Categories
мэдээ нийгэм

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 424 хүн амиа алджээ

Манай улсад ус цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн улмаас сүүлийн 12 жилд 424 хүний амь эрсдэж, 24.5 сая мал хорогдож, 564 тэрбум 191 сая 420 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Үүнээс амь насаа алдсан хүний 41.2% нь хүчтэй салхи шуурганд, 22.4% нь ширүүн аадар бороо, уруйн үерийн улмаас энджээ.

Сүүлийн хоёр жилийн дотор байгалийн онц ноцтой үзэгдэл 2013 оны долдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд хүчтэй аадар бороо, том мөндөр, нөөлөг салхи тохиолдсон бол 2014 оны долдугаар сарын 26-нд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт 300-400 метрийн өргөнтэй, 10 км орчим урт нутгийг хамарсан догшин хар салхи, ширүүн аадар бороо, 6 см орчим голчтой том мөндөр орсон юм.

Ийм төрлийн догшин хар салхи манай улсад 40 жилийн өмнө буюу 1974 оны долдугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Хүрх бригадад ажиглагдаж байжээ.

Түүнчлэн 2014 оны салхины хурдыг тогтоох цаг уурын станц, харуул байхгүй тул салхины хурд хэдэн м/сек хүрснийг нарийн тогтоогоогүй. АНУ-ын Чикаго их сургуулиас боловсруулсан хар салхины хүчийг учруулсан хохирлын байдлаар тодорхойлох хүснэгтээр дээрх хар салхины хурдыг тодорхойлбол энэ хар салхи F4 ангилалд багтах (сайн баригдсан байшин нурах, муу суурьтай байшин бут цохигдох, машин 10 метр шидэгдэх, мод булгарч, чулуу хийсэх) тул салхины хурд нь 58-72 м/с хүрсэн гэсэн ойролцоо тоо гаргасан байна.

Дээрх байгалийн аюултай үзэгдлүүдийн улмаас Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 3 тэрбум гаруй төгрөгийн, Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт болсон хар салхины улмаас 1 хүн амиа алдаж, 9 хүн гэмтэж, 198 мал үхэж, 5 байшин, 3 машин эвдэрсэн нийт 413 сая 523 мянган төгрөгийн хохирол тус тус учирчээ.

2014 онд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 12 хүн амь насаа алдаж, 20 хүн гэмтэж, 1019 мал хорогдсон бөгөөд улс нийгэмд 1 тэрбум 466 сая 40 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Categories
мэдээ нийгэм

ИНЕГ-ын дарга нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянана

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан гэх хэргийг энэ сарын 05-нд Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэнэ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт 6.6 жилийн хорих ял, “Электрон системс” компанийн захирал М.Батболдод долоон жилийн хорих ял оноосон юм. Хоёр шатны шүүхээс оноосон энэхүү ялыг шүүгдэгчид эсэргүүцэн ийнхүү Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм.

ИНЕГ-ын экс удирдлагуудын хэрхэн мөнгө угаасан талаар дэлгэрэнгүй мэдээлэхэд,

Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын явцад ИНЕГ-ын дээрхи удирдлагууд нь тус газрын харъяа “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг тендерт хууль бусаар шалгаруулсан болохыг шүүхээс тогтоосон. Улмаар улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь “HSBS” банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд буруутгагдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хилээр “мөс” нэвтрүүлсэн иргэд цагдаагийнхны хяналтад байжээ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхний мэдээллээр Буянт-Ухаа боомт дахь гаалийн ажилтнууд энэ сарын 1-ний үдэш гадаадаас ирсэн манай улсын иргэн Л-ийг шалгажээ.

Тэрбээр халаас болон тээшиндээ мансууруулах үйлчилгээтэй метамфетамины төрлийн “мөс” гэж нэрлэдэг бодис 20 граммыг нуун, улсын хилээр авч орж ирснийг илрүүлсэн байна. Л өмнө нь мансууруулах бодис хэрэглэдэг, худалддаг байж болзошгүй гэх сэжигтэй хүмүүсийн тоонд орсон, цагдаагийн байгууллагын хяналтад байсан нэгэн аж.

Энэ явдлаас хоёр хоногийн өмнө мөн л дээрх хэлтсийнхний мэдээллээр гаалийнхан манай улсын харьяат Б, Т, М нарыг 20 орчим грамм “мөс”, түүнийгээ татаж хэрэглэхэд зориулсан, мансуурагчид “бонго” гэж нэрлэдэг тусгай соруул зэргийг хилээр оруулж ирэхэд нь саатуулжээ.

Дээрх хүмүүс бүгд цагдаагийн байгууллагын хараа хяналтад байдаг, хоёр нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байсан гэнэ.

Categories
мэдээ улс-төр

“Хотын захиргааны шинэ төв” төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт Хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар болсон. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэх бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 19-нд тус цогцолборын шав тавьсан.
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” А/98 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Хотын захиргааны шинэ төв” төслийн барилгын ажил гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн баталсан бөгөөд ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм. 2015 оны 03 сарын 10-ны өдрийн дотор хэлэлцээрийг дуусгаж, гэрээг эцэслэн байгуулах бэлтгэл ажил хангахыг ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Мөн ажлын хэсгийн гэрээт ажилтнуудын цалин хөлс, орчуулга, бичиг хэрэг, техник хэрэгслийн болон бусад зардалд шаардлагатай 24 сая 860 мянган төгрөгийг Тамгын газрын өмгөөлөл, хуулийн зөвлөх үйлчилгээ, хууль сурталчлах зардлаас санхүүжүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө энэ оны долдугаар сард дуусна

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 2008 онд авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө 2015 оны долдугаар сард дуусах тул нэмэлт зээлийн хэлэлцээрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай болжээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, уг хэлэлцээрийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Энэхүү төслийг санхүүжүүлэх жилийн 0,2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил зэрэг нөхцөлтэй 28,8 тэрбум иенийн Зээлийн гэрээг Япон улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд 2008 оны тавдугаар сард үзэглэж, тус сарын 29-нд УИХ-аар баталж байжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн урилгаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сард манай улсад айлчлал хийх үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүлэх талаар хэлэлцэж, дутагдаж байгаа хөрөнгийг өмнөх зээлийн нөхцөлтэй ижил нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх зарчмын тохиролцоог хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хавдрын эсрэг үндэсний аяны нээлт болно

“Хавдрын эсрэг үндэсний аян 2015”-ны нээлтийн ажиллагаа өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болно. Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдартай гэж оношлогдож, 7,6 сая хүн энэ өвчний улмаас нас барж байна. Хорт хавдрын өвчлөл нас баралт дэлхий дахинд жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа юм. Үүнтэй адил манай улсад ч хорт хавдраар өвчлөх хүний тоо өсөн нэмэгдаж байгааг бид мэднэ. Тухайлбал Монгол Улсад дунджаар жилд 4200 орчим хорт хавдар шинээр оношлогдож байгаа бөгөөд 3000 орчим хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан нь хорт хавдар болж байгаа юм. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь төгс эмчилгээгүй буюу хавдрын эцсийн шат болох гурав, дөрөвдүгээр үедээ орсон хойно эмнэлэгт хандаж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулдаг.Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх тухай хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зэрэг нь ихээхэн ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эрүүгийн хуулийг 2002 онд баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Бээжин+20”-ийн өмнө бид юуг ярив? Хоёр

Үнэндээ монголчуудын хувьд гадаадын тэр дундаа Ази, Номхон далайн орнуудад тулгамдаад буй хүйсийн тэгш байдал алдагдсан зарим байдал бидэнд огтоос сонин биш байдаг. Бид дайн, мөргөлдөөнтэй орнуудад эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болдог зовлонг огт мэдэхгүй хүмүүс. Өнгөрөгч оны сүүлээр Тайландын Бангкок хотноо “Бээжин+20″-ийг хэрхэн сурвалжлах, жендерийн тэгш байдлын талаар ойлголт өгөх, охид залуучуудын асуудалд яаж хандах талаар сэтгүүлчдэд зориулан сургалтын үеэр олон сонин хүмүүстэй уулзуулж, амьдрал дээр асуудал ямар байгааг тэднээр яриулахаар хөтөлбөртөө тусгасан байсан билээ. Дайны хохирогч болсон Папуа Нью Гвинейгээс ирсэн эмэгтэйн зовлон бэрхшээлийн талаар монголчууд тэр бүр ойлгож чадахгүй болов уу. Яагаад гэвэл бид тийм зовлонг туулж үзээгүй учраас сэтгэлд буух ч үгүй. Гэтэл сүүлийн үед дайн болоосой гэж хөөрөлөгсөд манайд цөөнгүй болсон нь анзаарагдана. Дайнтай газрын зовлонг мэдрээгүй, дайн дажны ланчигийг гадарлаагүй хүмүүс ингэж гэнэхэн санадаг биз ээ. Гэтэл дайн мөргөлдөөн болоход хамгийн түрүүнд хүүхдүүд, эмэгтэйчүүд золиос болдог гунигтай түүхийг нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярих эмэгтэйн шимшрэм ярианаас ойлгосон билээ. Бас бидний мэдэхгүй асуудлууд ч Азийн бусад орнуудад асуудал болсоор байна. Лалын шашинтай орнуудад тухайлбал Индонезид гэрлээгүй эмэгтэй эмийн сангаас жирэмснээс хамгаалах эм худалдан авах эрх байхгүй. Гэр бүлгүй байж ийм алхам хийж болохгүй гэж шашны хатуу зарчим үйлчилдэг нь нөгөө талдаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Мөн охидоо бага насанд нь гэрлүүлдэг явдал Зүүн Өмнөд Азийн орнуудад их. Өмнөд Америкийн орнуудад 6.6 сая, Африкийн орнуудад 14 сая, Азийн орнуудад 31 сая гэсэн тоог харж болно. Азид Бангладеш, Энэтхэг, Непал, Афганистан толгой цохиж байх жишээтэй. Харин энэ судалгаан дээр араасаа Мальдив, Монгол, Вьетнам харагдана. Ер нь охид, эмэгтэйчүүдийн хувьд асуудал болж яригддаг олон сэдэв дээр манайх эерэг үзүүлэлттэй байдгийг онцлохоос аргагүй. Бага дунд боловсрол эзэмшиж буй байдлаараа Афганистаны охид, хөвгүүдийн харьцаа тэнгэр газар шиг зөрүүтэй. Энэтхэг, Пакистан, Иранд хөвгүүд нь сургуульд олноор хамрагддаг бол Тайланд, Самоа, Фижи, Монголд охид нь давуу байх жишээтэй. Охид, хөвгүүдийн бага дунд боловсрол эзэмшиж буй үзүүлэлтээр Фижи, Шри Ланка, Монгол гээд тэргүүлж байгаа нь харагдана. Дэлхийн долоон тэрбум хүний 1,8 тэрбум нь залуучууд, тэрхүү 1,8 тэрбумын 1,1 тэрбум нь Ази, Номхон далайн орнуудад амьдарч байгаа гэхээр энэ бүс нутгийнхан анхаарахаас аргагүй сэдвүүд олонтой. Бээжингийн тунхаглалд багтсан 12 тулгуур зарчмын асуудлын нэг бол эмэгтэйчүүд ба хэвлэл мэдээлэл. Ази, Номхон далайн орнуудад сэтгүүлчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд, хэвлэлийн компаниудын нэг нь эмэгтэй удирдагч эрхлэгчтэй ажээ. Харин манайд энэ салбарт ажиллагсдын 70 гаруй хувь нь эмэгтэй, өдөр тутмын сонинуудын бараг 90 орчим хувь нь эмэгтэй эрхлэгчтэй гэгддэг. Гэхдээ бидэнд бусадтай адил хүйсийн тэгш байдал алдагдсан, охид эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчигдөж байдаг асуудлууд ч бий. Эмэгтэйчүүдийн 70 хувь нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байдаг гэлцдэг. Энэ нь цохиж зодох, бэлгийн хүчирхийллээс гадна сэтгэл санааны, эдийн засгийн гээд бүх төрлийн хүчирхийллийн хэлбэр л дээ. Бас хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хөвгүүд өсч том болоод хүчирхийлэл үйлдэх нь ийм гэр бүлд өсөөгүй хөвгүүдтэй харьцуулахад гурав дахин их байдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Тэгэхээр эцэг, эхчүүдийн харилцаа, гэр бүлийн амьдрал ирээдүйн хүчирхийлэгчийг бий болгоход шууд нөлөөлдөг гэсэн үг. Дэлхийн долоон тэрбум хүнээс 600 сая гаруй хүн нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй улс орнуудад амьдардаг гэсэн тоог тэр үеэр ихээр онцолж байсан билээ. Харин тэдний гурван сая нь бид, манай Монгол Улс болж байгаа нь харамсалтай юм. Өмнөх Хууль зүйн сайдын үед нэлээд идэвхтэй яригдаж байсан энэ асуудлыг хуульчлах явдал мартагдаад өнгөрөхгүй байгаасай гэж бодогдож байсныг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Тэнд яригдаж байсан сэдвийн нэг бол яах аргагүй шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал. Гэхдээ жендер судлаачдын онцолдог гол зүйл бол үүнд хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийг олноор оруулах гээд байгаа хэрэг бус харин хоёр хүйсийн оролцоо аливаад тэгш байх нь хөгжлийн тулгуур, сайн засаглал байгуулах эхлэл болно хэмээдэг билээ. Ази, Номхон далайн 17 оронд эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо 10 хувиас бага, 20 оронд 10-20 хувьтай байгаа гэгддэг. Тэгэхээр бид өмнөх парламентад гурван хувьтай байснаа энэ парламентад 14 хувь болж өссөн болохоор арай дээр хувьтай хорин орны нэг болж чадсан гэсэн үг л дээ. Харин ажил эрхлэлтийн хувьд манай бүс нутагт ажилтай байгаа хүмүүсийг хүйсээр нь харьцуулахад 100:62 байдаг аж. Мэдээж 100 эрэгтэй ажилтай байхад 62 эмэгтэй ажилтай байна гэж ойлгож болно. Энэ мэт Ази, Номхон далайн орнуудад хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах тухайд хийх олон ажлууд байгааг “Бээжин+20″-ийн өмнөх уулзалтаараа орон орны төр засаг, нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид ярилцсан билээ. 2015 он бол одоогоос 20 жилийн өмнө цуглацгааж, Бээжингийн тунхаглалыг гаргаж байсан он цагаас байдал юугаар өөр болсныг хамтдаа хэлэлцэж, дараагийн 20 жилийн үйл ажиллагаагаа тодорхойлох түүхэн цаг хугацаа юм. Үнэндээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, нийгэмд тэдний оролцоог нэмэгдүүлэхээр эхэлж байсан 100 жилийн өмнөх тэмцэлтэй харьцуулахад байдал тун өөр болсон. Бас сүүлийн 20 жил хамгийн ололттой цаг хугацаа байсныг онцлохоос аргагүй. Харин энэ ололт бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэг-тэйчүүдийн байгууллага, ийм чиглэлд ажилладаг төрийн бус байгууллагуудын олон сая хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн билээ. Монголд ч энэ чиглэлд ажилладаг олон байгууллага байдгийн нэг нь Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан (ЛЭОС). Энэ байгууллага бол Монголын хамгийн анхны эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага гэдгээр нь хүмүүс мэддэг. Бас “Батзаяа ба түүний нөхөд”-ийн хошин шогт эхнэр нь нэлээд шударга зүйл яриад асуудалд шүүмжлэлтэй хандаж байхыг хараад нөхөр нь “Чи чинь одоо хаашаа юм бэ, ЛЭОС-ын гишүүн болчихсон юм уу” гэж хэлж байгаагаар гардаг. Үүнээс үзэхэд тухайн цаг үедээ яах ч аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага байсныг мэдэж болдог. Мөн 1996 оны УИХ-ын сонгуульд ЛЭОС-ийн таван эмэгтэй нь гишүүнээр сонгогдож байсан гэхээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг гаргаж ирэхэд онцгой үүрэг хүлээж байсан нь харагддаг. Хамгийн олон жил тууштай ажиллаж буй энэ байгууллагынхан НҮБ-ын UNWOMAN, Жендерийн тэгш байдлын сантай хамтран 2013-2015 онуудад “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийг хэрэг-жүүлж байгаа билээ. Тэд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд дээрх сургалтад хамрагдах сэтгүүлчийн сонгон шалгаруулалт зарласнаар миний бие Ази, Номхон далайн 20 орны 27 сэтгүүлчийг хамарсан уг сургалтад хамрагдах боломжтой болсон юм. Энэ боломжийг олгосон тус байгууллагынханд талархаж байгаагаа энэ дашрамд дуулгая.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Тариаланчид жагсаж байна

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон болон тариаланчид Чингисийн талбайд жагсаж байна. Тэд Монголд тарьсан буудай дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах болсон байхад гадаадаас импортлох шаардлагагүй гэж жагсаж байгаа юм.

“Монголын улаанбуудай чанартай. Импортоо зогсоо”, “Улаанбуудайн үнийг чөлөөл” зэрэг лоозон барьжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлтийн 2 дугаар ээлжийн бүртгэл ирэх даваа гарагт дуусна

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж үргэллжилж байна. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.
Шинэ 5 байршил
Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар
Баянзүрх, Их цуурайн ам 178 нэгж талбар
Баянзүрх, Бага цуурайн ам 154 нэгж талбар
Багануур, Тариан булаг 2-р хэсэг 6170 нэгж талбар
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг 2479 нэгж талбар
Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам 249 нэгж талбар
Багануур, Тариан булаг 1-р хэсэг 990 нэгж талбар
Багахангай, Бор-Үзүүр 192 нэгж талбар
Нийт: 13819 нэгж талбар
Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Бүртгэлтэй холбоотой асуудлаг 1800-1285, 11 320248 утсаар лавлаарай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.