-“МОНГОЛЫН АРДЧИЛАЛ БОЛ ҮНДЭСНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ” ГЭДЭГ ҮЗЭЛ САНАА ДОР МоАН НЭГДЖЭЭ-
Ардчилсан нам дотор шинээр фракц үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Тус намын анхны нэр буюу МоАН-аар нэрлэгдэж буй шинэ фракцын гишүүд улс төрийн энэ алхмаа тайлбарлахдаа “Бид Монголын ардчиллын үнэт зүйлсийн төлөө нэгдэж буй санаачилга” гээд “Энэ бол эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө нэгдсэн улс төрийн фракциудаас ялгаатай. Тэр тусмаа фракцгүй улс төрийг бий болгохын төлөөх нэгдэл” гэж буй юм. Одоогоор МоАН санаачлагчид УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар нэгдээд байгаа юм.
Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тууштай үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар эдгээр гишүүд удаан хугацаанд олон талаас нь нухацтай ярилцсаны эцэст ийм шийдвэрт хүрсэн гэнэ. “Ардчиллын үнэт зүйл” гэдэгт чухам юуг багтаан ойлгож буйг нь тэднээс тус тус тодрууллаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийг тусган авч, өөрийнхөө үндэсний үнэт зүйлстэй хослуулж чадсан. Бидэнд дэлхийн бүхий л ардчилсан орны иргэдэд нээлттэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өгч чадсан. Гэвч өнөөдөр энэхүү үнэт зүйлийнхээ эсрэг, хувийн өмчинд халдах, бизнес эрхлэгчдийг дарамтлах, хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн хэсгээ хавчин гадуурхах, энэ мэт ажиллагаанд төрийн зүгээс тодорхой хэмжээнд нөлөөлөх байдал бий болж байгаад эмзэглэж буй юм. Ийм ч учраас ардчилсан хувьсгалаар зорьж, тэмцэж олсон үнэт зүйлсээ хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ зорилгод нэгдсэн АН-ын нэр бүхий гишүүд МоАН санаачилгыг гаргасан юм.
Монголын ардчилал тусгаар тогтнолын баталгаа болж бүх ард түмний эв нэгдэл, дэмжлэгийг хүлээсэн. Монголтой хамт болон дараахан нь ардчилсан нийгмийн замыг сонгосон орнуудтай харьцуулахад ардчиллыг бүх нийтээрээ дэмжсэн дэмжлэгийн хэмжээгээр Монгол ямагт тэргүүн эгнээнд байж ирсэн. Монголчууд “Та 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэг үү” гэсэн асуултад байнга 90-ээс дээш хувиар “тийм” гэж хариулсаар ирсэн нь гайхалтай өндөр үзүүлэлт юм. Ямар ч үед монголчууд ардчиллыг эргэлт буцалтгүй замнах замаа гэж үзсээр байдаг. Монголчууд анхнаасаа ардчиллыг улс төрийн тусгаар тогтнолоо олох зам гэж үзсэн, одоо ч ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч энэ үзэл санаа гүн тусгагдсан.
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Юуны өмнө аливаа асуудлыг тайван замаар хэлэлцэж, маргааныг тайван замаар зохицуулж чадсан нь Монголын ардчиллын хамгийн чухал үнэт зүйл юм. Дэлхийн түүхэнд манай ард түмэн “Ганц цонх хагалаагүй, ганц дусал цус урсгаагүй” ардчилалд шилжсэн орон гэж мөнх дурсагдах болно. Монголын ард түмэн азтайдаа гэхээсээ илүү хоорондоо үг хэлээр ойлголцож чаддагтаа тайван замаар хувьсгал хийсэн. Ахмад үе, залуучууд хоорондоо, оюутан багш нар бүгдээрээ, сэтгүүлч уншигчид цөмөөрөө, жагсагчид цэрэг цагдаа хамтдаа тайван замыг сонгосон тэр түүхэн сонголт бол Монголын ардчилал юм.
Мөн Монголын ардчилал бол Монгол нутагтаа төрж, нутагтаа бойжиж, нутгийнхаа үнэ цэнийг шингээсэн унаган ардчилал. Манай улсыг ардчилалд шилж гэсэн болзлыг хэн ч гаднаас тулгаагүй, бидний эргэн тойронд хил дамнаж орж ирэх ардчилал байгаагүй. Бид коммунист нийгмийн газар нутгийн хамгийн гүнд нь байрлаж байсан ч, ард түмэн маань ардчиллыг сонгосон. Тэгээд бид тэсгим хүйтэн өвлийн жаварт уур савсуулан мэндэлсэн нялх ардчиллаа өөрсдөө бөөцийлөн бойжуулсан ард түмэн. Монголын ардчилал эдийн засгийн гүн гүнзгий удаан хугацааны хямрал, жил жилийн тэсгим хүйтэн өвлийн жавар дундуур хөрвийн аргаар бойжиж, тэсвэр дархлаагаа нэмсээр тал нутагтаа идээшсэн юм. Ийм унаган ардчилалтай орон дэлхийд хуруу дарам цөөхөн. Магадгүй Грек, Франц, Америк, Англи, Швейцарь, Норвеги, Энэтхэг, Өмнөд Африк, Польш улсууд л өөрийн унаган ардчиллын түүхээр гайхуулж чадах байх.
УИХ-ын гишүүн Г.Батхүү:
-Монголын ардчилал бол улс төр, эдийн засгийн хувьд зэрэг шилжилт хийсэн хамгийн зоримог хувьсгал. Энэ хоёр шилжилтийн зөвхөн аль нэгийг нь л хийхэд маш их цаг хугацаа ордог, эсвэл гадаадын асар их тусламж, дэмжлэг шаардагддаг гэдгийг түүх харуулдаг. Монголд харьцангуй маш богино хугацаанд, гадаадын болон олон улсын дэмжлэгийг харьцангуй бага хэмжээгээр авч, ихэнхдээ дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар давхар шилжилт хийж чадсан нь түүхэн амжилт юм.
Түүнчлэн Монголын ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө. Үг хэлэх эрх чөлөө бол Монголын ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж чадсан, ардчиллыг төрүүлж, бойжуулж, бэхжүүлж чадсан хамгийн чухал эрх чөлөө юм. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид тайван хувьсгал хийсэн. Үг хэлэх эрх чөлөөний буянаар л бид маргаантай бүх талуудыг сонсож, сонсгож, дундын шийдлийг олж чадсан. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид нийгмээ алхам тутамд нь сайжруулж, алдаагаа олж харж, засч залруулж яваа. Үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалах нь Монголын ардчиллын суурийг хамгаалахтай адил чухал үйл хэрэг юм.Үггүйгээр ойлголцол үгүй. Ойлголцолгүйгээр амгалан тайван амьдрал, хөгжил дэвшил үгүй билээ. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид улс төр, эдийн засаг, шашин, улс төрийн нам, сонгууль, хувийн өмчийн тухай ард нийтээрээ нэгдмэл ойлголтод хүрчээ. Тэдгээр ойлголтыг хүмүүст тайлбарлах нийгмийн олон зүтгэлтнүүдийг ч ард түмэн төрүүлжээ. Улс оронд цаашид асуудал тулгарах бүрт бид үг хэлэх эрх чөлөөнийхөө тусламжтайгаар л ойлголцож, түүний хүчээр л бид шинэ шинэ ойлголт, уламжлалт үнэт зүйлсээ хүлээн авч, өвлүүлэн залгамжилж,хамтын шийдэлд хүрч байх ёстой.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж:
-Монголын ардчилал залуусын манлайлалтай, оюуны өндөр эрчим хүчтэй хувьсгал байсан. 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч, гол оролцогчид, жагсагчдын ихэнх нь залуус байснаараа онцлог юм. Английн анхны ардчилсан үзэл санааны баримт бичиг Магна Карта-г санаачлагчид дунд насны, хөрөнгөлөг, тодорхой эрх ямбатай хүмүүс байсан, АНУ-ын ардчилсан хувьсгалыг мөн насны өмч хөрөнгөтэй хүмүүс толгойлж байсан юм. Гэтэл хөрөнгө гэх зүйлгүй, эрх мэдэлгүй, нийгэмд бат байр сууриа хараахан олоогүй залуус урьд өмнөх түүхийн явцад пролетарийн юм уу, эсвэл зэвсэгт, цус урсгасан хувьсгалын зүтгэлтнүүд болдог жишиг бий ч Монголын залуус маш тайван ардчилсан хувьсгалын манлайлагчид болсноороо түүхэнд үнэхээр содон үлдсэн юм. Залуусын удирдсан хувьсгалуудад гардаг сонгодог бэрхшээл бол өмнөх үеийнхэнтэйгээ үг хэлээ ололцох чадвар дутагддаг байдал юм. Гэтэл Монголын залуусын хүссэн тэрхүү өөрчлөлтийг ахмад үеийнхэн хүлээн зөвшөөрч уухайлан дэмжиж, туршлагатай сургамж ухаанаа харамгүй нэмж оролцсон нь дэлхийд тун ч гайхалтай түүх болж үлдсэн билээ. Монголын төрийн зүтгэлтнүүд, сүсэгтэн олон, малчид, ардын аж ахуйтнууд, сэхээтнүүд, ажилчид гээд үе үеийн хүмүүс хамтдаа нийгмийн ойлголцолд маш богино хугацаанд хүрч чадсан нь Монголын ардчилал өөрөө оюуны маш өндөр эрчим хүчтэй хувьсгал болсныг илтгэдэг.
Бас Монголын ардчилал олон ургальч байдлыг бүтнээр нь цэцэглүүлсэн. Ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улсад маш олон холбоо, хөдөлгөөн, намууд байгуулагдсан байдаг. Өдгөө Монгол Улсад төрийн бус байгууллага байгуулах, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэхийн төлөө эвлэлдэн нэгдэх нь хэвийн үзэгдэл болж, Монголын ардчиллын олон ургальч түүхийг үргэлжлүүлж байна. Монголтой ойролцоо улс төрийн шилжилт хийсэн улс орнуудад шинээр гарч ирсэн улс төрийн нам, хөдөлгөөнөө дэмжихийн тулд хуучин коммунист намыг албадан татан буулгах, эсвэл шинэ хөдөлгөөн үүсэхийг хүчээр хаах үйл явцууд ихээхэн тохиолдож байсан. Ялангуяа хуучин коммунист намаа тараахын оронд хувьсан өөрчлөгдөх боломжийг хангалттай олгосон нь дэлхийд гарч байгаагүй шийдэл учраас өдгөө улс төр судлалд Монголын жишээ үнэтэй түүх болон үлдэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:
-НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргаснаас хойш Хүний улс төрийн эрхийн пакт, Нийгэм эдийн засгийн эрхийн пактыг тус тусад нь гаргасан билээ. Улс төрийн эрх гэж үг хэлэх эрх, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга шүүхээр шүүлгэх, эрүү шүүлтээс ангид байх, өмгөөлүүлэх эрх зэрэг олон эрх багтдаг. Эдгээр эрхийг Азийн загвараар хөгжиж буй орнууд болон ардчилалд шинээр шилжин орсон олон орнууд бүрэн хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгаа хөгжүүлэхийг чухалчилдаг. Харин нийгэм, эдийн засгийн эрхийн пакт нь ЗХУ тэргүүтэй социалист орнуудын санаачилгаар анх батлагдсан бөгөөд уг баримт бичигт заасан хөдөлмөрлөх эрх, сурах эрх, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх, соёлын эрх зэрэг олон эрхийг барууны сонгодог капитализмын замаар хөгжиж ирсэн орнууд тэр бүр бүрэн биелүүлэхээс дөлж ирсэн байдаг. Монголын ардчилал нь нийгэм, эдийн засгийн эрхээ сайн мэддэг, улс төрийн эрхийг бүрэн хэрэгжүүлэх хүсэлтэй монголчуудын хүсэл зоригт нийцэж бүтээгдсэн болохоор дэлхийд тэр бүр байдаггүй хүний эрх, эрх чөлөөг хангах орон зай болсон юм. НҮБ-аас баталсан хүний эрх, эрх чөлөөний энэхүү хосолмол талбар нэг улсад амжилттай хослон оршиж, бэхжиж болохын жишээ нь Монгол болсоор байна.
Түүнчлэн Монголын ардчиллын мэдээлэл ард түмэнд өргөн хүрээтэй, хурдтай тархаж чадсан. Монголын ардчиллын эхний өдрөөс эхлэн түүний тухай ухуулга яриа хийх, лекц унших, мэдээлэл түгээх хүний тоо өсөн нэмэгдэж байсан байдаг.Зүүн Европ, Төв Азийн орнуудад өрнөсөн хувьсгалын үеэр цөөн лидер тодорч, цөөн хүн ярьж, цөөн эх сурвалж мэдээлэл түгээгч байсан бол Монголын ардчилсан хувьсгалын мэдээлэл түгээсэн хэлбэр нь Америкийн хувьсгалтай төстэй байдаг. Нийгэм тэр аяараа шинэ үзэл бодол, шинэ сэтгэлгээ, шинэ хандлагын сургалтын талбар байж чадаж байв.
Нэг үгээр бол, Монголын Ардчилал бол ард түмнийхээ хүсэл зоригоор Монголдоо төрж, бойжиж, бэхжсэн үндэсний үнэт зүйл бөгөөд түүний зайлшгүй хамгаалах ёстой үнэт өв нь хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг, иргэнлэг зарчим гэж МоАН санаачилгынхан үзэж байгаа юм байна. МоАН санаачилгыг АН-ын Үндэсний Зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл болон бүх шатны байгууллагын олон гишүүд дэмжин нэгдэж эхэлжээ.