Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүгд найрамдах намаас УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт мэдэгдэл хүргүүллээ

Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Бүгд найрамдах намын хотын нарийн бичгийн дарга Г.Тэмүүжин, Хэвлэл мэдээллийн дараг Б.Зориг болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт мэдэгдэл хүргүүлжээ. Одоо байгаа Засгийн газар ард түмнийг эдийн засгийн хүнд байдалд оруулсан. Энэ байдлаас биднийг чөлөөлөх хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд их хурлыг татан буулгахыг шаардаж байгаа юм. Тус мэдэгдэлд,

Мэдэгдлийн хариуг гуравдугаар сарын 7-ны өдөр буюу ардын хувьсгалыг унагасан өдөр авахаа санууллаа. Хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлыг томилжээ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийн өмнөх гүйцэтгэх захирал О.Сайнбуяныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд Б.Бямбасайханыг томилсон байна. О.Сайнбуян нь 2012 оны арван нэгдүгээр сард “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлаар Я.Долгоржавын оронд томилогдож байсан юм. Б. Бямбасайхан нь 2012 оны 12-р сараас Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байгаа ба эдүгээ Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт, төслийн менежмент, санхүүгийн зөвлөгөө өгдөг НоваТерра ХХК-д үүсгэн байгуулагч захирлаар ажилладаг. НоваТерра нь Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө мөн дэд бүтцийн төслүүдэд хамтран хөрөнгө оруулах болон хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгчид, томоохон корпорацууд, Засгийн Газар, санхүүгийн байгуулгууд болон хувийн эзэмшлийн байгуулгуудад зөвлөгөө өгдөг. Бямбасайхан нь эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлдэг Гэйтвэй Девелопмент Монголиа Компанийн ТУЗ-ийг удирддаг.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт хими-биологийн шинжилгээ хийдэг анхан шатны лабораторитой боллоо

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний алба хими-биологийн анхан шатны лабораторитой болсон байна. Энэ нь Зүүн бүсдээ анхдагч болж байгаа бөгөөд цусны бүх төрлийн, шээс, био-эдийн шинжилгээг лаборатортоо хийж хариуг түргэн шуурхай гаргаж өгөх боломжтой ажээ.
Ингэснээр төв рүү шинжилгээний дээжийг явуулж, хугацаа алдаж ирдэг, энэ нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлж, хэрэг удаашран шалгахад хүргэдэг байсан сөрөг байдал арилах юм байна. Уг лабораторийн нээлтэнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Ж.Оюунаа, биологийн ахлах шинжээч ахлах дэслэгч Б.Энхмандах нар оролцсон бөгөөд эдгээр шинжээч нарыг Аймгийн прокурорын газар урьж “Хэргийн газрын үзлэгээр шинжилгээний дээжийг хэрхэн зөв авах, хадгалах, зөөвөрлөх” сэдвээр сургалт, ярилцлагыг 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж мэргэжлийн шинжээч нар орон нутагт анх удаа ирж, шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудлаар заавар зөвлөмж өгч, лабораторт зарим шинжилгээг хэрхэн хийх талаар практик сургалт явуулсан нь үр дүнтэй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болжээ. Энэ толийг цахим хэлбэрээр гаргаж байгаа бөгөөд эхний байдлаар цахим тольд 60 гаруй мянган толгой үг, 80 гаруй мянган хоршоо, холбоо үг, хэвшмэл хэллэгийг багтаасан байна. Цаашдаа “Монгол уран зохиолын дээж” 108 ботийн үг хэллэг, өдөр тутмын тогтмол хэвлэлийн болон улс төр, шинжлэх ухааны үг хэллэгийг дэлгэрэнгүй оруулахаар болжээ.

Монгол хэлний цахим их тайлбар толийг бүтээх ажил 2014 оын арванхоёрдугаар сарын 17-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төсөл төлөвлөгөөний дагуу 2015 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр бэлэн болох юм.

Тус толийг дэлхийн хаанаас ч www.mongoltoli.mn, www.монголтоль.мон гэсэн цахим хаягуудаар орж үзэх боломжтой бөгөөд хүссэн хүн бүхэн нутгийн аялгуу, ажил мэргэжлийн онцлог үгийг кирил, монгол үсгээр, боломжтой бол тайлбар, жишээ, зургийн хамт байршуулж баяжуулж болох юм байна. Үгийн хайлтыг кирил, монгол бичгийн аль алиар нь хийж болох боломжийг бүрдүүлжээ. Хэрэглэгчид уг цахим хуудаст зочилсноор сонирхсон үг болон тухайн үгийнхээ утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харж, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсох юм.

Толь бичиг бэлэн болсны дараа ч олон нийтийн оролцоотойгоор цаашид улам бүр өргөжин хөгжсөөр байх нь уг бүтээлийн онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын зээлээр элеватор барина

ХХАА-н Дэд сайд Б.Батзориг БНХАУ-ын “ЭКЗИМ” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр санхүүжих “Сүүний хөргөлтийн төвийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх”, “Үр тариа хадгалах элеватор байгуулах” тендерийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. Тухайлбал, тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 20.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар тариалангийн бүс нутгуудад үр тариа хадгалах зориулалттай 91 мянган тоннын нийлбэр багтаамжтай элеватор барьж байгуулах бол сүүний хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээр нийслэлчүүдийг тасралтгүй шингэн сүүгээр хангах нөхцөл бүрдэх юм. Тиймээс уулзалтын үеэр хоёр тал санал бодлоо солилцсоны эцэст хэд хэдэн чухал асуудлыг дахин судлан нягталж, товлосон хугацаанд нь байгуулахаар ярилцлаа.

Categories
мэдээ улс-төр

Aрхи, тамхи бэлэглэхээс татгалзахыг уриаллаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын сурагчдын холбоотой хамтран өнөөдөр /2015.02.13/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Монголын сурагчдын холбоотой хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү хэвлэлийн бага хурал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцолж, энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тус холбоотой хамтран Монголын ард түмний билэгдлийн их баяр цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэхээс татгалзах уриалгыг нийт ард түмэндээ хандан гаргаж байгааг дуулгалаа.

Мөн тэрээр, “Цагаан сар бол монголчуудын эрхэмлэн дээдэлдэг, өлзий билэгтэй, баяр жаргалын өнгийг билэгддэг баяр юм. Иймд үндэсний баяраараа Монгол хүний эрүүл мэнд, гэр бүл, амь насанд хортой нөлөө үзүүлдэг архи, тамхийг бие биедээ бэлэглэхээс эрс татгалзаж цагаан мөрийг гаргахыг нийт монголчууддаа уриалж байна. Улсын Их Хурлын чуулганаар 2012 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль хэрэгжсэнээс хойш олон мянган хүнийг дам тамхидалтад өртөхөөс хамгаалсаар ирсэн. Иймд энэхүү хорыг үндэсний уламжлалт баяр болох цагаан сараар бэлэг болгон өгөхөөс татгалзаж үндэснийхээ бүтээгдэхүүнийг бэлэглэцгээя” гэсэн юм.

Монголын Сурагчдын Холбооны Тэргүүн О.Сэлэнгэ хэлэхдээ, “ Монголчууд бид бие биеэ хайрлахгүй бол өөр хэн ч биднийг хайрлахгүй. Хүүхдийнхээ дэргэд цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэж, хэрэглэж байгаа нь буруу үлгэр дууриалал болж байна. Хүүхдүүд ээж, аавынхаа юу хийж байгааг сайн хардаг. Архидалт баярын үеэр ихэсдэг. Цагаан сарын билэгдийн өдрүүд согтуу баяр болж хувирдаг. Иймд энэ бүхнийг хүүхдүүд хараад ингэж болдог юм байна гэж харах вий гэдэгт санаа зовж байна. Архинаас болж маш олон хүүхэд өнчирч байна, маш олон хүүхэд ядууралд өртөж байна, гудамжинд гарч байна. Иймд архины эсрэг бүгдээрээ тууштай тэмцэх хэрэгтэй” гэдгийг уриаллаа.

Түүнчлэн мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн 7 хоногт түүнийг туулай агнасан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрсанд тайлбар хийсэн юм.

Тэрээр тайлбартаа, “Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахад амралтын өдөр таарсан тул казак малчин айлд зочилсон. Аймгийнхан ирсэн зочдоо казак уламжлалаараа дайлж, цайлах ёс заншлаа танилцуулан малчин айлд урьж, мөн бүргэдээ анд сургах ёс заншлаа танилцуулж хүндэтгэн хүлээн авдаг ёстой. Энэ л ёсоор туулайны чихмэл ашиглан бүргэдийг анд сургаж байгаагаа үзүүлсэн. Миний бүргэд, туулайн чихмэл барьж авахуулсан зургийг аймгийн ажилтан нийтийн сүлжээнд тавьсныг татаж аваад Л.Эрдэнэчимэг гишүүн туулай агнав хэмээн гуйвуулснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Санаатайгаар гишүүний нэр хүндийг унагаах ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Казак ард түмний ёс заншилтай танилцаж, дэлхийд ганц бүргэдийн ан хийх уламжлалыг үзэхээр гадаад, дотоодын олон зуун жуулчид Баян-Өлгий аймгийг зорьдог болсон. Энэ нь аймгийн хөгжлийг нэмэгдүүлж, аялал жуулчлал хөгжиж байгааг дэмжиж байгаагийн зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаар аялахыг уриалж байна “ гэлээ.

Categories
мэдээ улс-төр

А.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилохыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.13/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг уншиж танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлжээ.

М.Энх-Амгалан нь 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэр дэвшигчийг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллаарай хэмээн захьсан. Тэрбээр, Сүүлийн үед хуулийн байгууллагууд руу улстөрчдийн зүгээс элдэв зүйл ярих нь ихэслээ. Шалгагдаж буй хэрэгт тавьдаг прокурорын хяналтаа чангатгаж ажилламаар байна. Эс тэгвэл тийм хэл яриа тасрахгүй. Гэмт хэрэгт сэжиглэн цагдан хорьсон хүнийг гурван сар болоход хоёрхон удаа байцаасан, мөнгөтэй хүнийг ангуучилдаг, хууль бусаар хорьдог гэж яригдаж байна. Авлига, албан тушаалын хэргийг нэг бүрчлэн хянаж, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэхийг сайн нягтлаарай. Манай цагдаагийн ажилтнуудын эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх чадавх сул. Шалгаж байна гээд удааж, асууж байцааж, сэтгэлийн дарамтад оруулдаг. Тиймээс эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах чадавхийг сайжруулах тал дээр анхаараарай хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Прокурорын байгууллага мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой гомдолд шуурхай хариу өгдөггүй. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ гэж асуусан. Тэрбээр, хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байхад хэвлэлээр мэдээлчихдэг атлаа хэрэг шалгагдаад гэм буруутай нь нотлогдоогүй байхад эргэж мэдээлэхгүй орхидог асуудалд анхаарч ажиллахыг хүссэн. Нэр дэвшигч М.Энх-Амгалан, иргэдээс ирсэн гомдлын хариуг хуульд заасан хугацаанд багтаан өгч байх асуудалд анхаарч ажиллах болно гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, хууль хяналтын байгууллагын талаар нийгэмд эвгүй ойлголт бий болоод байгааг сануулсан. Тэрбээр, хүмүүсийг улстөрчдийн захиалгаар баривчилдаг, удаан хугацаагаар сунгаж хорьдог, анх шалгаж эхэлсэн хэрэг нь нотлогдохгүй болохоор өөр хэргээр буруутгадаг, иргэдийн бизнесийг булаахыг оролддог гэх мэт гомдол гардаг гээд, энэ зүй бус үйлдэл хүмүүстэй холбоотой юу, эсвэл хуулиас болж байна уу гэж лавласан.

Нэр дэвшигч М.Энх-Амгалан, сүүлийн үед яригдаад байгаа энэ асуудал алинаас нь хамааралтай гэж бодож байна хэмээгээд, нэг хэрэгт сэжиглэн шалгах явцад, өөр гэмт хэрэг гарч ирэх тохиолдол байдаг. Үүнийг хүмүүс хөндлөнгөөс хараад нэг хэргээр буруутгачихаад өөр хэрэг тохлоо гэж ойлгоод байдаг талтай хэмээн тодруулан хэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд, Мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гишүүд олноороо ярих болсон нь ийм асуудал байгаа гэдгийг харуулж байна. Хууль хяналтын байгууллага хардах, шалгах, тогтоох нь зөв. Гэхдээ хууль зөрчихгүй, захиалгаар ажиллахгүй байх хэрэгтэй гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, прокурорын хяналттай холбоотой гомдол, мөрдөн байцаах явцад хүний эрх зөрчигдөж буй асуудалд анхаарал хандуулж ажиллаарай хэмээн захьсан. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг өдрийн дотор гэмт хэргийн шинжтэй 1278 дуудлага бүртгэгджээ

Хоёрдугаар сарын 12- 13-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1278 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 8, дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 7, зам тээврийн хэрэг 8, осол 7 гарч 8 хүн гэмтсэн байна.

Categories
гадаад мэдээ

“Korean Air”-ийн дэд Ерөнхийлөгчид 1 жилийн ял оноожээ

Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн үйлчилгээ хариуцсан дэд Ерөнхийлөгч асан Чо Хюн Аны “самарны хэрэг”-ийн шүүхээр шийдвэрлэгдэж дууслаа. Түүнийг шүүхээс Агаарын тээврийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж нэг жилийн хорих ял оноосон байна.

Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард онгоцны үйлчлэгч Макадамиа самрыг тавганд хийлгүй ууттай нь авчирч өгсөнд уурлаж үйлчилгээний ажилтныг онгоцноос буулгахыг шаардсаны улмаас нислэг очих ёстой цагаасаа 11 минутаар хоцорсон юм. Түүний энэ зохисгүй авир дэлхий даяар шуугиан тарьж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан билээ.

Үүний өмнөхөн тэрээр эцгийнхээ хамт олон нийтээс албан ёсоор уучлал гуйж, дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн үргэлжилж байна

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зорилгоор Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний Танхим, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Баянголд үйлдвэрлэв-4 “Цагаан сар 2015 үзэсгэлэн худалдаа” -г 2015 оны 02 дугаар сарын 02-17-ныг дуустал нийт 15 хоногийн хугацаанд 3,4 –р хорооллын эцэст “Оргил” худалдааны төвийн баруун талд “LION TOWER”-т үргэлжилж байна.

Тус үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, дэд дарга Т.Сэр-Од, Засаг дарга Д.Оросоо, Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга П. Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус дүүргийн 100 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.

Дашрамд дуулгахад “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг Баянгол дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд дөрөв дэх жилдээ болж байгаа нь энэ юм. Энэхүү арга хэмжээ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг, худалдан авагчид нь зорьж очин үйлчлүүлдэг нэр хүнд бүхий тогтмолжсон ажил болж чаджээ.