Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр байнгын хороодын хуралдаантай

1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/;
  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгасан дүнгийн тухай;
  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргах тогтоолын төсөл.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх тухай төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
Categories
мэдээ нийгэм

Хауснуудад хулгай оржээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрлалтай 5-6 хаусанд хулгай орж их хэмжээний эд зүйлс, мөнгө, үнэт зүйлс алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Энэ хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлжээ.
Хаусанд амьдардаг иргэд удаан хугацаагаар хотоос гарах, гадаадад явах үедээ гэрээ эзэнгүй орхидог, харуул хамгаалалт хангалтгүй, дохиололгүй зэрэг байдлаас болж эд зүйлсээ алдсан байна.

Хаусанд амьдарч байгаа иргэдийн хувьд үнэт зүйл гэртээ ихээр хадгалдаг, цуглуулдаг, эдлэж хэрэглэдэг ч эдгээр зүйлсийнхээ бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах талаар хөрөнгө оруулалт хийдэггүй, үүндээ анхаарал тавьдаггүйгээс ийм гэмт хэрэг гарсан тогтоогдсон учир иргэд та бүхнийг энэ тал дээр анхаарал сонор сэрэмжтэй байхыг ӨНӨӨДРИЙН СЭДЭВ-ээрээ онцлож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Найман хөхтэй үнээ”-гээ устгуулсан ард түмэн найман үеэрээ та нарыг сонгох болов уу даа?

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг Согтууруулах ундааны хяналтын тухай хууль санаачилсан. Засгийн газар ч мөн ийм хуулийн төсөл санаачлаад оруулаад ирж. УИХ дахь эмэгтэй гишүүд шаагиад л дэмжлээ. З.Баянсэлэнгэ гишүүн энэ хуулийг хурдан батлуулмаар байна гээд их л яарч байгаа аж. Г.Баярсайхан гишүүн Тамхины хяналтын тухай хуулийг дэмжээд гүйгээд байсан. Архины хяналтын хуулийг ч мөн дэмжээд сүйд. С.Ганбаатар гишүүн мөн л найр тавин дэмжиж гүйж байгаа. Тэрэнд нь найман нэрийн барааны дэлгүүр хамгийн их хэлмэгдэх нь. Л.Эрдэнэчимэг гишүүн нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эрэлт нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлах гэж үүнийгээ санаачилсан юм байх.Тус хуульд сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол хорин сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд тавин сая, аймгийн төвд хорин таван сая, суманд таван сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авахаар заажээ. Ийм хэмжээний хураамж төлөх найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд хэр олон билээ. Ердөө л найман нэрийн дэлгүүрүүдийг дампууруулах зорилготой нь шууд харагдаж байна.Энэ хууль батлагдвал архи худалдах лиценз болон архины үнэ өснө. Хуурамч архи,шагийн үнэ гаараад ирнэ. 5000-10000 хүн тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байхаар хуулийн төсөлд тусгаад байгаа. Одоо байгаагаасаа хамаагүй цөөрнө гэсэн үг. Тэр тусгай дэлгүүрийнх нь эрх зүгээр нэг танил талгүй хүнд олдохгүй. Бөөн авлига, арын хаалга, ил далд бизнес цэцэглэнэ.

Архи согтууруулах ундаа худалдахын тулд сум дүүргийн засаг дарга, цагдаа, онцгой байдлын газар, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн нэг жилийн хугацаанд төрөл тус бүрээр нь олгож, түдгэлзүүлж, зөрчил гараагүй тохиолдолд хоёр жил сунгана. Нөгөө л хүнд суртал, явдал чирэгдэл, авлига авах боломжийг нэмэх нь. Энэ эрхийг нь авах гэж явтал нэг жил болчих юм билээ.

Архины хэрэглэгч байгаа учраас л зарагдаж байгаа юм. Хэрэглээг нь хорихоор гэнэт хэрэглэхээ больдог юм биш. Далд хэлбэр лүүгээ орно.Одоог болтол Архидан согтуурахтай тэмцэх тухайхууль мөрдөгдөж байгаа.Архитай тэмцэх хууль байгаагүй биш байсан. Үе үеийн улс төрчид архийг хорино байхгүй болгоно гэж ярьж л байдаг. Хууль ч гаргаж байсан. Гэлээ гээд гэмт хэргийн тоо буураагүй. Социализмын үед соёлын довтолгоо нэрээр Архангайд бүрхээг тогоог нь эвдэлж, булдагбайсан талаар сонсч байсан биз. Тэглээ гээд айлууд одоо архи нэрэхээ болиогүй.

Амьдралаас тасарчихсан, баян, мөнгөтэй гишүүд өөрсөд шигээ санан оройхон хэрдядаргаа тайлах зорилгоор шилдарс ууж, зуун грамм татчихна. Тэрийгээ гадаадаас аваад ирнэ. Монголоос худалдаж авдаггүй болохоор архитай биш архичинтай тэмцэх тухай мэддэггүй бололтой.Ард түмний амьжиргааг залгаж байдаг найман нэрийн барааны дэлгүүр хэдэн айлын амьдралыг авч явдгийг тэд мэдэхгүй. Найман нэрийн барааны дэлгүүр гэж юу вэ. Энэ бол ард түмний дунд байдаг найман хөхтэй үнээ гэсэн үг. Найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа эзнээсээ илүүтэй тэр хавийнхаа ард түмнийг тэжээж байдаг. Маш либерал. Иргэдийн худалдан авахад хамгийн ойр газар нь найман нэрийн барааны дэлгүүр. Та бүхэн сошиалаар яваад байсан нэг зүйлийг уншсан биз. Нэг хүндэлгүүрээс дөрвөн ширхэг төмс, нэг ширхэг сонгиноаваад явж. Төд удалгүйбуцаж ирээд “150 төгрөгийн төмсөө буцаая, усны мөнгөө тооцоогүй юм авчихаж гээд авсан төмснийхөө хагасыг буцаасан байдаг. Ийм боломжийг найман нэрийн барааны дэлгүүр лолгодог. Өөр ямар ч дэлгүүр ингэхгүй. Зөвхөн найман нэрийн барааны дэлгүүр л ингэж ширхэглэн өгч, мөн зээлээр барааолгодог. Ихээр нь худалдан авах боломжгүй иргэддээ зээл өгөөд эсвэл тэтгэврийн дэвтрээ тавиад ойр зуурын амин зуулгадаа хүргэх боломж өгдөг. Төр засгаас илүүтэй Монголын нийгмийг тогтоож, иргэдээтурааж алчихгүй, торгоож байгаа газар бол найман нэрийн барааны дэлгүүр. Архины хяналтын тухай хууль гарснаар энэ бүхэн байхгүй болно. Түүнийг дагаад дэлгүүр ажиллуулдаг олон айлын амьжиргаа сүйрнэ. Худалдан авагч жирийн иргэд ч хэцүүднэ.Найман нэрийн бараа тийм ч ашигтай байдаггүй. Ингэж хэлэхээр “Зүгээр л нэг буяны байгууллага уу” гэж асуух хүн гарах байх. “Ашиггүй бол ажиллуулж яадаг юм” гэж хэлэх хүн ч байх биз. Ашгийг архи зарж л олдог юм. Үүнийг шинэ хуулиар байхгүй болгохоор найман нэрийн дэлгүүрүүдустана. Найман хөхтэй үнээгээ устгуулсан ард түмэн найман үеэрээ та нарыг сонгоно гэж бодож байна уу.

Архийг хорьсноор сайн үр дүнд хүрсэн жишээ одоогоор алга. Хорих болгонд ямар нэг том асуудал үүсдэг. Жишээ нь архи борлуулдаг мафи нь өндөр ашигтай болохоор хулгай дээрэм хийдэг үеэсээ илүү зохион байгуулалтанд орж хүчирхэг болдог. 1847 онд АНУ-д олонмужийн эмэгтэйчүүд жагсаал хийж архины эсрэг тэмцэж байлаа. Гэмт хэрэг, үхэл зовлонгийн хамаг бурууг архинд тохсон тэр тэмцэлөргөжин олон төрийн бус байгууллага, шашны байгууллагууд үүнийг дэмжин 1917 онд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулахыг хориглож, Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. “Хуурай хууль” хэмээн алдаршсан уг хуулийн үр дүнд гэмт хэрэг хууль бус наймаа, далд эдийн засаг хүчээ авч, өөр нэг мафийн том сүлжээ бий болсон. Тэрэнд нь эрх бүхий төрийн байгууллагынхан ч оролцох болж.Ингээд 1933 онд уг хуулийг цуцалсан байдаг.

Манайд ч нэг үеархийг талоноор өгдөг байв. Тэгсэн хэрэглэгч нэгэнт байгаа болохоор архины хомсдол бий болж, гаднаас хамгийн түрүүнд архи орж ирсэн. Тэрнээс бож хятад архинд нэвчиж, хятадууд хямд архиа чөлөөтэй зарж, ганзагын наймааны ид үед зарим нь архинд оржхамаг юмаа алдсан байдаг. Тэрүед өвгөнт, найруулдаг спирт, пийжүү гурав Монголын хамгийн тансаг хэрэглээнд орохболсон.

Архины хэрэглээ эртнээс нааш байж л байсан. Өндөр хөгжилтэй улсад байдагл зүйл. Манайхны хувьд хэтрүүлдэг гэм бий. Нэг хүн согтуу яваад хүн алахаар тэнд шөнө сууж байсан мянган хүнийг буруутгадаг. Тэгэхээр шөнө болохоор л гэмт хэрэг гардаг гэсэн ойлголттой болчихсон. Гэмт хэрэг гаргахгүй тулд шөнө болгохгүй байх уу. Архитай тэмцэж байгаа гээд 12 цагаас эхлээд бааруудыг зогсоосон. Энэнээс хойш хүмүүс ахуйн хүрээнд архидах явдал ихэссэн юм билээ. Архийг зөвтгөж өмгөөлж хамгаалаад байгаа юм биш. Гэхдээ хорьж болиулах тусам дэвэргэж байгаа учраас Архины хяналтын гэх хууль нь хор уршиг ихтэй гэдгийг л хэлээд байгаа юм. Тэгээд ч сүүлийн монголчууд архинд тэгтлээ хөл алдахаа байсан.

Үнэхээр тэмцмээр байгаа бол архитай биш архичинтай тэмцэх хэрэгтэй. Архичинтай тэмцэхийн тулд ажилтай л байлга. Тэгсэн байхад өглөө ажилдаа явж орой автобусанд суудал дээрээ нойрмоглон ирэх хүн аяга хоолоо идэж амарч хэвтэхээ бодохоос архи уух гэж гүйх нь бараг л үгүй. Хэдий завандаа архи уух юм. Архи уугаад байгаа хүмүүсийн ихэнх нь завтайбайдаг. Ажилгүй, маргааш гэдэгт санаа зовохгүй учраас л архи ууж өдөр хоног өнгөрөөдөг. Тэгэхээр архи уугаад байгаа нөхдийг ажилтай орлоготой болгочихвол амьдрал нь ч дээшилнэ. Архи ч бага ууна. Архитай тэмцэх нэрээр ард түмнийг тэжээж байгаа найман нэрийн барааны дэлгүүрүүд болоххялгасан судсуудыг тасалчихвал архичид цөөрөхгүй, архи л улам нэр хүнд нь өсч, ховрын юм ямар байдгийг харуулах болно.

М.СҮЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Өвөл, хүйтэн хоёроос одоо уйдаж байна

Өвлийн гурван сар чилийтэл яваад одоо бараг дуусах нь. Ихэнх нутгаар дулаавтар, цас багатай байгаа. Гэвч “саруул ч гэсэн шөнө” гэгчээр өвөл л юм болохлоор хүйтэндээ хүйтэн, цастай газраа цастайбайна.Жавар сэнгэнэж хүйт даасан өвөл хурдан дуусаасай. Яагаад гэвэл өвлийн бүхий л сайхнаас одоо уйдаж байна. Цан хүүрэгболоодл цас чахар чахар хийгээд л амнаас цагаан уур савсан уртаар амьсгаа авахад уушги хөлдөн алдах цав цагааханөдөр одоо нэгэнт улиг домог болжээ.

Шинэ жилийн нүргээнт баяр мартагдаж“шинэ оны баярын захиалга хүлээн авна” гэсэн зарлал утаа тортог болж бас хар халтар цас нугалаанд нь тогтонсалбайн унжсан харагдана. Яг л хэд хоног архи уугаад шартчихсан архичин эхүүн ханхлуулан гэлдрэх мэт.Хөгшчүүлтэй уулзан ойр зуурын юм хэлэлцэхэд “өдөр нэг цаг гаран уртассан байна лээ. Одоо чинь таван ес дуусаж байгаа байх шүү” хэмээн хуучилна. Тэгээд “хэд хоночихвол онд мэнд орох нь байна” хэмээн үнэн сэтгэлээсээ хөөрөлхөн ярина. Тиймээ онд мэнд оролгүй яахав.

Нээрэн анзаарахнаа орой ажил тарахад хав харанхуй байдгаа больж цагаан гэгээ зориг муутайхан гийгүүлжөвлийнилч байхгүйулаан наран уулын оройгоос салж ядан далдрах аж. Шөнө хүйтрэн жавар тачигнаж одод жирвэлзэн гялтганаж тэргэл саран авхай дүгрэглэжөвлийн сүүл сар дундаа оржээ.Тэрээрөдөр ирэх тусамямх ямхаар хомсдож нэг л өдөр битүүний сар үүрээр тэнгэрийн хаяанаа үзэгдээд далд орно. Харин маргааш өглөө нь хаврын эхэн сарын шинийн нэгэн болно.

Ж.САНДАГДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнэг одтой, цагаагчин гахай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 4. Буд гариг. Билгийн тооллын 16. Үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 08.07 цагт мандан, 17.44 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг бооход сайн. Газар малтах, худаг гаргах, нохой авахад муу.

Өдрийн сайн цагнь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хонин жилийн Хаврын уур орох улирал 12.13 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бүс дэх гадаадын иргэнд 30 хоногийн виз олгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хэлэлцүүлгийн шатанд Чөлөөт бүсэд үйлдвэрлэл барихаар орж ирэх гадаадын иргэнд 30 хоногийн виз олгох нь ажлыг нь хийлгэхгүй, дахин дахин сунгах хүндрэлтэй асуудал үүсгэх биш үү. Нөгөө талдаа Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчихоор болсон. Гэтэл хойд хөршийн хөрөнгө оруулагч Алтанбулагийн чөлөөт бүсэд үйлдвэрлэл барихаар болоход 30 хоног хангалтгүй. Хугацаагаа сунгах шаардлагатай болно. Энэ нь зөрчил үүсгэж байна гэсэн асуудлыг хөндлөө.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ч мөн “Чөлөөт бүсийн тухай хуульд хөрөнгө оруулагч чөлөөтэй орж, гарахаар томъёолсон. 30 хоногоор хязгаарлавал үйлдвэрлэл байгуулахад хүндрэлтэй. Гэхдээ байнгын оршин суугч болох ёсгүй” гэсэн асуудал хөндөв. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Чөлөөт бүсэд байнга ажиллах ёстой хүмүүсийн статус нэг, түр хугацаагаар арилжаа хийгээд буцах нэг хэсэг байна. Тэдгээрийг ялгаа заагтай авч үзэхгүй бол 30 хоногоор хязгаарлах нь учир дутагдалтай” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Гэхдээ Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын тайлбараар бол Хятад, ОХУ-тай байгуулсан эхний хэлэлцээрээр 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчих эрхтэй тул олон улсын зорчих эрхээ барьж ажиллахаас аргагүй” гэсэн тайлбар хийв. Тиймээс гадаадын иргэн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бол олон улсын зорчих эрхийг барих юм байна. Жилдээ Монгол Улсад 1.2 сая орчим гадаадын иргэн зорчдог аж. Үүнээс 50 мянга орчим нь 30 хоногийн хугацаатай зорчдог ажээ.

Мөн энэ үеэр харьяалалгүй иргэнийг чөлөөт бүсэд нэврүүлэх үү гэдэг асуудал хөндөгдлөө. Боловсруулсан дээрх хуулиудад энэ талын зохицуулалт тусгагдаагүй юм байна.

Албаны хүний тайлбараар бол Монгол Улсад харьяалалгүй иргэн хоёр байгаа аж. Өнгөрсөн жил харьяалалгүй иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн тохиолдол гараагүй. Гадаадын орнууд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг эдийн засгийн ач холбогдолоо бодож бүртгэж авах хандлага нэмэгдсэн байна. Тиймээс Монгол Улсын хувьд паспорттой адилтгах бичиг баримт бүрдүүлээд чөлөөт бүсэд нэвтэрч бизнес эрхлэх заалтыг тусгаж өгөхөд буруудахгүй юм байна.

Орос руу Алтанбулагийн боомтоор нэвтрэхийн тулд хонон өнжин оочирлож байна

Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсноор Алтанбулагийн боомт дээр ачаалал үүссэн байна. Тэнд нэг машин хамгийн багадаа 12 цаг оочирлож байгаа юм. Бүр хоёр хоног машинтайгаа дугаарлах нь энүүхэнд гэнэ. Хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор цагт 5-6 машин хүнийг л нэвтрүүлдэг аж. Хэрвээ үүнийг 2 дахин нэмэгдүүлчихвэл ачаалал багасна. Монголын иргэд хойд хөршийг олноороо зорьж буй нь рублийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ буурсантай нь холбоотой гэнэ.

Гэхдээ хойд хөрш 30 кг-аас дээш барааг шалгадаг, мөн татвар ногдуулдаг юм байна. Үүнээс зугатаалгахын тулд Алтанбулаг боомтын бүс нутагт амьдардаг иргэд, мөн Сэлэнгийнхэн бизнесмэнүүдийн ачааг жижиглэж зөөдөг. Энэ нь ч бас Алтанбулагийн боомт дээрх ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн тайлбарыг холбогдох албаны хүн өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ким Жөн Ун болон түүний гэр бүлийг улс төрийн тавцангаас зайлуулахыг уриалав

НҮБ-ын Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлаарх тусгай илтгэгч Марзуки Дарусман мэдэгдэл хийлээ. Тэрээр БНАСАУ-ын улс төрийн хоригдлуудыг аврахын тулд Ким Жөн Ун болон тэдний гэр бүлийг улс төрийн тавцангаас зайлуулах хэрэгтэй гэжээ. Маркузи Дарусманы ярьснаар тус улсад хэдэн мянган улс төрийн хоригдлууд байгаа гэнэ. Тиймээс хамгийн түрүүнд тэдгээр хүмүүсийг суллаж хорих лагерийг үгүй болгох нь нэн чухал болохыг онцлов. Үүнийг хэрэгжүүлэх шилдэг арга нь Ким Жөн Уны гэр бүлийг улс төрийн тавцангаас зайлуулж, шинэ удирдагчийг гаргаж ирэх гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүдийн суулт үргэлжилж байна

Дарханы АН-ынхан намынхаа төв байранд суулт зарлаад хэд хонож байгаа билээ. Намын дарга З.Энхболд болон генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар Дархан-Уул аймгийн АН-ыг Н.Мөнхдаш төлөөлнө гэх дүрмийн бус тодорхойлолт гаргасныг үндэслэн АН-ын дотоод сонгуулийн хороо хуралдаж, Дарханы Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүдийг нь Н.Мөнхдашийн хүмүүсээр томилсон байна.

Ингэснээр Н.Мөнхдаш гэх хувь хүний үзэмжээр Дархан-Уул аймгаас ҮЗХ-ны гишүүдийг сонгох нөхцөл бүрдлээ, дүрмийн бус шийдвэр гаргалаа гэж намын гишүүд нь эсэргүүцэж байгаа аж.

Өнөөдөр Дотоод сонгуулийн хорооны дарга Д.Алтанхуяг суулт зарласан намын гишүүдтэй уулзаж, өргөдөл гомдлынх нь талаар ярилцжээ.

Гишүүдийнх нь зүгээс Д.Алтанхуягийг хурлаа дахин зарлаж, хоёр талын байр суурийг нээлттэй сонсож, мэтгэлцүүлэх зарчимаар асуудлыг шийдвэрлэхийг шаардсан аж. Гэвч Д.Алтанхуяг өргөдлийг хүлээн авч хянаж үзээд, хурал зарлана гэсэн болов ч яг хэзээ, хаана гэдгийг хэлэлгүй намын байрнаас зугтаж гарсан байна.

Суулт зарлагсад Д.Алтанхуягийг Л.Эрхэмбаяр, З.Энхболд, Н.Мөнхдаш нарын нөлөөллөөр хэт нэг талын өрөөсгөл мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа юм.

Тухайлбал, асуудлыг хэлэлцэхдээ Хяналтын Ерөнхий Хорооноос Н.Мөнхдаш намын дарга биш гэдгийг тогтоосон шийдвэрийг огт авч үзээгүй, мөн Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 99-гишүүнийг анхан шатны үүрүүдээс нь сонгох сонгууль 2014 оны 3-р сарын 22-нд намын үндсэн дүрмийн дагуу болж, тус сонгуульд 3000 орчим гишүүд санал өгөн намын удирдлага, зохион байгуулалтаа шинэчилсэн үр дүнг нуун дарагдуулсан гэжээ. Гишүүд гомдлоо намын дарга З.Энхболдод тавьж, уулзах хүсэлт тавьсан ч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Соёлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.02.03/ үдээс хойш хуралдаж Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтыг “олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн хөтөлбөрийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна”, мөн 1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтыг “ кино театр, үзвэрийн цэгүүдээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь тус тус 40 хувиас доошгүй байна” гэж өөрчилснийг дэмжлээ.

Түүнчлэн ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлийн “ 1 дүгээр сарын 01-ний” гэснийг “09 дүгээр сарын 01-ний” гэж өөрчлөхөөр оруулж ирсэн саналыг “2016 оны 1 дүгээр сарын 01-нээс “ гэж өөрчлөх Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын гаргасан горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Үүний дараа “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл танилцуулж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Ингэснээр дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.03/ хуралдаанаар Засгийн газраас 2014.06.12-ны өдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсны дараа гишүүд сайдаас болон ажлын хэсгээс асууж тодруулсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур”-ын чөлөөт бүсийг байгуулснаас хойш хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн бэ, ашиг орлого нь хэр байгаа вэ хэмээн тодруулсан.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлснээр, чөлөөт бүсүүдэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээс хөрөнгө зарж, дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байгаа аж. Улсын төсвөөс дээрх гурван чөлөөт бүсэд 31.7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам долларыг тус тус зарцуулаад байгааг ажлын хэсэг тодруулж хэлсэн юм. Түүнчлэн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа идэвхжсэнээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа бөгөөд “Алтанбулаг”, ”Цагааннуур”-ын чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөнд тусгагдсанаар 2020 он гэхэд дээрх хоёр бүсийн бараа эргэлт 500-600 сая ам.долларт хүрч, транзит тээвэр нэмэгдэнэ хэмээн нэмж хэллээ. Мөн газрын төлбөрийн орлого л гэхэд 3-4 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоо бий ажээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, чөлөөт бүсийн талаар сүүлийн 15 жил ярьж байгаа ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрч чадсангүй хэмээн шүүмжлээд, одоо чөлөөт бүсийн ажлыг идэвхжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байсан. Тэрбээр чөлөөт бүсэд казино байгуулах нь зүйтэй гэсэн санал ч хэлсэн. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, чөлөөт бүсүүдийн ажил энэ хавраас эрчимжинэ гээд гадаадын хөрөнгө оруулагчдыг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулах болно гэж онцолсон. Тэрбээр казино байгуулах асуудал хуулийн хүрээнд зохицуулагдах учиртай гэдгийг мөн тодруулж хэлсэн.

Дараа нь хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хэлэлцээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэж заасны “…болон түүний гэр бүлийн гишүүний…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Түүний саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мөн дэмжсэн. Тэрбээр, Цэцийн дүгнэлтийг хүлээн аваад, хуулиа засаад явах нь зөв. Гэхдээ зарим зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Их хэмжээний хохирол учруулаад, гэмт хэргийн замаар олж авсан мөнгөөрөө эхнэртээ үнэт эдлэл аваад өгчих юм уу, эхнэр хүүхэд, гэр бүлийнхнийхээ нэр дээр эд хөрөнгөө шилжүүлчихдэг тохиолдол бий. Тэрхүү хөрөнгийг гэмт хэргийн замаар олж авсан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаас аргагүй. Тийм болохоор ял зэмлэлийг халдаан хэрэглэхгүй гэдэг ойлголтыг ялгаж ойлгох нь зүйтэй байх хэмээсэн. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Цэцийн шийдвэрийг хүлээн авахаас өөр аргагүй гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн байр суурьтай байсан юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “…болон түүний гэр бүлийн гишүүний…” гэснийг хасах нь зүйтэй хэмээн үзэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Мөн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа.