Categories
мэдээ соёл-урлаг

“Хамтран амьдрагч” УСК өнөдөр нээлтээ хийнэ

Үзэгчдийг байлдан дагуулж байсан дэлгэцийн бүтээлүүд болох “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Тагнуулч аав” киноны Продюсер МУГЖ Д.Хүрэлхүүгийн 4 дэх уран бүтээл болох “Хамтран амьдрагч” УСК 2-р сарын 6нд бүх театруудын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. Тус кино нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд олон олон чадварлаг жүжигчдийг бүрдүүлж чадсан гайхалтай уран бүтээл болсоныг дуулгахад таатай байна. Учир нь нэгэн үе нэг тайзнаас хамтдаа үзэгчдийн алга ташилтыг хүртэж байсан авъяаслаг жүжигчид болох Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар 8 жилийн дараа дэлгэцийн уран бүтээлд хамт дүр бүтээжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно

Монголын хөрөнгийн биржийн Арилжааны танхимд 2015 оны 2 дугаар сарын 6-аас 7-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд болно. Тус өдөрлөгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны компаниуд болон хувьцаат компаниудын төлөөлөл оролцож, үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх болно. Үүнд:
• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
• Ногдол ашгийн мэдээ
• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
• Үнэт цаас гаргагчдад зориулсан зөвлөгөө
• Брокерийн данс нээх үйлчилгээ
• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой/
• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг бүртгэн авч шийдвэрлэх
• Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын танилцуулга

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар цом” эхэллээ

Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн өнөөдөр Чингисийн мөсөн талбайд эхэллээ. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд ОХУ, Монголоос хоёр, БНХАУ, Финляндаас нэг нийт зургаан баг оролцож байна. “Улаанбаатар цом” тэмцээн болж буй хоккейн талбайг олон улсын стандарын дагуу барьсан бөгөөд өнгөрсөн сард өсвөр, залуучуудын тэмцээнийг зохион байгуулжээ.

Categories
мэдээ спорт

Д.Болдбаатар “Алдарын од”-оор шагнуулжээ

Автоспортын олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар өнөөдөр Батлан хамгаалах тусгай нийгэмлэгийн дээд шагнал “Алдарын од” шагнал хүртлээ. Тэрбээр автомашин, мотоциклийн олимп гэгддэг “Дакар ралли”-ийн мотоциклийн төрөлд гурван удаа оролцож, 2014, 2015 оны уралдаануудыг амжилттай дуусган, finish медаль хүртсэн манай шилдэг тамирчдын нэг билээ. “Дакар ралли-2014″ уралдаанд ОУХМ Д.Болдбаатар 47 дугаар байрт орж, Ази тивийн тамирчин мотоциклийн төрөлд эхний 50 дугаар байрт шалгарсан хоёр дахь тохиолдол болж, тивийн дээд амжилтыг давтаж байсан. Мөн Олон улсын “Ралли Монголиа” уралдаанд тав дахь удаагаа түрүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

Ажлын цагт өөрчлөлт орлоо

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөх юм.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэж болно

Автотээврийн үндэсний төв нь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар явуулдаг. Ингэснээрээ автомашинаа техникийн хяналтанд оруулах гэсэн иргэдийн дундах дараалал харьцангуй буурдаг давуу талтай.

Тэгвэл Автотээврийн үндэсний төв нь “Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэл”-ийг амралтын өдрүүдэд явуулахаар шийдвэрлэжээ.

Эхний ээлжинд тус төвийн “Баянгол” автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн салбар төвийн байранд энэ сарын 07 буюу ирэх бямба, ням гаригуудад 09.00-18.00 цагуудад ажлын өдрүүдэд 08.00-18.00 цагуудад ажиллаж байна.

Тиймээс шинээр автомашин худалдан авсан иргэд болоод бусдад тээврийн хэрэгслээ шилжүүлж байгаа иргэн амралтын өдөр ч ажлаа амжуулах боломжтой болж байгаа юм.

Хаяг: Техникийн хяналтын үзлэгийн төвийн “Баянгол салбар”-ын дэргэд “Хөсөг трейд”-ийн байрны 1 давхарт

Categories
мэдээ улс-төр

Монгол хэлний хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдана. Энэ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай хуралдана/:

  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

2.“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3.Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

4.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.НОМТОЙБАЯР танилцуулна.

5.Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАРтанилцуулна.

6.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын шадар сайд У.ХҮРЭЛСҮХ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

7.Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Уул, уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

8.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

9.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

10.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.
Categories
мэдээ нийгэм

1072 хувьцааны талаар мэдээлэл хийнэ

Монголын хөрөнгийн биржээс санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудтай хамтран анх удаа “Үнэт цаасны зах зээлийн нээттэй өдөрлөг” өнөөдөр эхэлж байна. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа Таван толгой ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улсын сайдын ажлын албаны дарга Б. Цогтгэрэл олон нийтэд шинэ мэдээлэл өгөх ажээ. Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд зохион байгуулах өдөрлөгийн үеэр олимпийн аварга Э. Бадар-Ууган болон нэр алдартай зарим хүмүүст хувьцааны багцыг бэлэглэж, хувьцааны арилжаанд оролцох эхлэлийг тавих гэнэ. Түүнчлэн өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрөнгийн зах зээлээс мөнгө олох боломж, ногдол ашгийн мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерийн болон төлбөр тооцооны данс нээх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуулт, санал хүсэлтэд хариулт өгөх боломжтой юм байна.

Categories
мэдээ спорт

Хоккейчид VII байрт шалгарлаа

ОХУ-ын Хабаровск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манай хоккейчид өнөөдөр урд хөршийн багтай тоглож, 7:5-аар хожиж VII байрт орлоо. БНХАУ-ын баг VIII, Сомалийн хоккейчид IX байр эзлэв.

ДАШТ-ий “В” ангилалд есөн баг өрсөлдсөнөөс “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан. Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар удирдуулсан хоккейчид уг тэмцээнд гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол авлаа.

Манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм.

2015 оны ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ багт “Отгон од” клубийн “Хасын хүлгүүд”-ээс 11, “Багануур”-аас дөрөв, “Шарын гол”-оос гурван тамирчин багтжээ.

Манай хоккейчид ДАШТ-д долоо дахь удаагаа оролцсоноос 2007-2010 онд хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлж байв. Харин өнгөрсөн жил “В” ангиллын “В” хэсэгт Герман (3:1), Украин (7:2), Сомалийг (12:1)-ээр хожиж, Японд (2:3) ялагдаж, дэд байрт шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

15 настай хүү 29 айлаас хулгай хийжээ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид бусдын эд зүйлийг залилан мэхлэх замаар хулгай хийдэг этгээдийн хэргийг илрүүлжээ. Энэхүү хэргийг 15 настай иргэн О бусадтай бүлэглэн үйлдсэн болох мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Гэмт этгээдүүд бага насны хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь “Цонхнуудын чинь хэмжээг авах гэсэн юм”, “Халуун ус байвал мөнгөөр нь авъя” гэх зэрэг үг хэлж анхаарлыг нь сарниулан алт мөнгөн эдлэл, хөөрөг, зөөврийн компьтер зэрэг эд зүйлсийг нь хулгайлдаг байжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ Хар-Хорин, Нарантуул зэрэг зах дээр аваачин, зарж борлуулдаг байсныг нь илрүүлсэн байна.

О нарын бүлэг этгээдүүд одоогоор 29 айлаас иймэрхүү аргаар хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Эмээтэйгээ амьдардаг 15 настай хүүг анх С гэх таньдаг ах нь энэ хэрэгт, буруу зам руу уруу татсан гэнэ. Эцэг, эхийн хараа хяналтгүй, настай хүний асрамжинд байдаг хүү ийнхүү томчуудаар заалгасан залилан мэхлэх аргаараа мөнгө олж олон айлыг хохироожээ.

Иргэд та бүхнийг бага насны хүүхдийг гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.