Монголын хөрөнгийн бирж 2015 оны 02 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт хоёр тэрбум 572 сая 720 мянга 646 төгрөгийн гүйлгээ хийлээ. Тайлант хугацаанд нийт 48 ХК-ийн нэг сая 407 мянга 378 ширхэг хувьцааг 380 сая 320 мянга 646 төгрөгөөр арилжсан байна. Харин Засгийн газрын үнэт цаасны нэг удаагийн арилжаагаар 21 мянга 874 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг хоёр тэрбум 187 сая 400 мянган төгрөгөөр арилжжээ. Түүнчлэн Засгийн гзарын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг нэг удаа зохион байгуулж, 50 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг таван сая төгрөгөөр арилжсан байна. Хоёрдугаар сарын 13-ны байдлаар зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 372 тэрбум 207 сая 185 мянга 383 төгрөг боллоо. Топ-20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.31 хувиар өссөн бол MSE All индекс 0.75 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Month: February 2015
Өмнөговь аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гурван сая дахь иргэн Хатанболдын Монголжин охинд “Хүндэт иргэн Х.Монголжин таныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулж, алдаршуулан энэхүү батламжийг олгов. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг” гэсэн бичээс бүхий төрийн батламжийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-13 тоотод оршин суугч Э.Хатанболд, Г.Аззаяа нарын 2015 оны 1 дүгээр 24-ний өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охин Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорч, бид гурван саяулаа болсон тухай мэдээг бүгд баяр хөөртэйгөөр сонсоцгоосон. Гурван сая дахь иргэний үе чацуутан болж тэр өдөр мэндэлсэн 200 гаруй хүүхдийн төлөөлөл болгон Х.Монголжин охинд батламжийг нь гардуулж байгаадаа баяртай байна гээд Монголчуудын өсч дэвжиж, олуулаа болохын бэлгэдэл болон мэндэлсэн Х.Монголжин охинд эрүүл энх өсч торинон, эрдэм номтой, сайн иргэн болж төлөвшихийг ерөөлөө. Гурван сая дахь иргэнд батламж гардуулахад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Мэргэжлийн сумо бөхийн 71 дэх их аварга, Монголоос төрсөн дөрөв дэх ёкозүна Какүрю М.Анандад Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх цолыг олгохоор болжээ. Отгон их аварга М.Ананд гавьяатынхаа цолыг авахаар маргааш эх орондоо ирэх гэнэ. Хөдөлмөрийн баатар хэмээх хүндэт цолыг хүртэж байгаа Хакухо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо хөл тавьж буй.
Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд цахиур хагалсан эрхмүүдийг дагалдан Японы “Сүмо” сэтгүүлийнхэн болон томоохон хэвлэлийнхэн дагалдан ирж байгаа гэнэ.
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатарт ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн хичээллэх цагийг 07:40 , цэцэрлэг 08:00, төрийн бүх байгууллагууд 08:30 цаг болгосон. Цагийн хуваарийн дээрх өөрчлөлтийг ирэх даваа гарагаас мөрдөж эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулжээ. Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг хийж зарим чиглэлүүдийн эх авалтын цагийг өөрчлөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Өөрчлөлт оруулсан чиглэлүүд:
№ |
Маршрут |
Өөрчлөгдсөн эх авалтынцаг |
1 |
М:3 “ТЭЦ 3 – Алтайхотхон – СБД-ийн 20-р хороо” |
6:35 |
2 |
М:11 “Нисэх – Чингис хаан ОУ нисэх буудал – Ард кино театр” |
6:40 |
3 |
М:22 “Нисэх – Сонсголон–Тэнгис кино театр–Ард кино театр” |
6:40 |
4 |
M:25б “Баянхошуу–Алтайхотхон – ТЭЦ 3” |
6:40 |
5 |
М:14 “Улиастай – МИУС – Ард кино театр” |
6:35 |
6 |
М:14б “Улиастай–Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – ТЭЦ3” |
6:40 |
7 |
М:20 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал” |
6:35 |
8 |
М:26 “Улаан чулуут- Их наран – МУБИС” |
6:35 |
9 |
М:17а “Тагнай трейд ШТС- Орбит-Ард кино театр” |
6:35 |
10 |
M:17Б “Tахилт – 40 мянгат – Tэнгис кино театр” |
6:35 |
11 |
М:12 “Ганхийц -ХМК – Зайсан” |
6:35 |
12 |
М:57 “Гачуурт-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан” |
6:30 |
13 |
М:55 “Зайсан-Баянмонгол хороолол-Хархорин зах” |
6:55 |
14 |
М:54 “Нарангийн гол – ТЭЦ 3- Дүнжингарав худалдааны төв” |
6:35 |
Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтын явцад хэрэглэх хугацаа хэтэрсэн 517 төрлийн 4561 ширхэг хүнсний бүтээгдэхүүн илрүүлжээ. Мөн хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон 180 кг махыг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан 10 төрлийн 161 ширхэг тамхи, 5 төрлийн 37 ширхэг архийг хурааж, улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн акт тогтоожээ. Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.
Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороо, “Шилэн зах”-ын лангуунд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундааг битүүмжилж, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус 0,5 литрийн “Тансаг” нэрийн архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд өгчээ. Тус худалдааны төвд худалдаалагдаж байсан нь 43 хайрцаг, 752 ширхэг архи, согтууруулах ундааг лац тавьж битүүмжилсэн бөгөөд лацыг хөндөж, битүүмжилсэн архи, согтууруулах ундааг зөөвөрлөж, нуун дарагдуулсан тул харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.
Хаяг шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн /хэвийн боов, “Бабула” нэрийн тараг, эрдэнэшиш, 2 нэр төрлийн ууттай чанадаг бэлэн гоймон, сармистай зөгийн бал, лимонтой зөгийн балтай цай, ундаа ,тахианы мах амтлагч, “Жем интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Тэргүүн” цагаан архи /380-ийн 0.25, 0.5 граммаар савлагдсан/-зэрэг бүтээгдэхүүнүүдийг татан авалт хийлгэж, импортлогч байгууллагууд болон үйлдвэрлэгчдэд мэдэгдэж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлээд байна.
Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн цуглуулгыг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 42 дугаар лангуунаас худалдан авсан зарлагын баримттай Чихрийн цуглуулгын шошгон дээр 2013 оны 11 сарын 01-нд үйлдвэрлэсэн 1 жил хадгалах хугацаатай гэж бичигдсэн байгааг 2014 оны 09 сарын 01 гэж үйлдвэрлэсэн он сар өдрийг өөрчлөн засварласан, 2015 оны 01 сарын 16-нд үйлдвэрлэсэн хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас” ХХК-ийн “Одод” нэрийн чанамал хиам, “Траст трейд” ХХК-д 2015 оны 01 сарын 28-нд үйлдвэрлэсэн “Зэрэглээ” нэрийн чанамал хиамны хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй зөрчлийг илрүүлж, нийт 4 нэр төрлийн 25 ширхэг 2,3 кг 68900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч устгалаа.
Булган аймагт Булган сумын “Баянзүрх” хүнсний дэлгүүрт хаяг шошгогүй, 7 кг-аар савлагдсан 8 уут өттэй хатаасан жимс худалдаалж байсныг акт үйлдэн устгалын комисст хүлээлгэн өгсөн байна.
Дорнод аймагт чанарын шаардлага хангахгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн аягатай шоколад, “Qiaokeli” чихрийг хураасан байна.
Аймаг, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн Барс, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдээс хугацаа нь дууссан барааг ихээр худалдан авч, орон нутагтаа худалдаалж байгаа зөрчил нийтлэгээр илэрчээ.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн баасан гаригт Эрүүл мэнд, спортын яамны А зааланд болсон юм.
Зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын төлөөлөгчид болон НҮБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Dr Soe Nyunt-U, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн Эрүүл мэндийн салбарын 150 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.
Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбар 2014-2015 онд” сэдэвтэй илтгэл тавьсан байна. Сайдын илтгэл гурван үндсэн хэсгээс бүрдсэн. Тодруулбал Хүн амын эрүүл мэндийн өнөөгийн байдлыг 2014 оны эрүүл мэндийн статистикийн зарим үзүүлэлт дээр үндэслэн тоймлож, Эрүүл мэнд, спортын салбараас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар дүгнээд, эцэст нь эрүүл мэнд, спортын салбарын 2015 онд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлон, нийт зөвлөгөөнд оролцогчидтой санаа бодлоо харилцан солилцсон юм.
Ийнхүү Эрүүл мэндийн салбарын хүрээнд бодлогоо тодорхойлж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэсэн асуудлуудаа энэ удаагийн зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд хэлэлцэхээр чууллаа. Мөн 2015 онд анхаарч ажиллах гол асуудлуудаа тодорхойлж, салбарынхаа мэргэжилтнүүдийн, албан хаагчдын санал бодлыг сонсч, 2014 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа үнэлж, дүгнэсэн аж.
Билгийн тооллын XVII жарны “галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өчигдрөөс /II.14/ “Монгол бөхийн өргөө”-нд эхэллээ.
САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
2-р сарын 14. 14.00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит “Сумын цолтны барилдаан” болов.
- /Түрүү бөхөөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат, сумын заан С.Очирбат тодорч, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, сумын заан Х.Энхчулуун үзүүрлэлээ/
2-р сарын 15. 14.00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит “Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.
2-р сарын 17. 14.00 цагаас “Өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан” болно.
2-р сарын 18. 14.00 цагаас “Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан” болно.
Энэ өдрийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй. Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг битүүний өглөө “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаална.
Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдаан анх 1963 онд “Малчдын баяр” нэрээр гараагаа эхэлж байжээ. Эдүгээ 50 дахь жилдээ золгож буй тус барилдааныг 1991 оноос эхлэн цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болгосон байна.
Тус барилдаанд XX зууны манлай аварга Б.Бат-Эрдэнэ 13, дархан аварга Х.Баянмөнх найм, дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа буюу хамгийн олон удаа түрүү авсан бөхчүүдийг тэргүүлж байна. Мөн улсын харцага Ч.Өвгөнхүү, улсын заан Ч.Санжаадамба, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар (аймгийн арслан цолтойдоо) нар нэг удаа түрүүлсэн түүхтэй.
Эрүүл мэнд спортын яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээгээр 2015 оны 02 дугаар сарын 13-ныөдрийн 10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Хордлогын мэдээ, албан:
02 дугаар сарын 6-наас 12-нд Хордлогын яаралтай тусламжийн төвд нийт 21 хүн хандсан байна. Эмийн хордлогын-4, химийн бодисын-2, угаарын хийн хордлогоор-11, бусад хордлогын улмаас 4 хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ.
Эх сурвалж: ХЯТТ
Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал, албан:
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 679 хүүхдийн орон дээр 518 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэвийн байна.
Эх сурвалж: НЭМГ
Мал, амьтны галзуу, боом өвчин, албан:
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын “Төгрөгийн эх” багийн нутагт нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. 2014 оны 12 дугаар сарын сүүлээс одоог хүртэл 14 аймгийн 40 суманд 51 голомтод 69 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилжээ (Зураг).
Мөн Архангай аймгийн Хашаат сумын Номгон багт нэг үхэр боом өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, албан:
2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22960 хүн өвчилж, 9236(40.2%)нас барсан байна. 2 дугаар сарын 04-өөс хойш 309 шинэ тохиолдол, нас баралт 206хүнээр нэмэгджээ.
Гвинейд өвчний тохиолдол нэмэгдэн бүртгэгдэж, Либерит буурч, Сьерра-Леонд өвчний тархалт эрчимтэй хэвээр байна.
Эх сурвалж: ДЭМБ
“Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болж өндөрлөлөө. Энэ жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар шатанд 34 яруу найрагч шалгарч үлдсэнээс 1990-ээд оныхны төлөөлөл, яруу найрагч Баттөрийн Мягмаржав түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Утга зохиолын хүрээнийхэн дунд эртнээс танигдсан энэ найрагч өмнө нь “Болор цом”-д аман хүзүүдэж байсан юм.
“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар энэ жилийн “Болор цом” наадмын дэд байрыг эзэлжээ. Гуравдугаар байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц нар шалгарчээ.
Энэ жилийн “Болор цом” наадмын ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч Ц.Буянзаяа, шүүгчдээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Б.Галсансүх, Ж.Баяржаргал нар ажилласан байна.
Улаанбаатар хотод 1,2 сая гаруй иргэн амьдардгаас 70 хувь нь буюу 850 мянган гаруй иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь тухайн цагт нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, түгжрэл үүсгэдэг тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Нөгөөтэйгүүр төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн авто замын хөдөлгөөнд оролцож, тухайн хэсгийн хөдөлгөөн эрс удааширдаг байна. Мөн нийслэлийн Иргэдийг хүлээн авах төв, Засгийн газрын 11-11 төвд цагийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг цөөнгүй ирүүлж байсан юм. Тиймээс Улаанбаатар хотод цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар нийслэлээс Монгол Улсын Засгийн газарт хүсэлт хүргүүлж, Монгол Улсын Засгийн газар №393 дугаар тогтоолоор нийслэлд ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.
Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг судалгаа, тооцоо хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний дүнд нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргав.
Тус захирамжаар Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут байхаар өөрчлөлт орууллаа. Харин төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 8 цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарахаар өөрчиллөө. Цагийн өөрчлөлтийг 2015 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.