаад авчихсан олон нинжа алтны жижиг орд руу дайрсан. Нутгийн ардууд өөдөөс нь морьтой хамгаалж байсан. Бүр дайн шиг юм болж байгаа юм. Хүрз жотуу барьчихаад шууд орд руу дайрч байгаа юм. Гэтэл компани ордыг эзэмшээд, улстай гэрээгээ хийнэ гэдэг чинь сэргээх болоод бусад хариуцлагаа үүрч байгаа хэрэг шүү дээ. Нинжа нарт эзэн байхгүй, хаана хэн нь яаж ухсан нь мэдэгдэхгүй. Хөвсгөлийг сүйтгэсэн, Шишигтийн тэр хавийг. Сүүлд нь аймгаас бөө нар авчраад уулын савдгаар айлгаж бариад манай Портууны ярьдаг шиг ёслол хийсэн юм биз дээ. Гэтэл аваачсан бөө нар нь өөрсдөө ухаад эхэлсэн гэж байгаа. Баянхонгорыг бол аймаар сүйтгэсэн дээ. Ер нь бол бодоод үзээрэй, Монгол улсад байгаль орчныг сүйтгэж баллаж байгаа юмыг хэн хийдэг юм? Дандаа манайхан. Дандаа өөрсдөө. Тэнд Ерөөг мөнгөн усаар угаалаа л гэнэ. Орхоныг бол сүйдлээд хаячихсан. Нэг компани ухаж байгаад, дараагаар нь сэргээн босголтыг нь бусдад шилжүүлсэн. Тэгсэн нөгөөдхийг нь нинжануудад зарчихсан. Өөр хэн ч биш, бид өөрсдөө л сүйтгээд байгаа шүү дээ.

Та Занарын тухай ярилаа. Тэр чинь Эрдэнэсан­тад билүү, бөөн занар оллоо гэсэн. Тэр юу болж байна?

-Одоо занарын хувьсгал болж байна. Нефтиэр, байгалийн хийгээр эрчим хүч хангагддаг байсан бол өдгөө занарыг асар хямд өртгөөр хувиргадаг боллоо. Тийм учраас 2014 оноос дэлхийн хамгийн том нефть, хий үйлдвэрлэгч нь АНУ болчихлоо. Сая Саудын Арабыг гүйцчихлээ. Цаашид улам их үйлдвэрлэнэ. Ийм учраас шатахууны үнэ огцом унаж байна. Бид нар нефть, хийн хувьд гачигдалтай орон. Бүгдийг нь 100 хувь импортолдог. Занарын технологийн лицензийг эзэмшдэг АНУ-ын компани ирээд Эрдэнэ сантад орд олжээ. Хааш хаашаа нэг км занарын ордыг ашиглан боловсруулахад Монгол Улсын долоон жилийн хэрэгцээг хангана гэж тооцоолж. Гэтэл нутгийн иргэд нь дээр нь гараад хэвтчихсэн. Сая дээж авч байхад хоёр тугал үхсэн гээд л. Өөрснөө зориуд алчихсан ч юм билүү, бүү мэд. Ингэхээр нь нөгөө Монголын хамтрагч тал нь гуйгаад явж байгаа юм. Нутгийн командлагч нь тэгж байна гэнээ, “2016 онд би аймгийн дарга болох санаатай байгаа. Тэгээд би өөрөө гарч ирээд хийнээ. Одоо муу сайнуудаар хийлгэхгүй ээ” гэж.

Ер нь Монгол Улсын газрын баялгийг ашиглах үгүй гэдгийг орон нутаг нь мэддэг юм уу? Нэгдсэн төр засагтай орон юм уу, холбооны улс шиг болоод байна уу? Анзаарагдаж байна уу?

-Энэ гажиг Нигерид их тод ажиглагддаг. Нигери нь дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч орны нэг, титан, боксит, төмөр үйлдвэрлэлээр дээгүүр орно. Хүн ам ч гэсэн 100 сая байх шүү. Луйварчид, рэкэтчидээ дураар нь тавиад, яг төв захиргаа нь төвлөрч мэдэхээ больсон. Жалга болгонд атаманууд, луйварчин дээрэмчид гарч ирээд байгаль орчин, Нигерийн ард түмэн, үндэсний аюулгүй байдал, Америкийн империализм зэрэг зүйлс ярьж явдаг болсон. Иймээс бүхнийг ард түмэн өөрөө мэднэ гэх болжээ. Тэгэнгүүтээ тэд жалганыхаа хүмүүсийг айлгадаг юм уу, худалдаад авчихдаг юм уу, “бид энэ жалгынхаа баялгийг ашиглахгүй байхаар шийдсэн” гээд суучихдаг. Дараа нь төв засгаас хууль ёсоор лиценз зөвшөөрлийг нь авсан нөгөө компани дээрээ очоод “төдийг өгөх юм бол бид нар зөвшөөрчих гээд байна” гэж дарамтална. Бүүр ийм байдал ил цагаан тогтчихсон. Төр захиргаа нь тэднийгээ захирч чадахаа болиод алдчихсан. Алдчихсаны гор одоо гарч ирж байна. Боко Харм гэж мэднэ биз дээ? Хойд Нигерид байдаг?

Мэдэлгүй яахав. Хүмүүс барьцаалаад л…

-Одоо тэд хулгайлаад л, баривчлаад л, алж хядаад л, бүр дийлдэхээ больсон. Дийлдэхгүй аймаар мангас болж байна. Та нар яахыгаа өөрсдөө мэд гэж олон жил гааруулсны хариу байхгүй юу. Манайд ч тийм хандлага илэрсээн. Өмнөговь манайдаа хамгийн их баялагтай аймаг. Тэндээ иргэдийн төлөөллийн хурал хуралдаад Өмнөговь аймгийн нутгаас дусал ус ч уул уурхайд хэрэглэж болохгүй гэсэн тогтоол гаргасан шүү дээ. Тэндхийн том үйлдвэрүүд усгүйгээр яах юм бэ? Гэтэл яриад байгаа нь 2-3 км-ийн гүнд дэх далайн шорвог ус. Өнгөн хэсгийн ус л дээд талынхаа газрыг тэтгэдэг юм шүү дээ. Түүнээс км-ийн гүнээс усаа авдаг ургамал гэж хаана ч байхгүй. Усны ийм нөөц олно гэдэг чинь их олз. Тэр нь зөвхөн үйлдвэрийн зориулалтаар хэрэглэж болохоор далайн шорвог ус. Тэр усыг хүнс болон ахуйн бусад хэрэгцээнд хэрэглэх ямар ч боломжгүй. Тэрийг хэрэглэхийг хориглож дээ. Өмнөговь аймгийн дарга өөрөө хэлсэн “Өмнөговь аймгийн нутгаас олдож байгаа баялаг бол өмнөговьчуудын хөрөнгө, өмнөговьчууддаа хамаарна” гэж. Энэ нь сонин дээр гарсан шүү. Одоо ингээд манайд бокохарм үүсэх үүд хаалга нээгдэж байна. Манай төр бол маш сул дорой. Чи энийг хийх ёстой, энийг зохицуулах ёстой гэж ард түмэн сонгуулиар эрхийг нь, мандатыг нь өгсөн. Тэгэнгүүт гурван өвчтэй нөхөр жагсаад л, өлсгөлөн зарлаад л хийх гэснийг нь дураараа болиулчиж байгаа юм. Төрийн үүрэг бол гаргасан хуулиа хэрэгжүүлэх. Энэ үүргийн нэг нь Монгол Улсын Үндсэн хуулинд бичигдсэнчлэн бүх төрлийн өмч, үүний дотор олон нийтийн өмч, төрийн өмч, хувийн өмч, бүгд ижил тэгш эрхтэй бөгөөд бүгдийг нь төр хамгаалах ёстой. Гэтэл төрөөс өмчийг хамгаалдаг уу, манайд? Ийм учраас л дээрэмчид буу шийдэм бариад, энэ тэндхийн компаниудыг айлган сүрдүүлээд явдаг. Төр хүний өмч хамгаалах ёстой шүү дээ. Тэрний тулд бид татвар өгч байгаа.

За тэгвэл Ноён уул дээр ярья. Энэ дээр зөндөө олон зардал гарч байгаа. Энэ хаанаас гараад байна?

-Энэ “бослогыг” цаанаас нь санхүүжүүлж байгаа гэсэн. Гацууртад алтны ордтой компани нь өөр газар нэг алтны ордтой байгаа. Дорнод аймагт. Тэрийг булааж авах гэж байгаа Их хурлын гишүүн нэг нөхөр байна. Тэрийг булааж авахын тулд энүүгээр нь барьцаалах гэж байгаа хэрэг. Ховд аймгийн харьяат хадам нь Зүүнхараад Ноён уул нэртэй компанитай, тэндээсээ дамжуулаад санхүүжилт хийдэг. Нөгөө талаасаа нинжа нар мөнөөх орд эзэнгүй болонгуут нь дайрах гээд байгаа юм. 70 тонн алттай гээд сонсчихсон. Тэрнийг юу ч үгүй сэндийчээд л хаяна.Эзэн олдохгүй. Эцэст нь нутгийхан л хохирно. Ямар нэгэн компани гэрээ хийгээд төр засгаас үүрэг аваад хийвэл эзэнтэй дээ, уг нь. Чиний нөгөө тэгж амласан чинь яасан гээд заргалдахад.

Оюу толгойн урд хэсгээр төмөр зам тавих асуудлаар бас нэг иймэрхүү эрх бүхий мэдэлтэй хүмүүс гараад л эх зөвшөөрлийг нь авлаа гээд яриад байсан та тэр тухай сонссон уу?

-Бид ер нь нийтээрээ юм дээрэмддэг өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээх гээд байх шиг. Нэг нь зөшөөрөлтэйгээр байшин барингуут нөгөө хэсэг нь мөнгө нэхээд хэвтчихдэг. Тайлбарлахдаа нар, сар хааж байна гээд л. Тэр нь шал худлаа. Энэ хотод ямар нэгэн хэмжээгээр байшин барих хэрэгтэй биз дээ.

Бид нар талд амьдарч байгаа биш шүү дээ.

Гэхдээ саяны та бид хоёрын ярьсан тоо баримтыг, та ингэж ярьж байгаа юм чинь тодорхой нэр зүстэй нь төр засаг мэдэж байгаа шүү дээ. Яагаад холбогдох арга хэмжээг авахгүй, саяны санхүүжүүлж байгаа хүн шиг улс орноо тоглуулаад байгаа юм?

-Бид нийтээрээ хялбар аргаар амьдрах дуртай. Насанд хүрсэн 200 000 хүн ажил хийх сонирхолтой байна гэж би түрүүн хэлсэн. Одоо 300 000 ажлын байр байна гэтэл ажиллах хүн олдохгүй байна. Яг үнэндээ. Яг энэ улсад ажил хийгээд амьдаръя гээд зүтгэвэл яахаа алдсан газар биш. Гэтэл хамгийн хялбар арга буюу дээрэм, луйвар, залилан гэх юм руу хүний өөрийн гэхгүй автагдаад байна. Жишээлэхэд нэг айл Зайсанд харуул хийгээд байх. Гэнэт нэг компани зөвшөөрөлтэй ч юм уу, зөвшөөрөлгүй ч юм уу барилга барих гээд газар ухаад эхэллээ. Тэгэнгүүт өнөө харуул утасдаад бүлгийнхнээ дуудна. Долоон буудал, Баянхошуунаас бүлэг болсон улс нэг нэг унь чирээд ирж байгаа юм. “Би энд өсч төрсөөн, мөнгөө өгөө” гээд л хэвтчихэнэ шүү дээ. Ойролцоогоор 60 сая төгрөг авдаг гэсэн, нэг байшингаас. Цаадуул нь барилга барих хугацаандаа хавчигдаад. Энэ мэтчилэн шат шатандаа таарсан дээрэм хийнэ дээ.

Тэрийг зохицуулах хууль дүрэм, цэрэг цагдаа байдаг биздээ?

-Нүсэр ажил орох байх даа.

Гэхдээ хийх ёстой биз дээ?

-Тэгээд чи хэнд хариуцлага үүрүүлэх гээд байгаа юм? Надад уу?

Өнөөдөр байгаа төр засгаас энэ асуудлыг бид нар яаж шаардах вэ?

-“Сонгуульд тэрийг битгий сонгоорой, наадах чинь тэгж тэгж ухуулдаг нөхөр шүү, төчнөөн хуулиар баялаг бүтээгчдийг хорлосон шүү”. Ингээд нийлээд яагаад жагсаж болдоггүй юм? Дараа үеэ зөв бэлдэж яагаад болдоггүй юм? Дээр байдаг дарганцар болгон машиндаа гэрэлт дохиотой болчихож, хуулиар төрийн гурван өндөрлөг болоод цагдаад л тийм эрх бий. Энэ замын цагдаа нь яагаад хураагаад авдаггүй юм? Ачих ёстой биш үү? Дарга нь ямар хамаатай юм.

Хаан Ресурс компаниас болоод 100 сая доллар төлөх болсон. Тэрний лиценз нь юу болов?

-Хаан Ресурсыг хөөсөн захиалга нь гаднаас шүү. Оросын Ерөнхий сайд асан Криенко гурван удаа, Путин зөвхөн энэ асуудлаар хоёр дахин ирсэн. “Мардайг хамтарч ашигланаа. Одоо ашиглаж байгаа хүмүүсийг хөөгөөд гарга” гэж шахсан. Тухайн үеийн Ерөнхий сайд асан хүн асуусан байдаг, “олон улсын арбитрийн шүүх дээр очоод торгуулна шүү дээ” гэж. Гэтэл “өө айлтгүй бид торгуулийг нь төлнө” гэж хэлсэн. Дараа нь сайн хуульч олж өгнө гэсэн. Тэгээд манайхан цуцлаад хаясан. Цуцалсан эзнийг нь гадагш элчингээр явуулсан. Бултуулж байгаа ухаантай. Харин олон жил их хөрөнгө оруулалт хийгээд хөөгдсөн компани шүүхэд хандлаа. Манайхан сүх далайтал үхэр амар гэгчээр тайван яваад л байсан. Хэд хэдэн шатны шүүх хурал дамжаад, 350 сая долларын нэхэмжлэлийг нь Парисийн шүүх 100 сая болгосон юм. Харж үзсэн нь энэ. Бид монгол зангаараа төлөхгүй яваад байж болно, өгөхгүй гүрийнэ гэж бодоод байх шиг. Тийм юм байдаггүй юм. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр л гарсан бол манай нөөцөөс юм уу, олон улсын худалдаанаас тэрийг чинь суутгаад авчихдаг юм. Энэ бүхэн бол тэгэхээр 3-4 Засгийн газар дамжсан хариуцлагагүй явдал. За тэгээд үүний үргэлжлэл цаашаа явж байна. Францын Ариаваг хөөх ажиллагаа улам ширүүссээр. 15-20-оод жил хайгуул хийж асар их хөрөнгө үрсэн компани шүү дээ. Хайгуулаас нь болж үхэр мал үхсэн л гэнэ, тийм хортой юм бол хүн нь яагаад ч үхдэггүй юм, бүү мэд. Энэ болгоны угшил шалтгаан гаднаас бий. Биднийг гаднаасаа хаалттай вакуум орчинд байлгах геополитик сонирхол байна. Манай нэг дурак тэгж авдгийн, энэ асуудлаар ярьчих гэхээр улсынхаа геополитик нууцыг задалчих гээд байна гэж. Жижиг улсын геополитик гэж байдаггүй юм. Геополитик бодлогоор дэлхийг болон бүс нутгийг залж явах их гүрний геополитик гэж бий. Америкийн ч гэдэг юм уу. Дайнаас өмнө Японы геполитик гэж байсан, одоо тийм юм байхгүй. НАТО-ийн геополитик гэж байна уу гэхээс Бельгийн геополитик гэж байдаггүй. Энэ ухагдахуун өөрөө цаанаа тодорхой утгатай. Тэгэхээр манай орчин дахь бидэн рүү чиглэсэн том геополитик өнөөдөр Монгол Улсыг залж явах өөрийн сонирхлоо гаргасаар байна. Хамгийн аймаар нь биднийг вакуум орчинд оруулж, гадны хөрөнгө оруулалтаас тасалж хэн ч тоохгүй хаалттай бүс болгох сонирхол байна. “Аргументы и факты” сонинг өөрөө мэднэ дээ?

Мэдэлгүй яахав.

-“Огонёк” сэтгүүлийг бас мэдэж таараа. Эртнээс Оросын хамгийн том хэвлэ­лүүд. “Монголд АНУ болон Японы, өөрөөр хэлбэл гурав дахь орны хөрөнгө оруулалтыг системтэйгээр шахан зайлуулах ажиллагаа амжилттай явагдаж байна” гэж тэнд саяхан бичсэн байна. Иймэрхүү ажиллагааг гадны нөлөө болон мөнгөөр бид өөрснөө гардаж байгаа шүү дээ. Сая Латвийн Ерөнхийлөгч Монголд айлчлах хүсэлт тавьжээ. Путины дургүйг хүргэж магадгүй гээд манай Гадаад яамнаас “чамайг хүлээж авахгүй ээ” гээд хариу явуулчихсан.

Пөөх, үнэн үү?

-Үнээн. Би нөгөөдөхийг нь бас хэлье. Сая Азийн хөгжлийн банкнаас 20 сая долларын зээлийн төсөл орж ирлээ. Энэ бол уг нь улсын хэмжээгээр бодоход бага мөнгө л дөө. Гэтэл тааз тулна гээд их хурал хүлээжавдаггүй. Тэгсэн мөртөө Засгийн газар тэрбум доллар зээлж нисэхийн зам тавихаар нэгэнт шийдэхээр энэ талаар ганц ч үг ганхийсэнгүй. 20 саяыг авахаар тааз тулдаг юм бол тэрбумыг авахаар өнөө тааз нь хэмх дэлбэрмээр л юм?

Авчихсан уу?

-Авахаар тогтоол нь гарсан.

Монгол Улсын төрийн гурван удирдлага нэг орон руу явчихаар хойноос нь явчихаад байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Гадаад харилцаан дээрээ жаахан кординаттай байж болдоггүй юм уу ?

-Ер нь нүүдэлчид индвидуал, бодьгалч тоглолттой. Хамтарч юм хийж чаддаггүй, болдоггүй, зохицдоггүй, дургүй. Малчин гэж бодъё. Хөрш 20 км-ын цаана байна. Тиймээс миний үйл, ажил, бодлого хамтарсан бус хувийнх байна. Аргалаа өөрөө түүнэ, эмээлээ өөрөө хийнэ, ямаагаа өөрөө самнана. Бүх юмыг өөрөө хийнэ. Хамтрах шаардлага байдаггүй. Энэ зан араншин, авир, тогтсон сэтгэлгээ биднээс мөд салахгүй. Тиймээс хугацаа хэрэгтэй. Дараа үеэ хамтын иргэншилд бэлдэх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Ойрын хоногуудад хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уурын орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Иргэд хөдөө амарч зугаалахдаа ил гал гаргахгүй байхыг сануулъя. Учир нь таны хийсэн нэг болчимгүй үйлдэл улс, орон ард иргэдэд их хэмжээний хохирол учруулж болзошгүй юм. Мөн малчид малаа бэлчээрлүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг мэргэжилтнүүд сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот Новосибирск хоттой хамтран ажиллана

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн хоёр хотыг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж цаашдаа хамтран ажиллах ажлын эхлэлийг тавилаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич “Новосибирск хотын даргын өмнөөс Нийслэлийн Засаг даргыг тааламжтай үедээ хүрэлцэн ирэхийг урьж, албан ёсны урилгыг гардуулсны зэрэгцээ хотын даргын айлчлалын үеэр Улаанбаатар хоттой ах дүү хот болох санамж бичигт гарын үсэг зурах саналыг тавина” гэлээ.
Ингэснээрээ ОХУ-ын хойд бүс тухайлбал, Новосибирск, Улаанбаатар хотын хооронд шууд нислэгтэй болох боломж бүрдэнэ гэдгийг талууд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Евроазийн эдийн засгийн комиссын гишүүн айлчилж байна

Евроазийн эдийн засгийн комиссын гишүүн Татьяана Дмитриевна Валовая тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 25-28-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын эхний өдөр хатагтай Т.Д.Валоваяг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.

Айлчлалын хүрээнд талууд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон, яриа хэлэлцээ хийж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлоход оршиж байна.

Евразийн эдийн засгийн комисс нь Евразийн эдийн засгийн холбооны байнгын үйл ажиллагаатай зохицуулагч байгууллага бөгөөд сайд нарын зөвлөлөөс бүрддэг болно. Евразийн эдийн засгийн комиссын зөвлөл нь зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр, захирамж болон зөвлөмжүүд гаргадаг байна.

Астана хотод өнгөрсөн оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ, Беларусь, Казахстаны Ерөнхийлөгч нар “Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээ”-нд гарын үсэг зурснаар Евразийн эдийн засгийн холбоо энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭХ)буюу хуучнаар Гаалийн холбоо нь ОХУ, Беларусь, Казахстан, Армен гэсэн дөрвөн гишүүн орноос бүрддэг.

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд:

  • гаалийн нэгдсэн албан татвар болон гуравдагч талтай гадаад худалдааны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх,
  • гуравдагч талтай харилцах харилцаанд бараа худалдааны нэгдсэн горим үйлчлэх,
  • гаалийн нэгдсэн зохицуулалт хэрэгжүүлэх,
  • ЕЭХолбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрт бараа, бүтээгдэхүнийг гаалийн мэдүүлэг болон улсын хяналт шалгалтгүйгээр (тээврийн, эрүүл ахуйн, мал-эрүүл ахуйн, ургамлын хорио цээрийн)чөлөөтэй тээвэрлэх зэрэг үйл ажиллагааны зарчмыг баримталдаг ажээ.
Categories
мэдээ спорт

Волейболын идэрчүүдийн бүсийн АШТ өндөрлөлөө

Волейболын идэрчүүдийн нийслэлийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Хилчин” спорт хорооны зааланд болж өндөрлөлөө. Тэмцээнд хөвгүүдийн ес, охидын найман багийн 205 тамирчин өрсөлдөв. Мөн тэмцээнийг Волейболын холбооны найман шүүгч шүүсэн байна.

Тус тэмцээн Олон улсын волейболын холбооны шинэ дүрмийг туршсанаараа онцлог боллоо. Ангилал бүрийн эхний дөрвөн байрт шалгарсан багууд Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд оролцох эрхийг авсан юм.

Тэмцээний дүн:

/Хөвгүүдийн 9 есөн баг/

I байрт: ОУХМ Д.Солонгос дасгалжуулагчтай, Б.Баярсайхан ахлагчтай ”Хасу Мега старс” баг.
II байрт: Спортын мастер Д.Эрдэнэчулуун дасгалжуулагчтай, Б.Эрдэнэцог ахлагчтай Багануур дүүргийн баг.
III байрт: Ариунтуяа дасгалжуулагчтай, Б.Амартүвшин ахлагчтай Сүхбаатар дүүргийн 45-р сургууль.
IV байрт: О.Соронзонболд дасгалжуулагчтай, Б.Амартүвшин ахлагчтай Баянгол дүүргийн 20-р сургууль.

/Охидын найман баг/

I байрт: С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, Г.Нарантунгалаг ахлагчтай Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” баг.
II байрт: Спортын дэд мастер Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай, Ч.Ганчимэг ахлагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн баг.
III байрт: Ж.Батболор дасгалжуулагчтай, А.Хажидмаа ахлагчтай Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн баг.
IV байрт: Спортын мастер Д.Эрдэнэчулуун дасгалжуулагчтай, Ц.Саранцэцэг ахлагчтай Багануур дүүргийн баг тус тус шалгарлаа.

Categories
мэдээ спорт

Дөрөвдүгээр сард үндэсний бөхийн 10 барилдаан болно

Монголын үндэсний бөхийн өргөөнд ирэх дөрөвдүгээр сард олон барилдаан төлөвлөгдөөд байна. Эдгээр барилдааны зарим МҮБХ-ны 25 жилийн ойн арга хэмжээнд зохион байгуулагдахаараа онцлог.

  • IV сарын 4-нд 14:00 цагаас Улсын начин Т.Артагийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан
  • IV сарын 5-нд 14:00 цагаас “Сонгинохайрхан уулын хишиг” улс аймгийн алдар цолтой 256 бөх
  • IV сарын 6-нд 9:00 цагаас Хан Хэнтийн аварга дэвжээний нэрэмжит сумын заануудын барилдаан
  • IV сарын 7-нд 14:00 цагаас Ардчилсан намын 25 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 224 бөх
  • IV сарын 25-нд 14:00 цагаас Нийслэлийн МАН-ын ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх

МҮБХ-ны 25 жилийн ойд:

  • IV сарын 11-нд 9:00 цагаас Цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан
  • IV сарын 11-нд 15:00 цагаас нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан
  • IV сарын 12-нд 14:00цагаас Улс аймгийн алдар цолтой ахмад 64 бөхин барилдаан
  • IV сарын 12-нд 14:00цагаас Өсвөрийн /15-17 насны/ 128 бөхийн барилдаан
  • IV сарын 17-нд 19:00 цагаас “Тэнхээт эрсийн Тэнгэрлэг аялгуу” бөхчүүдийн урлагийн тоглолт
  • IV сарын 18-19-нд 10 цагаас Улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаан
Categories
мэдээ нийгэм

“Марко Поло” киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.25/ Америкийн “Weinstein” компанийн бүтээж буй “Марко Поло” киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд төслийн багийнхан Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Марко Поло” кино төслийн талаар танилцууллаа. ХIII-ХIV зууны үеийн Монголын түүхэн цаг үеийг баримтад тулгуурлан илэрхийлсэн уг бүтээлийг Америкийн “Weinstein” компани бүтээн, Германы “Netflix” компанийн сүлжээгээр дамжуулан түгээж байгаа гэлээ. Түүнчлэн Италийн жуулчин Марко Пологийн Монгол дахь аяллын талаар өгүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн Монголын түүх, ахуй, соёлыг бодитоор илэрхийлэхийг зорьсон гэдгийг онцлон танилцуулав. Мөн тэрээр дээрх төслийн II хэсгийг хийхээр бэлтгэл хангагдаад байгааг дуулгаад “Энэ бүлэгт Монголын гал голомтоо сахиж үлдсэн хаад ноёдын түүх, төрийн эрхийн төлөөх тэмцэл, зөрчлийн талаар өгүүлэх юм. Тиймээс төслийн II хэсэгт Монгол Улсад зураг авалт хийх, жүжигчид, уран бүтээлчид, судлаач, холбогдолтой салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, түүх, соёлын сурвалжуудыг ашиглах шаардлага үүсээд байна” гэлээ. Төгсгөлд нь тэрээр энэхүү бүтээлээр дамжуулан дэлхий нийтэд Монгол ёс заншил, соёл, түүхийг таниулах ач холбогдлыг нь харгалзан уг төсөлд Монгол Улсын төр засгийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга төслийн багийнхны тавьж буй хүсэлтийг судалж, холбогдох байгууллагуудтай санал солилцоно гэлээ.

Уг уулзалтад Америкийн “Weinstein” компанийн “Марко Поло” киноны найруулагч Жон Фуско, продюсер Даниэль Минахан, Ричард Шарки, тус төслийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан продюсер М.Оргил, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэлний шалгалтын хариу ирэх сарын 4-нд гарна

ЭЕШ-ын өмнөтгөл болгож Монгол хэл, бичгийн шалгалтыг орон даяар энэ сарын 21-ны өдөр авсан. Тэгвэл тус шалгалтын хариу ирэх сарын 4-нд гарах юм байна. Шалгалтад оролцсон нийт сурагчдын материал Боловсролын үнэлгээний төвд ирчихсэн бөгөөд одоогоор гараар засах ажил явагдаж байгаа аж. Шалгалтын материалын 75 хувийг гараар үлдсэн 25 хувийг машинд уншуулж засна гэж Боловсролын үнэлгээний газраас мэдээллээ. Тус шалгалтын босго оноо 400 байх бөгөөд үүнд хүрэхгүй бол ЭЕШ өгөх эрхгүй болох юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа авах бөгөөд эхнийх нь энэ сарын 21-ны өдөр нөгөөх нь ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох юм. Эхний шалгалтад 400 оноо аваагүй хүүхдүүд дараа сарын шалгалтад орох аж. Энэ жил ЕБС-ийг 19.293 хүүхэд төгсч байгаа. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25 000 орчим хүүхэд ЭЕШ өгнө. ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 20-ны 18.00 цагт дуусахыг албаныхан анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоогийн “XXI зууны Монгол: Тоглоомын улсаас тоглоомон улс” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байна

Монгол Улсын Төрийн шагналт нэрт зохиолч, нийтлэлч, “Өдрийн сонин”-ы Нэгдүгээр орлогч эрхлэгч Бямбажавын Цэнддоо “XXI зууны Монгол: Тоглоомын улсаас тоглоомон улс” нийтлэлээ сониныхоо маргаашийн дугаарт нийтэлж байна.

Энэ нийтлэлийн зарим онцлох хэсгээс эшилж, сонирхуулбал, “Монгол дахь улс төрийн бүлэглэлүүдийг хэзээд, хэнтэйгээ ч очоод нийлж мэдэх хэсгүүд бүрдүүлдэг”, “Тусгаар тогтнолыг унагая гэвэл эдийн засгийг нь унага”, “Яг нарийндаа, хятадуудаас даалгавар аваад, Оросын талаас чиглэл сонсоод байгаа хүн монгол маягийн “түр засаг” дотор үгүй л болов уу. Харин сонирхогч талууд бидний үндэсний онцлог дээр тоглосон байх магадлалтай” гэх зэргээр бичжээ. Улмаар тоглоомын улсаас тоглоомон улс болоод буй бидний өмнө нэг мухардал, хоёр зам байгааг нийтлэлд өгүүлсэн бий. Дэлгэрэнгүйгээр нь “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авч уншаарай.

Дашрамд сануулахад, уншигчид та бүхэн “Монгол шуудан”, “Түгээмэл шуудан”, “Улаанбаатар” шуудангийн салбаруудад хандаж, “Өдрийн сонин”-ыхоо хоёрдугаар улирлын захиалгыг өгч болно.

Categories
мэдээ нийгэм

”Мөрөөдлийн боловсрол” аяныг эхлүүллээ

Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Монгол Улсын багшийн их сургууль, Шинжлэх ухаан техникийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудтай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг энэ сараас эхлүүллээ. Энэ аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий болвсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн мянга гаруй оюутан, сурагчдад хүсэл сонирхолд нь тулгуурлан мэргэжил сонголтыг зөв хийхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, зөв харилцаа, ёс суртахуун, архи, тамхины хор уршиг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөгийг 3 үе шаттай зохион байгууллаа.