Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын дарга Арс.Ганболд болон төлөөлөгч С.Нэргүй, МАН-ын бүлгийн дарга Сейтхан зэрэг бусад төлөөлөгчид Засаг даргын тамгаа хаалга эвдэн авч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байна.
Month: February 2015
Сар шинийн баяраар ууц чанах үйлчилгээ хаа, сайгүй гардаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодруулахад“Энэ асуудал өмнөх жил бас гарч байсан. Ер нь ууц чанахын төлөө тусгай зөвшөөрөл авна гэж байхгүй шүү дээ. Гол нь гэр барьж зориулалтын бус газар ууц өвчүүг чанадагаас болж урьд өдөр нь иргэд өвчүү чануулах гээд өгчихөөд маргааш нь авах гээд очихоор нүүчихсэн байдаг, хохироодог тохиолдол цөөнгүй гардаг учраас зориулалтын гал тогоотой газар ууц өвчүүгээ чануулах хэрэгтэй. Тэрнээс биш тусгай зөвшөөрөл олгоно гэсэн асуудал байхгүй” гэжээ
Монгол улсад анх удаагаа Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран сурагчийн цахим үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Сурагчийн үнэмлэхийг 2 дахин хямд буюу 1400 төгрөгний үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гаргасан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Одоогоор нийслэлийн 173 сургуулийн 132,000 хүүхдэд олгожээ.
Цахим үнэмлэх нь сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгож байгаа. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Тус үнэмлэхээр номын сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан тухайн өдөр 20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр кино үзэх зэрэг онцгой хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. Цаашид цахим үнэмлэхээр үйлчлүүлэх байгууллагуудад хөнгөлөлт урамшуулал зарлах бөгөөд тухай бүрт сурагчдад мэдээлэл хүргэн ажиллана гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюми Кониши тэргүүнтэй багийг хүлээн авч уулзав.
Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1993 оноос хамтын ажиллагааг эхлүүлэн тус хугацаанд нийт 18 төсөл дээр хамтран ажиллаж буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн бөгөөд эрчим хүчний салбарт хууль эрх зүй, дамжуулах түгээх сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хүчин чадал зэрэг олон төрлийн төсөл хөтөлбөрт үр ашигтай амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн АХБ-ны дэмжлэгтэйгээр Эрчим хүчний салбарын Мастер төлөвлөгөө хийгдсэн, ДЦС-5-ын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажилд зөвлөх үйлчилгээ хийж байгаа. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр ДЦС-3, ДЦС-4, Улаанбаатар дулааны сүлжээний компаниудад техник технологийн ажлууд бас хийгдэж байна гээд хоёр тал хэлэлцээр хийж Санамж бичгийн түвшинд тохирсон гурван төсөл мөн эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх зарим мега болон дунд хэмжээний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хамтран ажиллах, урт богино хугацааны хөнгөлөлттэй зээл авах сонирхолтой байгаагаа Эрчим хүчний сайд Д.Зоригт илэрхийлэв.
Тэрээр цааш нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллаганы (CAREC) энэ жилийн хуралд Монгол Улс зохион байгуулагч орон болж байгаа түүний бэлтгэл ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюми Кониши хүлээж авсанд баярласанаа илэрхийлээд шинээр чухал албан тушаалд томилогдсонд Эрчим хүчний сайд Д.Зоригтод баяр хүргэв. Тэрээр 2 багаас бүрдсэн төлөөлөгчидтэй ирсэн, нэг хэсэг нь орны хөтөлбөр боловсруулах үүрэг биелүүлдэг мэргэжилтнүүд, нөгөө баг нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны баг гэдгийг танилцууллаа. Азийн хөгжлийн банкны зүгээс төсөл хөтөлбөр болон Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хурал зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Талууд цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж эрчим хүчний салбарт улам ихийг хийж бүтээхийн төлөө үр бүтээлтэй эрчимтэй ажиллахаа нотоллоо.
–Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээр явагдаж байна. Энэ талаар та байр сууриа хэлнэ үү?
-Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулж үүнд хөрөнгө оруулагчаар Энержи Ресурс, Шэньхуа, худалдааны түншээр Сумитомо гэсэн компаниудын консорциум шалгарсан юм. Шалгарсан Консорциумтай Хөрөнгө оруулалтын, Концессийн, Төслийн гэрээг шилжүүлэх зэрэг гэрээнүүдтэй холбоотой хэлэлцээр хийж уг ажлыг Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хариуцан явуулж байна. Энэ ажлын төмөр замын дэд хэсэгт манай МТЗ ТӨХК-г оролцуулж байгаа. Тавантолгойн ордыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн ашиг сонирхолд нийцсэн хувилбараар, Монгол Улсын хуулийн хүрээнд улс орны эдийн засгийнстратегийн орд гэсэн утгаар ньашиглах ёстой гэж би үздэг.
–Тавантолгойн ордоос урагшаа явж байгаа төмөр замын хувьд юу хэлэх вэ. Энэ ордыг ашиглах консорциум төмөр замыг бас авч байгаа бололтой.?
-Энэ нь Ухаахудаг-Гашуунсухайтын 267 км төмөр замын асуудал юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам буюу Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон байдаг. Мөн 2013 оны ЗГ-ын 22 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтцийг “Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессын эрхийг МТЗ-д олгосны дагуу МТЗ нь Төмөр замын тээврийн тухай хуульд заасан Суурь бүтэц эзэмшигчийн эрх үүргээ төрийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой байгууллага нь юм.
Үндэсний баялаг болсон уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий том ордыг ашиглахдаа хөрөнгө оруулалт, уул уурхайн ашиглалт, тээврийн дэд бүтцийг нь төрийн бодлогоор цогцоор нь шийдэж чадвал улс орны эрх ашигт нийцнэ гэдэгтэй би санал нэг байдаг. Харин энэ бүх цогц асуудлыг нэг л компани буюу консорциумын мэдэлд бүгдийг нь шилжүүлнэ гэдэгтэй санал нийлдэггүй юм. Нэг компанид уурхайн олборлолт, боловсруулалт, борлуулалтыг хариуцуулж болох ч төмөр зам барьж дангаараа ашиглах, оператор хийх, тариф тогтоох, тээврийн үйлчилгээ үзүүлэх зэрэг онцгой эрхийг нэмжолгох ньманай улсын хувьд яаж ч бодсон сайн хувилбар гэж харагдахааргүй байгаа юм.
–Та сая төмөр зам аваад дангаараа ашиглах нь гэлээ, үүний үр дагаврыг ярьж өгөөч, МТЗ барьж ашиглана гэдэг бас адилхан монопольдох хэрэг биш үү?
-Уурхай авсан компанид дэд бүтцийг эзэмшүүлж ашиглуулах монополь эрх олговол ямар сөрөг үр дүнд хүрч болдгийг хэлэх хол ойрын жишээ олон л байна. Ойроос нь ярья л даа.Тавантолгойгоос боомт руу нүүрс зөөдөг авто замыг Энержи ресурс барьж ашиглаж байсан. Барьж байхад нь бол байгаль орчинд ээлтэй тоос босохооргүй сайхан болно гээд ярьж л байлаа. Гэтэл ашиглалтад ороод зөвхөн өөрийн компанийн машинуудын явуулаад өөр компаний тээвэрлэлтийг хийлгээгүй, бусад нь нөгөө тоос шороогоо манаргасаар өчнөөн хэрүүл уруул болж байж төр мөнгө гаргаж өөртөө авсан. Холын жишээ гэвэл 2010 онд Дэлхийн банкнаас “Тээврийн стратеги” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд Монгол Улсын уул уурхай, тээвэр болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан 10 гаруй удирдах түвшний, мэргэжлийн хүмүүсийг Австрали улсад урьж уул уурхайн тээвэр, дэд бүтцийг яаж зохион байгуулбал илүү зүйтэй байх талаар сайн муу тодорхой жишээн дээр газар дээр нь танилцуулж байсан. Тэнд уурхайг нь төмөр замтай нь нэг компанид өгчихсөн байж. Гэтэл тэр бүс нутгийн бусад уурхай, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нөгөө компани чинь өөрийн замаараа явуулахаа болиод Засаг нь аргагүйдэж барьсан замтайгаа 400 гаран км урт зэрэгцээ төмөр зам тавьж байж асуудлыг нь шийдсэн бодох ёстой жишээ байна.
Бид уул уурхайгаа хөгжүүлж байгаа нь энэ гээд бусдаас хараат болчихсон, эсвэл хөгжүүлээд ард олныхоо амьдрал ахуйг сайжруулаад цаашид эдийн засгаа төрөлжүүлээд явж байгаа олон л орны алдаа онооноос сурч байна, үзэж харж байна. Мэдсээр байгаад алдаа хийх юм бол хойч үедээ, үр хүүхдэдээ юу хэлэх вэ? Энэ тухай ч саяхан З.Энхболддарга ярьсан байна лээ дээ.
МТЗ Шинэ төмөр зам төслөө хэрэгжүүлэхдээ Төмөр замын тухай хуулинд заасан Суурь бүтэц эзэмшигчийн үүрэг буюусуурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг харгалзан тээвэрлэгч, түүний дотор өөрийн харьяаллын буюу өөрийн хөрөнгө оруулалттай тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглалтын гэрээг ижил нөхцөлөөр байгуулж, тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үүргээ биелүүлээд л явах нь тодорхой.
–Одоо хийгдэж байгаа хэлэлцээрүүд хууль зөрчсөн олон асуудал байна гэж ярьж байна. Таны бодлоор тийм зүйл байна уу?
-Зөрчсөн бус зөрчилдөж байгаа заалтууд байна гэж хэлэх байна. Төмөр замыг хамтад нь Консорциумд шилжүүлэх нь одоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа миний дээр хэлсэн олон хууль тогтоомж, зөвлөмж эрх зүйн актуудтай зөрчилдөж байна шүү гэдгийг бид Ажлын хэсгийн эхний хуралдаанаас эхлээд л хэлж ирсэн.
Аливаа том төслийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж хүмүүсийн ярьдагтай би зарим талаар санал нэг байдаг. Хоёр тал харилцан ашигтай, эрх тэгш байдлын үндсэн дээр аливаа гэрээ хийгдвэл тэр нь цаашдаа бодитоор хэрэгжих боломжтой болдог. Харин хөрөнгө оруулагчаа сонсож, ойлголцох нь зүйтэй гээд Монгол Улсынхаа эрх ашиг, хууль тогтоомжийг цаад талын саналд зохицуулаад явна гэвэл зүйд үл нийцнэ. Төмөр замын тээврээ төр өөрийн мэдэлд байлгахнь хамгийн чухал асуудал.
–Тийм ямарнөхцөл байгаа юм бэ ?
-Төмөр замаа 30 жилээр өгөөд дараа нь 51 хувийг төр авна гэдэг бол хамгийн муу тохироо.Өмнө нь энэ чиглэлийн замыг төрд нэмэлт дарамт үүсгэхгүй гээд үндэсний компанид өгөх оролдлого хийгдэж байсан. Тэр үед хийж байснаасдордуулсан нөхцөл болох нь ээ гэж харж байна.
–Өмнө нь ямар байсан гэж?
-2012 оны 5 сард тухайн үеийн Засгийн газар энэ чиглэлийн төмөр замыг “MCS”-д концессоор өгсөн байсан. Тэр үед 18 жилийн дараа 100 хувь төрд авахаар гэрээлсэн байсан. Одоо болохоор 30 жилийн дараа 51 хувиа төр авна гэхээр чинь ашиггүй нөхцөлбайгаа биз дээ. 30 жил ашиглагдсан замын үлдэх хувийг хэзээ бүрэн хэмжээгээр төрийн мэдэлдээ авах юм бэ, хэн оператор байх юм, дараа нь ямар ашиг орлого олох юм бэ гээд олон тодорхойгүй асуудлууд байна л даа.
–Энэ төмөр замын эдийн засгийн үр ашиг ямар вэ?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол 10 жилд өртгөө нөхөх тооцоотой хамгийн ашигтай зам. Төмөр замын тээвэрлэлт эхэлснээс хойш 25 жилийн дотор хөрөнгө оруулалт зардлаа нөхөн улмаар 1.9 тэрбум долларын ашиг олох тооцоог олон улсын санхүүгийн зөвлөхүүд гаргасан байдаг. Энэ бол зүгээр нэг тооцоо биш олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахад үндэслэл болох тооцоо. Энийг гадны хөрөнгө оруулагчид маш сайн мэдэж байгаа учраас манай хэрэгжүүлж байгаа “Шинэ төмөр зам төслийн” чиглэлүүд дотроос IRR буюу хөрөнгө оруулалтын өөрийн өгөөж нь хамгийн өндөр байгаа энэ чиглэлийг онцгой сонирхож байгаа юм. Тэд олон хувилбарыг санал болгож бидэнд хандаж байгаа. Тэднээс зохих журмын дагуу сонгон шалгаруулалтыг нь хийгээд улс орондоо хамгийн ашигтай хувилбараар нь гэрээ байгуулаад замаа аль болох богино хугацаанд барьж дуусгачих бүрэн боломж байна. Газар шорооны ажлын нь 80 хувь нийт ажлын 50 гаран хувийг нь хийчихээд байгаа шүү дээ.Цаашдаа “МТЗ” компани олсон ашгаараа бусад чиглэлийн төмөр замаа барих боломж нээгдэх юм.
Өнгөрсөн онд БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол Улс төмөр замын тээврийн хөнгөлөлттэй тариф авахаар тохирсон. Энэ хөнгөлөлтөө Монгол Улс ашиглах ёстой. Гэтэл төмөр замаа консорцимд шилжүүлчихвэл Монгол Улс энэ боломжоо бүрэн утгаар нь хүртэх нь юу л бол. Хоёр улсын холбогдох яам албаны хүмүүсийн сүүлийн хэдэнжилийн хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс БНХАУ-тай ийм гэрээ хийснийх үр дүнг нь манай улс хүртвэл нэн сайнсан.
Танай компанийн байранд Шэньхуагийн ажилчид ажиллаж байна, эрхийг нь авах гэж байна гэсэн мэдээ ТВ-үүдээр цацагдаж хэвлэлд гарч байна. Та Шинэ төмөр зам төслийнхөө цаашдын ирээдүйн талаар ямар бодолтой байна вэ?
Тийм мэдээлэл гарсан байсан. Би МТЗ ТӨХК болон Шинэ төмөр зам төслийнхөө цаашдын үйл ажиллагааны талаар өөдрөг үзэл бодолтой явдаг хүн. Монголчууд мега төслийн хэрэгжилтийн хувьд хөрөнгө оруулагчидтайгаа хүчин төгөлдөр байгаа эрх зүйн хүрээнд хэл амаа ололцоод тохиролцоод явах чадвартай гэж итгэдэг.
Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох, хууль тогтоомжийнхоо биелэлтэнд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж ойлгодог. МТЗ ТӨХК бол хууль тогтоомжийнхоо хүрээнд олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээд явж байгаа төрийн өмчит компани. Бид Шинэ төмөр зам төслөө хэрэгжүүлээд ирсэн цаашид ч аваад явж чадна гэдэгт итгэж явдаг.
-ЗУРГААН ШАТНЫ МЯГАА БАГШАА ГЭЖ-
БАГА АНГИ, ГЭРИЙН СУРГУУЛИЙН БАГШ
Ховд аймгийн Багшийн сургууль төгссөнөөс хойш 46 жил тасралтгүй 10000 хол давсан шавь нартаа үлгэр дуурайлал болж яваа хүн бол армидаа “Ельцин”, ард түмэндээ “Мягаа багш” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа, БХИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн зохицуулагч Гэрэлийн Мягмаржав юм.
Мягаа багшид анх бага ангийн багшийн батламж гардуулж “За хүү минь сайн ажиллаарай. Чи сайн багш болноо хэмээн баяр хүргэж толгойг илж байсан хүн бол 40 жил төр удирдсан Цэдэнбал даргын багш Монгол Улсын гавьяат багш, Цагаанхишиг юм.
Энэ мөчөөс Увс аймгийн Ховд сумын бага сургуулийн 1б ангийн багш, өөрөөр хэлбэл төрсөн нутгийнхаа төрөлх сургуулиас л багшийн ажлын гараагаа эхэлж өнөө хүртэл үргэлжлүүлсээр явна…
Мягаа багш анхны багшийн ажлаа ёстой “А” зааж эхэлжээ. Тэр үед 32 сурагчаа уншуулж, бичиж, бодуулж сургах гэж их л ухаан зарж ажилласан гэдэг. Тэр ангиас нь 10 гаруй багш төрсөн төдийгүй бүгд “Ардын боловсролын тэргүүний ажилтан” нэр цуутай багш нар болцгоосон байна.
Төрөлх сумандаа багшлах хугацаандаа сумынхаа бараг л уран сайханч нь чөлөөт бөхийн дугуйлангийн дасгалжуулагч нь болж аймгийн АДХГЗ-ны хүндэт жуух бичгээр шагнагдаж, нутгийн унаган сэхээтэн хэмээн ихэд тоогдож байж Сумынхаа бүх насанд хүрэгчдээс бичиг үсгийн шалгалт авч, гэрийн сургалт эхлүүлж байсан гээд богинохон хугацаанд их зүйл амжуулсан гэдэг. Ингээд 2 нялх хүүхэдтэй, цэрэгт явмааргүй байна гэсэн Амаржаргал багшийнхаа өмнөөс саналаараа цэргийн албанд явжээ.
ҮЛ МЭДЭГЧДИЙН ШИНЭ ҮСГИЙН НОМЫН БАГШ
Маршал Чойбалсангийн нэрэмжит мотобуудлагын нэгтгэлийн зенит артиллерийн тусгай дивизионд цэрэг болж наводчик, бага даргын сургуульд суралцаж жирийн цэрэг хүний амьдралыг амсаж эхэлжээ.
Цэргийн хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байтал ангийн улс төрийн орлогч, дуудаж ангийнхаа бичиг үсэг үл мэдэгч 20 гаруй шинэ, хуучин цэргүүдийг цуглуулан сургалт явуулж бичигтэн болгох үүрэг даалгавар өгч шинэ үсгийн номын багш боллоо. Нэг танхим гарган өгч захаас хэдэн хуучин цагаан толгой ном олж аваад нөгөө хэдийгээ ёстой нэг үсэг, бичгээр нүдэж өгчээ.
10 гаруйхан хоногийн дотор бүгд уншиж, бичиж эхэлжээ. Хайрын захидал, үлгэрийн номоор эхэлж, ангийн номын сангийн номнуудыг тэр чигт нь уншдаг болж бичиг үсэг тайлагдсан ангийнх нь туршлага арми даяар дэлгэрүүлэх ажил болжээ.
Мягаа багш Улиастайн нэгтгэлийн бичиг үсгийн номын багш гэж явсаар 300 гаруй хүнийг бичигтэн болгож, хүнийг уншуулж бичүүлж сургах аргад ихэд дадлагажин эзэмшиж авсан гэдэг.
ЦЭРГИЙН ЭРДМИЙН БАГШ
Багшийг нутгийн ах, улсын баатар Дүүдэй гуай чи багшийн ажлыг сайн хийлээ. Одоо чамайг цэргийн улс төрийн ажилтан болгоно, цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн ажилтны хурдавчилсан курст сургана” гэж. Энэ курст 3 сар суралцаж, чамгүй зүйл суралцаад Ховдын морьт хорооны батарейны улс төрийн орлогчоор томилогдон 1971 оны 12 дугаар сард офицер болж, цэргийн эрдмийн багшаас хурандаа багшийн зам эхэлжээ.
Салбарын улс төрийн орлогч бол ёстой л цэргийн эрдмийн багшийн ажил байлаа. Улс төрийн бэлтгэл хичээлийг биечлэн заана. Голдуу асуудал дэвшүүлээд түүн дээр нь тулгуурлан харилцан ярилцаж ойлголт өгөөд дараа нь өөрсдөөр нь бие даалгаж судлуулна. Энэхүү арга нь сайшаагдаж “Улаан од” сонинд 2 удаа тэргүүн туршлага болон мөн л бичигджээ. Батарей нь Армийн тэргүүний батарей болж, Армийн тэргүүний салбарын орлогч нарын зөвлөгөөнд шалгаран оролцож, 21 настай байхдаа БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж туршлага нь Арми даяар дэлгэрчээ.
ИХ СУРГУУЛИЙН БАГШ
Мягаа багш 1976-1980 онд тэр үеийн Намын дээд сургуульд суралцаж, намын байгуулалтын ажилтан, нийгмийн ухааны багш гэсэн диплом өвөртлөөд армидаа эргэн иржээ. Тэр үеийн Ардын армийн морьт тусгай батальон, гадаадын цэргийн сургуульд сонсогч бэлтгэх тусгай батальонуудад захирагчийн улс төрийн орлогч гэсэн алба хашиж, офицеруудын онолын бэлтгэлийн багшаар тасралтгүй 4 жил ажиллажээ. Офицеруудын онолын бэлтгэл сургалтанд нөгөө л асуудал дэвшүүлж шийдвэрлэх аргаа ашиглан явуулж “Улс төрийн онц бүлэг” болгож сайшаал хүртэж анги нь Армийн тэргүүний ангиар шалгарч улмаар ЗХУ-ын Москва хотноо В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн цэргийн сурган-сэтгэл зүйн багшийн ангид суралцах болж жинхэнэ их сургуулийн багш болох эрдэмд дахин суралцаж эхэлсэн байна.
Ингэж л Мягаа багш Москвад дуртай унаган мэргэжлийнхээ дагуу цэргийн сурган сэтгэл зүйн багш мэргэжлээрээ суралцаж ирээд л БХИС-д багшаар томилогдож ажилласнаас 30 гаруй жил энэ сургуулийнхаа хашаанаас холдоогүй аж.
Мягаа багш академид сурч байхдаа эх орны II дайны үед Москваг хамгаалах тулалдаанд цэргүүдийг 7 хоног хүрэхгүй хугацаанд бэлтгээд, тулалдаанд оруулж байсан тэр үеийн туршлагыг судалж санаа аваад ийм богино хугацааны сургалтыг эрчимжсэн сургалт гэдгийг олж тогтоон сонсогч байх үеэсээ материал цуглуулж судалгаа хийж эхэлсэн байна. Ингээд “Цэргийн эрчимжсэн сургалтын онол, практик” сэдвээр 1995 онд доктор, 2003 онд Москвад ОХУ-ын төрөлх Цэргийн их сургууль дээрээ шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Өөрөөр хэлбэл, цэргийн эрчимжсэн сургалтын шинэ онол, чиглэлийг боловсруулж, цэргийн сургалтын эрчим, хугацаа, хурд, хүч, ачаалал, арга зүйг тодорхойлсон хэмээн Эрдмийн зөвлөл дүгнэж зохиогчийн эрх, патентийг түүнд олгосон юм.
Мягаа багшийн цэргийн сургалтыг эрчимжүүлэх онол, практикийн энэ асуудал нь бүхэл бүтэн “школ” сургалт болж ОХУ-ын цэрэг армид төдийгүй Монголын Зэвсэгт хүчний цэргийн эрчимтэй сургалтын онол, практикийн салшгүй хэсэг болон өргөжин хөгжсөөр байна.
Тэрээр өдгөөгийн БХИС-д багш, ахлах багш, сургуулийн сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, БХЭШХ-ийн захирал, зөвлөх профессор зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн ба энэ хугацаанд цэргийн шинэчлэл, сургалт, сэтгэл зүй, иргэн-цэргийн харилцаа зэрэг асуудлаар 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж туурвижээ.
Г.Мягмаржав багш өнгөрсөн хугацаанд “Цэргийн сурган хүмүүжүүлэх ухааны үндэс”, “Цэргийн сэтгэл зүй”, “Цэрэг-иргэний харилцааны онол, практик”, “Цэргийн сургалтыг эрчимжүүлэх онол, практик” зэрэг 30 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, тулгуурт схем, бодлого, дасгалын хураамжуудыг бичиж, нийтийн хүртээл болгосон нь байнгын хэрэгцээ эрэлттэй байсаар байгаа төдийгүй хамгийн их ашиглагдсан номоор шалгарч байсан юм.
Тэрчлэн Зэвсэгт хүчний төв хэвлэл болсон “Соёмбо” сонин, тухайн үеийн “Байлдааны бэлтгэл” сэтгүүлийн тэргүүн бичигчийн шагналыг удаа дараа хүртэж, цаг үеийн асуудлыг хөндсөн олон арван нийтлэл, өгүүлэл бичиж байсны дотор “Дунд дүн дундаж офицер төрүүлнэ”, “ЦИС орших уу?, эс орших уу?”, “Мэргэжлээ өөрчлөх шаардлагагүй”, “Ямар арми хэрэгтэй вэ?”, “Та минь ээ, цаана чинь цэрэг өлсөж байна”, “Гэрээт цэрэг-мэргэжлийн цэрэг үү?, мөнгөний цэрэг үү?”, “БХЯ-ыг иргэншүүлэх үү?, цэрэгжүүлэх үү?”, “Монгол цэрэг дэлхийн цэрэг боллоо”, “БХИС-ийг судалгааны их сургууль болгоё” зэрэг Зэвсэгт хүчний шинэчлэлийн сэдвээр бичсэн өгүүллүүд нь олны анхааралд өртөж, шуугиан тарьж байсан.Г.Мягмаржав багш АНУ-ын Пидсбургийн их сургууль, Тэнгисийн цэргийн их сургууль, Герман Улс дахь Жорж Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлыг судлах төв зэрэгт суралцаж, өөрийн мэдлэг, мэргэжлийн туршлагаа ахиулж чадсан нь цаг үетэйгээ ямагт нийцэн ажиллаж чаддагийн бодит жишээг үзүүлсээр явна.
Г.Мягмаржав багш 1990 оноос нийгмийн ухааны хичээлээр “шавь төвтэй сургалт” явуулах технологийг боловсруулан туршиж, Соросын сангаас зарласан уралдаанд хоёрдугаар байранд, Боловсрол судлалын хүрээлэнгээс зарласан уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтын эзэн юм. Энэхүү технологийн гол агуулга нь багш, суралцагчдын хоорондын харилцааг өөрчилж, багш нь удирдан сургадаг, суралцагч нь өөрөө идэвхижин хөөж суралцдаг технологи юм.Тэрбээр 1998 оноос БХИС-ийн Сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар 10 гаруй жил хугацаанд ажиллахдаа “ЦИС-2005″, “БХИС-2010″, “БХИС-ийн бизнес төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсгийг ахалж, тус сургуулийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсандаа ихэд бэлгэшээж, бахархаж явдаг. Түүнчлэн тэр жилүүдэд ЦНДС-ийг ЦИС, Цэргийн их сургуулийг БХИС болгох, сургалтын төлөвлөгөө, агуулгыг боловсруулж иргэншүүлэн шинэчлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр 40 орчим баримт бичгийг боловсруулах ажилд идэвхийлэн оролцож, шинэчлэлийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Хурандаа Г.Мягмаржав багшийн энгэрт “Монгол Улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан” “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” гээд 3 салбарын тэргүүнээс гадна Монголын Ардчилсан холбооны “Эрх чөлөөний одон”, Оюутны холбооны “Соён гэгээрүүлэгч” зэрэг хүндтэй одонгууд гялалзах агаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат багш хэмээх эрхэм цолыг хүртээсэн нь багш хүний хөдөлмөрийн үнэ цэнэ, түүний Батлан хамгаалах салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж сургах үйл хэрэг, БХИС-ийн хөгжил, дэвшилд оруулсан их хувь нэмэр, гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлсэн амжилтын эх байсанд тус сургуулийн эрдмийн хамт олон, үе үеийн төгсгчид нь ихэд баярлаж, талархан хүлээж авсан юм.
Тэрээр Монголын иргэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх асуудлаар төсөл боловсруулж, хэд хэдэн ном бичиж, эх орныхоо өнцөг булан бүрт хүрч судалгааны ажил хийсэн бөгөөд энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулахад гар бие оролцож явна.
Түүнчлэн өнгөрсөн жилээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдож, залуус сурч боловсрохын хамт цэргийн алба хааж, “эх орноо хамгаалах эрдэм ухаан”-д гэгээрч болдгийн бодит жишээг харуулж чадсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэг үг, үнэлгээнээс тод харагдаж байгаа юм.
ОЮУТАН–ЦЭРГИЙН БАГШ
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 2013 оны 10 сард дуудаж уулзаад “Мягаа багш та 2007 онд Төв аймгийн цэргийн анги дээр янз бүрийн боловсролтой, тэр жил татагдсан 100 гаруй цэргийг тусгайлан бэлтгэсэн хээрийн полигон дээр 1 жил сурч байгаа зүйлийг 3 сарын хугацаанд сургах цэргийн эрчимтэй сургалтын том туршилт явуулсан юм байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн оюутан-цэрэг хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж энэ туршилтаа оюутан-цэрэг хөтөлбөр дээр хэрэгжүүлээч, сайдын зөвлөлөөр хэлэлцээд ингэж шийдсэн. Таныг энэ хөтөлбөрийг эзэмшсэн мэргэжил, судалгааныхаа үр дүнг ашиглан явуулж чадна гэдэгт итгэж байна” гэж үүрэг өгч томилсноор Мягаа багш оюутан-цэргийн багш болжээ.
Түүнээс хойш багш үнэнхүү сэтгэл гаргаж, их ажил амжуулсныг бараг Монголын иргэн бүр мэддэг болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулан ажиллаж байна.
Бас Батлан хамгаалахын болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаал гаргаж оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдаж цэргийн алба хаах тусгай журам гарган мөрдөж байна. Түүнчлэн энэ асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудал өргөн баригдаад байна.
Анхны удаагийн сургалтаа амжилттай явууллаа. Олон нийт, сургууль хамт олон, оюутан залуус их ам сайтай сайн хүлээж авсан. Одоо над руу оюутан-цэрэг хэдийд эхлэх вэ? гээд утасдаад амраахгүй байна. Ер нь энэ их зөв арга хэмжээ. Хуучин дээд сургууль төгссөн хүн 45 хоног цэргийн сургалтад хамрагдаад бэлтгэл дэслэгч болдог бол бид 4 сар бэлтгээд бэлтгэл буудагч цэрэг болгож байна гэж Мягаа багш ярилаа.
Оюутан залуус эхлээд судлах хичээлийнхээ агуулгыг номноосоо уншиж ерөнхий ойлголт авна. Дараа нь багш чинь хичээл дээр тайлбарлаж учир утгыг нь ойлгоно. Ингээд дасгал дадлагыг тогтуухан аажмаар хийж эхэлнэ. Ингэхдээ хөдөлгөөн үйлдэл бүрээ маш сайн хянаж, зөв хийж сурах хэрэгтэй. Үүний дараа аажмаар хурдаа бага багаар нэмж олон дахин хийж автомат робот болтлоо хийж дадлагажиж сурна гэсэн үг. Цааш нь тасаг, салаа, салбартайгаа өөрийнхөө хөдөлгөөн үйлдэл бүрээ нэгтгэж батальон цэрэг нэг хүн шиг хийж, цэрэг гэсэн үг зэрэг гэсэн үгнээс гаралтай болохыг баталтал суралцахад зориулсан.
Оюутан-цэрэг ингэж суралцсанаар хугацаат цэргийн алба гэдгийг цэргийн алба болгож, цэргийн албыг зөвхөн цэргийн хэрэгт суралцаж, үүрэг гүйцэтгэдэг алба болгож, цаг хугацаагаар цэргийн албыг хэмждэг биш, цэргийн эрдэмд суралцсан чадавх, чадвараар хэмждэг шинэ сэтгэлгээ бий болгох юм.
БАГШИЙН БАГШ
Багш маань БХИС-д янз бүрийн ажил хийж байсан ч тасралтгүй багшилж байна. Мягаа багшийг ёстой л багшийн багш гэдэг. Тэрээр “Багшийн ном” гэсэн сурах бичгийг багш нарт зориулан бичсэн нь БХИС-ийн багш нарын гарын ном болжээ. Түүнчлэн “БХИС-ийн багшийг хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулж “БХИС-ийн багшийн хөгжлийн төв”-д зөвлөхөөр ажиллаж байна. Мягаа багш залуу багш нарт: Багшийн ажилд чин сэтгэлээ өгч ажиллах, багшлах ажлыг халтуурдаж болохгүй, багш хүн суралцагч байх ёстой гэж аминчлан захиж байхыг олонтаа сонслоо. Өөрөө ч энэ зарчмыг ягштал баримталж явдгийг шавь нар нь андахгүй сайн мэднээ.
Ийм нэгэн эгэлхэн атлаа эх орон шавь нар хойч ирээдүйн төлөө ихийг хийж яваа багшийнхаа тухай мөн ч их юм бичиж болохоор санагдана.
Өдгөө БХИС гарын арван хуруунд багтах “Гавьяат багш”-тай бөгөөд 112 жилийн түүхэн замналтай, мэргэжлийн боловсролын ууган сургуулийн хувьд тус сургууль “Ардын багш” хэмээх эрхэм цолтныг төрүүлэх цаг аль хэдийн болжээ. Тиймдээ БХИС-ийн эрдмийн хамт олон Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржавт “Ардын багш” цол хүртээлгэхээр гурвантаа өргөн мэдүүлсэн байдаг. Батлан хамгаалах салбар, түүний дотор БХИС-ийн түүхэнд үлдэх мөртэй, хийсэн бүтээл, гаргасан амжилт дүүрэн яваа түүнийг Ардын багш болоосой гэсэн мянга мянган шавь нарынх нь мөрөөдөл биелэх цаг ойрхон гэдэгт итгэнэм.
МУСТА, дэд хурандаа Б.ОТГОНБАЯР
Хүний нөөцийн Үндэсний хүрээлэнгийн тэргүүн, Энэтхэгийн Ранчи их сургуулийн профессор Г.Тэгшбүрэнтэй ярилцлаа.
–Хүний нөөцийн Үндэсний хүрээлэн хэзээ байгуулагдсан бэ. Үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Манай хүрээлэн 2010 онд байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлтэй. Судалгаа, судалгаан дээрээ суурилсан зөвлөгөө, сургалт явуулдаг байгаа. Хүний нөөцийн үндэсний хүрээлэн гэж нэрлэсэн учир нь монгол байгууллагад тохирсон, монгол хүнийг удирддаг зөв арга зүйг боловсруулж бизнесийн болон төрийн, төрийн бус байгууллагын удирдлагад зөв аргачлалыг зааж өгөхөд чиглэдэг юм. Дэлхий дээр олон төрлийн менежмент байдаг шүү дээ. Япон, Америк гээд л. Сүүлийн үед Солонгос менежмент гэж ярих боллоо. Энэ олон загвар дундаас монгол хөрсний, монгол хүнд тохирох нь аль вэ гэдгийг судалж байгаа юм. Үндэсний зан үйл, нүүдлийн соёл иргэншилд тохирсон тийм менежмент хийх ёстой. Цээрлэдэг зүйлийг цээрлэж, юунаас сэрэмжилдэг вэ гэдгийг бодолцож, юунд шүтдэг вэ гэдгийг тусгаж монгол менежмент гаргах ёстой. Хүний нөөцийн ажил, мэргэжлийн тухайд бидний хийсэн нэг судалгаа байдаг. Юун тухай вэ гэхээр мэргэжил сонголтын хувьд 400 гаруй байгууллагын хүний нөөцийн менежер дээр судалгаа явуулахад суурь, үндсэн мэргэжил нь өөр, өөр байдаг. Тэгэхээр судалгааны үр дүнд хүний нөөцийн мэргэжилтнүүд чухал шүү, хэрэгцээ байгаа шүү гэдгийг харуулж байгаа юм. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 5.1 хувь нь хүний нөөцийн мэргэжилтэн болохоор бакалаврын боловсрол эзэмшсэн хүмүүс. Үлдсэн 94.9 хувь нь өөр мэргэжлийнхэн байна гэсэн үг. Тэгэхээр бидний зүгээс яах ёстой вэ гэхээр хүний нөөцийн мэргэжилтнүүдийг бэлдэх учиртай болж байгаа юм. Зөвхөн бэлдээд зогсохгүй мэргэшүүлэх хэрэгтэй байна.
–Байгууллагуудын хэрэгцээ, шаардлага хэр байна вэ?
-Бид ганцхан зүйл анзаараад байгаа юм. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг бэлдэж өгөхөөс гадна өнөөдрийнх шиг эдийн засгийн саармаг орчинд хямралын үеийн менежментээр ажиллах ёстой. Тэрийг хүний нөөцийнхөн хийх ёстой. Гол утга санаа нь менежер болгон хүний нөөцийн мэдлэгтэй, хүний нөөцийн менежер байх хэрэгтэй. Хүний нөөцийнхөн тусдаа хэлтэстэй байх гэхээсээ илүүтэй тухайн байгууллагад ажиллаж буй менежер бүр хүний нөөцийн мэдрэмжтэй байх чухал. Ингэж чадвал тухайн байгууллагад хүний нөөцийн менежер гэсэн орон тоо байх шаардлагагүй. Хоёрдугаарт, менежер бүр хүний нөөцийн мэдлэгтэй байхаар яг хүний нөөцдөө суурилсан ухаалаг бодлогоор үйл ажиллагаа явагдана. Өнөөдрийн хямралын үед яг ийм менежменттэй явсан нь хожно. Ихэнх байгууллагыг хараад байхад нэг л учраа олохгүй яваад байдаг. Байгаа хүний нөөцийн менежер нь мэргэшсэн байж чаддаггүй. Мэргэжлийн бус болохоор хүн ажилд авах гээд анкет авдаг, өргөдөл хүлээж аваад даргадаа танилцуулах ажил л хийж байна. Харин хүний нөөцийн ажлыг хоёр хуваадаг юм. Эхнийх нь тулга тойрсон өдөр тутмын ажил. Нөгөөх нь яг хүний нөөцийн мэргэжлийн ажил байдаг. Гэтэл өнөөдөр байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд тулга тойрсон өдөр тутмын ажилдаа л төвлөрөөд байгаа. Хүн бүртгээд, зураг наагаад л явж байна. Ийм ажил хүний нөөцөөр бэлтгэгдсэн боловсон хүчний хийх ёстой ажил биш. Эдийн засгийн сааралтсан үед менежер бүрийг хүний нөөцийн мэдлэгтэй байлгая гэж уриалмаар байгаа юм. Ухаалаг хүний нөөцийн бодлого барьж чадвал үйл ажиллагааны зардлыг бууруулдаг. Үүнийг байгууллагын удирдлагууд маш сайн ойлгодог байх ёстой. Гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшууллын үнэлгээг зөв тогтоогоод ажлаас хүн гарвал учир шалтгааныг тодорхойлдог байвал тухайн байгууллага тохирохгүй.
–Танайх хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх ямар сургалт явуулж байна вэ?
-Хүний нөөцийн коллеж 1, 2 гэсэн сургалт явуулж байна. Сургалтын хугацаа янз бүр. Хамгийн богино буюу 14 хоногийнхоос эхлээд гурван сар, бүтэн жилийнх гэж байна. Энэ сургалтаа төгсөөд магистрын сургалтад сургаж байгаа. Ингэж хүний нөөцийн магистрын зэрэг олгож байна. Цаашлаад эрдмийн зэрэг, цолоо аваад явна. Манайх анх байгуулагдсан цагаасаа эхлэн хүний нөөцийн коллеж 1, 2 гэсэн сургалтаа явуулах болсон. Таван жилийн турш үргэлжиллээ. Үүнийгээ улам сайжруулаад хүний нөөцийн удирдлагын магистрийн хөтөлбөр эхлүүлээд байна.
–Хэзээнээс эхлэв?
Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Эхний элсэлтээ аваад хичээллэж байгаа. Одоо өвлийн элсэлтээ авч байна. Магистрын хөтөлбөрт дээд сургуульд төгссөн л бол шууд орж болно. Хэрэв манай коллежийг төгсвөл кредит цаг нь багасна. Үүнийг дагаад сургалтын төлбөр багасна гэсэн үг. Магистрын хөтөлбөрийн онцлог нь онол, практикийн сургалтын хослолтой. Бид “Улаанбаатар Эрдэм” их сургуультай хамтардаг. Тус сургуулиас академик боловсролын сургалтыг хариуцдаг юм. Манай хүрээлэн мэргэжил, арга зүй, практик судалгааны тал дээр түлхүү анхаараад явчихдаг юм.
–Ажил хэрэгч хүмүүст танай сургалт маш чухал юм байна. Хичээлийн цагийн хуваарийг яаж зохицуулсан бэ?
-Пүрэв, бямбын анги гэж байдаг. Пүрэв гаригт 18-21 цаг хүртэл, бямбад 9-18 цаг хүртэл хичээллэдэг. Тэгэхээр ажил хийж байгаа болон давхар сургуульд сурдаг хүмүүст тохиромжтой. Ер нь манай магистрын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудыг хараад байхад ихэнх нь байгууллагын хүний нөөцийн менежерүүд байдаг. Бас нягтлан бодогчид хүний нөөцийн мэргэжил давхар эзэмшихээр зорин ирдэг.
–Танайх сургалтаас гадна хүний нөөцийн форум зохион байгуулдаг гэсэн. Ямар учиртай форум болж, хэн оролцдог вэ?
-Бид байгуулагдсан цагаасаа хойш хүний нөөцийн форум зохион байгуулсан. Үүгээр жил бүр 200 гаруй мэргэжилтэн цугладаг. Энэ жилийн форумаар ганц зүйлийг чухалчиллаа. Тэр нь өнөөдрийн эдийн засгийн хямралтай үед хэрхэн ажиллах вэ, менежер бүр хүний нөөцийн мэргэжилтэн байя гэдгийг уриаллаа. Хямарч байна гэж байнга бодоод байх хэрэггүй. Дээрээс нь, магистрын хөтөлбөрийн эхний элсэлтийнхээ оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Хурал маш амжилттай болсон. Баталгаа нь тухайн оюутнууд ажиллаж буй байгууллага дээрээ судалгаа хийгээд, үр дүнг нь хэлэлцсэн явдал. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр манай хүрээлэнгийн магистрийн хөтөлбөр цаг үеэ олсон, оновчтой байж чаджээ гэдгийг харуулж байгаа юм. Магиструуд өөрийнхөө ажилладаг байгууллага дээр судалгаа хийгээд, тэр нь үр дүнд хүрээд, түүнийгээ эрдэм шинжилгээний ажил болгон хэлэлцүүлнэ гэдэг том амжилт. Цаашид бид магиструудаа гуравдугаар сард болдог “Эврика” эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. Энэ хурал улсын хэмжээний томоохон хурал байдаг. Энэ ажил нь намрын диплом хамгаалалтын их чухал ажил болсон. Тэгэхээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг магистрын түвшинд явуулахдаа үйлдэл болгоноор сургаад, судлуулаад, шинжлүүлээд, практик дээр туршуулаад, тэрийг нь дүгнэж өгч байгаа.
–Багшлах боловсон хүчнээ танилцуулахгүй юу?
-Манайх дэргэдээ эрдмийн зөвлөлтэй. Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич, Монгол Улсын гавьяат эдийн засагч Дорж байдаг. Энэ хүн манай эрдмийн зөвлөлийн дарга. Мөн “Улаанбаатар эрдэм” их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор Содномдорж, тус сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан проректор Даваасүрэн, доктор профессор Алимаа байна. Хууль, эрхзүйг Монгол Улсын ерөнхий прокурор байсан Галдаа хариуцдаг. Хүний нөөцийн үндэсний хүрээлэнгээс манай гүйцэтгэх захирал С.Мөнхбаатар болон миний бие ажилладаг. Бид үндсэндээ маш сайн хөтөлбөрийг сайн сургагч багш нараар хөтлөн явуулдаг.
–Өвлийн элсэлт эхэлсэн гэсэн. Бүртгэл хэдэн болтол үргэлжлэх вэ?
-Бид хоёрдугаар сарын 15-ныг хүртэл авна. Хичээл 16-наас эхлэх юм. Бакалаврын зэрэгтэй ямар ч хүн элсэж болно.
Б.ЦЭЦЭГЭЭ
New York Times сонины хуудсанд нийтлэгдсэн материалд нэрээ зарлаагүй араб болон америк түшмэлүүд нефтийн үнэ өсч болох нөхцлийн талаар өгүүлсэн байна. Саудын Араб өнөө цагт олборлож буй түүхий нефтийнхээ хэмжээг багасгах боломжтой, энэ нь эргээд нефтийн үнэ ханшийг өсгөх бөгөөд ингэхийн тулд оросууд Башар Асадын дэглэмийг дэмжих, цаашид эдийн засаг, зэр зэвсгээр хангахаа зогсоох ёстой гэсэн болзлыг дэвшүүлж байгаа хэмээн дээрхи түшмэлүүд бичжээ. Тэд энэ чиглэлээр оросуудтай хэд хэдэн уулзаж санал солилцоод байгаа ч одоохондоо үр дүнд хүрээгүй байна гэв. Саудын Араб нэг өдөр олборлох “хар алт”-ныхаа хэмжээг гучин сая баррель болгосноос хойш нефтийн ханш 110-аас 50-н ам. доллар болтлоо буураад байгаа билээ.
Б.Хулан
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэнСэрээгийн Мөнхчулуун гуай өдгөө 90 насны босго алхаж байгаа. Монголын гурвансая дахь иргэнХ.Монголжин түүний дөрөв дэх үе буюу дөчохин ньюм. Х.Монголжин охины ээж Г.Аззаяагийн аав Р.Ганбатын эмээ нь С.Мөнхчулуун гуай. Өөрөөр хэлбэл С.Мөнхчулуун гуайн гуч охин Г.Аззаяагаас гарсан охин Монголын гурван сая дахь иргэнболж хорвоод мэндлээд байгаа билээ.
Э.Хатанболдынд гэргий Г.Аззаяагийн хамаатан садангуудирцгээсэн байлаа. Гуч охиноос нь Монгол Улсын гурван сая дахь иргэн төрсөн гэдгийг дуулаад Мандал-Овоо сумаас С.Мөнхчулуун гуайач, зээ нарын хамт иржээ. Одон медалиа зүүгээд торгон дээл өмсчихсөн байв.90 нас хүрч байгаа гэхэд их ануухан,хүмүүстэй мэнд мэдэлцээдхууч хөөрөөдсуух аж. Бид С.Мөнхчулуун гуайгаасХ.Монголжин охины талаар асуухад “Эмээ нь үнэхээр их баярлаж байна. Миний үр удмаас Монголыг бүр илүү олон болгохгурван сая дахь иргэн төрлөө.Өдий наслахдаа олон л сайхан зүйлийг үзэж байлаа. Гэхдээ ийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй зүйл үзэж байсангүй. Магнай хагартал баярлаж сууна.Эмээ нь өөрөө айлын том охин байгаа юм. Арван хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний хамгийн том охин Б.Эрдэнэзул. Б.Эрдэнэзулаас гарсан миний том ач хүүР.Ганбат. Р.Ганбатын том охин ньГ.Аззаяа юм.Х.Монголжин охин ч гэсэн аав, ээжийнхээ ууган хүүхэд нь. Тэгэхээр манай удмын тав дахь үеийн ууган хүүхэд Тусгаар тогтносон Монгол Улсын гурван сая дахь иргэн болж төрсөн гэсэн үг. Ийм сайхан баяр бахдалтай зүйлсийг энэ насандаа үздэг юм байна. Ёстой л амьд явахад алтан аяганаас усуудаг гэгчээр мөн ч сайхан цаг үед хүн болж төржээгэж бодож сууна даа, эмээ нь” гэлээ.
“ХҮН ЭЭЖТЭЙГЭЭ ӨТЛӨХ САЙХАН ЮМ”
С.Мөнхчулуун гуай Мандал-Овоо сумын алдарт Баянхошуу хайрханы зүүн үзүүрийн сэргэлэн ногоон дэнжидмэндэлж, хүй цөглөсөн гэнэ. Тэрбээр “Одоо ч мөн сайхан болжээ.Эмнэлэгт очоод л төрчихөж байна. Миний үед эмнэлэг энэ тэр гэж байсан биш. Ойр тойрны хүмүүс бүгд эх барьдаг байлаа. Бүр намайг аав, нөхөр хоёр маань хүртэл эх бариад авчихдаг байсан шүү. Том охин Б.Эрдэнэзулыгаа төрүүлэх гэж их л сандарч байсан юм даг. Хавар тогоо шиг гэдэстэй болчихоод гэрийнхээ ойролцоох жалганаас цас үүрээд харьж явтал гэнэт бие эвгүй оргиод явчихсан юм. Тэгээд хурдхан гэртээ очлоо. Ээж маань энэ хүүхэд төрөх гэж байна. Ус нь гарчихлаа гээд л дээл, эсгий гудас гэрийн зүүн урд талд дэвсчихсэн. Гаднаас араг оруулж ирээд түшүүлж байгаад л төрүүлэх юм боллоо. Гол тасартал өвдөж байгаад төрсөн. Жаахан улаан хүүхэд часхийтэл уйлаад. Хүйг ньгалын хайчаар ороогоод тасалж байсан юм даг. Тэр үед тэгж л гэртээ төрдөг байлаа. Сүүлдээ аймаг, сум эмнэлэгтэй болоод тэнд төрдөг болсон” хэмээн хууч хөөрөв.Ээжийнхээ анхны хүүхэд болон мэндэлсэн Б.Эрдэнэзул гуайөдгөө 70 гаруй настай. “Хүн ээжтэйгээ хамт өтлөх сайхан юм. 70 насыг насалсан ч гэсэн ээжийнхээ нүдэнд үргэлж хүүхдээрээ харагдана. Ээжийгээ ирэхээр хажуудаа байлгаад цай, хоол бэлдэж гүйгээд их сайхан юм”гэлээ.
Х.Монголжин охины ээж Г.Аззаяа эхээс хоёулаа. Дүү нь хотод сургуульд сурч байгаа гэнэ. Төрөхөд нь хэд хоног ирж цай, хоолыг нь бэлдэж өгөөд буцжээ. Г.Аззаяаг бага байхад ээж С.Намжилхорлоо ньбурхан болсон байна. Р.Ганбат ах эхнэрээ бурхан болсноос хойш хоёр охиноо бусдаас дутаахгүй өсгөж, хүмүүжүүлжээ. Г.Аззаяагийн ээжийнх нь ээж буюу эмээ н.Сэлмаа мөн л Мандал-Овоо сумаас ирсэн байна. Зээ охин нь төрж,шинэ хүн нь Монголынгурван сая дахь иргэн болжтөрсөн гэдгийгдуулаад л наашаа яарч сандрангарчээ. Эмээ нар нь эхээс төрөөд удаагүй байгаа охиноо үнсэж, өхөөрдөж байлаа. “Удахгүй л том болчихсон гүйж явах байх даа” гэжярьцгаах ажээ.
Р.ГАНБАТ:АЛГУУ УЛААН УУЛААР НУТАГТАЙ ОЛОН ХҮРЭН ТЭМЭЭТ СУУРЬ ГЭДЭГ ХҮНИЙ УДМЫН ХҮН ДЭЭ, БИ
Г.Аззаяагийн аав Р.Ганбатаас удам судрыг нь сонирхлоо. Уншигч та бүхэнд Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжингийн удам угсааны талаар хүргэж байгаа билээ. Р.Ганбат “Ах нь 1965 онд Мандал-Овоо суманд төрсөн юм.Манайх үе удмаараа Мандал-Овоо сумын Алгуу улаан уул гэх дүнхийсэн том уулын өвөр бэлээр нутаглаж ирсэн айл. Миний аавыгС.Рэнцэнбадам гэж хүн байлаа. Манайх бусдын л адилмал хариулж ирсэн хүмүүс.Аав минь Суурь гэх хүнийтом хүүнь. Хурдан морь уяж, их олон тэмээтэй айлын хүүхэд юм. Манайх ч гэсэн их олон тэмээтэй.Аав минь гэрийнхээ гадаа их олон зандан хүрэн тэмээ хураачихдаг. Ингэн тэмээгээ саагаад хоормог исгэчихдэг. Айл саахалтын хүмүүс орж гарсан олонтой айл байсан. Нутгийн хүмүүс“Суурийн гурван хүү тэнгэр баганадсан том биетэй.Аавыгаа дуурайсан ханагархүмүүс” гэж ярьдаг байсан. Аавын хоёр дүү нутгийнхаа дошгин эмнэлэг хангалболгоныг номхруулдаг эртэй, чадалтай хүмүүс байлаа. Манай нутгийнхан уналга эдэлгээнд ашиглаж чадахгүй байгаа дошгин, эмнэг, ааштай тэмээ болгоноо авга ах нар дээр минь авчирч өгдөг. Хэдхэн хоногийн дотор нөгөө дийлдэхгүй байсан тэмээ нь номхорчихсон байдаг байсан гэдэг. Аавын дүү С.Рэнцэнхоролыг манай нутгийнхан өндөр биетэй болохоор “Их монгол” гэж авгайлдаг байсан юм. Жирийн л Монгол малчин хүний үр удмын хүн дээ” гэлээ.Р.Ганбат 1981 онд дунд сургуулийнхаа наймдугаар ангийг төгсөөд тэмээхариулж эхэлсэн байна. Сулинхээрийн заставтМонгол Улсынхаа торгон хил дээр гурван жил цэргийн алба хаагаад заган шугуйт тэнэгэр говь нутагтаа мөн лтэмээ хариулсан байна.Хоёр гэрээр айл саахалт явсан, чулуун тоглоомоор тоглож өссөннутгийнхаабүсгүй С.Намжилхорлоотой1990 онд айл гэр болжээ. 1992 онд залуу хосууд хүүхэдтэй болсон нь гурван сая дахь иргэн болон мэндэлсэн Х.Монголжингийн ээж Г.Аззаяа аж.
Өмнийн шаргал говь нутгийн малчин удмын хоёр айл ураг барилдаж,хайр сэтгэлээр холбогдож, гал голомтоо бадраасанЭ.Хатанболд, Г.Аззаяанарын удам угсаахөөж үзвэлмалчин хүмүүс байжээ. Бүр тодруулбал говь нутагтаа хэдэн үеэрээ тэмээ маллаж ирсэн улсуудаж. Г.Аззаяагийн эмээ Б.Эрдэнэзулбайсхийгээд л шинэ хүүхдээ харахаар орж ирэх юм. Г.Аззаяаг хүүхдээ хөхүүлэх, хуурайлах зэрэгт заавар зөвлөгөө өгөх ажээ. Харин гэрийн эзэн Э.Хатанболд зуухандаа бага зэргийн нүүрс хийж, гэрээ дулаахан байлгах гэж хэрэндээ л юм болж байна. Энэ үед Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс, тагнуулын байгууллагынхан Э.Хатанболдын гэрийн ойролцоо камер суурилуулж байв. Монголын гурван сая дахь иргэнийг хамгаалалтад авч байгаа нь энэ аж. Мөн цагдаа нар байсхийгээд л гэрийнх нь ойролцоо эргүүл хийж байна лээ. Мэргэжлийн хяналтын газар, аймгийн эрүүл мэндийн төвийн эмч нар гэрт нь очиж хяналт шалгалт хийх юм. Х.Монголжин охиныг эрүүл саруул бойжуулахын тулд төрийн байгууллагууд чадах чинээгээрээ ажиллаж байна.
“АЗААД МАШИН АВЧ ӨГНӨ ӨӨ”
Г.Аззаяаохиноо гурван сая дахь иргэн болсон гэдгийг дуулаад “Ээж минь амьд сэрүүн байсан бол зөндөө их баярлах байсан даа” гэж бодсон талаараа ярив.Бага байхад нь ээж нь бурхан болсон болохоорГ.Аззаяабага байхын л хэрсүү охин байсан гэдгийг найзууд нь хэлж байлаа. Сургуульд орсон цагаасаа л гэр орноо цэвэрлэж, хоол цай хийгээд сурчихсан гэнэ. Бүр аав, дүүгийнхээ хувцсыг угааж индүүдээд эмэгтэй хүний хийх ёстой бүхий л ажлыгхийдэгбайжээ. Дүү Г.Амарзаяагаа “Дээд боловсролтой болох хэрэгтэй” гэж шамдуулсаар байгаадХААИС-доруулж чаджээ. Дүүгээ дээд боловсрол эзэмшиж бусдын ажил мэргэжлээрээ ажиллаадсайхан амьдрах ёстой гэж бодож явдаг юм билээ.
Э.Хатанболд, Г.Аззаяа нар гэртээ хүнгүй байхад цаашид хэрхэн амьдрах талаараа аминчхан халуун яриа өрнүүлсэн байна. Э.Хатанболд “Манай хүн машин унах их сонирхолтой. Улсаас мөнгө ирвэл эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлж эмэгтэй хүнд уначихаар машин авч өгнө. Азаа машин авч уначихаад аймгийнхаа төвөөр давхих юмсан гэж дандаа ярьдаг юм. Мөрөөдлийг нь биелүүлнэ. Бас жижигбизнес эрхлэх санаа байгаа. Гэхдээ цагийн юм цагтаа болох биз дээ” гэж хэлж байсан. Тэд сайхан амьдралыг өөрсдийнхөө гараар босгох чин хүсэлтэмүүлэлтэйхосууд юм. Сайхан амьдрах бодол сэтгэлдээ тээж явахад бүх зүйл бүтэх буй заа.
Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР