Categories
мэдээ нийгэм

“Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг болж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд яг одоо “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, Нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга, Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Нотариатчдын танхим, Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон орон нутгийн шүүхүүд оролцож байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлын шинэтгэл сэдвээр илтгэл тавих бол Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаанд Хуульчдын холбоо оролцох нь”, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Шүүхийн нээлттэй үйл ажиллагаанд өмгөөлөгчдийн оролцоо”, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч А.Оюунчимэг “Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд нотариатчдын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад чиглэсэн ажил, үр дүн, анхаарах асуудлын талаар хэлэлцэх бөгөөд энэ чиглэлээр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагын талаар санал солилцох зорилготой аж. Хэлэлцүүлэг өнөөдөр 11.30 цагийг хүртэл үргэлжилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн ерөнхий шалгалтын журам

Боловсролын үнэлгээний төвөөс 2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг гаргажээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болжээ. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09 цагаас эхэлж гуравдугаар сарын 09-ний 18 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авах гэнэ. Өмнөх онд төгссөн шалгуулагчид суудлын хуваарийг БҮТ-өөс зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авах аж. Энэ жил монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авах бөгөөд эхнийхийг нь гуравдугаар сарын 21-ний өдөр авах бол дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулах гэнэ.

Шалгуулагч монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэх юм. Энэ шалгалтад 400-гаас доош оноо авбал дахин шалгалтад хамрагдах эрхгүй болно.

Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын сэдэв даалгавар нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээний чадварын түвшинг тогтооход чиглэсэн байна. МХБШ-ын сэдэв, даалгаврын бүтэц нь монгол хэл-уран зохиол хичээлийн агуулгын хүрээнд нийцсэн байхаас гадна монгол бичгийн унших чадварыг сорьсон байж болох ба тест даалгаврын олон хэлбэрийг ашиглаж боловсруулагдах аж. Шалгалтын жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад байршуулж нийтэд хүргэх тул нийт суралцагч, багш нар татаж авч ашиглах боломжтой байхаар хийжээ. Монгол хэл бичгийн шалгалтыг өгөхөд бүртгүүлэгчдээс хураамж авахгүй гэнэ. Цаашид шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулах юм байна.

ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ

•Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдынбүртгэл Улаанбаатар хотын цагаар 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 09 цагт эхэлж, 2015 оны гуравдугаар сарын 09-ний 18 цагт дуусна.

•Энэ онд арванхоёрдугаар анги төгсөж буй шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ.

•ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2015 оны хоёрдугаар сарын 9-ний өглөө 09 цагт эхэлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны орой 18 цагт дуусна.

БҮРТГҮҮЛЭГЧИД НЬ ДАРААХЬ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

•Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт, өнгөт цээж зураг (цээж зураг нь 3х4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авахуулсан, урагшаа харж цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)

•Шалгалтын хураамжийг интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн мастер болон виза картаар хийх .

•Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг

•Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ-д бүртгүүлэхдээ төгссөн сургуулийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.

•Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. (нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл)

•Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д хандана.

•ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

•ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70 хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.

•Бүртгүүлсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.

ЭЕШ-ЫН ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

•Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас (цаашид суудлын хуваарь гэх)-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2015 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

•Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.

•Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг(хот)-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.

•Шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болно.

ШАЛГАЛТАД ОРОХДОО ШАЛГУУЛАГЧИД ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

•Бүртгэлийн хуудас

• Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх

•Суудлын хуваарь

•Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

•Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

•Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

•ЭЕШ-д орох эрхийн бичиг

•Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсныг гэрчлэх бичиг.

•Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

С.ЖАРГАЛ

Categories
мэдээ эдийн-засаг

Жастин Капла өршөөл хүсчээ

Монголд төлөх 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт “Саусгоби сэндс” компанийн гурван ажилтан буруудаад байгаа. Тэднийг чанга дэглэмтэй хорих ангид арван жил таван сар хорих ял шүүхээс оноосон. Тэгвэл АНУ-ын иргэн Жастин Капла, Кристобал Дэвид, Хиларион Кажуком Жуниор нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өршөөл хүссэн захидал илгээсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад Жастин Каплагаас өршөөл хүссэн захидал одоогоор ирээгүй байгааг дуулгав.

“Саусгоби сэндс”-ийн экс удирдлагуудад ял оноосон хэргийг Эрүүгийн шүүхээр шийдвэрлэсэнд олон хүн эмзэглэж байгаа. Ялангуяа гадаадын шинжээчид, АНУ-ын Элчин сайдын яам энэ хэргийг хүний эрх зөрчсөн гэж үзэж байгаа юм. Мөн Монголын бизнесийн зөвлөл шүүх гадны иргэнд хуулиа буруу хэрэглэсэн хэмээж буй. Иймд энэ байдал Монголын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, гадаад ертөнцөд муугаар харуулах сөрөг талтайг онцолж байгаа юм.

Categories
мэдээ спорт

“ХОНДА МОТОР” “ФОРМУЛА-1”-Д Оролцоно

Японы автомашин, мотоцикл үйлдвэрлэгч “Хонда Мотор” компани ирэх сард Австралид болох “Формула 1”-ийн 2015 оны улирлын уралдаанд сойх машинаа үйлдвэрлэжээ.

Тус компани Британийн уралдааны машины “Макларен” багтай хамт долоон жилийн дараа “Формула 1”-т эргэн ирж байна. “Хонда Мотор” тус багийг хөдөлгүүрээр хангажээ.

1.6 литрийн багтаамжтай энэ хөдөлгүүр нь турбо болон сүүлийн үеийн бусад технологитой бөгөөд 600 морины хүчин чадалтай гэнэ.

Мөн байгаль орчинд ээлтэй энэ хөдөлгүүр нь хөдөлгүүрийн яндангаас ялгарах дулааныг цуглуулдаг гибрид системийг ашиглан илүү хүчин чадал гаргах боломжтой ажээ. “Формула-1”-ийн шинэ дүрэмд заасны дагуу уралдааны машинууд нь байгаль орчинд ээлтэй хөдөлгүүртэй байх ёстой.

“Хонда Мотор” болон “Макларен” нь 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр дэлхийн уралдааны машины хамгийн том энэ арга хэмжээнд ноёрхож байсан ажээ. Гэсэн ч дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008 оны улирлын уралдаан дууссаны дараагаар “Хонда Мотор” ”Формула 1”-ээс гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Т.Дэлгэрмөрөн ахмад буурлуудаа баярлуулна

“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн буурлууддаа хүндэтгэл илэрхийлсэн тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу өнөөдөр 15:00 цагаас Соёлын төв өргөөнд толилуулахаар болжээ .

Тэрбээр ахмадууддаа үнэ төлбөргүй тоглох бөгөөд тоглолтын урилга тасалбарыг зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороогоор дамжуулан дүүргийн тодорхойлолтыг нь үндэслэн ахмадуудад хүргэсэн байна.

Тоглолтод Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, А.Ж Б.Зангад, А.Ж Ш.Чимэдцэеэ, А.Ж Ч.Мөнхшүр, МУГЖ А.Долгор, МУСГЗ, Буриад улсын СГЗ Д.Ухнаа, Монгол Улсын төрийн шагналт Намсрайжавын нэрэмжит симфони оркестр, удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр нар оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хоёр цэцэрлэг шинээр нэмэгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах V цэцэрлэгийн барилга хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих шаардлагыг хангахгүй болсон учраас нурааж шинээр цэцэрлэг барих шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн барьж, хоёрдугаар сарын 11-ний өдөр үүдээ нээлээ. Өмнө нь энэ цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж 240 хүүхэд авах бүрэн боломжтой боллоо. Одоогоор V цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдийн тоо 350 хүрээд байгаа аж. Юутай ч багачууд стандартын шаардлагад нийцсэн шинэ цэцэрлэгийн барилгатай боллоо. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхэд 150 хүүхдийн ортой, Канад технологиор барьсан цэцэрлэг шинээр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Одоогоор 21 дүгээр хорооны 210 хүүхэд цэцэрлэгт явахаар бүртгүүлээд байна. Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд, улс, нийслэлийн төсвийн хүрээнд цэцэрлэг сургууль барих ажилд анхаарал хандуулна гэдгээ холбогдох албаныхан онцолло.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг гурван бүтээн байгуулалтад Төрийн гэрэгэ гардуулна

Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэд арван бүтээн байгуулалт шалгарсан байна. Ажлын хэсгийнхэн энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулжээ.

“Төрийн гэрэгэ” шагнал хүртэх бүтээн байгуулалтад, Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачуурт эх үүсвэр” төсөл, Оюутолгой бүтээн байгуулалт, Дулааны IV цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, НВЦ ХХК-ийн “Баян шувуу” төсөл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэл, АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн үйлдвэрлэл, “Энержи ресурс” ХХК-ийн үйлдвэрлэл, “Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн салбарт хийж буй техник, технологийн шинэчлэл шалгарчээ.

Дээрх арван бүтээн байгуулалтаас гуравт нь Төрийн гэрэгэг олгох аж. Төрийн гэрэгэ олгох ёслолын ажил сар шинийн өмнөхөн болох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу?!

Баабар ингэж өгүүлэв

“Сауз Гоби” хэмээх гадаадын хөрөнгө оруулагч компанийн гурван ажилтныг Монголын шүүхээр экспресс журмаар оруулан шоронд хийчихлээ. Шалтгаан нь татвар нуун дарагдуулсан. Нэг нь АНУ-ын иргэн, нөгөө хоёр нь Филиппиний харьяалалтай.

Тэднийг АТГ баривчилжээ. Энэ бол Монголын төрийн байгууллагад буй авлигын асуудлыг хариуцах, мөрдөх, таслан хаах, шүүхэд шилжүүлэх үүрэгтэй байгууллага. Угаас “авлига” хэмээх үг нь төртэй холбоотой гэмт хэрэг ба төрөөс гадуур бол хээл хахууль гэх мэтээр нэрлэж цагдаа хариуцах ёстой. Татварын байгууллага нь холбогдох зөрчлийг илрүүлсэн бол хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулаад үүнийгээ прокурор цагдаагаар шалгуулдаг ёстой атал Сангийн яамныхан өөрснөө “шинжээч” царайлаад өөрснөө дүгнэлтээ гаргажээ. Юу гэвэл шүүх урьд нь шинжээчдийн дүгнэлтийг буруу гэж буцаасан мөртөө, Сангийн яамныхан оролцсон “шинэ” шинжээчдийн яг хуучинтайгаа адилхан дүгнэлтийг зөв байна гээд ялласан хэрэг шүү дээ. Сауз Гобигийнхны хэлж байгаагаар тэд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар нэгэнт шалгуулж дүгнэлт гаргуулсан боловч Монголын шүүх түүнийг нь тоож харсангүй. Нэгэнт “Сауз Гоби” нь гадаадын хөрөнгө оруулагч юм бол энэ нь олон улсын асуудал болох ба нэр хүндтэй аудитын байгууллагын дүгнэлтийг нийтээр хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрвөл арбитражийн шүүхэд ханддаг дүрэм журамтай. Тийм юм огтоос болсонгүй. Бүр аймаар нь татварын байцаагчийн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч шалгаад үнэн эсэхэд шинжлэн дүгнэлт гаргадаг ёстой атал шинжээчид нэмэлт шалгалт шүүлэг явуулан хүндрүүлсэн дүгнэлт өөрснөө гаргаж ирсэн байх юм.

Цаашаа яасан гэхээр, прокурор шүүх хуралд төрийн өмнөөс тэдэнд торгох ял тулгасан боловч маргааш нь орж ирээд торгох ял дээрээ хорьж шийтгэх ял гэнэдүүлэн нэмж уншсан байна. Прокурор төлөвлөсөн ялаа эхэлж танилцуулдаг нь өмгөөлөх бололцоог өмгөөлөгч болон яллагдагч нарт олгож буй хэрэг. Торгуулах бол нэг янз, хорих бол өөр янзаар өмгөөлж таарна, гэвч энэ бол манайд олон жил хэрэглэж ирээд сурсан гэнэдүүлэх арга юм. Цаашаа бүр болоогүй, яллагдагч гурван иргэн бол “Сауз Гоби” компанийн ажилтнууд. Хэрэв уг компани татвараас зайлхийсэн юм бол хариуцлагыг нь компани болон эзэн нь үүрэх болохоос тэнд хөлсөөр ажиллаж буй ажилтнууд хүлээх ёсгүй баймаар. Компанийн ажилтан хүн алчихсан бол компани биш хувь хүн, харин компани татвар нуусан бол ажилтан биш компани хариуцмаар нь дэндүү ойлгомжтой баймаар. Ингэхээр манайд ихэд танил болсон тулган таслах ажиллагаа байгаа биз?

АНУ-ын иргэн нь манай улсад нийтдээ 11 жил амьдарч байгаа, монгол эхнэр хүүхэдтэй нэгэн аж. Тэрээр “Бороо Гоулд” компанид ажиллаж байгаад тэндэхийн ажил өндөрлөсөн тул “Сауз Гоби”-д ажилд оржээ. Филиппиний хоёр иргэн Монголд уул уурхайд хөлсөөр ажиллахаар ирээд гурван жил болсон, нутагтаа цалингаа явуулж ар гэрээ тэжээдэг хүмүүс гэнэ. Филиппинчүүдийг хэрэгт сэжиглээд гурван жил хил гарахыг нь хорьсоор энд байлгажээ. Энэ хооронд нэгнийх нь эцэг, бас нагац нь нас барсан ба одоо ээжийнх нь бие тун тааруу аж. Эцгийгээ оршуулчихаад ирье гэж гуйгаад зөвшөөрөөгүй юм байна. Нөгөөгийнх нь хадмууд бас энэ хооронд мажийжээ. Ийм тохиолдолд барьцаа төлөөд явуулдаг хүмүүнлэг ёс бий л дээ, уг нь. Тэр дундаа тэд шүүхээр ороогүй, өөрөөр хэлбэл гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүү дээ.

Шүүгдэгч нарын шүүхэд хэлсэн хамгийн сонирхолтой жишээ нь тэднийг 6,2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл хийсэнд тооцон татварт холбогдуулсныг “бид Монгол Улсын үндэсний нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний орлого олоод түүнийгээ нуусан гэж үү дээ?” гэсэн асуулт. Бодвол манай татварын байцаагчид тэдэнд улсынхаа нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн хэрэгт дүгнэлт гаргасан бололтой. Сауз Гобигийн ордын нийт нөөц нь 400 сая тонн буюу Монголын нүүрсний ордын хэмжээгээр дунд ба дундаас доошид тооцогдоно. Хоёрдугаарт төгрөгийн ханшийн уналттай холбогдуулж тэд хэрэгт орсон бололтой. Доллар 1200 төгрөг байснаа бараг хоёр дахин огцом унасан нь доллараар тооцоо хийдэг тэдний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн “нотлогдсон” бололтой. Тийм бол үүнийг тэд биш Монгол Банк хариуцмаар.

Одоо тэгвэл яагаад ийм улайм цайм гөрдлөг, тулган таслалт мэдсээр байж зориудаар хийж буй хэлмэгдүүлэл гарах болов. Байж магадгүй хэдэн таамаглал дэвшүүлье.

1.Энэ нь лицензийн дайн байж болох юм. “Сауз Гоби” хэдэн жилийн өмнөөс хууль бус лицензийн хэрэгт ороод байгаа. Бусдын, ялангуяа гадаад хөрөнгө оруулагч болон оруулахаар зориглогч нарыг дээрэмддэг хэрэг арваад жилийн өмнөөс үзэгдэх болсон ба одоо үүгээр мэргэшсэн бүлэглэлүүд олон болсон. Мэдээж зиндаа зиндаандаа. Хамгийн дуулиантай нь барилгын хөрөнгө оруулагч япон иргэнийг зочид буудалд өрөөнөөс нь хар тамхи олсон болгож шууд шоронд хийж байсан. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх үйлдэл бүр хавтгай болсон. Гэнэт баривчлан шоронд хатааж байгаад ядраад бууж өгөхийн үед нь холбогдолгүй болохыг нь “тогтоох” ба дахиж Монголд орж ирэх эрхийг нь хасан паспорт дээр нь хар тамга дараад элдэн хөөдөг. Ийм тохиолдол Солонгосын нэлээд том хөрөнгө оруулагчид ч тохиолдож байлаа. Мэдэж энэ бол бүр сурцтай болсон сүлжээ. Ийм сүлжээнд төрийн олон байгууллага оролцож байж санасандаа хүрнэ. Ер нь иргэний шүүхээр шийдэгдэх асуудлыг зориудаар чирч эрүүгийн шүүх рүү аваачдаг нь авлигын нэг том уурхай болоод удаж байна.

2.”Сауз Гоби” компанийг үүсгэн байгуулагч нь Фридланд хэмээх биржийн спекулянт. Тэрээр Хятадаас 500 сая доллар зээлээд түүнээ бирж дээр тавин Ай Пи О хийсэн. Дараа нь Монголоос 9 лицензтэй болж түүнээ зарлан бирж дээрх хувьцаагаа дөрвөн тэрбум доллар болгож дөнгөжээ. Тэрээр ОТ-ын хамгийн олон хувьцааг эзэмшдэгээ Рио-д зарахдаа дагалдуулаад Сауз Гобиг авахыг шаардан санасандаа хүрчээ. Шуудайтай муур худалдаж авсан Рио өнөөхөө задлаад үзтэл нуль “хулхи бараа”. Ингээд тэд дотроо шалгалт явуулсанд ажиллагсад нь нэлээд идэж уусан, хахууль тараасан нь илрэв. “Хүнд гар Сараа” гэгдэх австрали хүүхэн Монголд хил гарах эрхгүй болж дэлхийгээр нэг шуугиан үүсгэсэн бол Эндрю гэгч нь зугтааж гараад Хонконгт хэвлэлийн бага хурал зохион Монголыг баахан шившиглэсэн. Дараа нь Монголын хариуцах агентлагийн захирал нь шорон явлаа. Энэ хооронд “Сауз Гоби”-гийн хувьцаа 200 сая доллар болтлоо унаж, анх тавьсан мөнгөнийхөө ч талд хүрэхээ болив. Энэ асуудал яагаад ч юм саяхи шүүх хурал хүртэл гурван жил үргэлжилсээр. Асуудлын цөм энд байж болох.

3.Гурав дахь таамаглал нь үүнийг гадаадаас сонирхогч орон, эсвэл бүлэглэл зохион байгуулж байж болох. Тэр дундаа хүчирхэг орны геополитик тоглоом байж болох. 25 жил хий хоосон “гурав дахь хөрш” гэж орилсон боловч хоёр хөршөөсөө алхам ч цаашилж чадаагүй байгаа Монгол нь үнэхээр холын хөршөөс их хэмжээний хөрөнгө оруулалт татах нь тийм ч тааламжтай зүйл биш. Монголд болж байгаа эх оронч хөдөлгөөн болгон гагцхүү гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын эсрэг байдаг болохоос хөрш рүү хэзээ ч халдаж байгаагүй. Хятад ажилчдын эсрэг хөдөлгөөн хүртэл зөвхөн өрнөдийн хөрөнгө оруулагчийн авч ажиллуулж байгаа ажилчдын эсрэг хандана. Үнэндээ Умард хөрш маань Эрдэнэт, төмөр зам, “Монросцвет” гэх мэт хамгийн том стратегийн объектуудыг бүрэн хянадаг ба эрчим хүч болон нефтийн бүтээгдэхүүний бүрэн хамааралтай байлгаж байгаа. Өмнөд хөрш гадаад худалдааг бүрэн монопольчилж буйгаас гадна газрын баялгийн лицензийн 70 орчим хувийг шууд ба дам утгаар эзэмшиж буй. Өрнөдийн хөрөнгө оруулагчдыг шахан гаргах ажиллагааг жишээ нь умартынхан шууд ил ба дамжуулан зохион байгуулдаг нь нэгэнт ил болсон зүйл. Канадын хөрөнгө оруулагч “Хан Ресорс” компани арав гаруй жил ураан дээр ажиллаж мундахгүй хөрөнгө оруулсны дараа тэдний тулгалт шаардлагаар хөөгдөн гарсан. Одоо олон улсын арбитражийн шүүхээр орсон Монголын Засгийн газар 350 сая долларын торгууль хүлээгээд байна. Францын төрийн компани “Арива”-г хөөж туух ажиллагаа хэдэн жил үргэлжилж буйг илээр санхүүжүүлэгч нь Японы иргэн солонгос үндэстэн байдаг ба мөнгө нь Германаас гуйван орж ирдэг. Мэдээж энд Япон ч, Солонгос ч, Герман ч огт хамаагүй нь ойлгомжтой. Тэнэг нь ч мэдээж хоёр хөрш маань биш манайхан л байж таарах учраас гүйцэтгэх ажил үйлдэнэ. Нутгийн дистербутрууд нь эндээ төрийн нэр барьсан том ажилтнууд, очиж дөвчигнөн сүгсэлзэж тонуул дээрэм хийн айлгаж хутга шөвөг гаргадаг нь шавхруун дээр нь ажилладаг барлагууд. Энэ байдал саяхан л гэхэд Гачууртын ордыг тойрсон булш бунхны асуудал. Шавхрууныхан булш бунхнаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ. Архины мөнгө нь хаанаас ирж байгааг ч мэдэхгүй. Тэд буруугүй л юм даа. Одоо Байгал нуурыг хамгаалсан их хөдөлгөөн, бөө нарын дөвчигнөл, нацист тэмдэгтнүүдийн жагсаал удахгүй эхэлнэ. Яагаад гэвэл Монгол усан цахилгаан станц Эгийн голд барих гэж байгаа. Энэ бол гурав дахь оролдлого нь. Мэдээж бүтэхгүй л дээ. Захиалга байгаа юм чинь!

4.Манайд маш их хавтгайрсан дээрэм бол ганцаарчилсан болон бүлэглэсэн шантааж юм. Ганцхан жишээ хэлэхэд Татварын байцаагч нэг нөхөр төрийн нэрээр шантаажилж 5 жилийн хугацаанд 17 тэрбум олсон нь баригдаад шорон явсан. Ийм үйлдлийг хэдэн мянган төрийн ажилтан бараг өдөр тутам хийж суудаг. Энгийн жишээ хэлэхэд захиргааны алив шийдвэрийг дугаар хорооны иргэнээр нэхэмжлэл гаргуулан шүүхэд өгөөд цаад эзнээс нь мөнгө салгаж “гомдогч”, “гомдуулагч” хоёрыг эвлэрүүлдэг “буянтай бизнес” төрийн ажилтан нарт өгөөжөө хайрладаг болсоор удлаа. Харин энэ жишиг мөнөөх “Сауз Гоби”-д үйлчлээгүй болов уу. Учир нь энд нэхэгдэж байгаа мөнгө сансрын гэмээр их тоо, тэгээд ч оролцогчид нь шүүх, прокурор, татвар, гааль, АТГ байгаа учраас нэлээд том гарын удирдлага дор хийсэн операци буй гэсэн логик дүгнэлт гарч ирж байна.

Ямар ч шалтгаан цаанаа байсан байлаа гээд Монголын шүүх хууль дүрмээрээ ажилласангүй. Чухам энэ факт л Монголыг ална л даа. Яахав, бөөн хэрүүл болсны дараа гадаадын гурван иргэнийг удахгүй суллаж хар тамга дараад хөөж гаргах биз. Судан, Афганистан, Аль Кайда, Исламын улсын террористуудад барьцаалагдаж байгаад суллагдсан хүмүүстэй яг адилхан зүйлийг тэд дэлхийн хамгийн том агентлаг мэдээллийн хэрэгслэлээр ярих болно. Уйлна, шанална, эхнэр хүүхэд нь суллагдагсдыг угтан авч енгэнүүлж байгаа дүрс бичлэг хорвоогоор нэг цацагдана. Дэлхий даяараа тэднийг өрөвдөн, Монголыг жигших болно. Бидэнд өөдөөс нь сөрөн тайлбарлах хүчирхэг мэдээллийн хэрэгслэл байтугай хөв хөв гэх нохой ч байхгүй.

Санал асуулгаар ард түмнээсээ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дэмжлэг авсан Сайханбилэг будаа, асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцэх болсон ба юун түрүүн Мянганы сорилын сангаас амласан хэдэн зуун сая доллар цуцлагдахаар болсон бололтой. Нийслэлээ найрсаг хотоор зарласан Бат-Үүл будаа, дөнгөж сая Хятадын хоёр ажилчныг гурван монгол гэрт нь орж алаад мөнгийг нь дээрэмдсэнээс гадна бүлэг эх орончид вьетнам ажилчдыг ажлын байранд нь очиж зодон хүндээр бэртээгээд гарахдаа мөн дээрэмдэн тоножээ. Ийм ажилбар жил ирэх тутам улам нэмэгдсээр. Хоёр сарын өмнө Хонконгт болсон хөрөнгө оруулагчдыг урьсан уулзалтад оролцогч гадныхан “Монголоос сүүлийн үед дуулдсан хамгийн эерэг мэдээ нь Засгийн газар нь огцорсон юм байна” гэсэн дүгнэлт гэнэ. Урьд нь Монголд хөрөнгө оруулж байсан нэгэн баянаас хууль журмаа эмхлээд засчихсан учир одоо ороод ирээч гэхэд “Би дэлхийн хаана ч хөрөнгө оруулахад бэлэн, харин Монголд бол үгүй шүү!” гэжээ. Өнгөрсөн жил Канадад болсон уул уурхайн аж үйлдвэрийн Торонтогийн уулзалтад оролцсон Монголын уул уурхайн сайдад тэндэхийн сонин “”бөлдгөн толгой” гэдэг сайхан хоч өгсөн. Одоо нүүрс хэдийнээ үнс болсон, алтны үнэ тасралтгүй унаж байгаа, зэс таван мянган доллар руу ороод ирсэн ба прогнозоор удахгүй дөрвөн мянга руу орох юм байна.

Саяхан Оросын нэг блогчины бичсэнийг уншлаа. Гадаадын соёлтой иргэн Москвад ирээд гудамжинд явж байхдаа өөрийн заншлаар хүн болгон руу харан инээмсэглэн алхжээ. Харин хоригт ороод баргар царайлсан оросууд өнөөхийг чинь тавлаж байна гэж үзээд бүлэглэн зодсон гэнэ. Хүн ядрахаараа хүнээ болин улам зэрлэгшдэг бололтой. Тэдэнтэй харьцуулахад манай орон бол харьцангуй эрх чөлөөт, олон ургалч үзэлтэй улс. Тэд Ерөнхийлөгчөө даган нийтээр гадныхныг хараан зүхэж удирдлагаа нэгэн дуугаар уухайлан тойрч хүрээлж байна. Бид тийм байж болохгүй. Шүүхийн бусармаг шийдвэрийг нийтээр дэмжиж байгаа юм шиг амандаа ус балгаатай булан болгондоо цөмцийн сууж болохгүй. Бид эрх чөлөөтэй, олон ургалч орон гэдгээ харуулахын тулд ядахнаа ганц хоёр нь үүнийг шүүмжлэх хэрэгтэй. Тэгж байж эх орныхоо нэрийг хагас хугас ч гэсэн аврахаа байг гэхэд арай бага сэвтүүлнэ. Үүний тулд энийг бичив.

2015.2.7

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жолоочийг дадлагажуулъя

Сар шинийн баярын бэлтгэлээ хийхээр хөдөөнөөс ирсэн ах маань шөнө дөлөөр утас цохиж “Эмээлтэд айлын хашаанд машинаа орхилоо. Ирж ав” гэдэг үүрэг өглөө. Ах маань арван жилийн туршлагатай “хөдөөний” жолооч. Хөдөөний гэж тодотгох учир нь аймагтаа жолооны курс төгсч тэндээ л машин жолоодсон. Хотын замын хөдөлгөөнд оролцож чадахгүй, гэрэл дохионы учрыг олж чадахгүй гээд машинаа захдуу тавьчихаж байгаа нь тэр. Хөдөө жолооны курс төгсч, жолооны үнэмлэх авсан ах шиг маань олон жолооч бий. Тэдний заримыг хотын замын хөдөлгөөнд оролцож, будилж явахад нь “Дүрмээ бариач”, “Гэрлээ хараач” гэж загнах хүн олон. Түгжрэлийн зарим шалтгаан нь хөдөөний жолооч болчихдог ч тал бий. Бас зам тээврийн ослын дийлэнх нь хотын хөдөлгөөнд машин жолоодож чадаагүйгээс болсон байдаг. Тэгэхээр зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд хөдөө жолооны курс төгссөн жолоочийг хотын хөдөлгөөнд дадлагажуулмаар байна. Замын цагдаагийн газар нь шалтгалтаа аваад жолооч гэсэн үнэмлэх олгочихсон учраас өөрийнхөө зардлаар дадлагажуулдаг болох хэрэгтэй. Ингэвэл зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил болно.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост 100 машин мөргөлдөв

Өмнөд Солонгосын Инчон олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох гүүрэн дээр томоохон осол гарч 100 машин мөргөлдсөн байна. Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, 42 хүн гэмтэж бэртсэнээс наймынх нь бие нэлээд хүнд байгаа гэнэ. “Ренхап” агентлагийн мэдээлснээр нэлээд манантай байснаас автобус машинтай мөргөлдөж ойр хавьд нь явж байсан машинууд араас нь оржээ.