МҮОНТ-ийн “Ярилцъя” нэвтрүүлгийн өнгөрсөн Бямба гарагийн дугаарт Тавантолгой төслийн хэлэлцээрт Монголын талыг төлөөлөн ажиллаж буй Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл оролцож, төслийн хэлэлцээрийн явц болон олон нийтийн анхаарлыг татаж буй зарим асуудлаар дэлгэрэнгүй ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
–Хэлэлцээр ямархуу шатандаа явж байна вэ? Долоо хоногийн өмнө М.Энхсайхан сайдтай ярилцаж байхад “Цагаан сарын өмнө дуусгах эрмэлзэлтэй. Хоёр талаасаа нилээн идэвхтэй ажиллаж байгаа” гэж байсан?
-Хэлэлцээрийн явцын тухайд, тендерийн материалыг 12-р сарын 1-нд хүргүүлсэн. Ажлын хэсэг тендерийн материалаа дүгнээд, сонгон шалгаруулалтаа хийгээд, хэлэлцээр эхлээд явж байгаа. Анхны уулзалтыг шинэ оны өмнөхөн хийгээд, ажил хэргийн уулзалтууд 1-р сарын 5-наас хийгдээд явсан. Зарчмын хувьд бид хагас бүтэн сайнгүй шургуу ажиллаад, хоёр талаасаа харилцан мэдээллээ солилцоод явж байна. Тодорхой зарчмууд дээр анхны байдлаар тохирсон. Харилцан ашигтай байх, нэг зорилгын төлөө явах, Монгол Улсад одоо байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд гэрээнүүдийг байгуулна гэсэн гол зарчмуудыг баримталж байгаа. Энэ хүрээнд ажлын хэсэг болон хөрөнгө оруулагчдын зүгээс их чармайлт гарган ажиллаж байгаа. Гол үндсэн зарчмуудаа тохироод, түүнийхээ доор бусад зүйлүүдээ цаасан дээр буулгаад явж байна.
–Хэлэлцээрийг дэлхий нийт, хөрөнгө оруулагчид, их олон хүмүүс харж, хүлээж байна. Хэлэлцээр амжилттай болох үндсийг танай талаас юу гэж харж, тодорхойлж байна вэ?
-Ер нь Тавантолгойн тендерийн асуудал 2010 оноос явж байгаа. Ерөнхийдөө бараг 5 жил үргэлжлээд явж байгаа асуудал. Энэ явцад Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил ямар байдалд хүрснийг бүгд мэдэж байгаа. Тухайн үед буюу 2010 онд Засгийн газар тендер зарлахад 16 компани оролцъё гэж хүсэлтээ илэрхийлж байсан бол 2014 оны эцсээр нийт 6 талд хандаад “тендерээ үргэлжлүүлье” гэж санал тавихад дийлэнх оролцогчид “уучлаарай, бид оролцох боломжгүй” гэж хариу өгсөн байгаа. Тухайлбал 2010 онд Тавантолгойн тендерт оролцъё гээд хүсэлтээ гаргаад явж байсан Вале болон Мицуи компаниуд хамтраад Мозамбикийн төсөлд хөрөнгө оруулаад явж байна. Тэд Мозамбикийг Монголоос илүү хөрөнгө оруулалтын таатай орчинтой гэж үзээд тийшээ явсан байх. Энэ утгаараа зарим нэг нь бол “за танай Засгийн газар тендер зарладаг, баахан ажил болж, баахан юм бэлдээд өгдөг, тэгээд сүүлдээ үр дүн нь гардаггүй шүү дээ” гэсэн байдлаар л хандаж байна. Энэ тендерийг ч гэсэн тийм өнцгөөс хараад, оролцохгүй гэсэн байр сууринаас хандсан тал байх шиг санагдсан. Бидний хувьд бол ямар ч байсан консорциумыг байгуулаад, энэ ажлыг урагшлуулчих бодитой чадвартай консорциум байгуулаад саналаа хүргүүлсэн. Үүнийхээ дагуу хэлэлцээр хийгээд явж байна.
–Нийгэмд харьцуулж харах ойлголт их байдаг. Оюутолгойн хэлэлцээ жаахан тийм болчихсон юм даа, Тавантолгой яах бол? Алдаагаа давтахгүй байхсан ч гэдэг юмуу. Ер нь томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг олон улсын туршлагыг энэ удаагийн хэлэлцээр дээр хэр авч ашиглаж байна вэ? Хэр олон улсын түвшинд хүрсэн, стандарт хангасан хэлэлцээр болж чадна гэж найдаж байна вэ?
-Бидний зүгээс Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд саналаа бэлдэж, энэ дагуу ч гэрээгээ байгуулахыг зорьж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагчийн зүгээс аливаа нэг татварын хөнгөлөлт хүсэх юм уу“энийг чинь төлнө, энийг бол төлөхгүй” гэж ярих зүйл огт байхгүй. Ерөөсөө олон улсын зарчмаар “та нар татварын орчин, үйл ажиллагааны орчноо тогтвортой байлга. Бид эрсдлээ үүрч ороод, хөрөнгө оруулалтаа хийе” гэдэг л зарчим барьж байгаа. Эцсийн дүндээ энэ бол Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх төсөл. Нөгөө талаас хөрөнгө оруулагч тал бүх эрсдэлээ даагаад орж байгаа. Хөрөнгө оруулалтын өгөөж нь одоогийн зах зээлийн байдалд өндөр харагдахгүй байгаа. Гэхдээ татварын, улс төрийн болон үйл ажиллагааны орчин тогтвортой байвал урт хугацаандаа өгөөжөө өгөх төсөл гэж харагдаж байна.
–Хэлэлцээрийн явц, үйл ажиллагаа тогтмолжоод ирэхээр мэдээллийн ил тод байдал гэдэг зүйл бас чухлаар тавигддаг. Хэлэлцээр үнэхээр ил тод байж чадаж байна уу?
-Миний ойлгож байгаагаар, ажлын хэсгээс хэвлэл мэдээллээр болон megaproject.mn сайтаараа дамжуулаад олон нийтэд байнга мэдээлэл өгч, зарчмуудаа ярьж явж байгаа. Нөгөө талаас, мэдээж хэлэлцээрийнявцад хөрөнгө оруулагчдын зүгээсгарч ирээд “бид ингэсэн, тэгсэн” гэх байдлаар асуудалд нөлөөлөх оролдлогуудыг хийхгүй байх зарчмыг бизнесийн байгууллагууд баримталдаг. Тийм учраас бодитой мэдээллийг ажлын хэсэг өөрийнхөө шугамаар, төр засгийн байгууллагууд болон олон нийтэд хүргэж байгаа гэж ойлгож байна.
–Ер нь олон улсаас харахад ч тэр хөрөнгө оруулагч гэдэг нэг их мөнгө гэнэт оруулж ирэхдээ биш ерөөс хөрөнгө оруулалт гэдэг бол тогтвортой, сайн орчин л юм байна. Үйл ажиллагаа, өгөөж нь тогтмол байх нь чухал юм гэдэг нь харагдаж байгаа. Өчигдөр Хөрөнгийн биржийн мэдээллээс харахад Тавантолгойн төслөөс нийт 94 тэрбум доллар орж ирнэ гэж байгаа юм. Тэр мэдээж гэнэт нэг дор ороод ирэхгүй. Үүнээс хамгийн чухал нь жил бүр 1-1.5 тэрбум доллар тогтвортой орж ирнэ гэдэг нь хамгийн чухал, сайн зүйл нь юм болов уу. Тэгэхээр төсөл урт хугацаандаа тогтвортой, өгөөжтэй ажиллах нөхцлийг яаж харж байна вэ?
-Монгол Улс гадаадын ба дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварлалгүй дэмждэг байя гэдэг үүднээс УИХ 2013 оны эцсээр ярьж, хэлэлцэж байгаад 11-р сард Хөрөнгө оруулалтын хууль гэж баталсан. Өмнө нь бол Гадны хөрөнгө оруулалтын хуультай, түүгээрээ “гадныханд дэмжлэг үзүүлнэ, хүрээд ир, хамтарч ажиллая” гэдэг. Харин дотоодын хөрөнгө оруулагчдад нь тийм боломж байхгүй байсан. Иймээс энийгээ өөрчлөөд, аливаа хөрөнгө оруулалт гадна, дотных байх нь хамаагүй, Монголын хөрсөнд шингэж, Монголын эдийн засгийг эргэлтэнд оруулж байгаа, монголчуудыг ажлын байраар хангаж байгаа, Монголын экспортыг дэмжиж байгаа, үүгээрээ дамжаад валютын урсгалыг татаж, төгрөгийн ханшид эергээр нөлөөлнө, үүгээрээ ард түмний амьдрал, хүн болгонд сайнаар нөлөөлнө гэдэг утгаар нь харж эхэлсэн. Хөрөнгө оруулалтыг эдийн засгийн утгаар нь харж, том төслүүдийг дагаад Монголын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгч гэх мэт хэлбэрээр хамтран ажиллаж байж эдийн засагтаа тарж, эдийн засгийнх нь “цус” эргэлдэж байдаг гэдгийг бид зөв ч бай, буруу ч бай олон жил маргалдаж ярьсны эцэст бүгдээрээ ойлгож авах шиг боллоо.
–Өнгөрсөн долоо хоногт Монголын түүхэнд бараг анх удаа бид Ерөнхий сайдынхаа санал асуулгад оролцож, дүнг нь харлаа. Олонх хүмүүс том төслүүдээ хөдөлгөх нь чухал гэж үзлээ. Таны хэлдгээр нийтээрээ ер нь том төсөл, тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монгол Улс олон улсад сайн түнш байж чадна гэдгээ харуулахын чухлыг ойлгосон гэж харагдаж байна. Монголчууд хулхи биш, монголчуудтай хамтарч ажиллаж болно гэдгийг харуулахыг хүсч байх шиг байна?
-Том төслүүдийн нөлөөлөл эдийн засагт яаж гарч ирдэг вэ гэдгийг л зөв ойлгох хэрэгтэй. Жишээ нь манай Энержи Ресурс компани Ухаа Худагийн төслийг 2008 оноос хэрэгжүүлээд явсан. 5-6 жилийн хугацаанд бид жилд 15 сая тонн нүүрс олборлож, баяжуулах хүчин чадал ба дагалдах дэд бүтцийг бий болгоод, хөгжүүлээд явж байна. Өөрсдийнхөө туршлагаас харахад энэ ажилд дотоодын 500-600 аж ахуйн нэгж ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажилласан байдаг юм. Мөн үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос 2014 оны хооронд бид 2.5 орчим тэрбум долларын экспортын орлогыг Монголд оруулж ирсэн. Дээр нь 1 тэрбум гаруй долларыг энэ бүх цогцолбор, дэд бүтцийг байгуулахад хөрөнгө оруулалт хэлбэрээр хийсэн. Энэ бүхэн бүгд эдийн засагт орж, шингэж байгаа. Нөгөө талаас, компани үйл ажиллагаа явуулснаар эрсдлийг хөрөнгө оруулагч үүрдэг. Засгийн газрын хувьд бол татвар, хураамж, роялтигаар дамжуулаад төсөл эхэлсэн эхний өдрөөс эерэг мөнгөн урсгал аваад эхэлдэг. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Энержи Ресурс компани 550 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төлсөн байдаг. Нөгөө талаас манай компанид болон туслан гүйцэтгэгчид ажиллаж байгаа хүмүүс цалин, хөлсөө аваад явж байна. Бэлтгэн нийлүүлэгчид маань ажлын хөлсөө аваад явна. Төсөл явагдсанаар ийм олон талт харилцаа үүсч байгаа юм. Ажилчид, компаниудын менежмент, ханган нийлүүлэгчид, худалдан авагчид, төр засаг… Эндээс харахад том төсөл явснаар хөрөнгө оруулагчаас бусад бүх оролцогч талууд эхний өдрөөс шууд ашгаа хүртээд явдаг. Хөрөнгө оруулагч тал бол эхний ээлжинд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, төсөл гайгүй явах юм бол урт хугацаандаа хөрөнгө оруулалтын өгөөж өгнө л гэж хардаг.
–Та бүхэн банкнаас хөрөнгө оруулалт босгоно гэж ярьж байгаа. Ер нь санхүүгийн эрсдлээ хэрхэн зохицуулж байгаа вэ? Монголын Засгийн газар санхүүгийн эрсдэл хүлээхгүй, хөрөнгө оруулагч тал хүлээнэ гэж байгаа?
-Ерөөсөө том төслүүдийг хэрэгжүүлдэг олон улсын жишгээр л явж байгаа. Хөрөнгө оруулагч тал болон түүнд санхүүжилт олгох банк, санхүүгийн байгууллагууд эрсдлээ хуваарилаад авдаг. Олон улсын жишгээр хөрөнгө оруулагч тал өөрийн хөрөнгөөр тухайн төслийн 30 орчим хувийг санхүүжүүлдэг. Бусад 70 хүртэл хувийг бол банк, санхүүгийн байгууллагууд санхүүжүүлж явдаг. 8%-ийн хүүтэй зээлэн дээр ч гэсэн тийм л шаардлага тавьдаг байх. Та 30%-иа эхлээд төлөөрэй, ингэж байж та хариулага хүлээнэ шүү, үлдсэн 70%-д нь бид тодорхой нөхцөлтэйгээр зээл олгоно гэж. Яг түүнтэй адилхан. Санхүүгийн байгууллагууд эрсдлийг яаж дүгнэдэг вэ гэхээр, энэ компаниуд өмнө нь ямар туршлагатай байсан юм бэ, нэг үгээр хэлвэл зээлийн түүхийг нь хардаг. Хувь хүмүүст ч гэсэн цалингийн зээл өгөхдөө банкууд өмнөх зээлүүдээ хэр төлж байсныг хардаг. Ийм байдлаар банк, санхүүгийн байгууллагууд эрсдлээ үнэлээд явна. Төсөл өөрөө мэдээж эрсдэл дагуулна. Гадны хүчин зүйл гэхэд зах зээлийн байдал байна. Одоо бол зах зээл, нүүрсний үнэ ямар байна? Өрсөлдөөн ширүүн байна, Австрали гээд гол тоглогчоос гадна Канад, АНУ, ОХУ, дээр нь Африкаас Мозамбик, Азиас Индонез гэх мэтийн орнууд шинээр хүч түрэн орж ирж байна. Тэдний экспортын хэмжээ хэдэн сая тонн, зуун сая тонноор яригдаж байна. Энэ зах зээлд нэвтрэхийн тулд бид тэд нартай бизнесийн зарчмаар л өрсөлдөнө. Хөөрхий монголчууд нүүрс гаргачихсан юм байна, тэрнийг нь худалдаад авчихья гэдэг үүднээс хэн ч харьцахгүй. Тэгэхээр бид өрсөлдөх зарчмаар л ажиллана.
–Танай консорциумын нөгөө 2 оролцогч гишүүнийг харахад энэ өрсөлдөөнд нилээн сайн давуу талтай юм уу гэж харагдаж байгаа?
-Консорциумын тухайд гэвэл анхнаасаа урилга гадны хөрөнгө оруулагчдад очсон. Нөхцөл нь бол Монголын талтай хамтарч ажиллаарай гэж заасан. Монгол компаниудаа эдийн засгийн хөгжилд татан оруулж, дэмжье гэсэн бодлогын хүрээнд ийм шаардлага тавьсан гэж ойлгож байгаа. Энэ консорциум бол өөрийн гэсэн давуу талуудыг гаргаж ирж чадсан гэж боддог. Яагаад гэвэл Японы хөрөнгө оруулагч компани орж ирсэн. Япон бол дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний 2 дахь том зах зээл. Хятад бол өөрөө коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч. Монголын нүүрс далайн чанадын Японы зах зээлд хүрэхийн тулд заавал транзит тээвэр хийх ёстой, транзит тээвэр хийгээд очлоо гэхэд найдвартай нийлүүлэлт хийнэ гэдэг япончуудын хувьд хамгийн чухал асуудал. Австралиас гарч байгаа нүүрс бол Австралийн боомтоос гараад, далайгаар яваад, Японы боомтод шууд хүрдэг. Аливаа нэг эрсдэл байхгүй. Монголын нүүрс гараад, Хятадаар дамжаад Японы үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлэгдэнэ гэдэг тэр баталгаа байж байж япончууд орж ирж байгаа. Тэгэхээр энэ хослол маань өөр өөрийн давуу талуудыг авчирч байгаа. Энержи Ресурсын хувьд гэхэд Ухаа Худагт өөрийн гэсэн бааз суурьтай учраас төслийн анхны өдрөөс үйлдвэрлэл явуулах тэр боломжийг олгож өгч байгаа. Шэньхуа корпорацийн хувьд туршлагатай, төмөр замын сүлжээтэй, далайн боомтын үйл ажиллагаа явуулдаг, Сумитомо бол Японы төмрийн үйлдвэрүүдэд нүүрс нийлүүлдэг том туршлагатай. Сумитомотой л гэхэд бид хамтын ажиллагааг өнөөдөр эхэлчихээгүй. 2011 онд бид анх баяжуулсан нүүрс гаргаж эхлээд, эхний ачилтуудаа Сумитомотой хамтарч Япон руу хийж байсан. Тэгэхээр 2011 онд хийж байсан ажил маань үргэлжлээд явж байгаа гэж ойлгож болно.
–Аль ч үзүүлэлтүүдээр харсан энэ гурвал дундаас танай 2 хамтрагч бол маш том компаниуд. Гэхдээ Энержи Ресурс бол магадгүй бидэн дундаа хамгийн том нь. Яг хамтраад ажиллахад танай компани хэр “бяр”-тай байна? Хэр итгэлтэй, сайн түнш байж чадаж байна вэ?
-Энержи Ресурс бол 2005 оны 4-р сард Монголын үндэсний компаниуд хамтраад байгуулж байсан компани. Уул уурхай бол Монголын хөгжлийн гол түлхүүр болох юм байна. Мэдээж гадны компаниуд орж ирнэ, жишээ нь тухайн үед Оюутолгой төсөл гэх мэт ажлууд яригдаж байсан. Гадаадын том уул уурхайн компаниуд Монголыг сонирхож байсан. Ийм байхад монголчууд бид гадныхныг гайхаад хараад, баярлаад яваад байх юм уу, эсвэл өөрсдөө зориглоод юм хийгээд үзэх юм уу? Хийхдээ олон улсын жишигт нийцүүлээд, гадныхантай дүйцэхүйц түвшинд юм хийгээд явья л гэж анх зориг шулуудаж энэ ажил руу орсон. Мэдээж эрсдэл үүрсэн, тэр эрсдлээ цаашид ч үүрээд явна. Уул уурхайн салбарын хувьд маш их хөрөнгө оруулалт шаарддаг, маш их эрсдэлтэй, эрдэс баялгийн үнэ савладаг, тэр хэрээр өгөөжөө маш урт хугацааны дараа л өгдөг. Үнэ яаж савладгийн тод жишээг бид сүүлийн 10 жил хангалттай харж байна. Энэ орчинд үйл ажиллагаа явуулж чаддаг компани бий болгоё л гэдэг эрхэм зорилготойгоор ажиллаж ирсэн. Сүүлийн 5-6 жил Ухаа Худагийн төслийг амжилттай хэрэгжүүлээд явахад, дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагааг та нар Монголдоо явуулж чадаж байна гэдгийг олон хүн бидэнд хэлж байсан.
–Энэ бол зөвхөн танай компанийн ч асуудал биш юм болов уу. Миний харж байгаагаар танай компани, Монгол Улс, ер нь Монголын Засгийн газар итгэл хүлээж, хөрөнгө оруулагчидтай асуудлаа шийдэж чаддаг юм байна гэдгийг харуулах асуудал юм болов уу.Бүр алсдаа бол Монгол Улс гүрэн дамнасан, дэлхийд өрсөлддөг том компанитай болмоор байна шүү дээ?
-Энержи Ресурс компани Монголдоо, ялангуяа нүүрсний салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, хамгийн их туршлага хуримтлуулсан, улсад төлсөн татварын хэмжээгээрээ байнга эхний 1, 2, 3-т бичигдээд явж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Энэ утгаараа монголчууд олон улсын харилцаанд орох, олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдох, олон улсын компаниудтай бизнесийн хэлээр ярьж харилцдаг байх, таны хэлдгээр итгэлцлийг бий болгох ажлыг бид хийгээд л явж байгаа. Ингэснээрээ Энержи Ресурс компани олон улсын зах зээл дээр тодорхой хэмжээнд Монгол Улсаа төлөөлөөд ажиллаж байгаа гэж бид байнга хардаг. Бидний үүрч байгаа хариуцлага бол ганц биднийх биш, Монголын эдийн засгийг, компаниудыг төлөөлөөд явж байгаа “мөс хагалагч”, нүүр царай болж байгаа. Үүнийг дагаад олон олон компаниуд хөрөнгийн зах зээл, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харьцаад явах хэрэгтэй байх. Тэгэж байж зөвхөн гадны хөрөнгө оруулагч орж ирж, мөнгө өгдөг биш дотоодын аж ахуйн нэгжүүд гадагшаа явж, мөнгө олж ирж, эдийн засагтаа мөнгө авчрах юм. Гадны хөрөнгө оруулалтыг татна гэдэг дээр энэ зарчим чухал шүү дээ.
–УИХ-ын гишүүд албан ёсоор асуулга тавьчих шиг боллоо. Түрүүн ч би асуусан, “бяр” хэр байна вэ гээд. Энэ консорциумд байгаа Монголын компанийн хувь хэд байгаа юм гээд лавлаад байх шиг байна?
-Ерөнхийдөө консорциумын бүтэц гэвэл 51% нь Энержи Ресурс буюу ММС, нөгөө талдаа 49%-д нь гадны хөрөнгө оруулагчид байгаа. Тендерийн шалгуур нь анхнаасаа ийм байсан. Бид энэ зарчмыг чанд баримталж, яг шалгуурын дагуу саналаа хүргүүлсэн байгаа. Энэ тал дээр аливаа эргэлзээ байхгүй, ажлын хэсэг дээр бид бас шаардлагатай асуудлууд дээр тайлбаруудыг өгөөд явж байгаа.
–Танай компанийн эдийн засгийн чадавхи, өр зээлийн тухайд бас асуудлууд сонсогдоод байгаа?
-Аливаа төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрүүдийг мэдээж татна. Банкны зээл авна, манай компанийн хувьд бас бонд ч гаргасан. Санхүүгийн хэрэгслүүд бол өөрийн гэсэн хугацаатай байдаг, бид өнөөдрийг хүртэл тэр хугацаандаа зээл, хүүгээ төлөөд явж байгаа. Уул уурхайн салбар өөрөө хөрөнгө оруулалт маш их шаарддаг, тэр авсан зээл нь бодитой хөрөнгө оруулалт болж чадаж байна уу гэдэг л асуудал байдаг. Өөрөөр хэлвэл үр ашигтай байж чадаж байна уу? Бид бол гадны банкуудтай харьцаж ирсэн, тэдэнтэй олон жил харьцаад ирсэн туршлага, итгэлцлийг үүсгэсэн. Эхлээд өгөхдөө 10 сая, 20 сая, 30 саяын зээл өгөх жишээтэй. Тэд нар бас харж байгаа хэрэг шүү дээ. За энэ нөхдүүдэд 10 сая долларын зээл өгчихлөө. Магадгүй зарим аж ахуйн нэгжүүд яадаг вэ гэхээр захирал нь бараг 2 саяар нь машин аваад уначихдаг. Тэгэхээр нөгөө мөнгө нь хөрөнгө оруулалт болж чадаж байна гэхэд хэцүү. Авсан хөрөнгийн эх үүсвэрээ зөв зарцуулаад, бодитой хөрөнгө оруулалт болгоод, бизнесийнхээ өсөлтийг хангаад явж байгаа бол банк, санхүүгийн байгууллагуудын итгэл нэмэгдээд л явдаг. Аливаа нэг асуудал үүсэх, зах зээл хүндрэх бол хүн болгонд тулгардаг асуудал. Гадаад, дотоодын уул уурхайн салбарт алинд нь ч тэр. Дэлхийн уул уурхайн том компаниуд, Rio Tinto, BHP Billiton бүгдээрээ зээлтэй, гэхдээ түүнийгээ төлөх чадвартай, эрмэлзэлтэй байх нь чухал. Түрүүн хэлсэнчлэн Энержи Ресурс бол санхүүгийн эх үүсвэрүүдийг татсан, түүнийгээ бодитой хөрөнгө оруулалт болгосон. Хэн ч гэсэн Ухаа Худагт очоод харахад нүдэн дээр ил байгаа. Хоосон тал байсан газар 5 жилийн дараа юу босгосныг хэн ч харсан хэлэх байх. Авсан зээл нь үр ашигтай хөрөнгө оруулалт, хөрөнгө, өмч болж чадаж байна уу, баялгийг бүтээх хэрэгсэл болж чадаж байна уу гэдэг л чухал байх.
–Төмөр замын талаар товчхон лавлая. Бас л маргаан дагуулж байна. Яах уу, хэн эзэмших вэ, монополь тогтох уу гэх мэт. Консорциум энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Төмөр зам бол энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суурь. Түрүүн хэлсэнчлэн бид өрсөлдөж байж л далайн чанадын зах зээлд нэвтэрнэ, өрсөлдөж байж бид энэ төслийг амжилттай явуулах боломж бүрдэнэ. Төмөр зам энэ төслийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд маш их ач холбогдолтой. Төмөр замын төслийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төмөр замын хууль болон Концессийн гэх мэт бусад хууль тогтоомжуудын хүрээнд л хийнэ. Энэ дагуу л ажиллаж байгаа. Төмөр замын хуулинд гуравдагч этгээдийн тээврийг хийх, бусад тээвэрлэгчдэд эрхийг нь олгох, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх гэх мэт заалтууд нь бий. Энэ хүрээнд л гэрээ, хэлэлцээрүүд хийгдээд явна.
–Одоо бол таныг хөрөнгө оруулагч гэж хараад байна. Гэхдээ би таны нэг ярилцлагыг харсан. “Монгол хүн Монголдоо юм хийж чадахгүй бол бол тэгээд яах юм бэ” гэж… ?
-Үнэхээр ч өөр хаана очих вэ дээ. Африкт очоод, Мозамбикт нүүрсний уурхай байгуулаад, баялаг бүтээхгүй нь тодорхой.
–Итгэл бол өндөр байна уу?
-Итгэл бол байх хэрэгтэй. Нөгөө талд эрсдэл бол бий, тэрнийгээ бодитой дүгнэх хэрэгтэй. Төслийн хувьд Монголын аж ахуйн нэгж, туслан гүйцэтгэгчид, ажилтнууд, мэргэжилтнүүдийн хувьд анхнаасаа эерэг өгөөжөө өгөөд явах төсөл. Хөрөнгө оруулагч бол эрсдлээ бүрэн үүрээд явна. Харин урт хугацааны төсөл учраас өгөөж нь урт хугацаандаа л гарна.
–За баярлалаа. Амжилт хүсье.