Categories
мэдээ улс-төр

Ард түмний эсэргүүцэлтэй тулгарч байгаа хуулийг батлах гэж зүтгэхийн учир юу вэ?

Манай улсыг уйгаржин, кирилл хос бичигтэн болгох Монгол хэлний тухай хууль нэлээд маргаан дагуулж буй. Уг хуулийн төслийг нийгэмд даяараа эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ч хэлэлцүүлгийн шатанд гишүүд шүүмжилж, дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэн байна. Шүүмжлэл дагуулсан уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсоныг ажлын хэсгийнхэн мэдээлж байсан. Гэтэл яаран сандран өнөөдөр хэлэлцэж, чуулганы нэгдсэн хураалдаанд оруулах гэж буй нь сар шинийн баярыг далимдуулан батлах гэж байна хэмээн олон нийт харж буй. Түүнчлэн уг хуулийн төслийн цаана асар их мөнгө, эрх ашиг оршиж байгааг эх сурвалжууд дуулгав.

Ямартай ч уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн байнгынхороодын хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан саналын дагуу уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдсон төслийн 23.1.1 дэх заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Ингэснээр уг хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдаж байгаа юм. Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ.

Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ тухай танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Categories
гадаад мэдээ

Харгалзагчдаа барьцаалсан хоригдлууд амиа хорлосон байна

Тайваний Каошиунг дахь шоронд 14 цагийн турш харгалзагчдаа барьцаалсан зургаан хоригдол амиа хорложээ. Хоригдлууд шүүхийн ял, шийтгэлийг эсэргүүцэж бослого гаргасан байна. Тэд хүн амь, хар тамхи, хулгай зэрэг гэмт хэрэгт шүүхээс ял, шийтгэл сонссон хоригдлууд аж.

Хоригдлууд зэвсгийн агуулахаас буу, зэвсэг авч, харгалзагчдаа барьцаалан шоронгоос аюулгүй явуулахыг шаардаж байжээ. Түүнчлэн тэд Тайваний экс ерөнхийлөгч Чень Шуйбянь мөнгө угаах, авлигын хэрэгт 20 жил шоронд хорих ял сонссон боловч эрүүл мэндийн шалтгаанаар өршөөлд хамрагдсаныг эсэргүүцэж буйгаа цагдаа нарт илгээсэн захидалдаа бичжээ.

Шоронгийн харгалзагчдыг барьцаалсан хэргийг “United Bamboo” зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Чень Ли-те гэгч толгойлж байсныг Тайваний хууль зүйн сайд мэдээлсэн байна. Энэ хэрэгт 250 гаруй цагдааг дайчлан, шоронг бүсэлсэн байжээ.

Categories
гадаад мэдээ

Нэрт хөлбөмбөгчин Марадона гоо сайхны мэс засал хийлгэжээ

Бразилийн нэрт хөлбөмбөгчин Марадона гоо сайны мэс засал хийлгэсэн байна. 54 настай тэрээр нүүрнийхээ арьсыг татуулж лазерийн эмчилгээ хийлгэжээ. Нэрт хөлбөмбөгчний шинэ найз бүсгүй нь 24 настай бөгөөд түүнийхээ хажууд хөгшин харагдахгүй хэмээн ихэд хичээж байгаа бололтой. Марадона гоо сайхны мэс засал хийлгэснийхээ дараа Кубад очиж спортын нэвтрүүлгийн зураг авалтанд оролцсон байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Украины асуудлаарх хэлэлцээр бараг 10 цаг үргэлжлэв

Украиныг хямралаас гаргах асуудлаар Беларуссийн нийслэл Минск хотноо Нормандын дөрөв буюу Герман, Франц, Украин, Оросын төрийн тэргүүнүүд уулзаж хэлэлцээ хийлээ. Ингэхдээ юуны түрүүн Донбассын байдлыгхэвийн болгоходгол анхаарлаа хандуулжээ. Уулзалт эхэлсэнээс хоёр цагийн дараа А.Меркель, Ф.Олланд, А.Меркель, В.Путин нар сэтгүүлчдийн өмнө гарч зургаа авахуулсан байна. Үүний дараа хэлэлцээ бараг арван цаг үргэлжилж өглөөний 4.00 цагт дөрвөн орны тэргүүнүүд кофе оруулж өгсөн хэмээн тэнд байсан сэтгүүлчид мэдээллээ. Хэлэлцээр хэрхэн явагдаж байгаа, зөвшилцөлд хүрсэн, нааштай үр дүн гарсан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Эрдэс баялгийн салбарынхан чуулна

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг маргааш Төрийн ордонд болно.

“Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Энэхүү хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагаас нийт 300 орчим зочид төлөөлөгчид оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Мөн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар Монгол Улс өрийн талаар нэгдсэн ойлголт, томьёололтой болж, өр зээлийн зарцуулалт, түүнд тавих хяналтын механизмыг тодорхой болгоно. Мөн хуулийг баталснаар Засгийн газар гаднаас дахин зээлийн эх үүсвэр татах боломж бүрдэх юм. Уг хуулийн төслийг УИХ намрын чуулганд багтаан батлах төлөвлөгөөтэй байгаа.

Categories
мэдээ нийгэм

Гацуурт төслийн эдийн засгийн үр өгөөжийн тухайд

Алтан дээр сандайлсан гуйлгачид гэж хэзээ хэн нь Монголчууд биднийг хочилсныг мэдэхгүй ч 1992 оноос 2000 онд хэрэгжсэн Алт-1 хөтөлбөр Монгол Улсад доллар оруулж ирж шилжилтийн нийгмийн хүнд хэцүү үеийг Монгол Улс сэргэж туулсан түүхтэй. Монгол Улсын ДНБ 2008 онд 7,6 их наяд төгрөг байсан бол 2014 онд 21 их наяд төгрөгт хүрлээ. Энэ бол эдийн засгийн хэмжээ. Үйлдвэрлэгч биш хэрэглээний эдийн засагтай манай улс гаднаас гурван сувгаар доллар оруулж ирдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт,экспортын орлого, алт худалдаж доллар оруулж ирэх гурван том суваг бий. Гэтэл ГШХО 2011 оных шиг 4,6 тэрбум ам.доллараар орж ирэхээ больж жилээс жилд жижгэрсээр 2008 оны санхүүгийн хямралын үеийнхтэй адил хэмжээнд ирээд байна. 2008 онд 838,5 сая доллар орж ирж байсан бол 2014 онд 845 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирлээ. Ийм хэмжээний долларын хөрөнгө оруулалттай, Төв банкиндаа 1,6 тэрбум долларын нөөцтэй бид Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар долларыг 1936 төгрөгт хүргэчихээд байна. Жилийн дотор 30 хувиар төгрөгийн худалдан авах чадвар унасан нь иргэдийн халаасанд орох мөнгө энэ хэмжээгээр үнэгүйдэх бодит байдлыг мэдрээд байгаа юм. Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэсэн уул уурхайн түүхий эдүүдийг зарж төсвийнхөө 20 хувийг бүрдүүлдэг Монгол Улсын засгийн газар нүүрс, зэсийн үнийн тасралтгүй уналтыг тооцоолж алтны экспортод анхаарлаа хандуулж байна. Монголбанк ч доллар оруулж ирдэг гуравдагч суваг гэж хэлж болох алтны худалдаанд найдлага тавьж байна. Эдийн засаг хямрахад алтанд дэлхий нийт хөрөнгө оруулдаг.Ингэснээрээ үнэ нь ч өсөж байдаг онцлогтой уул уурхайн бүтээгдэхүүн юм. Тиймээс ч Засгийн газар алтны арвин их нөөцтэй Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хямраад байгаа эдийн засгаа, хадуураад байгаа долларыг хазаарлахаар төлөвлөж байна. Гацууртын ордоос хуулийн дагуу Засгийн газар 34 хувь хүртэлх эзэмшлийг хэрхэн тогтоохыг УИХ-аар хэлэлцүүлж байгаа.

Гацууртын ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 42 тонн алт, 3,7 тонн мөнгөтэй гэж тооцон гаргажээ. Төслийн үргэлжлэх хугацаа 10 жил. Жилд 1,7 сая тонн хүдрийг олборлоно гэж тооцож байна. Харин 3,6 их наядаар үнэлэгдэж байгаа энэ ордын манай улсад үлдэх өгөөж нь 2,2 их наяд гэж ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Сентерра гоулд мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн байдаг. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байсан. Алтны худалдаа яагаад эерэг хүлээлттэй байгааг тоон мэдээллээр үзүүлье. 2014 онд Төв банк сүүлийн 9 жилд авч байгаагүй их алтыг буюу 12,7 тонн алтыг худалдаж авч гадаад валютын нөөцөө зузаатгасан. Энэ их алтыг 1995 аж ахуй нэгж, 1200 гаруй иргэнээс худалдан авч, 450 сая ам.долларын нөөц бүрдүүлжээ. Тэгвэл төв банкны жилд худалдан авч байгаа алтны 50 хувьтай тэнцэх хэмжээний алтыг нэг ордоос авах боломж Гацууртын ордод байгаа гэсэн үг.

П.СҮХБААТАР, МОНГОЛБАНКНЫ МӨНГӨН ТЭМДЭГТ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ: 50 тонны нөөцтэй энэ ордоос жилд гурван триллион төгрөгийн алт авна гэж ярьж байгаа. Бүх зүйл нь бэлэн болчихсон орд гэж яригдаж байгаа. Одоохондоо шийдэгдээгүй байна. Мэдээж энэ шийдэгдээд эндээс алт тушаагдвал эерэг үзүүлэлтүүд гарч ирнэ. Хуучин 13 тонн алт тушаагдаж байсан бол үүн дээр нэмэгдээд 20 эсвэл 26 тонн болох бүрэн боломжтой. Энэ чинээгээр валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг.

Мэргэжлийнхний хэллэгээр алт бол чөлөөтэй хөрвөх чадвартай валют учраас экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд валютын нөөц бүрдүүлэх гол эх үүсвэр юм. Урт нэртэй хуулийн дагуу алтны 218 ашиглалтын лицензийг цуцалсан байдаг. Хэрвээ алтны 218 ашиглалтын лицензийг эргүүлэн олговол 130 тонн алт олборлох боломж бүрдэх албан судалгаа ч байна. Гацууртын ордоос жилдээ 4-5 тонн алт олборлож Монголбанкинд тушаах тооцоо байгаа юм. Гацууртын ордыг ашиглалтанд оруулснаар баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хоёр жилийн дотор жигдэрч бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэх юм байна. Тухайлбал, хоёр дахь жилдээ 4,3 орчим тонн алт, 356,5 кг мөнгө үйлдвэрлэх бол төслийн долоо дахь жилдээ үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч 5,5 тонн алт, 490 кг мөнгө үйлдвэрлэх юм. Нийт төслийн 10 жилийн хугацаанд 42 тонн алт, 3,7 тонн мөнгө үйлдвэрлэнэ гэж Сентерра гоулд компани ТЭЗҮ-дээ тооцсон байгаа.

Бүтээгдэхүүн борлуулалтын орлогын 69 хувийг Монгол Улсад зарцуулах бол нийт зардлынхаа 81 хувийг Монгол Улсад зарцуулах юм байна. ТЭЗҮ-д тооцсоноор Монгол Улсад оруулах үр өгөөж 1,9 их наяд төгрөг байхаас 929 тэрбум төгрөгийг дотоодод хийх худалдан авалт, 600 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөх нийт татвар хураамж, 205 тэрбум төгрөгийг дотоодод хийх капитал худалдан авалтаар, 135 тэрбум төгрөгийг Монгол ажилчдын цалин хөлсөд зарцуулах тооцоог гаргажээ. Орон нутгийн хөгжлийн сангууд болон хандиваар 15 тэрбум төгрөг өгөхөөр тооцжээ.

Л.НАРАНБААТАР, УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСАГЧ: Ерөнхийдөө Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал нэлээн муу, гаднаас хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаа, экспортын орлого нэлээн хумигдсан энэ үед энэ төсөл хэрэгжих нь их ач холбогдолтой байгаа. Ядаж л бид ямар үнэтэй долларыг Монголчууд бид хэрэглэж байгаа билээ, долларын ханш буурахад нэлээн нөлөө үзүүлэх талаасаа ач холбогдолтой. Орон нутагт бол мэдээж худалдан авалтууд, 500 гаруй ажлын байр бий болно гэж байна. Өнөөдөр Монголчуудад ажлын байр шиг хэрэгтэй зүйл алга. Төсөл хэрэгжээд явлаа гэхэд орон нутгаас худалдан авалтуудаа хийгээд орон нутгийн эдийн засгийг тэлэхэд мөн ач холбогдолтой.

Н.АЛГАА, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ: Бороогийн баяжуулах үйлдвэр баригдчихсан, тийшээ шилжүүлэх л асуудал байна. Тэгэхээр энд нэмэлт хөрөнгө оруулалт гэхээр зүйл маш бага, ерөөсөө ашиглахад бэлэн болчихсон. Юу нэмэгдэх вэ гэхээр тээвэрлэлт хийнэ. Тээврийн компаниуд ажиллаж тээврийн жолооч нар ажиллаж эхэлнэ. Хоол хүнсээ худалдан авна. Халагдсан 500 хүнээсээ эргүүлж өндөр цалинтай чанартай ажлын байранд нь авна.

Гацууртын орд нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Түнхэл тосгоноос баруун зүгт 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг,Төв аймгийн Ноён уулын сав газар байрладаг. Ноён уулын сав газарт дэлхийн төрт ёсны түүхийн өв болох Хүннүгийн булш, бунхан, хиргэсүүр олон байгаа учраас ордыг ашиглах нь түүхийн ховор олдвороо устгаж байгаа үйлдэл болно гэж археологичид үзэж байна.

Д.ЭРДЭНЭБААТАР, ТҮҮХЧ, АРХЕОЛОГИЧ, ДОКТОР: Та бүхний харж буй энэ булш бол 1924 онд Козлов малтсан зургадугаар булш гэж алдаршсан булш юм. Эндээс гарсан зарим олдвороос, Хятад бичигтэй аяган дээрх бичээсээс манай судлаачдын тодорхойлсноор МЭӨ 197 онд амьдарч байсан Үжүлэн шаньюгийн булш байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн булш энэ байгаа юм. Энэ Ноён уул орчимд Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван салаа аманд нийт 300 гаруй булш бий. Яг Сүжигтийн аманд 210-аад булш бий гэсэн судалгаа бий.

О.БАТСАЙХАН, ТӨРИЙН СОЁРХОЛТ ТҮҮХЧ, ДОКТОР: Хүннүгийн үеийн хамгийн том түүхийн, соёлын өв бол энэ Ноён уул, бидний зогсож буй энэ Сүжигтийн ам юм. Энэ бидний хадгалж, хамгаалж, өвлүүлж, судалж хойч үедээ үлдээх учиртай соёлын өв гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй.

Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2009 оны 12 сард Байгаль орчны яам баталсан байдаг юм байна. Мөн олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ордын байгаль орчны суурь нөхцлийг тогтоохын тулд Сентерраголд компанийн зүгээс гадаад дотоодын зөвлөхүүдээр байгаль орчны хээрийн суурь судалгааг хийлгэжээ. Энэ судалгаануудаас харвал Гацууртын ордын олборлолт явуулах 303 га талбайд Хүннүгийн эртний олдворт булшнууд орохгүй байна. Өөрөөр хэлбэл төлөвлөж байгаа уурхайгаас 5,8 км-ээс 13 км-ийн зайтай байгаа булш бурхан, эртний түүхэн олдвор байгаа газарт ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг Сентеррагоулд компанийн зүгээс хэлж байна. Өмнө нь Бороогийн уурхайн үйл ажиллагаа Дархан, Сэлэнгийн засмал замаас 500 метрийн зайтай байхад уурхайн үйл ажиллагаанаас замд ямар нэгэн эвдрэл цууралт үүсэж, нөлөөлсөн зүйл байгаагүй гэдгээр тайлбарлаж байгаа юм.

Ж.БҮРЭНТӨГС, СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН ГЕОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ: Бороогийн ордыг ашиглаж байхад Дархан-Сэлэнгийн засмал зам 500м-ийн зайд байсан. Тэгэхэд ямар нэг нөлөө үзүүлдэггүй, үүсдэггүй гэж ярьж байгаа бол тэр 5.8 км-ийн цаана байгаа газарт нөлөө үзүүлэхгүй.

Б.ЛХАМСҮРЭН,СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГА: Археологийн судалгааг 1999 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг, мөн 2005 онд МУИС-ийн эрдэмтэн судлаачдын баг хоёр удаа төслийн талбай болоод Бороогийн уурхайн талбайгаас Гацууртын уурхайн талбай хүртэлх замын трассын дагуу археологийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд төсөл хэрэгжих газар болон замын трассын дагуу ямар нэг булш бунхан, дурсгалын зүйл байхгүй болохыг судалгаагаар тогтоосон.

Д.ПҮРЭВРААШ, СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН УУРХАЙН ДАРГА:Үндсэн орд учраас тодорхой хязгаартай, зөвхөн хоёр карьер ашиглахаас бус цаашаа 2000 га ч гэдэг юм уу тэлээд явах газар байхгүй. Орд ашиглахад зөвхөн 62 га газар талбайд үндсэн ордын ашиглалт явуулна. Зам талбай, барилга байгууламж, бусад дэд бүтэц талдаа 150 га, нийтдээ 300 га талбайд ашиглалт явуулна.

Гацууртын төсөл нь долоо хэсгээс бүрдэнэ. Тухайлбал Үндсэн бүсийн ил уурхай, Төв бүсийн ил уурхай, сульфидын хүдрийн овоолго, засварын цех, хаягдал чулуулгийн овоолго, бага агуулгатай хүдрийн овоолго, Бороогийн боловсруулах үйлдвэр болон бусад байгууламжууд хамаарах юм байна. Үндсэн ордын уурхайн олборлолтын явцад нийт 303 га талбай өртөхөөр тооцоолж байснаас 146 га талбай нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай. Гацууртад олборлох хүдрийн боловсруулалтыг 40 км-ийн зайд байрлах Бороогийн алтны уурхайн баяжуулах үйлдвэрт боловсруулах тул төсөл хэрэгжүүлэх газар нутагт химийн бодис ашиглан боловсруулах үйл ажиллагаа явуулахгүй юм байна.

Б.ЛХАМСҮРЭН,СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГА:

Нийтдээ 303 га талбай олборлолтод өртөнө. Үүнд 146 га талбай нь өмнөх шороон ордын олборлолтод өртсөн байгаа. Нөхөн сэргээлт хийгдээгүй. Тухайн орчинд төсөл хэрэгжүүлэх газар нутагт тусгай хамгаалалттай газар нутаг байхгүй болохыг судалгаагаар тогтоосон. Мөн түрүүн дурдсанаар энд зөвхөн ил уурхайн олборлолт явагдаж хүдрийг Бороогийн боловсруулах үйлдвэр рүү зөөвөрлөж баяжуулалт хийгдэх учраас энд ямар нэг химийн болон цацраг идэвхит бодис ашиглагдахгүй.

Д.ПҮРЭВРААШ, СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН УУРХАЙН ДАРГА:

Тэсэлгээ бол орчин үед маш их хөгжөөд байгаа. Жишээ нь, Улаанбаатарт байгаа хоёр өндөр барилгын дунд барилга барих бол зөвхөн доош нь л тэсэлдэг. Карьерынхаа тогтвортой байдлыг хангах үүднээс бага багаар тэсэлгээ хийдэг. Мөн ямар нэг чичиргээ доргио гэж байхгүй.

Р.ЖИГЖИД, УУЛ УУРХАЙН САЙД:

Энэ ордыг ашиглахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их багатай. Яагаад гэвэл, нэгэнт байгуулсан Бороогийн ордын боловсруулах бааз дээр хүдрээ аваачиж боловсруулна. Хүдрээ 40 гаруй км-т машинаар тээвэрлээд боловсруулах боломжтой. Нийт хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийгдэнэ. Улсын төсөвт 660 тэрбум төгрөгний татвар хураамж төлнө. Ногдол ашиг нь 70 тэрбум орчим төгрөг байх урьдчилсан тооцоо хийгдсэн.

2015 оны төсвийн тодотголд алтны экспортыг 29,5 тонн байхаар тусгасан нь энэ онд Гацууртын ордоос олборлох алтны хэмжээг 4-5 тонн байхаар тооцоолж байгаатай холбоотой юм. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Сентерра гоулд компаний төлөөлөлттэй санхүү,хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцлаа.

О.ОТГОНТОГТОХ, СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН САНХҮҮ, БҮРТГЭЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

-Гацууртын ордыг ашиглахад 503 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн мэдээлэл бид аваад байна. Хуулийнхаа дагуу Засгийн газар 34 хүртэлх хувийг эзэмших бол танайх 350 тэрбум төгрөг босгох шаардлагатай болж байна. Энэ мөнгийг хаанаас ямар нөхцлөөр босгох вэ?

– 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Бид өөрийн эзэмшлийн хэмжээний хөрөнгөө өөрсдөө босгоно, өөрөөр хэлбэл компани зуун хувь санхүүжүүлнэ.

-Гацууртын төслийг хэрэгжүүлснээр эдийн засагт ямар бодитой үр өгөөж өгөх вэ?

-Гацууртын орд 10 жил ашиглагдана. Энэ нийт 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт 1,9 их наяд төгрөгийн өгөөж оруулна гэж төсөөлж байна. Үүнд 600 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж улсын болон орон нутгийн төсөвт орно. ТЭЗҮ боловсруулахдаа бид 1550 гэсэн валютын ханш ашигласан. Одоо 1900 болчихлоо, тэгэхээр 1,9 их наяд гэдэг төсөөлөл маань 2,2 их наяд болчихлоо. Зарим телевиз 70 тэрбум, зарим нь 650 тэрбум гээд зөрүүтэй тоонууд мэдээлээд байгааг нэг мөр болгох үүднээс нийт 10 жилийн хугацаанд ханш яаж хөдлөхөөс хамаараад 600-700 тэрбум төгрөг, жилд 60 орчим тэрбум төгрөг улс, орон нутгийн татварт орох юм. Үүнээс гадна 1,1 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт буюу дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс авах бараа материал, хангамжийн зүйлс, үндсэн хөрөнгө, ажил үйлчилгээнүүд орно. 135 тэрбум орчим төгрөгийн дотоодын ажилчин, албан хаагчдын цалин төлөгдөхөөр байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бид орон нутагтайгаа хамтраад төслүүдээ хэрэгжүүлнэ. Үүнд 15 тэрбум орчим төгрөг байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

-Бид Бороогийн ордын талаар мэднэ, одоо Бороогийн уурхайн үйл ажиллагаа зогссон, 100 гаруй ажилтантай байгаа гэж сонссон. Оргил үедээ 700 гаруй ажилтантай байсан гэсэн. Одоо 1000 ажлын байр бий болгоно гэж тооцоолсон байна лээ. Энэ тооцоо судалгааг хэрхэн хийсэн бэ? Буцаад ажлын байр бий болгохдоо хуучин ажиллаж байсан хүмүүсээ эргүүлээд ажилд авна гэсэн үг үү?

-Бороогийн уурхай ид хүчин чадлаараа ажиллаж байх үедээ уурхай дээр 700-800 үндсэн ажилчид, үүн дээр гэрээт ажилтнууд гээд нийт мянга гаруй ажилтантай байсан. Гацууртын уурхайн хувьд үндсэн ажиллагсдын тоо 500 гаруй байна. Одоо ажиллаж байгаа ажилтнуудаа шилжүүлнэ, өмнө ажиллаж байсан хүмүүсээсээ авна, мөн ажлын байрны шаардлагыг хангах мэргэжилтэй боловсон хүчнийг нэн тэргүүнд орон нутгаас авахыг хичээнэ. Мөн Гацууртын ордын ашиглалтын явцад олборлолт явуулах, тээвэрлэлт хийх, кэмп, кэтэрингийн үйлчилгээ үзүүлэх компаниудтайгаа гэрээ хийнэ. Энэ дотоодын гэрээт компаниуд 500 орчим ажлын байр бий болгоно. Ингээд нийтдээ мянгаад шууд ажлын байр бий болно. Төсөл учраас ажил үйлчилгээ явж байхад дагаад бэлтгэн нийлүүлэлт, хангалт хийж байгаа компаниудын хувьд ажлын байр шууд бусаар нэмэгдээд явна гэсэн үг.

-Байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологи гэдэг нь олны анхаарлын төвд байна. Байгаль орчныг сүйтгэчихвий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна. Гэхдээ Бороо Гоулд энэ асуудлаар нөхөн сэргээлт хийдэг жишиг уурхай гэдгийг бид мэднэ. Технологи нэвтрүүлэх тал дээр ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ? Байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологийг та хөрөнгө оруулалт талаас тайлбарлахгүй юу.

-Бид Гацууртын ордоос хүдрээ тээвэрлээд одоо байгаа Бороогийн үйлдвэр дээр аваачиж боловсруулна. Шинэ технологи нэвтрүүлэх тал дээр бид 120 сая долларын өртөг бүхий шинэ нэмэлт цех барих ёстой. Нөхөн сэргээлтийн хувьд бид ТЭЗҮ дээрээ 49,5 тэрбум төгрөг буюу 32 сая ам.доллар тусгасан байгаа. Үүнд юу орох вэ гэхээр, нэмэлт цех барьж байгаа гэдэг утгаараа бид Бороогийн үйлдвэрийг Гацууртын ордыг ашиглаж дуустал ашиглана. Тэрийгээ нөхөн сэргээнэ. Дээр нь хаягдлын далангаа нөхөн сэргээнэ. Түүнчлэн, Гацууртын олборлолтын явцад өртөх 300 гаруй га талбайг нөхөн сэргээнэ. Мэдээж хэрэг, бид Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу нөхөн сэргээнэ. Дээрээс нь хаалтын ажлууд, мониторингийн судалгаа шинжилгээний ажлууд хийгдэнэ. Гэхдээ технологи болон байгаль орчны хувьд яг ямар ажил, ямар үе шаттайгаар хийх вэ гэдгийг техникийн асуудал хариуцсан хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. 330 орчим сая долларын 120 сая нь үйлдвэрийн шинэ цех барих, шинэ технологи нэвтрүүлэхэд зарцуулагдана.

-Дөрөв жилийн өмнө намайг томилолтоор Бороо дээр ажиллаж байхад нэг га талбайг сэргээхэд 12-15 мянган ам.долларын нөхөн сэргээлтийг хийж байна гэсэн мэдээлэл өгч байсан. Мөнгөний ханш зэргээс шалтгаалаад өөр болсон байх. Нөхөн сэргээлтэд зарцуулж байгаа мөнгөн дүнг та товчхон танилцуулахгүй юу.

-Бороогийн уурхайн нийт талбайн 50 орчим хувийг нөхөн сэргээсэн байгаа. Бид 2003 оноос хойш нийтдээ 12 тэрбум төгрөгийг зарцуулсан. Бид олборлолтын үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцүүлэн нөхөн сэргээлтээ хийгээд явсан. 400 орчим га талбайд нөхөн сэргээлт хийгээд орон нутагт хүлээлгэж өгсөн.

-Нөхөн сэргээлт хийснээр малчид уг талбайг ашиглах боломжтой болно гэж ойлгож болох уу? Нөхөн сэргээлтийн талаар арай энгийн тайлбар өгөхгүй юу.

-Би техникийн асуудал хариуцсан хүн биш, зөвхөн санхүү хариуцсан мэргэжилтэн. Гэхдээ компанийн ажилтны хувьд мэднэ. Бидний хийж буй нөхөн сэргээлт нь тухайн талбайг хүрээлэн байгаа орчинтой дүйцэхүйц хэмжээнд хүртэл нөхөн сэргээлт хийх ёстой гэж үздэг. Бид нөхөн сэргээлтийг Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу хийж байгаа.

-Гацууртын орд эдийн засгийн эргэлтэнд орсноор орон нутагт ханган нийлүүлэх, туслах ажил гэх мэтээр орон нутагт нөлөөлөх, орон нутгийг дэмжих гэх мэт үр өгөөж нэмэгдэнэ гэжээ. Эхний орон нутагт үзүүлэх үр өгөөжийн тухай тооцооллын төсөөллийг хэлж болох уу?

-Бид улс болон орон нутгийн төсөвт нийтдээ 20 гаруй төрлийн татвар хураамж төлдөг. Тэгэхээр орон нутгийн төсөвт ус ашигласны төлбөр, газар ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, орон нутгаас авч буй ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр гэх мэт нийт 600 тэрбум төгрөгний 20 хувь буюу 117 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт орох ёстой. Гацууртыг ашиглах 10 жилийн хугацаанд гэсэн үг. Түүнээс гадна, бид зарлах гэж буй ажлын байран дээрээ шаардлага хангахуйц ажилтан, боловсон хүчнийг нэн тэргүүнд орон нутгаасаа авч ажиллуулахыг эрмэлздэг. Мэдээж, орон нутгийн бэлтгэн нийлүүлэгч компаниудтай аль болох хамтарч ажиллах, орон нутгаасаа худалдан авалт хийхийг эрмэлздэг.

-Бороо Гоулдаас үндэсний оператор сайн сайн компаниуд төрөн гарсан байдаг. Хишиг арвин индастриал, МНО гэх мэт. Энэ компаниуд бас дадлага туршлагыг богино хугацаанд хуримтлуулаад үндэсний, мэргэшсэн сайн оператор компаниуд төрөн гарсан гэдэг. Энэ хоёроос өөр компани бий юу? Эсвэл би дутуу хэлээд байна уу?

-Ерөнхийдөө бид Бороогийн уурхайг Бороогийн их сургууль гэж дотооддоо нэрлэдэг. Яагаад гэвэл уул уурхайн салбарт мэргэшсэн хүмүүсийн ихэнх нь манай компанид ажиллаж байсан, манай компаниас салбарлаж гарсан, эсвэл нийлээд нэг компани нээсэн, манай компанийг дагаад үйл ажиллагаа нь өргөжсөн компаниуд олон байдаг. Түүнээс гадна салбарт бүрт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд манай компани маш сайн ажилласан гэж би боддог. Жишээ нь, би санхүүгийн чиглэлээр Бороод 10 гаруй жил ажиллаж байна. 10 гаруй жилийн хугацаанд би зөндөө олон хамтран ажиллагсадтай байлаа. Одоо өөр өөр компаниудад сайн мэргэжилтэн, санхүүч хийгээд явж байна.

-Хөрөнгө, санхүүг харамгүй зарцуулсан юм шиг байна.

-Яг үнэн. Аливаа нэг ажлаас гарч байгаа өгөөж зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй. Үүнийг дагаад мэргэжилтэн бэлтгэх, соёлыг түгээх зэрэг мөнгөн бус үр өгөөж байлгүй яах вэ.

-Ярилцсанд баярлалаа. Санхүү хөрөнгө оруулалт талаас нь тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Зөрүүтэй зарим нэг тоон дээр албан ёсны хариултыг өглөө. Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: eagle.mn

Categories
мэдээ улс-төр

Монгол хэлний тухай болон Урт нэртэй хуулийг хэлэлцэнэ

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

14.00 цагаас

1.“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

2.“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

3.Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;

5.“Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх асуудал үргэлжилнэ/;

6.Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

7.Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

8.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

9.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

10.“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

11.Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

12.Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

13.Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн танилцуулна.

14.Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

15.Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
Categories
мэдээ цаг-үе

Асрамжийн газрын ахмадууд дулаахан байрандаа тохитой өвөлжиж байна

Батсүмбэр дэх асрамжийн газар өндөр настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй хүмүүсийг хүлээж авдаг болжээ. Өдгөө энд 117 хүн байдаг юм байна. Гэхдээ энд байгаа хүмүүсээс дийлэнх нь ахмадууд. Биднийг очих үед тэд өдрийнхөө хоолыг идээд дөнгөж дуусаж байлаа. Хоолны танхимаас гарч яваа өвөө, эмээ нар “Сайхан амттай хоол байна. Эртээдээс хойш шарсан тахиа идье гэж бодоод байсан юм”, “Өрөөндөө орж цамцаа сольчихоод ирье. Шатраа өрөөд сууж байгаарай” гэхчлэн ярьсаар өрөө рүүгээ явцгаав. Хоёр өвөө үүдэнд зогсоо намайг хараад “Хүүхээ чи хотоос ирэв үү” гэсээр дөхөөд ирж байна. Дэргэд ирээд “За Улаанбаатараар сонин сайхан их үү. Жаал сонин сонсъё” гэсээр сандал, ширээтэй өрөөнд дагуулаад ирлээ. Уг өрөө тэдний уулзалтын өрөө бололтой. Өөдөөс харж суугаад “За тариаланчид талбай дээр жагссан гэв үү. Үгүй ер жагсалгүй яахав ээ, тэр олон сарынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй болохоор төр засагтаа эсэргүүцэл үзүүлэх нь зөв шүү дээ. Ямар манийг залуу байх үеийн нийгэмд амьдарч байгаа биш. Тэр асгасан буудайг хүмүүс тор, тороор нь аваад явсан гэв үү” гэж асуулаа. Тэгснээ хариу хэлэхийн завдалгүй “Торлож авсан буудайгаа Гандангийн хашаанд тагтааны хоол зардаг хүмүүст хямдхан өгсөн гэж байна лээ” гэв. Бас “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа энд тэнд их гарсан гэсэн.

Эртээд тоглолт үзээд буцаж явахад тиймэрхүү хаяг зөндөө харагдаж байна лээ. Тэр үзэсгэлэн худалдаанд цагаан идээ зарж байгаа хөдөөнийхөн хэвийн боовоор биш ааруулаар таваг засахыг уриалж байгаа гэх юм. Миний хүү тэд нарын үгэнд орж болохгүй шүү. Зүгээр хэвийн боовоо аваад тавгийн идээгээ засаарай” гэхчлэн хуучлав. Ингээд болоогүй ээ “Ойрдоо зурагт, радиогоор Хакуход Хөдөлмөрийн баатар цол олгох гэж байгааг их ярьж байна. Тэрийг одоо л мэдээд байхдаа яахав дээ, манай эндхийнхэн аль нэгдүгээр сарын башё дуусахад л цагаан сарын өмнө Хакуход Хөдөлмөрийн баатар цол өгнө гэж ярьж байсан” гэлээ. Ийн ярьж суутал өрөөнийх нь хүн хүрч ирээд “Караокед хүмүүс цуглаж байна. Явж дуулъя” гэв. Дагаж яваад караокены өрөөнд орлоо. 48 инчийн хавтгай зурагттай, орчин үеийн гэрийн кино театртай ажээ. Бас баян хуур, бишгүүр зэрэг хөгжмийн зэмсгүүд ч харагдав. Зурагтаа асаагаад дууны ном эргүүлж байгаад Түмэндэмбэрэлийн “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг тавиадахлаа. Нэг нь баян хуур тоглоод нөгөө хэд нь дуулахаар болов.

Туулын урсгал шөнөдөө сайхансан

Торгон долгио нь хаялан мяралздагсан

Хоёр ангир дандаа хөвдөгсөн

Холын анир авангаа дуугардагсан гээд л ёстой нэг авч өгч байна. Дээхнэ үед байсан “Бөмбөгөр ногоон”-ыхон л иймэрхүү дуулах болов уу гэмээр цараатай сайхан дуулав. Дуулж байх хооронд сувилагч бүсгүй хаалгаар шагайтал дуучдын маань нэг гараад явчихлаа. Араас нь гартал эмчилгээний өрөө рүү дагуулан явжээ. Очоод даралтыг нь үзэж байна. Эмч нар даралт ихсэх гээд байдаг хүмүүсийнхээ даралтыг өдрийн гурван удаа үзэж өгдөг ажээ. Өглөө, өдөр, орой үзсээр байгаад хүмүүсийнхээ даралтыг хэдтэй байдгийг нэг бүрчлэн цээжилчихэж. “Манайд ер нь даралт ихэсдэг тун ховор доо. Анх ирж байгаа хүмүүсийн дунд даралттай хүн ирдэг л юм. Эмчилгээ, сувилгааны явцад тогтчихдог” гэж байна. Эмчилгээний хэсэг нь их эмчээр ахлуулан ажилладаг ажээ. Их эмч хүн бүрт тогтмол үзлэг хийнэ. Үзлэггүй өдөр байсан ч ахмадууд өөрсдөө өрөөнд нь хүрээд ирдэг гэсэн. Ирээд янз бүрийн л зүйл ярина. “Урьд шөнө жаахан тух муутай унтлаа” гэхээс эхлээд даралтаа яг хэвийн байгаа эсэхийг лавлахаар ирдэг гэсэн. Эмч нар нь ч харьцаа сайтай юм билээ. Хүрээд ирсэн ахмадуудад хэлж зөвлөөд буцааж байв.

Нэгдүгээр давхарт эмчилгээний, караокены өрөөнөөс гадна бурханы өрөөтэй ажээ. Бас үүдний хэсэгт шатар, ширээний теннис, дартс зэрэг тоглоомтой. Ахмадууд хоолоо шингээнгээ ширээний теннис тоглож байгаад өрөөндөө ордог гэсэн. Харин бурханы өрөөнд Бурхан багш, Манал, Авид зэрэг бурхан залсан байв. Мөн Далай ламын томоо гээчийн хөрөг байна. Хөгшчүүлийн ихэнх нь сүсэг бишрэлтэй учраас өглөөд энд орж ирээд бурхан шүтээндээ залбиран арц, хүж уугиулж хэсэг сууж байгаад гардаг гэнэ. Мөн үүдний танхимын том зайд таван ханатай гэр барьчихаж. Уг гэрийг хэдэн жилийн өмнө Германы нэгэн байгууллагаас ахмадуудад бэлэглэжээ. Гэрийг барихгүй удахаар хэлбэрээ алдчих гээд байдаг учраас ийн бариатай чигээр нь байлгадаг юм байна. Басхүү ахмадууд монгол гэрээ үгүйлэхээр дуртай үедээ дотор нь ордог гэнэ. Харин зуны дэлгэр цагт явахыг хүссэн газар руугаа гэрээ ачаад явдаг ажээ. Эднийх гурван автобустай болохоор хөгшчүүлээ суулгаж аваад дуртай газар нь хүргэнэ. Зун бол эндээ байхаас илүүтэй гол ус бараадан налайж байх дуртай ажээ. Харин сэрүү орсон үед үе, үе автобусандаа суун хот орж тоглолт үздэг юм байна. Зарим нь бүр даргынхаа өрөөнд орж ирээд “Намсрайноровын тоглолт тэдэн сарын тэдэнд Бөхийн өргөөнд болох гэж байна. Үзье” гэдэг гэсэн. Энэ үед автобусандаа суулгаад аваад явдаг ажээ. Ер нь ахмадууд мэдээлэл сайтай байдаг гэсэн. Нэг удаа бүр хариуцсан дарга дээрээ орж ирээд “Гэрийн театраараа “Аравт” үзмээр байна” гэжээ. Нэвтрүүлэг юм болов уу, эсвэл тоглолт нөхөж үзэх гээд байгаа юм байх даа гэж бодоод “Юу билээ тэр чинь” гээд асуутал “Ажил, ажил гэж суухаар гадуур дотуур болж байгаа юмыг сайн үзэж байгаач. Тийм кино гараад удаж байна. Олоод ирээрэй” гэчихээд гараад явжээ. Энэ мэтчилэн өвөө, эмээ нар дуртай зүйлээ хүссэн үедээ үздэг юм байна.

Батсүмбэрийн асрамжийн газар байдаг ахмадууд тэтгэврийнхээ 30 хувийг хадгалуулдаг ажээ. Уг мөнгийг тусдаа дансанд байршуулан хуримтлал үүсгэдэг юм байна. Хүндээр өвдөх, зайлшгүй мөнгөний шаардлага гарсан үед хэрэглэдэг гэсэн. Өөрсдийнх нь мөнгө ингэж хуримтлагдаж байгаа гэдгийг ахмадууд нарийн сайн мэддэг гэсэн. Тиймээс хааяа хотод очиж хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирдэг ажээ. Ирэхдээ хэвтсэн эмнэлгээсээ нэхэмжлэх бариад ирнэ. “Арав хоногийн дотор 1.5 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн шүү. Мөнгө шилжүүлээрэй” гэсээр ирдэг гэсэн. Тэтгэврийн мөнгөний үлдсэн 70 хувийг өөрсдөө авна. Тэтгэврийнхээ мөнгөөр юу хийж байна вэ гэж асуухад “Хойд дэлгүүрээс ганц шил хатуу юм авна” гээд инээж байна. Энд архи, дарс хэтрүүлэн уухгүй л бол айхтар хориглоод байх зүйлгүй. Гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд аль болох тааваар нь байлгахыг хичээдэг гэж асрамжийн газрыхан ярих юм билээ.

Энд амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь харж хандаж хүнгүй хүмүүс. Үр хүүхэдгүй, эсвэл хүүхэдтэй байлаа ч аав ээжийгээ асарч чадахгүй нь тогтоогдсон бол энд авчирдаг юм байна. Харин зарим тохиолдолд манай ээжийн тэтгэвэр одоо тэдэн төгрөг болсон байх учиртай. Тэр мөнгийг авмаар байна гэсэн хүмүүс ирдэг ажээ. Бас саяхан нэгэн залуу хүрч ирээд ээжийгээ авч явна гээд сүйд болж. Ээж нь ч хүүхдийндээ очно. Ач, зээ нарыгаа харья гээд байхаар нь явуулчихаж. Гэтэл хэдхэн хоногийн дараа эндхийн нийгмийн ажилтан “Хотоос ярьж байна. Энд танай асрамжийн газрын хүн ирчихсэн байна. Ирж аваач” гэж утасджээ. Машин тэрэг гаргаад яваад очтол өнөө ач, зээгээ харах эмээ зогсож байсан гэнэ. Хүүхдүүд нь гэртээ аваачиж нэг хонуулаад, маргааш нь банкнаас хоёр сая төгрөгийн тэтгэврийн зээл авахуулаад хөөчихөж. Эмээ хүйтэнд даарахдаа Баянхошуун дахь уурын зууханд очжээ. Хүмүүс яав ийв гэхээр нь “Би Батсүмбэрийн асрамжийн газрын хүн байна. Намайг ирж ав гэж хэлээд өг” гэсэн байна. Ингээд асрахынхан буцааж авч явсан гэнэ.

Нийгмийн төлөө сайн үйл хийх хүсэлтэй хүмүүс хамгийн түрүүнд эндхийн асрамжийн газрынхантай холбогддог ажээ. Ирэхийнхээ өмнө утасдаад юу хэрэгтэйг нь асуудаг гэсэн. Хоол унд хангалттай учраас хэвтрийн хүмүүстээ “Baby” биеийн тос, пасперс хоёр захина. Хэвтрийн хүмүүсийн ууц, нурууг байнга тосолж байвал цоордоггүй гэсэн. Сувилгаа сайтай учраас нэг ч хүний нуруу цоороогүй гэдгийг сувилагч нар онцолж байлаа. Мөн ахмадуудыг эргэж ирсэн хүмүүс янз бүрийн л зүйл авчирна. Ерөнхийдөө сайн дураараа өндөр настнуудад туслах хүний хөл тасардаггүй юм байна. Ялангуяа цагаансарын өмнө өдөр алгасахгүй шахам ирдэг ажээ. Ирсэн хүмүүс ахмадуудад бэлэгтэй ирнэ. Асрамжийн газар нь хоол сайтай учраас хэр баргийн идэх юмыг голоод иддэггүй гэсэн. Чоко пайг л гэхэд уут уутаар нь сувилагчдынхаа өрөөнд овоолоод тавьчихсан байдаг ажээ.

Хоёр давхарт нийтийн зурагт, ном уншлагын өрөөтэй юм байна. Ахмадууд дотроо бие засах өрөөтэй, зурагттай өрөөнд байдаг ч гэлээ бөөнөөрөө сууж кино үзэх дуртай гэсэн. Өрөө нь дулаахан гэж жигтэйхэн юм. Зурагтын өрөөнд ортол сар шинийн яриа өрнөж байв. Том ширээ засдаг, төрийн гурван өндөрлөгийн нэгэн адил гурван том ууцтай, гурван тавгийн идээтэй ширээ засдаг тухайгаа сонирхуулж байна. Мөн өрөө болгон тавгийн идээтэй, чанасан махтай шинэлдэг тухайгаа ярилаа. Энд амьдарч байгаа хүмүүсээс хамгийн өндөр настай нь 90 хүрч байгаа юм билээ. Золголтын тухай яриа өнгөрсөн шинэ жилийнх рүү ортол таяг тулсан эмээ өрөөнөөсөө зураг бариад гараад ирэв. Тэр нь өнгөрсөн шинэ жилийн хүлээн авалтынх. Оргилуун дарстай, хүйтэн зууштай, халуун хоолтой, тавагтай чихэр, жимсний цуглуулга гээд дундаж газрын хүлээн авалтаас дутахгүй ширээнд инээлдэн суугаа зургаа үзүүллээ. Цагаан сар шинэ жилээс ч өргөн дэлгэр болно. Олон хоног амарвал хүрээд ирээрэй гэсээр хоцорлоо.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Бид ард түмнийг бичиг үсгээр нь мунхруулж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Монгол хэлний тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байна. Та харин уг хуулийн төсөл дээр нэлээд эсрэг байр суурийг илэрхийлж байгаа харагдсан. Яагаад эсэргүүцэх болсон юм бэ?

-Энэ хуулийн төслийг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл ийм байгаа үед, хямралтай давхцуулан ярих нь зөв үү гэдгийг бодох ёстой. Тэр ч утгаараа би байр сууриа илэрхийлсэн. Тухайн орны хэл соёл, ёс заншлаа ард түмэн нь өөрөө аваад явчихдаг. Манайд уйгаржин монгол бичиг, кирилл монгол бичиг байна. Монголчууд эрт үеэсээ хэрэгтэй гэсэн зүйлээ авч хэрэглэж ирсэн түүхтэй. Би эрдэмтдээс уйгаржин монгол бичиг хаанаас үүсэлтэй ямар бичиг вэ гэдгийг асуусан. Өнөөдөр цахим ертөнц хөгжсөн энэ үед нэг кноп дарахад л википедиа дээр бүх зүйл гараад ирчихэж байна. Орос, англи гээд түгээмэл хэлүүд дээр шууд гарч ирдэг. Уйгаржин бичиг бол араб, Перс, Уйгараар дамжин Монголд ирсэн. БНХАУ-ын Өмнөд Монголын өөртөө засах орон гэж бий. Тэнд 20 гаруй сая хүн амьдардаг. Тэд уйгаржин бичиг хэрэглэдэг. Хятадад уйгарууд амьдардаг бөгөөд монгол бичгийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн гэсэн. Монгол бичгийг уйгаруудаас аваад манайхан жаахан өөрчлөөд өөрийн болгоод хэрэглэсэн.

Бид 1945 онд кирилл монгол бичгийг Оросоос авч хэрэглэсэн л дээ. Өөрсдийн нөхцөлдөө тааруулан 35 үсэгтэй болгож бүх нийтийг бичиг үсэгтэй болгох ажлаа хийсэн.

-Өмнө нь манай орон чинь уйгаржин бичгээ сэргээх гээд амжилт олоогүй. Одоо уйгаржин бичгээ сэргээх боломж байгаа юм уу?

-Аливаа юмс цаг өнгөрөх тусам улам л сайжирч урагшаа явах ёстой. Орчин үеийн нөхцөл байдалд тааруулан явах ёстой зүйлийг заавал хуульчилж, хэлний засаглал гэдэг юм яриад байж байна. Үнэндээ хэлний засаглал гэж юу байх вэ дээ. Төрийн хэлний зөвлөл гээд есөн хүнтэй хэлний цензур главлит хийдэг хүмүүс байна. Аж ахуйн нэгж албан байгууллага, хувь хүнийг торгоно гээд сууж байх юм. Ийм байж болдог юм уу. Дээр үед Францын ламтан нь “Би мунхруулаад өгье. Та харгислаад өг. Хоёулаа олон жил засаглая” гэж хаандаа хэлж байсан гэдэг. Тухайн үеийн хаан нь харгис хүн байж ч таарсан. Энэ хууль бол яг тийм маягтай яваад байгаа. Уг хуулийг харахаар аль болох харгислана гэсэн зүйл ажиглагдаж байна. Ийм зүйлээ анхаарах хэрэгтэй. Монголчууд 1940-1950 оны үед уйгаржин бичгээ сэргээх гэж Б.Ренчин доктороос эхлээд нэлээд зүтгэсэн ч ажил хэрэг болж чадаагүй. Хэрэв уйгаржин бичгээ сэргээгээд явчихбал Ганбат гэж унших ёстой хүнийг Ганбату гэж уншиж байх жишээтэй. Өнөөгийн нөхцөлд энэ нийцэх үү гээд асуудал их байна.

Манай улс 1990 оны үед нэг хэсэг хүүхдүүдийг уйгаржин ч үгүй, кирилл ч үгүй болж балласан. Тэр үеийн хүүхдүүд чинь одоо 30 гарчихсан кириллээрээ ч зөв бичиж чадахгүй сууж байна. Өнөө хос бичигтэн болгох гэсний гай нь энэ шүү дээ. Заавал бүгд уйгаржин бичгээ эзэмшинэ гэж байхын оронд эрдэмтэд, монгол хэлний багш нар нь гүнзгийрүүлээд судалдаг л юм байгаа биз.

-Ингэж хэллээ гээд өнөө эрдэмтдийн дургүйг л хүргэх байх даа?

-Уйгаржин бичигтэй болоод ном товхимол гаргалаа гэхэд хэвлээд явчих орчин үеийн техник технологи нь юу билээ. Дэлхий даяарчлагдаж байхад хүн бүр хурдтайгаар дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх шаардлага тулгараад байна. Өнөөдөр Засгийн газрын зүгээс дэлхийн 20 шилдэг хүүхдийг сургая гэхэд хэд нь тэнцэж байгаа билээ. Харвардаас эхлээд гадны томоохон сургуулиудад гадны оюутнуудаар дүүрсэн байна. Бид 200 гаруй жил Манжийн дарлалд байж дэлхийгээс таслагдсан. Түүний дараа зөвлөлт коммунизм гэгч дэлгэрч 70 жил мөн л дэлхийгээс тасалчихсан биз дээ. Бид цаашид иймэрхүү замаар, иймэрхүү байдалтай явж болохгүй ээ. Монгол Улс хангалттай баян байсан болно.

Сонинууд гэхэд л хос бичигтэн болох хүрээнд нэг ярилцлага, мэдээ, нийтлэлээ кириллээр нэг, уйгаржин бичгээр гээд хоёр янзаар гаргаж таарах нь. Нэг бага зэргийн алдаа гарлаа гэхэд ч 10, 10 саяар нь торгоод явах нь байна. Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа нэг хэлбэр болох гээд байна л даа. Торголоо гэхэд тэрийг нь өгдөг мөнгө нь ч хаана байгаа юм. Сонин гэдэг чинь цаасан хэвлэл. Тэгээд гаргаад байх цаас нь ч хаана байгаа юм.

-Тэгээд хос бичигтэн болгоно гэвэл судлаач, эрдэмтдээс нь эхлээд асуудал тулгарах байх даа?

-Мэргэжилтнүүдийг нь урилаа гэхэд Өмнөд Монгол, уйгар Хятадаас нь урих юм уу хаашаа юм. Хэрэв тэгвэл энэ чинь юу болох юм. Харин латинжин монгол бичгийг гаргаад хэрэглэвэл болохгүй юм байхгүй. Дэлхийн 70-80 хувь нь латинжин бичигт шилжээд байна. Грек, Ромоос гаралтай энэ бичгийг авч хэрэглэснээрээ Франц нь Франц биш, АНУ нь АНУ биш, Англи нь Англи биш болоогүй. Бичиг гэдэг тусдаа зүйл. Хэл ч мөн бичгээсээ тусдаа. Энэ бүхнийгээ анхаараач ээ.

УИХ-ын чуулган дээр асууж байхад тэндээс гарал үүсэлгүй гэж хэлэхгүй байна. Бид заавал ард түмнийг бичиг үсгээр нь ингэж мунхруулж болохгүй. Байгаа юмыг нь байгаагаар нь хэлж, зөв юмыг зөвөөр нь явуулах ёстой. Уг хуулийн төслийг санаачилсан гишүүдийн хуулийн төсөл нь хятадтай холбоогүй юм шиг цаагуураа болохгүй юмыг дэмжсэн төслийг оруулж ирээд байна. Бид ч тэдэнд үнэн зөвийг хэлж ойлгуулахгүй бол энэ байдлаараа одоо байгаагаасаа ухарсан, цаг хугацаа алдсан зүйл болох гээд байгаа юм. Телевиз үзлээ гэхэд дэлгэцийнх нь бараг гуравны нэг нь бичиг болчих гээд байна. Нэг хүний яриа гарлаа гэхэд урдуур нь уйгаржинаар, доод талаар нь кириллээр гарчихаар хэн юугаа үзэх юм бэ. Телевизийн доогуур урсдаг зар дэлгэцийнх урд талаар уйгаржинаар бас урсаж таарна. Нэг нь босоо, нөгөө нь хөндлөн бичиг жирэлзэж өгөх юм байна л даа. Фэйсбүүк, твиттер рүү орлоо гэхэд яаж жиргэх юм. Тэгэхээр энэ мэтчилэн стандарт шаардлагыг хангахгүй болчихоод байгаа. Манай эцэг өвгөд тухайн цаг үедээ тэргүүний сайн гэсэн зүйлсийг амьдралдаа нэвтрүүлэн хэрэглэсэн нь уйгаржин бичиг мөн. Уйгаржин бичгээ хэрэглэнэ гэвэл гэрт амьдарч байгаа айлууд зуухныхаа оронд тулга тавиад галлана гэсэн үг. Ингэж болохгүй биз дээ. Эсвэл хил манаж байгаа цэргүүддээ нум сум атгуулаад хилээ мана гэж байгаагаас өөрцгүй. Нум сумтай цэргүүд орчин үеийн байдлааны хэрэгсэлтэй яаж нүүр тулах юм. Ийм маягтай болчихоод байгааг ойлгоцгоох цаг ирсэн. Уламжлалаа сэргээнэ гэж нэг сайхан юм ярих бүрт чинь үр хүүхдүүдээ дэлхий нийтээс тасалсан өрсөлдөх чадваргүй иргэнийг л бий болгон гэсэн үг. Үзэгдэх байдал дээрээ гадаадыг дэмждэг нөхдүүд наанаа болохоор дэмждэггүй юм шиг царай гарган энэ хуулийг зүтгүүлж байна уу гэж хараад байгаа шүү.

-Уйгаржнаа сэргээхээр одооны 30 насны крилл ч үгүй, уйгаржин ч үгүй завсрын саарал үеийнхэн шиг болчих байх даа?

-Кирилл, уйгаржин бичигтэй байвал ямар вэ гэдгээ бид тухайн үед туршаад үзчихсэн. 1940-1950 он, 1990-ээд оны үед зүтгүүлээд бараагүй шүү дээ. Одоо гэтэл мөн гурав дахь удаагаа хүчээр зүтгүүлж байна. Ингээд байж байх хэмжээний баян улс мөн билүү. Уг хуулийг батлах гээд улайраад байгааг ойлгохгүй юм. Тийм л шаардлагатай юм бол улсын эдийн засаг сайжирчихсан уйгаржин бичгийн программ нь бэлэн болсон үед л хэлэлц. Одоо бол яаавч цаг биш.

-2025 оноос хос бичгийг хэрэглэнэ гээд байгаа биз дээ?

-2025 он гэхэд тэр программ нь гарчих байх. Гарна гэдэгт найдаж байна ч гэх шиг иймэрхүү юм яриад сууж байна. Уйгаржинд шилжлээ гэхэд багш нар нь хаана байгаа юм. Дээр хэлсэнчлэн Өмнөд монгол, уйгараас баахан багш нар авч ирээд баллах юм байна л даа. Тэр хэд нь дээр үеийн мэргэжилтэн гэдэг шиг байх юм уу. Ингээд байх шаардлага алга. Казахстан улс гэхэд 2025 он гэхэд латин бичигт бүрэн шилжинэ гэж байна л даа. Монгол хүүхдүүд уйгаржин, крилл, латин гээд гурван үсэг сурах шаардлагатай болж байна. Цаг хугацаа гэдэг үнэлж баршгүй зүйл. Коммунизм, социализм гэдэг шиг өөрөө өөрийгөө чөдөрлөсөн хууль гарах гээд байна л даа. Гэхдээ уйгаржин бичгийг огт алга болго гэж байгаа юм биш. Ерөнхий боловсролын сургуульд нэг хоёр жил ч юм уу уйгаржин бичиг орох ёстой. Энэ мэтчилэн цаг үетэйгээ нийцсэн зүйл хийх хэрэгтэй.

10 жилийн дараа гэхэд одоо яриад байгаа зүйлдээ хүрэхгүй шүү дээ. Гурван сая хүнтэй Монгол Улс энэ нөөц баялгаа энэ мэтчилэн цаг хугацаа алдсан зүйлд зарж болохгүй.

-Өнөөдөр крилл бичиг гэхэд л янз бүрийн дүрмээр яваад утгаа алдаад байх шиг. Амбиц ихтэй эрдэмтэд өөр өөрсдийн үсгийн дүрэм зохиогоод явж байна. Үүнийгээ ядаж цэгцэлчихвэл…

-Манайхан аливаа зүйлийг эрдэмтдийн баталснаар гэж ярьдаг болж. Үнэндээ түүнийх нь 90 хувийг эрдэмтэд батлаагүй байдаг. Хэлний эрдэмтэд гэхэд дүрэм дээрээ хамтраад ажиллах ёстой. Өнөөдөр ч гэсэн манайхан кирилл дээрээ бөөн маргаан л байна. 40-50 жил явахдаа ч үүнийгээ шийдэж чадаагүй. Би бол уйгаржин монгол, кириллжин монгол гэж хэлэх нь зөв гэж боддог. Нэг хэсэг манайхан латинжин монголыг хэрэглэх гэж үзсэн. Түүнийг нь тухайн үед ЗХУ зөвшөөрөөгүй. Одоо латинжин монголын талаар судлах ёстой. Манайхан бүгд мессэж бичиж, янз бүрийн сүлжээнд орохдоо латин үсэг хэрэглэдэг болсон.

Монгол хэлний хуулийн төсөлд 5-6 дугаар ангиасаа гадаад хэл үзнэ гэж заасан байна лээ. Ингэж болохгүй ээ. Аль болох багаасаа гадаад хэл сурч дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Хэрэв ингээд явлаа гэхэд УИХ гишүүд болон амьдралын боломжтой айлын хүүхдүүд гадагшаа яваад сурчихна. Угаасаа ч тэгж сурч байгаа. Энэ нь Улаан-Үд, Эрээн, Бээжингийн сургуулийг дүүргэх бодлого болчих гээд байна. Ардын хүүхдүүд багаасаа хэл сурч болдоггүй, багш нар нь зааж болдоггүй тийм л систем рүү орчих гээд байгаа юм. Энэ бол ухралт. Багаасаа гадаад хэл сурчихвал харин ч багаасаа монгол хэлээ хамгаална, өв соёлоо тээж явна.

-Таныхаар уг хуулийн төслийг эргүүлэн татах ёстой гэж харж байна уу?

-Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг гишүүд дэмжээд явчихсан. Тэр үед нь юу болох нь уу ямар өөрчлөлт гарах нь уу гэдэг үүднээс би чимээгүй хараад суусан юм. Эцсийн эцэст хэн нэгэн нь дуугарах шаардлагатай байна. Энэ чинь бүр болохоо байж байгаагийн шинж байхгүй юу. Би зориуд олон түмний анхааралд очоосой гэдэг үүднээс яриад байгаа юм. Хэрэв ингээд батлагдвал Монгол Улсын ирээдүй, боловсролын салбарт муугаар нөлөөлөх тул ингээд байгаа хэрэг. Би оргүй зүйл яриагүй. Түүхийн баримт гаргаж ярьж байгаа шүү.

Хэвлэл мэдээллийн салбарынхан ч гэсэн “Өдрийн сонин” шиг байгаа байдлыг байгаа чигээр нь хүргэж байх ёстой байхгүй юу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл танай сонин шиг үүргээ биелүүлдэг байх хэрэгтэй. Г.Чоймаа багш монгол бичгээр бичдэг л хүн байхгүй юу. Үүх түүхийг нь судалдаг хүмүүс тусдаа байдаг биз. Миний асуултад цаашаа харж уурлан, наашаа харж инээмсэглэн хариулж байна лээ. Манай УИХ-ын гишүүд байгаа зүйлийг байгаагаар нь хэлж чаддаггүй болохоор асуудлыг зөв шийдэж чаддаггүй. Тийм болохоор 20 гаруй жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй. Хэрэв зөв шийдэл гаргаад байсан бол гуравхан сая хүн амтай Монгол Улс сэв хийтэл босоод ирэх байсан. Гэтэл тэгж чадаагүй. Үүний нэг илрэл нь одоогийн Монгол хэлний тухай хууль юм.

Э.ЭНХБОЛД