Categories
мэдээ спорт

“Хасын Хүлэгүүд” лигийг тэргүүлж эхэллээ

МҮСБХ-ны “Үндэсний супер лиг”-ийн тойргийн тоглолтууд өрсөлдөөн дүүрэн үргэлжилж байна. Тэд анх удаа эрэгтэй 11, эмэгтэй 7 багийг эгнээндээ нэгтгэж, гадны 33 легионер тоглогчийг багууддаа урьж чадсан. Мөн энэ жил анх удаа эмэгтэй сагсчид дээд лигт өрсөлдөж, анхны легионер тоглогчоо урьж чадлаа. Гурав дахь жилдээ ийнхүү амжилттай зохиогдож буй супер лигийн энэ жилийн аваргаар аль баг тодрох нь сонирхол татаж байна. Өчигдөр болсон тоглолтуудын тоймыг хүлээн авна уу.

Лигийг “Хасын Хүлэгүүд” тэргүүлж эхэллээ

Өчигдөр “Мон-Алтиус Мадимос Шонхорууд” vs “СБЛ Хасын хүлэгүүд” эхний тоглолтыг өрнүүллээ. Тоглолтын сүүлийн үеийн төгсгөл 108:106-ийн харьцаатай өрнөж, тоглолтын хувь заяа Хүлэгүүд рүү хэлбийж эхэлсэн.

SBL Хасын Хүлгүүд эхлээд 10 оноог өөрийн болгоод байтал Шонхорууд нэг ч оноо авч чадаагүй эхлэлийг хийсэн. Гэхдээ Шонхорууд энэ байдлыг удаалгүй хамгаалалт болон довтолгоон дээр жигд байж тооны зөрүүг ойртуулж чадсан юм.

Тоглолт Үндэсний Супер лигийн бусад тоглолтуудын адилаар дөрөвдүгээр үеийн төгсгөлд шийдэгдсэн. Тоглолтын шийдвэрлэх үед Хүлгүүдээс төвийн тоглогч Пил Жонес зургаан хувийн алдаа гарган үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Лигийн хоёр хүчтэй багийн тоглолт 114:109-ийн харьцаатай өндөрлөж, “SBL Хасын Хүлгүүд” ялалтыг авлаа. Хүлгүүдээс Б.Билгүүн 46 оноо авч 65.4 хувьтай довтолсон, Маркус Хэммондс 30 оноо найман самбар, М.Отгонмөнх 13 оноо, О.Сэргэлэн 10 оноо 7 оновчтой дамжуулалт хийсэн.

Харин Мон-Алтиус Мадимос Шонхоруудаас Т.Санчир 39 оноо зургаан самбар, А.Гансүх 24 оноо, таван оновчтой дамжуулалт, Смүш Паркер 17 оноо, найман оновчтой дамжуулалт өгсөн.

Үндэсний Супер лигийн багуудын чансааны хүснэгтийг SBL Хасын Хүлгүүд баг 9 хожил таван хожигдолтой тэргүүлж эхэлсэн бол Мон-Алтиус Мадимос Шонхорууд 8 хожил 7 хожигдолтойгоор чансааны тавдугаар байрт бичигдэж эхэллээ.

Аравтууд чухал ялалт авлаа

Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Их Өргөө Аравтууд” болон Сентоза Арслангууд багуудын хооронд боллоо. Плэй-Оффын сүүлийн байрлалуудад бичигдэж байсан тус хоёр багт хожил маш үнэ цэнэтэй байсан юм.

“Сентоза Арслангууд” сүүлийн гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулж, хүснэгтийн наймдугаар байрт бичигдэж байсан бол “Аравтууд” сүүлийн тоглолтуудаа тааруу хийж, долоодугаар байр руу унаад байсан юм. Багуудын хувьд “Арслангууд” хожвол “Аравтууд” Плэй-Оффын сүүлийн байр руу унах аюултай, чухал тоглолт байсан.

Ингээд тоглолт эхлэхэд “Аравтууд” санаачилгыг гартаа авч, ээлж дараалсан довтолгоогоо амжилттай болгож байсан бөгөөд энэ үед Арслангуудын дасгалжуулагч Ж.Отгондарь завсарлага захиалж, багтайгаа ярилцсаны эцэст өөрсдийн тоглолтоо эргүүлэн олж авч чадсан.

Гэхдээ “Аравтууд” оноогоор илүү явсаар л байсан бөгөөд эхний хагаст Dean Hadley гайхалтай байж 17 оноогоор багаа тэргүүлсэн бол, Батбямба мөн эхний хагасыг сайн тоглолтоороо өндөрлүүлсэн.

“Арслангууд”-аас эхний хагаст Крис Лаусон тун тааруу байж нэг ч оноог аваагүй долоон самбар, найман дамжуулалт өгсөн юм. Б.Батзолбоо, О.Нямбаяр нар эхний хагаст багаа аварсан гэхэд болно. Харин хоёрдугаар хагас эхлэхэд Аравтууд довтолгоондоо бүр ч илүү тоглож эхэлсэн бөгөөд Мөнхтүвшин, McCoy нар тун сайн байсан юм.

Гуравдугаар үед сайн тоглолт үзүүлж чадсан “Аравтууд” бага зэрэг тайвширсан мэт тоглолтыг үзүүлж эхэлсэн нь “Арслангууд”-д сэргэлт авах боломж болсон. Арслангууд тоглолтын дөрөвдүгээр үед урагшаа шахсан хамгаалалтыг үзүүлж, нэхэлтийг сайн хийж байсан нь үр дүнгээ өгч, тооны зөрүүг ойртуулж эхэлсэн.

Мөн эхний хагаст тааруу байсан Крис Лаусон довтолгоонд идэвхтэй оролцож эхэлснээр дөрөвдүгээр үеийн эхэн хэсэгт Трипль-Дабль хийж чадсан. Лаусон энэ улиралд зургаа дахь Трипль-Дабль хийсэн нь энэ байлаа. Гэхдээ түүний энэ үзүүлэлтээс илүү баг хожих нь чухал байсан ч Арслангуудад оноог тэнцүүлэх хангалттай хугацаа байсангүй.

“Аравтууд” ч торгуулийн шидэлтүүдээ сайн гүйцэтгэснээр 88:83 харьцаатай ялалт байгуулж, улирлын найм дахь ялалтаа байгуулж, хүснэгтийн долоодугаар байраа хадгалан үлдлээ. Харин Арслангууд одоогоор наймдугаар байрт бичигдэж байгаа ч “Харцага” бага тэднээс тоглолт дутуу байгаа учир нэг хожил байгуулахад л тэдний дээр бичигдэж болзошгүй болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн уралдааны хугацааг өөрчлөхийг зөвлөв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмжид хүйтний улиралд морь уралдуулах нь унаач хүүхдийг эрсдэлд оруулдаг. Тиймээс Засгийн газраас тогтоосон өвөл, хаврын уралдааны товыг өөрчлөхийг хүссэн байна.

Зөвлөмж хүргүүлэх тухай

Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай байгааг дахин сануулсан билээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гаргасан 13 дугаар тогтоолдоо хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон билээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг баталжээ. Уг хуваарьт тусгасны дагуу төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, хангайн болон говийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр тус тус зохион байгуулахаар болсон байна.

Өвөл, хавар цагийн уралдаан буюу 11 сараас 6 сар хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулах эрсдэлтэй байдаг. Тодруулбал, энэ цаг үед зам харгуй хөлдүү, цас мөс, шавар шавхайтай байдаг учраас хүүхэд мориноос унах эрсдэл өндөр бөгөөд хүйтний улирал учраас хүүхдүүд гар, хацар, нүүрээ хөлдөөх явдал байнга гардаг.

Монголын морин спорт уяачдын холбооноос өвөл, хаврын улиралд хүүхдүүдийн зузаан хувцасны гадуур өмсөх хамгаалалтын хувцас, хэрэгсэл, малгайтай болсон гэсэн тайлбарыг Комисст ирүүлж байсан боловч хүрэлцээгүй байдаг байна.

Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.”, 24 дүгээр зүйлийн 3-т “Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр НҮБ-ын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “…Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно…” гэж заасан байдаг.

Гэтэл сар шинийн баяртай холбогдуулан уяачид олон бооцоот уралдаан зохион байгуулж, хаврын уралдааны бэлтгэл болох үсэргээ, сунгааны үеэр хүүхдээр хурдан морь унуулж, гэмтэл учруулсан харамсалтай тохиолдол цөөнгүй гарч байсан болно.

Мөн өнгөрсөн онуудад зохион байгуулсан улс, бүс, аймаг, сумын наадмаар хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг Комисс тухай бүр анхааруулж ирсэн төдийгүй энэ асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангаас албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ.

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх үүднээс Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдааны тогтоолоос “төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хүй долоон худгийн Цагаан хөтөлд, 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хангайн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Дорноговь аймагт” товлосон хугацааг өөрчилж, 2015 оны 6 дугаар сард зохион байгуулахыг ЗӨВЛӨМЖ болгож байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан хугацаанд Зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу мэдэгдэнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудад 347 сая 182 мянган төгрөгийг буцаан олгоно

ШӨХТГ-аас Монгол Улсын их сургуулийн шилжин суралцсан оюутнаас шилжилтийн төлбөр авч буй үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийжээ. Гэтэл шалгалтаар Монгол Улсын их сургуулийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон байдаг. Иймд улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчил арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн.

Харин МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг эсэргүүцэж, “хууль бус шийдвэр гаргалаа” хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэж байлаа.

Харин ШӨХТГ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дагуу уг захиргааны хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Тэгвэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн бөгөөд МУИС-ын захирлын тушаалаар баталсан оюутан шилжүүлэн суралцуулах журмын төлбөртэй холбоотой хэсэг, шилжилтийн төлбөр тогтоох захирлын тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хууль тогтоомжид нийцсэн гэж хэвээр үлдээсэн байна.

Харин 241 оюутнаас хууль бусаар авсан 347 сая 182 мянган төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь ШӨХТГ-ын бүрэн эрхэд хамаарахгүй тул хохирсон оюутнууд өөрсдөө нэхэмжлэх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Архинд хордож нас баржээ

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээллийг хүргэж байна.

Угаарын хийн хордлого, албан:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багт 2 дугаар сарын 10-нд угаарын хийн хордлогод өртсөний улмаас 2 хүн (15 настай, эмэгтэй, 57 настай, эрэгтэй) нас барсан байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЭМГ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд, албан:

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 73493 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсанаас 5210 тохиолдол буюу нийт үзлэгийн 7.1хувийг томуу, томуу төст өвчин эзэлжбайна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 0.2 хувиар буурсан хэдий ч Сүхбаатар дүүрэгт 1.8 хувь, Баянгол дүүрэгт 1.7 хувийг, Налайх дүүрэгт 0.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.6 хувиар тус тус өссөн, бусад дүүргүүдэд 0.2%-2.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Агаарын чанарын төлөв байдал, албан:

2 дугаар сарын 2-ноос 8-ны хооронд Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын агаар “Их” болон “Маш их” бохирдолтой, орон сууцны хорооллын орчимд “Их”, “Дунд зэргийн” бохирдолтой байна. Агаар бохирдуулах бодисын долоо хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) 1.1-2.2 дахин их, нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) 1.4 дахин их, том ширхэглэгт тоосонцор (PM10),CO, O3 ойролцоо түвшинд байна.

Архины хордлого, албан: 2 дугаар сарын 3-наас 2 дугаар сарын 9-нд Нийслэлийн эмнэлгүүд болон Энэрэл, Наркологийн төвд нийт 461 хүн хандаж, 27 хүн хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 6.7 хувиар (31) нэмэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Өндөр гэгээний ойг тэмдэглэх санал хүргүүлэв

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монголын төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ.

Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт анх удаа даншиг наадам зохион байгуулан өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Мөн 2005 онд Засгийн газрын 92 дугаар тогтоол гарган түүний мэндэлсний 370 жилийн ойг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй.

Тиймээс өмнөх уламжлалын дагуу ойг зохион байгуулах комиссыг Засгийн газраас байгуулан Занабазарын үйл хэргийн талаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, баримтын эмхэтгэл гаргах, баримтат кино, нэвтрүүлэг хийх, Сарьдагийн хийдийн малтлагыг үргэлжлүүлэх, урлагийн нэрт мастер төдийгүй төр нийгмийн зүтгэлтний хувьд нь судалгааны шинэ чиглэл гаргах, баяр наадам зохион байгуулах зэргээр архивын баримтад түшиглэн түүхэн бодит үнэнийг танин мэдүүлэх, сурталчлан түгээх нь зүйтэй гэж үзэж буйгаа Я.Содбаатар гишүүн энэхүү саналдаа онцолжээ. Энэ онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний тэгш ойг тохиолдуулан Унгар Улсад эрдэм шинжилгээний бага хурал болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нэр бүхий 16 компани хөрөнгө завшжээ

“Таванбогд трейд” тэргүүтэй 16 компани “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хөрөнгөөс завшжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн үнэ тогтворжуулах гэрээний биелэлтийг шалгажээ. Шалгалтаар “Таванбогд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК зэрэг гурван аж ахуй нэгж гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоосон байна. Эдгээр компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу цемент, арматур нийлүүлэх ёстой байсан ч огт нийлүүлэлт хийгээгүй байгаа аж.

Мөн “Монос констракшн” ХХК, “Мост интернешнл”, “Очир ням” ХХК, ХХК, “Орд гео” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Төмөр транс” ХХК зэрэг долоон аж ахуй нэгжүүд хөнгөлттэй зээлийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг тогтоосон аж. Үүний зэрэгцээ “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК-иуд нь гэрээний биелэлт, тайлангаа огт гаргаж өгөөгүй байна.

Гэрээний үүргээ зөрчсөн гэх 16 компанид хариуцлага тооцох тухай хүсэлтийг ШӨХТГ-аас холбогдох байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зээлийн хүүгээр тооцон төлүүлэх, тендерт оролцох эрхийг хасах зэрэг арга хэмжээ авахыг сануулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Мобиком”-д сануулга өглөө

Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл хэрэглэгчдийг хохироож буйг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоожээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил, дутагдал илэрсэн байна. Жишээлбэл, “Мобиком корпораци”-ийг

-Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал, хэрэглээ нь 300 мянган төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг нь тогтоогдсон.

-Үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг. Гэтэл хэрэглэгч утсаа ашиглаагүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүй гаргасан. Энэ нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох журмыг зөрчсөн.

-Компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх тухай гэрээнд заасан нь Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн. Мөн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэж заасан нь гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан гэхчлэн буруутгажээ.

Иймд ШӨХТГ-аас дээрх зөрчлүүдийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг бүрэн төлүүлэх, хууль бус гэрээний заалтуудыг цуцлах шаардлагыг “Мобиком корпораци” ХХК-д хүргүүлээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хакухо эх орондоо ирнэ

Мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакухо Даваажаргал энэ сарын 15 буюу ирэх ням гаригт эх орондоо ирнэ. Тэрбээр кюүшюү башёд түрүүлж, Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд рекорд тогтоосон Тайхо их аваргын амжилттай зэрэгцсэн юм. Ингэж Японы үндэсний спортын дээд амжилтыг эвдсэн түүнийг Мэргэжлийн сүм бөхийн холбооны Ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн үнэлсэн билээ.

Дашрамд дуулгахад сар шинийн үеэр Хакуход Хөдөлмөрийн баатар цол олгох тухай яригдаж буй. Мөн саяхан түүнийг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ, 33 дугаартай дипломат паспортыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардуулаад байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ҮСХ-ны даргыг улирааж, АТГ-ын дэд даргыг томилов

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11.Лхагва гараг/ нэгдсэн хуралдаан 09 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал хэлэлцэв. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар Сономцэрэнгийн Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм. С.Мэндсайханы мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлагыг харгалзан энэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа тэрбээр хэллээ.

Мөн энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндэсний статистикийн хорооны даргыг улираан томилох тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ.

УИХ-ын даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигч болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг хямраагүй, сайн сайхан байна гэсэн худал мэдээлэл өгсөөр эцэст нь улс орныг өнөөгийн эдийн засгийн хямралд хүргэсэн, энэ талаар Байнгын хороон дээр яригдсан эсэхийг УИХ-ын гишүүн О.Содбилэг тодруулсан юм. Энэ тухайд Байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Статистикийн байгууллагаас гаргаж буй эдийн засгийн байдал, үнэтэй холбоотой мэдээлэл худал ташаа байгаа эсэх тухай яриа Байнгын хорооны хуралдааны үеэр гараагүй. Харин байнгын хороо тус байгууллагын ажилтай танилцахдаа мэдээллийн бодит байдалд анхаарч эх сурвалжийг сайтар нягтлан нэг аргачлалаар авч байх чиглэл өгсөн” гэсэн хариулт өгөв.

Харин нэр дэвшигч С.Мэндсайхан “Хямралтай холбоотой мэдээллийг буруу өгсөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд өгч байсан бүх мэдээлэл үнэн зөв гэдгийг хэлэхийг хүсч байна. Тус газар хуулиараа 48 төрлийн мэдээллийг 400 гаруй үзүүлэлтээр тооцож гаргадаг” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд, Б.Гарамгайбаатар, Л.Цог, Г.Баярсайхан, Д.Ганбат нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлэв. Тухайлахад гишүүн Б.Гарамгайбаатар “С.Мэндсайхан нь тус хорооны даргаар ажиллах хугацаандаа улс төрийн өнгө аястай мэдээлэл гаргаж байгаагүй гэдгийг би Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсны хувьд нотолно. Хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авах боломжийг энэ байгууллага бүрдүүлж чадсан” гэдгийг хэлж байв. Нэр дэвшигч С.Мэндсайхан “Ер нь статистикийн мэдээлэл нь улс төрийн болон бусад аливаа сонирхлоос ангид байх ёстой. Би энэ зарчмыг барьж ажиллаж ирсэн. Хэрэв гаргасан мэдээ, мэдээлэл маань алдаатай байх юм бол хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэдгээ нэмж тодотгосон юм.

Ингээд Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улируулан томилох тухай Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 42 нь буюу 91.3 хувь нь дэмжлээ.


Дараа нь Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар танилцуулав. Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжсэн юм.

Тус газрын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой гэсэн хуулийн заалттай. Нэр дэвшигч Ц.Нямдорж нь 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт Гүйцэтгэх ажлын хэлтсийн 1 дүгээр тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Г.Баярсайхан, О.Болд, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, Д.Сарангэрэл нар Ерөнхийлөгчийн зөвлөх болон нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Нэр дэвшигч Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улсын тухайд олон улсын байгууллагын судалгаагаар сүүлийн гурван жилд авлигын индекс буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашид энэ үзүүлэлтийг бууруулах үүднээс авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч, хуулийн хүрээнд ажиллана гэдгээ илэрхийлэв. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд ч хуулийг чанд мөрдөж, хүний эрх, шударга ёсыг сахиж улс төрөөс ангид ажиллах, авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигчид захилаа. Эцэст нь Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний нь 41 буюу 80.4 хувь нь Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү хуулиар төр стратегийн орд газраас хувь эзэмших, эсвэл эзэмших хувьтайгаа дүйцэхүйц хэмжээний роялти татвар авах хоёр сонголтыг бий болгож байгаа юм. Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр эдийн засаг тогтворгүй энэ цаг үед урьдны туршлага болох Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байснаасаа сургамж авч энэ удаад Гацууртын ордоос 20 хувийг эзэмших нь эрсдэл багатай хэмээн үзэж Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшихийг дэмжсэн юм.

Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орсноор улсын төсөвт төлбөр, татвар хураамжаар орлого оруулахаас гадна ордыг ашиглах компанид төр хувь эзэмшсэнээр ногдол ашгийн хувиар орлого хуваарилагдаж, энэ орлого улс орны хөгжилд зарцуулагдана гэж үзэж байгаа. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн хувьд хамтарсан “Эрдэнэс-Гацуурт” ХХК байгуулагдсанаар төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзээд байгаа.