Сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-15-ны өдрийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Траст трейд” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Грийн сити” ХХК, “Best shoes” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр, “Эксклюзив” ХХК, “Старри Скай” ХХК гэх мэт компаниуд оролцож байгаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Уг худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид түлхүү оролцож байгаа бөгөөд бусад худалдааны төвүүдээс хямд үнэтэй байгааг худалдагчид хэлж байв. Тухайлбал, ааруул 1 кг нь 8000 төгрөг, савхин бээлий бөөний үнэ нь 9000 төгрөг, ноосон бээлий, ороолт 5000- 6000 төгрөг, чацарганы шүүс 5000 төгрөг, 1 литр сүү 1500 төгрөг, 150 ширхэгээр ууталж савласан бууз 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн дүүрэг бүрт Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжлэх ажээ.
Month: February 2015
Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын зээл тусламж, онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард иргэд өндөр үнэлж, талархаж байдаг гэж Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай хийсэн уулзалтынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж хэлбэрээр нэг урсгалтай явж ирсэн. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлэх сонирхолтой байна. Энэ шинэ шатны хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо нэн чухал. Үүнийг бүрдүүлэхэд JBIC-ийн оролцоо, дэмжлэг онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ.
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар хэлэлцээ нь гурван жил гаруй үргэлжилсэн “Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Цаашид “Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, мөн хурдны зам, метро барих зэрэгт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхлоо Ерөнхий сайд илэрхийллээ.
Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд Японы “Сүмимото” корпораци оролцож буйг Монголын тал өндрөөр үнэлж байна. Монгол Улс уул уурхайн салбарын үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, Японы дэвшилтэд техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид ч Японы дэмжлэгийг авч, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэл баримтална гэж Ерөнхий сайд хэллээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжима уулзалтын үеэр Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурах гэж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.
Монгол улс 2013 оны 6 дугаар сард JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд 8 тэрбум иенийн зээл олгох бөгөөд энэ төслийг бодит ажил болгохын төлөө хамтарч ажиллахыг хүслээ.
Туршилтын энэ төсөл хугацаандаа амжилттай хэрэгжвэл, дараагийн шатны хөтөлбөрийг дэмжин ажиллахад бэлэн гэж ноён К.Яжима хэллээ.
8 тэрбум иенийн экспортын зээлийн шугамыг хугацаанд нь багтаж авч ашиглах, хувийн хэвшилдээ дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төслийн хэрэгжилтэд Ерөнхий сайдын хувиар анхаарал тавьж ажиллах болно гэдгээ мэдэгдээд энэхүү төслийн үргэлжлэл болгон шинээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтийг Ерөнхий сайд уулзалтын үеэр тавьж, энэхүү боломжийг судлан үзэхийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монголд эдийн засгийн болоод бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд огтоос хэрэгждэггүй, зүгээр л цаасан дээр тунхаг төдий үлддэгийн бэлээхэн жишээ Чөлөөт бүсийн асуудал болоод байна. Бид эдийн засаг, худалдааны чөлөөт бүстэй болохоор сүүлийн хорин жил ярилаа. Эрх баригчдын хэлж ярьж ирснээс үзвэл Замын-Үүд, Алтанбулаг танигдахын аргагүй болтлоо хөгжинө, тэдгээр бүс нутгуудад дэлхийн жишиг бүхий худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулж, бичил хотын хэмжээний статустай болно гэсэн. Гэвч өнөөдөр Замын-Үүд, Алтанбулагийн боомтууд бахь байдгаараа навсайчихаад, хаврын салхинд уруудаад хариугүй өеөдөх дөхсөн нэмнээтэй бяруу шиг тийм л зэврүүн өрөвдмөөр дүр төрхтэй байж байна.
Замын-Үүдэд юун дэлхийн жишигт нийцсэн худалдааны төвүүд сүндэрлэх, бүтээн байгуулалт өрнөх вэ. Алжааж ядарсан зочид ороод амарчихаар ганц аятайхан буудал, үйлчилгээний газар алга байгаа шүү дээ. Хилийн боомт дагаж хэлхэлдсэн, хоорондоо хэрэлдэж хэмлэлдсэн хэдэн навсархай “69”-ийн жолооч, Эрээн рүү гарч яваа наймаачдад банштай цайгаа борлуулчих санаатай зам дагаж гүйлдсэн хэдэн авгай нар л байгаа. Өөр тэнд хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц нэг ч шинэ зүйл байхгүй байсаар өнөөдрийг хүрэв. Харин 20 жилийн турш Замын-Үүдийн чөлөөт бүс гэж ярьсны үр дүнд Эрээн хот л цэцэглэн хөгжлөө.
Манай төр засгийн түшээд “Чөлөөт бүсийг танигдахын аргагүй болтол хөгжүүлнэ” гэж ам бардам хэлээд байсан нь Эрээн хотыгоо хэлээд байж л дээ. Эрхгүй ингэж хардахад хүргэж байгаа юм. Тэгээд монголчуудыгаа Эрээн рүү замчлан түүчээлж, Хятадын шавар тагз бүхий хэдэн байшинг дэлхийн жишиг хот болгоод өгсөн хэрэг.
“Ху Яобан” Хятад Монголын хил олон жилийн турш энх тайван найрамдлын хил болж байна. Хоёр орон хилийн худалдаагаа хөгжүүлэх хэрэгтэй” гээд “Эрлянийг Монгол Зөвлөлтийн хил дээрх нээлттэй хот болгоно” гэж айлджээ. Ху Яобаны тэрхүү айлдвар бүр давж хэрэгжлээ. Монголчууд бид тэр жижиг гацааг орчин үеийн хот болгожээ. Эрээн рүү тасралтгүй 20 жил хөрөнгө оруулалт хийлээ. Харин оросууд хөрөнгө бэл оруулсан бол тэр нь манайхны дэргэд тун өчүүхэн дойл эзлэх байх” гэж олон улс судлаач Д.Баярхүү бичсэн нь бий.
Эрээнд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс бол манай төр засгийн түшээд юм. Энхбаярын Засгийн газрын үед Их хурлын гишүүд өөрсдөдөө 10 сая төгрөг хуваарилж баталсан. Тэрхүү мөнгөө хармаалж аваад бүгд Эрээний захыг зорьдог байв. Хөдөө сумдын соёлын төвд өгөх цахилгаан хөгжмөөс аваад хэрэгтэй хэрэггүй баахан хог цуглуулж ирээд сонгогч олондоо тараана. Ингэж Монголын эрх баригч түшээд Эрээнийг төрийн бодлогоор дэмжиж байгаа юм шиг цэцэглүүлэн хөгжүүлсэн юм.
20 жилийнх нь мастер төлөвлөгөө шувтарч байгаа юм даг уу даа. Сүүлийн үед “Эрээн рүү явж байгаа наймаачдын хөл татарлаа” гэх мэдээлэл гарах болж.
Энэхүү мэдээлэл гарсан даруйд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Алтанбулагийн боомт руу албан томилолтоор очсон. ОХУ, Монгол Улс хоёрын хооронд визгүй зорчиж эхэлсэнтэй холбоотойгоор Алтанбулаг-Хиагтын боомт дээр ачаалал их байгаа гэнэ. Ачаалал хүндрэлийг төрөөс зохицуулахаар Гадаад хэргийн сайд өөрийн биеэр очсон нь тэр. “Хоёр улсын хилийн боомт дээр үүсч байгаа хүндрэл, нөхцөл байдлыг маш хурдан шийдвэрлэх алхам хийнэ. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулна. Иргэдийг Улаан-Үүд рүү ямар ч чирэгдэлгүй шуурхай нэвтрүүлнэ” гэж сайд хэлсэн байна.
Энэ нь юмны учир ойлгож, наад цаад нарийн ширийнийг мэдэх хүмүүст “Улаан-Үүдийг монголчууд цэцэглүүлэн хөгжүүлэх гэж байхад юунд ингэж чирэгдэл учруулна вэ. Бушуухан нэвтрүүл л дээ. Хоёр улсын хооронд визгүй болчлоо. Өөр юу хэрэгтэй юм” гэсэн үг.Оросууд яахав, монголчуудыг бөөс хуурс, хачиг хувалзтай мэтээр үзэж хилийн боомт дээр чирэгдэл учруулан хуучны дээрэнгүй“соц” сэтгэлгээгээрээ хандаж байгаа нь дамжиггүй. Бас одоохондоо шинэдээдсүүлчийнхээ хэдэн төгрөгийг рубль болгоод очиж байгаа манайхныг голонгуй байгаа хэрэг л дээ. Хэрэв тэд ийм монголчууд Эрээнийг ямар болгосныг ойлгоод ирэхлээрээ яана гээч. Худалч хүнд гэртээ байхад нь хүчээр ачиж аваад Улаан-Үүдэд хаях байлгүй. Энэ бол гайхаад байхаар зүйл биш. Харин манай Гадаад харилцааны бодлогыг зангидаж яваа эрхэм Эрээний хилээр зорчигчдын хөл эрстатарсан гэх мэтээр сайрхахын сацууУлаан-Үүдийг зорьсон нь сэжиг төрүүлж байгаа юм. Шуудхан хэлэхэд, урдах хөршийнх нь 20 жилийн мастер төлөвлөгөө амжилттай өндөрлөж, хойд хөршийг хөгжүүлэх дараагийн төлөвлөгөө эхэлж байна уу даа гэх хардлагыг төрүүлээд байна.
Сэлэнгийн Алтанбулаг сумыг Ази Европыг холбосон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд Их хурлаас батлагдсан байдаг. Сибирийн төмөр замаар Ази Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх газарзүйн таатай байршил гэж судлаачид анх үзэж байсан. Мөн Орос болоод Хятадтай хил залгаа оршдог гуравдагч зах зээлд чөлөөтэй нэвтрэх чухал гарц гэдгийг ч судлаачид тооцоолж байлаа. Хууль батлагдсан даруйгаас Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс рүү хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.
Анд маань утсаар ярьж байна. “Сониноо хурааж байгаад, над руу явуулаач” гэв. Тэрээр ажилгүй болчихоод, байраа түрээсэлж гэр хороололд амьдарч байгаа юм байна. Хувийн шуудан компаниуд гэр хорооллын ганц өрхөд сонин хүргэдэггүй гэнэ. Цахимаар захиалах бас боломжгүй. Түрээсэлсэн айл нь интернет байхгүй. Азаар хөдөө ажилладаг дүү нь хааяа сонингийн бараа харуулна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Цахим ТҮЦ ажиллуулснаар хорооны ажилтнуудын ачаалал хөнгөрч байна. Тэд өөр нийгмийн чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэж ярьсан. Тэгвэл өнөөдөр хороодын ажилтны нэг нь хэвлэлийн асуудалхариуцаж болмоор. Монгол шуудан, хэвлэлийн компаниуд тэдэнд захиалгын тоогоор жаахан урамшуулал өгч болно. Тэгвэл заавал хорооны ажилтан гэлгүй хэн нэг нь энэ ажлыг сонирхоно. Хэн хэндээ ашигтай л баймаар.
Х.БАТТӨГС
-Украинд цэргийн тусламж илгээх асуудал нь Барууныхныг үзэл бодлоор хуваагдахад хүргэв-
Украины зүүн хязгаарын хямрал Мюнхений аюулгүй байдлын уулзалтын гол сэдэв байлаа. Германы Мюнхен хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд /II.6-8/ олон улсын аюулгүй байдлын бодлогын асуудлыг хэлэлцдэг бага хурал болж өндөрлөсөн юм. 51 дэх удаагийн уулзалтанд Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, сенатор Жон МакКлэйн, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Германы батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайен, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины ерөнхийлөгч Пётр Порошенко тэргүүтэй 20 орны төр засгийн тэргүүн, 60 орчим гадаад хэргийн сайд, дипломатууд хуран чуулав. Хоёр өдрийн уулзалтанд хэлэлцэх гол сэдвийн хүрээнд Европын холбоо дотроо хуваагдсан болохыг албаныхны байр суурь нотлон харууллаа.
Бага хурлын үеэр АНУ тэргүүтэй Оросын эсрэг “суртал ухуулагчид” Украиныг цэргийн зэвсэг, техникээр хангахыг үгүйсгэсэнгүй. НАТО-гийн цэргийн командлагч генерал Филип Бридлов “Украин руу цэрэг илгээхгүй боловч Киевийг цэргийн зэвсэг, техникээр хангаж болно” хэмээн мэдэгджээ. Укрианы хямралд ОХУ-ыг буруутгасан байр суурийг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Британийн гадаад хэргийн сайд асан Малком Рифкинд, АНУ-ын сенатор Линдсей Грэхем нар хүчтэй илэрхийлсэн юм.
Укрианы ерөнхийлөгч Пётр Порошенко бага хурлын үеэр ОХУ-ын хэд хэдэн паспортыг үзүүлж, Донбассын зөрчилд Оросын цэргүүд оролцож буй гэдгийг нотлохын хичээв. Үүний хариуд ОХУ-ын албаныхан хар зах дээрээс хичнээн л бол хичнээн ийм хуурамч паспорт олж авч болохыг дурьдаад Укрианы талаас албан ёсны хувилбарыг өгөхийг хүссэн байна.
Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины тогтвортой байдлыг алдагдуулахад АНУ, Европын холбооны бодлого илүүтэй үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгажээ. Сергей Лавров АНУ, Европын холбоо ардчилсан замаар сонгогдсон Киевийн Засгийн газрыг түлхэн унагаахад тусалсан хэрнээ үүний дараа төрийн эргэлтээр гарч ирсэн шинэ Засгийг зүүн хэсгийн ард түмнийхээ эсрэг их бууны ам чиглүүлэхийг хориглоогүй хэмээн хурцаар шүүмжлэв. Түүнчлэн Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид хандан Киевийн Засгийн газрыг цэргийн зэвсэг, техникээр хангах нь урьдчилан хэлэх аргагүй үр дагаврыг авчирч, Украины зүүн хэсгийн хямралыг шийдвэрлэхийн төлөөх хүчин чармайлтыг үгүй хийхийг хатуу анхааруулжээ.
Үүний зэрэгцээ бага хурлын үеэр ОХУ-ын эсрэг байр сууриа зөөллөх орнуудын тоо нэмэгдсэн нь ажиглагдав. Москва хотноо Укрианы зүүн хязгаарын энхийн шинэ гэрээг хэлэлцсэний дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Оросыг буруутгасан байр сууриа эрс зөөлрүүлсэн байна. Францын экс ерөнхийлөгч Николя Саркози “Парис шинэ хүйтэн дайныг хүсэхгүй байна. ОХУ, Франц нь удаан хугацааны турш нийтлэг ашиг сонирхолтой явж ирсэн. Украинаас салж, ОХУ-д нэгдсэн Крымын сонголтыг буруутгаж болохгүй” хэмээн ярьжээ. Өмнө нь Чехийн экс ерөнхийлөгч Вацлав Клаус Крым үргэлж ОХУ-ын нэг хэсэг байсаар ирсэн хэмээн мэдэгдэж байв.
Хэдийгээр Европын лидерүүд Киевийн Засгийн газрыг дэмжихэд санал нэгдсэн ч АНУ-аас цэргийн зэвсэг, техникээр тусламж үзүүлэхийг цөөн хэд нь л дэмжиж байгаа аж. Тухайлбал, Германы канцлер Укрианы хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэх гэж хичээн зэр зэвсэг илгээх нь зөрчлийг хурцатгахаас хэтрэхгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Ийнхүү Украинд цэргийн тусламж илгээх асуудал нь Барууныхныг үзэл бодлоор хуваагдахад хүргэв.
Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригтоо ороогдож, мухардалд орж эхлээд буй. Гэвч энэ нь АНУ-д ямар ч нөлөөгүй. Мөн зөрчил Америк биш Европ тивд өрнөж буйг авч үзэх хэрэгтэй хэмээн ЕХ-ны зарим орнууд Вашингтоны санааг дэмжихгүй байна. Энэ талаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөх асан Лоде Ваноост тайлбарлажээ. Лоде Ваноост “Юун түрүүнд, Украины хямрал даамжирвал Европын холбоо шууд оролцоно. Энэ бол АНУ-ын шууд оролцох асуудал биш. Хоёрт, Киевийн Засгийн газар маш тогтворгүй, бүр өөрийн армийн бүхий л нэгжид бүрэн хяналт тавих чадваргүй гэдгийг Европын холбоо бодитоор үнэлж мэднэ” хэмээсэн байна.
Олон улсын аюулгүй байдлын бодлого тодорхойлох анхны бага хурал нь 1963 онд Мюнхенд болжээ. Уламжлалт бага хурлаар 1990 он хүртэл АНУ, Баруун Европын орнуудын асуудлыг хэлэлцэж байв.
Аргын тооллын хоёрдугаар сарын 9. Сумъяа гариг. Билгийн тооллын 20. Тэргүүн дагуул одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 07.59 цагт мандан, 17.52 цагт жаргана. Тухайн өдөр хулгана бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан билээ. Уг ажлын хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянгол дүүргийн I хорооны 10-18 болон 20 дугаар байр, II хорооны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр, III хорооны 21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр, IV хорооны 1-9 дүгээр байр, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БХН-30, БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл боловсруулж, барилгажилтын ажил гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлалаа.
Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан аж ахуйн нэгж, байгууллага төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн гуравдугаар сарын 16-ны өдрөөс өмнө нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлэх боломжтой аж.
Саяхан ETV телевизээр “Төөрөлдсөн тавилан” нэртэй сэтгэл хөдөлгөм нэвтрүүлэг гарч олон хүнийг уйлуулсан билээ. Уг нэвтрүүлэгт нөхрийнхөө хүнд хэцүү дарамт, хүчирхийлэлд удаан зовсон нэгэн эмэгтэй 33 жил уулзаагүй хүүтэйгээ уулзаж байгаа тухай өгүүлдэг. Уг нэвтрүүлгийн баатар Л.Бямбасүрэн 2004 оны 4 сард хүн амины хэрэг үйлдэж, 2005 оны хавар Эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангиар 18 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялыг 7 жил чанга дэглэмтэй, 11 жилийг жирийн дэглэмтэй хорих шийдвэрийг тухайн үед шүүхээс гаргаж байжээ. Тэрээр энэ жил 59 настай, түүний ялын хугацаа дуусахад 7 жил гаруй хугацаа үлдээд байгаа юм. Ерөнхийлөгч Л.Бмябасүрэнд уучлал үзүүлсэн сайхан мэдээ байна.
Өнөөдөр Өвөрмонголын Хөх хотын дунд шатны ардын шүүхээс Зао Зихүнд санаатайгаар хүний амь хохироосон, хүчирхийлсэн, дээрэм хулгайн хэрэг үлдсэн үйлдэлд нь цаазаар авах ял оноож, мөн 53 мянган юанийн торгууль оногдуулжээ.
Гэмт этгээд нь 1996 онд нэгэн эмэгтэйг хүчрхийлж, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ч монгол үндэстэн, өсвөр насны хүү Хөгжилт оронд нь хилсээр цаазлагдсан байдаг. “Инээдэг алуурчин” хэмээх хочтой, 43 настай Зао Зихүн нь аллага, хүчирхийлэл, дээрэм, хулгайн нийт 21 хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Тодруулбал, тэрээр 1996 оны дөрөвдүгээр сараас 2005 оны долдугаар сарын хооронд 10 хүний амь хөнөөж, нийт 13 эмэгтэй, түүний дотор 12 настай охин хүчирхийлсэн нь тогтоогдсон аж.
Заогийн хулгайлсан эд хөрөнгө, мөнгө зэрэг нь 34.900 юань болсон ба торгуульд 53.000 юань, хохирогчдод 102.768 юань төлүүлэх шийдвэр гарчээ. Хөгжилтийн эцэг эхэд өнгөрсөн долоо хоногт хилс хэргийн хохирлын нөхөн төлбөр болгож 2.05 сая юань олгосон байна.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор манай Засгийн газраас гаргасан шийдвэр дагуу гадаадын 42 орны иргэд 2015 онд аялал жуулчлалын шугамаар Монгол Улсад визгүй зорчих эрхтэй юм байна. Үүнд, Австри, Андорра, Аргентин, Багам, Бельги, Бразил, Грек, Гибралтар, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Ирланд, Кипр, Коста-Рика, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвеги, Панам, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцарь, Эстони багтжээ.