Categories
мэдээ улс-төр

Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байна. 2013 онд Монгол Улсад 417 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, нэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 5,29 хувийг бүрдүүлжээ.

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх зорилт тавьж байна. Энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааг үүсгэн, цаашид хөгжүүлэх шаардлагатай.

Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн казино тоглоомын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох үүднээс Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Тус хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэх эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Оюунгэрэлийн “Монголоо таниулъя” шинэ номын хурим боллоо

Ц.Оюунгэрэл гишүүний бичсэн “Монголоо таниулъя” хэмээх шинэ номын нээлт Интерном их дэлгүүрт боллоо. Гишүүнийажлын хажуугаар хэдийдээ ном бичиж амжсан юм бол гэж хүмүүс гайхаж магадгүй. Харин мань зохиолч Соёл, спорт аялал жуулчлалын сайдын тамгаа өгсөнийхөө маргаашнаас ном бичихээр суусан агаад сарын дотор дууссан гэнэ.Номын нээлтийн үеэр Ц.Оюунгэрэл гишүүн “ССАЖЯ татан буугдахад гүн цочролд орсон. Сайдаар ажилласан хоёр жил дөрвөн сарын хугацаа надад маш их өөрчлөлт авчирсан юм. Монгол гэдэг улсыг зөв ойлгож, давуу талыг нь танилцуулж байж аялал жуулчлалын зах зээлд Монголоо гаргаж ирэх юм байна гэж бодогдсон” хэмээн ярьсан юм. “Айхавтар гарын авлага биш ч анхан шатны мэдээлэлтэй, бизнесийн санааны зах зухаас оруулсан” хэмээн зохиогч даруухан танилцуулсан. Ц.Оюунгэрэлийн шинэ ном гадаадын зочдоо ойлгоход монголчуудад туслана. Бас өөрсдийн өвөрмөц соёл, ёс заншилаа гадаадынханд хэрхэн ойлгуулах талаар өгүүлсэн байна лээ. Манайхан гаднын зочдоо хүндэтгэн дайлдаг хорхог боодгоохийхдээ ч анхаарах зүйл бий. Гадаадын зочдынхоо нүдэн дээр хонь гаргаж, гэдэс цэвэрлэж, мах эвдэж үзүүлэх нь зочдод маань тийм ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Монголд аялаад буцсан гадаадын нэгэн эмч эх орондоо очоод Монголд аяласан сэтгэгдэлээ ярихдаа энэ мөчийг “яргалал” хэмээн тодорхойлсон гэнэ. Монголчууд болон гадаадын жуулчдын харах өнцгөөс эхлээд, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд ашигтай санаа оноо энд агуулагджээ. Аялал жуулчлалын зах зээлээс нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг хүсч буй орон нутгийн удирдлагуудад ч энэ ном олон шинэ мэдээлэл өгөх вий. Номын нээлтэнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн оролцож баяр хүргэлээ. Лу.Болд гишүүн эхний худалдан авагчдын нэг байлаа. Түүний бие төлөөлөгч 50 ном худалдан авсан юм. Эхний худалдан авагчид нь зохиогчийн гарын үсгийг авч, хамтдаа зургаа татуулна. “Ямар азаар Ц.Оюунгэрэл сайд огцорч, хүмүүст ашигтай мэдээлэлтэй ийм сайхан ном гарав гэж бодогдсон” хэмээн уг номын редактор хэлсэн билээ.

“Монголоо таниулъя” номоос Монгол болон Африкийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хамтдаа ашиг хүртэх тохиролцоонд хүрсэн тухай сонирхолтой жишээг иш татъя.

…Өвөрхангай аймгийн Орхон голын Улаан цутгалан хэмээх хүрхрээг Орхоны хөндий руу аялж буй бүх жуулчид очиж үздэг. Өмнө нь нутгийн удирдлага Орхоны хүрхрээгээ яг эргээр нь тойруулаад газар өгчихсөн байлаа. Зочин байгалийн үзэсгэлэнт тогтоц харахаар тэнд очтол эргэн тойронд нь час улаан дээвэртэй байшин, нурж унах шахсан хашаа, гандсан хуучин амбаарууд харагдах бөгөөд өнөөх 600 километр яваад очсон япон жуулчин шууд уйлахаарнөхцөл угтдаг байв.

Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо, аймгийн ССАЖ-ын газар, тус аймагт аялал жуулчлал явуулдаг бүхий л иргэд, байгууллагууд зөвлөлдсөний эцэст Улаан цутгалангаас нэг километр зайд байсан баазуудыг гаргаж, шинэ байрлалд шилжүүлэхээр болжээ. Мөн тухайн тойрог зайд автомашингүй орчин бий болголоо. Ингэснээр Улаан цутгаланг зорин очсон жуулчид үзэсгэлэнт хүрхрээнээснэг километрт машинаа зогсоогоод, нутгийн худалдаачдаас айраг, хуушуур, цай, ундаа худалдан авч хоолойгоо чийглэн, явганаар зугаалах болов.

Өмнө нь жуулчид хүрхрээд машинаа тулгаж зогсоогоод тэнд бушуухан зураг авахуулчихаад 10 минутын дотор нутгаас арилж өгдөг байсан бол өдгөө тэнд нааш цааш алхаж саатахаа оруулаад бүтэн цаг ба түүнээс арай илүү хугацаагаар саатах болжээ. Хэр илүү тухтай саатна, төдийчинээ их хэмжээгээр нутгийн иргэдэд орлого орох боллоо.

Энэ бол жижгэрүүлсэн жишээ. Амьдралд иймэрхүү хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд явагдах шаардлагатай…

2013 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд чуулган Африк тивийн хоёр орны нутаг дамжин урсдаг Зимбазе голын эрэг орчим болсон юм. Энэ голыг алдаршуулсан дэлхийн хамгийн том хүрхрээ болох Викториань Зимбабве, Замби улсын хил дээр байх бөлгөө. Энэ хоёр оронд ирж байгаа жуулчдын 90 гаруй хувь нь зөвхөн Викториа хүрхрээг л харахаар зорьдог. Иймээс хоёр улс хүрхрээний хамгийн хүчирхэг хэсгээс тал тал тийш аль болох уудам орчинд хонуулах бизнесийг дэмжихгүй байхаар тохирчээ. Нэг улсын нэг аймгийн нэг сумынхан байтугай, хоёр улсын хооронд хийж байгаа тохироо гэдгийг та анзаарсан байх аа.

Ингээд Зимбазе голын хүчирхэг хүрхрээний хоёр талд амьдрах хоёр улсын аялал жуулчлалын бааз, зочид буудлууд нь хүрхрээнээс холхон орших бөгөөд буудал бүрийн угтах үйлчилгээнийхэн Зимбабве, Замби улсуудын аль алиных нь өдрийн аяллуудыг борлуулдаг. Тэдгээр өдрийн аяллууд нь “Хүрхрээний орчим хоёр цаг хөтөчтэйгээр явган алхах (11 цэг дээр зураг авахуулна, хүрхрээний тухай музей үзнэ)”, “Хүрхрээний орчим дөрвөн цаг хөтөчтэйгээр явган алхах (30 гаруй цэгт зураг авахуулна, хоёр улсыг холбосон гүүрээр явган гарч, нөгөө улсын нутагт визгүй нэвтрэх бүсэд орчихоод ирнэ, хоёр талдаа хүрхрээний музей үзнэ)”, “Хүрхрээнээс олсоор дүүжилж доош үсрэх”, “Хүрхрээний газрын хагархай дээгүүр канатад дүүжлэгдэн зугаалах”, “Хүрхрээ дээгүүр нисдэг тэргээр аялж, дээрээс зураг авах”, “Хүрхрээ дээгүүр дельтапланаар нисэх”, “Зэрлэг ан амьтан үзэхсафари аялал” гэх мэтийн адал явдал байх юм. Эдгээр аяллууд доод тал нь найман доллар, дээд тал нь 100 долларын ханштай бөгөөд үйлчилгээний чанар, мэдээллийн баяжилт, авахуулсан зураг бүрт тусах онгон дагшин байгаль дэндүү гайхалтай.

Иргэд нь илүү ядуу Зимбабве талдаа ч, иргэдийн амьжиргаа манайхны түвшинд байгаа Замби талдаа ч хүмүүс гар дээрээс бараа зарахгүй юм. Жуулчид хамгийн их зорин очдог аяллын цэгүүдийн ойролцоо нийтийн унааны зогсоол, нийтийн худалдааны цэг хамтдаа байрлах бөгөөд тухайн цэгүүдэд манай захын дүр зураг ноёлох аж. Замби талдаа худалдаа нь маш цэгцтэй, супермаркетийн зохион байгуулалттайбол, Зимбабвегийн ийм худалдааны байр манай хорооллын захуудын жижигрүүлсэн хувилбар шиг байв. Тэр зах руу нэг л орсон бол заавал юм авч гарахаас өөр аргагүй санагдлаа. Хүн бүхэн бараагаа өрж тавиад, тал талаас “Энийг аваарай”, “Энэ илүү гоё шүү”гээд шаагилдчихав. Хэрэв энэ олон хүнбараагаа бариад, хүрхрээний захаар зугаалуулахгүй шавсан бол яана. Түүнээс нь зугатаад хүрхрээ рүү хүн очихоо больчихвол яана гэж бодох мөчид надад Тэрхийн цагаан нуурын хөвөө санагдаж билээ !…

Б.ЭГШИГЛЭН

Categories
гадаад мэдээ

Гоо сайхнаа хадгалахын тулд 40 жил инээгээгүй эмэгтэй

Британийн иргэн эмэгтэй үрчлээтэй болохгүйн тулд 40 жилийн турш инээгээгүй тухай The Daily Mail сонин бичжээ. Тесс Кристиан (Tess Christian) гэдэг эмэгтэй 10 настайгаасаа эхлэн албаар инээхээ больсон байна.

Одоо 50 хүрч байгаа эмэгтэйн яриагаар энэ арга нь ботокс шахуулснаас хамаагүй дээр ажээ. Хөгшрөлтийн эсрэг хөтөлбөрийнхөө анхны үр дүнг тэрээр 40 насандаа харсан гэнэ. Үеийнхнээсээ хамаагүй залуухан харагдаж байжээ. Тэрээр өөрийн аргаа яг барьж ирсэн гэнэ. Охиноо төрөхөд ч инээгүй ажээ.

Түүний найз эрэгтэйд инээмтгий биш байдал нь таалагддаг бөгөөд харин найз нар нь түүнийг “Моно Лиза” гэж нэрлэсэн гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

Засгийн газрын хуралдаанаар Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталлаа. Улмаар хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Манай орны экспортын бүтээгдэхүүний 97 орчим хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай байгаа нь энэ салбарын бүтээгдэхүүн боловсруулах чадавх болон технологийг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшин 10-30 хувиас хэтрэхгүй байгаа ба ихэнх түүхий эдийг үнэ цэнэ шингээлгүй экспортолдог.

Иймд хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, үнэ цэнэ шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх шаардлагатай байна. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд үзүүлэх төрийн дэмжлэгийн хэлбэрийг,

-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай хүүгүй, нэг удаа олгох,

-Өндөр ашиг бүхий шинэ технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, импортыг орлох болон экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртлэх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа үйлдвэрт буцааж олгохоор тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

“Бодь групп” нэрийг хэн ч эзэмших эрхгүй болжээ

Монголд хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн ардчиллын үйл явцтай зэрэгцэн анхны хувийн компаниуд бий болсноос хойш даруй 25 жил өнгөрч байна. Компанийн хөгжлийн түүхийг Монголынхоо хөрсөн дээр бичилцэж яваа үндэсний компаниуд дотроос хөрөнгө оруулагчдынх нь хоорондын зөрчил ил өрнөж, өмч хөрөнгийн маргаан нь шүүх хүртлээ үргэлжлэн өндрөө авсан бараг анхны жишээ нь “Бодь” группийг тойрсон асуудал гэхэд болно.

Банк, санхүүгийн салбар, цаашлаад эдийн засгийн секторт ихээхэн нөлөө бүхий “Голомт” банкны хувь заяа яригдсан, олны танил улстөрч Л.Болдын карьер хөндөгдсөн гэдэг утгаараа шууд л бизнес, улстөрчдийн сонирхлыг татаж байсан. Тэгвэл хоёр жил шахам ил, далд өрнөсөн хөрөнгө оруулагчдын маргааны төгсгөл нь “Бодь” гэдэг брэнд нэрийг хэн эзэмших вэ гэдгээ шүүхээр шүүн хэлэлцүүлсэн явдал боллоо. Энэ маргааныг өнгөрсөн оны тавдугаар сард Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж эхэлсэн байдаг. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, энэ оны нэгдүгээр сард Улсын Дээд шүүхээр хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргасан байна. Гурван шатны шүүх нэг ижил шийдвэрийг гаргасан юм. Иргэн Л.Болдхуягийн нэр дээрх “Бодь групп” ХХК-ийн Улсын бүртгэлийг цуцлах нь зүйтэй гэсэн эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх өнгөрсөн сарын 26-нд гаргалаа.

Энд нэр дурдагдаж буй Л.Болдхуяг нь улстөрч Л.Болдын төрсөн дүү гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэдний зүгээс өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дагаж, “Бодь групп” гэдэг нэрийг ашиглах боломжгүй болсноо илэрхийлсэн.

Олон нийтэд нэгэнт танил болсон гэдэг утгаараа “Бодь” нэрийг тойрсон энэ маргааны учрыг тайлбарлахгүй бол хэрэглэгчдийн толгой эргэж байгаа нь нууц биш. Жишээ нь “Бодь даатгал” ХХК л гэхэд манайдаа машинтай хүн болгоны тал нь үйлчлүүлдэг компани.

Эх сурвалжийн тайлбарлаж байгаагаар өнөөдөр “Бодь” нэрийг эзэмшиж байгаа компаниуд жишээ нь “Бодь даатгал”ХХК, “Бодь инвест” ХХК, “Бодь цамхаг” ХХК зэрэг нь энэ нэрээ үргэлжлүүлэн эзэмших юм байна. Харин эдгээр “Бодь” нэртэй компаниудыг эзэмшиж байгаа Л.Болдхуяг нар өөрсдийн компанийн нэгдлийг “Бодь групп” гэх нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлээд байсныг шүүх үндэслэлгүй гэж үзэн цуцлах нь зүйтэй гэж үзжээ.

Шүүхийн шийдвэр яагаад ингэж гарсан, ингэснээр хэнд ямар ашигтай талаар ярихын өмнө нэг тайлбар хийх хэрэгтэй болов уу. Хуваагдсан хөрөнгө оруулагчдын нөгөө тал болох Д.Баясгалангийн эзэмшилд “Бодь интернэйшнл” ХХК үлдсэн бөгөөд тэрээр уг компаниа мөн энэ нэрээр нь эзэмших бололцоотой юм. Гэтэл тэрээр “Бодь групп” ХХК гэдэг компанийг Л.Болдхуяг, Л.Болд нар эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлээд байсныг эсэргүүцэн анх шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэрчлэн иргэн Д.Баясгалан яг энэ нэрээр буюу “Бодь групп” ХХК-ийн нэртэй компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр давхар хүсэлт гаргаснаар маргаан эхэлжээ.

Л.Болд, Л.Болдхуяг нарын аав С.Лувсанвандан гэдэг хүн анх 1989 онд “Бодь хоршоо” нэртэй бүрэн бус хариуцлагатай компанийг байгуулан оёдлын цех, жижиг дэлгүүр зэргийг ажиллуулж эхэлсний үндэс суурин дээр “Бодь” ХХК үүсч, улмаар түүний хүү Л.Болд 1996 онд “Бодь” ХХК-ийг төлөөлж иргэн Д.Баясгалан, иргэн М.Зоригт нартай хамтран “Бодь интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Ингэхдээ “иргэн Л.Болд” гэдгээр бус, харин “Бодь ХХК-ийг төлөөлж Л.Болд” гэдгээр компани үүсгэн байгуулах шийдвэр, гэрээнд гарын үсэг зурж оролцсон байдаг. Эдгээр баримт бичгүүдэд тусгасан хамгийн гол асуудал нь “Бодь” гэдэг нэр оролцуулж хараат болон охин компаниуд байгуулахыг үүсгэн байгуулагч “Бодь” ХХК зөвшөөрсөн байдаг. Хууль эрхзүйн холбогдох бичиг баримт талаас “Бодь” нэрээр дахиад компани байгуулах эрх нь “Бодь” ХХК-д буюу Л.Болд нарт байгаа гэж харагдаж байна. Харин анхан шатны шүүх уг маргаанд холбогдолгүй заалтыг үндэслэн Л.Болдхуягийн “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлахаар шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч нь үзэж байна. Ийм ч учраас Л.Болд, Л.Болдхуяг нар өөрсдийнх нь эрхийг хязгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан аж. Тэдний хувьд аавынх нь төрж, өссөн газар Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дахь Бодь толгой, Бодийн хар ус гэдэгтэй компанийнх нь нэр салшгүй холбоотой. Тэр тусмаа яг энэ нэрээр аав нь анх байгуулж, өвлүүлж үлдээсэн гэдэг утгаараа яах аргагүй нэрийг өмчлөх учиртай гэж өөрсдөө үзэж байгаагаа шүүхийн шатанд ч, хэвлэлээр ч ил тод илэрхийлсээр ирсэн.

Шүүхийн шийдвэр хэрхэн гарав?

Тэгвэл компанийн нэрийн маргааныг хэлэлцсэн анхан шатны шүүх Л.Болдхуягийн бүртгүүлсэн “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлахыг, улмаар иргэн Д.Баясгалангийн нэр дээр “Бодь групп” ХХК-ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан шийдвэр гаргаж байсан. Энэхүү шүүх хурлын бүтэн видео бичлэг нийтийн мэдээллийн сүлжээнд ил тавигдсан ба маргаанд оролцогч тал болох “Бодь” ХХК шүүх хурлын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, шууд нөгөө талын эрх ашгийг баримталсан шийдвэр гэж тухайн үед мэдэгдэж байжээ. Улмаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр илэрхий нэг талыг баримталсан гэх хөндлөнгийн шүүмжлэлийг дагалдаад “Л.Болд банкаа, компаниа, цаашлаад аавынхаа өгсөн нэрийг ч булаалгалаа” гэсэн ойлголт тодорхой хүрээнд бий болсон нь ч үнэн. Энэ бүхний дараа давж заалдах шатны шүүх асуудлыг хэлэлцэхдээ ёстой л “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэдэг байдлаар шийдвэр гаргасан гэлтэй. Учир юу гэхээр анхан шатны шүүхээс гаргасан “Л.Болдхуягийн нэр дээрх “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлах” шийдвэрийг хүчинтэй үлдээгээд “Д.Баясгалангийн нэр дээр “Бодь групп” ХХК”-ийг бүртгэхийг даалга” гэсэн шийдвэрийг нь хүчингүй болгожээ. “Ингээд булаалдаад байх юм бол аль аль нь хоосон хоцор” гэсэн байдлаар хандсан мэт. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр дунд бас нэг логикийн зөрчил байгаа нь иргэн Д.Баясгалангийн өмнөөс гомдол гаргасан “Бодь интернэйшл” ХХК-ийг итгэмжлэлгүй гэж үзсэн мөртлөө гаргасан гомдлынх нь мөрөөр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн явдал аж. Гэсэн хэдий ч Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.

Шүүхийн шийдвэр хэнд ямар ашигтай вэ?

Гурван ч шатны шүүхээр хэлэлцэн гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагахаа иргэн Л.Болдхуяг мэдэгдсэн ч “Бодь” нэртэй компаниудын нэгдэлдээ энэ нэрийг оноон өгөх эрхээ хаалгасандаа тэрээр мэдээж гомдолтой үлдсэн нь тодорхой. Нөгөө талд нэрийг булаацалдан гомдол гаргасан хуучин хувь эзэмшигч Д.Баясгалан ч уг нэрийг эзэмших эрхгүй болсондоо гонсгор байгаа биз. Гэхдээ гомдол гаргасан Д.Баясгалангийн хувьд нийгэмд “Болд” гэсэнтэй бараг адил уншигддаг “Бодь” хэмээх нэрийг цаашид өөрийн бизнестээ ашиглах чин хүсэлтэй гэдэг юу л бол. Ийм нөхцөлд “Бодь” гэсэн нэрээр цаашид үйл ажиллагаа явуулах нь бизнесийн үйл ажиллагаанд нь таатай нөхцөл, нэр хүнд авч ирэхгүй гэдгийг “Голомт” банкны тэргүүн Д.Баясгалан сайн мэдэх хүн.

Г.Ялгуун

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн удирдлагуудын зөвлөгөөн боллоо

ЦЕГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагууд оролцож байгаа юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар нээж үг хэлэн, цагдаагийн байгууллагын гэмт хэрэтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын уялдаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.

Зөвлөгөөн гурван өдөр үргэлжлэх юм байна.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Галзуу хурд-7” шинэ трейлерээ дэлгэлээ

“Галзуу хурд” цувралын гол дүрийн жүжигчин Пол Уолкер 2013 оны арванхоёрдугаар сард автын ослын улмаас нас барсан нь тус киноны цуврал долоодугаар анги гарах уу, үгүй юу гэсэн асуултыг бий болгоод байсан билээ. Гэхдээ тус киноны гол зураг авалтууд хэдийнэ хийгдсэн учраас “Галзуу хурд-7″ гарна. Гэхдээ үлдсэн зарим хэсгийн зураг авалтад талийгаачийн дүү 26 настай Коди Уолкерыг ахынх нь дүрд тоглуулахаар шийдсэн хэмээн кино багийнхан мэдэгдээд байсан юм.

Ийнхүү хүлээлт үүсгээд байгаа “Галзуу хурд -7″ киноны шинэ трейлерийг хүргэж байна. Уг кино ирэх дөрөвдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр товлоод байгаа юм.

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав” шинийн 4-нд болно

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг тогтоолоо
Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. “Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын 1-нд тус тус зохион байгуулна.
Баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг Сүхбаатар, төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, говийн бүсийнхийг Өмнөговь, хангайн бүсийн уралдааныг Булган аймагт 2015 оны долдугаар сарын 25-26-д, Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн олонхи нь Оюутолгой болон том төслүүдээ шийдэхийг дэмжлээ

Хөгжлийн замаа хамтдаа сонгоё санал асуулгын дүнг тоолж байгаа мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл дүн нэгтгэгджээ. Үүгээр санал асуулгад нийт 365.841 иргэн оролцсоноос 63.833 санал хүчингүй болжээ. Хүчинтэй саналыг тоолоход 56.1 хувь нь “1″-ийг сонгосон бол 43.9 хувь “2″-ийг сонгосон байна.

Тодруулбал, “1″ нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” зам бол “2″ нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” зам байсан юм. Ийнхүү Засгийн газраас санаачилсан Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын дүн эцэслэн гарлаа.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хөнгөлөлтийг зогсоолоо

Өнөөдөр иргэдийн гар утсанд УБЦЦ-аас “2015 оны төсөвт цахилгаанцахилгааны үнийн урамшуулалд зарцуулах хөрөнгө тусгагдаагүй тул урамшууллыг нэгдүгээр сараас зогсоосныг мэдэгдэж байна” гэсэн мессеж ирлээ.

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолоор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж, Агаарын тухай хуульд заасан нөхцөл, шалгуур хангасан айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх, хэрэглэгчийн төлбөрт тооцсон цахилгаан эрчим хүчний урамшуулал, хөнгөлөлтийн зөрүүг эрчим хүчний байгууллагад олгохыг Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Засгийн газраас дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны 11 дүгээр сард “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох журам”-ыг баталсан.

Журмаар төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тухайн онд цахилгааны үнийн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийн тооцоог нэгтгэн жил бүрийн Монгол улсын Төсвийн тухай хуульд тусгуулан шийдвэрлүүлж, цахилгаан эрчим хүчний урамшууллыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хангагч байгууллага болох УБЦТС ТӨХК-д олгож байхаар зохицуулсан.

Энэ онд цахилгааны үнийн урамшуулал, хөнгөлөлтийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт тусгуулах саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч улсын төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан урамшуулал олгоход шаардагдах хөрөнгө Улсын Их Хурлаас баталсан “2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд тусгагдаж батлагдаагүй тул УБЦТС ТӨХК нь хэрэглэгчидтэй байгуулсан гэрээг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Иймд цахилгааны үнийн хөнгөлөлт олгох үйл ажиллагаа 2015 оноос зогсох болсныг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгааны үнийн урамшуулал эдэлдэг хэрэглэгчдэдээ мэдэгдэж байгаа нь энэ аж.