Categories
мэдээ нийгэм

Төрийн бүх худалдан авалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна

Худалдан авах ажиллагааны газар энэ онд 182.9 тэрбум төгрөгийн 57 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зам тээврийн яам гэхэд 97.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дөрвөн төсөл арга хэмжээг Худалдан авах ажиллагааны газраар дамжуулан хийх юм байна. Мөн Эрүүл мэнд, спортын яам хамгийн олон буюу 26 төсөл арга хэмжээнд 42.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 114.4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийх юм байна. Худалдан авах ажиллагааны газар 2016 онд төрийн худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхэд бэлтгэж байгаагаа илэрхийлжээ. Дашрамд дурдахад энэ онд хийгдэх худалдан авалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны эрэлт таван жилийн доод түвшинд хүрлээ

Дэлхий даяар алтны эрэлт гурав дахь жилдээ буурч таван жилийн доод түвшинд хүрсэн гэж Дэлхийн алтны зөвлөл мэдээллээ. 2014 онд дэлхийн алтны хэрэглээ 3923.7 тоннд хүрсэн нь өмнөх оныхоос дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Үүнд алтан гулдмай болон зоосонд хийх Хятадын хөрөнгө оруулалт огцом буюу 50 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж. Энэ онд алтны хэрэглээгээрээ тэргүүлэх улсыг таамаглахад бэрх гэж шинжээчид үзэж байна. 2014 онд алтаар баталгаажсан үнэт цаасны зах зээлийн арилжаа таван жилийн доод түвшинд хүрч буурчээ. Технологийн үйлдвэрлэлийн салбарт алтны хэрэглээ таван хувиар буурч 389 тоннд хүрсэн гэсэн мэдээ гарчээ. Харин дэлхий даяар Төв банкууд нөөцөө сүүлийн таван жил дарааллан алтаар нэмэгдүүлсэн гэх статистик байна. Өнгөрсөн онд Төв банкууд нийт 477.2 тонн алтыг худалдаж авчээ.

Categories
гадаад мэдээ

Хайрын өдрөөр Америкт 19 сая ам.долларын гүйлгээ хийгдэх нь

Валентины буюу гэгээн хайрын өдрийг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэж байна. Дурлалт хосууд бие биедээ дээ цэцэг, шоколад гээд хайраа илэрхийлэхээр бэлэг өгдөг энэ өдөр худалгаа, гүйлгээ ч сайн байдаг.Энэ жил АНУ-д 19 сая гаруй долларын гүйлгээ хийж рекорд хийх гэнэ. Өнгөрсөн жилийн хайрын өдрөөр тус улсад 18 сая ам. долларын гүйлгээ хийгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Сүүтэй Монгол” аян даваа гаригт нээлтээ хийнэ

Монголын Хүнсчдийн Холбоо, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ, төрийн бус байгууллагуудтай хамтран “Сүүтэй Монгол” үндэсний аяныг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулах энэхүү аянаар эх орондоо бэлтгэсэн сүүгээр олон төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийг өдөр тутмынхаа хоол хүнсэндээ үндэсний үйлдвэрийнхээ шинэлэг сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх зорилготой.

Учир нь хот, суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс хоёр дахин бага, хангамж жигд бус байгаа юм. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн зөвхөн 24 хувийг дотоодын бүтээгдэхүүнээр хангана гэдэг нь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай манай орны хувьд хангалтгүй үзүүлэлт аж.

Иймд сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүнийг дэмжсэн малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн эргэлт, нийлүүлэлтийг дэмжиж, иргэдээ экологийн цэвэр, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм.

“Сүүтэй Монгол” Үндэсний аян энэ сарын 16-нд ХХААЯ-нд нээгдэх бөгөөд дөрвөн сар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугам ухах шаардлагагүй болжээ

Орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээг нэгдсэн сувагчлалд оруулах Хонгилын системийг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байгуулжээ. Нэгдсэн хонгилын системтэй болсноор дулааны шугамын элдэв гэмтлийн үед газар ухаж ногоон байгууламж, хорооллын тохижилт, зам талбайг эвддэг байдал арилах юм байна. Мөн оршин суугч, хэрэглэгчдийг эрүүл ахуйн шаардлага хангасан халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж, тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үед айл өрхүүдийг стандартын шаардлага хангасан дулаан хангамжаар жигд хангах, хорооллын дундах авто зам доогуур хөндлөн тавигдсан инженерийн шугам сүлжээг нэвтрэх сувагтайгаар хийснээр гэмтэл саатлыг түргэн хугацаанд оношилж, зардал багатай засварлах, инженерийн шугам сүлжээг /холбоо, мэдээлэл, цахилгааны кабелиуд/- нэгтгэн нэвтрэх сувагт байрлуулах, хонгилд байршсан инженерийн шугам сүлжээг байнга удирдлагын хяналтын системээр хянах, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл сайжирч, хүйтний улиралд ажиллах тав тухтай орчин бүрдэх, газар ашиглалт, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм байна. Энэхүү ажилд нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын хүнсээ бэлдэхдээ сэрэмжтэй байхыг анхааруулав

Сар шинэ дөхөж буйтай холбогдуулан зарим худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй хугацаа нь дууссан, дуусах дөхсөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг өөрчилсөн зөрчлийг Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн цуглуулгыг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 42 дугаар лангуунаас худалдан авсан зарлагын баримттай Чихрийн цуглуулгын шошгон дээр 2013 оны 11 дүгээр сарын 01-нд үйлдвэрлэсэн нэг жил хадгалах хугацаатай гэж бичигдсэн байгааг 2014 оны есдүгээр сарын 1-нд дуусна гэж үйлдвэрлэсэн он сар өдрийг өөрчлөн засварласан, 2015 оны нэгдүгээр сарын 16-нд үйлдвэрлэсэн хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас” ХХК-ийн “Одод” нэрийн чанамал хиам, “Траст трейд” ХХК-д 2015 оны нэгдүгээр сарын 28-нд үйлдвэрлэсэн “Зэрэглээ” нэрийн чанамал хиамны хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй зөрчлийг илрүүлж, нийт дөрвөн нэр төрлийн 25 ширхэг 2.3 кг 68900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч устгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн таван дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн баасан гарагт нийслэлд гал түймрийн дөрөв, орон нутагт гал түймрийн нэг дуудлага бүртгэгджээ. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хоёрдугаар гудамжийн 10 тоот ”Халх гэр хужирт” ХХК-ийн хашаанд 2х5 метрийн хэмжээтэй амбаар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны Бумбатын аманд иргэн Э-н 7х9 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн үүдний өрөө, хана, тааз, дээвэр, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамжийн Барс-2 худалдааны төвд иргэн Х, Н, Н нарын эзэмшлийн гуравдугаар бөмбөгөрийн хоёр давхар 3х6 метрийн хэмжээтэй барааны 30 дугаар павильон, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын дөрөвдүгээр гудамжны 117 тоотод иргэн Б-н 4х6 хэмжээтэй байшин эд хогшлийн хамт /бүрэн шатсан байшин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 13-14 тоотод иргэн С-н грашид хураалттай эд хогшил шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь сумын нутагт газар хөдөлжээ

Өнгөрсөн баасан гарагт буюу 2015 оны хоёрдугаар сарын 13-ны 09 цагийн үед Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т /У-91056/00//, Ө-48096/00/// 3.7 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулаг Увс аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан тодруулахад тус сумын “Халиуны хүйс” гэдэг газар, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн учирсан хохирол байхгүй байлаа гэж мэдэгдсэн байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дэнжийн 1000”-ын замд нэг чигийн хөдөлгөөн зохицуулалт хийгдэнэ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 14, 15-нд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Валентины өдөр согтуурсан үедээ машин жолоодохгүй байхыг сануулав

Өнөөдөр “Гэгээн хайрын өдөр” буюу Валентины баярын өдөр. Баярын өдрүүдэд архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, биеэ авч явах чадваргүй үедээ гудамж замын хөдөлгөөнд оролцсноос шалтгаалан зам тээврийн ослын дуудлага, осол хэргийн тоо, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг.

Иймд та замын хөдөлгөөнд оролцож байгаа л бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаарай. Ингэснээр та өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг гарч болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх болно. Архидан согтуурах явдал буурахгүй байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас нэгдсэн шалгалтыг эрчимжүүлэн ажиллана.