Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн пүрэв гаригт цацагдлаа. Мэдээлэл гарснаас хойш олон нийт асуудалтай холбоотой үзэл бодлоо уралдуулаад эхэлжээ. Товчхондоо олон нийт болон улс төрийн хашир ажиглагчид “Н.Энхбаярыг оролдоод хэрэггүй. Нэр хүнд нь өсөхийн нэмэр. Тэгээд ч одоо Н.Энхбаяр болсон шүү дээ. Бусдыг нь яагаад шалгадаггүй юм бэ. Газрын мафийн толгойлогч М.Энхболд, Т.Бадамжунай, Оюу толгойн С.Баяраас эхлээд өчнөөн хүн байна. Тэднийг шалгадаггүй юм уу” гэцгээж байна. Тэр бүү хэл уг мэдээллийг үнэн худал хэмээн талцаад эхэлжээ. МАХН-ынхан ч өөрсдөө өчигдөр хэвлэлийн хурал хийж асуудлыг тайлбарлав. Хэвлэлийн хурлын дараа МАХН-ын Ажлын албаны дарга Ц.Шаравдоржоос дараахь тодруулгыг авлаа.

-Н.Энхбаяр даргыг АТГ ямар хэргээр дуудсан юм бэ?

-МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгчийг хэрхэн яаж хэлмэгдүүлж, ял тулгаж шийтгэснийг монголчууд харсан.

Гэтэл Н.Энхбаярыг мөрдөн мөшгих, араас нь хууль хүчний ажиллагаа явуулах, зохиомол хэрэгт удаа дараалан гүтгэх оролдлого үргэлжилсээр байна. Үүний тод жишээ нь дахин зохиомол хэрэгт гүтгэж мөрдөн байцаах ажиллагааг цагдаагийн байгууллагаас эхлүүлж мөрдөн шалгах ажиллагаа одоо хүртэл явагдаж байна. Мөн өчигдөр (уржигдар) АТГ-ын хоёр ажилтан 13 цагийн үед МАХН-ын байран дээр ирж Н.Энхбаяр даргатай уулзахыг шаардаж өрөөнд нь орж өнөөдөр (баасан гариг)-ийн15 цагт АТГ-т ирэхийг сануулж зарлан дуудах хуудаст гарын үсэг зурахыг шаардсан. Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдөр зохиомол хэргийн улмаас биедээ учирсан эрүүл мэндийн хохирлоо арилгахын төлөө Солонгост эмчлүүлж байгаа. Харин цагаан сараар насан өндөр аав, ээждээ золгохоор ирээд байгаа ийм үе. Шинийн найманд буюу өчигдөр ээжийнх нь 80 насны ой тохиож байлаа. Н.Энхбаяр дарга ч ямар хэрэгт холбогдуулж дуудаж байгаа юм бэ гэдгийг тодруулахад тодорхой хариулт өгөөгүй. Энэ нь АТГ хууль бусаар ажиллаж байгаагийн тод илэрхийлэл. Хэдий тийм ч АТГ-ынханд шууд хариулт өгөх боломж байсангүй. Өмгөөлөгч маань Дорнод аймагт ажлаар явсан байсан. Тиймээс ч Н.Энхбаяр дарга “Би АТГ гэдэг ямар байгууллагыг мэднэ. Яаж хохироодог вэ, хэлмэгдүүлдэг вэ гэдгийг биеэрээ амссан хүн. Тиймээс өмгөөлөгчийн хамт очихоос өөр аргагүй учраас өнөөдөртөө хариу өгөх боломжгүй” гэдгээ тайлбарласан. Ер нь ямар хэргээр дуудсаныг нь олон талаар тодруулж байгаа ч мэдээлэл авч чадахгүй байна. АТГ энэ талаар ихэд нууцалж байна.

-Одоо яригдаж байгаа зарим хэрэгт холбоотой гэсэн таамаглал байна. Эсвэл шинээр хэрэг үүссэн гэх таамаглал ч гарч?

-АТГ-ын нөхдүүдийн харьцаж байгаа харьцаанаас харахад ихэд сэжигтэй байсан. Яагаад баасан гаригийг сонгож байгаа юм. Ер нь АТГ буюу хуулийн байгууллагуудын тогтсон уламжлал, арга барил бий. Баасан гаригт хүнийг баривчилдаг. Ямар арга хэмжээ авахыг нь ч мэдэхгүй байна. Ямар асуудалд холбогдуулаад байгааг мэдэхгүй. Түүгээр ч барахгүй байцаах уу, хөндлөнгийн гэрчээр асууж тодруулах гэж байгаа юу, хорьж цагдах уу гэдгээ огт хэлээгүй.

-Хэн хэн гэдэг хүн ирсэн юм бол?

-АТГ-ын ажилтан Эрдэнэсайхан, Ганбаяр гэдэг хүмүүс ирсэн.

-Заасан хугацаанд нь очих уу?

-МАХН-ын үйл ажиллагааг дэмжих хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Өнөөдөр 15 цагаас МАХН-д гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн хүмүүсийн батлахыг олгох ёслолын ажиллагаа болно. Ямартаа ч өмгөөлөгчтэйгөө уулзаад асуудлыг тодорхой болгох байх.

-Н.Энхбаяр дарга Солонгос руу буцах уу?

-Эмчилгээ нь үргэлжилж байгаа.

-Намын байртай холбоотой асуудлаар тодруулахаар дуудаад байгаа юм биш биз?

-Би хуульч хүний үүднээс хэлэхэд намын байртай холбоотой асуудал дээр ажиллаж, дүгнэлт хийж байгаа. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулийн хүрээнд эл асуудал иргэний журмаар асуудлыг шийдэх ёстой. Яагаад гэвэл энэ байрыг худалдан авах гэрээг хийгээд төлөх ёстой 500 мянган ам.долларыг гурав хоногт төлчихсөн. Эрх зүйн харилцаа нь бүрэн дуусгавар болсон. Гэтэл заавал иргэний асуудлыг эрүү рүү шилжүүлж Н.Энхбаяр даргад нааж байгаа нь сонирхол татах асуудал гэж байв. Тэгвэл өчигдөр 15 цагт МАХН-д шинээр элсэгчдийг батламжлах ёслолын ажиллагааны үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр биечлэн ирсэн юм. Тэрээр энэ үеэр хэвлэлийнхэнд тайлбар хийв. Тодруулбал, “Хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгдөггүй. Өөрийнхөө хамаатан садан, ах дүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгдөггүй. Хүний энэ эрх Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Үндсэн хуулийн тэр зарчмын дагуу би хангалттай хэмжээнд мэдүүлгээ өгчихсөн. Хангалттай тайлбарлачихсан. Тиймээс би тэр эрхээ эдлээд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд албан ёсны бичиг өгчихсөн хүн. Тийм байхад яагаад ч юм огт мэдүүлэг өгөхгүй байгаа юм шигээр тухайн үед мушгин ойлгуулж 600 цагдаа оруулж ирээд чирч гулдчаад аваад явсан. Би аль болох Монголдоо ирж очмоор байна. Хамаатан садантайгаа уулзмаар байна. Намынхан маань ч ирж бай гэдэг. Энэ үед ирж болохгүй шүү. Ирвэл баривчилна гэсэн мессеж хүртэл ирсэн. Тиймээс улс төр хийж байгаа нөхдөд хандаж энэ бол хоцрогдсон арга шүү. Энэ бол Африк арга. Энэ бол Латин Америкийн арга. Үүнээсээ болих хэрэгтэй. Монгол ардчиллаараа бахархъя гэж байгаа юм бол улс төрийнхөө өрсөлдөгчтэйгөө улс төрийн аргаар өрсөлддөг байх хэрэгтэй” хэмээлээ.

МАХН-ынхан ийм байр суурьтай байна. Харин асуудлын талаар АТГ-ынхнаас тодруулахад “Одоогоор энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Удахгүй албан ёсны мэдээлэл гаргана” хэмээж байлаа.

Л.МӨНХӨӨ

Categories
гадаад мэдээ

Немцовын аллагыг захиалсан гэв

Ярослав мужийн Думын гишүүн, улстөрч Борис Немцов халдлагад өртөж амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Түүнийг өнгөрсөн сарын 28-ны оройн 23.30 цагийн үед Москвагийн төвд машинтайгаа явж байхад нь нүүрээ халхалсан найман этгээд халдсан байна. Немцов дөрвөн суманд оногдож амиа алджээ. Хэргийн газраас бууны долоон ширхэг хонгио олдсон гэж цагдаагийнхан мэдээлжээ.

Халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч В.Путин цагдаагийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Путин хэвлэлийнхэнд “Немцовын аллагыг захиалсан байх магадлалтай. Хэрэгтнийг нэн даруй барьж, шийтгэхийг албаны хүмүүст даалгаж байна. Мөн харамсалтайгаар амиа алдсан Борис Немцовийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Немцовын хурц, дайчин үгнээс олон хүн эмээдэг байсан” гэж хэлжээ. Мөн хэргийн газар ажиллаж буй мөрдөгчийн хэлснээр “Немцовын аллагыг захиалсан” гэж Путиний мэдэгдлийг баталсан байна.

“Аллагатай холбоотой хүмүүсийн эрэн сурвалжилж, Немцовын гэр болон ажлын өрөөг нь битүүмжилж, холбоотой байсан хүмүүсээс мэдүүлэг авч эхэлсэн” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Чуркин мэдэгдэв.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан төрийн ажлыг ингэж л хийдэг юм байна

“Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг халхлан “Астра интернэшнл” компанийн “Астра буйлдинг” барилга Барилгын тухай хуулийг зөрчин13 давхар оффис, орон сууцны барилга баригдаж байгаа. Сэтгүүлчид бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөөд байгааг бид холбогдох газруудад удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Бүр “Цонхоо нээе” хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид “Астра интернэшнл” компани хууль бусаар барилга баригдаж эхэлсэн цагаасэнэ талаар мэдээлж, үүнийэсрэг тэмцэж байгаа боловч өнөөдрийг хүртэл МХЕГ болон холбогдох байгууллагууд огт хөдөлсөнгүй. Олон удаа албан бичиг хүргүүлж, хариуцаж байгаа мэргэжилтэн, дарга нарт мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар өдий хүрч байна. Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хууль бусаар барилга баригдаж сэтгүүлч бидний эрх зөрчигдөөд байгаа талаарх гомдлыг 2014 оны аравдугаар сарын 02-нд гаргасан бөгөөд албан бичгийн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д албан бичиг хүргүүлж “Астра интернэшнл” компанийн барьж байгаа “Астра буйлдинг” барилга “Өдрийн сонин”-ы байрнаас 8.4м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан /2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно/ заалтыг зөрчсөн байна. Иймд барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье” хэмээн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэн.

Дээрх албан бичгийн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан өгсөн. “Өдрийн сонин”-ы хажууд баригдаж байгаа орон сууцны барилгын захиалагч Л.Зундуй, “Астра интернэшнл” ХХК барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвар зураг төлөвлөснөөс урагш шилжүүлэн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Иймд дээр зурдсан зөрчилд холбогдох арга хэмжээ авч ажиллана уу” гэж 2014 оны арванхоёрдугаар сарын 12-нд мэдэгдсэн. Дээрх хоёр албан бичигт “Астра интернэшнл” компанийг хууль зөрчин барилга барьж байгаа гэдгийг мэдэгдсэн байдаг. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өгсөн албан бичигтээ хууль зөрчиж барилга барьж байгааг дурдаад хуулийгмөрдөн ажиллахыг сануулсан байдаг. Гэвч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар өдий хүрч байна. НМХГ-аас өмнө нь тус барилгад хяналт шалгалт хийсэн мөртлөө дахин шалгалт хийж эхлэв. Өмнө нь улсын байцаагч шалгалт хийгээд дүгнэлт гаргачихсан байхад дахин шалгалт хийх тушаалыгНМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун гаргасан байна. 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр шалгалт хийгээд одоог хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар төрийн ажлыг ингэж л хийдэг юм байна. Өмнө нь барилгын тухай хуулийгзөрчсөн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч хууль зөрчсөн байна гэх албан ёсны хариу өгсөөр байтал ямар шалтгаанаар дахин шалгалт хийх болов. Хагас жил гаруй хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг ажлаа хийж, хууль зөрчин баригдаж байгаа барилгыг зогсоож өгөхийг шаардсан боловч одоог хүртэл ямар ч хэл чимээгүйбайна. Бид хагас жил гаруй хугацаанд гомдлын дагуу хийсэн ажлаа дахин эхнээс ньхийх болов.Төрийн байгууллага иргэдэд хурдан шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх үндсэн чиг зорилготой. НМХГ бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн байгууллагын асуудалд ингэж хандаж байгаа юм чинь энгийн иргэд төрийн байгууллагын хүнд сурталд үнэхээр арга мухарддаг нь эндээс тодорхой харагдаж байна.

Э.БААТАР

Categories
мэдээ спорт

Өнөөдөр “Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаан болно

Монгол Улсад улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойд зориулсан “Эх орончдын өдөр”-ийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Өнгөрсөн жилийн “Эх орончдын өдөр-ийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан найм даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат “Хантайшир” дэвжээ, “Туушин” компанийн бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Жаргалсайхан: ЮНЕСКО уйгаржин бичиг биш уран бичлэг буюу каллиграфийг бүртгэсэн

“Монгол хэлний тухай хууль”-ийг саяхан УИХ баталсан билээ. Уг хуулинд уйгаржин үсгийг төрийн бичигт хэрэглэдэг болохоор заасан. Үүнийг НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-гоос дэмжиж байгаа талаар уг хуулийг санаачилсан гишүүд байнга ярьж байгаа. Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий на­рийн бичгийн дарга Г.Жаргал­сайхантай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Дашрамд дурдахад ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь Гадаад хэргийн яамны харьяа төсвийн байгууллага аж.

-ЮНЕСКО-гийн дэлхийн өв санд манай уламжлалт соёлоос яг юуг бүртгэж авсан байдаг юм бэ?

-Манай улсаас монгол уран бичлэгийг ЮНЕСКО-ийн өвийн санд бүртгэж авсан.Хоёр зүйлийг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлт гаргасан байдаг, нэг нь монгол уран бичлэг, нөгөө дэх монгол гэрийг урлах уламжлалт арга. Монгол уран бичлэг буюу каллиграфийг бүртгүүлэхэд нэлээд хугацаа орсон. Ер нь өдөртөө бүтдэг зүйл биш л дээ. Доод тал хоёр жил болдог. Нэр дэвшүүлнэ, судална, зөвлөлдөнө, хэлэлцэнэ гээд үе шаттай, дэс дараалалтай арга хэмжээ. Монгол уран бичлэгийг яагаад яаралтай хамгаалах болсон юм бэ гэхээр 1990 он хүртэл тасарч байна гэж үзсэн. Түүнийг авч явдаг, заадаг мэргэжлийн хүмүүс нь цөөрсөнтэй холбоотой. Хоёр ч удаа манайх бүртгүүлэхээр өгөөд буцаагдаж эцэст нь бүртгэсэн.

Уйгаржин монгол бичгийн хувьд бол өөр. Нэгдүгээрт, түүнийг уран бичлэгтэй хольж болохгүй. Хоёрдугаарт, эрт дээр үеэс уламжлагдаад ирсэн боловч тасарсан бичгийг дахин сэргээх түвэгтэй байдаг. Тиймээс ЮНЕСКО-гийн соёлын өвд ийм бичгүүдийгбүртгэх боломжгүй. Харин уран бичлэг бол арай амь тавьчихаагүй болохоор үүнийг дэмжих асуудал дээр тусламж хүсэх эрх нээлттэй. Зөвхөн ЮНЕСКО-гоос төдийгүй өөр газраас ч тусламж дэмжлэг хүсэх боломжтой. Харин уйгаржин бичгийг сургуульд заах зэрэг дээр бол ЮНЕСКО-гийн зүгээс ямар ч юм яригдаагүй. Ер нь энэ бол өөр асуудал.

-Тэгэхлээр “Монгол хэл­ний тухай хууль” батлагд­сантай холбоотой ЮНЕСКО-гоос ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлэхгүй гэж ойлгож болох уу?

-Уйгаржин бичгийг заах, хэрэглэдэг болохыг хууль­чилсан зэрэг нь манайхтай ямар ч хамаагүй. Бид ЮНЕСКО-дмонгол уран бичлэгийг бүртгүүлсэн тул хадгалан хамгаалах, сэргээх, өвлүүлэх үйл ажиллагаа явуулах тодорхой үүргийгхүлээсэн байдаг.

Харин уйгаржин бичиг үүнд хамаарахгүй.

-ЮНЕСКО-г төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд “Монгол хэлний тухай хууль”-ийг баталсан талаар та ямар бодолтой байна?

-Миний хувийн бодол гэвэл уйгаржин бичгийг сэргээгээд ард иргэдээр бүгдээр нь эзэмшүүлэх гэж хавтгайруулж заавал сурах ёстой гэдэг нь өрөөсгөл гэж бодож байна.Бичиг соёлоо мартахгүй гэсэн үүднээс бол зөв л байх л даа.

-Энэ хуулийг санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүн М.Батчимэг нь үүнийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа гэж ярьсан байна?

-Тэрийг би мэдэхгүй байна. Тэр хүнтэй уулзаагүй, юу бодож ярьсныг нь мэдэхгүй. ЮНЕСКО бүртгэж аваагүй өвийг бид дэмжлэг үзүүл гээд тулгаад шаардаад байх боломжгүй шүү дээ.

-ЮНЕСКО зөвхөн бүртгэж авсан соёлын өвийг хамгаалахад тусламж үзүүлдэг гэсэн үг үү?

-Тиймээ. Жишээ нь бид монгол туулийг бүртгүүлсэн. Ингэхдээ манай улс тодорхой үүрэг хүлээдэг. Нөгөө талаас ЮНЕСКО тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ бас заавал тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн үг биш. Хэрвээ манай тал тусламж хүсвэл ЮНЕСКО дүрэм журмынхаа дагуу хэлэлцээдоруулж ирсэн төслийгдэмжих эсэхээ санал хурааж шийддэг.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ нийгэм

Ахмадууд маргаашнаас нэмэгдэлтэй тэтгэврээ авна

Монгол улсын Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа 345 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон юм.

Тэтгэвэр нэмэхэд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ахмад настнууд ирэх долоо хоногоос эхэлж нэмэгдлээ авах юм. Тодруулбал, тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, гуравдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа. Улаанбаатар хотын ахмадууд тэтгэврээ сар бүрийн эхэнд авдаг. Тиймээс нийслэлд амьдардаг ахмадууд ирэх долоо хоногт тэтгэврийн нэмэгдлээ авна гэсэн үг юм. Харин аймаг, сумын ахмадууд сарын сүүлээр тэтгэврийн нэмэгдлээ авч эхэлнэ.

2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 000 (хоёр зуун гучин мянга) төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 195 000 (нэг зуун ерэн таван мянга) төгрөг байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд нийтдээ 94.6 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэвэр 26.0 мянган төгрөгөөр өсч, 283.0 мянган төгрөгт хүрнэ гэж албаныхан мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоригдол албаны машинаар хүн дайрч хөнөөжээ

ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангийн “Старикс” маркийн авто машин жолоодож явсанхүмүүжигч Гнь явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарлаа.Тухайн үед хэргийн газраас зугтаад өөрөө буцаж ирж хэргээ хүлээсэн талаар Замын цагдаагийн эх сурвалж онцоллоо.

Тодруулбал, БГД-ийн нутаг“ТЭЦ-4”- ийн зам “Хүн од”хиамны үйлдвэрийн урд замдH.Ctarexмаркийнавто машины жолооч, хоригдолГ нь явган зорчигч 40-45 орчин насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлгийн гаргасан санаачилга ажил хэрэг болсон гэв

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа өчигдөр танилцуулав. МАН-ын бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Хаврын чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу иржээ. МАН-ын бүлгээс хийсэн ажлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд МАН-ын бүлэг хэд хэдэн чиглэлээр тодорхой санаачилгууд дэвшүүлсэн нь ажил хэрэг болсныг хэлж байлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга “МАН Засгийн газрыг хүлээлгэн өгсөн 2012 онд улс орон ямар байсан”, “МАН Засгийн газарт орсон 2014 онд улс орон ямар болсон байсан”-ыг танилцуулсан. “Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас улс орон эдийн засгийн хямралд орж, өр зээлэнд баригдан ард түмний амьдрал хүндэрч, ажилгүйдэл ядуурал нүүрлэн, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан. Эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөн. Ийм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам л муудна гэж үзсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан” гэв. Мөн “Хэрвээ ийм бодлогоор цаашид явбал 2016 он гэхэд Монгол Улс тун хүнд байдалд орно гэж олон улсын байгууллагууд эдийн засгийн тайландаа сануулсан. Иргэдийн нуруун дээр ирэх ачаа, татвар хураамж улам л нэмэгдэнэ. Ийм хүнд үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах урилгын дагуу асуудлыг намын Бага хурлаараа шийдэн хэд хэдэн болзолтойгоор Засгийн газарт орсон. Тухайлбал, эдийн засгийн уналтыг саармагжуулж, улмаар тогтворжуулах, ажлын байруудыг хадгалах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дарга нарын тансаг хэрэглээг танах, нэг төсөвтэй болох, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлэх, парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2015 онд багтаан хуульд заасан журмын дагуу хамтран шийдвэрлэх гэх мэт улс эх орон, ард түмний эрх ашгийг дээдэлсэн асуудлуудыг дурдаж болно” гэдгийг бүлгийн дарга нь онцлов.

Түүнчлэн өмнөх Засгийн газрын бодлогын алдаануудыг засах чиглэлд анхаарч ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар онцлов. Үүний нэг жишээ нь сүүлийн хоёр жил нэг төсөвтэй байхыг шаардсан МАН-ын бүлгийн санал биеллээ олсон явдал гэнэ. Нэг төсөвтэй болсноор бондын зарцуулалтыг УИХ хянаж, ард түмэнд мэдээлж байх боломжууд нээгдсэн. Тиймээс МАН-ын бүлгийн санаачилгаар “Чингэс”, “Самурай” бондын зарцуулалтыг шалгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган Хөгжлийн банкинд шалгалт оруулсан зэргийг дурдав.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАН эдийн засгийн хямралын нөхцөл байдлаас үүдэн ахмадуудынхаа нийгмийн халамжийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажилласан. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү жилийн 18хувь байгааг ес болгон бууруулах санаачилгыг гарган ажиллаж байна. Ач санах тухай хуулийн төслийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. МАН-ын бүлгээс 2015 оны төсөв батлахтай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Эхний ээлжинд тэтгэврийг тодорхой хувиар нэмэхээр болсон. Хөдөлмөрийн сайдтай хамтран Ажилгүйдлийг бууруулах төрийн бодлого боловсруулж удахгүй хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хийж байна” гэлээ.

Мөн Засгийн газар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн I, II зэргийн одонд олгодог урамшуулал, хүүхдийн мөнгө, жирэмсэн болоннярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд олгодог урамшууллын мөнгийг багасгах санал гаргасныг шаардлагагүй хэмээн МАН-ын бүлэг үзэж хэвээр үлдээсэн. Цаашлаад Засгийн газар төрийн өмчийг хувьчлахдаа Хөрөнгийн бирж, гэрээ, концесс, дуудлага худалдаа, хувьцаа хэлбэрээр олгох саналыг гаргасан. МАН-ын бүлэг хувьчлалыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар хийх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталж төрийн өмчийг хувьчлах нь зохисгүй гэж үзсэн тухай мэдээлэв.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2015 онд эрчим хүчний салбарт 86.3 тэрбум төгрөг зарцуулна

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо.

Шуурхай зөвлөгөөнөөр Эрчим хүчний салбарын 2014 оны үйлдвэр, хэрэглээний гүйцэтгэл, салбарын үйл ажиллагааны тайлан, Эрчим хүчний салбарын 2014-2015 оны өвлийн горим ажиллагаа, гарсан хүндрэл, шийдвэрлэсэн байдал, Эрчим хүчний салбарын 2015-2016 оны өвлийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө, түүнд зарцуулах хөрөнгийн дүнг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын мэдээлэл, санал дүгнэлийг сонсч, ЭХЯ-ны удирдлагын зүгээс үүрэг даалгавар өглөө.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд 2014 онд 5476,7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075.5 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг 2013 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч 6.7 хувиар буюу 344.4 сая кВт.цагаар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.3 хувиар буюу 305.2 мян. Гкал-аар тус тус өссөн байна.

2014 онд нийтдээ ОХУ-аас 389.98 сая кВт.цаг, БНХАУ-аас 999.26 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 208.06 сая кВт.цагаар буюу 17.6 хувиар өссөн байна. 2014 оны байдлаар Монгол Улс нь ОХУ-аас 7 чиглэлээр БНХАУ-аас 11 чиглэлээр тус тус цахилгаан эрчим хүч худалдан авсан байна.
Монгол Улс 2014 онд нийтдээ 6897.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээний 76.5 хувийг ДЦС-ууд, 2.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, 20.1 хувийг импортын эрчим хүчээр хангажээ.

Өнөөдөр эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компанид нийтдээ 10340 хүн ажиллаж байна. Үүний хамгийн олон хүнтэй нь 1728 ажиллагсадтай УБЦТС компани тэргүүлж байна. Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компаниуд нийтдээ 30.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь өмнөх онуудтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

2014 онд эрчим хүчний салбарын хэмжээнд ДЦС-3-ын хүчин чадлыг 50 МВт-аар, ДЦС-4-ын хүчин чадлыг 123 МВт-аар тус тус өргөтгөх, Амгалан ДС-ыг барих, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн төвд ДС, дулааны шугам сүлжээ барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ.

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компани нийт дүнгээрээ 86.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ДЦС-3-ын 250 МВт-ын төслийг ажлыг эхлүүлэх, Дархан ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл, Эрдэнэт, Дорнодын ДЦС-ын өргөтгөлийг эхлүүлэх ажил хийгдэнэ. Мөн Амгалан ДС-ын угсралтыг бүрэн дуусгаж, туршилт тохируулгын ажлыг хийж, ажилд залгана.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон тус яамны газар, хэлтсийн дарга нар оролцлоо хэмээн ЭХЯ-аас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Чойномын шүлгээр амьсгалж “чонын авд” буугүй гарцгаасан нэг ангийнхан

11-ийн А ангийнхан сургуулийнхаа 90 жилийн ойгоор

Монголд сайн бүхний, шинэ бүхний үндсийг тавьсан нэгдүгээр сургууль руугаа очиж явна. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит үлгэр жишээ лаборатори нэгдүгээр сургууль хэмээн нэрлэгдэж байж билээ. Энэ сургуулийг Монголын нэрт сурган хүмүүжүүлэгчид, гавьяат багш Д.Гомбосүрэн, Ж.Ичинхорлоо, Э.Раднаа, Н.Норов, Л.Цэрэндорж нарын зэрэг гавьяатнууд, эрдэмтэн мэргэд удирдаж байж билээ. Эндээс Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит математикийн олимпиад орон даяар дэлгэрсэн түүхтэй. 1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч ерөнхий боловсролын дунд сургуулиудыг 8, 11 жилийн хугацаатай болгон, цөөн хэдэн сургуулийг туршилтын журмаар хичээллүүлэхэд Улаанбаатар хотоос хоёрхон сургуулийг сонгож авсны нэг нь нэгдүгээр дунд сургууль. Туршилтыг амжилттай биелүүлж, 1965 онд анхны төгсөлтөө хийж байсан 11 дүгээр ангийн А, Б, В гурван бүлгийнхэнтэй уулзаж байна. Энэ ангийнхнаас Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Адилбиш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Д.Баяр, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ш.Долгормаа, доктор Р.Нарантуяа, Д.Сарантуяа, Ж.Мандахбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын төрийн ёслолын асуудал хариуцсан шинжээч, ахлах шинжээч, төрийн ёслолын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хурандаа Д.Нямбаяр, Монгол Улсын зөвлөх инженер С.Должин, салбарын тэргүүний ажилтан С.Тунгалаг, Ц.Батжаргал, Л.Батсүх, Г.Болдбаатар, Г.Доржготов, А.Бямбасүрэн, Б.Гомбосүрэн, Ч.Цогбадрах, ахмад инженер Д.Бямбасүрэн, нисгэгч Ц.Даваасүрэн нарын зэрэг олон алдар цуутан төрж гарсан юм. Энэ ангийнхнаас төрийн дээд шагнал хүртээгүй хүн бараг байхгүй байх. Үлгэр жишээ сургуулийн үлгэр жишээ төгсөгчид гэгддэг юм. Сурагчийн амьдралын сураг тасардаггүй дурсамжуудаас сөхье.

АДУУН ЦАГААН ШҮДТЭЙ, АРАЙ Л ЯНЦГААДАГГҮЙ БАГШ

Арван жилийн хүүхдүүд багш нараа их сонжино. Даан ялангуяа шинэ багш хүрээд ирвэл бараг л хөлөөс толгойг нь хүртэл харж багшдаа “дүн” тавина. Нэг өглөө Монгол хэл, уран зохиолын багш Намжимын Очирбат гэж залуу ороод ирж. Улсын их сургуулийг дөнгөж төгссөн, шүлэг зохиол бичдэг, “Хан хурмаст” номоо хэвлүүлчихээд хаа хамаагүй уншиж яваа, шүлгийн донтон”. Гуалиг тэгшхэн нуруутай, алхаж гишгэх нь хүртэл бараг бүжиг хийж байгаа юм шиг санагдана. УИС-д байхдаа Улаанбаатар хотын нийтийн бүжгийн аварга болчихсон юм чинь аргагүй шүү дээ. Н.Очирбат багш програмт хичээлээ заачихаад заавал тав арван минут үлдээнэ. Тэр минутандаа, Монгол, Оросын голдуухан яруу найрагчдын шүлэг уншиж сонирхуулна. Голдуухан, Р.Чойном мэтийн яруу найрагчдын “хориотой” шүлгээс уншина. Шавь нар нь ангайтал чагнаж, хичээл тараад явахдаа цээжилчихсэн байдаг гэнэ.

…Өө хэлбэл би өнгөгүй хүн

Өвөртөө би мөнгөгүй хүн

Тэгэвч би зүрхтэй хүн

Түүнд дурлах эрхтэй хүн… гэхчлэн шүлгийн мөрүүдийг тавин жилийн дараа Санжидын Тунгалаг цээжээр уншиж байна. Энэ ангийнхан бараг бүгдээрээ шүлэг бичнэ. Эмхтгэвэл томоо ном болох байх. 11-ийн “Б” бүлгийн сурагч С.Тунгалаг нь ангидаа ном их уншдаг, өргөн цар хүрээтэй сэтгэдэг, сайн зохион байгуулагч гэдгээрээ онцгой хүүхэд байв. Тэрээр Анагаах ухааны дээд сургуулийг эрүүл ахуйч их эмч мэргэжлээр төгссөн анхдагчдын нэг. Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт олон жил үр бүтээлтэй ажиллан, эрүүлийг хамгаалахын болон мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан болсон юм.

Эдний ангийнхан Н.Намнан багшийгаа дурсах дуртай. Анх “А” үсэг нүдлүүлсэн багш нь. Намнан багш хичээлээ заачихаад төгсгөлд нь заавал нэг сонин ном зохиол уншиж өгнө. “Айболит доктор”-ыг уншиж өгсний нь дараа, маргаашийг тэсч ядан хүлээдэгсэн гэж шавь нар нь одоо хирнээ дурсана. Намнан багш нь бяцхан шавь нартайгаа хэдэн арван жилийн дараа уулзахад, бүгдийг овог нэрээр нь асууж байдаг онцгой ой ухаантай хүнсэн.

11-ийн “Б” ангийнхан сургуулиа төгсгөөд их, дээд сургуульд орох нь орцгоож, нэг хэсэг нь алсын моринд дөрөөлж байж билээ. Бүжинлхам, Сэлэнгэ нар Москва руу, Пүрэв, Сарантуяа нар Бухарест руу, Бямбасүрэн Будапешт рүү, Шийтэр Герман руу, Төмөрхуяг Киев рүү, Доржготов Одесс руу, Төмөрбаатар Даваасүрэн нар Югослав руу гэхчлэн эрдмийн моринд дөрөөлөөд, эргэж уулзахын билэгтэй сайхан ерөөл тавьцгаагаад, уйлалдан, дуулалдан холдоцгоож байснаас хойш тавин хаврын цэцэг дэлбээлж, тавин намрын цэцэг гандаж дээ.

Энэ ангийг, шаазгай шиг хорин нэгэн охид, хөвгүүд төгсөөд, гар гараасаа хөтлөлцөн инээж хөхөрч явсан дунд Шаравын Долгормаа охин, тас тас инээгээд алхаж л байсан. Өнөөдөр тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, өндөр дээд хүндэтгэлийн эзэн болсон байна. Тухайн үеийн Найрамдлын районы эмнэлэгт хүүхдийн эмчээр ажлын гараагаа эхэлж байсан тэрээр, районыхоо эмнэлгийн ерөнхий эмч, Нийслэлийн эрүүлийг хамгаалах газарт мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн 13 дугаар төвд ерөнхий эмч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн орлогч дарга… гэхчлэн албыг хашиж, очсон газар болгондоо ажил сайжруулж, тэргүүний хамт олны зэрэгт хүргэж байсан, аргагүй л гавьяатай нэгэн. Тэрээр, миний өчүүхэн амжилт бол биднийг ажил амьдралын их замаар хөтөлж явсан хайрт багш Цэгмид, Намсрайжав, Нэргүй, Дашжамц, Олзвой нарын олон багшийн минь ач гавьяа гэж ярих дуртай.

Үйлдвэр сургалттай анхны 11 дүгээр ангийнхнаас олон хүн барилгын зураг архитекторийн мэргэжил эзэмшсэн байдаг. Тэдний нэг ньРумын улсын Бухарест хотын Ион Минкугийн нэрэмжит архитекторийн их сургууль төгсгөж ирээд архитекторч, хот төлөвлөгчөөр ажиллаж байсан доктор Д.Сарантуяа агсан юм. Тэрээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөө, сумуудын ерөнхий төлөвлөгөө зэрэг асар их ажлыг амжуулж докторын зэрэг хамгаалсан буянтан билээ. 11-ийн “Б” бүлгийнхний амжилт бүтээлийг багтаана гэвэл, цаг цаас хүрэхгүй биз ээ.

НОГООРСОН БООРЦОГ ИДЭЖ, НОХОЙТОЙ АНД ЯВЛАА

Би, энэ ангийнхныг даргаас нь эхэлье гэж бодсон юм. Зураас зурдаг л хүн бол та, Зургийн институтын Должинг мэднэ дээ. Энэ ангийнхан хэд хэдэн онцлогтойг би түрүү цухас дурдсан. Гол нь 11 дүгээр анги төгсөхдөө сурагч бүр нэг мэргэжил эзэмшдэг байсан юм. Батжаргал будагчны 3, Болдбаатар мужааны 3, Должин радио засварын техникчийн 3 гэх мэт мэргэжлээр төгсч байв. Нөгөө нэг онцлог нь энэ сургууль, ангийнхан бүгд шеф газруудтай. Зуныхаа амралтаар тэндээ очиж практик дадлага хийнэ. Должингийнхон Хэнтийд очсон нэг дадлага сонирхолтой болов уу. Хүүхдүүдийг хоёр хоёроор нь хадланчдад хуваарилж 11-ийн “А”-гийнхныг Хэнтийн Биндэр суманд хуваарилсан юм. С.Должинг, гавьяат багш Далхжавын охин Ганчимэгтэй хамт Биндэр сумын Сэрүүн-Галтад ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны ах адуучин Сэнгээгийнд хуваарилав. Эндхийн хүмүүс, тарвага алж идчихээд, тараг, сүү голдуухан хооллоно. Хүүхдүүд очсон өдрөө л амьдралын сонинтой учирлаа. Хоолных нь хоёр тарвагыг алж ирээд, дадлагын сурагч Должингоорөвчүүлэх болов. Анх удаа тийм “хөөрхөн” амьтантай учирч байгаа. Амьгүй ч гэсэн нүд нь бүлтийгээд ямар өрөвдмөөр санагдсан гээ. Аргагүйн эрхэнд урж тасчин байж, өвчсөн болов. Шөнө нь тарваганы хоёр нүд харагдан хар дарж орилж сэрээд, халуурч бие нь муудлаа.

11-ийн “А” ангийнхан сургуулиа төгсгөхөд бүгд нэг нэг мэргэжилтэй болсон тухай түрүү өгүүлсэн. Х.Адилбиш бол радио техникийг их сонирхдог, зүүдэндээ “Радиогоосярьж байна” гээд босоод ирдэг хүүхэд байсан. Тэгээд ч сургуульд байхдаа 50, 100-втын радио өсгөгч угсран, “Эх орон-52”, “Люкс” хүлээн авагчуудыг засчихдаг болсон юм. Бас машин судлалын дугуйланд суралцаж, Лингафоны кабинет байгуулах зэргээр техникийн их сонирхолтой хүүхэд байв. Тэр ч чанараараа цахилгаан эрчим хүчний мэргэжил эзэмшиж, Эрчим хүчний салбарт 42 жил ажиллаад, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой, энгэр дүүрэн одонтойгоор гавьяаныхаа амралтанд гарч билээ. Х.Адилбиш маань ангийнхаа охин П.Долгортой амьдралаа холбон, олон хүүхэд төрүүлж өсгөн, олонтойгоо шуугиж дуугисан буурал яваа. Тэрээр тэтгэврээ тогтоолгосон ч зүгээр сууж чадахгүй “Бүтээлч” бүлэг байгуулан “Жишиг” гудамжаа тохижуулж 300 гаруймод бут тарьж, хүүхдийн тоглоомын талбай, цэцгийн мандал байгуулаад байгаа. Бас хашаагаа 200-гаад мод буттай, жимсний цэцэрлэгт хүрээлэн болгосон зэрэг зүтгэл бүтээлийг нь тоочиж барахгүй. Ангийнхан нь: “Гавьяат хүн, хаа ч явсан гавьяатай л байдаг юм байна” хэмээн магтана. Энэ ангиас төрж гарсан ч, өнөөдөр бидний дунд байхгүй байгаа нэгэн суу алдартан бол Довдойн Баяр юм. Бяцхан жаал байхдаа “Алтайд” романыг уншаад хайгуулч шинжээч болно хэмээн сэтгэлдээ тангараг өргөж байсан энэ хүү УБДС-ын түүх-газар зүйн ангийг дүүргэж археологич болон их бүтээлийн “эрэлд” гарсан хүн. Тэрээр Монголдоо доктор профессор цол хүртэж, ХБНГУ-ын археологийн хүрээлэнгийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож байв. Түүний зүтгэл бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм. Монголчууд, зарим нэгнийг “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсан хүн” гэдэг. Тийм л хүний нэг нь Баяр байлаа. Олон улсын 30 гаруй төслийн хээрийн шинжилгээний ангид оролцон археологийн үнэт дурсгалуудыг олж илрүүлсэн гавьяатай хүн байлаа. Ийм гавьяатан, эгэл жирийн хүмүүс энэ ангиас олноороо төрж гарсан юм. Газар зүйн шинжлэх ухааны доктор Ж.Мандахбаяр, ахмад багш Л.Дариймаа, биеийн тамир, спортын зүтгэлтэн П.Сампилноров, статистикч Ч.Надмид… гээд урт цуваа үргэлжилнэ.

БАГШИЙГАА БАНДААШТАЙ ӨНЖҮҮЛСЭН “В” БҮЛГИЙНХЭН

Хүүхэд ахуй насанд аль дүрсгүйтэхийг тэр гэхэв. Эдний ангийнхан Ерөөгийн сангийн аж ахуйд дадлага хийж байв. Г.Болдбаатар нарын хэдэн эрэгтэй хүүхэд Сангийн аж ахуйн төв рүү, бага сага хүнсний зүйл авахаар алхаж байсан чинь Ж.багш араас морьтой давхиж ирээд, буцааж туугаад явсансанж. Хүүхдүүд дотроо таагүй л бодолтой байв. Тэгээд хэдүүлээ “Багшийгаа нэг чадна даа” гэж бодоод л явсансанж. Нэг өдөр багш нь бүх хувцсаа угаагаад гадаа тохчихсон, нүцгэн гарч ороод байх юм гэнэ. Хувцас яг хатахын үед хүүхдүүд очоод бүх хувцсыг нь пошиктой усанд дүрээд буцаагаад өлгөчихөж. Багш нь байсхийгээд л гарч хувцсаа үзээд байдаг, нойтон. Ингэж багшийгаа өдөржин “бандааш”-тай гүйлгэсэн гэдэг.

Энэ ангийнхнаас хэлбичгийн ухааны доктор Р.Нарантуяа, Клиникийн профессор Х.Туяа, банк санхүү, геологи эрчим хүчний тэргүүний ажилтан Г.Болдбаатар, хурандаа Д.Нямбаяр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Ц.Батжаргал нарын олон сайчууд төрөн гарсан юм. Та бүхэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хаа ч явсан, өндөр нуруутай, бууралдуу халимагтай хүн дагаж явдгийг лав харсан байх. Энэ бол Нямбаяр хурандаа. Ёслолын албанд “Ёо” гэлгүй зүтгэж, өнөөдөр гавьяаныхаа амралтанд суугаа, энэ “саарал шинелиэ тайлаагүй буурал хурандаа” бол амьдралын ихийг үзэж, монгол төрийн амьд нэвтэрхий толь болсон хүндтэй хүн. Эхнэр нь сэтгүүлч та бидний хэзээний танил “Радио телевиз”-ийн Батсүх.

11-ийн “В” бүлгийнхэн дунд “Хойд зүгийн чимэг” болсон хэдэн охид байв. Хойшоо гэртэй, үргэлж хамт явдаг хэдэн гоо охидыг ангийнхан нь ингэж нэрлэнэ. Тэдний нэг нь Ц.Батжаргал. Батжаргал маань сургуулиа төгсөөд эмч болсон. Хотын нэр хүндтэй том эмнэлгүүдэд хүүхдийн эмчээр ажиллаж байгаад сувиллын 42 дугаар ясль-цэцэрлэг байгуулж эрхлэгч-эмчээр нь олон жил ажилласан. Аав, ээж нар бол түүнийг “Саажилттай хүүхдийн сахиусан тэнгэр” гэдэг юм.

Энэ төгсөлтөнд нэр нь бичигдэх олон багш, сурагчид дотроос би нэг хүнийг онцлон “Нэг ангийнхан” дурсамжаа жаргаамаар байна. Энэ бол ахмад багш өнөө жил 90 сүүдэр зооглож байгаа Я.Намсрайжав гуай.Шавь нараасаа өчнөөн олон гавьяат, алдар цуутныг төрүүлсэн энэ буурай, өнөөдөр бие чилээрхүү байдаг юм билээ. Шавь нар нь “манай Намсрайжав багш бол аль хэдийнэ гавьяат байтугай, ардын багш болохоор гавьяатай хүн” гэх юм билээ. Төрийн тэр хайр хүртээгүй ч, түм буман шавийн тань хайр хүндэтгэл таныг өргөж яваа шүү, багш минь!