Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажлын цагийн шинэ хуваарийг энэ сарын 16-наас мөрдөнө

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулжээ.

Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө.

“Эрх шилжүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны 393 дугаар тогтоолоор “Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Засгийн газрын энэ шийдвэрийг үндэслэн ийм төсөл боловсруулснаа нийслэлийн удирдлагууд энэ сарын 4-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингэсийн талбайд “Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа гарч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015″ өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Траст трейд” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Грийн сити” ХХК, “Best shoes” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр, “Эксклюзив” ХХК, “Старри Скай” ХХК гэх мэт компаниуд оролцоно. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм.
Мөн жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн зургаан дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжилэх аж.

Categories
мэдээ нийгэм

Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төв нутгийн зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 11-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Даалимбан дээл, улаан бүчээр гоёсон анхны “найм”-ынхан

40 жилийн дараа

Одоогоос дөчин жилийн тэртээ Гавь-Алтай аймгийн Алтай сумын анхны найман жилийн сургуулийг төгсөгчид саяхны нэгэн өдөр уулзацгаав.8 “а”, “б” ангийн арав гаруй хүүхэд. Тус сургуулийн анхны төгсөгчид аж. 1975 онд сургуулиа төгссөн саахь хүүхдүүд нийслэлд цугларч тэртээх он жилүүдийн дурсамжаа сэрээснээрэнэ удаагийн “Нэг ангийнхан” танд хүрч байна. Эднийх ердөө19-үүлээ суралцажтөгсчээ. Төгсөлтийн уулзалтад долдугаар ангийнх нь багш Батнасан, найм төгсгөсөн ангийн багш Нина хоёр нь иржээ. Ангийн хоёр багш нь сурагчдаасаа ялгарах юмгүй үе тэнгийнхэн байх нь сонихон. Нина багш Сүхбаатар аймгаас Говь-Алтайн Алтай суманд шилжин ирж эдний ангийн багш болж байсан гэнэ. Наймын “а”-гийн хөвгүүдтэй уулзав. Самбо, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, Монгол Улсын начин Доёдын Бадрах,Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш доктор, дэд профессор“элэгний” С.Бадамжав эмч, Монгол Улсын Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын албаны дарга С.Төмөрхүү, эрчим хүчний “Маар” компанийн авто механикч Д.Дүгэр гээд хэсэг хөвгүүдийн ярианаас далаад оны сумын төвийн хүүхдүүдийн амьдрал нүднээ харагдах шиг болно. Наймдугаар ангиа төгсөөд эдний ангиас таван хүүхэд аймгийн төвд есдүгээр ангид элсэн суралцахаар нутагтаа үлдсэн бол тав нь анагаахын, хөдөө аж ахуйн гэхчлэн техникумд, зарим нь Оросын техникум, ТМС-д, зарим нь илгээлтээр малчин болжээ.Илгээлтийн эзэд маань хэсэг мал маллаад дараа нь ХАА-н дээд сургуульд сурч зоотехникч, малын эмч болцгоосон гэж Д.Бадрах начин ярив. О.Батнасан багш нь волейболын спортоор хичээллэдэг, тэшүүрээр гулгадаг авьяаслаг багш байж, багшийнхаа нөлөөгөөр эдний ангийнхан спортод их дуртай хүүхдүүд байсан гэнэ.

Ангийн багш О.Батнасангийн хамт. 1974 он

Бадрах начин өдгөө“Хантайшир” бөхийн клубийн дасгалжуулагчаар ажилладаг юм байна.Аймгуудын хооронд болдог оны тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд “Хантайшир” дэвжээ хоёр жил тэргүүлсэн тухай сонирхуулаад хар багаас нь спортод хөтөлсөн О.Батнасан багшдаа баярлаж явдаг гэж байв. Д.Бадрах начин ерэн оны цагаан морин жил Улсын начин цол хүртэж байв. Тэрбээр самбо бөхийн Дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальтай, улсын зургаан удаагийн аварга хүчит бөх юм. Хөвгүүдийн ярьснаар, наймдугаар ангийн багш Нина нь орос хэлний багш байсан болоод ч тэр үү ангиараа орос хэлний хичээлд их сайн байсан гэнэ. Тэгээд наймаа төгсөөд хэд хэдэн хүүхэд сонирхлоороо хойшоо техникум, ТМС-д явсан гэж байв. Нина багш нь сургууль төгсөөд удаагүй, өөрсдөөс нь дөрөв тавхан насаар ах үе тэнгийн нэгэн Сүхбаатар аймгаас шилжин очиж байжээ. Сурагчид нь арван тав зургаатай, ангийн багш нь хорьтой байсан гэнэ. Алтай сумын найман жилийн сургуулийн анхны төгсөгчид учир сургуулийнхаа үнэн түүхийг тэмдэглэн үлдээх зорилгоор ангиараа ном бичижбайгаа гэнэ. “Дөчин жил гэдэг их хугацаа, найм төгссөнөөс хойш уулзаагүй байж байгаад өнгөрсөн даваа гаригт уулзсан, бүгдээрээ өөрсдийн салбар салбартаа сайн сайхан явцгааж байгаа маань багшийнхаа зааж сургаснаар явсных” гэж тавь гаруй, жар эргэм насны ангийн хөвгүүд ярьсан юм. “Элэгний” хэмээн олон түмний тодотгон ярьдаг С.Бадамжав эмчийн дурсамж яриа бүгдийн инээдийг барна. Тэрбээр нэгдүгээр ангид орсон өдрөөсөө эхлэн дүрслэн ярьсан нь:

Ангийн багш Д.Нинагийн хамт. 1975 он

-Мулзан толгойтой, хөх даалимбан дээлтэй, улаан бүч зүүсэн хүүхдүүд байсан даа. 1967 оны есөн сарын нэгэнд уртаас урт шар байшинтай дөрвөн жилийн сургуулийн үүдэн дээр анхны хонхоо цохиод бид нар дотогшоо орж байсан юм. Тэгэхэд бид гучаад хүүхэд нэг анги болон ороход тэр олон хүүхдүүд дунд орсондоосэтгэл их л баяртай байв. Охид маань ногоон дээлтэй, улаан бүчтэй. Ороод удалгүй хоёр анги болж хуваагдав. Манай ангийн багш Архангайн багшийн техникум төгсч ирсэн өндөр цагаан залуу байв. Тэр хүн бол өдгөө дал гарч буй шатрын спортын мастер Ж.Пүрвээ гэж хүн байна. Шуугилдан дассан дөрвөн жил өнгөрч бид нар бага сургуулиа төгсөв. Тэр үедтоо, монгол хэл, биеийн тамирын хичээл гол гурван хичээл байв. Цүнхээ шидчихээд бид сумынхаа урдхантаа байдаг Баян-Овоо уул руу уралдан гүйдэг байв. Баян-Овоон дээрээ гараад нэгнээ машины дугуйн дотор оруулж суулгаад овооны уруу өнхрүүлж тоглодог байлаа. Ийм хөг аялгуутай дурсамжтай он жилүүд өнгөрөөд тавдугаар ангид орохдоо зэргэлдээх Цээл сумын сургуульд бөөнөөрөө шилжиж“Газ тавин гурав” машин хөлөглөн Цээлд ирж байв.Тав зургадугаар ангиа Цээлийн сургуульд сурч төгсөөд долдугаар ангидаа төрөлх Алтай сумандаа ирсэн. Цээл суманд сурсан хоёр жилд гэрээ ихэд санацгаасан мулзан толгойтой, хөх даалимбан дээлтэй, улаан бүч зүүсэн жаалууд ”Цээлийн ус ширгэв, Цэгээн чулуу хагарав” хэмээн ам уралдуулдаг байлаа.Дотуур байранд байлаа. Цээл бол гүний худагтай. Худгийн ховоогоор ус татсанаас үлдсэн мөсийг авч долоож иддэг. Тэгж амьхандаа хүний нутагт “зүдэрч” үзсэн нь тэр байлаа. Долдугаар ангидаа буцаад Алтай сумандаа ирлээ. Тэр жил найман жилийн сургуультай болсон нь тэр.Сургуулийн захирлаар Г.Дугар гэж ахмад багш байлаа. Манай доод ангийн Ц.Гонгоржав гэдэг хүү биднийг сумын клубт бүжигт дагуулж орууллаа. Одоо тэр Р.Амаржаргал гишүүний бие төлөөлөгч хийж байна. Түүнийг дагаад бүжигт ороод бужигналдаж байтал сургуулийн захирал харчихлаа.“Наймдугаар ангийн хүүхэд яагаад бүжигт орж байна” гээд бид нарын шилэн хүзүүн дээрээс татаж сумын клубээс гаргаж билээ. Тэгж захиралд бангадуулаад, мулзан толгойтой нөхдүүд сургуулийн бүх хүүхдүүдийн өмнө загнуулан зогсч байлаа. Наймаа төгсдөгжил сумын наадам болж Бадрах маань сумандаа үзүүрлэж сумын начин болж, бид бөөн баяр болж байлаа. Тарвага, зурамны арьс, хатаасан эрвээхэй бэлдэж ирэх зуны даалгавартай. Охид хатаасан эрвээхэй, цэцэг их цуглуулдаг, тэрийгээ дэвтэрт хавчуулаад доор нь нэрийг нь биччихсэн их гоё цуглуулгатай. Хөвгүүд жаахан хүүхдүүд учир ан хийжчадахгүй, айлд малыг нь хариулж өгөөд оронд нь тэр айлаасаа өнөөх арьсаа авч ирдэг байлаа…

Бадамжав эмчийг шүлэг бичдэг, олон сайхан дуутай гэдгийгхүмүүс мэдэх болов уу. Гавьяат жүжигчин С.Батсүхийн дуулж олонд хүргэсэн н.Хатанбаатарын хөгжим “Бороон чимээ”, Цэрэндорж, Мөнхбаяр нарын дуулдаг, УГЗ Ч. Сангидоржийн хөгжим “Ээжийн цай”, Мэндбаярын хөгжим“Аж Богдын намар”, Балхжавын хөгжим “Сэтгэлийн гэгээ ээж” гэхчлэн. Тэрбээр “Элэгний өвчний үед гүүний саам хэрэглэх үндэслэл” сэдвээр Казахстанд докторын зэрэг хамгаалсан. Одоо “Элэгний өвчний шугаман эмчилгээ” сэдвээр судалгаагаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.Энэ нь элэгний өвчнийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гэрээр, амбулаториор эмчлэх боломжийг нээх судалгаа юм байна.

Эдний ангийн анхдагч сурагчдын нэг Бандийн Алтангэрэл одоо төрөлх сургуулийнхаа захирлаар ажиллаж байгаа гэнэ. Бадамжав эмчийн дурсамжийг ангийн хөвгүүн “Өдрийн сонин”-ы Аж ахуйн албаны дарга Батмөнх үргэлжлүүлэв. Тэрбээр Оросын Омск хотын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд жигтэйхэн их дурлаж явсан аж. Төгсөөд Сэлэнгийн Шаамарын сангийн аж ахуйд тракторч комбайнчаар 20 жил ажилласан гэнэ. Тэрбээр мөн л тэр жар далаад оны сумын сургуулийн хүүхдүүдийн амьдралыг нүдэнд харагдтал ярьж өгсөн нь:

-Дээхнэ үеийн багш нар хүүхдийг их сайхан сургадаг байсан даа. Мал аж ахуй руу явдаг байлаа. Заг түүлгэдэг байлаа. Бид заганд ангиараа явдаг байлаа. Манай Алтай сум заг их ургадаг нутаг. Тиймээс заг түүж сургуулиа галладаг байв. Өвөл мал нядалгаа болно. Хөвгүүд бид бойн дээр ажиллана. Тэгж ажиллаад тав зургаан төгрөгийн хөлс авдаг байсан байх аа. Манай Алтай сум мянган булагтай. Сумын хойд талд байдаг нэг булаг өвөл болохоор бараг багаахан нуур шиг тэлж хөлдөнө. Бид эсгий гуталдаа тэшүүрээ бэхэлж аваад тэр булгийнхаа мөсөн дээр өдөржин гулгадаг байлаа.Тав, зургадугаар ангидаа Цээл суманд сурч байхад өвлийн амралтаар биднийг “тавин гурав” машины тэвшин дээр суулгаад Алтай суманд маань авчирна. Сургуулиас замын хоол гэж адууны мах чанаж өгөөд явуулдаг байв. Замдаа машин нэг л зогсоно. Бид тойрч суугаад загаар задгай гал түлээд адууны махаа галд халааж идэн, хар цайгаа чанаж уугаад замдаа гардаг байлаа. Халаасан адууны мах идээд явахад дүн өвлийн хүйтэнд огт дааралгүй Алтайдаа хүрдэг байсан юм даг. Буцахдаа жаахан дургүйхэн явна аа. Эргээд Алтайдаа ирж долоо наймдугаар ангиа төгссөн. Ийн дурсаад ангийн найз Д.Дүгэртээ дурсамжийн дугараагаа шилжүүллээ. Дүгэрээ наймаа төгсөөд Архустайн трактор комбайны сургуульд оржээ. Төгсөөд Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд хорин жил комбайнчаар ажиллажээ. Тэргүүний тариачин алтан медаль, таван ижлийн гавшгайч болж байжээ. Газар тариалан хувьсгалын мэдлээс гармагц мэргэжлээ сольж, өдгөө эрчим хүчний нэгэн компанид авто механикчаар ажиллаж байгаа юм байна. Тэрбээр О.Батнасан багшийгаа ганц сайхан дурсмаар байна гээд ийм дурсамж ярьж өгөв. “Манай ангийнхан өвөл бойны ажилд дайчлагдана.Тэгэхдээ тэшүүрээр гулгаад давхиж очдог байлаа. Бадрах, Лувсанцэрэн бид хэд малын арьс ширийг дэлгэж хүлээлгэж өгнө. Тэгж тав арван төгрөг аваад, их мөнгө оллоо гэж баярлан дотуур байрандаа бөөн баяр хөөр болон ирдэг байж билээ. Багш маань биеийн тамирын багш учраас бид хэдийг дагуулаад тэшүүрээр дандаа гулгана. Тэр нь надад хэзээ ч мартагддаггүй, их дотно санагддаг юм” хэмээхдээ сэтгэл нь ихэд хөдлөн нүд нь гялалзаж байв.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Микро автобусны жолооч, тасалбар түгээгчид “Нарантуул” зах дээр жагслаа

“Нарантуул” зах дээр өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг микро автобусны жолооч, тасалбар түгээгчид жагслаа. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй болж байгааг эсэргүүцэж, микротой жагсаал зохион байгуулж байгаа нь энэ аж. Биднийг очих үед микро автобусны жолооч, кондукторууд “Нарантуул” захын урд талын талбай дээр жагсаж байлаа. Тэд микро автобусаа эгнүүлэн тавиад, дуут дохиогоо хангинууланэсэргүүцлээ илэрхийлсэн юм. 500 гаруй микро автобусны жолооч, кондуктор цугларсан байв.

Тэд “Төр засгаас микро автобусыг нийтийн тээврийн тээвэрт явуулахгүй гэх шийдвэр гаргасан. Хотын өнгө үзэмж, нийтийн тээврийн салбарыг хөгжил дэвшилтэд хүргэх гэж ийм шийдвэр гаргаж байна гэж аль болох зөв талаас нь харж байна. Гэхдээ дээрх шийдвэрийг гаргасан хүмүүсийн хэн нь ч микро автобусаар нийтийн тээврийн шугаманд явж, амьдралаа залгуулдаг олон зуун хүнийг ажлын байртай үлдээх талаар ярихгүй байна шүү дээ. Ажилгүй болсон бид яаж амьдрах болж байна вэ” гэж эсэргүүцэл илэрхийлж байв. “БИДЭНД АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГАА ГАРГАЖ ӨГ. ЭСВЭЛ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАР”

Жолооч нар энэ удаад таван минут дуут дохиогоо дуугаргаж, 30 минут микро автобусны зогсоол дээр жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хэрэв төр засаг, холбогдох яам, нийслэлийн нийтийн тээврийн газраас микро автобусны жолооч, кондукторын ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх талаар ямар нэгэн ажил хийхгүй бол эсэргүүцлийн өөр хэлбэрт шилжинэ гэдгээ хэлж байв. Жагсаалыг зохион байгуулж байгаа “Хувийн тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо”-ны зохицуулагч Г.Баатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй болох шийдвэр гаргах гэж байна. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Нийтийн тээврийн салбарыг хүнд хэцүү цаг үед бид л нуруун дээрээ үүрч байсан. Автобусны парк шинэчлэл хийхээс өмнө эвдэрч, хуучирсан хэдэн автобус нийслэлд явдаг байсан. Автобусанд бөөн шахцалдаан дунд л явдаг байсан. Үүнээс болоод иргэд хохирдог байсан. Эд зүйлсээ хулгайд алдах, шахаанд орж хөл алдах, паар байхгүй, хүйтэн автобусанд л тав тухгүй орчинд сонголтгүйгээр автобусанд суудаг байсан. Харин микро автобус нийтийн тээвэрт явж эхэлснээр хурдан шуурхай үйлчилгээг иргэд авдаг болсон. Мөн тав тухтай, хямд үнээр бид үйлчилдэг. Сайн муугаар хэлүүлж олон жил нийслэлчүүдийг хүрэх газарт нь хүргэж өгсөн. Нийтийн тээврийн газраас гаргасан шаардлагын дагуу бид цаашид хүн тээвэрлэхгүй болж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бага, дунд оврын микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн. Тиймээс “Нарантуул” зах дээр цуглаан хийгээд байна.Нийслэлийн тээврийн газраасгаргасан журманд“2002 оноос хойших тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй” гэж заасан байдаг. Үүний дагуу бид бүхэн цаашид микро автобусаар нийтийн үйлчилгээнд явах боломжгүй болсон. Дээрх хоёр шийдвэрээс болж олон мянган иргэн ажилгүй болж, ар гэрээ тэжээх эх үүсвэрээсээ салаад байна шүү дээ.

-Та бүхэн жагсаалаараа ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Мэдээж эсэргүүцэж байгаа. Энэ бол олон хүнийг талхны мөнгөнөөс нь салгах шийдвэр. Орлогогүй хүмүүс шууд л ядуусын эгнээнд шилжинэ. Ядуурал нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам л дордоно. “Нарантуул” олон улсын худалдааны энэ орчимд бол 500 орчим микро автобус шугаманд явж байна. Энд өдөржин зогсоод 1-2 удаа явах тохиолдол гардаг. “Нарантуул” захаасДамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Нисэх, Баянхошуу гээд чиглэл бүрт явдаг. Цагаан сарын дараа гэхэд микро автобусыг явуулахгүй болгох яриа гараад байна. Иймд гаргасаншийдвэрээ эргэж нэг хараач гээд Нийслэлийн тээврийн газраас хүсч байна. Хэрэв тэгэхгүй гэвэл ажлын байрны баталгаа гаргаж өг гэсэн шаардлага тавьж байна.

-Хотын өнгө үзэмжинд микро автобус сөргөөр нөлөөлж байгаа. Манайх шиг олон жил болж, эдэлгээнээс гарсан микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ хийдэгорон байхгүй гэж албаныхан ярьж байсан. Тиймээс та бүхэн өөр арга зам хайж болохгүй юу?

-Микро автобусаар нийтийн тээвэрт явж байгаа орон манайхаас өөр бараг байхгүй. Гэхдээ микро автобусыг явахгүй болгочихвол иргэд ч гэсэн хохирно шүү дээ. Өнөөдөр богино, уртын шугаманд иргэдэд бүрэн дүүрэн үйлчлэх том оврын автобус байна уу. Оройүдшийн цагаар иргэдэд үйлчилж чадах уу. Автобус зогсчих юм бол иргэд өндөр үнээр такси барих, эсвэл алхах болно. Жишээ нь, Автобусны эцсийн буудлаас гэр нь хол байдаг. Шороон замаар хэдэн километр явж байж гэртээ харьдаг хүмүүсийг яаж хүргэж өгөх юм бэ гэсэн олон асуулт гарч ирнэ. Иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллана гэхэд хаа хаанаа эргэлзээтэй шүү дээ гэв.

Микро автобусны жолооч кондуктор нар он залуутай, байгаль орчинд ээлтэй бага оврын автобус аль оронд худалдаалж байгаа талаар судалгаа хийж байгаа гэнэ. Дотоодын“Эко” автобус үйлдвэрлэж байгаа компаниудтай уулзсан гэнэ. Мөн “Номин моторс” салбарынхантай хоёр удаа уулзаж, албан бичиг өгөөд байгаа гэнэ. Ажлын байраа алдвал олон айл өрх хүнд байдалд орно гэдгийг жолооч нар хэлж байлаа. Банкны зээлтэй олонхүн байгаа гэнэ. Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрийг микро автобусны жолооч нар ийн эсэргүүцэж, жагссан юм.

Э.БААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ур модны зүүд

Монголын утга зохиолын үргэлжилсэн үгийн төрөлд гарч ирсэн залуу уран бүтээлчдийн өнгөнд С.Баттулга хэмээх даруухан гэвэл худлаа болчих, задарсан гэвэл хэтийдсэн болох нэг тийм оньсого шиг залуу орж ирсэн юм. Яруу найргийн төрлөөр бичгийн ширээнээ тухалж, үргэлжилсэн үгийн төрлөөр бүтээлээ туурвиж байгаа энэ залуу “Чулуужсан бичиг” хэмээх анхны номоороо л утга зохиол шимтэн уншигчдын танил болсон. Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, доктор П.Батхуягийн шавь түүний удаах ном “Ур модны зүүд” нэртэй. Уг ном “Ур модны зүүд”, “Хилийн цоорхой” хэмээх хоёр туужаас бүрдэнэ.

Амьдрал үүссэн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл мөнхийн эрэлчин яваа хүмүүн гэгч ямар нэгэн шинэ бүхнийг хайсаар өнөөдрийг хүрсэн талаар “Ур модны зүүд” тууж эхэлнэ. Одоо ч тэр эрэл нь үргэлжилсээр. Мянга мянга жилийн тэртээх хүй нэгдлийн үед хүн төрөлхтөн анхлан ухамсар гээчийг олон авч ямар баяр хөөрт автан цаашид амьдрал хэрхэн үргэлжлэх талаар төсөөлөн бодно. Хүн төрөлхтний давагдашгүй хүчин зүйл болох байгалийн ширүүн догшин уур амьсгал, ан амьтан араатан жигүүртэнтэй хэрхэн тэмцэж тэмцэл бүртээ ялах, ялагдахын гашуун үнэнийг мэдэж байгаа юм. Ухаан олж авсан хүмүүс хүний махан хүнстэн өөр зэрлэг бүдүүлэг омогтой хэрхэн тэмцэж байгаагаар эл зохиолын өрнөл үргэлжилнэ. Гэхдээ уг туужийн зохиомж нь өнөө цагаас, тэр л эрт балар үе рүү маш гайхамшигтайгаар ямар нэгэн цаг хугацааны машин, уран зөгнөлгүйгээр очно. Хайгаад ч олохгүй эрэлчин, бадарчин мэт явсаар л. Яг юуг хайж байсан юм бэ. Өө ердөө л зохиолын гол баатарт, өтөл эмгэний өгч байгаа ур модны үндэс байна гээд уншигч та орхих буй за. Зохиогч зохиолынхоо үйл явдалд өөрөө оролцож байгаагаар тууж үргэлжилж, цаг хугацаа, орон зай, үйл явдлыг мэдэрч бичжээ. Эртний домог үлгэр үүсч мөхөхийн үүдэл тавилан бүхнийг унших бүрт амтанд нь орох бүлгээ.

Ур модны зүүд номын дараагийн тууж болох “Хилийн цоорхой нь” өнгөрсөн зуунд манай баруун хил дээр болж байсан Монгол, Тува нарын хоорондын зөрчил, тэмцэл, хилийн хулгай дээрэм, улс төрийн алдаатай шийдвэр зэргийн талаар нэгд нэгэнгүй бичиж туурвисан баримтат бүтээл юм. Тува нартай адуу малаа булаацалдаж, бүр буудалцаж явсан гашуун түүхийг өөрт тохиолдсон бодит баримтаар дэлгэн үзүүлжээ. Хязгаар нутагт аж төрөх хүмүүс ахан дүүс мэт ижилдэн өссөн Монгол, Тувагийн иргэд цагийн эрхээр хэрхэн хувирч адгуус мэт бие биедээ ханддаг болсон талаар тууж эхэлдэг. Цаг сайхан байх үед Тува бүсгүйтэй гэрлэсэн Цогтоо цагийн бэрхээр эцэг, эх, ах дүү нараасаа холдон гэр бүлтэйгээ хилийн цаана амьдарч байгаагаар үргэлжилнэ. Тувагийн Айдас хэмээгч түүнийг нүд үзүүрлэн, Монгол руу адуу хулгайлах ажилдаа явахыг шахаж эхэлнэ. Эс бөгөөс ар гэрийг нь тайван байлгахгүй хэмээн уур бухимдалтайгаар хэлнэ. Гэр бүлээ аюулд өртүүлэхгүйн тулд хэрхэх билээ хэмээн бодолд автана.

Цогтоо нэг шөнө сайн хүлэг морио унан Монголын нутагт ирж найзтайгаа уулзан Айдас тэргүүт Тува нар нутгийн гүн рүү ирж мал хулгайлахаар болсон тухай хэлнэ. Тува нар ч малаа хулгайлан Тува руу явахад нутгийн иргэд хилийнхэнтэй алдагдсан малын араас мөшгиж байгаагаар үйл явдал үргэлжлэх ажгуу.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багцалсан сум мэт байж чадсан МОНГОЛЫН ШИГШЭЭГИЙН ХОЖИЛ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Супер лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногт сагсан бөмбөг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Бүх оддын тоглолт” болж гурван өдөр Буянт Ухаа спорт ордныг “нураах” дөхөв. Нураах дөхөв гэдэг нь өмнө жилүүдэд болдог байсан “Бүх оддын тоглолт” ийм хэмжээнд болж байгаагүй гэсэн үг л дээ. Одоо харин плэй оффын байрлалын төлөөх тэмцлүүд жинхэнэ утгаар эхлээд байгаа юм. Супер лигийн журмын дагуу хоёрдугаар сарын 1-ний өдрөөр лигийн солилцооны цонх хаагдсан бөгөөд багууд шинэ легионер тоглогч нэмэх сүүлийн хугацаа дуусч багууд “хөзрөө” ил тавьсан юм. “Танан Гарьд” багийнхан өнгөрөгч жил тус багт холбон тоглогчоор ажилласан бие намхан ч хурдаараа илүүрхдэг ухаалаг тоглогч Антонио Жонесыг авчирсан бол “Эрдэнэдрийлинг Ригс” багийнхан дөрөв болон таван номер дээр тоглодог легионер тамирчин авчирчээ.

Сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд “Бүх оддын тоглолт”-ын халуун яриа намжаагүй байгаа юм. Тэгвэл тус тоглолтыг эргэн сануулахад эхний өдөр “Мадимос Шонхор”-ын Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс, Г.Цэнгүүнбаяр, “Гэгээнхангай лидер” багийн О.Цэлмэг, “Хан талстын Ирвэсүүд”-ийн Э.Дорж-Арилд, “Сентоза арслангууд” багийн Б.Батзолбоо, “СБЛ Хасын хүлэгүүд”-ийн Бямбадорж нараар хүчээ зузаатгасан Залуучуудын шигшээ баг АНУ-ын легионеруудын хоёрдугаар багийн эсрэг халз тоглолт хийсэн. Легионеруудын багт Моттон, Дейн Хэдли, Торин Волкер, Пилл Жонс, Рей Жорж нар багтсан юм. Монгол Улсын залуучуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16, Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор тавдугаар байрт шалгарч байв. Талбайд тоглосон бүрэлдэхүүнээрээ ирэх долдугаар сард БНСУ-д болох дэлхийн универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байгаа. Халз тоглолтод 95:105 гэсэн онооны илүүгээр легионерууд манай залуучуудыг буулган авсан. Эл тоглолтод Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс, Бямбадорж, Арилд нар багаа тэргүүлсэн ч харамсалтай нь ялалт нөгөө талд шийдэгдлээ.

“Бүх оддын тоглолт”-ын хоёр дахь өдөр дасгалжуу­лагчдын саналаар шалгарсан супер лигийн тоглогчид нэг баг болон өрсөлдөв. Санал асуулгаар тэргүүлсэн тог­логчдыг баруун зүүн бүсэд хуваан өрсөлдүүлэв. Тэгвэл баруун бүсэд холбон тог­логчоор “Арслан”-гуудын Крис Лавсон, хамгаалагчаар олон улсын хэмжээний мастер Т.Санчир, довтлогчоор “Гарьд”-ын О.Ууганбаяр, хүч­ний довтлогчоор С.Өр­нүүнбилэг, төвийн тоглогчоор Ф.Холмс нар гараанд гарсан. Харин Зүүн бүсэд холбон тоглогчоор “Хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн, хамгаалагчаар “Гарьд”-ын Ц.Азбаяр, довтлогчоор Г.Цэнгүүнбаяр, хүчний довтлогчоор Б.Билгүүн, төвийн тоглогчоор Т.Акол нар тулаанд гарлаа. Хоёр багийн тоглолт 106:118-аар Зүүн бүсийнхний ялалтаар өндөрлөсөн. Энэ өдөр болсон “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчоор “СБЛ Хасын Хүлэгүүд” багийн довтлогч Батжаргалын Билгүүн шалгарсан бол гурван онооны шидэлтийн аваргаар Н.Золжаргал бусдыгаа тэргүүлсэн. Тэгвэл ноднин ур чадварын тэмцээнд Антонио Жонстой Батжавхлан нар үлдэхэд манай тамирчин аваргалж байсан бол өнөө жил багийн амжилт нь төдий л ахицгүй байгаа “Хэнтий Чингэс Сити” багийн холбон тоглогч Ж.Алтаншагай шинэ аварга боллоо. Мэдээж үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг зүйл бол слэм данкийн үзүүлбэр байв. Слэм данкийн тэмцээнд супер лигийн легионерууд болох Вилл Гиддингс, Миччел Андерсон, Куэнси, Жонатан Блэйк нар ур чадвараа гайхуулан өрсөлдсөн. Данкийн тэмцээнээс хэд хоногийн өмнө аварга болно гэдгээ зарлан тунхаглаад байсан Жонатан Блэйк үнэхээр илүү байж амлалтаа биелүүлсэн юм. Түүний үзүүлбэр Т.Түвшинбаяр, Бат-Орших, Б.Мөнхболд нараар ахлуулсан шүүгчдээс хамгийн өндөр оноог авч чадлаа.

“Бүх оддын тоглолт”-ын тоглолтын сүүлийн өдөр буюу ням гаригт Инчёны Азийн наадамд Монгол түмнээ баясгаж, шилдэг наймд шалгарсан шигшээ багийн залуус Одонбаярын Баярцогт багшийнхаа удирдлага дор АНУ-аас ирсэн легионеруудын эсрэг халз тоглосон. Энэ удаа легионеруудыг “Харцага”-ын А.Алтан-Очир дасгалжуулсан юм. Гурав дахь удаагаа зохион байгуулсан энэхүү халз тоглолтын өмнө тоглолтын харьцаа адилхан нэг нэг болоод байсан билээ. Уг тоглолтод хэн хожсон нь ялалтын цувралыг тэргүүлж эхлэх чухал тоглолт байв.

Тоглолтын санаачилгыг эхнээс нь легионерууд эзэмшиж эхэлсэн. Лейкерст Коби Брайнтын холбон тоглогчоор хоёр жил тоглосон Смүш Паркер гарааны тавд багтан гаргасан ч талбай дээр төдий л тоглолт гаргаагүй тул түүнийг сэлгээний сандалд суулган “Аравтууд”-ын Жордан МакКой-г талбайд оруулсан нь зөв шийдэл болсон. Эхнээсээ онооны давуу байдлыг бий болгосон легионеруудын оноогоо таслах арга хэмжээ авч эхэлсэн юм. Манай багаас “Харцага”-ын Б.Одбаяр самбар, хамгаалалтад сайн байж будагтай талбайгаас багтаа бөмбөг үлдээж байв. “Харцага”-ын холбон тоглогч Г.Баттөр шигшээ багийнхаа үндсэн холбон тоглогчоор тоглодог байсан ч АНУ руу сурахаар явсан тул энэ удаа олон улсын хэмжээний мастер, хашир туршлагатай тоглогч Г.Ихбаярыг О.Баярцогт дасгалжуулагч талбайд гаргасан юм. Түүний сонголт ч буруудсангүй. Өмнө нь шигшээ багийн ахлагчаар тоглодог байсан түүний хувьд Б.Билгүүний хамтаар тоглолтыг найруулсан.

Легионеруудаас Крис Лавсоны холын зайн шидэлтүүд цагирагтаа тусч байсан тул эхний үе 17 онооны зөрүүтэй легионеруудын давамгай байдлаар өндөрлөсөн. Энэ байдал хадгалагдсаар эхний хагас өндөрлөсөн. Эхний хагас өндөрлөхөд легионеруудаас слэм данкийн аварга болсон Жонатан Блэйкийн хүчирхэг слэм данкууд үзэгчдийг хөгжөөж чадсан гэхэд болно. Гэхдээ Блэйкийн ноёрхлыг Б.Билгүүн эвдэж байсан. Учир нь Блэйкийг хүссэнээр нь цагираган дээрээс довтлуулалгүй хэд хэд дараалан ёстой л навсайтал блокдож шал тэврүүлсэн. Тоглолтын турш сэлгээний сандалд суулгүй өндөрлүүлсэн Б.Одбаяр, Б.Билгүүн нар багтаа үр бүтээлтэй тоглосон нь Монгол Улсын шигшээ багийг ялалтад хөтөлсөн гэхэд болно. М.Отгонмөнх, Батаагийн Мөнхболд, Өрнүүнбилэг нар гарч ирсэн ч будагтай талбайн хамгаалалт илт суларч онооны зөрүү холдсон тул сэлгээний сандалд шилжихээс өөр аргагүй байдалд орсон. Манай шилдэг тамирчдын нэг О.Ууганбаяр тэр бүр алдаад байдаггүй дундын зайн шидэлтүүдээ хийсэн ч тоглолтын турш ердөө хоёрхон оноо авсан. Харин легионер тамирчид торгуулийн шугамны араас шидэлтээ маш муу гүйцэтгэсэн нь тэдний хожигдлын гол үндэс болсон гэхэд болно.

Тэгвэл легионе­руу­даас Жонатан Блэйк, Холмс, Хэммондс нар ихэнх цагийг талбайд өнгөрүүлсэн юм. Супер лигийн анхны жил манай баг легионеруудад хожигдож байсан бол ноднин цаг дуусахын өмнө ялалтыг өөрийн болгож чадсан. Энэ жил ч мөн сайн тоглож 48 минутын турш 102 оноо авч хожсон бол легионерууд 98 оноо авсан. Энэ тоглолтод Б.Билгүүн 30, Б.Одбаяр 23, Т.Санчир 17, О.Сэргэлэн 8, Н.Золжаргал 7 оноо авсан бол эсрэг багаас Жонатан Блэйк 29, Холмс 15, Маркус Хэммондс, Крис Лоусен нар тус бүр 13 оноо авсан юм. Үзэгчдийн дийлэнх нь NBA-гийн супер оддын нэг болох Смүш Паркерын тоглолтыг үзэх хүсэл их байсан ч түүний тоглолт гарсангүй. Гэхдээ үзэгчдийн зүгээс Алтан-Очир дасгалжуулагч багтаа минутын амралт авсангүй хэмээн шүүмжилж байлаа.

Эхний гурван үеийн турш давамгайлсан легионеруудын тоглолт гуравдугаар үеийн хагасаас хойш замбараагүй болж эхэлсэн юм. Магадгүй нэг багт олон шилдэг тамирчид байхаар хэн нэгэн нь онцгойрохын тулд хувийн тоглолтоо түлхүү хийсэн байж болох юм. Харцагын Рэмбо гэхэд л бие жижиг ч ур чадвараараа түүнийгээ нөхдөг. Гэхдээ түүний нэг алдаа нь энэ удаа ч мөн давтагдаж 12 минутын турш хэт хувийн тоглолт үзүүлсэн тул сэлгээний сандалд шилжүүлсэн. Гэхдээ тэрбээр долоон оноогоор багтаа нэмэр болж чадлаа. Жонатан Блэйкийн хүчтэй слэм данкуудын хариуг Монгол Улсын шигшээ багаас Б.Билгүүн барьсан юм. Түүний хувьд гурван удаа хариуг нь барихдаа Буянт Ухаа ордныг уухайн түрлэгээр босгож ирж чадсан. Энэ тоглолтод хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж өгсөн гэдэгтэй хүн бүр санал нэг байна.

Монголын шигшээ багийн тамирчдын эсрэг ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан легионеруудад баярлалаа гэхээс яахав. Монгол Улсад жил тутам хөгжиж буй спортоос хамгийн эрчимтэй хөгжиж байгаа нь сагсан бөмбөгийн спорт боллоо. Монголчууд талын нэг цацсан шагай шиг бус багцалсан таван сум шигээ явж чадвал ямар ч амжилт гаргах бүрэн боломж нээлттэй байна гэдгийг нэгэн тод жишээ энэ буюу.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Импортын алимнаас хачиг илэрчээ

Ярантын боомтоор импортлогдсон алимаас дээж авч, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд жимсний улаан хачиг илэрчээ. Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавьж аж. Энгийн нүдээр бараг харагддаггүй гэнэ. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг юм байна. Харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас алим сонгож авахгүй байхыг холбогдох албаныхан сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрүүл мэндэд тустай арван хүнс

1. Өндөг – өндөг нь уураг агуулдаг бөгөөд таны хүүхдийн уургийн хэрэгцээ болон калцийг нөхөж өгдөг хамгийн тэжээллэг хүнс юм. Гэхдээ өглөөний цайн дээр өндөг чанаж эсвэл бага зэрэг түүхий шарж өгч байгаарай. Ингэснээр хүүхэд өөрийн биед хэрэгцээтэй уураг тэжээлийг өглөө авснаар өдрийн турш эрч хүчээр цэнэглэгдэх болно. Мөн хүүхдэдээ өгөх өндгийг шинэхэн эсэхийг сайтар шалгаарай. Ингэхийн тулд стакантай цэвэр усанд өндгийг хийнэ. Өндөг хөвөхгүйгээр ёроолд живж байвал шинэ өндөг гэсэн үг. Харин живэхгүй усны гадарга дээр хөвөөд байвал нэлээн удсан өндөг байдаг.

2. Овъёосны гурил – Энэхүү гурилнаас гадна ер нь арвай, тариан гурил хүүхдэд өгөх нь хүүхдийн хоол боловсруулах тогтолцоонд сайн төдийгүй анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг байна.

3. Бүх төрлийн жимс жимсгэнэ – Бүхий л төрлийн жимс нь хүүхдийн эрүүл мэндэд сайн бөгөөд олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг тул ямар ч хүнснээс илүү ач тустай байдаг. Гэхдээ баталгаатай чанартай шинэхэн жимс жимсгэнэ авч өгч байгаарай. Таны хүүхэд ч дуртай идэх болно. Элдэв хор хөнөөлтэй шүдний дайсан гэгддэг чихэр оронд жимс илүү дээр шүү.

4. Самар – Самар нь тослог, уургийн агууламж ихтэй байдаг. Энэ нь хүүхдийн биед хоргүй уураг, өөх тосыг бий болгож биеийн өсөлт хөгжилд зарцуулагддаг байна.

5. Сүү – Өглөө бүр 1 аяга тослог багатай, цэвэр сүү ууснаар таны хүүхэд ясны сийрэгжилтээс айх аюулгүй бөгөөд калцийн дутагдалд орохгүй. Түүнээс гадна шүдийш бэхжүүлж, эрүүлжүүлж өгдөг.

6. Дүпү – Уургийн агууламж өндөртэйгөөс гадна ирээдүйд гарч болзошгүй аливаа хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Та хүүхдэдээ хоолонд нь эсвэл ногооны салатанд дүпү хийж өгч идэж сургаарай.

7. Улаан лооль – Хүүхдийн цусан хангамжыг түргэсгэж, зурх судасны үйл ажиллагааг сайжруулснаар өсөлтөд нөлөөлөх ба хортой хоргүй хавдраас сэргийлнэ.

8. Тараг – Тослог багатай, чихэргүй тараг байнга өгч байгаарай. Хэрвээ хүүхэд тань чихэртэй идэх дуртай бол чихрийн оронд жимс жимсгэнэ эсвэл зөгийн бал хийж тарагтай нь хольж өгөөрэй. Тараг нь ходоодонд өнгөр тогтоож жин нэмэх тустайгаас гадна хүний биед хэрэгцээтэй амин дэмүүдийг агуулдаг.

9. Байцаа, брокколи – Хүүхдийн биеийн өсөлтөнд шаардлагатай байдаг эрдэс бодис, тэжээл эдгээр хүнсний ногоонд ихээр агуулагддаг тул хүүхдийнхээ өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглүүлж заншаарай.

10. Загасны мах – Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн тустай махан бүтээгдэхүүн бол загасны мах тэр дундаа яргай загасны мах. Хүүхдийн биеийн зөв өсөлт, хөгжил, сэтгэхүйн хөгжилд сайн нөлөөтэй.

Categories
мэдээ спорт

У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ

Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Киргизтаны нийслэл Бишкект хотноо болсон Дуйсенкул Шопоковын нэрэмжит, Олон улсын боксын холбооны(ОУБХ) “А” зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. 69 кг-д өрсөлдсөн тэрээр Казахстан, Киргизстаны хоёр боксчинг ялж, аваргын төлөө Узбекстаны Махмуд Гайповтой тоглож байхад хөмсөг нь задарснаар тэмцээнээ дуусгаагүй аж.

Нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-нд болсон 39 дэх удаагийн уг тэмцээнд нийт есөн орны 177 боксчин арван жинд хүч үзжээ.

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнээс гадна 49 кг-д Б.Золжаргал, 56 кг-д Х.Тэнгисболд, 60 кг-д Б.Батжин нар өрсөлджээ.

Баг тамирчид ОУСБХ-ны гурван одтой дасгалжуулагч Л.Энхбаатарын удирдлагад оролцжээ.