Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоно

Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалд Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Арван таван настайдаа арлын Япон улсыг зорьж, анх сумо бөхөд хөл тавьсан тэрээр Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа бидний бахархал болсон залуусын нэг билээ.

Тэрээр одоогоос найман жилийн тэртээ 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон бахдам амжилтын эзэн. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны шагнал тус тус хүртэж байсан. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлэн 2007 онд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд 156,6 тонн хог цэвэрлэлээ

XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/34 захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн зам талбай, цас мөс зэрэг нийт 88120 метр квадрат талбайн 156,6 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, томоохон зах, худалдааны төвүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг 1048 байгууллагын 6000 гаруй иргэн их цэвэрлэгээний ажилд оролцлоо гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Эрдэнэчимэгийг туулай агнасан хэмээн шүүмжилж байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эдгээр өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажлын айлчлал хийж байгаа бололтой. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Баян-Өлгий аймагтай танилцаж, малчин айлаар зочилсон тухайгаа хуваалцсан байна.


Үүний сацуу эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг Баян-Өлгийд зочилж байх хугацаандаа туулай агнасан тухайгаа мөн л өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Түүний энэхүү үйлдэлд иргэд дургүйцэж буйгаа илэрхийлэн олон нийтийн сүлжээгээр шүүмжилсэн байна.

Categories
гадаад мэдээ

Шилдэг эмэгтэй дуучнаар Бейонси тодров

АНУ-ын Лос Анжелес хотын “Стаплес центр”-т 56 дахь удаагийн “Grammy Awards” албан ёсоор эхэллээ. Энэ жилийн наадамд холливуудын 100 гаруй уран бүтээлч 35 номинацийн төлөө өрсөлдөж буй юм. Энэ жилийн “Оны залуу уран бүтээлч” шагналыг дуучин Сэм Смит хүртэж, анхны шагналын эзэн болжээ. Дуучин Бейонси, Сэм Смит, Кейни Уэст нар зургаан номинацид нэр дэвшсэнээр хамгийн олон номинацид нэр дэвшсэн уран бүтээлчээр тодорчээ. Бейонси “Шилдэг эмэгтэй дуучин” номинацид хэдийнэ ялалт байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Одоогоор “Шилдэг цомог”, “Шилдэг реппер”, “Шилдэг рок цомог” номинацийн эзэд тодорчоо. 2015 оны “Grammy Awards” наадмыг Америкийн шүтээн шоуны хөтлөгч Райн Сийкрэст хөтлөн явуулж буй юм.

Categories
мэдээ нийгэм

540 суудалтай өргөтгөл ашиглалтад оржээ

Ган зам 20 дугаар сургуулийн 540 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга ашиглалтад орж, нээгджээ. Энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, Төмөр замын удирдах газрын дарга, Эрхүү хотоос Монгол улсад суугаа байнгын төлөөлөгч, ахмад багш нарын төлөөлөл болон эцэг эх, сурагчид оролцсон байна.

Сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор тус сургууль нь нийт 46 ангитай болж дунд ахлах анги нь 1 ээлжээр, бага анги нь 2 ээлжээр хичээллэх боломж бүрджээ.

Categories
мэдээ цаг-үе

Малчдад ашигтай төсөл хэрэгжиж байна

Өнгөрсөн хавар иргэний хөдөлгөөний нэр барьсан хэсэг нөхөд “Дорноговийн малын махыг битгий идээрэй” гэх маягийн зүйл ярьж хийрхсэнээс болж ялангуяа тус аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын малчид ихэд бухимдацгааж байсан юм. Гэвч таанын толгойгоор тарга авсан тус нутгийн малын махны амт чанар зах зээлээ огтхон ч алдсангүй.Тэр ч байтугай хаа сайгүй өвлийн идшээ зэхэцгээж байгаа энэ үеэр Дорноговь аймагт ажиллаж байгаа зарим компаниуд энэ нутгийн малчдаас мах худалдан авч эхэлсэн байна. Тухайлбал Монголд ураны хайгуул явуулж байгаа “Арева Монгол” компанийн охин компани болох “Кожеговь” компани ажилчдынхаа хоол хүнсэнд зориулж, хээрийн ангийнхаа ойр орчмын малчдаас хонь, үхэр худалдаж авчээ. Энэ талаар тодруулахаар бид нутгийн малчид болон компанийн төлөөлөлтэй очиж уулзсан юм.

Биднийг очих үеэр хүйтний ам наашилж, ихэнх малчид өвлийн уртад хэрэглэх гурил будаа, ахуйн хэрэглээний зүйлсээ базааж авахаар төв орцгоосон байж таараад байлаа. Гэхдээ л зарим малчдаас энэ талаар тодруулж асууж амжсан юм. Эхний буусан айл маань Улаанбадрах сумын Аргалант багийн малчин н.Оргодолынх байв. Гэрийн эзэн эзгүйд таарсан тул эхнэр Ш.Алтанцэцэгээс зарим зүйлийг асуулаа.

Намаржаа тавлаг уу? Сайхан намаржиж байна уу?

-Цаг агаар тогтуун, тавлаг сайхан л байна. Төвөөс явж байна уу?

Хотоосоо. Кожеговь компанийн ажилчдын хүнсэнд хэрэглэх малыг эндээс худалдаж авсан гэдгийг сонсоод тодруулах гээд л. Танайхаас олон мал авсан уу?

-Мах бэлтгэлд авна гээд нутгийн малчдаас мал худалдаж аваад явсан. Манайхаас 8 үхэр худалдаж авсан..

Үнэ ханш гайгүй авсан уу?

-Зах зээлийн үнийг л барьсан даа. Эндхийн үнэ ханш ямар байна, тэрүүгээр нь л худалдаж авсан.

Өндөр шаардлага тавьсан уу?

-Ерөнхийдөө гайгүй.Өөрсдөө ирж үзээд, харж байгаад л авсан.Бид ч бас худалдах үнэ ханшаа бодоод гайгүй сайн малаа өгөхийг бодсон. Тохирсон үнээр авч байгаа болохоор боломжийн сайн мал худалдсан.

Жил болгон мал мах нийлүүлж байх юм уу?

-Хэрэв санал тавибал худалдана л гэж бодож байна. Ярьж тохироод, наймаа хийж болж байна. Ийм маягаар бие биедээ хэрэгтэй зүйл хийвэл оролцоно л гэж бодож байгаа.Ингэж мал авч байгаа нь малчид бидний хувьд явдал чирэгдэл гарахгүй их амар юм гэлээ.

Мөн “Кожеговь” компани нутгийн малчдаас 200 гаруй хонь авсны 50-ийг нь Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин Б.Баярсайхан нийлүүлсэн байна. Түүнээс энэ талаар тодруулахад, “Манайх Кожеговь компанид нийт 50 мал нийлүүлсэн. Дандаа эм хонь өгсөн байгаа. Үнийн хувьд харилцан тохиролцоод зах зээлийн ханшаар л өгсөн дөө. Боломжийн л үнээр худалдсан гэж бодож байна. Цаашид мал нийлүүлэхийн хувьд санал тавибал малаа худалдана л гэж бодож байна” гэж ярьж байлаа.

Малчид зах зээл ингэж ойртож байгаад дуртай байгаа гэдгээ хэлж, цаашдаа ч тухайн компанитай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж байсан юм. Тэгвэл хэрэглэгч тал ямар сэтгэгдэлтэй байгааг нь сонирхохоор “Кожеговь” компанийн хайгуулын анги дээр очиж зарим хүнтэй уулзаж, малчдын нийлүүлсэн махны амт, чанарын талаар асуусан юм. Тус хайгуулын компанийн ажилчдын хоол хүнсний хангамжийг хариуцдаг “Адэн Сервисис” компани “Арева Монгол”, “Кожеговь” компанитай хамтран нутгийн малчдаас мал худалдаж авах ажлыг газар дээр нь зохион байгуулжээ.

Тиймээс “Адэн Сервисис” компанийн бизнес хөгжлийн захирал С.Эрдэнэбилэгээс зарим зүйлийг асууж тодруулсан юм.

Дорноговийн малчдаас хүнсэнд хэрэглэх мал, мах худалдаж авч байгаа гэж сонслоо. Энэ ажлыг зохион байгуулах болсон шалтгаан нь …?

-Нийгмийн хариуцлагын­хаа дагуу “Кожеговь” болоод манай компани үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутагтаа нутгийн малчид, иргэдийн ахуй амьдрал, бизнест нь ач холбогдолтой зүйл хийхийг зорьж энэ төслийг эхлүүлсэн. Малыг хотноос нь очоод худалдаад авчихаж байгаа болохоор малчдад их ашиг тустай байгаа юм. Малаа зарахын тулд туувар хийх, тээвэрлэх шаардлагагүй болохоор малчдаас илүү зардал гарахгүй байна.

Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх үү? Бас малчдад хандаж хэлэх зүйл бий юу?

-Үргэлжлүүлнэ гэж бид найдаж байна. Энэ удаа бид малчдаас 9 үхэр, 200 хонь худалдаж авсан. Бэлэн мөнгө авч очоод худалдаа хийсэн болохоор малчдад амар байсан байх. Ирэх жил энэ худалдааг зохион байгуулахдаа, үнэ ханш зэрэг зүйлийг урьдаас сайн тохирч зөвшилцөөд, баримтжуулах байдлаар зохион байгуулна гэж бодож байна. Тийм болохоор наана нь сургалт зохион байгуулах зэргээр малчидтай эртнээс хамтран ажиллах болно.

Малчдаас нийлүүлсэн махны чанарын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-Бид малыг авахдаа мэргэжлийн зөвлөх ажиллуулж, сонголт хийсэн. Ер нь бол тарган л бол сайн мах гэсэн ойлголт байдаг. Харин мэргэжлийн зөвлөхүүд тарга өөх ихтэйдээ биш, харин махны гарц ахиу гарах малыг сонгох нь зөв гэж зөвлөсний дагуу малаа сонгосон. Малчдаас авсан хонь, үхрээс нийт 4 тонн гаруй махыг энэ удаад бэлтгэж нийлүүллээ. Малын махыг бүх шинжилгээ,үүний дотор хүнд металлын шинжилгээнд хамруулж хариу нь сайн гарсан байгаа.Амт чанар нь үнэхээр сайн байсан. Тийм болохоор энэ ажлыг илүү өргөжүүлж, дахиж зохион байгуулна гэж бодож байна.

Үүний зэрэгцээ хэрэг­лэгчид болох “Коже­говь” компанийн төлөөлөл энэ талаар ямар сэтгэг­дэлтай байгааг нь асуу­лаа. “Кожеговь” ХХК-ийн хайгуулын ангийн эмч Б.Базар:

“Манайх сарын өмнөөс эхлэн ажилчдынхаа хоол хүнсэнд зориулж орон нутгийн малчдаас мах авч эхэлсэн. Ажилчдын хүнсэнд өмнө нь нийлүүлж байсан махнаас энэ нутгийн малын мах чанарын хувьд илүү сайн байгаа гэж хэлмээр байна. Тийм ч болохоор хоолны амт чанар ч эрс сайжирсан. Энд бэлтгэж байгаа мах мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг нь бүрэн шалгуулсан учраас хүнсэнд хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Ер нь бид ажилчдынхаа эрүүл мэнд, тэр дундаа хоол хүнсний чанарт онцгой анхаардаг. Би энд эмчээр ажиллаад 7 жил болж байна. Энэ хугацаанд манай компанийн ажилчдын дунд хоол ундтай холбоотой ямар нэг өвчлөл огт гарч байгаагүй”гэсэн юм.

Мөн “Кожеговь” ХХК-ийн хээрийн ангийн хүнс, хоолны үйлчилгээг хариуцаж байгаа “Адэн Сервисис” компанийн менежер, тус хээрийн анги дээрх гал тогоог хариуцаж байгаа англи мэргэжилтэн Иан Никольс хэлэхдээ,

“Нутгийн малчдаас маш сайн чанартай мах нийлүүлсэн. Орон нутгаас нийлүүлж байгаа махаар хоол бэлтгэхэд их амар байна. Товчхондоо хоолны амт чанарын талаар үйлчлүүлэгчид маань ам сайтай байгаа. Цаашдаа ч нутгийн малын махыг өргөн хэрэглэнэ” гэж хариулж байлаа.

Мөн энэ төслийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан “АРЕВА Монгол” компанийн орон нутгийн асуудал хариуцсан ажилтан Ч.Оч төслийн ач холбогдлын талаар хэлэхдээ,

“Орон нутгийн малчдын өрхийн орлогыг дэмжих нь энэ төслийг эхлүүлэх гол зорилт байсан. Нөгөө талаар орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хайгуулын ангийн ажилчдын хүнсэнд ойр орчмын нутгийн малчдаас мах, сүүн бүтээгдэхүүн нийлүүлж байх санал малчдаас гарч байсныг хүлээн авч төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаагийн мах худалдаж авах ажил анхных байсан ч үр дүнтэй болсон гэж харж байгаа. Цаашид мах худалдаж авах энэ төслийг үргэлжлүүлэхдээ юун дээр анхаарч ажиллах талаар орон нутгийн иргэдээс өгсөнзөвлөмжийг тусган ажиллана гэж бодож байна” гэсэн юм. Мөн тэрээр төслийг үргэлжлүүлэх талаар нэмж хэлэхдээ, ”Энэ төсөл үргэлжлэх бүрэн боломжтой байгаа. Үүний зэрэгцээ хайгуулын хээрийн ангийн хэрэгцээнээс гадна “АРЕВА Монгол” компанийн нийт ажилчдын хувийн хэрэгцээний махыг Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумдын малчдаас нийлүүлэх ажлыг мөн зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн зун манай нийт ажилчид Наадмын хонио энэ нутгийн малчдаас худалдажавсан. Одоо ажилчдынхаа өвлийн үүцээ бэлдэх хэрэгцээнд зориулж мөн л нутгийн иргэдээс мал худалдаж авахыг хичээх болно” гэлээ.

Товчхондоо бол малаа хотноосоо холдолгүй зарах боломжтой болсон Дорноговийн малчид ч тэр, хоол хүнсэндээ экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гадаад, дотоодын ажилчид ч тэр аль аль нь сэтгэл хангалуун байгаа юм байна.

Т.ЦАН

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулна

Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Уг ажлын хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20 дугаар байр, 2 дугаар хорооны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр, 3 дугаар хорооны 21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр, 4 дүгээр хорооны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр байр, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БХН-30, БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл боловсруулж, барилгажилтын ажил гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлалаа.

Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан аж ахуйн нэгж, байгууллага төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төсөл хэрэгжүүлэгчид дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
Татвар болон шүүхийн байгууллагаас авсан тодорхойлолт
Түншлэлийн гэрээ / 2 ба түүнээс дээш аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ /
Барилгажилтын төсөл / эскиз, гадна шугам сүлжээний шийдэл /
Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан график
Оршин суугчдын төсөл хэрэгжүүлэх явцад түр суурьшуулах төлөвлөгөө
Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл
Санхүүгийн эх үүсвэр / төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа /
Төслийг хэрэгжүүлэх техникийн чадавхийн мэдээлэл / өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багын танилцуулга /

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн тойргийн системийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ

Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн билээ. Тэгвэл энэ үеэр тойргийн шүүх байгуулсан хуулийн заалтыг өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж 2015 оны долдугаар сараас эхлэн хүчингүй болгохоор шийдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

С.Батмөнх нарын хэргийг хянана

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан гэх хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэнэ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт 6.6 жилийн хорих ял, “Электрон системс” компанийн захирал М.Батболдод долоон жилийн хорих ял оноосон юм. Хоёр шатны шүүхээс оноосон энэхүү ялыг шүүгдэгчид эсэргүүцэн ийнхүү Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм.

Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын явцад ИНЕГ-ын дээрхи удирдлагууд нь тус газрын харъяа “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг тендерт хууль бусаар шалгаруулсан болохыг шүүхээс тогтоосон. Улмаар улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь “HSBS” банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд буруутгагдаад байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хулгайд алдсан ээмэг, зүүлт тань энд байна уу

Цагдаагийн байгууллагаас ингэж асуулаа. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийн эд мөрийн баримт болгон хураагдсан эд зүйлсийн эзэн нь тогтоогдохгүй байгаа тул хулгайд ээмэг зүүлт болон бусад эд зүйлсээ алдсан хүмүүс тус газарт хандана уу гэжээ.