Сошиал сүлжээний Твиттер групп 2014 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа гаргалаа. Тус компани дөрөвдүгээр улиралд 125 сая доллар алдагдал хүлээсэн нь аналистуудын хүлээж байснаас ч их дүнд хүрчээ. Түүнчлэн 2014 оны туршид нийт алдагдлын хэмжээ нь 479 сая долларт хүрсэн байна. Алдагдлын хэмжээ дөрөвдүгээр улиралд өмнөх улирлынхаас 95 хувиар огцом өссөнөөр ийнхүү алдагдал нь нэмэгджээ. Гэхдээ энэ он гарсаар эхний нэг сард твиттер хэрэглэгчдийн тоо 20 хувиар өсч, дэлхий даяар 288 саяд хүрсэн байна.
Month: February 2015
Өчигдөр 17:25 минутын орчимд Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Дашваанжил газ”-ын агуулахад дэлбэрэлт болсон байна. Улмаар уг барилга нурсан бөгөөд үүний улмаас хоёр хүн хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас гадагшаа шидэгдсэн хоёр баллон байсныг цагдаагийнхан үзлэг хийгээд эд мөрийн баримтаар хураан авчээ. Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүн тухайн Дашваанжил газад ажилладаг бөгөөд З гэх эрэгтэй нь бензин түгээгч, харин Н гэх эмэгтэй бол уг обьектын эрхлэгчээр ажилладаг хүмүүс аж.
Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргалаа. Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг. Ийнхүү замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гарагт, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 8, 15-ны ням гарагт 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийгдэнэ.
Гадаад худалдааны тэнцэл 2006 оноос хойш алдагдалтай гарсаар өнөөг хүрсэн. Он гарснаар экспорт нэмэгдэж, импорт давхар буурсан нь худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн талаар албаны хүн мэдээллээ. Манай улсын экспортын дүн 2014 онд 35 хувиар буюу 1.5 ам.доллараар өссөн байгаа. Экспорт нэмэгдэхэд нэгдүгээрт, Оюутолгой төслийн экспортын үйл ажиллагаа жигдэрсэн, хоёрдугаарт мөнгөжөөгүй алт болон боловсруулаагүй нефтийн гарц ихэссэн нь нөлөөлжээ. Харин импорт 2014 онд өмнөх оноосоо 18%-иар буюу 1.1 тэрбум ам.доллараар буурсан байгаа. Импорт буурахад уул уурхайн томоохон төслүүд бүтээн байгуулалтын шат дууссан, нефтийн бүтээгдэхүүн үнэ дэлхийн зах зээлд буурсан, төгрөгийн ханшаар дамжин хэрэглээний зарим бүтээгдэхүүний импортод тохиргоо хийгдэж байгаа зэрэг нь гол үзүүлэлт болжээ. Цаашид гадаад худалдааны ашиг нэмэгдэх эерэг дүр зураг харагдаж байна.
Яг одоо “Нарантуул” зах дээр нийтийн тээвэрт үйлчилдэг жижиг оврын автобусны жолооч нар жагсаал зохион байгуулж байна. Тэд ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс нийтийн тээвэрт үйлчлэх эрхгүй болж байгаа учир ийнхүү жагсаж эсэргүүцлээ илэрхийлж буй аж. Жагсагчдын хэлж буйгаагаар “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн микро автобусыг Нарантуул зах руу шугаманд явуулахгүй гэсэн. Биднийг алслагдсан хороо, уулын мухар луу шугаманд явуулна гэсэн амьдралд нийцэхгүй зүйл ярьж байна. Үүнийг эсэргүүцэн жагсаж байна” гэв.
Тэд ирэх долоо хоногт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлт тавих юм байна. Хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.
“Баргажин-III” наадам болно
Дорнод аймагт Халх, буриад, барга, үзэмчин ястан эх орныхоо зүүн хязгаарт эзний ёсоор аж төрсөөр ирсэн. Буриад зон “Алтаргана”, баргачууд “Баргажин”, үзэмчин ястан “Алтан дөрөө” наадмыг 2-4 жилийн хугацаатай тус зохион байгуулдаг. Тэгвэл Барга угсаатны соёл урлагийн “Баргажин-III” наадам ирэх зургаадугаар сарын 17-21-ний өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Баргажин, Зурукман аймгуудад болох ажээ. Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн ИТХ-ын дарга тогтоол гаргаж, ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн “Баргажин-III” наадмаас өмнө зохион байгуулагч талтай холбогдон мэдээлэл солилцох, угсаатны талаарх эрдэм шинжилгээний болон урлаг соёлын арга хэмжээг өндөр түвшинд цомхон бэлтгэх, наадамд оролцогчдын аяллын маршрут, цаг хугацааг тодорхойлох асуудлуудыг онцгой анхаарах, төлөвлөгөөний дагуу ажлуудаа зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм байна.
Аливаа өвчнийг оношлоход улам бүр хялбар болж байна. Саяхан Колумбын Их сургуулийн эрдэмтэд ухаалаг гар утасны тусламжтайгаар 15 минутын дотор ХДХВ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг оношлох шинэ технологи нээсэн байна. Одоогоор эдгээр өвчнийг оношлоход зориулсан машиныг 18 мянган ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэж байгаа бол эрдэмтдийн бүтээсэн шинэ технологи ердөө 34 ам.долларын үнэтэй байх гэнэ.
“Science Translational Medicine” сэтгүүлд бичсэнээр эрдэмтэд Руандагийн 96 өвчтөнд энэхүү шинэ технологийн туршилтыг явуулсан бөгөөд шинжилгээний дүн лабораторид хийсэн шинжилгээний хариутай 92-100 хувь таарсан гэжээ. Ийнхүү оношлогооний энгийн технологи нэвтрэснээр өвчнөөс шалтгаалсан эрт нас баралт, өвчлөл эхээс урагт дамжих зэрэг эрсдлийг таслан зогсоох боломжтой болж байгаа аж.
Хэрэв энэхүү төхөөрөмж албан ёсны шалгуурт тэнцвэл ДЭМБ бэлгийн замын халдварт өвчинд ихээр нэрвэгдсэн улсуудад ашиглах магадгүй гэнэ.
Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд өчигдөр /2015,02,05/ 960 суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 4 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Эрдмийн далай” цогцолбор сургууль хамгийн ачаалалтай нь бөгөөд шинэ сургуульд шилжин ирэгсдийн дийлэнх нь “Эрдмийн далай” цогцолбор сургуулиас иржээ. Шинэ сургууль өдгөө 1-11 дүгээр ангийн 750 хүүхэд, 60 багш, ажиллагсадтай нэг ээлжээр хичээллэж байна. “Ийнхүү нэг ээлжээр хичээллэж байгаа нь БСШУЯ-аас хэрэгжүүлж буй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж, орчин нөхцөл бүрдэж байна” гэж сургуулийн захирал Энхбаяр нээлтийн үеэр онцоллоо.
“Монкон” компанийн хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад өгч буй сургууль нь БСШУЯ-ны санхүүжилтээр 4.4 тэрбум төгрөгийн өртөгөөр баригджээ. Энэ онд БСШУЯ-аас тус сургууль спорт заалыг барих санхүүжилтийг шийдэж өгөхөөр боллоо.
Хэн хаана авсан нь тодорхойгүй энэ зураг өнөөдөр цахим ертөнцөд шуугиан дэгдээж, хүн бүрийг зүрхийг шимширүүлж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн. Экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байсан билээ.
Оны өмнөхөн ОХУ манай улсаас мах импортлохгүй болсон талаарх мэдээлэл тус улсын мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. ОХУ манай улсаас экспортын мах авахаа бүрмөсөн болиогүй бөгөөд шалгалтаар зарим нэг шаардлага тавьж, 10 үйлдвэрийн махны экспортыг түр хугацаанд царцаагаад байгаа талаар албаны хүн мэдээлсэн юм. ОХУ-руу мах экспортлох боломжтой 12 үйлдвэрээс 2 үйлдвэр стандартад тэнцсэн байна. Өнгөрөгч онд нийт 2.6 мянган тонн махыг тамгалсан бөгөөд 11-р сарын 7-нд экспортолжээ. Хэдий оросууд өөрсдөө үйлдвэрүүдэд ажиллаж хяналт тавьж байгаа ч манай дотоодын үйлдвэрүүд цаашдаа савлах, ангилах үйлдвэрийнхээ дутагдлыг засч, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах шаардлагатай байгаа аж.
Махны экспортыг ямар шалтгаанаар зогсоох болсон талаар албаны хүнээс тодруулахад “ОХУ импортолж буй махандаа ариун цэвэр, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зэрэг маш өндөр шаардлага тавьдаг. Тиймээс манай үйлдвэрүүд зарим нэг ахуйн стандартыг нь хангахгүй байна. Тухайлбал, бэлтгэсэн махаа хадгалах, бэлдэх тал дээр шаардлага сайн хангахгүй байгаагаас гадна Орос улс дэлхийн олон орноос экспортын мах авдаг тул тэр хэмжээний стандарт, шаардлагыг тавьж байгаа. Оросын тал үйлдвэр тус бүр дээр илэрч байгаа зөрчлөө арилгаад зургаар баримтжуулан мэргэжлийн хяналтын бичигтэй хүргүүлбэл махны экспортыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа” гэж хэлсэн юм.