Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даваа гарагаас өдөрт хайгуулын өргөдлийн 120 дугаар тараана

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох ажил үргэлжилж байна. Цахимаар өргөдлийн дугаар олгох явцад гацах, алдаа гарах зэрэг зөрчлүүд илэрч асуудал үүссэн билээ. Ашигт малтмалын газраас цахим олголтод аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн саналын дагуу хэд хэдэн өөрчлөлт хийжээ. Долоо хоногт нэг удаа өргөдлийн дугаар тарааж байхаар болжээ. Ирэх долоо хоногийн даваа гарагаас өдөрт 120 дугаар олгож байх шийдвэр гарсан байна. Цахимаар өргөдлийн дугаар олгох системийг хэвийн аюулгүй үйл ажиллагааг хангахаар ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газраас хяналт ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дунговь аймаг гурван сая дахь иргэний чацуутнууддаа хонь бэлэглэжээ

Дундговь аймгийн удирдлага Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр цаг хугацаанд мэндэлсэн Ц.Азбаяр болон ойролцоо өдөр, цагт мэндэлсэн найман иргэндээ хонхтой бойтог, хонины ноосон өлгий, хундан цагаан хонь бэлэглэсэн байна. Ёслолын ажиллагаа энэ сарын 4-ний өдөр тус аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд болжээ.

Дундговь аймгийн 44400 хүн амыг билэгдсэн 444 мянган төгрөг бүхий Капитал банкин дахь хадгаламжийн дэвтрийг мөн гурван сая дахь иргэний чацуутнуудад бэлэглэжээ. Гурван сая дахь иргэний нас чацуутан зургаан хүү, гурван охин Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан, Сайнцагаан, Дэлгэрхангай сумаас төрсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн баасан гарагт Нийслэлд гал түймрийн дөрөв, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ. Үүнд: Hалайх дүүргийн III хорооны “Наран”-гийн 26 дугаар гудамжийн 588 тоотод иргэн Э-н гахайн байр, Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг III амбулаторын хашаанд дулааны шугамын худаг, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 19 дүгээр гудамжийн 1900 тоотод иргэн О-н байшингийн дээвэр, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Санзай”-н зуслангийн 149 тоотод иргэн Ц-н байшин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн II хорооллын 1а байрны 48 тоотод иргэн У-н өрөөнд эд зүйл, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын X багийн 12 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Г-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлага тус тус Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Буухиа автобус иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулахаар болсон.

Энэ хүрээнд “Дэнжийн 1000”, “Нарантуул” зах руу өнгөрсөн амралтын өдрүүдэд буухиа автобус явж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 7, 8, 14, 15-ны амралтын өдөр “Дэнжийн 1000” руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн “Нарантуул” худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт “Нарантуул” захаас нийтийн тээвэр явна.

Categories
мэдээ нийгэм

Цахим бүртгэл дуусахад хоёр өдөр үлдлээ

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж үргэллжилж байна. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.

Шинэ 5 байршил

Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар
Баянзүрх, Их цуурайн ам 178 нэгж талбар
Баянзүрх, Бага цуурайн ам 154 нэгж талбар
Багануур, Тариан булаг 2-р хэсэг 6170 нэгж талбар
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг 2479 нэгж талбар
Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам 249 нэгж талбар
Багануур, Тариан булаг 1-р хэсэг 990 нэгж талбар
Багахангай, Бор-Үзүүр 192 нэгж талбар
Нийт: 13819 нэгж талбар

Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Бүртгэлтэй холбоотой асуудлаг 1800-1285, 11 320248 утсаар лавлаарай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудыг Америкт ажилд авах өдөрлөг болно

Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци нь дөрвөн А буюу “Америкт Амралтаараа Ажиллаж Аялцгаая” хөтөлбөрийг найм дахь жилдээ хэрэгжүүлж байна. Оюутан залууст зориулсан АНУ-д ажиллах нээлттэй ажлын байрыг тэд санал болгож байна. Энэ удаад Теннесси мужийн ажил олгогч Монголд хүрэлцэн иржээ. Ажил олгочид ажлын ярилцлага авахад бэлэн болсон гэж мэдэгджээ. Хоёрдугаар сарын 10-ныг дуустал “AAAA”-д амжиж хамрагдах боломжтой гэнэ. 18-26 настай, их дээд сургуульд сурдаг, зуны амралтаа үр бүтээлтэй өгнөрүүлэхийг хүсэж байгаа бол хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна. Тус хөтөлбөрийн вэб хуудас нь www.AAAA.mn аж. Вэб хуудаснаас хүссэн мэдээллээ авах боломжтой гэж хөтөлбөрийн зүгээс мэдээлж байна.

Categories
мэдээ спорт

Монголын уулчид Африкийн Аконкагуа оргилд гарчээ

“Хайрхан аялагч” клубын найман уулчны бүрэлдэхүүнтэй баг Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад авиралт хийхээр өнгөрөгч нэгдүгээр сарын 6-ны өдөр эх орноосоо мордсон. Аргентин улсын нутаг дэвсгэрт орших Өмнөд Америкийн хамгийн өндөр цэг, дэлхийн баруун хагасын хамгийн өндөр оргил 6962 метр өндөртэй Аконкагуад авирсан уулчид өнөөдөр эх орондоо ирж байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр Ж.Бямбасүрэн, Б.Гантулга, Э.Соёлмаа нар Аконкагуагийн оргил 6962 метрт амжилттай авирсан байна. Харин Г.Лхамсүрэн, Ч.Ариунзул нар нэгдүгээр сарын 23-ны өдөр гарчээ.

Багийн бүрэлдхүүнд Ж.Бямбасүрэн /Уулын спортын мастер/, Ч.Ариунзул /Уулын спортын мастер/, Б.Одмандах, Г.Лхамсүрэн, Б.Гантулга, С.Сумъяабазар, Ч.Баярмагнай, Э.Соёлмаа нарын уулчид багтжээ.

Categories
мэдээ улс-төр

Захиргааны ерөнхий хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Захиргааны ерөнхий хуулийн төслийг өргөн барив.

Манай улсад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 11 жил, Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхлээд 9 жилийн хугацаа өнгөрөөд байна. Тиймээс шинээр боловсруулагдаж байгаа Захиргааны ерөнхий хуулийг хүлээн авах эрх зүйн орчин болон энэ хуулийг захиргааны байгууллага, иргэдийн зүгээс хүлээн авах нийгэм-сэтгэл зүйн үндэс суурь бүрдсэн гэж үзэж буйг тэрээр Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Хуулийн төсөл боловсруулахдаа ХБНГУ, Испани, Япон, Латви, Нидерланд зэрэг орны хуулиудтай харьцуулсан судалгааг хийснээс гадна хууль сахиулах байгууллагуудын мэргэжилтнүүд, салбарын судлаач, эрдэмтэд, олон нийтийн оролцоотой хэд хэдэн шатны хэлэлцүүлэг явуулсан байна. Эдгээр хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг хуулийн төсөлд тусган 11 бүлэг, 108 зүйлтэйгээр боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-15-ны өдрийг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Траст трейд” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Грийн сити” ХХК, “Best shoes” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр, “Эксклюзив” ХХК, “Старри Скай” ХХК гэх мэт компаниуд оролцоно. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм.

Мөн жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.М.Мироновыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Төрийн Дум дахь Монголтой харилцах бүлгийн дарга, “Шударга Орос” намын дарга Сергей Михайлович Мироновыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Ноён С..М.Миронов, Улсын Их Хурлын дэд даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны парламентын харилцаа сайжирч байгааг цохон тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог хэлэхдээ, Хоёр орны парламентын харилцаа өргөжин хөгжихийн зэрэгцээ цаашид Засгийн газар хоорондын болон бусад салбар чиглэлүүдэд хамтран ажиллах хэрэгтэй байгааг онцолсон юм. Мөн өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Халх голын ялалтын 75 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн нь хоёр орны улс төрийн харилцааг өргөжүүлж байгаагийн илрэл. Үүнийг эдийн засгийн харилцаагаар өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг уулзалтын үеэр хоёр тал онцолж байлаа.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монголын Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав болон албаны бусад хүмүүс байлцлаа.