Categories
мэдээ нийгэм

Бээжин дэх консулыг эргүүлэн татахаар болжээ

Гадаад хэргийн яамнаас Дипломат төлөөлөгчдийн газруудад ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг Бээжин хотноо ажиллан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст шалгалт хийжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар, шалгалтын явцад санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн аж. Иймд холбогдох хууль тогтоомжийг зөрчин, ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн үзэж ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн татах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын байцаагчийн дүрмийг шинэчлэн баталжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал болж, “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх тухай журам”-ыг баталжээ. Уг журмын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тусгагдсан үнэт заасны зах зээлд дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглахыг хориглох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос нарийвчлан зохицуулах юм байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлд хувьцаа болон бусад үнэт цаасны ханш чөлөөтэй, шударга, эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох боломжтой болох аж.

Мөн тус хурлаар СЗХ-ны Улсын байцаагчийн дүрмийг шинэчлэн баталжээ. Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн дүрэм нь улсын байцаагчийн бүрэн эрх, хүлээх үүрэг, хариуцлага болон санхүүгийн зах зээлийн зохицуулалтад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн Хорооноос гаргасан дүрэм, журмыг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг байна. Дүрмийн зарим зүйл заалт оновчгүй томьёологдсон, мөн Хорооны зохицуулалтын хүрээнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэж байгаатай холбогдуулан шинэчлэн батлах шаардлага тулгарсан аж. Дүрэм шинэчлэн батлагдсанаар байнгын ажиллагаатай “Улсын байцаагчийн зөвлөл” ажиллахаар болжээ.

Categories
мэдээ спорт

“SBL Хасын хүлгүүд” плэй-оффийн хагас шигшээд өрсөлдөх эхний баг болов

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плэй-оффийн найман багийн өрсөлдөөн ширүүн өрнөж байна. Өчигдөр “SBL Хасын хүлгүүд” өрсөлдөгчөө хожсоноор хагас шигшээд гурван хожилтой шалгарсан эхний багаар тодорлоо. Өмнө нь “SBL Хасын хүлгүүд”, наймдугаар байраар шалгарсан “Хан талстын ирвэсүүд”-тэй плэй-оффт өрсөлдөхөөр шалгараад байсан юм.

Тэд өчигдөр гурав дахь тоглолтдоо 105:104 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Мөн лхагва гарагийн орой “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” багуудын гурав дахь тоглолт боллоо. Хоёр багийн хожлын харьцаа 1:1 болоод байсан. Тэгвэл энэ тоглолтод 115:94 онооны харьцаагаар “Танан Гарьд” хожиж, цувралыг 2:1-ээр тэргүүлж байна.

Плей-оффын явц:

1. “SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд” 94:93, 122:102, 105:104 (3:0)
2. “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” 97:103, 115:103, 94:115 (1:2)
3. “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац” 119:100, 103:95

Categories
мэдээ нийгэм

Хандгайтад сагсан бөмбөгийн ордон баригдаж байна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны санхүүжилтээр спортын шинэ ордон Хандгайтад баригдаж байна. Энэхүү ордны барилгын ажил дуусах шатандаа оржээ. NBA-гийн стандартын дагуу баригдаж буй тус ордны нээлтийн ажиллагаа ирэх дөрөвдүгээр сарын эхээр болохоор төлөвлөгдсөн байна.

Шинэ ордон 2000 хүний багтаамжтай бөгөөд бэлтгэлийн заал, 80 хүний ортой буудал, фитнесс заал, саунтай аж.

Бэлтгэлийн заалнаас бүрдсэн цогц баазад сагсан бөмбөгийн бүх насны шигшээ багууд, баг тамирчид бэлтгэл, сургуулилтаа хийх аж.

Улаанбаатар хотоос баруун хойш 40 км-ын зайд байрлах Хандгайтын цанын баазыг иргэд өвлийн цагт л зорьдог. Тэгвэл одоо жилийн дөрвөн улиралд сагсан бөмбөгийн тэмцээн уралдааныг үзэх гэж Хандгайтыг зорих болжээ

Categories
мэдээ нийгэм

Ж.Алдаржавхлан үнэт цаасны төвийг удирдана

“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тус компанийн Гүйцэтгэх захирал Т.Гандуламыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Тэгвэл түүний ажлыг үргэлжлүүлэх хүнийг томилжээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Ж.Алдаржавхланг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Categories
гадаад мэдээ

Перу 60 хоногийн онц байдал зарлажээ

Перу улсын засгийн газар Чосика хотод 60 хоногийн онц байдал тогтоожээ. Нийслэл Лима хотоос 50 хүрэхгүй км-ийн зайтай орших Чосикад хоёр цаг үргэлжилсэн аадар борооны дараа үер, хөрсний нуралт болсон аж. Хөрсний гулгалт, нурангийн үеэр автомашины хэмжээтэй бул чулуу уулнаас өнхөрч байшин барилгуудыг сүйтгэсэн байна. Хөрсний нурангид долоон хүн амь үрэгдэж, 65 байшин сууц сүйдсэн бөгөөд баруун, зүүнийг холбосон гол хурдны зам боогджээ. Онцгой байдлын албаныхны зүгээс гамшигт өртсөн бүс нутагт гэрэл цахилгаан, ундны усны хангамж хүргэж, цэвэрлэх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Өмнө нь 1967 онд Чосикад их хэмжээний хөрсний нуранги болж 64 хүн амь үрэгдэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг чөлөөлжээ

Хөдөлмөрийн сайд тушаал гаргаснаар өчигдөр 21 аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Ийн олноор нь нэгэн зэрэг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан шалтгааныг тус яамнаас лавлахад “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын дийлэнх нь түр орлон гүйцэтгэгч нар байсан. Төрийн албаны хуульд нийцүүлэхийн тулд түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлж, сонгон шалгаруулалт зарласан” гэсэн хариулт өглөө. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон юм. Гэхдээ Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо жинхлээгүй, түр орлон гүйцэтгэгчээр томилж байжээ. Үндсэндээ 2.5 жилийн хугацаанд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгч байсан аж. Үүнтэй холбоотойгоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд мөн жинхлэгдэж чадалгүй түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь шинэ сайд томилогдох хүрээнд “шахагдсан” нь энэ бололтой. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлыг сургалтын албаны даргад, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын ажлыг ахлах мэргэжилтэнд нь түр хариуцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор нас барагсдын тоо 18,6 хувиар өсчээ

Зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн, үүнээс Улаанбаатар хотод 138 хүн нас барж 726 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад улсын хэмжээнд нас баралт 18,6 хувь, гэмтсэн хүний тоо 13,9 хувиар өссөн, нийслэлийн хэмжээнд нас баралт 17,9 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 48 хүүхэд амь насаа алдаж 1164 хүүхэд гэмтсэн байх бөгөөд үүнээс нийслэлд 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэн байна.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртөн нас барах явдлыг бууруулах, гэмтсэн хүнд цаг алдалгүй анхны тусламжийг зөв үзүүлэн амь нас, эрүүл мэндийг аврах мэдлэгийг алба хаагчдад олгох зорилгоор 2015 онд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй ажиллах төлөвлөгөөний дагуу нийт алба хаагчдын дунд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл “Анхны тусламж” сургалтыг үе шаттайгаар зохион явуулж байна.
Уг сургалтад хамрагдсан алба хаагчид зам тээврийн осолд өртсөн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэснээр зам тээврийн осолд өртөн нас барж байгаа иргэдийн тоо буурах магадлалтай юм.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт гал түймрийн улмаас нэг хүн нас баржээ

Хаврын улирал ирж, нийт нутгаар хуурайшилт ихссэнтэй холбоотойгоор хээрийн түймэр гарах нь ихэслээ. Дорнод, Сүхбаатар аймгийн нутгуудаар хээрийн түймэр гарсан тухай Онцгой байдлын газраас өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Дорнод аймгийн Матад суманд түймрийн улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтэж гурван айлын гэр шатсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан хүн нь тус суманд гарсан түймрийг унтараахаар ирсэн Дорнод аймгийн иргэн аж.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-ынхан “Мах-Импекс”-т шалгалт хийжээ

МХЕГ-ын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Мах-Импекс” компанийн Хиам консервийн үйлдвэрийг энэ сарын 17-20-ны өдрүүдэд шалгасан талаараа сайтдаа мэдээлжээ.

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг шалгах хяналтын хуудас”-аар тус үйлдвэрийг шалгасан бөгөөд хяналтын хуудсанд тусгагдсан асуумж, үүсч болох эрсдлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна. Шалгалтын үеэр үйлдвэрийн технологич, эмч, цехийн мастеруудаар өөрсдийнх нь үйл ажиллагааг хяналтын хуудсаар үнэлүүлэн, мэдлэг олгожээ.

Мөн “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль болон дээрх хуулиудыг дагаж гарсан 2013 оны Засгийн газрын 172-р тогтоолоор батлагдсан “Буцаан болон татан авах журам”, 2014 оны 157-р тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”, Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал олгох зөвлөмж зэрэг эрх зүйн актуудын талаар мэдлэг олгох сургалт хийсэн байна.

Тус үйлдвэр хяналтын хуудсаар бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ.