Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал АНУ-ын Флорида мужийн “Авто машин ачиж, тээвэрлэх журам”-ыг танилцуулж, тус журамд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын зөвшөөрөл авах дараалал, хориглох заалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн горим, үнэ тарифийг хэрхэн тусгасан байдгыг тайлбарлалаа. Мөн авто машин ачилт тээвэрлэлтийн одоогийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулж “Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” гаргахаар боллоо. Шинэчилсэн журам нь олон улсын стандартад нийцсэн, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн цаг хугацааг хэмнэж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан нэгдсэн зохион байгуулалттай байхаар хийгдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Month: February 2015
Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхлэх хуваарьтай байсан ч 30 минутаар хоцорлоо. Чуулганы эхэнд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй 10 гаруй саналаар тус тус санал хураалгаж, гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Ийнхүү Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар өмнө нь чөлөөт бүстэй холбоотойгоор гарч байсан хуулиуд хүчингүй болж байна. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, Замын-Үүдийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хүчингүй боллоо.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагуудтай гэрээ хийлээ. 2015 онд нийт 989 байгууллага гэрээ хийж байгаагаас 103 нь төрийн өмчийн, хувийн хэвшлийн 162 эмнэлэг, 35 рашаан сувилал, 689 эмийн сан байгаа юм. Үүнээс Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 81 эмнэлэг, рашаан сувилал 16, 188 эмийн сантай гэрээг байгуулжээ. Өнгөрсөн жил 247 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийж байсан бол энэ жил ийнхүү тоо нь хэд дахин нэмэгдсэн байна. Байгууллагуудтай хийж байгаа гэрээнд даатгуулагчийн нийт төлбөр тооцооны 10-45 хувиас доошгүйг нийгмийн даатгалын үйлчилгээний Ко-брэнд болон төлбөрийн бусад картаар гүйцэтгэж, хөнгөлөлт, урамшууллын арга хэрэгслийг нэвтрүүлэх, үйлчилгээний төрөл бүрээр даатгуулагчдад тусламж, үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлтийг заавал үзүүлэх үүрэг бүхий заалтуудыг тусгаж өгчээ. Одоогоор гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалт бүрэн гараагүй байгаа ба байгууллагууд гэрээгээ байгуулж дуусмагц олон нийтэд мэдээлэх ажээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх уг төслийг дэмжлээ. Ингэснээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.12/ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад хүрэлцэн ирсэнд ахмадуудад талархал илэрхийлэн, удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.
УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин энэ жил УИХ-ын 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, өнөөдрийн уулзалтад оролцож буй ахмадууд УИХ-ын 25 жилийн түүхийг бүтээлцсэн эрхэм гавьяатайг онцлов. Ойг тэмдэглэх ажилд УИХ-ын Тамгын газрын ахмадын хороо идэвхитэй оролцож байгааг дуулгасан юм. Мөн ахмад настнуудаа байнга халамжилж байдагт УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээ.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 61 ахмадтай билээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Грэммийн наадмыг АНУ телевизээр шууд дамжуулахад өнөө жил ердөө 25.3 сая хүн үзжээ. Энэ нь Грэммийн наадмын хувьд хамгийн бага үзэгчтэй байсан 2009 оноос хойших хамгийн цөөн үзэгчтэй байсан жил болж байгаа аж.
Домогт “Beatles” хамтлагийнхан, олон олон алдартнуудыг тайзнаа гарган 28.5 сая үзэгчийг татаж чадсан өнгөрсөн оны Грэммийн наадамтай харьцуулахад үзэгчдийн тоо 11 хувиар буурчээ. Гэсэн ч сүүлийн таван жил дараалан тус наадмын үзэгчдийн тоо 25 саяас дээш гарсан дүнтэй байгаа юм. Оскарын шагнал гардуулах ёслолыг эс тооцвол, Алтан бөмбөрцөг наадмаас үзэгчдийн тоогоороо зургаан саяар илүү байж чадсан байна. Тиймээс Грэммийн наадам нь оны хамгийн их үзэгчтэй шагнал гардуулах ажиллагаагаар шалгарчээ. Мэдээж хэрэг, Оскарын шагнал гардуулах ёслолыг өнгөрсөн онд 43 сая хүн телевизээр шууд дамжуулан үзсэн байна.
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатарт ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн хичээллэх цагийг 7.40 , цэцэрлэг 8.00, төрийн бүх байгууллагууд 8.30 цаг болгосон. Цагийн хуваарийн дээрх өөрчлөлтийг ирэх даваа гарагаас мөрдөж эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулжээ. Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг хийж зарим чиглэлүүдийн эх авалтын цагийг өөрчлөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Өөрчлөлт оруулсан чиглэлүүд:
№ Маршрут Өөрчлөгдсөн эх авалтынцаг
1 М:3 “ТЭЦ 3 – Алтайхотхон – СБД-ийн 20-р хороо” 6:35
2 М:11 “Нисэх – Чингис хаан ОУ нисэх буудал – Ард кино театр” 6:40
3 М:22 “Нисэх – Сонсголон–Тэнгис кино театр–Ард кино театр” 6:40
4 M:25б “Баянхошуу–Алтайхотхон – ТЭЦ 3” 6:40
5 М:14 “Улиастай – МИУС – Ард кино театр” 6:35
6 М:14б “Улиастай–Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – ТЭЦ3” 6:40
7 М:20 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал” 6:35
8 М:26 “Улаан чулуут- Их наран – МУБИС” 6:35
9 М:17а “Тагнай трейд ШТС- Орбит-Ард кино театр” 6:35
10 M:17Б “Tахилт – 40 мянгат – Tэнгис кино театр” 6:35
11 М:12 “Ганхийц -ХМК – Зайсан” 6:35
12 М:57 “Гачуурт-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан” 6:30
13 М:55 “Зайсан-Баянмонгол хороолол-Хархорин зах” 6:55
14 М:54 “Нарангийн гол – ТЭЦ 3- Дүнжингарав худалдааны төв” 6:35
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалд зориулж хийсэн бэсрэг наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэсэн юм.
Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр өнөөдөр Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар оруулан улсын хил нэвтрүүлсэн байна. Улсын хилийн 0 цэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гааль, Хилийн цэрэг, Хорио цээрийн байгууллагын төлөөлөгчид морьдыг Хятадын талд хүлээлгэн өгчээ.
НЭПКО хэвлэлийн газрын ТУЗ-ийн гишүүн Б.Цэнддоотой ярилцлаа.
-НЭПКО хэвлэлийн газраас түүхийн сэдэвтэй шинэ цуврал гаргаж, хэд хэдэн номын нээлтийг хамтатган хийх гэж байгаа юм байна.
-НЭПКО хэвлэлийн газраас, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгтэй хамтран “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал гаргаж байгаа юм.Энэ цуврал бол хувь хүний түүх юм.Ер нь хувь хүний намтарулсынхаа түүхийн эхлэл хэсэг болж, улсын түүх ньсая сая хувь хүний намтрын нийлмэл байдаг. Өөрөөр хэлбэл, бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн.Ялангуяатүүхэн, онцгой эргэлтийн үед аж төрж, нийгмийн өөрчлөлт, хувьсгалын давалгаан дунд амьдралаа өнгөрөөх тавилан ногдсон, иймэрхүү үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал нь түүхэнд онцгой үүрэгтэй.
Ийм учраас улс орны түүхийн шинэчлэлийн үндэс нь хувь хүний намтар цадигийг зөвөөр туурвихаас эхтэй. Чухамхүү, “Хүмүүн хорвоо нийгэмлэг”, НЭПКО хэвлэлийн газраасхамтран “Түүхэн Эрхмүүдийн Цадиг” (ТЭЦ) цувралыгэрхлэн гаргасны учир ч энэ. Шинэ үеийн Монголын түүхийн онцгой үед амьдарч, нийгмийнхээ түүхэнд ул мөрөө үлдээж, оройлох үүрэгтнээс эхлээд системийн золиос, тогтоцын үр шим болж явсан зүтгэлтнүүдийн намтар түүхийг сэргээн бичсэнээрээ үндэсний түүхээ зөв голдрилд оруулах хамгийн зөв гарц, үүд болно хэмээн үзсэн билээ, бид.
Ингээд цувралынхаа эхний дөрвөн номын нээлтийг сар шинийн өмнөхөн буюу энэ хоёрдугаар сарын 14-нд ёслолын байдалтай хийхээр төлөвлөсөн юм. Баабарын бичсэн Х.Чойбалсан (хоёр боть), Д.Баярхүүгийн “Ж.Батмөнх”, Г.Дашрэнцэнгийн “Д.Бодоо”,С.Лочингийн “Д.Нацагдорж” гэсэн ийм дөрвөн бүтээл гараад байгаа юм.
-Дээр үед “Суут хүмүүсийн амьдрал”ч билүү, нэг цуврал байсан даа. Манайд орчуулж гаргаж байсан. Тэрэн шиг л юм аа даа.
– Тийм утгаар ойлгож ч болно. Ер нь бол универсаль түүх бичлэгийн соёлыг үүсгэн хөгжүүлэгч их гүрний нэг нь яах аргагүй Монгол улс мөнболохыг Рашид-Эд Дины “Судрын чуулган”,Жувейнигийн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” зэрэг дэлхийн түүхийн салшгүй хэсэг болсон бүтээлүүд гэрчилдэг.
Гэвч монголчуудын шинэ үеийн түүх маш ээдрээтэй. ХХ зуунд өрнөдийн маягаар түүх бичиж эхлэх үе ба үзэл сурталжиж гуйвсан түүх зохиогдож эхэлсэн үе хоёр давхцдаг. Ялангуяа социалист дэглэмийн үед коммунист байдлаар үзэл сурталжуулан зохиох бодлогод өртөн гуйвсан, санаатайгаар өөрчлөлт оруулан зохиомжилсон, тэр нь хэдэн үеийнхний үнэмшил болон үлдсэн ХХ зууны Монгол Улс буюу БНМАУ-ын хувьсгалт түүхийг энд дурдаж болно.
Хувь хүний түүх ч гуйвж, язгуур сурвалжаа нуухаас аргагүйд хүрч, хүн болгоны намтар “ядуу ардын гэр бүлд төрөөд” гэж эхэлдэг нэгэн хэвийн хуурамч загварт орсон билээ. Бүхий л монгол хүний “элэнц өвөг, эмээ өвөө, аав ээж нь үеийн үедбоол, ядуу гуйрамч явсан бөгөөдардын хувьсгал ялж феодал ангийг устгасны дараа аз жаргалтай учирсан” тухай тэрхүү нийтлэг намтарт өгүүлнэ. Мянга мянган ийм намтрын нийлбэр л хувьсгалт Монгол Улсын түүх болон зохиогдсон юм.
Өнөөдөр, нэг талаасаа эх түүхээ бодитойгоор сэргээн бичих нэг чиглэл байна. Баабарын “Монголчууд: нүүдэл суудал”-аас эхлээд олон бүтээл гарч байна. Үүнийг угтуулаад хувь хүний намтрыг үнэн зөвөөр сэргээн бичих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэрэг. Гэхдээ энэ ажил нь түүхэн үнэнийг сэргээх эрмэлзэлтэй хувь хүмүүсийн санаачилга болох “Хүмүүн хорвоо” нийгэмлэгээс НЭПКО хэвлэлийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.
-Зөвхөн номын нээлтболох төдий биш, энд хоёрдугаарт бичигдэж байгаа боловч ихээхэн утга холбогдолтой гэмээр бас нэг үйл явдалболох юм гэж дуулдсан. Нууц байлгаж байгаад “Сюрприз” байдлаар хийх гээд байгаабололтой нэг юм байна аа.
-Үйл явдал нь нууц биш, харин дотоод хөтөлбөр нь жаахан сюрприз талдаа гэхээр ч юм уу даа. “Бүү март-XXI” нэртэй хөтөлбөр байгаа юм. Энэ жил Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байна. Бас Монголын ардчиллын үзэл санааны эцэг Баабар маань улирах гэж буй морин жилд 60 насны босгоор алхсан юм. Дээр нь 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, туг сүлд болж явсан бүтээлийн нэг “Бүү март” зохиол нь бичигдэж, нууцаар тараагдаж эхэлснээс хойш 27 он улирчээ.Энэ бүхнийг хамтдаа эргэн дурсаж, өнгөрсөн түүхийнхээ үнэ цэнийг дахин эргэцүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг манайхан бэлдсэн байгаа юм.
-Баабарын “Бүү март” зохиолыг эргэн дурсаж ярих юм уу?
-“Бүү март” бичигдсэн, түүнийг тараасан тэр цагаас хойш 27 жил өнгөрч, хүний амьдралын бүтэн үесолигдсон байна. Тэнд юу өгүүлснийг гучаад жилийн өмнө бусдаас нууж хааж, сэтгэл догдлон уншсан, дараахан нь ардчиллын анхны цуглаанууд дээрээс олж авч байсан тэр л үеийнхэн мэднэ.
Хаалттай нийгэмд байсан хүн ардын нүдний боолтыгсөхөж, улмаар үнэнийг далдалсан хаалт, хөшгийг эвдэн, цаана нь юу байгааг өнгийж харахыг уриалсан дуудлага байсан юм, “Бүү март” бүтээл.
Харин нээлттэй нийгэмд амьдарч байгаа өнөө үеийнхэнд “төмөр хөшиг”-ний цаагуур юу байгааг таамаглах хэрэг байхгүй. Тэр ч бүү хэл “төмөр хөшиг” гэж юу болохыгасуувал төсөөлөх ч үгүй, цонхны төмөр хаалт, тор юм болов уу гэж хэлэх байх.
Гэхдээ үндэстэн бүхэнд, ялангуяа Монгол шиг цөөхүүлээ үндэстэнд мартаж үл болох төрөлхи сэрэмж,ой санамж гэж бий. “Бүү март, мартвал сөнөнө” бүтээл бол энэхүү ой санамжид зориулагдсан юм.
Үндэстний ой санамж сэрэхийн хэрээр өнгөрсний сургамж амилдаг. Сургамж бол ирээдүйн хамгийн сайн багш, авран хамгаалагч. “Бүү март” бүтээлийн гол санаа энэ.“Аливаа үндэстэн өнгөрснөө мартвал өөрийгөө хэн гэдгийг мартана. Хэн гэдгээ мартсан ард түмнийг хэн ч болгон хувиргаж болно. Бидний өнгөрсөн үеийг зориуд мартуулсан байна. Ингэж ингэж хуурсан түүх зохиож өгсөн байна. Монголчуудаа, түүхээ эргэн сана, нуусан хөшгийг тэр тэр хавиар сөхөх гээд үз, тэр хэрээрээ өөрийгөө таньж монгол хүн гэдгээ санана” гэдгийг хэлсэн. “Бүү март, мартвал сөнөнө” бол ардчиллын уриа дуудлага, түүхээ мартан зүүрмэглэж байсан үндэстнээ цочоон сэрээсэн бүтээл шүү дээ.
Аливаа ойтэмдэглэлт үе бол ой дурсамжаа сэрээх цаг байдаг Энэ утга агуулгаар нь эргэн санана. Гэхдээ дурсамж яриад суухгүй, лекц уншихгүй. Бид өөрийн өнцгөөс эргэн дурсаж, өөрийн өнгө аясаар сэтгэгдлээ хувааж,үг хэлээр зөрөлцөхгүйгээр мэтгэх гэсэн юм. Зохиомж найруулгын хэсгийг үүнээс дэлгэрэнгүй ярих арга боломжгүй.Амттаны хайрцаг дээр чихэр гээд бичдэг, бас зураг нь байдаг. Харин яг ямархуу чихэр байгааг онгойлгож л мэддэг шиг, юм уу даа.
Ю.ДЭЛГЭР
Монгол Улсын нүүрсний салбарынхөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч “Багануур”ХК 100 сая дахь тонн нүүрсээ өнгөрсөн даваа гаригт олборлолоо. Энэхүү түүхэн үйл явдалд оролцохоор “Багануур” ХК-ийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, УИХ-ын гишүүд ирсэн юм. Эзгүй зэлүүд байсан Нүүрэнтэйн хөндийд одоогоос 37 жилийн өмнө Багануурын уурхайн их бүтээн байгуулалтын ажил эхэлж байжээ. Тэгвэл өнөөдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлон хэрэглэгч олондоо хүргүүлсэн юм. Түүхэн баярт ёслолын арга хэмжээний үеэр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Өнөөдөр бид “Багануур” ХК-ийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх үйл явдлын гэрч болж байна. Уурхайн үйл ажиллагаа эхлээд 36 жилийн дараа 100 сая дахь тонн нүүрс олборлон гаргаж байна. Үе, үеийн уурхайчдын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр өнөөдрийн гаргаж байгаа 100 дахь сая тонн нүүрсэнд шингэсэн байгаа. Нэг сая тонноос 100 сая тонн нүүрс олборлох хүртэл хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад уурхайчиддаа талархал илэрхийлье. Мөн ахмадуудаа залгамжлан ажиллаж буй залуу уурхайчиддаа ажлын өндөр амжилт хүсье. Энэ бол манай хамт олны олон жилийн амжилтын илэрхийлэл болж байна. Дулааны станцуудыг олон жил нүүрсээр хангасны баталгаа. Улс эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа хамт олны хөдөлмөрийн үр шим юм. Өнөөдөр манай уурхайчдын баярын, бас бахархалын өдөр. Нүүрсний салбарт урьд өмнө гарч байгаагүй амжилтыг гаргаж, өндөр үзүүлэлт тогтоосон уурхайчдадаа баяр хүргэе. Бид өнгөрсөн 36 жилийн турш түмэн олныг дулаан нүүрсээр хангасан. Цаашдаа ч зуун зуун жил хангах нөөц бидэнд бий. Эрчим хүчний нүүрсний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тиймээс арав гаруй жилийн дараахан 200 дахь сая тонн нүүрсээ ачих цаг үе бидэнд ирнэ” гэсэн юм.
“Багануур” ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал дөрвөн сая тонн бөгөөд дотоодын хэрэглэгчийн хэрэгцээнээс хамаарч 3.6-4.0 сая тонн нүүрс олборлодог. Ингэснээр улсынхаа нүүрсний хэрэгцээний 60 хувь, эрчим хүчний хэрэгцээт нүүрсний70 гаруй хувийг дангаараа хангаж ажилладаг. “Уул-1”, “Уул-2” гэсэн үндсэн хоёр хэсэгт ашиглалт явуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар хамгийн гүндээ 120 метрийн гүнээс нүүрсээ гаргадаг. Өдгөө 290-ээд мэргэжлийн 1100 гаруй ажилтантай болтлоо өсөн дэвжсэн “Багануур” ХК 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, уул уурхайн салбарын шилдэг уурхайгаар шалгарч байжээ. Байгаль орчныг хамгаалах, ашиглалтын талбайг нөхөн сэргээх ажлыг Монголд анх удаа эхлүүлсэн тус компани одоогоос 37 жилийн өмнө буюу 1978 оны хоёрдугаар сарын 22-нд шаваа тавьж байжээ. Анх “Зил-130” машинд гэр ачин тав, зургаахан хүн ирж байсан гэнэ. Хотоос ачиж ирсэн гэртээ “конторлон” үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхийг ёслолын арга хэмжээнд ирсэн ахмад уурхайчид сэтгэл догдлон ярьж байлаа. Нүүж очсоноосоо хойш хоёр сарын дараа анхны тэсэлгээгээ хийж түр ил уурхайд уулын ажил явуулж байсан бол 1978 оны есдүгээр сарын 2-нд экскаваторын машинч н.Хатанбаатар, жолооч Д.Сэрээнэндоржийн краз машинд анхны нүүрсийг ачиж байсан түүхтэй. Ингэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн Багануурын уурхайгаас өдгөө гурван хөдөлмөрийн баатар, зургаан гавьяат цолтон төржээ. Тухайн үед Багануурын уурхайг 600 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоож байсан гэнэ. Харин 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр далд хайгуулын ажиллагаа явуулахад нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн судалгааны дүн гарсан байна.
Нийслэл хот тэлэхийн хэрээр эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа. Тухайлбал тавдугаар цахилгаан станц ашиглалтад орно. Мөн одоо ажиллаж байгаа станцуудад өргөтгөл хийж байна. Ингэж нүүрсний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Багануурын уурхай ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьжээ. Одоогийнхоос илүү хүчин чадлаар ажиллавал 200 сая дахь тонн нүүрсийг 10 гаруй жилийн дараа олборлоно гэсэн эдийн засгийн тооцоо гаргасан байна. Үүнийг дагаад уурхайгаа өргөтгөх, техник технологийн шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөжээ.Уурхай байгуулагдаад 37 жил болоход технологийн бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй, зөвхөн хэсэгчилсэн шинэчлэлт, засвар хийж байсан гэнэ. Харин ойрын жилүүдэд технологийн бүрэн шинэчлэл хийж, одоо ажиллаж байгаа системийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа ажээ. Нүүрс олборлолтын тухайд сүүлийн арван долоон жилийн үзүүлэлтийг өмнөх үетэй харьцуулахад тун эрчимтэй явагджээ. 1998 онд Дэлхийн банкны болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр технологийн хэсэгчилсэн шинэчлэл хийгдсэнээс хойш нэг жилд олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ.1990 оны сүүлээр нэг жилд 2.5 сая тонн нүүрс олборлож байсан бол 2000 он гарснаар, 3.2 – 4.0 сая тонн нүүрс олборлодог болтлоо өсөж байгаа талаар уурхайчид ярьж байлаа. Өнгөрсөн онд л гэхэд 3 сая 870 мянган тонн нүүрс олборлосон байна.
“Багануур” ХК 100 сая дахь тонн нүүрс олборлосон түүхэн баярын өдөр тус уурхайгаас төрсөн зургаан гавьяатын нэг С.Дүгэржавтай уулзлаа. Тэрээр уурхай байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
-Та Багануурын уурхайг байгуулсан цагаас эхлэн ажилласан гэсэн. Юу хийдэг байв?
-1978 оны хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатараас гэр ачин ирсэн анхны “Зил-130” машины жолооч нь би байгаа юм. Тэр үед энэ хавьд юу ч байгаагүй. Хэдэн вагончик л байсан байх. Бага залуу наснаасаа сэтгэл, зүтгэлээ зориулан ажилласан уурхай маань өнөөдөр 100 сая дахь тонн нүүрсээ гарган авч байгаад туйлын их баяртай байна. Энэ уурхайг анх байгуулж байсан нөхдөөрөө, залгамжлан ажиллаж байгаа залуучуудаараа бахархаж байна.
-Уурхайн үйл ажиллагаа ямархуу нөхцөлд эхэлж байсан бол?
-Тэр үед өнөөдрийнх шиг ийм олуулаа байсангүй. Хотоос конторынхоо гэрийг ачаадирж байсан. Бас манаач айлаа нүүлгэж авчирч байлаа. Ингэж л уурхайн үйл ажиллагаа эхэлсэн. Багануураар овоглосон, Багануурын уурхайтай амьдралаа холбосон бүхий л хүний хувьд өнөөдөр баярын өдөр. Амьд ахуй цагтаа ийм сайхан түүхэн баярт үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Уурхайнхаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.
“Багануур” ХК анхны олборлолтоо хийснээс хойш өдгөө 100 дахь сая тонн нүүрсээ олборлож байгаа бөгөөд энэ нь хоёр сая вагон нүүрс гэсэн үг. Даваа гаригт болсон ёслолын арга хэмжээний үеэр 100 сая дахь тонн нүүрсийг ачиж ирээд бутлан бэлэн болгож илчит тэргэнд ачин нийслэлийн зүг явуулсан юм.
С.АЛТАН