Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын Ерөнхий прокурорт М.Энх-Амгалангийн нэрийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Хууль Цаазын Тэргүүн зөвлөхөөр М.Энх-Амгаланг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад дөнгөж сая өргөн мэдүүлжээ. Хуулиараа Улсын Ерөнхий Прокурорт нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгох ёстой юм.

Сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 18-нд УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга гаргасан байгаа. Тиймээс УИХ “амралтаа” авахаас урьтаж Улсын Ерөнхий Прокурорыг томилох бололтой.
Монгол Улсын Ерөнхий Прокурорт нэрийг нь дэвшүүлсэн М.Энх-Амгалан УМБГ-ын хэлтсийн даргаас тус байгууллагын даргын албан тушаалд томилогдож байв. Мөн 2008-2012 онд ЦЕГ-ын даргын тус тус алба хашиж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд галзуу өвчин гарч, хөл хорио тогтоов

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн “Улаан хонд” гэдэг газар өвөлжиж буй малчны тэмээ галзуу өвчин тусчээ. Тэмээнээс сэжигтэй зүйл илэрсний дагуу зориудаар устгасан байна. Малын сэг зэмээс дээж авч лабораторит шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Өнгөрсөн онд галзуу өвчин 19 аймгийн 302 суманд 485 удаа бүртгэгдэж, 783 толгой мал, амьтан өвчилж, 415 толгой мал, амьтан үхэж, 316 толгой мал, амьтныг устгасан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 192-оор нэмэгджээ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Төрийн Думын дарга айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин 2015 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцох юм байна. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкины намтар

Сергей Евгеньевич Нарышкин 1954 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ленинград /Санкт-Петербург/ хотод төрсөн. 1978 онд Ленинградын Механикийн их сургуулийг инженер-радиомеханикч мэргэжлээр, Санкт-Петербургийн Удирдлагын олон улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

Тэрбээр 1982 оноос Ленинградын Политехникийн их сургуулийн орлогч ректор, Бельги дэх ЗХУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн аппаратад Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны шинжээчээр ажиллаж байсан. 1992 оноос Санкт-Петербург хотын Захиргааны Эдийн засаг, санхүүгийн хорооны хэлтсийн дарга, 1995 оноос Санкт-Петербург хотын “Промстройбанк”-ны гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, 1997 онд Ленинградын мужийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газрын дарга, 1998 онд Ленинградын мужийн Засгийн газрын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны даргаар тус тус ажиллаж байв.

2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн удирдах газрын орлогч дарга, 2004 оны 3 дугаар сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын орлогч дарга, 2004 оны 9 дүгээр сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын сайд, 2007 оноос ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, 2008 оны 5 дугаар сараас 2011 оны 12 дугаар сар хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2011 оны 12 дугаар сараас ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргаар сонгогдон ажиллаж байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хэлний тухай хуулийг баталлаа

Өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр 2025 оноос Монгол Улс гаргаж байгаа бүх шийдвэр, харилцаа, хичээл, бичиг баримт гээд бүхий л зүйлийг уйгаржин хийгээд кирилл бичгээр хослон хөтөлж байхаар болов. Асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын олон гишүүн эсэргүүцэж байсан ч санал хураах явцад бүгд шахам дэмжиж санал өгсөн. Ингээд долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж 2016 оноос эхлэн төрийн албанд хийгээд их дээд сургуульд элсэгчид уйгаржин бичгээр шалгалт өгч байхаар болов. 2016 оноос эхлэн зургадугаар ангиас уйгаржин бичгийг зааж эхлэх учраас зургаан жилийн дараа шалгалт авах санал УИХ дээр түлхүү яригдсан ч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж мар нэгэн өөрчлөлт хийхгүй хэмээн тас гүрийсээр хуулийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Бие даагчдын зөвлөл өлсгөлөн зарлагсадтай маргааш уулзана

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад байгаа. Тэд УИХ-ын гишүүдэд хандаж, Ноён уулаа хөндөхгүй байх уриалга, шаардлагыг хүргүүлсэн ч одоогоор хариу аваагүй байгаа юм.

Харин УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс тэдний шаардлагийг дэмжин, биечлэн уулзахаар болжээ. Энэ талаар УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн тэргүүн С.Ганбаатар “Манай зөвлөлийнхөн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний шаардлагыг эрх баригчдад хүргэхийн төлөө бүхий л хэлбэрээр ажиллах болно. Тиймээс тэдний шаардлагыг хүлээн авч, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, маргааш 11.00 цагт тэдэнтэй очиж уулзана” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын хувьд арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах үндэслэл болжээ.

Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа өр үүсгэхээс эргэн төлөх, түүнд хяналт тавих хүртэлх Монгол Улсын онцлогт тохирсон хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох зорилго тавьсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Монгол Улс хөгжлийн онцлогоос болоод зөвхөн хөнгөлттэй зээл, тусламж авдаг орон байсан. УИХ-аас 2011 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын хуулийн дараагаар дэлхий нийтийн хувьд бид доогуур дундаж хөгжилтэй орон болоод олон улсын зээл авах эрх нь нээгдсэн. Гэхдээ эрх нь нээгдсэн ч гэсэн ямар баталгаа гаргах, хэрхэн олгох гээд эрх зүйн орчноо бүрдүүлээгүй. Тиймээс энэ хуулийн төслийг баталснаар эрсдэл байхгүй болно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-аас хуулийн төслийг батлан гаргахыг дэмжиж байгаа. Гэхдээ улсын болон Засгийн газрын өр гэж юуг хэлэх юм бэ гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын тавьж байгаа зээл дээр хяналтын зохицуулалт байх ёстой. Дүрмийн сангаар зохицуулаад явна гэдэг бол эрсдэлтэй. Төрийн өмчит компаниудын авсан зээл 1,8 их наяд хүрсэн тухай Сангийн сайд сая хэллээ. Авсан зээл нь үр өгөөжтэй зээл үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшлийн төсөлд баталгаа гаргах асуудлыг олон улсын жишгээр л явуулах хэрэгтэй. Ингэхийн тулд Зээлийн батлан даалтын сан бий болгох ёстой” гэсэн юм.

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай зэрэг багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан байсан ч хугацаа дууссан тул УИХ хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгаа юм.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Цөмийн энергийн газрыг татан буулгасан юм. Энэ хүрээнд эрхлэх асуудлынх нь хүрээний ажлыг Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комисст шилжүүлэх асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулж өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудад эвслийн бүлэг эсрэг байр суурь баримтална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Уг асуудлаар өмнө нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан байсан юм. Завсарлага авсан үндэслэлээ тус эвслийн бүлэг 50 гаруй хууль, тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч нэг төслийг ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй тул бүлгийн төвшинд асуудлыг ярих шаардлага үүслээ” гэж тайлбарлаж байсан юм.

Харин УИХ-аар дээрх тогтоолын төслийг батлахын өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудад эвслийн бүлэг эсрэг байр суурь барих болно” хэмээн тодотголоо.

Categories
мэдээ улс-төр

Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан нар ном хаялцана

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан маргааш болно. Уг хуралдаанаар УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хуульч хоёр гишүүн ном хаялцахаар болжээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хууль Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргасан. Харин УИХ-аа төлөөлж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хууль Үндсэн хууль зөрчөөгүй болохыг батлах юм.Тэд хууль яагаад Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй болохыг баримтаар тайлбарлах учиртай.

Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн хандаж байгаа нь анхны тохиолдол аж.Тэднийг ном хаялцаж, хууль Үндсэн хууль зөрчсөн үү, зөрчөөгүй юу гэдгийг тайлбарласны дараагаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Телевизүүд болоод үзэгчдийн эрхийг боомилсон “Монгол контент” хөтөлбөрийг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Уг хуульд телевизүүдийн эфирийн 50 хувь нь монгол агуулгатай кино, нэвтрүүлэг байхаар тусгаад байсан юм. Хууль санаачлагчдын зүгээс монгол уламжлалыг сэргээж, цаашид авч явахын тулд ийм ажил санаачилсан гэж тайлбарлаж байсан. Ийнхүү “Монгол контент”-ыг баталсан нь төр хэвлэлийн эрх чөлөө болоод үзэгчдийн эрхийг боомилж байгаа хэлбэр юм. Хуулийн төсөл яригдаж эхлэнгүүт энэ дургүйцлээ хэвлэлийнхэн мэдэгдэж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 11.00 цагт 52,6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулав.

Санал хураалтын явцад хуулийн төсөлд, “… усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-д заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийх”, “ …хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай хууль, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэх” агуулгатай зүйл нэмэх, “ гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгогдсон тухай зөвшөөрлүүдийг цуцлах, Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална. Уг журам гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах нөхцөл, хяналт тавих төрийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байна” зэрэг саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин төслийн 1 дүгээр зүйл буюу нэмэлтээр орж байгаа 4 дүгээр зүйлийн “энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дугаар заалт болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.6 зүйл хамаарахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэрийг хасах” саналыг ажлын хэсэг татаж авав.

Санал хураалтын явцад гишүүдийн зүгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, гол, усны эхээс 200 метр зайд хайгуул, олборлолт явуулахаар тогтоож байна. Усны тухай хуулинд зааснаар 50 метр дотор ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Гэтэл хуулийн төсөлд 200 метр зайд байхаар тогтоох юм бол 50-иас 200 метрийн завсарт байгаа урьд нь ашиглагдчихсан, нөөц нь тогтоогдсон ордууд руу орж болохгүй улмаар нөхөн сэргээлт ч хийж болохгүй болж байна гэж ойлгож болох уу гэдгийг тодотгосон юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Арвин өгсөн тайлбартаа, “200 метр гэсэн зайг яаж тогтоосон гэхээр Усны тухай хуулинд “ усны нөөцийг хомсдох, бохирдох, хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар усны эх үүсвэр, онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийг тогтооно” гэж заасан. Энэ нь гол, усны эхээс 200 метр дотор ашигт малтмалын лиценз олгохгүй, 200 метр дотор зөвшөөрөл олгох юм бол гол, усны эх бохирдох магадлал өндөр гэж мэргэжлийн байгууллагаас шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоосон тооцоо юм билээ. Иймээс 200 метрийг барья гэсэн саналыг оруулж байгаа” гэлээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид хариултдаа, “Усны тухай хуулиар энгийн болон онцгой хамгаалалтын гэж хоёр бүс тогтоосон. Хуулиар онцгой хамгаалалтын бүс буюу эргээс 50 метр хүртэл зайд аливаа ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, олборлох, хайх үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Хуулийн төсөлд 200 метрээс дотогш гэдэгт 50 метр мөн хамаарч байгаа юм. Иймд үйл ажиллагаа явуулна гэвэл усны тухай хуультай зөрчилдөнө. Иймээс 50 метрт гар хүргэж болохгүй. Өөрөөр хэлбэл энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоочихоод тэр хооронд үйл ажиллагаагаа эхэлсэн тохиолдолд нөхөн сэргээлт хийлгэх, түүнтэй холбоотой арга хэмжээ авах заалт оруулж байгаа гэж ойлгож байна. Өмнө нь энэ хууль гараад энгийн бүсийг тогтоохдоо 200 метрийг барилгүй зарим газар 5 км, зарим газарт түүнээс ч илүүтэй тогтоосон байдаг. Тэгэхээр энэ хуулийн төслийн нэг давуу тал нь энгийн хамгаалалтын бүсээ 200 метрээр нарийвчлан тогтоож өгч байгаа нь ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, “Хуулиа хэрэгжүүлэхийн тулд ажлын хэсгээс оруулж ирж байгаа тодорхой саналуудыг дэмжиж байгаа. Хайгуулын олборлолт хийсэн, сэргээгдэж чадаагүй талбайнуудыг илүү хариуцлагатай болгож засах талаар ярьж байгаа нь зөв. Нөхөн сэргээлт хийгдээгүй хаягдсан газруудаа мөн засч залруулья гэж байгаа. Нөхөн төлбөрийн асуудлыг төр шийдэж чадахгүй байгаа учраас энэ асуудлаа тодорхой байдлаар тавьж шийдвэрлэх хэрэгтэй. Усны тухай хуулинд зааснаар 50 метрээс дотогш орох тухай асуудал хориотой. Энд салаа утгатай ойлгож ярьж болохгүй зүйл байна. Хэрвээ 50 метрээс дотогш орно гэж байгаа бол Усны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг давхар ярих болж байгаа юм. Тиймээс энэ хуулийн төсөлд 50-иас гадагш гэж яриад 200 метр дотор үйл ажиллагаа явуулахаар тусгасан” гэсэн хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.