Хэнтийд 1986 он. Д.Бямбасүрэн аав, ээж, үр хүүхэд, ах, дүүсийн хамт
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн том хүү Хүдэр-Янтай ярилцлаа. Тэрбээр ИЗ-НН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, “Хэт” компанийн дэд захирлын алба хашдаг.
-Таны ширээн дээрх хэвлэмэл хуудсыг харсан чинь ээж тань нэлээд хэдэн жилийн өмнө “Урлах эрдэм” гээд хэвлэлийн газар ажиллуулдаг байсан нь санагдлаа?
– “Урлах эрдэм”-ийг одоо манай бага дүү Биндэръяа авч яваа. Манайх чинь эмэгтэй эрэгтэй гээд сөөлжсөн зургаан хүүхэд байдаг. Онон, Хүдэр-Ян, Хонгорзул, Хашмаргад, Энхбайгаль, Биндэръяа гээд зургуулаа.
-Хүмүүс Д.Бямбасүрэн гуайг бүгд мэднэ. Харин угсаа гарлыг нь сайн мэдэхгүй. Буриад байх аа?
-Ер нь бид Буриадын Сонгоол овгийн улсууд. Анх манайхан хувьсгалын өмнө Хэнтий нутагт орж ирсэн гэдэг. Намайг багад хөгшин ээж хэлдэг байсан юм. “Бид чинь Ац, Сүхийн голоор нутагтай байсан улсууд аа” гэж.
-Тэгэхээр хэлмэгдүүлэлтийн үеийг туулаад өнгөрчээ?
-Хэлмэгдүүлэлтийн үеийг туулсан. Манай өвөө найман настайдаа арваад айлын дунд ганц эр хүн болж үлдсэн гэдэг юм. Арваад айлынхаа мал хуйг янзлах, түлээ модыг дөхүүлэх гээд бүх л ажлыг хийдэг байжээ.
-Бямбасүрэн гуайн аав Даш гэдэг хүний тухай ярьж байна уу?
-Тийм ээ. Даш гэж хүн байсан. Өвөөгийн аав, ах нь бүгд хэлмэгдсэн л дээ. Өвөө байнга түр цэрэгт татагддаг байсан гэдэг. Манай аав “Бага байхад аав дандаа түр цэрэгт татагдаад явчихдаг. Аавыгаа их санадаг байж билээ” гэж ярьдаг юм. Аав нэг эгчтэй хоёулаа улсууд. Нутагтаа бага насаа өнгөрөөсөн гэдэг.
-Бямбасүрэн гуайнд нэг очиход хөрөнгөөр исгэсэн буриад том талх, зөөхийгөөр дайлж байсан, буриад ахуйтай санагдсан л даа?
-Ер нь хүнд хамгийн ойрхон юм өсч төрсөн орчин, идэж ууж өссөн хүнс л байдаг. Түүнээс биш одоогийн гоё нэртэй, өнгө зүстэй хоол нэг их наалдацгүй. Бид ч гэсэн заримдаа Хэнтийгээс талх, зөөхийгөө зөөгөөд идчихдэг. Манайхан чинь онцлогтой, зөөхийгөө мойлтой тосоо барьсан талхаа, гогодтой хуушуураа бүгдийг нь хийнэ. Багадаа арьс нэхий, сураа элдээд, хазаар ногтоо хийгээд, ус түлээгээ бэлтгэж яг л хөдөөгийн ахуйд өслөө шүү дээ.
-Танай нэг дүү малчин болж, Ерөнхий сайд хүүгээ малчин болгохоор явуулж байна гээд телевизээр мэдээлж байсан даа?
-Миний доод талын эрэгтэй дүү л дээ. Мал ахуй гэр орон хөдөө байдаг. Нутгаа нэг нь сахих хэрэгтэй болсон. Тэгээд тэр дүү маань аравдугаар ангиа төгсөөд явж байсан. Өөрөө ч малд сонирхолтой. Хөдөө таван жил гаруй мал маллаад, тэндээсээ хань бүлтэй болоод хотод ирж, сургууль төгссөн. Одоо энд ажиллаж амьдарч байна даа. Хаш-Маргад маань одоо Хан-Хэнтийн дархан газрын даргаар ажиллаж байна. Онон эгч ТББ-д жендэрийн асуудлаар ажилладаг. Энхбайгаль маань Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал ажилтай.
-Харин та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би эрчим хүчний мэргэжлийн хүн. Анх Москвагийн эрчим хүчний дээд сургуульд Турбин хөдөлгүүрийн зохион бүтээгчийн ангид явсан. Ийм мэргэжлээр яваад, 1990 оны гуравдугаар сарын 8-нд ирсэн юм. Буцаад сургуульдаа явах гэсэн чинь тухайн үеийн нөхцөл байдлаас болоод явж чадаагүй л дээ. Энд Политехникийн дээд сургуулийн дулааны ангид турбины ашиглалтын инженерээр төгссөн.
– Аав тань зах зээлд шилжих үеийн анхны Ерөнхий сайд. Цаг төр ч хэцүү байж. Ерөнхий сайдын хүүхэд гэсэн давуу тал байв уу?
-Тэгэхэд Политехникийн дээд сургуулийн оюутан байсан. Бидний үед тусгай хангамж гэж хөөцөлддөггүй. Байдгаараа л байсан. Сургууль төгсөөд Эрдэнэтэд илгээлтээр явсан. Эрдэнэтийн дулааны станцад очиж, тэнд зуухны галчаас эхлээд 18 мэргэжил дамжиж явж, мастер болж байлаа. 1994 онд Эрдэнэтээс ирж, хотод ажиллаж эхэлсэн л дээ.
-Улс төрд орсон гэсэн үг үү?
-Улс төрд ороогүй. Тэр үед биднийг улс төрд оруулдаггүй байсан. Манай аав чанга. Биднийг ном унш, ажил хий гэж шахдаг байснаас биш улс төрд ойртуулдаг ч үгүй байлаа. Би аавыг Ерөнхий сайд байхад өрөөнд нь нэг л удаа хальт орж үзсэн.
-Тэр нь ямар учиртай байсан юм бэ?
-Нэг орой аав оройтох болоод ээж хоол хийгээд тавьчихсан байснаа хүргээд өгчих гэхээр нь би өрөөнд нь очиж үзсэн. Хоолыг нь өгөөд л гарч байгаа юм.
-Та Д.Бямбасүрэн гуайтай үнэхээр адилхан юм аа. Хүмүүс таныг Д.Бямбасүрэн гуайн хүү гээд шууд таньчихдаг байх даа?
-Таньдаг. Төрх байлгүй яахав дээ.
-Хүдэр-Ян гэдэг нэрийг яагаад танд сонгосон юм бол. Их л ховор дуулддаг нэр?
– Манай ээж охин төрвөл Хонгорзул гэж нэр өгнө гэж байсан юм билээ. Тэгээд би гараад ирсэн. Би чинь гэртээ мэндэлсэн шүү дээ. Аав маань намайг эх барьж авсан гэдэг. Ээж болохоор Хонгорзул гэж нэрээ өгнө гэж. Одоо миний эрүүл мэндийн гэрчилгээн дээр Хонгорзул гэдэг нэр байдаг. Сарын дараа аав нэг орой хэвтэж байгаад “За би хүүдээ нэр өглөө” гээд Хүдэр-Ян гэдэг нэр өгчихсөн гэж байгаа юм. Хүдэр гэдэг нь том хүдэр гэсэн утгатай, Ян гэдэг нь ян сарьдаг мөнх цастай уулын оргил гэдэг утгаар нэрлэсэн юм билээ. Ээж миний дараагийн дүү охинд Хонгорзул гэж нэрээ өгсөн. Миний дүү зураач хүн одоо уран бүтээлээ хийгээд явж л байгаа.
-Аав ээж тань сэхээтэн улсууд даа. Яагаад гэртээ хүүхдээ төрүүлчихсэн юм бол?
-Тухайн үедээ утас холбоо байхгүй. Ээж амаржих дөхсөн. Аав ер нь юмыг яаж мэдэхэв гээд номын санд суугаад, эх барихын ном уншсан гэдэг. Аав их зөнтэй. Хэд хоногийн дараа орой бууз идээд унтахаар хэвтсэн чинь гэнэт ээж өвдсөн гэж байгаа юм. Тэгээд л сандраад аав эх барьж авсан. Түргэн дуудсан ч амаржсаных нь дараа иржээ.
-Ямар ч байсан Д.Бямбасүрэн гуай эхнэрээ төрөхийг хараад ухаан алдаж унах хүн биш л байж?
-Аав ярьдаг юм. “Чамайг эх барьж авахдаа хүйг нь жаахан уртхан боочихсон байсан” гэж. Гар нь том юм чинь. Дөрвөн хуруу зай аваад бооно гэж уншсан шиг байгаа юм. Аав тэр үед хойно сургууль төгсөөд ирчихсэн, Статистикийн төв газар ажиллаж байж.
-Ээж тань юу хийдэг байв. Тэд хаана танилцсан бол?
-Ээж хэвлэлийн хүн. “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан. Аавын дурсамжийн номууд дээр байдаг даа. Нутагтаа танилцсан гэж.
-Эцгийн тухай таны бага насны дурсамж юу байдаг вэ?
-Миний багад аав их завгүй байсан. Ер нь бараа нь бараг харагдахгүй шүү. Шөнө орой болтол ажил дээрээ сууна. Бид багадаа зуны улиралд бол хөдөө хоёр хөгшин дээрээ очдог. Тэгэхдээ манай эгч дөрвөн ой гарантай уншаад сурчихсан. Би ч бас тав, зургаан настай уншаад сурчихсан. Би чинь Хонгорзул дүүтэйгээ нэг ангид сурдаг байлаа. Манай аав эгчтэйгээ нэг ангид явдаг байсан юм гэдэг. Бид хоёр хөтлөлцөөд гүйж явдаг. Наймдугаар анги хүртлээ нэг анги байсан. Есдүгээр ангиасаа Хонгорзул маань Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгалт өгч орсон.
-Таныг мэргэжлээ сонгоход чиглүүлж байсан уу?
-Үгүй. Аравдугаар анги төгсөхдөө ямар ч байсан инженер болно гэж бодоод конкурсдэж байсан. Мэргэжил сонгохдоо аавтай хамт орсон. Ээж сургуулийн гадаа зогсч байсан юм. Турбины зохион бүтээгч гэсэн мэргэжил сонгосон. Ээж гадаа турба гээд сонсчихож,”Та хоёр очиж очиж турбаны мэргэжил аваад байхдаа яадаг юм” гэж билээ. Энэ мэргэжлээр Москвад сурч байхдаа зураг зурж, тоо бодоод л явдаг байж. Шалгалт өгөх гээд гурав, дөрөв хоног унтахгүй үе зөндөө. Нэг удаа физикийн шалгалт дээрээсээ хөөгдөж гарч байсан юм. Шууд элссэн учраас хэлний бэрхшээл байсан. Бусад хичээлээ амждаггүй. Физикийн хичээлийг мэднэ гээд лекцэнд нь суугаагүй. Тэр цаг дээрээ бусад хичээлээ нөхөж авдаг. Яг шалгалт боллоо. Федор Федрович Федров гээд багш “Чи яах гэж байгаа юм” гэсэн “Шалгалтаа өгье” гэсэн. “Би чамайг танихгүй” гэхээр нь “Би бас таныг танихгүй байна” гэсэн чинь “Гар” гэсэн. Тэгээд унагачихсан. Дөрөв хоногийн дараа өөр ангитай давхиад очлоо. Багш нөгөө үгээ хэлж байна. Би “Багшаа, одоо би таныг таньдаг болсон, шалгалтаа өгье” гэлээ. “Үгүй” гэж байна. Нэгдүгээр курстээ хоёр унаад гурав дахиа ордог байхгүй юу. “Чи яагаад миний хичээлийг тасалсан” гэж байна. Үнэнээ л хэллээ. Нөхөр конспектоо гаргаж ирээд эхний хичээлээс сүүлийн хичээл хүртэл бүх хичээлээр дөрвөн цаг шалгалт авсан. Тэгээд “За яахав чи ойлгодог юм байна, мэддэг юм байна. Гэхдээ би чамд олигтой дүн тавихгүй дээ” гэсэн. Нөхөр харин дөрөв тавиад гаргасан юм.
-Та хүүхэд байхдаа зүггүйтдэг байсан уу?
-Нэг их сахилгагүй хүүхэд байгаагүй. Гэр амьтай, ном шагайсан хүүхэд байсан даа.
-Ээж тань ямар хүн байсан бэ?
-Манай ээж сэтгүүлч, бас жаахан зохиол бичдэг. Ээжийн бичсэн шүлэг, өгүүллэгийн ном бий л дээ. Спортлог, цанаар сайн гулгадаг байсан. Хүүхдүүд том нь багыгаа чирээд өсдөг зарчмаар л бид өссөн. Аав ажил ихтэй учраас ээж л ар гэрийн ажлыг бүгдийг зохицуулдаг. Манайд аавын аав, ээжийн аав ээж бүгдээрээ шавааралдаад амьдарна шүү дээ. Жаахан хүүхдүүд мэдээж сахилгагүйтнэ. Орой ажил тарахын үед гэр жаахан эмхэрдэг шиг байгаа юм. Пижигнээд л гэрээ цэвэрлээд, хоол ундаа хийдэг байж.
-Картын барааны үеийг бидний үеийнхэн тод санадаг. Хүмүүс Засгийн газрын элдэв тогтоолын дугаарыг анзаардаггүй л болов уу. Гэхдээ хорьдугаар тогтоолыг бүгд мэддэг. Харин тэр үед танайхан картын барааны үеийг хэр мэдэрсэн бэ?
-Яг л бусдын адил байсан. Картын бараандаа оочерлоно. Мах, гурил будаандаа явна. Би нэг удаа нормын хоёр шил архийг нь дэлгүүрээс авч гарахдаа нэгийг нь хүний хөлд цохиод хагалчихсан. “Хөгшин аавд ёстой арьсаа хуулуулна даа“ гэж айсан ч гайгүй өнгөрч билээ. Хөдөө хөгшчүүл байдаг, хэдэн малтай болохоороо өвөлдөө мах, сүүгээр тасардаггүй л байсан. Сүү аарц хүрээд ирнэ, зөөхийгөө цохиод авчихна. Бас ч гайгүй байсан л даа.
-Хэдийнээс улс төрд орохоор шийдэв?
– Улс төрд бид их сонин түүхтэй орсон. 2011 онд Дорнодод “Хэт” компани нефтийн үйлдвэр барина гээд явж байхад Сү.Батболд, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байсан Д.Зоригт хоёр очдог байхгүй юу. Би тэдэнд хэлүүлсэн юм. “Бид үйлдвэрийнхээ шавыг тавих гэж байна. Манайхаар нэг ороод нээлтэнд оролцоод яваач” гэсэн юм. Тэгсэн нөгөө хоёр “Амжихаа байлаа” гэв. Би ажилчидтайгаа үйлдвэрийнхээ шавыг тавилаа. Орой нь газрын тосны сургуулийн захирал Цэвээнжав гуай “Хүдрээ, юу болсон бэ, танайх үйлдвэр барихаа больсон юм уу. Цаад хоёр сайд чинь Дачинд очоод Монголд үйлдвэр байгуулаад өгөөч гээд гуйгаад явж байх юм” гэсэн. Миний дургүй хүрсэн. Үндэсний компани үйлдвэр барихаар шав тавьж байхад хажуугаар нь давхиж гараад Хятадын компаниас гуйна гэдэг юу гэсэн үг вэ. Энэ улсууд чинь болохоо байсан юм байна. Зүгээр байж болохгүй юм байна гэж бодсон. Улс төрд орох сэдэл анх тэгж төрсөн.
-Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах ирээдүй бий юу?
-Ер нь 1996 оноос манайх нефтийн хайгуул хийгээд Монголын нефтьтэй гэсэн талбай болгон дээр шахуу ажиллаж үзсэн. Монголын анхны хувийн компани нефтийн хайгуул хийж эхэлсэн нь тэр. Түүнээс хойш Монголд нефть гарна гэдэг нь ойлгомжтой болсон. Ерөнхийлөгч очоод дээлээ мялаадаг чинь 1997 он шүү дээ. Тэр нефтийн үйлдвэр Монголд хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. 2009 оноос Дорнодод үйлдвэр барихаар хөөцөлдсөөр өнгөрсөн жил 2014 оны долдугаар сарын 14-нд тусгай зөвшөөрлөө авлаа. Энэ сард багтаад Засгийн газрын хуралдаанаар орж шийдэгдэх юм шиг байна.
-Дорнодын газрын тосыг түшиглээд боловсруулах үйлдвэр барина гэсэн үг үү. Монголыг хангах хэмжээний тос гарах уу?
-Ер нь зөвхөн Дорнодын сав газраас жилдээ сая гаруй тонн түүхий тос гардаг. Дорнодын нефть хангалттай. Одоо байгаа нөөцөөр элбэг 20-30 жил Монголыг хангана. Хайгуул хийх хэмжээгээр газрын тосны нөөц нэмэгдэнэ. Гадныхны тусламжтайгаар газрын тос боловсруулах төслүүд явдаг. Дотоодынхоо тосон дээр боловсруулах үйлдвэр барина гэж манайх л дуугарсан. Бусад нь Оросоос тос авчирч нэрэхээр тооцоолдог. Боломж их байгаа. Манай төр барьж байгаа нөхөд хүсэх л юм бол бид боловсруулах үйлдвэр барьж чадна. Тэд хүсэхгүй байна. Нефтийн үнэ ханш савлахад хомсдол үүсэхэд нефть боловсруулах үйлдвэр барих тухай ярьдаг. Бусад үед нь мартчихдаг.
-Зарим нэг лидерийн хэлснээр бол Монголд газрын тос боловсруулах өртөг өндөр гэсэн. Нэг литр нь бараг 4000 төгрөг хүрэх юм биш үү?
-Бид өөрсдөө газрын тосоо боловсруулбал өртөг асар ихээр буурна. Манай тооцоогоор 1600 төгрөгөөр борлуулахад хангалттай. Одоо бол бензинээ борлуулахдаа хилийн үнэ, ашиг, зардлаа нэмээд тооцдог. Монголчууд түүхий эд нийлүүлэгч улс байгаад хожихгүй эцсийн бүтээгдэхүүн л хийх ёстой гэж боддог.
-Таны удам судрыг харсан ч том намууд сонирхож л байсан байх. Та яагаад Иргэний зоригийг сонгосон юм бэ?
-Би сүүлд улс төрд орж ирсэн. Анх оюутан байхдаа талбайд өлсгөлөн зарласан хүмүүсийг дэмждэг байлаа. Ардчиллынхан бүгд л ааваас зөвлөгөө авдаг, уулздаг байсан. Хажууд нь сонсож суудаг байсан болохоор энэ улсууд зөв юм хийж байна гэж дэмждэг байлаа. Сүүлдээ тухайн үед ярьж байсан, мөрөөдөж байсан нь огт өөр болоод, өөрсдөө дарангуйлагчид болоод эхэлсэн. Зам нийлэхгүй юм байна. Улс төрд орвол эхнээс нь шинээр эхлүүлье гээд Иргэний зориг, ногоон намд орсон юм.
Б.ЯНЖМАА