Цаг уурын орчны шинжилгээний газраас цаг агаарын дулааралтай холбоотой гол мөрний мөс нимгэрч, цөмрөх аюултай байгаа тул орон нутагт зорчихдоо баталгаат зам, гүүрээр зорчихыг анхааруулж байна. Жишээлбэл: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа гол Дархан хот орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 2-5 см нимгэрчээ.
Month: February 2015
Монголын хүүхдийн ордон салбар дугуйлангуудаа хотын захын дүүргүүдэд байгуулахаар болжээ. Энэ ажлын эхлэл болгож Баянхошуунд салбараа нээсэн байна.
Уг салбар нь таван танхим, арван багштай бөгөөд хамгийн эхний өдөр гэхэд л 30 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Тэгэхээр улиралд 540 гаруй хүүхэд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Энэ салбарт дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиол зэрэг 5-6 дугуйлан хичээллэх гэнэ. Харин эдгээр дугуйлан үнэ төлбөргүй хичээллэх юм.
Алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналду болон түүний найз бүсгүй болох нэрт загвар өмсөгч Ирина Шейк нарын харилцаа таван жил үргэлжилсний дараагаар хосууд салах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэдний салсан шалтгааныг Роналду-гийн ээжтэй холбон тайлбарлаж байсан ч албан ёсны хэвлэлийн төлөөлөгч нь энэ байдал ээжтэй нь ямар ч хамааралгүй болохыг хэлсэн юм.
Харин сүүлийн өдрүүдэд бас нэгэн шуугиан дэгдээд байгаа нь алдарт загвар өмсөгч бүсгүй маань шинэхэн дурлалтайгаа учирсан бөгөөд үүнийгээ олон нийтээс нуухгүй байгаа гэнэ шүү.
Засгийн газрын хэрэг эрхлэх дарга С.Баярцогтыг УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр “Засгийн газрын хэрэг эрхлэх дарга С.Баярцогтын гарын үсэгтэй “Эрдэнэс Оюутолгой” ТӨХ-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter law firm” нэртэй, гэр бүлийн хоёр гишүүнтэй компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтыг 2015 оны төсөвт суулгасан” гэж бичсэн байна.
Хан Уул дүүргийн нутагт “Торгоны зам” цогцолборын бүтээн байгуулалтыг хийж байгаа. Өнөөдөр энэ бүтээн байгуулалтын эхний хэсгийг албан ёсоор нээх үйл ажиллагаа боллоо. Одоогоор цогцолборын газарт уран барималч Ё.Далх-Очирын урласан ганцхан тэмээ байгаа юм. Цогцолборын хүрээнд цаашид дөрвөн тэмээг урлаж, тухайн хэсэгт цэцэрлэгжүүлэлтийг хийх юм.
Уг бүтээн байгуулалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн холбоо хамтран хийж байгаа аж.
Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Х.Монголжин охин Засгийн газрын үнэт цааснаас нэг сая төгрөгөөр худалдан авах эрх олголоо. Энэхүү эрхийг өнөөдөр болсон “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм. Дашрамд дуулгахад өнгөрсөн онд Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 375,5 мянган ширхэг үнэт цаасыг 36,1 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Япон улсад айлчлахаар боллоо. Энэ нь түүний гадаад улсад хийж буй анхны айлчлал болж байна. Тэрээр айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Японы парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзана. Мөн Монгол Улсын Засгийн гаазр Японы гадаад худалдааг дэмжих байгууллагатай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцохын зэрэгцээ албаны бусад хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Дашваанжил ХХК-ийн бараа материалын агуулахын барилгад өчигдөр 19 цаг 26 минутын үед шингэрүүлсэн шатдаг хийн баллон дэлбэрсэн хэрэг гарсныг бид мэдээлсэн. Дэлбэрэлт ашиглалтын технологийн горим зөрчигдсөнөөс болсон гэж урьдчилан дүгнэж байгаа ажээ. Барилгын дотор ажиллаж байсан 38 настай эмэгтэй Н, 25 настай эрэгтэй Ц нар нүүрэн хэсгээрээ түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт эмчлүүлж байна. Дэлбэрэлтийн улмаас тус барилгын хойд талын хана болон дээвэр нурсан, хананд цууралт үүссэн бөгөөд уг барилгыг цаашид ашиглах боломжгүй болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас тухайн газарт хяналт шалгалт зохион байгуулж, агуулахын үйл ажиллагааг зогсоожээ. Дэлбэрэлт үүссэн шалтгаан, барилгын эвдрэлийн зэрэг, хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
СТА жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн бүтээж буй “Wolf totem” киноны гол дүрүүдийн нэгийг бүтээсэн юм.
“Чонон сүлд” киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлсэн бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулжээ.
2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү кино өдгөө Өвөрмонголд зураг авалтуудаа хийсэн. Тус кино энэ сарын дөрвөнд нээлтээ хийсэн юм. Жүжигчин Р.Анхням хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголд гарах эрхээ худалдаж авлаа. Гуравдугаар сараас кино театруудаас гарч эхлэх байх” гэжээ.
Ашигт малтмалын газар /АМГ/-т өнгөрсөн сарын 26-наас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн. Цахим олголтод аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн саналын дагуу хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн талаар АМГ-аас мэдээлэл хийлээ.
АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа “Энэ хугацаанд 536 аж ахуй нэгж VPN төхөөрөмж авч, 458 нь системд нэвтрэх эрх авсан байна. Өнөөдрийн байдлаар 90 өргөдлийн дугаар олгосноос 71 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. 13 цахим дугаар авсан байгууллага цагтаа өргөдлөө өгөөгүй, зургаан аж ахуй нэгж нэгж солбилцлоо буруу оруулсан тул өргөдлийг хүлээн авч бүртгээгүй. Ингээд 47 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тул аймгийн Засаг даргын санал авахаар шилжүүлээд байна. Мөн Аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн удаа дараагийн санал хүсэлтийг үндэслэн, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн өнжөөд 30 дугаар олгодог байсныг 120 болгохоор зохицуулсан. Ингэсээр долоо хоног бүрийн даваа гаригт 120 дугаар олгож, ажлын бусад дөрөв хоногт өргөдөл хүлээн авч, хянан үздэг болох юм. Өөрчлөлттэй уялдан өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт орохгүй. Хоёр долоо хоногт системд нэвтрэх эрх 500 мянган төгрөг, хоёр сар бол хоёр сая төгрөг хэвээр байна” гэж мэдээллээ.
Мөн аймаг, сум, планшетийн кодыг сонгож оруулахад хүндрэлтэй байна, цаг алдаж байна гэсэн хүсэлтийг харгалзан кодыг шууд шивж оруулдаг болгосон байна. Цахимаар өргөдлийн дугаар олгох системийн хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс ситем хөгжүүлэх шатнаас эхлэн Кибер аюулгүй байдлын газраар хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг мөн тус газрын удирдлагууд онцоллоо.