Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн зургаан дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжлэнэ.
Month: February 2015
С.Хонгорзул
-ӨНГӨРСӨН САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨ ДОЛООН НАСТАЙ ОХИН ДҮҮГЭЭ АВРААДӨӨРӨӨ АМЬ ЭРСЭДСЭН ЮМ-
Билгийн тооллоор өдийд юм даа. Сар шинийн өмнө гэсэн үг. “Хоёр жаахан охин гэрээсээ төөрч, нэг нь амиа алджээ” гэдэг харамсалтай мэдээ манай сонины редакцид ирсэн. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан юм. Саахалтынхаа айлд сар шинийн буузыг нь чимхэлцэхээр явсан аав, ээжийнхээ араас бэдэрсэн долоо, таван настай хоёр охин гэрээсээ гурван км-ийн зайд төөрч, цасан шуурганд осгосон. Эгч нь малгайгаа тайлж дүүгийнх дээрээ давхарлан, дараа нь хүзүүнийхээ ороолтоор давхар ороосон байсан. Сүүлд нь хөвөнтэй майк, дотортой өмд, дээл гээд өмсөж явсан бүх хувцсаа дүүдээ давхарлаж өгөөд салхин талд нь бондойтол сууж байгаад бурхан болсон байсан юм. Эгчийнхээ хувцсыг давхарлаж өмссөн дүү нь яг хэвтүүлсэн газарт, талийгаачийн нөмөрт ухаан алдсан байсныг эрлийн баг олсон.
З.Сансарбаярынх
Эгч нь дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцсэн нь цасан шуурган дунд ганц дан нимгэн цамцтай үлдсэнээс нь илэрхий байсан. Дүү нь ч эгчийнхээ төлөө дээлийг нь сарвайж байгаад жаварт алгадуулж ухаан алдсан бололтой хоёр охины дунд жижигхэн дээл цасан дээр хэвтэж байсныг эрлийн багийнхан нулимс дуслуулан ярьж байв. Талийгаач охины баатарлаг үйлсийн талаар “Өдрийн сонин” өнгөрсөн оны гуравдугаар сард “Долоон настай охин дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцжээ” цуврал нийтлэл хүргэж байсан билээ. Уг нийтлэлийн мөрөөр эгчийнхээ ачаар амьд үлдсэн охинд олон хүн тусалсан. УГЖ С.Жавхлан хандивын тоглолт хийж орлогоо охины эмчилгээнд хандивлаж байлаа. “Нэг ардчилал клуб”-ийн залуус, “Төрийн тусгай хамгаалалтын газар”-ын албан хаагчдаас эхлээд дунд сургуулийн нэг ангийнхан хүртэл сэтгэлийн дэм өргөж, охины эмчилгээнд мөнгөн тусламж үзүүлснийг манай сонин тухай бүрт нь мэдээлж байсан. Олон түмний дэмээр, эмч нарын буянаар охин дөрвөн удаа мэс засалд орж хөл дээрээ босч чадсан. Одоо сургуулийн сурагч болсон. Гэхдээ охины баруун хөлийн тавхай, баруун гарын хурууг тайрахаас аргагүй байсан юм. Мэс засал хийж байхад нөхөгдөх магадлалтай гэж байсан ч охины гар, хөл нь мухар болжээ. Өнгөрсөн зун Солонгосын эмч нар ирээд “Нөхөн сэргээх мэс засал хийх боломжтой, хиймэл хуруу хийдэг. Хүүхэд битгий хэл том хүний гар хөлийг бүтэн болгосон туршлага бий” гээд буцжээ. Нөхөн сэргээх мэс заслын өртөг нэлээд өндөр гэдгийг ч учирласан байна. Охинд туслахаар БНСУ-ын Хүмүүнлэгийн Сарангбат хэмээх байгууллага солонгос иргэдээс хандив цуглуулж эхэлжээ. Ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл хандиваа өргөж болох юм байна. Одоогоор таван сая шахам вон цугласан байгаа мэдээ ирлээ. Монгол охины төлөөх солонгосчуудын сайхан сэтгэлийг дурьдалгүй өнгөрч болохгүй. Долоон настай эгчийнхээ ачаар амьд үлдсэн охиныг бүрэн эдгээчих юмсан гэсэн сэтгэл монголчуудад ч бий. Тиймээс бид охины аав ээжтэй холбоо барилаа.
ХЭДЭН МАЛАА ТУУЖ ИРЭЭД ХОТЫН ЗАХАД ТӨВХНӨЧИХӨЖ
С.Хонгорзулыг өнгөрсөн жил эмнэлэгт хоёр сар гаруй эмчлүүлж байхад холбоотой байсны хувьд аавынх нь утас руу залгалаа. Аав З.Сансарбаяр нь “Охиноо эмнэлэг, сургуультай ойр байлгая гээд хотод нүүгээд ирчихсэн. Манайхыг олох болов уу даа, Баянзүрх уулын энгэрт өвөлжиж байна. Айлын хашаанд байгаа болохоор хаягийг нь мэдэхгүй юм. Баянзүрхийн товчоогоор гараад “Ногоон зоорь”-ны ойролцоо ирээд яриарай” гэлээ. Заасан газарт нь очоод утас руу нь хэд, хэд залгалаа. Гэрийнх нь тэнд утасны сүлжээ сайн барьдаггүй болохоор салж, нийлээд сандаргалаа. Хайсаар очвол юуных нь хашаа байх вэ, Баянзүрх хайрханы энгэрт гурван айл өвөлжөөнд байгаа юм шиг буучихаж. Харин малын хашаа зассан байна лээ. З.Сансарбаярынх том гэрээ төлөг, борлонгийн “пин” болгожээ. Бог малаа хашаанд хашдаг гэнэ. Гэрийнхээ гадна жаахан мод овоолчихож. Хэдэн борлон гэр нөмөрлөнө. Тээр хол хотны нохойгоо уячихаж.
Гэрийн эзэнтэй мэнд мэдэлцэж ойр зуурын яриа өрнүүллээ. Тэр зуурт С.Хонгорзул охин зүүн орон дээрээ цомцойн сууна. Зүүн гараараа баруун гараа тас атгачихаж. Ер тавихгүй юм. Ээж нь “Миний охин аяга аваад өг” гэхтэй зэрэгцэн ухасхийж хоёр аяга угаагаад өглөө. Аягыг мухар гараараа эвлэгхэн барьж байгаад угаачих юм. Аав нь “Охин бид хоёр өнгөрсөн цагаан сараас хойш хотод, эмнэлэгт хаваржсан шүү дээ. Олныхоо дэмээр охиноо хөл дээр нь босгоод тавдугаар сард харьсан. Хариад хэдэн ямаагаа самнаж аваад хот руу дөхье гэж шийдсэн хэрэг. Хөдөө байхаар талийгаач охиндоо харамсаад барахгүй юм билээ. Үлдсэн муу охиноо, түүнийхээ ах эгчийг хот газар бараадуулъя гээд хэдэн малаа туугаад ирсэн. Малтай айл хотод амьдрах хэцүү юм. Хамаатныхыгаа бараадаад хүүхдийн сургуульд ойр гээд энд төвхнөсөн. Ирснийхээ дараа гурван үхрээ хулгайд алдчихсан. Одоо хэдэн богоо хариулаад болж л байна” гэж ярилаа.
Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь 18 настай. Коллеж төгссөнийхөө дараа цэцэрлэгийн туслах багшийн сургалтад суусан гэнэ. “Ядаж энийгээ ажилд оруулчихвал нэмэртэй юм. Гэтэл цэцэрлэгийн туслах багшийн ажил олддоггүй. Бид гурав, гурвуулаа ажилгүй. Яваандаа хотод дасах биз ээ” гэж гэрийн эзэгтэй ярианд оролцов. Удаах хүү нь долоон настай. Өнгөрсөн жил сургуульд оруулсан ч С.Хонгорзулыг олон сар эмчлүүлэхэд бүлгүйдээд гаргачихсан гэнэ. Тиймээс одоо С.Хонгорзултай хамт нэгдүгээр ангид сурч байгаа. Тэр хоёр “Баянзүрх цогцолбор бага сургууль”-д сурдаг юм байна. Гэрээсээ хоёр, гурван км алхаж байж сургуульдаа хүрдэг бололтой юм.
С.Хонгорзул: БАРУУН ГАРААРАА БИЧМЭЭР САНАГДДАГ
С.Хонгорзул тун дуу цөөнтэй юм. Ээж нь “Олон хүн ирэхээр дуугаа хураачихдаг юм. Гэрийнхэн дундаа бол сэргэлэн, яриа хөөрөө сайтай” гэлээ. С.Хонгорзул бид хоёрын дунд ийм яриа өрнөлөө.
-Сургуулийн сурагч болчихож ээ. Хамгийн сүүлд ямар үсэг үзсэн бэ. Их гоё бичдэг юм байна.
-Шаазгай гэдэг үгэнд ордог Ш үсэг үзсэн. Багш намайг зүүн гараараа бичиж сур гээд байгаа. Би зүүн гараараа бичиж сурч л байгаа. Гэхдээ баруун гараараа бичмээр санагдаад байдаг юм. Балаа эрхий хуруу, гар хоёрынхоо дунд хавчуулаад бичиж чадна. Танд бичиж үзүүлэх үү (Ингэж хэлээд мухар гараараа эвлэгхэн гэдэг нь Ш үсэг бичиж үзүүллээ).
-Мундаг охин байна. Миний дүү ямар мэргэжилтэй болох вэ?
-Эмч болно. Гэхдээ хүүхдийн эмч.
-Яагаад?
-Намайг эмчилсэн Эрболд, Бат-Эрдэнэ хоёр ах шигээ мундаг эмч болно (Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн их эмч). Тэгээд тэр хоёр шиг олон хүүхдийг эмчилнэ. Бас Эрболд, Бат-Эрдэнэ хоёр эмчдээ баярлалаа гэв. Ингэж ярьсныхаа дараа Хонгороо бидэнд сургуульд сурсан дуугаа дуулж, шүлгээ уншиж өглөө.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН
Хэнри Бэкюрэл Парис дахь лабораторидаа нэг боодол ураны давсыг шургуулган дээрх фото зургийн цаасан дээр санамсаргүйгээр тавиад үлдээчихэж л дээ. Энэ бол 1896 онд болсон явдал. Дараахан нь өнөөхөө харталдавс тавьсан хэсэг дээр хальсыг яг л гэрэлд цохиулчихсан юм шиг дүрс үлдчихсэн байж. Тэгээд яагаад ийм болов гэдгийг шалгаж тодруулах үүргийг Польшоос цагаачилж ирсэн доктoрантМари Кюрид өгчээ. Шинжлэх ухаанд өөрийн гэсэн тод мөртэй, Нобелийн шагналтэхнэр, нөхөр хоёр гэдгээрээ хүн төрөлхтний түүхэндбичигдэж үлдсэн Мари Кюри, Пьер Кюри нарзарим төрлийн чулуулагжингээ алдахгүй хэрнээ ер бусын цацрагийг тогтвортойгоор ялгаруулдагийг тогтоосон нь ийм санамсаргүй тохиолдоос эхлэлтэй. Энэ явдлаас хойш арван жилийн дараа агуу Эйнштейн өнөө чулуулаг массаа эрчим хүч болгон ялгаруулж байгаа гэсэн тайлбар хийсэн байдаг. Мари Кюри энэ үзэгдлийг цацраг идэвх гэж нэрлэсэн юм. Тэд судалгааныхаа явцадхоёр шинэ элемент нээж,нэгийг нь полони, нөгөөг нь ради гэж нэрлэжээ. Цөмийн эрчим хүчний түүхийн эхлэл нь гэвэл энэ.
Хүн төрөлхтнийн мөнхийн хэрэглээ бол эрчим хүч. Дулаан тохитой амьдрах, хоол тэжээлээ бэлдэх, машин унах, гар утас, нөүтбүкээ цэнэглэх гээд хөгжиж дэвших алхам бүрд л эрчим хүч хэрэг болдог. Жилээс жилд өсч байгаа хүн төрөлхтөнд цаг хугацаа өнгөрөх бүр эрчим хүч илүү их хэмжээгээр хэрэг болж байгаа. Дэлхийн хүн ам 2050 онд есөн тэрбум давна гэсэн тооцоо бий. Тэгвэл өнөөдрөөс бараг хоёр дахин илүү хэмжээний эрчим хүч хүн төрөлхтөнд хэрэг болно гэсэн үг. Мэдээж дэлхийд эрчим хүчнийолон эх үүсвэр бий. Байгалийн хий, нүүрс, газрын тос, салхи, нар, ус, цөмийн гээд дурдвал өчнөөн л дөө. Эдгээр эх үүсвэрүүдээс эрчим хүч гаргаж авахын тулд шууд шатааж хэрэглэдэг учраас хэрэглээ нь ихсэх тусам хэмжээ нь багасахаас гадна агаар мандалд их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг.Сэргээгдэх эрчим хүчний хувьд нөөц нь хэзээ ч шавхагдашгүй гэдэг ч жигд ажиллаж, эрчим хүч байнга ялгаруулдаггүй гэсэн дутагдалтай тал бий. Бас жил ирэх бүр асуудал болж буй дэлхийн дулаарлаас үүдэж гол, горхи, нуурын ус ширгэж эхэлсэн гэх асуудал бий.
Хүн төрөлхтөн одоогоор эрчим хүчний бүх төрлийг хэрэглэдэг. “2014 оны Дэлхийн эрчим хүч Би Пи статистикийн тайлан”-д нэгтгэснээр 2013 оны дэлхийн эрчим хүчний хэрэглээг хувьчилж гаргасан байна. Эрчим хүчний нийт хэрэглээний 33 хувийг газрын тос, 30 хувийг нүүрс, 24 хувийг байгалийн хий, 10 хувийг био эрчим хүч, 4 хувийг цөмийн эрчим хүч, 7 хувийг усан цахилгаан станц, 1 хувийг салхи, 1 хувийг газрын халуун болон биомасснаас гарган авч буй эрчим хүч, 1 хүрэхгүй хувийг нар, био түлш эзэлж байна.
Сая дурдсан эх үүсвэрүүдэд ямарсул тал байгаагөмнө онцолсон. Харин одоо цөмийн эрчим хүчинд тэдэнд байхгүй ямар давуу талууд байгааг сонирхъё. Нүүрс шиг утаа гаргаж агаар бохирдуулахгүй, тэр хэрээрээ дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй хүлэмжийн хий ялгарлыг нэмэгдүүлэхгүй, бага зардлаар тогтвортойгоор эрчим хүч гаргах боломжтой зэрэг олон давуу тал цөмийн эрчим хүчинд бий. Хүлэмжийн хий ялгарсанаас болж дэлхийн дулаарал нэмэгдэж байгаа. Сүүлийн 100 жилийн турш дэлхийн дундаж температур 0.6 хэмээр өссөн гэх баримт бий. Хэрвээ хүнтөрөлхтөн агаар мандалдяг одоогийнх шигээ хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулсаар байвал энэ зууны эцсээр агаарын температур 1.5-6 хэм хүртэл нэмэгдэж магадгүй гэсэн таамаг анхаарал татаж байна. Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ үр дагавар эмгэнэлтэйгээр төгсч болзошгүй гэсэн үг. Дэлхийн дулаарлаас үүдсэн сөрөг үр дагаврууд аль хэдийнэ гараад эхэлчихсэн. Зарим нэг нүүдлийн шувуу өвөлжихөөр өмнө зүгийг зорихоо болиод удаж байгаа. Халуун бүсийн загасны зарим нэг төрөл Европт үзэгдэх болсон гэх барим тавим мэдээлэл байна. За тэгээд мөсөн уул хайлснаар энэ зууны сүүл гэхэд далайн түвшин нэг метрээр нэмэгдэж,дэлхийн бөмбөрцгийн зарим нэг арал, хуурай газрыг усанд автуулахаас эхлээд олон эрсдэл хүн төрөлхтний өмнө тулаад ирчихсэн. Тэгэхээр яг одооноос нүүрсхүчлийн хийг багасгах ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй болсон гэсэн үг. Мэдээж жил ирэх бүр нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээнээсээ татгалзах арга хүн төрөлхтөнд байхгүй. Ингээд бодохоор нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг цахилгаан станц үйлдвэрлэх гарц л бидний өмнө байна.
Ингэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчийг л түлхүү ашиглах шаардлага гарч ирж байгаа юм. Хүн төрөлхтөн ч цөмийн эрчим хүч ашиглахыг илүүд үзэж эхэлснийг тодорхой баримттайгаар онцолъё.
Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчийг хямд эрчим хүч үйлдвэрлэдэг, ажиллагааны зардал багатай гэдгээр нь жил ирэх бүр л чухалчилж байна. Наад захын жишээ гэхэд л АНУ. АНУ 100 ширхэг цөмийн реактортой бөгөөд нэмж 5-ыг барьж байна. ОХУ10-ыг барьж, 14-ийг барихаар төлөвлөснөө дэлхийд зарласан. БНСУ 5-ыг барьж, зургааг төлөвлөж байна. БНХАУ, Энэтхэг, Англи, Канадчцөмийн эрчим хүчний реакторууд барьж байна. Хөгжижбуйорнууд ч цөмийн эрчим хүчийг сонирхож байгаа. Вьетнам гэхэд л 2020 онд ашиглалтад оруулах 4 атомын цахилгаан станцынхаа хоёрыг ОХУ-ын, үлдсэн хоёрыг нь Японы тусламжтайгаар барих ажилдаа оржээ. Арабын Нэгдсэн Эмират улс 1400 МВт чадалтай дөрвөн реактор бүхий цөмийн цахилгаан станц барьж, 2020 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа. Тус улс20.4 тэрбум долларын өртөгтэй гэрээг БНСУ-тай байгуулаад ажилдаа ороод байгаа юм. Иордан 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар бэлтгэл ажилдаа орсон. Тэнд дэд бүтэц байгуулах ажил өрнөж байна. Түрк 1200 МВт чадалтай цөмийн эрчим хүчний реактор барихаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна. Гурван цөмийн реактортай Пакистан улс 2-ыг барьж, нэмж 2-ыг барихаар төлөвлөж байна. Казахстан Улс 300-1200 МВт-ын чадал бүхий цөмийн реакторуудтай атомын цахилгаан станц барихдаа ОХУ-тай хамтрахаар 2014 онд гэрээ байгуулаад байна. Цөмийн эрчим хүчийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж эхэлсэн улс ч өчнөө. Жишээ дурдвал Индонез, Египет, Бангладеш байна. Нефть, байгалийн хий, нүүрсний маш их нөөцтэй орнууд ч цөмийн эрчим хүчийг чухалчилж байгаа нь өртөг багатай, хүлэмжийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүч бол хамгийн зөв хувилбар гэж хүлээн зөвшөөрснийх.
Төв аймгийнхан олон шинэ зүйлийг санаачлан бүтээж, 2013 онд шилдэг аймгаар шалгарсан юм. Төв аймгийн Зуунмод сумын “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн Орон нутгийн зохицуулагч Г.Бямбадоржтой ярилцлаа.
-Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сумд иргэний оролцоог хөгжүүлэх асуудал дээр Азийн сантай хамтран ажиллаж ирлээ. Нийт хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хичнээн хүн хамрагдаад байна вэ ?
-Манай аймгийн Зуунмод, Сэргэлэн, Алтанбулаг сумууд өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн АНУ-ын Азийн сантай хамтран ажиллаж байна. Зуунмод суманд “Хоггүй хот-Хөгжлийн эхлэл”, “Нийтийн тээврийн шинэчлэл”, “Иргэний танхимын журам”, Алтанбулаг суманд “Хогны журам”-ын хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулж, дөрвөн зуу гаруй иргэд оролцсон.
-Иргэний танхимын хэлэлцүүлгүүдийн мөрөөр авсан арга хэмжээ, иргэдийн санал амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна?
-“Хоггүй хот-Хөгжлийн эхлэл” хэлэлцүүлгийн үр дүнд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 10 тоот тогтоолоор хог хаягдлын үнэ тарифд өөрчлөлт орж, нэгдсэн хогийн цэгийг хашаажуулсан. “Нийтийн тээврийн шинэчлэл” хэлэлцүүлгийн үр дүнд сумын Засаг даргын 2013 оны А\104 тоот захирамжаар таксины үнийн тариф шинэчлэн батлагдсан. Ингэснээр жолооч нар үнэ тариф тогтоохоо больж, нэгдсэн тарифтай болсонд иргэд сэтгэл хангалуун байгаа. Мөн “Иргэний танхимын журам”-ын хэлэлцүүлгийг хийсний үр дүнд иргэд тулгамдсан асуудлаа иргэний танхимаар дамжуулан хэлэлцэж, улмаар нутгийн удирдлагаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой болсон нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал алхам болсон.
-ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөтөлбөрүүдэд иргэдийн саналыг хэрхэн тусгаж байна вэ? Иргэдийн оролцоо, хяналт танай суманд ямар түвшинд хэрэгжиж байна?
-Иргэд эхлээд багийн ИНХ-д өөрийн баг, орон нутагтаа юуг хийж бүтээх саналаа илэрхийлж, тухайн хурлаас дэмжигдсэн саналууд сумын ЗДТГ-т ирж байгаа. ЗДТГ эрэмбэлсэн саналуудыг нэгтгэн, ИТХ-аар хэлэлцүүлж батлуулдаг. ИТХ-ын төлөөлөгч иргэдийг төлөөлөх гэж сонгогдсон учраас ИНХ-аар дэмжигдсэн саналуудыг үгүйсгэх учиргүй юм. Тиймээс иргэдийн санал, санаачилга бол эцсийн шийдвэр байх ёстой. ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд дээр иргэдийн төлөөлөл болж хяналт тавин ажиллах “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг долоон гишүүнтэйгээр Зуунмод сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс гуравдугаар сард байгуулж, суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавин, илтгэх хуудас бичиж, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд мэдээлж байна.
-Иргэдийн санаачилгаар сайн дурын иргэдийн бүлэг, зөвлөл бий болсон уу?
Зуунмод сумын иргэдийн идэвхи, оролцоо өнгөрсөн онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэн. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, санал бодлоо илэрхийлэх, олон нийтийн эрх ашгийн төлөө санаачлага гаргах зэрэгт оролцоо нь нэмэгдэж, манай сум өдрөөс өдөрт өнгө нэмж байна. Баг бүрд идэвхитэй иргэд олон бий. Зуунмод сумын 3, 5, 6-р багуудад иргэдийн сайн дурын бүлгүүд бий болж, хамтран хөдөлмөр эрхэлж, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг зарим иргэдийн бүлэг гүйцэтгэж байна. Ажилгүй залуучууд эдгээр иргэдийн бүлэгт нэгдэж орсноор ажил хөдөлмөр эрхэлж, мэргэшил, чадвартай болж, амьдралаа аваад явчихаарболж байгаа нь хамгийн сайхан юм даа.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн оролцоо руу чиглэсэн ямар ажил хийгдэж байна?
-Иргэдийн оролцоог нийгмийн хариуцлага гэж ойлгодог. Оролцоотой иргэн байж нийгэмд юу нь болж, юу нь болохгүй байгааг ил тод, нээлттэй илэрхийлж, түүнийг нь нутгийн удирдлага шат, шатандаа засаж залруулж, хариуцлагатай нийгэм өөрөө бий болно. Энэ бүхний гол зангилаа нь ардчилал учраас иргэдийн оролцоо нөгөө талаараа ардчиллын үндэс гэж ойлгодог. Зуунмод сумын иргэдийн хувьд өрхийн эмнэлгийн үйлчилгээ маш чухал асуудал. Энэ асуудлыг 1, 5-р багуудын ИНХ-аар хэлэлцүүлж, иргэд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхэд тулгамддаг чухал таван асуудлыг дэвшүүлж, 1, 5-р багуудын нийт иргэдийн тав хүртэлх хувьд түүвэрчилсэн судалгааны аргаар иргэдийн онооны картаар хэмжилт хийсэн. Үнэлгээний үр дүнг танилцуулах, цаашдын арга хэмжээнүүдийг хэлэлцэх зорилгоор сумын Засаг дарга Ж.Цэндсүрэн, ИТХ-ын төлөөлөгчид, үнэлгээний багийн гишүүд, өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтүүдийг оролцуулсан нүүр тулсан уулзалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулсан нь алдаа онооноосоо суралцах, иргэдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулахад чухал алхам болсон.
-Азийн сангийн төслийн хүрээнд хийгдэж байгаа бусад сургалтууд, тэдгээрийн ач холбогдлын тухайд?
-Мэдээлэлтэй хүн хүчтэй. Тиймээс мэдэх эрх, мэдээлэл олж авах нь том боломж. Гэвч зарим иргэд эрхээ тэр бүр эдэлж чаддаггүй, мэддэггүй. Үүнээс болж өөрсдөө нийгмийн харилцаанаас хөндийрдөг. Мэдэх эрхийн сургалтыг эхлээд Зуунмод сумын зургаан багийн Засаг дарга, хэсгийн ахлагч, багийн зохион байгуулагч, олон нийтийн байцаагч болон иргэдтэй хамгийн их харилцдаг албан хаагчдын дунд зохион байгуулсан, давхардсан тоогоор 450 гаруй иргэдэд сургалт явуулсан. Сэргэлэн, Алтанбулаг сумын 60 иргэнд “Мэдэх эрхийн сургалт”-ыг зохион байгуулсан. Иргэн өөрт шаардлагатай мэдээллийг хэрхэн, хэзээ, хаанаас олж болох талаар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”-ийн талаар Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран “Хууль сурталчлах өдөрлөг”-ийн хүрээнд зохион байгуулсан. Мөн Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн дунд “Хөтлөх урлаг”-ийн сургалтыг саяхан Зуунмод хотноо Азийн сан, Шууд ардчилал хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Сургалтыг Шууд ардчиллын хүрээлэнгийнхэн чанарын өндөр түвшинд, хүртээмжтэй явуулснаар иргэдтэй тулж ажилладаг дээрх хүмүүсийн харилцааны болон хурал, хэлэлцүүлэг хөтлөх, удирдах ур чадвар нэмэгдсэн. Энэ дашрамд Азийн сан болон Шууд ардчилал хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье. Ер нь иргэн хүн хувь хүний ухамсар, ёс зүйг чанд баримталж, эрх үүргээ ухамсарлаж, хамгийн гол нь нийгмийн харилцааны гол субъект талаасаа нийгмийн өндөр оролцоотой байвал улс орны хөгжил дэвшилд оруулж байгаа чухал хөрөнгө оруулалт болно гэж боддог.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье!
Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн үр дүнг сайжруулахад төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Төрийн бус байгууллагууд нь орчны тохижилт, хог цэвэрлэгээ, тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тохижилт үйлчилгээний байгууллагуудын ажлыг үнэлж, чанарыг сайжруулах юм. Цаашид ч төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа. Гэрээний гүйцэтгэлийг 14 хоног тутамд Захирагчийн ажлын алба авч давхар хяналт тавих юм.
Мөн хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, цэцэрлэгжүүлэлтэнд хяналт тавиулж технологийн горимыг мөрдөж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулна. Энэ ажилд оролцох хүсэлтэй байгууллагууд 2015 оны хоёрдугаар сарын 25 хүртэл Захирагчийн ажлын албанд хандах боломжтой.
Захиалагч байгууллага: |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба |
Төслийн нэр: |
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог цэвэрлэгээ, айл өрх, ААНБ-ын хог тээвэрлэлт, ААНБ-ын гадна тохижилт, цэвэрлэгээний ажилд хяналт тавих, судалгаа хийх |
Зорилго: |
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн үр дүнг сайжруулахад төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлж, орчны тохижилт, хог цэвэрлэгээ, тээврийн үйлчилгээнд тэдгээрээр хяналт тавиулах, тохижилт үйлчилгээний байгууллагуудын ажлыг үнэлж, чанарыг сайжруулах нь энэхүү төслийн зорилго болно. |
Хийгдэх ажил: |
Төрийн бус байгууллага нь тохижилт, цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, холбогдох судалгаа, дүн шинжилгээ хийж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 14 хоног тутам тайлагнана. Үүнд:
|
Хугацаа: |
2015 оны 3 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл |
Тавигдах шаардлага: |
Хамтран ажиллах санал ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
|
Бүрдүүлэх материал: |
|
Материал хүлээн авах: |
2015 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 17.00 цаг хүртэл |
Баабар ингэж өгүүлэв
Чойбалсангийн намтар бол ХХ зууныэхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдралын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дэх магадгүй хамгийн ээдрээт үе. Ээдрээтэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыгулстөр-нийгмийн амьдралаастусгайлан өгүүлэх аргагүй.
Тусгаар тогтнолоо шинэ тутам сэргээсэн Богд хаант Монгол Улсын Засгийн газраас ирээдүйн залуу үеэ гадаадад боловсрол эзэмшүүлэхээр шийдэж Эрхүүгийн гимназид Чойбалсан нарыг илгээснээс эхлээд Хятадын гамин цэргийн хүчирхийллээс Хаант засгаа хамгаалах үндэсний хөдөлгөөн дугуйлан, ардын хувьсгал, хүчээр тулгагдсан коммунист хүчирхийлэл, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтнол, Кремлийн гарт хөнөөгдсөн монгол удирдагчдын цувааны сүүлч хүртэлх тэр түүхийг хамт ярихаас өөр аргагүй юм. Нөгөө талаас сүм хийд, мөргөлийн газар хэсэн бадарчлах хагас хуврагийн сурталтай зуйгуул эрсийн хэв шинжээс, нийгмийн амьдралыг сонирхон хуруу хушуу дүрэлцэж эхлэх үе, гэнэт засаглалын оройд гарсан ч иргэншсэн улс төрийн туршлага дутан балмагдах цаг, хүчирхэг этгээдийн бодлогын гар хөл болж хүлэгдэх тавиланг хүртэлх монгол улстөрчийн өсөлтийн ээдрээт замнал ч түүний намтраар дамжин тодроод ирнэ.
Ийм учраас эл Хорлоогийн Чойбалсан хэмээх энэ бүтээл нь Чойбалсангийн намтраар дамжуулан өгүүлэх ХХ зууны Монголын эхний 50 жилийн түүх болон бичигдэх учиртай болов. Энэ номондоо ХХ зууны Монголын эхний хагасын түүхийг тэр чигээр нь багтаахыг зорилоо. Энэ үе нь монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүх юм. Энэ түүхэн үе Чойбалсан хэмээх бие хүнгүйгээр хоосон орон зай болно. Учир нь энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Чойбалсан байсан. Ерөөс Чойбалсангүйгээр өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол Улсыг төсөөлөхөд нэн бэрх.
1636 онд монголчуудын өмнөд хэсэг тухайн үедээ хүчирхэгжиж байсан манж нарын мэдэлд орсон. Тэднийг Манж Чин улсад хамаарах өөрийн газар нутаг гэсэн утгатайгаар “Дотоод Монгол” гэх болжээ. Энэ үед оросууд Сибирийг колончилж, Байгал нуур орчмын уудам газрыг өөрийн болгов. Санкт-Петербургт ч, Бээжинд ч үл хамаарах Монголын энэхүү төв хэсгийг манж болон хятадууд өөрт нь хамаагүй буюу гадны нутаг гэсэн утгаар “Гадаад Монгол” гэж нэрлэх болсон нь “Outer Мongolia”, “Вэй Монгу”, “Внешняя Монголия”, “Сото Монгору” гэх мэтчилэн хэл хэлнээ орчуулагдаж 300 шахам жилийн турш олон улсын албан нэршил болж байв. Нэршил тогтсоноос хойш 60 жилийн дараа Халх, 120 жилийн дараа Ойрд нь Манж Чин улсын вассал болсон авч энэ нэр халагдаагүй. Чойбалсан чухамхүү Хятадын ч биш, Оросын ч биш энэ Гадаад Монголыг тусгаар тогтнуулахын төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан юм. Гадаад Монголын умарт хэсэг Урианхайн хязгаар буюу Тагна-Тува алдагдсан боловч юутай ч 1946 онд нэг сая таванзуун жаран дөрвөн мянган ам километр нутгаа de juri тусгаар тогтнуулж юун түрүүн хоёр хөршөөрөө, цаашлаад дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн болгож чадсан билээ. Өнөөгийн бие даасан тусгаар Монгол Улсыг буй болгоход Богд хаан, Дамбийжаа, Намнансүрэн, Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан, Бадамдорж, Унгерн фон Штэрнбэрг, Найдан ван, Цэвээн тэргүүн, Магсаржав, Данзан, Бодоо, Ринчино, Жамсрано, Дамбадорж, Сталин, Гэндэн, Дэмид, Ворошилов, Молотов, Амар зэрэг олон түүхэн хүний оролцоо, чармайлт, зүтгэлхавсарсан ч чухамдаа Чойбалсан л эцсийн барианд хүргэсэн юм.
Нэг талаас ХХ зууны эхний хагасын түүх бичлэг болсон энэ номд “чойбалсангүй” хэсэг маш их бий. Чойбалсангийн намтрыг туурвихын тулд гол дэвсгэр нь болсон тухайн үеийн нийгэм-улс төрийн нөхцөл болон байдлыг тодотгож өгөхгүйгээр хэтэрхий өрөөсгөл, дэндүү уялдаагүй болно гэж зохиогч үзсэн юм. Чойбалсан 1934 он хүртэл Монголын удирдлагын хүрээнд үргэлж хоёрдугаар зэрэглэлд явж байжээ. Энэ үе хүртэл Монголыг Коминтерн удирдаж байсан юм. Тэдний хувьд Монгол нь коммунист туршилт тавих талбар байлаа. Гэвч энэ туршилт эмгэнэлтэйгээр төгссөөн. Ард түмэн энэ туршилтын эсрэг бослого гаргаж, улмаар иргэний дайнд хүрэв.
Ингээд 1932 оноос Монголын асуудалд бүтэл муутай Коминтернийг дахиж оролцохыг Сталин тас хориглож асуудлыг өөрөө гардахаар шийджээ. Ийнхүү Монголын асуудлыг большевик намын Улс төрийн товчооны мэдэлд шилжүүлж, товчооны гишүүн Ворошилов биечлэн хариуцах болов. Сталин Монголыг коммунист туршилтын талбар гэхээсээ ЗХУ-ыг Хятад, Японоос тусгаарлах жийргэвч бүс гэж харсан юм. Ийнхүү монголчууд туршилтын туулай байснаа больж, хүчирхэг гүрнүүдийн геополитик өрсөлдөөний хараанд өртлөө. Хорвоогийн байдал улам улмаар хурцдаж, дэлхийн дайн ойртож байсан цаг.
Сталин эхнээсээ Монголыг өөртөө нэгтгэхийг хүсээгүй. Тэнхлэгийн гүрнүүдийн гол төлөөлөгчийн нэг болох Японтой байлдаж буй Хятад нь Гадаад Монголыг өөрийн алдагдсан нутаг гэж үзэж байсан. Харин Сталины хувьд өмнө талд нь буй Хятад, дорно талд нь буй Японоос тусгаарлан жийрэглэсэн тусгаар тогтносон Монгол Улс хэрэгтэй байлаа. Гэхдээ тэр шинэ хөрш нь өөрийнх нь үнэнч холбоотон төдийгүй ижил үзэл сурталтай, гарынх нь дохиогоор хөдөлдөг боол байх учиртай. Шанд нь монголчуудад тусгаар тогтнол бэлэглэнэ. Сталины энэ зорилго, энэ логикийг Монголын удирдагч Гэндэн, Амар нар ойлгосонгүй. Чухам иймээс л түүний сонголт Чойбалсан дээр туссан юм.
Чойбалсан Сталиныг ойлгосон гэхээсээ түүнд барьцаалагдсан. Үүнд түүний хувийн зан чанар ч их нөлөөлсөн юм. Тиймдээ ч гар хөлөө эргэлт буцалтгүйгээр цусан далайд гүнзгий дүржээ. Эхэндээ тэрээр үүнийг өөрийг нь басамжилсан этгээдүүдээс хариугаа авах сайхан далим гэж харж байв. Дараа нь Монголын төлөөх ариун зорилго нүгэлт үйлдлийг нь зөвтгөнө гэж итгэх болсон. Эцэст нь нүглээ ойлгож сэтгэлдээ гүн шарх авсан. Чойбалсан бол эсрэг тэсрэг зөрчлийн золиос. Тэрээр нэг талаас эмгэнэлт цаг үеийн цуст золиос, нөгөө талаас түүхэн цаг үед тодорсон баатар.
Цөөхөн хүн амтай Монгол улсын эрчүүдийн тав тутмын нэгийг егүүтгэсэн аюумшигт хядлагын шийдвэрлэх биш гэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн түүнийг яаж ч өмөөрөөд зөвтгөх аргагүй. Гэхдээ тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсыг байгуулахад шийдвэрлэх биш гэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн түүний түүхэн гавьяаг яаж ч харлуулаад баллуурдаж чадахгүй. Чойбалсан бол ял, гавьяа хоёроо хойч үедээ үлдээсэн түүхэн хүн.
Зохиолыг хянан тохинуулалцаж, үнэт зөвлөлгөө өгч байсан Баяр.С, Гомбосүрэн.Ц, Очирбат.П, Хангай.Л, Хашчулуун.П, Цэнддоо.Б нарын хүмүүст гүн талархал илэрхийлье.
2015 оны нэгдүгээр сарын 13. ЗОХИОГЧ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015″ өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2015 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаанд Арьс, шир үйлдвэрлэлийн холбоо, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, Сүү ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, Алтан тариа ХК, Оргио ХХК, Саян-Уул ХХК, Мах маркет ХХК, Мах импекс ХХК, “Миш маш” ХХК, Тэсо ХХК, Траст трейд ХХК, Хүнс комплекс ХХК, Очир дагинас ХХК, Грийн сити ХХК, Best shoes ХХК, Чансаа гутлын дэлгүүр, Эксклюзив ХХК, Старри Скай ХХК гэх мэт компаниуд оролцоно. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс, шир, ноос, ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд, ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” хэмээн тодорхойлсон нь “мэргэжлээрээ ажиллах” гэсэн ойлголтыг “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэх ойлголтоор хэт явцууруулан хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн эрхийг хязгаарлаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнөх дунд суудлын хуралдаанаасаа гаргасан билээ.
Гэвч Монгол Улсын Их Хурал Цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцээд заримыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн холбогдох тогтоол гаргасан байна.
Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг дахин хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Хип хоп сонирхогч залуус та бүхэндээ нэгэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. Та бидний сонсох дуртай хайртай хамтлаг болох “Outlaw” хамтлаг Хайрын баярт зориулсан “Санахын нэр” VIP тоглолт хийх гэж байна. Уг тоглолтыг Outlaw хамтлаг шинэ цомогийнхоо нэрээр нэрлэсэн бөгөөд залуус та бидний тэмдэглэн өнгөрөөх дуртай Гэгээн валентины баярыг тохиолдуулан нийт Монголынхоо хосууддаа зориулан 2015.02.14- нд 20:00 цагаас Vegas night club-т зүрх сэтгэл, дурсамжинд хоногшсон тэр л дуунуудаараа Live үдшийг хамтдаа гайхалтай сайхан өнгөрүүлэхээр болоод байна.
OUTLAW хамтлагтай зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байсан та бүхнийг шинэхэн цомгийн баярыг хуваалцаж “Гэгээн Валентин”-ы баярын нэгэн доргио үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтонд Хишигдалай, Сүнс хамтлаг, Ice-Man, 3 Бүдүүн, Зоригт гэх мэт хамтлаг дуучид оролцох бөгөөд “Outlaw” хамтлагийхан Хит болсон дуунуудаа амьд хөгжмийн “Аадар” хамтлагтай хийсэн шинэхэн найруулгаар хүргэхээс гадна олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.
Тасалбарыг 14-ны өдрөө Vegas night club-аас худалдан авч болох бөгөөд 20,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ.
– Монгол БНХАУ-ын хоккейчид маргааш VII байрын төлөө тоглоно.-
ОХУ-ын Хабаровск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай хоккейчид хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Латвийн багтай өнөөдөр тоглосон ч 5:11-ээр хожигдлоо. Латвийн баг Унгарын багтай шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Нөгөө хэсгээс Эстони, Нидерландын багууд шалгарчээ.
Манайхан тоглолтыг муугүй эхэлсэн ч дунд үед дараалан гоол алдсанаар эмх цэгцээ алдаж, улмаар хоёр ч тоглогч талбайгаас хөөгджээ. Хүн дутуу ч тоглолтоо дуусгасан байна.
Харин манай хоккейчид маргааш БНХАУ-тай VII байрын төлөө тоглох юм.
ДАШТ-ий “В” ангилалд есөн баг өрсөлдөж байгаагаас “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан.
Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар удирдуулсан манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгийг Нидерланд тэргүүлсэн бол Герман, Монгол, БНХАУ удаалав. Сомалийн баг нэг ч хожил авалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
II.01
Монгол –БНХАУ 3:2
Герман – Монгол 4:2
II.02
Монгол – Сомали 14:0
II.03
Нидерланд – Монгол 0:0 (Тоглолтын бичлэгийг ЭНД-с үзнэ үү.)
II.04
Латви – Монгол 11:5
II.05
V байрын төлөө Герман -Япон
VII байрын төлөө БНХАУ- Монгол
Хагас шигшээ:
Эстони-Нидерланд
Латви-Унгар