Categories
мэдээ цаг-үе

Монголчууд гэрийн автоматжуулалтын систем зохион бүтээж байна

“Аметрос технологи” компанийг Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар нар Америкт байхдаа үүсгэн байгуулжээ. Физик, электроникийн чиглэлийн залуус баг бүрдүүлэн анхны бүтээлээ гаргасан нь гар утасны утасгүй цэнэглэгч байсан гэнэ. Уг бүтээлээ бэлэн болгоод АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх гэсэн боловч хөрөнгө оруулалт дээр асуудал тулгарчээ. Тухайн үед тэдний хийсэн бүтээлийг гадны компаниуд 300 мянган ам.доллараар худалдаж авах санал тавьж байсан ч татгалзсан байна. Хэдийгээр эхний төсөл нь бүтэл муутай байсан ч гэлээ монгол инженерүүд гадны зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүн гаргаж чадах юм байна гэдгийг ойлгоод дараагийн том төслөө эхлүүлжээ. Энэ үедээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг эх орондоо хийсэн нь зөв юм байна гэж шийдээд Монголд албан ёсоор бүртгүүлсэн гэнэ.

Тус компани байгуулагдах үедээ гар утасны утасгүй цэнэглэгч үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн жилээс “Ametros” нэртэй таблет хийж эхэлжээ. Гэхдээ уг бүтээлийг тодорхой хүрээнд буюу эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гэнэ. Тиймээс олон нийтэд зориулан зах зээл дээр борлуулахгүй юм билээ. Уг таблетыг мэдээллийн технологийн дэвшил төдийлөн сайн нэвтрээгүй эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт салбарт өдөр бүр тулгамддаг технологийн асуудлуудыг хөнгөвчлөхөд зориулан бүтээжээ. Жишээлбэл, эмч нар өвчтөний бүртгэл, түүх, эмчилгээний явц, эмийн жорын системийг хялбаршуулах зорилгоор энэхүү таблетыг ашиглаж болох юм билээ.

Хэрэв идэвхтэйгээр ашиглаад эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх юм бол яваандаа эмч нар өвчтөнөө бичиг аваад ир, шинжилгээ хийлгээд ир гэж ийш тийш явуулах шаардлагагүй болох юм гэсэн. Бас уг таблет нь өөр дээрээ халуун мэдрэгчтэй болохоор өвчтөний нүүр рүү харуулахад халуурч байгаа эсэхийг шууд мэдэх боломжтой ажээ. Тус компани дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг электроникийн компаниудтай өрсөлдөхүйц үндэсний брэндийг бий болгох зорилгоор “ДОБУ” нэртэй өндөр хүчин чадалтай гэрийн автоматжуулалтын систем зохион бүтээж байгаа ажээ. Энэхүү систем нь гэрийн автоматжуулалтын системийн хөгжлийн чиг хандлага болоод буй утасгүй, мэдрэгч бүхий сүлжээн дээр суурилан ажиллах боломжтойгоороо уламжлалт технологиудаас давуу талтай гэсэн. Тухайлбал уг системийг гэртээ тавиулсан байхад хулгай орох, ус алдах, гэрлээ унтраахгүй явах, гааз алдах зэрэг аюултай үед автоматжуулалтын систем ажиллаж өрхийн гишүүдэд автоматаар мэдэгдэх юм билээ. Бүр болоогүй ус алдлаа гэхэд крантыг хаах, гэрлээ асаалттай орхиод явсан бол унтраах зэрэг үйлдлийг мэдэрч хийх юм гэнэ. Уг систем хэрхэн ажилладаг болохыг тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Д.Тулгабаатартай ярилцлаа.


-Та бүхэн уг бүтээгдэхүүнээрээ дэлхийд өрсөлдөнө гэсэн. Яагаад заавал ийм систем зохион бүтээх болсон бэ?

-Бид зурагт эсвэл гар утас үйлдвэрлээд “SAMSUNG”, эсвэл “APPLE”-тай өрсөлдөнө гэвэл инээдтэй хэрэг болно. Яагаад гэвэл энэ тал дээр тэд бусдаас нэг хоёр ч биш нэлээд хэдэн алхмаар түрүүлж яваа. Харин гэрийн автоматжуулалт, ухаалаг системийг хөгжүүлэх тал дээр дэлхий нийт яг бидэнтэй адил судалгаа, туршилт хийн хөгжүүлэлтийн түвшинд явж байгаа. Шинээр хэрэглээнд нэвтэрч буй бүтээгдэхүүн, шинэ зах зээл гэдэг утгаараа бидэнд өрсөлдөх боломж дүүрэн байгаа юм. Бидний зохион бүтээж буй ухаалаг системийг энгийнээр тайлбарлавал та орондоо хэвтэж байхдаа эсвэл гэрээсээ хол газар байгаа үедээ удирдлагын төхөөрөмж болон ухаалаг утасны аппликэйшн ашиглан гэрэл, хөшиг, хяналтын камер болон бусад цахилгаан хэрэгслүүдээ удирдаж болно.

-“Добу” гэдэг нь юу гэсэн утгатай нэр вэ?

-“Монголын Нууц товчоо”-дээр ах дүү Дува сохор, Добу мэргэн хоёр гэж гардаг шүү дээ. Добу мэргэн шиг мэргэн, ухаалаг байх болтугай гэж бэлгэшээн нэрлэсэн. Нөгөө талаасаа монгол хүн хийсэн шүү гэдгийг мэдрүүлэх зорилгоор ийн нэрлэсэн байгаа. Манай бүтээгдэхүүний лого ч үндэсний хэв шинжийг харуулсан. Монгол гэрийн дүрстэй, гэрийн тоононоос утаа гарч байгаагаар дүрсэлсэн.

-Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлэх үү?

-Үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа бүтээгдэхүүнээ эхний ээлжинд Монголын зах зээлд нийлүүлнэ. Гэтэл манай зах зээл жижиг учир бүтээгдэхүүн маань сайн борлуулагдлаа гэхэд 10 мянга 20 мянгад хүрээд зогсоно. Тийм болохоор бид хамгийн түрүүнд Америкийн зах зээлд гаргах бодолтой байна. Урьдчилж төлөвлөж байгаагаар бид ирэх долдугаар сар гэхэд АНУ-ын зах зээл дээр гаргачих болов уу. Дотооддоо гэвэл ирэх сарын дундуур худалдаанд гарч эхэлнэ.

-Бүтээгдэхүүнээ зохион бүтээснийхээ дараа хаана үйлдвэрлэж байгаа вэ?

-Бүх зүйлийг бэлэн болгосны дараа гадаадад очиж үйлдвэрлэж байгаа. Тухайн үйлдвэрийг Монголд оруулж ирэхээр одоохондоо боломжгүй л дээ. Тиймээс гадаадад үйлдвэрлүүлж байна. Одоогоор Тайвань, Солонгос, Хятадын үйлдвэрүүдэд өгч байгаа. Дандаа хэсэг хэсгээр нь салгаж хийлгэдэг юм. Хар ажлыг хаана хийлгэх вэ гэдэг тийм ч сонин биш. Хамгийн гол нь нууцлалаа чандлаад ажиллах хэрэгтэй. Бидний хамгийн гол зорилго бол гадны, тэр дундаа АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх. Нэг ч гэсэн монгол угшилтай компани гадны томоохон зах зээлд гарч чадвал энэ чиглэлээр ажиллаж байгаа олон зуун монгол залуучуудад итгэл төрүүлнэ гэж найдаж байна. Цаашлаад технологийн салбарт хэд хэдэн монгол компани дэлхийд өрсөлдөөд эхэлбэл манай улсын эдийн засагт шинэ хөгжлийн гарцыг нээх юм.

Тус компанийнхан гэрийн автоматжуулалтын системээ эхний ээлжинд барилгын компаниудад санал болгож байгаа ажээ. Барилгын компаниуд шинээр ашиглалтад оруулж байгаа барилгууддаа автоматжуулалтын систем тавих үедээ гаднаас өндөр үнээр худалдан авдаг гэсэн. Дор хаяж 30-35 сая төгрөгөөр авах уг системийг “Аметрос технологи” компанийнхан 1-1.5 сая төгрөгөөр санал болгож байгаа юм билээ. Бас албан байгууллага, худалдааны төв, хувийн орон сууц, нийтийн орон сууц, гэр хорооллын оршин суугчдад зориулсан багц бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. Бүтээгдэхүүн нь бэлэн болоод ирсний дараа үзүүлэнгийн танхим гаргаж олон нийтийн хүртээл болгоно гэсэн.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгодог парламентын тухай яриа буюу хоёр намын ялгаа

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын ярилцлага саяхан телевизээр гарлаа.Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж,сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх боломж байгаа тухай яриандаа дурдав.Яаж гэхээрМонголд хоёр шатлалтай парламентын тогтолцоо бий болгох замаар. Түүний тайлбарласнаар нэг шатлал ньорон нутгийн удирдлага гэх боловч шууд утгаараа ард түмэн.Тэд энэ “парламентыг” бүрдүүлнэ. Хоёр шатлалт парламентын эцэг нь байна. Улс орон, аймаг сумаа яаж хөгжүүлэх тухай бодлогоо танилцуулна, хяналт тавина, буруу, зөвийг нь шүүж залруулах эрхтэй. Харин нөгөө шатлал нь байнгын үйл ажиллагаатай парламент. Одоогийн УИХ, түүний томилдог Засгийн газар гэсэн үг. Нэг ёсондоо эцэг парламентад хянуулах обьект нь энэ.

Ард түмэнд энэ санал таалагдах шинжтэй байна.Яагаад гэвэл одоогийн манай парламент эзэнгүй айл шиг л болж. Гишүүд нь зах хязгааргүйтэнгэрт дүүлэх шувууд шиг дураараа хүмүүс байх юм. Тэнд ч дуулж, энд ч бүжиглэж байх шиг.Дуран шагайж,зураг авч суудаг нэгэн байхадтуулай агнаж бүргэд сургаж явдаг нь ч байна. “Кенди краш” тоглодог З.Баянсэлэнгэ, кирилл үсгийг үзэн ядагч М.Батчимэг гээд нэрлээд байвал зоргоороо хүмүүс олон.Шөнийн зүүдээ хууль болгохоор зүтгэдэг юм уу гэмээр дэмий төслүүд санаачилна. Үнэндээ манай төрийн түшээдэд захиргаа алга. Хэнд ч захирагдахаа байсан тэдэнд “эцэг” парламент юу юунаас илүү хэрэгтэй болжээ. Уг нь аль эрт ийм парламенттайболчихсон бол өдийд М.Батчимэг гишүүнийг тас загнаад монголчуудыг уйгаржин бичигт шилжүүлж, гадаад хэл заахгүй гэдэг хуулийг нь болиулах байлаа. Элдвээр аягладаг“эрхээрээ хатсан” гишүүдийг ч номонд нь оруулах байв.

Одоо юу нь оройтохов.Ардын намынхан яриад байгаасонгодог парламентын тогтолцоогоо бий болгочихвол дээрх бүхэн цэгцрэх нь дамжиггүй. Гэхдээ МАН-ын уг санаачилгыг одоогийн парламентын үед хийхгүй нь ойлгомжтой.Яагаад гэвэл Ардын намын нэр хүнд өсчих учраас АН зөвшөөрөхгүй.Үүнийгээ ч Ардын намынхан мэдэж байгаа. Зүгээр л ирээдүйн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ учраас М.Энхболд дарга урьдчилан ярьж сурталчилгаа хийж байх шиг байна.

Хамгийн гол нь эндээс юу харагдаад байна гэхээр МАН айхтар бодлоготой ярих юм. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох саналыг ч тэд дэвшүүлж байна. Ингээд бодохоор МАН-ынханул суурьтай, үндэслэлтэй гарц бодож олцгоох юм. Тэд хэзээ ч дэмий ярьж суугаад олсон санаагааулс орныг аврах бодлого гэж зарлахгүй. Долоо хэмжиж нэг огтолдог улс. Хажууд нь АН-ыг харьцуулаад үзье. Цуглаад суухдаа ярьснаа яг таг тохироогүй байжтал тал тийш тарахдаа өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, төрийн бодлого хэмээн зарлана. Фракц болгон нь өөр юм ярина. Эцэст нь маргана, тэмцэнэ, засгаа унагаана. Ийм учраас АН-ынхныүгүнэ цэнгүй, үйлдэл нь үр дүнгүй болчихоод байна.Энэл хоёр намын ялгаа юм даа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“Их Засаг” их сургуулийн оюутнууд бусдын дарамт шахалтаас болж амиа хорлосон уу

Ангийнхантайгаа цэргийн баяр хамт тэмдэглэчихээд “Одоо гэртээ харилаа” гээд явсан хоёр оюутан зочид буудлын өрөөнд өөрийгөө боомилсон байдалтайгаар олдсон хэрэг энэ сарын 19-нд гарсан. Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” гэх зочид буудалд гарсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дундговь аймгийн Луус сумын харьяат 21 настай Б, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат 19 настай Агэх хоёр залуу юуны учир амиа егүүтгэх болов. Хоёр залуугийн үхлийн талаар олон нийт янз бүрээр ярьж байна. “Их Засаг” их сургуулийн Хууль эрх зүйн ангийнтөгсөхкурсийн оюутнуудюуны учир амиа егүүтгэх болсон талаар бид нэхэн сурвалжиллаа.

Энэ сарын 19-ний 12:50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн “Тэргэл” зочид буудлын үйлчлэгч эмэгтэй Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Зочид буудлын өрөөнд хоёр залуу амиа хорлочихсон байна” гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид хэргийн газарт буюу “Тэргэл” зочид буудлын .. өрөөнд ороход нэг нь хананд зурагт тогтоох зорилгоор суурилуулсан төмөрнөөс, нөгөөх нь угаалгын өрөөний шүршүүрний хананд тогтоосон гогцоо төмөрнөөс уяагаар хоолойгоо боомилсон байдалтай амиа алдсан байжээ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчдийн гаргасан анхны дүгнэлтээр өөрсдийгөө боож амь насаа алдсан байна гэж гарчээ. “Тэргэл” зочид буудлын үйлчлэгч болон зохион байгуулагчдын хэлж буйгаар “Өмнөх шөнө нь костюм зэрэг хослол өмссөн хоёр залуу 25 мянган төгрөгийн үнэтэй өрөө хөлсөлсөн. Бичиг баримтаа барьцаанд үлдээгээд, өглөө төлбөр тооцоогоо хийнэ гээд өрөөндөө орсон. Дахиж өрөөнөөсөө гарч ирээгүй. Архи ууж согтчихоод унтаад байгаа юм байна гэж бодсон. Буудалд хоносон хүмүүсийг 12 цагт гаргадаг. 12:00 болгоод хаалгыг нь тогшсон огт хариу өгөхгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалгыг нь онгойлгоод ортол амиа алдчихсан байсан” гэх утга бүхий зүйлсийг мэдүүлжээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Баав, ээж рүүгээ “Хүүгээ уучлаарай. Хүү нь энэ хорвоогоос явлаа. Миний үхэлд хэн ч буруугүй шүү” гэсэн утга бүхий мессеж бичсэн байсан гэнэ. Талийгаач Б-ын ар гэрийнхэн мессэж авсан даруйдаа гар утас руу нь залгасан боловч холбогдох боломжгүй болсон байжээ. Хотод байдаг ах, дүү хамаатан садан руу нь утасдаж энэ талаар хэлжээ. Ар гэрийнхэн чталийгаач Б-г хайсан боловч олдоогүй байна. Удалгүй цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэн рүү нь утасдаж, амь насаа алдсан болохыг мэдэгдсэн гэнэ. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нар талийгаач нарын ангийнхантай уулзаж, тайлбар авсан байна. Ангийнхан нь “Ангийн охидуудын урилгаар цэргийн баяр тэмдэглэж байгаад салцгаасан. Талийгаачид бусадтайгаа маргааш уулзъя гээд гар бариад л явсан. Ангийнхан хоорондоо муудалцаж, маргалдсан зүйл байхгүй” гэсэн тайлбар өгсөн байна. Ойр дотно байдаг хэдэн найздаа “Баянгол дүүрэгт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа” гэж өмнө нь хэлж байсан гэнэ.

“МАНАЙ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ОЮУТНУУД БАЙСАН”

Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нарын үзэж буйгаар тэд сэтгэл санааны хямралын үүднээс амиа егүүтгэсэн бололтой. Ангийнхантайгаа уулзаад явах үедээ бусдад зодуулсан гэх шинж тэмдэггүй, эрүүл саруул байсан аж. Зочид буудлын камерийн бичлэгээр хоёулаа орсон. Тэдний араас өөр хүмүүс ороогүй учраас амиа хорлосон байх” гэж таамаглаж байгаа гэв. Бид хэрэг гарсан гэх “Тэргэл” зочид буудалд очсон боловч “Энд тийм хэрэг огт гараагүй. Хүмүүс худлаа мэдээлэл өгөөд байгаа юм. Манайх биш. Өөр зочид буудал байх” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Харин “Их засаг” их сургуулийн удирдлагууд “Сургуулиас өөр газарт, хичээлийн бус цагааргарсан байна лээ. Бид юунаас болж хоёр залуу ийм үйлдэл хийх болсон талаар мэдээлэлгүй сууж байна. Ангийнханд нь ч гэсэн ямар ч мэдээлэл алга байна лээ” гэв.

Харин талийгаач залуусын ангийнхан “Манай сургуулийн шилдэг оюутнуудын нэг байсан юм. Сэтгэл санааны маш хүнд дарамтад ороод л амь насаа алдсан байх гэж бодож байна. Цагдаа нар хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдэх байх. Хэргийн цаана ямар асуудал байсныг олж тогтоох хэрэгтэй. Хуулийн сургуулийн шилдэг оюутнууд амиа хорлоно гэхээр итгэж өгөхгүй байна. Тэд тийм муухай зүйл хийх хүмүүс биш. Дөрвөн жил нэг ангид сурсан болохоор ямар зан ааштай хүмүүс байсныг мэднэ. Хичээл сурлага, спорт гээд бүх зүйлсээрээ бусад оюутнаас тэргүүлдэг байсан. Талийгаач Б гэхэд бусадтай огт муухай харилцаж байгаагүй. Тайван дөлгөөн зантай, бөх, гар бөмбөгөөр хичээллэдэг, олон тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Бүр медалиуд нь энгэрийг нь дүүргэдэг байсан. Сар хүрэхгүй хугацааны дараа бид сургуулиа төгсөх гэж байсан юм. Ангиараа хонхны баяраа тэмдэглэх гээд баяр хөөртэй байсан юм. Найзууд маань дөрвөн жил сурчихаад их сургуулиа төгсөж чадсангүй” хэмээн ярьсан юм. Мөн талийгаач А “Хүссэн мэргэжлээрээ сургуулиа төгсөх гэж байна. Ангиараа хонхны баяраа гоё тэмдэглэнэ шүү. Сургуулиа төгсөөд сайн хуульчид болчихоод хэдэн жилийн дараа эргээд уулзвал гоё оо” гэж ярьж байсан гэнэ.

Тэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийг судалдаг, мэддэг байв. Ангийнхаа найзуудтай хамт улсын шалгалтаа сайн өгөх гэж хонон өнжин сууж, давтдаг байжээ. А, Б нарт хийж бүтээх, сайхан амьдрах, аав ээжийнхээ ачийг хариулах гээд амьд явах маш олон шалтгаан байсан. Гэвч ….

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач залуус Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байжээ. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст 19 настай Н гэх эмэгтэй “Их засаг” сургуулийн оюутан Б, А нар намайг хүчиндчихлээ” гэх утга бүхий өргөдөл өгсөн гэнэ. Өргөдлийн дагуу цагдаа нар хэрэг бүртгэл хөтөлж Б, А нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Удалгүймөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна.Хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтнууд болон хохирогч хэмээх эмэгтэйн ар гэрийнхэн талийгаач нартай дээрэнгүй харилцаа үүсгэж, дарамталсан бололтой. Мөн хохирогч эмэгтэйн талаас маш их дарамт шахалт залууст ирсэн гэх мэдээлэл байна. Тэдэнд хүчингийн хэрэгт холбогдож олон жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Хүчингийн хэрэгт холбогдсон хүн шоронд очоод бусдад доромжлуулж, дээрэлхүүлээд хэн ч биш болдог гэх мэтээр сэтгэл санааны хувьд асар их дарамт шахалт ирснээс болж ийм үйлдэл хийсэн бололтой.

Монголд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний эрхийг хамгаалдаг байгууллага нэг ч байхгүй. Хэрэг нь шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй сэжиглэгдэн шалгагдаж байхад гэмт хэрэгтэн болсон мэтээр дарамталдаг. Хууль хяналтынхан ч маш бүдүүлэг харилцаж, доромжилж, элдвээр хэлдэг нь нууц биш юм. Амьдралын хатуу хөтүүг туулаагүй,нэг ньхорин насныбосгыг дөнгөж алхсан нөгөөх нь 19 настай орчлон хорвоог гэгээн сайхнаар харж явсан залуус анх удаа хэрэгт холбогдсон юм байна. Тэд наргиж цэнгэж яваад алдсан бололтой. Харин алдаан дээр нь бусдаас дарамт шахалт ирж, ийм хэрэгт холбогдчихоод аав, ээж, ах, дүү гээд танилхүмүүсийнхээ царайг яаж харна даа гэх эмзэглэлээс болж дөрвөн жил их сургуульд сурсан хөдөлмөрийн үр шим болсон дипломоо ч авч чадалгүй цэл залуухнаараа нартаас буцах хатуу шийдвэрийг гаргасан бололтой. Гэхдээ тэдний үхлийн шалтгааныг цагдаагийнбайгууллагаас эцэслэн тогтоогоогүй байгаа. Залуус амиа хорлох болсонд хэн буруутай вэ.

Э.БААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр дэлхийн театрын өдөр

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр. Манай улс энэ өдрийг 1961 оноос эхлэн тэмдэглэж ирсэн аж. Сүүлийн жилүүлэд Дэлхийн театрын өдрөөр Монголын тайзны урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмыг зохион байгуулж ирсэн. Харин энэ жил уг наадам ирэх тавдугаар сард болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Олон улсад нефтийн үнэ 4%-иар өслөө

Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш хямдарснаар түүхий нефтийн үнэ 4%-иар өссөн байна. Учир нь холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ яаравчлан өсгөөгүй улмаас ам.долларын ханш буусан хэмэн шинжээчид үзэж байгаа бол уг үйл явдалыг ч гэсэн шинэжээчид таамаглаж байсан юм.

“Сити” группын Нью-Йорк дахь салбарын эрчим хүчний шинжээч Тим Эванс хэлэхдээ “Баасан гаригт биржүүдэд болж өнгөрөн үйл явц бол зах зээлийн бодит эрэлт, нийлүүлэлтээс огт хамааралгүй” гэжээ. Учир эь дэлхийн зах зээлд хар алтны нийлүүлэлт их байна гэлээ. Тодруулбал “Brent” маркийн газрын тосны фьючерс ханш баасан гаригт 89 центээр дээшлэн, баррель нь 55.32 ам.долларт хүржээ. 7 хоногийн хугацаанд эл бенчмарк 1,2%-иар дээшилсэн байна. Харин АНУ-ын түүхий нефтийн үнэ (West Texas) огцом дээшилж 45.72 ам.доллартай дүйцжээ. “Brent” болон “West Texas” нефтийн үнийн зөрүү улам багассаар 9 ам.долларт хүржээ. Харин өмнөх 7 хоногт “Brent” маркийн газрын тос 11 ам.доллараар өндөр үнэлгээтэй байжээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд нийслэлийн тохижилтын ажилд оролцоно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч оюутан залуус нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оролцож, хотын соёлд залуусыг уриалан дуудаж, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй хамтран ажиллана.

Энэ ажлын хүрээнд Монголын оюутны холбооноос санаачлан “Ая тухтай Улаанбаатар” 1 сарын аян зохион байгуулж оюутнууд замын хажуугийн хашлага, ногоон байгууламж, гудамж талбайн зүлэгжүүлэлтийг нэмэгдүүлэхэд тусалж, нийтийн эзэмшлийн зам талбайн сандал саравчийг засах юм. Мөн Оюутны нэрэмжит Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж сургуулиа төгсөж байгаа шинээр элсэн орж буй оюутнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр “Нэг оюутан, нэг мод” гэсэн уриатайгаар жил бүр мод бут сөөг тарина.

“Бидний байр-Бидний хотхон” арга хэмжээний хүрээнд Оюутны А, Б хотхоны тохижилтыг хийж, гудамж талбайг нь шинэчлэн сандал, хогийн сав байршуулах юм. 2015 оны 5 дугаар сард “Нийслэлийн ногоон төгөл” нэртэйгээр Хандгайт, Ар согоот, Шадивлан, Сэлх, Шарга морьт, Жигжид, Яргайтын чиглэлд 1000 оюутан их цэвэрлэгээ хийнэ.

Нийслэлийн төв Чингисийн талбайг 200 оюутан угааж, автобусны буудал, гэрлийн шонг цэвэрлэх юм. Эдгээр ажил нь Улаанбаатар хотын хог хаягдлыг багасгах, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Хотын хөгжил цэцэглэлтэд оюутнууд гар бие оролцож, ажилд нь хяналт тавьснаар нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл улам бүр сайжрах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэл 2015 оны төсвөө 101.3 тэрбумээр нэмж тодотголоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа, Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа хэдий ч нийслэлийн 2015 оны төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн татварын бус орлогын боломжит бүхий л эх үүсвэрийг дайчилж, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг батлагдсан түвшингээс нэмэгдүүлэхээр баталсан.

Татварын бус орлогын гол эх үүсвэрийг газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг тодорхой байршлуудад зохион байгуулах, нийслэлийн өмчийн зарим барилга байгууламж, эд хөрөнгийг хувьчлах замаар бүрдүүлнэ.

Улаанбаатар хотод 2014 оны 04 дүгээр улиралын байдлаар ажилгүй иргэдийн тоо 21.5 мянган хүн болж, 2013 оны мөн үеийн түвшингээс 4.5 мянган хүнээр буюу 26.5 хувиар өссөн бөгөөд цаашид ч ажилгүй иргэдийн тоо өсөх хандлагатай байна.

Нийслэлийн хэмжээнд хэрэглээний үнийн идексийн хэмжээ 8.5 – 9.0 хувьтай байгаа бөгөөд иргэдийн дунд цаашид орлогын эх үүсвэр нэмэгдэх, шинээр ажлын байртай болох гэсэн итгэл буурч байгаа, мөн хотод ядуурлын түвшингийн хэмжээ буурахгүй байгаа гэсэн судалгааны дүн гарч байна.

Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх замааражлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэл, Бичил, бизнесийг дэмжих, Улаанбаатар – Орон сууц сан, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг цаашид хэвийн тогтвортой явуулах санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгасан.

Нийслэлийн төсвөөс 2015 онд Бичил зээлийн сангаас 15.2 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан зарцуулна.

Нийслэлийн орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг 2015 оны анхны батлагдсан түвшингээс 101.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 635.8 тэрбум төгрөг болгож баталлаа. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 79.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 260.0 тэрбум төгрөг болгож, урсгал зардлыг хэмжээг 30.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 374.5 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.

Нийслэлд 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг салбар бүрээр танилцуулбал:

Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт:
1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна. Үүнд:

  • Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад- 3,5 тэрбум төгрөг,
  • Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад- 2,0 тэрбум төгрөг ,
  • Газар чөлөөлөх, нөхөх олговорт- 7,0 тэрбум төгрөг,

2. Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад 58 тэрбум 915,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Үүнд:

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, барилга угсралтын ажилд -40 тэрбум 315,8 сая төгрөг,
  • АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- ийн I шатны ажил /СХД, СБД/- 18,0 тэрбум төгрөг,
  • Налайх дүүргийн 2-р хорооны “Нарлаг” гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажилд-600,0 сая төгрөг,

3. Нийслэлд инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахад
20 тэрбум 437,2 сая төгрөгийг зарцуулж дараах инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Хорооллын доторхи ИШС-ний шинэчлэлт-10,2 км
  • Ус хангамжийн шугамын шинэчлэлт- 1,9 км
  • Ариутгах татуургын шугамын шинэчлэлт -1,7 км
  • Бага оврын цэвэрлэх байгууламж шинээр барих- 1ш
  • Үерийн хамгаалалтын барилга, байгууламж- 3,3 км
  • Цахилгааны дэд станц -1

Авто замын салбарт нийслэлийн төсвөөс 53 тэрбум 514,8 сая төгрөг, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944,2 сая төгрөг, нийт 84 тэрбум 459,0 сая төгрөгийг зарцуулна. Үүнд:

  • Шинээр барих авто зам- 20,7 км
  • Өргөтгөл, шинэчлэлт хийх авто зам-30,65 км
  • Гүүр- 58 у/м
  • Авто замын нүхэн гарц-22 м
  • Замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио- 15 цэгт
  • Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон хяналтын камер- 10 цэгт

Боловсролын салбарт:
Нийслэлийн төсвөөс 27 тэрбум 318,0 сая төгрөгийг зарцуулна.

  • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга -16ш
  • Сургуулийн өргөтгөлийн барилга -1ш, 320 суудал
  • Цэцэрлэгийн барилга-9ш, 1820 ор
  • Сургуулийн спорт заал -1ш
  • Сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд 2,0 тэрбум төгрөгийг зарцуулна.

Улсын төсвийн хөрөнгөөр:

  • Цэцэрлэгийн барилга -17ш, 1845 ор
  • Сургуулийн барилга-11ш, 6400 суудал
  • Сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд 729,4 сая төгрөгийг зарцуулна.

Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтаар:

  • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга -72ш /Үүнээс 2015 онд 30 барилга барина/
  • Сургуулийн барилга-7ш, 4980 суудал
  • Цэцэрлэгийн барилга- 3ш, 640 ор

Нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтаар:

  • Сургуулийн барилга-5ш, 3160 суудал
  • Цэцэрлэгийн барилга- 5ш, 920 ор

БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300,0 сая юанийн буцалтгүй тусламжаар:

  • Сургуулийн барилга-20ш, 12140 суудал

Дэлхийн банкны хөрөнгөөр:

  • Цэцэрлэгийн барилга-3ш, 300 ор

Дээрх эх үүсвэрээр баригдаж байгаа барилгуудаас 2015 онд

  • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор – 16 ширхэг /1920 ор, 2880 суудал/
  • Сургуулийн барилга – 7 ширхэг /3840 суудал/
  • Цэцэрлэгийн барилга – 20 ширхэг /2125 ор/ тус тус ашиглалтанд орно.

Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор:

  • “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын барилга
  • “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын барилгын засвар, агуулахын барилга
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамжийн асуудал хариуцсан “Асгат”, “Өсвөр үе”, “Багачууд хүнс”, “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын хүнс тээвэрлэлтийн тусгай зориулалтын автомашин- 8ш

Эрүүл мэндийн салбарт:
Нийслэлийн төсвөөс 8 тэрбум 206,8 сая төгрөгийг зарцуулна. Үүнд:

  • Хан-уул дүүргийн түргэн тусламжийн төв- 2681,8 сая төгрөг,
  • Хүүхдийн эмнэлэгийн барилгыг БГД, ЧД, ХУД-т барьж эхлэхэд 2825,0 сая
  • Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж- 2700,0 сая төгрөг тус тус зарцуулна.

Нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтаар:
Эмнэлэгийн барилга -3ш, 490 ортой.

Нийслэлийн 2015 оны төсөвт орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:

Нэр төрөл

2015 оны батлагдсан дүн

2015 оны төсвийн тодотгол

Зөрүү

1

Нийслэлийн орон нутгийн төсвийн орлого

534 582.3

635867.5

101285.2

2

Нийслэлийн орон нутгийн төсвийн зарлага

547 059.9

656926.8

109866.9

Үүнээс: Хөрөнгө оруулалт

202 908.8

282466.5

79557.7

Хотын шуудын хөрөнгө оруулалт

180 445.9

260003.6

79557.7

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт

22462.9

Урсгал зардал

344 151.1

374460.3

30309.2

3

Өмнөх оны орлогын давалт, төсвийн хэмнэлт, шилжих зардлаас санхүүжих

12 477.6

21 059.3

8581.7

4

Улсын төсөвт төвлөрүүлэх орлого

0

0

5

Орон нутгийн хөгжлийн сан

38604.4

24527.9

-14076.5

6

Улсын төсвийн тусгай шилжүүлэг

283 144.2

  1. 2.8
  • 2031.4

гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө цаг урагшилна

Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 27-28 шилжих шөнө цагийг нэгээр урагшлуулахаар болсон. Уг шийдвэрийн дагуу баасан гарагийн шөнийн 02:00 цагт Монгол орон даяар цаг урагшлах юм. Төрийн ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөнө. Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломж олгоно хэмээн Засгийн газар үзэж буй.

Монгол Улс 1983 онд цагийг зуны цагийн тоололд шилжүүлэх зохицуулалтыг 14 жил хэрэгжүүлж, 1999 онд хүчингүй болгосон юм.

Categories
гадаад мэдээ

“Гэрлээ унтраацгаая”

Дэлхийн дахинаа жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригт нэг цаг гэрлээ унтрааж эрчим хүчээ хэмнэснээр эх дэлхийгээ хайрлаж буйгаа илэрхийлдэг уламжлал тогтоод удаж байна. Харанхуйн 60 минутыг “Эх дэлхийн цаг” гэж нэрлэдэг. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш /III. 28/ 20.30-21.30 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриан дор болох аж.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн Австралийн Сидней хотноо 2007 онд нийт 2,2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байжээ. Үүний дараа 2008 оноос энэ уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 35 орон нэгдсэн байна. Үүний дараа 2009 онд “Эх дэлхийн цагт” 88 орны 4159 хот нэгдсэнээр тэрбум хүн үүнд хамрагджээ. Энэ үед зөвхөн АНУ-д л гэхэд найман мужийн 318 хотын 80 сая иргэн гэрлээ унтраасан аж. Улмаар 2010 онд дэлхийн 128 орны 4500 хотын нэг тэрбум 300 сая хүн “Эх дэлхийн цагт” хамрагдсан байна. АНУ-д энэхүү хөтөлбөрт нэгдсэн хүмүүсийн тоо 90 сая болж өссөн бөгөөд шөнө унтдаггүй гэх тодотголтой Лас Вегас хүртэл харанхуйд автав.

”Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 онд анх Австралийн Сидней хотноо хэрэгжүүлсэн.

Хөтөлбөр жил ирэх тусам хүрээгээ тэлсээр 2011 онд дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүн “Эх дэлхийн цагт” нэгджээ. Тухайн үед Улаанбаатар хотноо зөвхөн Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байна. Ийнхүү 2012 онд “Таны амлалт миний урам зориг” уриан дор “Эх дэл­хийн цаг” дэлхийн өнцөг булан бүрт зо­хиогдож, “Facebook”, “Twitter” зэрэг олон ний­тийн сүлжээний том компаниуд нэг­дэн оролцсон байна. Харин 2013 онд Угандад анх удаа “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт нэгдэгсдийн анхаарлыг ой модод руу чиглүүлэх санаачлагыг өрнүүлжээ. Өнгөрсөн 2014 оны хувьд “Эх дэлхийн цагт” дэлхийн 162 орны 7000 гаруй хотын иргэд оролцсон байна.

“Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн үеэр гэрлээ унтрааж, лаа асаах нь онцгой утга санаатай. Энэ нь гэрлээ унтраасан үед гэрэлтүүлэг болохоос гадна “асаасан лаа” нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, өнгөрсөнд тохиолдсон бүхэнд харамсах сэтгэлдээ зул болгон өргөх зэрэг бэлэгдлийг агуулдаг байна. Түүнчлэн “60+” хэмээх бэлгэдэл нь дэлхийн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь нэг цагт ноогдох минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь оролцогчдын хүрээг нэмэн дэлгэрүүлэх утгыг агуулдаг аж.

Парис хот

Лондон хот

Ханжоу хот

Тайбей хот

Москва хот

Куала-Лумпур хот

Бээжин хот

Нью-Йорк хот

Дубай хот

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулган айсуй

-Хуулиараа хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээх ёстой ч энэ удаад ням гаригт таарсан тул даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 6-нд нээх мэдээлэл байна-

Жил бүрийн хавар, намар иргэний хөдөлгөөнүүд Засгийн газрыг огцрохыг шаардаж, Төрийн ордон гороолдог байсан бол энэ удаад парламентад суудалгүй намууд УИХ-ыг тарахыг шаардаж эхэллээ.

Сонгууль дөхөхөөр амь орж, шантааж хийгээд сурчихсан жижиг намуудын хувьд үндсэн ажилдаа орлоо гэж хэлж болох ч үнэндээ УИХ дампуурчихаад байгаа нь хэн хүний нүдэнд ил болсон. Цагтаа эхэлдэг хурал гэж үгүй, ямар аргатайдаа л хүндэтгэх шалтгаангүйгээр хурлаасаа 1 минут хоцорсон гишүүнийг 100 мянган төгрөгөөр торгох хууль санаачлах билээ.

Чуулганы танхимд хөлчүүхэн суух гишүүн ч бий. Хөгжлийн бодлого ярих ёстой байтал “Чи, би дээ” тулж хэрэлдэнэ. Иймэрхүү л имижийг өнөөгийн парламент бүрдүүлсэн. Одоо алдаагаа засч, алдсан цаг өдрүүдийг нөхөх хэмжээнд ажиллахгүй бол Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг чухал төслүүд хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.

Парламентад суудалтай улс төрийн намуудын хувьд эхлээд Сонгуулийн нэгдсэн хуулиа урагшлуулах сонирхолтой ч байр суурь нэгдтэл ойлголцол шаардах нь. Учир нь Ардчилсан нам пропорцианаль тогтолцооныхоо хувийг нэмэх байр суурь барих ч МАН нэг мандат-нэг тойрог руу зүтгэж байна. Дээр нь автомат машинаар саналын хуудсыг тоолсон ч давхар гараар тооллого хийнэ, хийхгүй гэх маргаан ойлголцлыг улам холдуулж байгаа сураг дуулдлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хувьд өнгөрсөн хугацаанд хоёр удаа л хуралджээ. Парламентын тогтолцоог сонгодог зарчимд нь нийцүүлж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх тухай ярьсан ч хоёр танхимтай болох, эсвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100-д хүргэсэн ч болохгүй гэх асуудал хөндөөд амжжээ. Гэтэл эдийн засгийн хямрал зогсолтгүй үргэлжилж, УИХ-ын намрын чуулганаар хийсэн ажлыг баллуурдсаар.

Одоо алдаагаа засч, алдсан цаг өдрүүдийг нөхөх хэмжээнд ажиллахгүй бол Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг чухал төслүүд хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.

Хэрүүл тэмцэл болж баталсан Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрт багтсан Оюутолгой, Тавантолгой төслийг урагшлуулах Засгийн газарт өгсөн даалгавар энэ хугацаанд хэрэгжсэнгүй. УИХ эдийн засгийг хямралаас гаргахын тулд хэд, хэдэн чухал төслүүдийг баталсны нэг нь дээрх хөтөлбөр. Үүнээс гадна уул уурхайн салбарыг боомилж байсан шийдвэрүүдээ өөрчилж, “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн хүрээнд 200 гаруй лиценз сэргэсэн ч эдийн засгийн тааламжгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг хүлээлтэд оруулж мэдэх нь. Цагаан суваргын ордыг ашиглах шийдвэрийг гаргасан ч үр дүнгээ өнөө маргаашийн дотор өгөхөд бэрх аж. Гацууртын ордыг стратегийн ордод хамруулсан ч иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцэлтэй тулсан нь энэ төсөл хэрэгжих эсэхэд бас л эргэлзээ дагуулж эхэллээ. Ийм үед УИХ эдийн засгийг тордох, хөрөнгө оруулалтыг татах хуулиудыг батлахаас аргагүй байна. Гэвч аж ахуйн нэгжүүдийн хүсээд байгаа Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүд энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудын жагсаалтад багтаагүй нь хямралд хүчин мөхөстөж буй аж ахуйн нэгжүүдийг гонсойлгоод байна.


УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

  1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;
  2. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3. Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  4. Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
  5. “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  7. “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  8. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  9. “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  10. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл;
  11. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  12. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;
  13. Худалдааны тухай хуулийн төсөл;
  14. Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  16. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;
  17. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл;
  18. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл;
  19. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  20. “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  21. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  22. Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  23. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  24. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  25. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  26. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  27. Зөрчлийн тухай хуулийн төсөл;
  28. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  29. Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;
  30. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүд;
  31. Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  32. Казиногийн тухай хуулийн төсөл;
  33. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  34. Бусад.